Цацрагтай харьцдаг ажилтнууд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байна

Цацрагтай харьцдаг ажилтнууд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байна

     Эрдэнэт үйлдвэр жил бүр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгтэй хамтран цацрагийн үүсвэртэй харьцаж ажилладаг ажилтнуудаа мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт хамруулдаг. Цөмийн энергийн тухай хууль тогтоомжийн дагуу зохион байгуулдаг уг үзлэг өнгөрсөн онд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшлогдсон байна. Харин энэ жилийн үзлэгийг үйлдвэрийн газрын ХАБЭА-н хэлтсийн Цацрагийн аюулгүй албанаас хамтран зохион байгуулж, хяналт тавин ажиллаж байна. Энэ удаагийн урьдчилан сэргийлэх үзлэгт үйлдвэрийн цацрагтай харьцаж ажилладаг 58 ажилтан хамрагдах ёстой ч ковидтой холбоотой шалтгааны улмаас 48 ажилтан үзлэгт орж байгаа аж. “ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн эмч нар энэ сарын 20, 21-ний өдрүүдэд дотор,  чих хамар хоолой, мэс засал, арьс харшил зэрэг чиглэлээр оношилгоо шинжилгээ хийж байна. Мөн хордлогын эсийн нарийвчилсан шинжилгээг хийх юм. “Жил ирэх тусам цацрагтай харьцдаг ажилтнуудын тоо ихсэж байгаа тул тэдний эрүүл мэндийг дэмжих, улмаар ажлын бүтээмж, амьдралын чанарыг сайжруулахад энэ үзлэг чухал ач холбогдолтой. Энэ ажлыг тогтмол зохион байгуулж, бидэнтэй  хамтран ажилладаг Эрдэнэт үйлдвэрт талархаж байна” гэж Статистик дүн бүртгэлийн эмч Б.Шинэбилэг ярилаа.

     ХАБЭА-н хэлтэс, “Эрдэнэт” сувиллын цогцолбортой хамтран цацрагийн ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих чиглэлээр олон хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, Медипас эмнэлэг дээр хийгддэг эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт “Цацраг ба мэргэжлээс шалтгаалах өвчин” гэсэн тусдаа багц үзлэгийг оруулжээ. Ингэснээр, цацрагийн ажилтнууд энэ багц үзлэгт хамрагдаж, ионжуулагч цацрагтай харьцахад харшлах ямар нэг эрүүл мэндийн өөрчлөлт байгаа эсэхэд хяналт тавих боломжтой болсон, гэж ХАБЭА-н хэлтсийн Цацрагийн аюулгүй албаны Тэргүүлэх инженер Ц.Оргил онцлов. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.