Д.ЭРДЭНЭБАТ: “Сэлэнгэ катеринг” 3000 гаруй ажилтанд халуун хоолны үйлчилгээ үзүүлнэ

Д.ЭРДЭНЭБАТ: “Сэлэнгэ катеринг” 3000 гаруй ажилтанд халуун хоолны үйлчилгээ үзүүлнэ

     Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад халуун хоолны үйлчилгээ үзүүлдэг “Хаан хүнс-Эрдэнэт”, ”Таятан фүүдс” ХХК-ийн гэрээний хугацаа 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болж байна. Тиймээс дараагийн компани тендерт шалгарах хүртэл хцгацаанд уурхайчдын халуун хоолны асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа. 

-Ажилчдын халуун хоолны асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ? 

-“Таятан фүүдс” компани Эрдэнэт үйлдвэрийн 800 гаруй ажилтанд үйлчилдэг. “Хаан хүнс-Эрдэнэт” компани 2600 орчим хүнд халуун хоолны үйлчилгээ үзүүлдэг байсан. Мөн энэ хоёр компани  зөөврийн хоолны үйлчилгээг давхар хариуцдаг. Бид хамтран ажиллах гэрээ нь дууссан хоёр компанид тендерт шалгартал халуун хоолны  үйлчилгээгээ үргэлжлүүлэн үзүүлээч гэдэг санал тавьсан. “Таятан фүүдс” компани зөвшөөрсөн.  Харин “Хаан хүнс”-ийнхэн ажлаа дуусгавар болгохыг хүссэн. Үүнтэй холбоотой “Хаан хүнс-Эрдэнэт” компаниар үйлчлүүлж байсан 2600 гаруй ажилтныг “Сэлэнгэ катеринг”, “Таятан фүүдс”-т хуваарилах шаардлага үүссэн. Бид хэд хэдэн удаагийн уулзалт хийсний үр дүнд “Таятан фүүдс” компани өөрийн 800 хүн дээр нэмээд, дахиад 800 ажилтанд үйлчлэх боломжтойгоо илэрхийлсэн. Үлдсэн 1700 орчим ажилтан Эрдэнэт үйлдвэрийнхээ “Сэлэнгэ” аялал, жуулчлалын цогцолборын харьяа “Сэлэнгэ катеринг”-аар үйлчлүүлнэ.  

-Сэлэнгэ катеринг үндсэндээ 3000 гаруй ажилтанд халуун хоолны үйлчилгээ үзүүлэхээр болж байна. Ажиллах хүч, тоног төхөөрөмжийн хувьд хүрэлцэх үү? 

-“Хаан хүнс-Эрдэнэт” компанид ажиллаж байсан мэргэжлийн хүмүүсийг өөрсдийнх нь саналын дагуу хөлсний гэрээгээр ажиллуулах учраас хүн хүч дутагдахгүй болов уу. Тоног төхөөрөмжийн хувьд бүх нөөц бололцоогоо шавхан ажиллаж байна. Нийгмийн цехүүдийн хэрэглэж байсан гал тогооны тоног төхөөрөмжүүдийг ашиглах, шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг худалдан авах байдлаар бэлтгэл хангаж байгаа.  

-“Хаан хүнс-Эрдэнэт”-ээр үйлчлүүлж байсан ажилчид хэзээнээс “Сэлэнгэ катеринг”-ийн халуун хоолыг зооглох вэ?  

-Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны нэгдүгээр байр буюу АБК-ын хоолны газраар үйлчлүүлдэг ажилчид 10 дугаар сарын 15-ны 00:00 цагаас эхлээд “Сэлэнгэ катеринг”-иар үйлчлүүлнэ. Харин 800 гаруй ажилчин маань өөрийн цех дээрээ “Таятан фүүдс” компанийн халуун хоолны үйлчилгээг авах юм. Халуун хоолны асуудлаар тоног төхөөрөмж, байр сав хариуцсан, шинэ тоног төхөөрөмж ашиглалтад оруулах гэх мэт хэд хэдэн ажлын хэсэг гараад ажиллаж байна. 

-Нийгмийн харилцааны хэлтэс ажилчдын халуун хоолны үйлчилгээг Эрдэнэт үйлдвэр өөрөө хариуцах нь зөв гэсэн байр суурьтай байдаг. Энэ чиглэл рүү аажим шилжих үйл явц өрнөж байна гэж ойлгож болох уу? 

-Нийгмийн харилцааны хэлтэс анх байгуулагдахдаа ажилчдынхаа халуун хоолны аюулгүй байдал, эрүүл ахуйн талаас нь бодож ийм санал илэрхийлж байсан. Ер нь манай ажилчид “Сэлэнгэ катеринг”, “Москва Петушки” рестораны хоолны төрөл, чанарт сэтгэл ханамжтай байдаг. Гэхдээ одоохондоо тендерт ялсан компани хугацаатай үйл ажиллагаа явуулна. Цаашид “Сэлэнгэ катеринг”-аа өргөжүүлэх бодлого, зорилго бий. 

-Баярлалаа.        

М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС

 

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.