“Хамтын гэрээ”-г шинэчлэх ажлын хэсэг байгуулагдлаа

“Хамтын гэрээ”-г шинэчлэх ажлын хэсэг байгуулагдлаа

     Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд 2020-2021 онд хэрэгжиж буй 13 дахь удаагийн “Хамтын гэрээ”-ний хугацаа энэ намар дуусаж, үр дүнгээ дүгнэнэ. Ингэснээр, ирэх оны шинэ ”Хамтын гэрээ”-ний хэрэгжих хугацаа албан ёсоор эхлэх юм. Үүнтэй холбогдуулан тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх болон Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Нийгмийн харилцааны хэлтэс, Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, цех нэгжийн ҮЭ-ийн хорооны удирдлага, тэргүүлэгчдийн хамтарсан уулзалт болж, санал солилцлоо. Эрдэнэт үйлдвэрийн захиргаа жил бүр үйлдвэрийн дэргэдэх ҮЭ-ийн холбоотой хамтран ажилтнуудын нийгмийн асуудал, хөдөлмөрлөх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх олон талт заалт бүхий “Хамтын гэрээ”-г хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, ажилтнуудын цалин, урамшуулал, орон сууцны дэмжлэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зэрэг уурхайчдын нийгмийн асуудлыг уг гэрээгээр зохицуулан шийдвэрлэж байна.  

     Ирэх онд хэрэгжих шинэ “Хамтын гэрээ” нь өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд онцлог болно. Учир нь УИХ-ын хаврын чуулганаар шинэчлэн батлагдсан Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль 2022 оны 1-р сарын 1-ээс хэрэгжинэ. Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас ажлын цаг, цалин урамшуулал, хүний нөөц, хөдөлмөр зохицуулалт зэргийг шинэ түвшинд шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Иймээс дээрх асуудлуудтай уялдуулан 2022-2023 оны “Хамтын гэрээ”-г шинэчлэн байгуулах чиглэлийг Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч өгөв. Уулзалтаар “Хамтын гэрээ”-г шинэчлэн байгуулах хамтарсан ажлын хэсэг байгуулж, судалгаа боловсруулалт, хэлэлцүүлэг зэрэг бэлтгэл ажлаа төлөвлөн, шуурхай эхлэхээр болов.  

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.