Эрдэнэт үйлдвэрийн оны эхний 9 сарын эдийн засаг, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэнэ

Эрдэнэт үйлдвэрийн оны эхний 9 сарын эдийн засаг, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэнэ

     Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит зөвлөгөөн хуралдаж, үйлдвэрийн үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрлэл хэвийн үргэлжилж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зөрчилгүй ажилласныг холбогдох цех нэгжийн удирдлагууд мэдээлэв. Мөн том төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгааг онцоллоо. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн шинэ шугам барьж байгуулах ажлын газар шорооны ажлын гүйцэтгэл 95 хувьтай байгаа бол төмөр хийц нийлүүлэлт 100 хувь хийгджээ. Бетон цутгалт нь 93 хувь, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 99 хувьтай байна. Түүнчлэн, Хөвүүлэн баяжуулах хэсгийн 5-р секцийн өргөтгөл шинэчлэл 70 хувийн гүйцэтгэлтэй байгааг цехийн дарга М.Отгон мэдээллээ. Мөн Хаягдлын аж ахуйд 18000 метр куб цагийн хүчин чадалтай насос суурилуулж, энэ долоо хоногт туршилтын залгалт хийхээр төлөвлөж байгаа аж. Засвар механикийн заводын үйлдвэрлэлийн төлөвлөгөө 86.5 хувиар биелж байна. Үүн дотор резинэн эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 100 хувь, металл хийц ба стандартын бус тоног төхөөрөмж үйлдвэрлэл 97.9 хувь, механик боловсруулалттай эд анги 98.7 хувь гүйцэтгэлтэй байгааг цехийн удирдлага дурдсан. Үйлдвэрийн хэмжээнд намар, өвлийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хангагдаж, цех нэгжүүд өөр өөрийн цехүүд дээр 80-аас дээш хувиар бэлтгэж байна. Ирэх баасан гаригт буюу 10 сарын 1-нд үйлдвэрийн бүсийн бүх барилга байгууламжийн дулаан халаалтыг өгөхтэй холбоотойгоор халаалтын системийн бэлэн байдлыг хангах, тоног төхөөрөмжийг шалгаж, хяналт тавихыг Эрчим хүчний хэлтсээс нийт бүтцийн нэгжүүдэд анхаарууллаа. Нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтууд урагшилж, удаашралтай байсан зарим ажилд ахиц гарсан 7 хоног болсныг Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн харилцааны хэлтсээс мэдээлэв. Өнгөрсөн баасан гаригт төв шугамын туршилтын залгалт амжилттай хийсэн бол “Уурхайчин-1” орон сууцны хорооллын хоёр блок барилгын гүйцэтгэл дээр улсын комисс ажиллаж, дүгнэлт гаргажээ. Долоо хоногийн ажлын мэдээллийн дараа үйлдвэрийн Ерөнхий захирал болон орлогч нар цаашдын зорилт, анхаарах асуудлуудыг онцолж, үүрэг чиглэл өгөв. Энэ сарын 28-нд БСШУЯ-ны дэд сайд Эрдэнэт үйлдвэрт ажиллах бол тус үйлдвэрээс ажлын баг Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Шарын голын нүүрсний уурхайн ажилтай танилцаж, цаашид хамтран ажиллах зорилт, чиглэлийн талаар ярилцах юм байна. Эрдэнэт үйлдвэрийн оны эхний 9 сарын үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, ирэх оны бизнес төлөвлөгөөг нягт нямбай боловсруулж, төлөвлөж ажиллахыг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн чиглэл болгов. Түүнчлэн ковид цар тахлаас ажилтан бүр өөрийгөө хамгаалж, халдвар хамгааллын дэг горимоо баримтлан ажиллах зөвлөмжийг нэгжийн удирдлагууд тогтмол өгч, хүнтэй ажиллах харилцаа хандлагаа сайжруулахыг холбогдох газар, хэлтэст санууллаа. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.