Санаачлагч

Санаачлагч

     Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын секц, дугуйланд хичээллэгчдийн үнэмлэхийг ангилан хадгалах хайрцаг, Соёл, урлагийн цогцолборын нэг уран бүтээлчийн хөгжимд тогтоогч суурь санаачлан хийсэн нэг эрхэм байдаг талаар олны амнаас сонслоо. Хаа нэгтээ явахдаа аливааг санаачлаад хийчихдэг, тэр эрхэмтэй уулзаж ярилцмаар санагдах сурвалжлагчийн сониуч занд хөтлөгдөв. Түүнийг сураглан бидний хэлж заншсанаар АБК-ийн таван давхрын нэг өрөөнд ороод явчхав. Бие хаа өв тэгш нэгэнтэй мэнд мэдэлцсэний дараа өөрийгөө Ц.Энхтөр хэмээн танилцуулсан түүнд хэрэг зорилгоо хэлбэл: “Урьд нь би сонин хэвлэлд гарч байгаагүй. Тэгээд ч юу ярих юм. Ах нь тэр мундгуудын нэг биш. Зүгээр л оногдсон ажлаа чин сэтгэлээсээ хийдэг нэгэн” хэмээн цааргалах нь тэр. Энэ мөчид аугаа их яруу найрагч  А.С.Пушкины хэлснээр “Хал үзсэн амьдралын минь ажиглалт, хашир суусан зүрхний минь тэмдэглэл” гэгчээр ажлын туршлагадаа дулдуйдан аливаа юмны арга олддог доо гэх бодол толгойд зурсхийнэ. Орчин тойрныг нь ажиглаваас Майонезны  цагаан савуудад  төрөл бүрийн цэцэг тарьсан нь нүдэнд тусна. Гар хийцийн тавиуруудад эгнүүлж тавьсан эд зүйлс нь эмх цэгцтэй, байр байрандаа...” Шалгаж буй хэмжүүр, сэлбэг хэрэгсэл” гэсэн бичигтэй шкафны эсрэг талын хананд гимнастикийн турник зоожээ. Түүний доохон талд дартсын самбар өлгөсөн харагдана. Хаягдал материал ашиглаж хийсэн хогийн сав, гурван төрлийн штанг ширээн доогуур тавьсан байлаа. Нөгөө цааргалах эрээс та аль нутгийн хүн бэ гэхэд: Ах нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийнх. Эрдэнэт хотын суугуул хэмээснээр түүний талаар бичиглэх болсон нь энэ. Тэр жолоочийн гэр бүлд айлын найман хүүхдийн хоёр дахь хөвгүүн болон мэндэлжээ. Эрэгтэй дүү нь аавынхаа мэргэжлийг эзэмшсэн гэнэ. Нас бага цус шингэн байхаасаа Ц.Энхтөр гэр ахуйн бараа хийчихдэг, гарын ур дүйтэй байж. Хөдөөгийн хүүхдийн нэгэн адил өвөө, эмээгийн хайр халамжид өсөж хүмүүжжээ. Янз бүрийн хүүхдийн тоглоом хийнэ. Дугуйгаар хичээлдээ явна. Энд, тэндээс материал цуглуулан унадаг дугуй босгоод уначихсан техник сэтгэлгээтэй, бүтээлч сурагч байв. Тэр аниргүй хөх уулсынхаа бэлд, адуу малаа адгуулан, амар төвшин амьдран суух, өвөө, эмээ хоёр луугаа өвөл, зуныхаа амралтаар байнга очно. Хөхөө донгодон, хөх униар татсан зун цагт хөдөөгийн нэгэн хот айлын ажил ар араасаа ундарна. Дээгүүр нь усны шувууд ганганаад, дэргэдүүр нь уулын гол хоржигнон хүний сэтгэлийг баясгах авч эдний ах дүүсийн хүүхдүүд эмээ, өвөөдөө борви бохис хийхгүй тусална. Өвөө нь өглөө ирээд л тэднийг ажилд хуваарилдаг байж. Тэр ийм ажлыг тэгж хий гэх мэтээр зааварчилгаа өгнө. Хажуугаар нь хурдны морио тарлана, хөлсөлнө, усална, өглөө барина, орой адуунд нь тавина. Эгчийнхээ хүүхдүүдтэй өглөө орой гүү, үхрээ ээлжлэн саана. Ах, эгчийнхээ заавраар цагаан идээгээ боловсруулна. Орой айраг бүлнэ. Ийм нэг хөдөөний дуусдаггүй ажилд нухлагдан хат сууж явсан хүү бол Ц.