Хаягдлын аж ахуйн намар

М.Одгэрэл
Сэтгүүлч
Хаягдлын аж ахуйн намар

Хүчин чадал нь жилээс жилд өсөн нэмэгдэж буй Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах технологийн хаягдал булинга хураадаг Хаягдлын аж ахуйн намар цагийн үйл ажиллагааг сурвалжиллаа. Тус хэсгийнхэн Баяжуулах үйлдвэрээс Хаягдлын аж ахуй хүртэлх 4.5 км урт, гурван эгнээ ган хоолойгоор хаягдлыг өөрийнх нь урсгалаар, осол авааргүй тээвэрлэх, ирсэн булингыг насосоор хаягдал хадгалах сан буюу далангийн цаад руу шахах, энэ үйл явцыг хянах, мөн Баяжуулах үйлдвэрийг эргэлтийн усаар тасралтгүй хангах үүргийг гүйцэтгэдэг. Тоног төхөөрөмжийн засварчид, хийн гагнуурчид нь эвдэрсэн, доголдсоныг яаралтай засаж, чанарын өндөр түвшинд үйлчилгээ үзүүлж ажилладаг. 

Бид үйлдвэрийн онцгой бүс рүү тусгай зөвшөөрөл, нарийн бүртгэл, чанга хяналт шалгалтын дор нэвтэрлээ. Хэдийгээр намрын сэвэлзүүр салхитай, хуйсгануур өдөр таарсан ч алсаас цайрч үзэгддэг, өнөөх цагаан тоос намжмал, агаар тэнгэр тунгалаг угтсан. Цагаас тоос дарах төрөл бүрийн арга хэмжээ үр дүнгээ өгч буйн илрэл биз ээ. 
Эднийх урин цагт өвлийн бэлтгэлээ базааж амжжээ. Хүйтний улиралд булинга тасралтгүй тээвэрлэх 1200 мм голчтой, 4.5 км урт ган хоолой шугамын засвар үйлчилгээ бүрэн дууссан. Харин булинга шахах насосууд болон түрэлтийн буюу даралтын 8 км, 2.9 км, 2 км дөрвөн шугамын засвар үйлчилгээ ид хийгдэж байна. Зуны элс хураалт ерөнхийдөө дуусах шатандаа явна, гэж Хаягдлын аж ахуйн хэсгийн дарга Ц.Бямбажав ярилаа.     

Сүүлийн үед Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт өргөтгөл шинэчлэл хийгдэж, хам баяжуулалтын шинэ шугам ашиглалтад орж, хүчин чадал нэмэгдсэнээр тэндээс гарах хаягдал булингын хэмжээ ч өсөж байна. Иймээс насосууд өндөр хүчин чадлаар шахаж байна гэлээ. Хуучин насос цагт 15000 м3  булинга шахдаг байсныг үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж байгаатай холбогдуулан цагт 18000 м3 булинга шахах хүчин чадалтай болгон шинэчилжээ. Ийм хүчин чадалтай хоёр дахь насос урд хил дээр хоёр сар саатаж байгааг дуулгалаа. Шинэ насос удахгүй ирэхээр өөрсдийн хүчээр угсралт, суурилуулалт, тохируулга хийж, ажилд оруулах юм байна. Инженер техникийн ажилтнууд нь бэлтгэлээ хангаад өдөр хоног тоолон хүлээж байгаа нь ярианаас нь илт. Хүчин чадал өндөр, шинэ насос ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагаа бүрэн хангагдах юм. 

Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлтэй уялдуулан хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэхээр зорьж буйг Ц.Бямбажав дарга ярилаа. Өнгөрсөн онд уг технологийг нэвтрүүлэх ТЭЗҮ боловсруулж хэлэлцүүлэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгчээ. Одоо Баяжуулах үйлдвэрээс 26-28 хувийн хатуулагтай булинга хаягддаг. Харин хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлснээр 60-65 хувийн хатуулагтай өтгөн булинга Хаягдлын аж ахуйд хуримтлагдах юм. Үүн дээр цагаан тоос дарах химийн урвалж ашиглахад барьцалдуулах чадвар нэмэгдэж гадаргуу үүссэнээр цагаан тоосны дэгдэлт одоогийнхоос 80-90 хувь буурна гэж мэргэжилтнүүд үздэг. Мөн Хаягдлын аж ахуйн насжилт болон усны хэрэглээнд ч эерэг нөлөө үзүүлнэ гэж итгэж байна. Эрдэнэт үйлдвэр энэхүү шинэ технологийг нэвтрүүлэхийн тулд үе шаттай туршилтууд хийсэн нь амжилттай болсон юм. 

