Бүтээл урлахыг үзсэн бүтэн өдөр

М.Одгэрэл
Сэтгүүлч
Бүтээл урлахыг үзсэн бүтэн өдөр

     Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэмжээнд үйлдвэрлэл, техник технологи, нийгмийн харилцааны хүрээнд 100 бүтээлч ажил хийх аян зарласан. Цех бүр өөрийн онцлогт тохируулан дотоод нөөц бололцоогоо ашиглан шинийг сэдэж, ажилтнууд ухаанаа уралдуулан ажил бүтээж байна. 

Бид намрын нар ээсэн сайхан өдөр Засвар механикийн заводыг зорьж, төмрийн дархчуул “100 бүтээлч ажил” аяны хүрээнд ямар бүтээл “урлаж” байгааг бүтэн өдөр сурвалжиллаа. Чанарын товчооны Тэргүүлэх мэргэжилтэн Б.Баянжаргал ажилчдынхаа санаачлан хэрэгжүүлж буй ажлын хэрэгцээ шаардлага, онцлог шийдэл, ирээдүйн үр өгөөжийг тодорхой тунгалаг ярьж, үйлдвэрлэлийн цех, хэсгээр биднийг хөтчилж явсан юм. Эднийх эдийн засгийн үр ашиг өндөр, импорт орлох чиглэлийн, дорвитой дөрвөн бүтээлч ажил шинээр хийж байгааг өртөөчлөн үзлээ. Эхнийх нь Ил уурхайд ажиллаж байгаа ЭКГ-12К экскаваторын шанагыг сэргээн засварлах ажил байв. Техникийн шинэчлэлийн хүрээнд гурван жилийн өмнө худалдаж авсан энэхүү экскаваторын 12 м3-ын шанагыг инженер техникийн ажилчид өөрийн нөөц боломж, ур ухаанаар анх удаа сэргээн засварлан Ил уурхайд нийлүүлжээ. Гурвыг үйлдвэрлэж өгсөн ч эхнийх нь элэгдээгүй, одоо ч ажилласаар байна. Тиймээс эдийн засгийн үр ашгийг нарийн тооцох цаг хугацаа болоогүй, гэж Тэргүүлэх мэргэжилтэн Б.Баянжаргал тайлбарласан.

ЭКГ-12К маркийн экскаваторын дэлхийн зах зээл дээрх өнөөдрийн ханш 20 тэрбум төгрөг. Тэгвэл уулын энэ аварга техникийн хамгийн түрүүнд элэгддэг эд анги нь шанага байдаг. Шанагыг нь сэргээн засварлаж, шинэчлээд байхад л үр ашиг хэдэн арван саяар хэмжигдэнэ. 

Металл хийцийн хэсгийн угсрагч Г.ГАНЧУЛУУН: 
-Манайх экскаваторын 8, 10 м3-ын шанага үйлдвэрлэдэг. Энэ удаа 12 м3-ын шанага анх удаа сэргээн засварлаж үзлээ. Орчин үеийн экскаваторын шанаганы хийц загвар өөр өвөрмөц. Тиймээс чадвартай, нягт нямбай ажиллах хэрэгтэй. Цутгуурын цехэд цутгаад, механикийн хэсэг дээр боловсруулалтад оруулаад угсарч байгаа. Хамт олонтойгоо санаа зорилго нэгдээд импорт орлох бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулаад ажиллаж байгаадаа баяртай байна. Эрдэнэт үйлдвэртээ 19 жил хөдөлмөрөө зориуллаа. Цаашид ч хичээн ажиллах болно. 

Дараагийн бүтээлч ажил Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн  конусан бутлуурын бронзон подбятник буюу гулсалтын холхивч бүтээх. Таваг шиг хэлбэртэй энэ эд ангийг Цутгуурын цехэд өнгөт бронзоор хайлаад, дараа нь механик боловсруулалтад оруулан үйлдвэрлэж байна. Эхнийх нь бэлэн болсныг үзлээ. Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэр төрөл ингээд нэгээр нэмэгдэв. Хэрэв үүнийг гадаадаас худалдан авбал 106 сая төгрөг төлнө. Харин Засвар механикийн завод хэчнээн төгрөгийн өртгөөр хэдий цаг хугацаанд ажиллах, хэр чанартай эд хийснээ хараахан тооцоогүй. Импортын бүтээгдэхүүнтэй хийц, хэмжээ ижил боловч материалын хувьд бага зэрэг өөрчлөлт бий гэнэ. Тиймээс үйлдвэрлэлд нэвтрүүлж туршиж үзсэний дараа дүгнэлт, сонголт хийгдэх учиртай. Тэд шинэ бүтээлийнхээ чанарт итгэл дүүрэн байгаа нь илт. Эрдэнэт үйлдвэрийн нэг тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх өөрийн өртгийг бууруулахад эдний хамт олон хувь нэмрээ оруулахаар санаагаа уралдуулан, ур чадвараа дайчлан ийн ажиллаж байгаа нь бахархалтай санагдсан. 

