Наадмын өнгө

Т.Батчулуун
Сэтгүүлч
Наадмын өнгө

-Хаашаа л харна, дэлхий дэлэгнэж, дэнж дэвсэг номин өнгөөр гоёсон нь хараа булаана. Модны хаяанд очихул хөх түрүү, хэдгэнэ дүнгэнэлдэнэ. Амьтан ургамлыг үл ялган ээх алтан шаргал наран мянган цацрагаараа мэлмий гялбуулна. Ийм ахуй дор бид аймгийнхаа наадамд зодоглох бөхчүүдтэй уулзав. Хүдэр чийрэг, хөрслөг бор эрчүүдийн дээрээс үдийн нар нохой гаслам халуунаар төөнөнө. Ойн төгөлөөс өвөөлжний түлхээ дуу зүрхтэй цуг цохилон, өнгө хайсан эрвээхий энгэр шурган аядаад өнө эртний үзэгдлүүд ар араасаа улирах мэт. Монгол наадмын чимэг нь эртэй бяртай бөхчүүд, эрмэг шандаст хүлгүүд, эрхий мэргэн харваачид...Аймгийн арслан Б.Уртбаяр тэргүүтэй бөхчүүд “Мажаа” зусланд, дасгалжуулагч багш С.Лхагвабаатараар ахлуулсан Эрдэнэт үйлдвэрийн хүчтэнүүд “Цувраан ам”-нд наадмын бэлтгэлд гарчээ. Наадам болгон эзэнтэй байдаг. Энэ жил л нэг үнэн хүчийг үзмээр байна шүү ах хэмээн аймгийн нэмэх начин Билгүүндалай мэндлэх, танимхайрах хоёрыг хослуулан хэлэх нь тэр. Харин аймгийн харцага Б.Хүдэрчулууны биеийн хэлэмж, өнгө бэлтгэл нэг л сайн байгааг илтгэх мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энэ цаг дор бид зарим бөхчүүдийн сэтгэгдлийг сонсон юм.

-Аймгийн арслан С.Лхагвабаатар: Орхон аймгийн болон Эрдэнэт үйлдвэрт ажилладаг бөхчүүд наадмын бэлтгэлдээ гараад байна. Бидний энэ бэлтгэлд гарсан газрыг Булган аймгийн Хангал сумын Цувраан ам гэдэг. Манай Хангарди спорт цогцолборын харьяа тамирчдын сэргэлтийн бэлтгэл хийхэд зориулагдсан материаллаг бааз. Манай бөхчүүд энд 7 дахь жилдээ наадмын бэлтгэлд гарч байна. Энэ жил 15 цехийн 30 гаруй бөх наадмынхаа бэлтгэлд гарсан. Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн баяр наадамд Хангарди спорт клубийн хоёр улсын цолтой бөх барилдана. Аймгийн гурван арслан улсад барилдахаар бэлтгэлээ базааж байна. Тухайлбал, Монгол улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүү, улсын начин Ц.Бямба-Очир, аймгийн арслан Б.Уртбаяр, Ж.Алтаншагай, Т.Чулуунгэрэл нар улсын баяр наадамд зодоглоно. Манай энэ жилийн бөхийн галд аймгийн арслан хоёр, аймгийн заан нэг, начин 6 бөх бэлтгэлд гарсан байна. Тээвэр ложистикийн төвийн болон Автотээврийн цехийн бөх сумын заан Мөнхбаяр, Алтангэрэл нарын залуучуудыг энэ жил аймгийн начин цолонд хүрэх болов уу гэсэн найдлага тавьж байна. Хэдхэн хоногийн өмнө болсон Бүрэнбүстийн овооны наадамд энэ залуучууд сайн барилдсан. Бэлтгэл сайн байгаа. Эцэст нь бөхчүүдийг бэлтгэл сургууль хийх боломж нөхцөлөөр хангаж өгсөн үйлдвэрийн удирдлагууд, хамт олондоо баярлаж талархсанаа илэрхийлж, одтой сайхан наадахыг хүсэн ерөөе.

