Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явж байна

Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явж байна

     -Өнөөдөр Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажлын хэсгийн 39 дэх удаагийн хуралдаан боллоо. Уг хуралдааныг Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т. Батмөнх удирдан явуулав. Хуралдаанаар өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг даалгавруудын биелэлт тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, металл хийцийн угсралт, барилгын ажлын гүйцэтгэл, тулгамдаж буй асуудлууд зэрэг долоо хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар ажлын хэсгийн чиглэл хариуцсан мэргэжилтнүүдтэй мэдээлэл солилцжээ. Өнөөдрийн байдлаар өргөтгөлийн газар шорооны ажил 90 хувь, бетон цутгалтын ажил 75 хувь, металл хийцийн угсралтын ажил 25 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Харин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл бүрэн дуусжээ. Энэ оны аравдугаар сард Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.Түүнчлэн Өргөтгөлийн ажлыг товлосон хугацаанд дуусгаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үүнээс гарах эдийн засгийн үр ашгийг урьдчилан тооцоолсон тул гүйцэтгэгч болон захиалагч талууд шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.  Өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэснээр Баяжуулах үйлдвэрийн  хүчин чадал  жилд 6 сая тонноор нэмэгдэнэ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр 2022 оноос жилд 35 сая тонн хүдэр боловсруулах бөгөөд үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд 2025 оноос жилд 40 сая тонн хүдэр боловсруулах хэтийн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс

 

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.