Гэрээт цагдаагийн хэлтсийн 30 жилийн ойг цахимаар тэмдэглэв

Гэрээт цагдаагийн хэлтсийн 30 жилийн ойг цахимаар тэмдэглэв

     Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтэс байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Цагдаагийн Ерөнхий газраас ойн баярын хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж, эх орны өнцөг булан бүрийн 61 цэгээс цагдаагийн бие бүрэлдэхүүн холбогдон оролцов. Мөн баярын үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын төлөөлөл оролцож, Гэрээт цагдаагийн хэлтэс болон цагдаагийн байгууллагын нийт алба хаагчдад баярын мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр цагдаагийн байгууллагын  шилдэг алба хаагчдыг “Цагдаагийн алдар” тэмдэг, Хуульзүйн яам болон Цагдаагийн Ерөнхий газрын жуух бичиг, Орхон аймгийн Хүндэт тэмдэг, аймгийн Засаг даргын болон ИТХ-ын жуух бичгээр шагнаж, урамшуулав. 

     Баярын үйл ажиллагааны үеэр Гэрээт цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Бямбадорж “Манай Гэрээт цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай  байгуулсан гэрээний дагуу үйлдвэрийн бүсийн аюулгүй байдал, гэмт хэрэг зөрчил,  зам тээврийн аюул ослоос урьдчилан сэргийлэх үндсэн чиг үүргээ амжилттай гүйцэтгэн 30 жилийн ойтойгоо золгож байна. Бидний ажлыг дэмжин, нягт хамтран ажилладаг Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, нийт хамт олонд талархлаа илэрхийлье. Мөн Монголын цагдаагийн байгууллагын түүхийг бичилцсэн үе үеийн ахмадууд, одоо үүрэг гүйцэтгэж буй нийт алба хаагчид, ажилтнууддаа түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье. Цагдаагийн байгууллага түүхэн замналынхаа бүхий л явцад гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, зам тээврийн хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлэх чиг үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг тэмдэглэхэд таатай байна” гэж сэтгэгдлээ хуваалцав.  

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.