МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

     Манай хамт олон “Монгол Улсын зууны манлай бүтээн байгуулалт” болсон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөгжлийн 43 жилийн түүхэнд Монголын уул уурхайн салбарт төдийгүй хилийн чанадад ч байр сууриа баттай эзэлсэн үйлдвэрлэлийн томоохон цогцолбор болоход үнэтэй хувь нэмэр оруулж ирлээ. Бид үндсэн цехүүдийн үйлдвэрлэлийн шат дамжлага, технологийн горим, экспортод ачигдаж байгаа зэс, молибдены баяжмал, импортоор болон нийлүүлэгдэж байгаа бараа материал, техник, тоног төхөөрөмжид хяналтын ажлыг гүйцэтгэх, Чанарын менежментийн тогтолцоо, лабораториудын итгэмжлэл, чанар, стандартын талаарх асуудлыг хариуцах, компанийн Хэмжлийн нэгдмэл байдлыг ханган ажиллаж үндсэн үүргээ амжилттай хэрэгжүүлэн 19 дэх жилтэйгээ золгож байна. 

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдэхүүний  өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, Чанарын менежментийн тогтолцоог сайжруулж хэрэглэгчийн шаардлагыг хангасан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортыг орлох бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Ингэхдээ үндсэн үйлдвэрлэлийн болон бусад цех нэгжүүдийн үйл ажиллагаанд олон улсын тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлэх, шаардлагатай үндэсний (MNS) стандартын төсөл боловсруулах, үйлдвэрийн газрын хэмжээнд стандартын сан бий болгож Монгол Улсын уул уурхайн салбарт жишиг болохуйц Менежментийн нэгдсэн тогтолцоог бий болгох зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 06 дугаар сарын 11-ний А/268 дугаар тушаалаар Чанарын хяналтын хэлтсийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж шинээр Стандарт, чанарын албыг байгуулж, үйлдвэрийн газрын хэмжээнд Ерөнхий захирлын шууд удирдлагад ажиллах  “Стандарт, чанарын зөвлөл” дүрмийг албажуулан баталгаажуулаад  байна. 

     Олон Улсын стандартчиллын байгууллагаас жил бүрийн 10 дугаар сарын 14-нд “Дэлхийн стандарт”-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд стандартыг хэрэглэх” нь уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

     Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Чанарыг эрхэмлэгч”, “Стандартыг хэрэгжүүлэгч”  нийт уурхайчид, ажиллагсад, цех, нэгжийн стандартын мэргэжилтнүүд Та бүхнийг үйл ажиллагаагаараа Олон улсын хэмжээнд чанар, стандартаар өрсөлдөхийг уриалж, “Дэлхийн стандарт”-ын өдрийг тохиолдуулан Та бүхний амьдрал, ажил үйлс дэлхийн жишигтэй уралдан улам бүр чанаржин дээшилж, эрүүл энх, аз жаргалтай явахыг хүсэн ерөөе. 
       


“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН
ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГА                              Н.МЭРГЭНБААТАР

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.