ТӨВ ШУГАМЫН ТҮҮХЭН ШИНЭЧЛЭЛ

ТӨВ ШУГАМЫН ТҮҮХЭН ШИНЭЧЛЭЛ

     Намрын шар нартай уралдан Эрдэнэт хотын барилгажилттай холбоотой нэгэн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгаа нь төв шугамын шинэчлэл, өргөтгөлийн ажил юм. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хил дээр гацсан ган хоолойгоо хүлээн хийцгүй өнжиж байсан үеийг бодвол одоо Эрдэнэт хотын I бичил хорооллоос дээш өгсөх зам дагуу тэрэг техник, хүн хүчний томоохон баг өдөр шөнийг умартан ажиллаж байна. Авто замын уулзваруудад төв шугамын нэвтрэх суваг суурилуулах, ган хоолой гагнаж угсрах гээд ажлын талбар дээр ямархан орон зай эзэлсэн, чухал бүтээн байгуулалт явагдаж байгаа нь харваас илт. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилчдаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй “Уурхайчин 1, 2, 3” хорооллын дэд бүтцийг шийдвэрлэх зорилгоор хийгдэж буй ажил мэт харагдавч угтаа Эрдэнэт хотын төв шугамын найдвартай, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бүтээн байгуулалт юм.

Эрдэнэт хотын шугам сүлжээ 40 жилийн баталгаатай болно
С.ГАНЦОГТ /Орхон аймгийн Хотын захирагчийн албаны дарга/:

- Эрдэнэт хотын барилгажилт эхлэхэд тавигдсан, 43 жил гар хүрээгүй шугам хоолойг Эрдэнэт үйлдвэр хөрөнгө оруулан, өргөтгөн шинэчилж байгаад талархаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Эрдэнэт үйлдвэр шугам солих тухай мэдэгдэхэд нь Орхон аймгийн удирдлага албан бичиг хүргүүлж, цуг яваа цэвэр усны шугамыг нь сольж өгөөч, гэсэн хүсэлт тавьсан юм. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дулааны шугамтай хамт цэвэр усны шугамыг хосоор нь шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Ингэснээр, Эрдэнэт хотын 1, 2, 3, 4-р бичил хорооллын шугам сүлжээ наанадаж 40 жилийн баталгаатай болж байна. Хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн, чанартай ган хоолой тавьж байгаа учраас түүнээс ч урт хугацааны эдэлгээтэй, найдвартай ажиллагаатай байж мэднэ. Тиймээс бид аль болох саад тээг учруулахгүй, уялдаа холбоог ханган ажиллахыг хичээж байна. Ажил удаашрахад хил гаалийн ажиллагаа, үнийн өсөлт, гацалт гээд олон асуудал, хүчин зүйл нөлөөлж байгааг оршин суугчид маань ойлгож байгаа болов уу. Одоо цөөхөн хоногийн ажил үлдлээ, иргэд маань тэвчээртэй хандаарай гэж ярив.

Эрдэнэтчүүдийн хэзээ нэгэн цагт өндөр зардлаар хийх ёстой байсан ажлыг төр захиргааны байгууллагын хүсэлтээр уурхайчид амжуулж байна. Түүхэн гэж хэлж болох бүтээн байгуулалтын энэхүү ажилд Эрдэнэт үйлдвэр чамгүй хөрөнгө зарж байгаа нь тодорхой. Ингээд ажлын талбар дээр ямархан бүтээн байгуулалт өрнөж байгаа талаар гүйцэтгэгч “Тавин лан” ХХК-ийн инженер Б.Амарбаяраас тодрууллаа.

Оёдолгүй цувимал  хоолой  анх суурилуулж  байна
Б.АМАРБАЯР /”Тавин лан” ХХК-ийн инженер/:

-Манай компани төв магистрал шугамыг шинэчлэн солих ажлын хүрээнд “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц шугам сүлжээ” ТӨҮГ-ын байрны ар талаас эхлэн хуучин бүх лотки, худгуудыг, мөн 40 гаруй жилийн насжилттай 400 мм голчтой шугамыг 500, 300 мм-ийн голчтой шугамыг 400 болгон өргөтгөж байгаа. Мөн худаг дотор хоолойны агшилт, тэлэлтийг механик үйлчлэлээр зохицуулдаг төхөөрөмж суурилууллаа. Төв зам доогуур нэвтрэх гарцууд хийж байна. Ингэснээр шугамд гарсан гэмтлийг засахдаа зам хаах, эвдэх шаардлагагүй болсон.   

-Төлөвлөсөн хугацаандаа амжиж байна уу?

-Ажил 6-р сарын 20-оос эхэлсэн. Материалын татан авалт хил гаалийн асуудлаас үүдэн хамгийн сүүлчийн материал 8-р сарын 25-нд буусан. Түүнээс хойш 9-р сарын 10 гэхэд эхний ээлжийн 500-гийн шугам буюу 2-р хороолол бүрэн, 1-р хорооллын зарим айл өрхүүдийг дулаан, халуун усаар хангаад явж байна. Дараагийн шугам, угсралтууд үргэлжилж байна. 4-р сарын 30-нд гэрээ байгуулагдсан ч цар тахлаас үүдэн хил гаалиар материал татах асуудалд гацаа үүссэн. Иймээс бид шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Бүтээн байгуулалтын ажилд хэчнээн хүн хүч, машин техник оролцож байна?