Энхтөр аж. Гол дагаад гогодны толгой түүн машиндахаас өгсүүлээд ажил мундахгүй. Ингэж л завсар чөлөөгүй ажилласнаар гадаа, гэр дэх ажлын гүйцэтгэл тэдний хүчинд жин тан. Энэ цаг үеэс тэр ангийн ханын сонин гаргах, шрифтээр гоё бичих, шинэ жилийн баярын чимэг зүүлт зуран, гэртээ зургийн жааз урлана. Хүүхэд байхаасаа хөнгөн атлетикийн спорт сонирхжээ. Дугуйн болон хөнгөн атлетикийн спортоор нэлээн түлхүү хичээллэсэн байна. Хамгийн ойрын жишээ гэхэд 1992 онд Хөнгөн атлетикийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, спортын мастерын болзол хангажээ. 2017 оноос хөнгөн атлетикийн ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлсэн гэх. Мөн Япон улсад болсон ахмадын олон улсын тэмцээнд бөөрөнцөг шидэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн тамирчин. Мөн дартсын спортыг хөгжүүлэх зорилт тавин яваа шинийг санаачлагч. 2019 онд “Дартс”-ын спортын аварга шалгаруулах тэмцээнийг Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд анх санаачлан зохион байгуулжээ. Бүх цех, нэгжийн төлөөлөл багийн, ганцаарчилсан төрөлд хамрагдсан аж. “Дартс”-ын спорт 501-ээс хасаж оноо тооцдог. Захын оноог сүүлчийн сумаар авч хожил авдаг тоглоомын дүрэмтэй. Энэ оны нэгдүгээр сард Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн дунд “Дартс”-ын спортын аварга шалгаруулах тэмцээн явагджээ. Уг тэмцээнд шүүгч, тамирчнаар оролцон түрүүлсэн байна. Удирдлагын, ажилчдын, эмэгтэйчүүдийн дунд явагдсанаараа энэ тэмцээн онцлог болж өндөрлөжээ. Уг тэмцээнийг таван өдрийн турш ажлын дараа зохион байгуулсан. Удирдлагуудын дунд явагдсан тэмцээнд дархан мэргэн Ш.Даваахүү түрүүлсэн ажгуу. Тэр штангийн спортоор долоон жил хичээллэж буй. Долоо хоногт гурван удаа Хангарьд спорт цогцолборт штангийн бэлтгэл хийдэг аж. Спортоор хичээллэсний ач тус танд мэдрэгдэх юм уу гэсэнд, бие хөнгөн, өвдөх зовиургүй эрүүл аж төрж байна, гэж хариулсан. “Турник дээр би 30 удаа суниадаг. Хамгийн сүүлд дартсын тэмцээнд Ил уурхайн тамирчин Отгонбаттай 20 гаруй удаа 501-ээс оноо тоолж тоглон түрүүлэхэд бие ядраагүй. Энэ бол спортоор тогтмол хичээллэж ирсний ач тус. Бэлтгэлээ нэг өдөр таслахад л бие нозоорон залхуу хүрч, эвшээлгэнэ. Тэгэхээр хүн биеийн булчингаа байнга ажиллуулах хэрэгтэй. Би зөв амьдралын хэвшилтэй явахыг залууст зааж сургадаг. Дээр нь спортоор хичээллэ, ажилдаа санаачилгатай бай гэж захидаг” хэмээв. 