Бид хаягдлын сангийн талбайд өрнөж буй ажилтай танилцахаар гадааллаа. Авто тээврийн хяналтын механик Л.Хишигжаргал жолоо мушгих зуураа ажлаа танилцуулсан юм. Эднийх машин техник, моторт завь, газар уснаа явагч гээд нэлээд “хөрөнгө”-тэй бөгөөд тэднийхээ аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. Баяжуулагчид хаягдлын сангаа нуур хэмээн нэрийддэг бөгөөд завийг нуурын хэмжилт хийхэд ашигладаг байна. Ажилчид элс жигд тараах зориулалтаар 50 метрийн зайтай байрлуулсан хар трубануудыг сугалан авч, угааж цэвэрлэн зөөвөрлөж байхтай таарлаа. Өвлийн элс хураах шугамын бэлтгэл явагдаж байгаа нь энэ. Гадаа хүйтний эрч чангарч, хасах хэм рүү ороход эднийх өвлийн хаялт руу шилжинэ.      

Хаягдлын нуурыг халиахгүй, тогтоон барьж байдаг далангуудын шилжилт, суулт, хөдөлгөөнийг оросын мэргэжлийн байгууллага хэмжиж, хянаж байдаг. Анхны пионер далангаас хойш энд 15 далан байгуулжээ. Ирэх онд Хаягдлын аж ахуйд 16-р далан барихдаа давхарлаж биш цагаан тоос дэгддэг элсэн талбайн хэмжээг багасгах зорилгоор нааш нь татаж барихаар төлөвлөн ОХУ-ын Механобр институтээр зураг төсөл хийлгэж байна, гэж Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон ярьж байсан нь санаанд бууна. Мөн үйлдвэрлэлийн хүчин чадал жилээс жилд нэмэгдэж буй энэ үед Хаягдлын санг өөр газар байгуулахаар төлөвлөж байгаа талаар үйлдвэрийн газрын Ерөнхий инженер ярьж байсан нь ч бодогдож л явлаа. 

Хаягдлын аж ахуйн зүүн урдханд байрлах гэр, майхан бүхий хээрийн хотхон холоос бараатай. Эргэн тойрны газрыг зурваслан мөр гаргаж мод тарьжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон хөгжил” төслийн нэгжийнхэн салхины хүчийг багасгаж цагаан тоосны дэгдэлтийг бууруулах зорилгоор энд ногоон зурвас байгуулж хайлаас, монос, буйлс, гүйлс модыг үрээр тарьсныг үзлээ. Хамгийн бага зардлаар уул уурхайн бүсэд ногоон байгууламж бий болгох боломжтойг бид нотлохыг зорьж байна, гэж тус төслийн нэгжийн Мод үржүүлэг хариуцсан инженер Э.Очирсүрэн ярьсан юм. Тэд Хаягдлын аж ахуйн хэсэгт намрын тарилтаар 21 га талбайд 15000 хайлаасны суулгац, 3.2 га-д монос үрээр, 2.1 км урт, дөрвөн метр өргөн зурвас газарт буйлс, гүйлс үрээр, 1.4 км зурваст 1000 шар хуайс тарьж ургуулах, хамгаалах ажлыг зохион байгуулж байна. Үүний тулд нэг тонны багтаамжтай 400 савыг уураар цэвэрлэн ариутгаж, эгнүүлэн байрлуулж усаар дүүргэжээ. Энэ нь алсаас талд шигтгэсэн сувд адил цайран үзэгдэнэ. Тэд хамгаалалтын зурваст хоёр сая хайлаас, далангийн урд талбайд нэг сая улиас ургуулахаар зорьсон нь биеллээ олж байна. Уул уурхайн бүсэд доройтсон газрыг нөхөн сэргээх зорилгоор үрээр мод тарьж байгаа анхны тохиолдол. Иймээс цаг агаар, хур тунадасны байдал, усалгаа, тарилтын гүн, үр ариутгаж буй арга технологи гээд бүхий л зүйлийг зуны эхэн сараас эхлэн тэмдэглэж, харьцуулж судлах ажил зэрэг явагдаж байгааг тэд хэлсэн.  Мөн энэхүү ажлыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар нээлттэй хорих ангийн албан хаагч, хүмүүжигч нар гэрээгээр туслан гүйцэтгэж, мэргэжлийн үнэмлэхтэй болж байгаа нь нийгэмд үзүүлж буй эерэг, том нөлөө.

Бид Хаягдлын аж ахуйг бүтэн тойроход 70-аад км явсан байлаа. Дэлхийд эхний аравт багтаж, тивдээ тэргүүлдэг Эрдэнэт үйлдвэрийн технологийн хаягдлыг агуулж, тасралтгүй найдвартай ажиллагааг хангана гэдэг амаргүй. Үйлдвэрийн төдийгүй Эрдэнэт хотын аюулгүй байдалтай шууд холбоотой учраас тун хариуцлагатай зангилаа. Энэ хамт олны ажил өрнүүн, Хаягдлын аж ахуйн намар тогтуун байгаа нь юутай сайхан...   

Ш.Лхамсүрэн
Зурагчин

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.