-Манай компани уг төсөлд зөвхөн дулааны шугам шинэчлэх ажил биш, “Уурхайчин” хорооллын гадна шугам, дэд бүтцийн ажил болох мэдээлэл холбоо, цахилгаан, дулаан, зам гэх таван  төслийн хүрээнд ажил гүйцэтгэж байгаа. Нийтдээ 300 орчим хүн, 50-иад техник ажиллаж байна.

-Энэ төслийн ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна?

-Цэвэр усыг цайрдсан ган хоолойгоор зөөвөрлөнө. Өмнөх хоолой шилэн хөвөн  дулаалгатай байсан бол шинэ нь гадна талаараа бүрээстэй, дотор талаараа нягт шахагдсан хөөсөнцрөөр дулаалсан, оёдолгүй цувимал, орчин үеийн ган хоолой. Үүнийг Эрдэнэт хотын төв шугамд анх тавьж байна. Ингэснээр хэрэглэгчдийг найдвартай цэвэр ус, дулаанаар хангах нөхцөл бүрдэх юм. Дашрамд, Орхон аймгийн  иргэд, Эрдэнэт үйлдвэрийн ажилчид та бүхэн хүлээцтэй хандаж, бидний ажлыг ойлгон дэмжиж байгаад талархал илэрхийлье.  

Дэд бүтцийн багц ажил гүйцэтгэж байна
Б.МЯГМАРЖАРГАЛ /“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн хяналтын инженер/:

-“Уурхайчин” хорооллын дэд бүтцийн ажлын гүйцэтгэгчээр “Тавин лан” компани тендерт шалгаран ажиллаж байна. Ажиллах хугацаандаа дулаан, цэвэр усны шугам, цахилгаан холбоо, зам гэх мэт дэд бүтцийн багц ажил гүйцэтгэнэ. Одоогоор хот доторх дулаан холболтын шугамын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй явна. Дулааны шугам 40 жилийн өмнө хийгдсэн. Тэгэхээр шугам зарим газраа нимгэрсэн. Ашиглалтад хүлээн авах хугацаа дөхсөн энэ үед бид төлөвлөсөн зураг төслийнхөө дагуу хяналт тавьж байна. Өнөөдрийн байдлаар Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн болон Нийгмийн харилцааны хэлтсийн 50 хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр ээлжээр дулааны шугам дээр ажиллалаа. Мөн дөрвөн инженер ахалж, иргэдийн зорчих аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Хот дотор 1300 метр газар дулааны шугам шинэчилнэ. Үүнээс цааш 700 метр газар дулааны шугам тавих ёстой. Энэ ажлын хүрээнд тоног төхөөрөмж тавих ажил хийгдсэн. Түүнчлэн зам талбай, цахилгаан, цэвэр бохир усны ажил хийж байна. Мөн дулааны шугамын гагнуурын ажилд үйлдвэрийн Механикийн хэлтэс хяналт тавин ажиллаж байна.

Өндөр хүчдэлийн кабелийн холболт хийхэд бэлэн
Ш.ДАНЗАНВААНЧИГ /“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн цахилгааны инженер/:

- Миний хувьд “Уурхайчин-1” хорооллын гадна цахилгаан хангамж, дэд өртөөний барилга, интернетийн шугам сүлжээ, холбоо дохиоллын ажилд хяналт тавьж байна. “Тавин лан” компани гурван дэд станц барих ёстой. Одоогийн байдлаар хоёр дэд станцыг нь бүрэн барьж, доторх тоноглолыг нь хийсэн. Барилгын бага зэргийн ажил дутуу байгаа. Гурав дахь дэд станцын барилгын ажил 90 хувьтай явж байна. Дотор талд байрлуулах трансформатор, хүчний төхөөрөмжүүд угсрагдсан. Эдгээр станцуудын хооронд 3,6 километр газар өндөр хүчдэлийн кабель татах ёстой. Энэ ажлыг гүйцэтгээд холболт хийхэд бэлэн болсон. Нийт холбоо дохиоллын 23 худагт сувагчлал хийнэ. Одоогийн байдлаар 13 худагт сувагчлалын ажил хийгээд байна. Энэ мэтчилэн интернетийн шугам сүлжээ, кабель шугамаа байршуулж татсан. Дэд станцуудад зарим нэг тоног төхөөрөмжүүд удахгүй ирнэ. Мөн 1А хорооллоос тэжээгдэх кабель шугам татах ажил 90 хувьтай явна. Цахилгааны болон холбоо дохиоллын ажилд ажиллах хүч хүрэлцээтэй, гэв.

Төв шугамыг шинэчлэн өргөтгөснөөр Эрдэнэт хот тэлж хөгжих, барилгажих нөхцөл бүрдээд зогсохгүй оршин суугчид найдвартай дулаан, баталгаатай цэвэр усаар хангагдах боломжийг нэмэгдүүлэх юм. Ийнхүү, Эрдэнэтчүүд төв шугамын найдвартай ажиллагаа, аюулгүй байдалд дахин 40 жил санаа зовохгүй амьдрах нь ээ.

М.ОДГЭРЭЛ
Т.БАТЧУЛУУН
Я.ЭНХТУЯА
Гэрэл зураг: Б.БАТТӨГС

 

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.