-Аймгийн арслан Б.Уртбаяр: Манай галд Завхан, Увс, Архангай, Говь-алтай аймгийн бөхчүүд бэлтгэлд гарсан байна. Эдгээр бөхчүүд Эрдэнэтэд ажиллаж амьдардаг. Миний бие 2001 оноос үндэсний бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Анх 2003 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд түрүүлж, сумын заан цол хүртэж байлаа. 2009 онд Завхан аймгийнхаа баяр наадамд Улсын харцага М.Дармаабазараар тав давж “Аймгийн начин” цол хүртсэн. Дараа нь Хөвсгөл аймагт тав давж аймгийн начин цолоо баталсан. Үүнээс хойш Орхон аймгийнхаа баяр наадамд нэг түрүүлж, гурван удаа үзүүрлээд байна. Манай галд сумын заануудын барилдаанд их шөвөгт үлддэг залуу бөхчүүд бий. Эдгээр бөхчүүд аль ч сумын наадамд түрүүлэх хэмжээнд бэлтгэлээ базаасан. Аймгийн баяр наадамд цолоо ахиулах, түрүү авах зорилготой бөхчүүд байгаа. Энэ бөхчүүд цолоо ахиулж сайн барилдахыг хичээж бэлтгэлээ хийж байна.  2013 оноос анх Орхон аймгийн Биеийн тамир спорт хорооны бөхчүүд “Мажаа” амралтад бэлтгэлд гарч эхэлсэн. Төдийгөөс өдий хүртэл би энэ компанийн нэр дээр барилдаж байна. “Мажаа” компанийн захирал Батсүх, түүний гэргий Мягмарсүрэн эгчдээ энэ завшааныг ашиглаад талархаж явдгаа илэрхийлье. Мөн  Баянмараат компанийн хамт олон, Пүрэвдорж ах, Ундрах эгчдээ баярлаж явдгаа хэлэхийг хүсэж байна. Ингээд монгол түмэн маань хотол даяараа сайхан баярлахын ерөөл өргөе.

-Аймгийн харцага Б.Хүдэрчулуун: Би 15 жил үндэсний бөхийн спортоор хичээллэж байна. Аймгийн арслан Б.Уртбаяр миний ээжийн дүү нь. Нагац ахтайгаа бэлтгэлээ хангаад явж байна. Намайг хар багаас минь дагуулж бэлтгэл сургуулилт хийлгэж ирсэн хүн. Одоо сэргэлтийн бэлтгэл хийж байна. Энэ их сайхан ээлтэй газар. 2015 онд Орхон аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин цол авсан. 2018 онд 6 давсан. Аймгийн харцага цолтой. Түүнээс хойш аймгийн наадмын 5-ын даваанд таван удаа тунаж барилдан өвдөг шороодсон. Намайг хаясан бөхчүүд  аймагт түрүүлдэг. Зарим нь улсын начин цолд хүрчихсэн. Үүнд их билэгшээж явдаг. Наадам ойртсон болохоор хөнгөхөн мэх давтаж, сэргэлтийн бэлтгэл хийж байна. 

-Аймгийн начин М.Мөрөнчулуун: Миний бие Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат. Автотээврийн цехэд белазын жолоочоор ажилладаг. Эрдэнэт үйлдвэрт ес дэх жилдээ ажиллаж байна. Дунд сургуулийн сурагч байхаасаа үндэсний бөхөөр хичээллэсэн. Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд Монгол улсын начин Т.Энхтуяагаар тав давж аймгийн начин цол хүртсэн. Монгол улсын заан Ч.Бямбадорж, харцага Г.Батбаяр нарын удирдлагад бэлтгэл хийдэг байлаа. 2016 оноос аймгийн арслан С.Лхагвабаатар багшийн удирдлагад хичээллэж явна. Намайг наадмын бэлтгэл хийх боломжоор хангаж өгсөн Автотээврийн цехийн дарга Я.Дамдиндорж, ерөнхий инженер Д.Цолмон, Уулын тээврийн технологийн хэсгийн дарга Д.Болор-Эрдэнэ болон хамт олондоо баярлалаа гэж хэлье. Та бүхэн сайхан наадаарай.

-Сумын заан Д.Төгс-Эрдэнэ: Би чөлөөт бөхөөр хичээллэдэг. Ойрын хоёр жилээс үндэсний бөхөөр барилдаж байна. Ах нартайгаа наадмын бэлтгэлд гараад сайхан байна. Өсвөрийн болон  хотын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнд оролцож алт, мөнгөн медаль хүртэж байлаа. Мөн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүрсэн амжилттай явж байна. Манай ээжийн тал бөхийн удамтай. Тэгэхээр өөрийнхөө хэмжээнд хэзээ нэгэн цагт хүссэн цолондоо хүрэхийн төлөө хичээж бэлтгэлээ хийх болно.

-Ийнхүү Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулсны 816, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Орхон аймгийн баяр наадамд ямар аавын хүүгийн од гийн уран мэхийг уралдуулан хийж,үзэгч олныг баясган түрүүлэхийг харах үлдлээ.Уншигч та бүхэн ч дэмждэг бөхийнхөө дээлний захыг мушгин суух буй за. Наадам айсуй.

Б.Баттөгс
Зурагчин

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.