Уурхайчдаа витаминжуулж эхэллээ

Уурхайчдаа витаминжуулж эхэллээ

     Эрдэнэт үйлдвэр цар тахлын халдвараас хамгаалах, уурхайчдынхаа дархлааг сайжруулж, урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах зорилгоор таван чиглэлээр үе шаттай цогц бодлого хэрэгжүүлж  байна. Энэ хүрээнд цар тахлаас сэргийлэх сургалт сурталчилгаа, тандалт, сорьц шинжилгээг тогтмол зохион байгуулж, дархлаажуулалтад хамрагдвал зохих ажилтны 95.6 хувийг вакцины бүрэн тунд хамруулжээ. Тэгвэл дараагийн шатны буюу вакцинжуулалтын үр дүнг дээшлүүлж, дархлааг сайжруулах үүднээс ажилтнуудаа амин дэмээр хангах ажлыг өнөөдөр эхлүүлэв. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн бүтцийн цех нэгжүүдээр дамжуулан дархлаа дэмжих хоёр төрлийн амин дэм бүхий багц хүргүүлэх аж. “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар хамтран, тухайн цехийн хүний нөөцийн мэргэжилтэн болон ХАБЭА хариуцсан ажилтнууд уурхайчдад тараах ажлыг гүйцэтгэж байна. Витаминжуулалтын аяны талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг “Бид 29 цех нэгжийн 6400 гаруй ажилтанд нэг сарын хэрэглээ болох C, D витамины багц тараахаар бэлдлээ. Эдгээр нь Герман болон Солонгос улсад үйлдвэрлэсэн чанарын баталгаатай витамин.  Хүний биеийн дархлааг сайжруулж, цар тахал болон бусад өвчний үеийн гол эмчилгээ болж буй тул дээрх хоёр витаминаар уурхайчдаа хангаж байгаа” гэж онцлов. 

     Үйлдвэрийн захиргаанаас авч хэрэгжүүлж буй дээрх аяны ач холбогдлыг өндөр байлгахад хувь хүн бүрийн хичээл зүтгэл чухал үүрэгтэй. Ажилтнууд вакцинжуулалтын дараах үеийн дархлаагаа хамгаалж, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар болон хот хооронд зорчихгүй байх нь зүйтэй. Учир нь дэлхийн олон орны туршлагаас харахад, вакцинд хамрагдсаны дараах үед цар тахлын халдварт өртөх тохиолдол өндөр байж болзошгүй тул халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.

М.Балжинням
 

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.