Эрдэнэт үйлдвэр үйлчилгээний стандарт нэвтрүүлсэн анхны байгууллага боллоо

М.Одгэрэл
Сэтгүүлч
Эрдэнэт үйлдвэр үйлчилгээний стандарт нэвтрүүлсэн  анхны байгууллага боллоо

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага CS 61-0033:2020 байгууллагын стандартыг 2021 онд нэвтрүүлэн хэрэгжүүлж ажиллалаа. Өнөөдөр Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олон үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн холбогдох мэргэжилтэн, ажилтнуудыг “Оюу” танхимд урьж, энэхүү стандартыг нэвтрүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх сарын аяны ажлаа дүгнэн, шилдгүүдээ тодруулсан юм. Энэ үеэр Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат уг стандартыг нэвтрүүлэхэд удирдлагаар ханган, манлайлан ажилласан Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олонд талархал илэрхийлээд Эрдэнэт үйлдвэр үйлчилгээний стандартыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн байгууллага боллоо хэмээн онцлов. 

     Ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага CS 61-0033:2020 байгууллагын стандарт нэвтрүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх сарын аянд 15 цех нэгдсэн бөгөөд хүч, хөдөлмөр, нөөц боломжоо дайчлан ажилласан хамт олныг шалгаруулан урамшууллаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захиргааны 2-р байрны уйгаржин монгол бичиг бүхий хаяг хийсэн зэрэг олон бүтээлч ажлаараа онцгойрсон Аж ахуй, үйлчилгээний цех тэргүүн байрт шалгарч цом, нэг сая төгрөгийн шагнал хүртэв. Шилдэг төслийн уралдаанд Засвар механикийн завод, Баяжуулах үйлдвэр удаалсан бол “Шилдэг санаа, онцлог ажил”-аар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн оюутнуудын хичээл хийх нөхцөлийг сайжруулж, тав тухын хангасан төсөл онцлох ажлаар нэрлэгдлээ. Мөн “Шилдэг санаачлагч ажилтан”-аар Спорт цогцолборын мастер З.Орхонгэрэл тодорсон юм. Үүний дараа “Ажил мэргэжлийн ур чадварын уралдаан-2021”-ийн шилдгүүдэд шагнал гардуулав. Энэхүү уралдааны “Гадна талбайн цэвэрлэгээний технологи ажиллагаа” төрлийн шилдэг ажилтнаар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн үйлчлэгч Г.Болзоо, “Ариун цэврийн өрөөний эрүүл ахуйн шаардлага, цэвэрлэгээний технологи ажиллагаа” төрлийн шилдгээр Аж ахуй, үйлчилгээний цеийн 1-р хэсгийн үйлчлэгч Ч.Буянхишиг, “Албан өрөөний өдөр тутмын цэвэрлэгээний технологи ажиллагаа” төрлийн шилдгээр Аж ахуй, үйлчилгээний цехийн 1-р хэсгийн үйлчлэгч Г.Оюундулам нар тодорч цом, 100 мянган төгрөгийн шагнал хүртлээ. Түүнээс гадна үйлчилгээний стандарт нэвтрүүлсэн 15 цехийн хамт олонд дурсгалын зүйл, гарын бэлэг илгээсэн юм. 

М.ОДГЭРЭЛ
ФОТО: Ш.ЛХАМСҮРЭН

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.