Гурав дахь том ажил нь усан хөшгөөр агаар цэвэрлэх төхөөрөмж. Тоосжилттой ажлын байрны агаарыг цэвэршүүлэх зориулалттай энэхүү төхөөрөмжийн гүйцэтгэл 90 хувьтай явна. Их биеийг нь хийгээд дууссан, одоо минутад 1500 эргэлттэй дугуй үйлдвэрлэх үйл явц хийгдэж байна. Инженер техникийн ажилтнуудын санаачилсан энэ төхөөрөмж ашиглалтад орсноор ажлын байрны тоосжилт арилж, ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурна, гэж тэд үзэж байна.  

Цутгуурын цехийн эрчим зүйч Л.ЭНХТӨР: 
-Энэ төхөөрөмжийн ажиллах зарчим маш энгийн. Цехээс гарч буй утаа, тоосыг сорж аваад, усан хөшгөөр оруулж тоосонцрыг унагаад, цэвэршүүлсэн агаар гадагш ялгаруулах горимтой. Хүчин чадал өндөр. Цагт 25 мянган м3 агаар сорж цэвэршүүлэх төхөөрөмжийг бид өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан хийж байна. Харин цахилгаан хөдөлгүүр, хаалт хоёрыг импортоор худалдаж авна. Чех улсад үйлдвэрлэсэн агаар цэвэршүүлэх төхөөрөмж манайд 10, Баяжуулах үйлдвэрт 40 гаруй байдаг. Манай хийж буй төхөөрөмж эд ангийг сугалж авч, сольж болдгоороо онцлог. Эдийн засгийн хувьд үр ашигтай байвал Баяжуулах үйлдвэр тоосонцор ихтэй хэсэгтээ авч ашиглая гэсэн санал тавьсан, гэж ярив. 

Бидний сүүлийн танилцсан бүтээл бол Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн технологийн үндсэн тоног төхөөрөмж болох Грат-1400-гийн гидроцеклон буюу хуйлруулагч гэж ойлгож болно. Баяжуулах процесст чухал үүрэгтэй энэ эд ангийн металл каркасыг резинээр хуяглах нь цаг хугацаа шаардсан тун төвөгтэй ажил байжээ. Тодруулбал, 1000 гаруй боолтоор боогддог энэ эд ангийн нэг секцийг хийхийн тулд резинийг таван цаг орчим уураар чанадаг, даралтаар хоёр тийш шахаж хурц үнэртэй цавуугаар наадаг нь эрүүл ахуйн шаардлагад нийцдэггүй байсан байна. Энэ технологийг халах зорилготой сүүлийн таван жил судалгаа хийсний үр дүнд 1000 тонны халуун пресс машин дээр хүйтнээр болгож чанаад углаа хэлбэртэй болгож өөрчилжээ. Ингэснээр хөдөлмөр хөнгөвчлөөд зогсохгүй бүтээмж өсөж, зардал буурч байна. 

Резинэн цехийн мастер Б.БАТСАЙХАН:  
-Гидроцеклон үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлт хийгдээд явж байна. Чанар сайжирч, ажиллах цаг уртсаж байна. Түүнээс гадна хамгийн том үр дүн нь байгаль орчинд үзүүлэх хор нөлөө арилсан. Өмнө нь металл каркас дээр резин нааж хийдэг байхад ашиглаад элэгдсэн резинийг салгахын тулд гадаа зууханд шатаадаг байсан. Тэр нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Одоо бол элэгдсэн резинийг сугалж аваад дахивар бүтээгдэхүүн буюу хоёрдогч түүхий эд болгон ашиглах талаар яригдаж, судалгаа хийгдэж байна. Ашигласан резинийг дахин боловсруулаад бидний сайн мэдэх гүйлтийн зам, хүүхдийн тоглоомын талбайн дэвсгэр хийх боломжтой гэв. 

Засвар механикийн заводын хамт олон инженерийн бүтээлч сэтгэлгээ, ажилчдын ур ухаан, чадвараар бүтсэн, инновац шингэсэн эдгээр бүтээлээ ирэх сарын дунд гэхэд бүрэн дуусгахаар шамдаж байна. Үүний дараа бүтээлийн шийдэл, үнэ цэн, ач холбогдол, эдийн засгийн үр өгөөж гээд үр дүнг гүйцэт тооцон баримт бичгийн түвшинд боловсруулна, гэж Чанарын товчооны Тэргүүлэх мэргэжилтэн Б.Баянжаргал ярилаа. Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл Эрдэнэт үйлдвэрт ийнхүү эрчимтэй явагдаж байна. 


Ш.Лхамсүрэн
Зурагчин

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.