Эрдэнэт үйлдвэрт ХЭМАБ-ын дотоод аудитын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Эрдэнэт үйлдвэрт ХЭМАБ-ын дотоод аудитын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

     Эрдэнэт үйлдвэрт энэ оноос эхлэн олон улсын ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо MNS ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлж байна. Тус стандартын шаардлагын дагуу ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны дотоод аудитын хөтөлбөрийг боловсруулан, Авто тээврийн цехээс эхлүүлэв.  Баяжуулах үйлдвэрийн ерөнхий инженерийн ХАБЭА-н асуудал хариуцсан орлогч Д.Бат-Эрдэнээр ахлуулсан баг өнөөдөр тус цехэд ажиллаж, дотоод аудитын шалгалт хийсэн байна. “Дотоод аудитын шалгалтын явцад Авто тээврийн цехэд олон сайн үзүүлэлтүүд ажиглагдсан. Тухайлбал, ажлын байрны эмх цэгц сайн, ХАБЭА-тай холбоотой бичиг баримтын хөтлөлтийг албан тушаал бүрээр үүрэгжүүлж, тодорхой болгож өгсөн нь бусад цехүүдэд сайн загвар болох боломжтой, ажилтнуудын хандлага, аюулгүй байдлыг бүрдүүлэх чадвар дээшилсэн байна” гэж Дотоод аудитын багийн ахлагч Д.Бат-Эрдэнэ онцлов.  

     ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо MNS ISO 45001:2018 стандарт нь  үйлдвэрлэлийн осол аваараас урьдчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах, үр дүнд нь аюулгүй үйлдвэрлэлийг явуулах, ажилтнуудаа хамгаалах зорилготой. Мөн олон улсын стандартын түвшинд ажиллаж буй эсэхийг баталгаажуулдгаараа чухал ач холбогдолтой юм. 

     “ХАБЭА-н хэлтсээс үйлдвэрлэлийн цех нэгжүүдэд дөрвөн шатны үзлэг, хяналтыг тогтмол  зохион байгуулдаг. Үүн дээр дотоод аудитын хяналт, шалгалт нэмэгдэж байна. Аудитын хяналт шалгалтаар тухайн нэвтрүүлж буй стандартад бидний үйл ажиллагаа хэрхэн нийцэж, уялдаж байгааг тогтоож, зөвлөгөө зөвлөмж өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, дотоод аудит нь стандартаа баталгаажуулахаас гадна хэрхэн зөв хэрэгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлэх үйл явц юм” гэж ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд ярив.   Дотоод аудитын хяналт хуваарийн дагуу Засвар механикийн завод, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, ДЦС, Засвар угсралтын цех зэрэг бүтцийн цех нэгжүүдэд хийгдэх юм байна.  

М.Балжинням
 

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.