Зөвшөөрөөгүй цагт хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон ажилтанд хариуцлага тооцно

Зөвшөөрөөгүй цагт хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон ажилтанд хариуцлага тооцно

     Улсын Онцгой комиссоос гаргасан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийн хүрээнд Орхон аймгийн Онцгой комисс болон Засаг даргын захирамж гарч, зам тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон. Энэ дагуу албан байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтнууд хувийн болон тээврийн хэрэгслээр өглөө 06.00-09.00, орой 17.00-21.00 цагуудад зөвхөн “Гэр-ажил-гэр” гэсэн маршрутаар зорчих, замын хөдөлгөөнд оролцох хуваарь аймгийн хэмжээнд хэрэгжиж байна. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын энэ сарын 16-ны өдрийн тушаалаар дээрх шийдвэрийг мөрдөх, сахилга хариуцлагыг өндөржүүлж хяналт тавих чиглэлээр үйлдвэрийн бүх цех нэгжийн удирдлагад үүрэг өгч, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тэгвэл уг журмыг зөрчих, зөвшөөрөөгүй цагуудад хувийн тээврийн хэрэгслээр зам тээврийн хөдөлгөөнд оролцох, хяналт шалгалтад ачаалал үүсгэх зэрэг зөрчил удаа дараа гарч байгааг үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабаас мэдээллээ. Тухайлбал, энэ сарын 19-20-ны өдрүүдэд Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд 30 ажилтан зөвшөөрөгдсөн цаг буюу оройн 17.00 цагаас өмнө хувийн хэрэгслээр зорчсоны улмаас шалган нэвтрүүлэх 1,2 дугаар цэгүүдэд жолоодох эрхийн үнэмлэхээ хураалгасан байна. Иймд бүтцийн цех нэгжүүд ажилтнууддаа аймгийн Онцгой комисс болон Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаал шийдвэрийг бүрэн таниулж, цаашид дахин зөрчил гаргахгүй байх, зөрчил гаргасан ажилтанд сахилгын хариуцлага тооцож ажиллахыг  Гамшгаас хамгаалах штаб анхаарууллаа.  

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

 

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.