Гэрийн тусгаарлалтын баталгааны хуудсыг цахим хэлбэрт шилжүүллээ

Гэрийн тусгаарлалтын баталгааны хуудсыг цахим хэлбэрт шилжүүллээ

     Цар тахлын үед сахилга, хариуцлагыг өндөржүүлэх тухай Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалд заасны дагуу гэрийн тусгаарлалтад буй ажилтнуудад баталгааны хуудсыг цахимаар илгээж эхэллээ. Энэхүү баталгааны хуудас нь гэрийн тусгаарлалтад буй иргэд халдвар хамгааллын дэглэм зөрчихгүй байх, гэрээсээ гарахгүй, хөдөлгөөнөө хязгаарлах, дархлаагаа дэмжих, тандалт судалгааны багийн асуумжид үнэн зөв хариулах зэрэг заавар зөвлөмжийг багтааж, үүнтэй танилцаж мөрдөх баталгааг хангаж байгаа юм. 

     Гэрийн тусгаарлалтын баталгааны хуудсыг хөтлөх нь халдварын тандалт судалгааг сайжруулах, иргэдийн үүрэг  хариуцлагыг өндөржүүлэх, халдварын ойрын болон дам хавьтлыг тогтоох, тархалтыг хумьж зогсоох ач холбогдолтой. Тусгаарлалтын хяналт, баталгааны хуудас илгээх ажлыг  Орхон аймгийн Онцгой комисс, Баян-өндөр сумын ЗДТГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсгийн өгсөн чиглэлийн дагуу зохион байгуулж буйг Эрдэнэт үйлдвэрийн шуурхай штабаас мэдээллээ. 

     Өмнө нь хэвлэмэл хэлбэрээр хүргүүлж байсан баталгааны хуудсыг өнөөдрөөс тусгаарлалтад буй болон ажиллаж байгаа ажилтнууддаа цахимаар илгээдэг болов. Тухайн ажилтан халдвар хамгааллын заавар журамтай танилцаж, бөглөсөн баталгааны хуудсыг харьяа цех нэгжийн хүний нөөцийн мэргэжилтэн хүлээн авч, аймгийн Онцгой комисст хүргүүлж байна. Өнөөдрийн байдлаар, Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын, голомттой бүс нутгаас ирсэн зэрэг шалтгаанаар 230 гаруй ажилтан гэрийн тусгаарлалтад байна. Энэ ажлыг Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу “Тусгаарлалтын журам”-д нийцүүлэн  ажиллаж байна.  

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.