     Тэрбээр ОХУ-ын Украйны Одесс  хотод мэргэжил эзэмшээд Зүүнхараагийн Спиртийн үйлдвэрт нарийн хэмжүүрийн засварчин, цахилгаанчнаар ажил, хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Энэ хамт олноосоо их юм сурсан гэх. Хилийн цэргийн  0151-р ангид Холбооны тусгай батальонд цэргийн алба хаахдаа салаан захирагчийн орлогч, эвлэлийн үүрийн дарга явсан жаатай эр. Эндээс ахлах түрүүч цолтой халагджээ. Ангийн тэргүүний салаа, рот болоход өөрийн авьяас чадвараа дайчлан зохих үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Д.Сүхбаатарын нэрэмжит танхимыг тохижуулж, том самбар дээр лоозон бичиж явсан гэгээн дурсамжаа сөхөв. 1989-2003 он хүртэл Спиртийнхээ үйлдвэрт эргэн ажиллаж, 2003 оноос  Эрдэнэт үйлдвэрийн Чанар хяналтын хэлтсийн хэмжил зүйн албанд засварчнаар ажиллаж байна. Түүний гарын ур чадварыг үнэлж, танилцсан хүний нэг нь Авто тээврийн цехийн дарга асан Г.Сономдорж. Энэ эрхэм, нагац ах хоёр нь Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болох замынх нь анхны шанг татжээ. Эрдэнэт үйлдвэрт ашиглаж байгаа цахилгааны бүх төрлийн хэмжих хэрэгслийг шалгаж, засвар тохируулга хийн баталгаажуулдаг Чанарын хяналтын хэлтэст тэр нарийн хэмжүүрийн засварчнаар  ажилладаг. Нэг тоолуурт тохируулга хийхэд нэлээн цаг хугацаа зарцуулах жишээтэй. Мөнхүү тоолуур, газардуулга, ампер метр гэх мэт бүх төрлийн хэмжүүрүүд ирнэ. Энэ бүгдэд засвар үйлчилгээ хийдгээрээ түүний мэргэжил онцлогтой. Аливаа хүнд ямар нэг юмыг хийж сэтгэх сонирхол байх ёстой. Үүнээс үүдэлтэй хүний хичээл зүтгэлээр дамжин, авьяас хөдөлмөрийн үр шим хэзээ нэг цагт гардаг. Тэр үүнийг ажил, амьдралаараа баталж яваа нэгэн. Мод, чулуу, төмрөөр гарт баригдан нүдэнд харагдахаар бүтээл урладаг уран бүтээлч бол Ц.Энхтөр.Тэрбээр хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх шаардлагатай зүйлүүд дээр судалгаа хийж, олон ажил санаачлан хэрэгжүүлжээ. Тухайлбал, хуучин Шатаах зуухыг шинэчлэн дахин ашиглаж, олон сая төгрөгийн хэмнэлт гаргажээ. Нэг зуух худалдан авахад 10 сая төгрөг зарцуулдаг. Таван сая төгрөгийн зардал гарган дөрвөн зуух ашиглалтад оруулсан байна.  Нэг удаа явахдаа 80, 100 килограммын жинтэй туухайнуудыг гараар зөөдөг байж. Энэ үйлдлийг байнга хийдэг хүн мэргэжлээс шалтгаалах өвчний хувь тогтоолгосон тохиолдол ч гарчээ. Ууц,  нуруугаар нь өвдөж, хөлийнх нь нум хүнд гэмтсэн оноштой. Иймээс туухай зөөх тэргэнцэр санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлж, хүний хөдөлмөрийг хөнгөвчилжээ. Ажлын байрандаа хоёулаа ажилладаг. Цахилгаан хэрэгслийн бүх төрлийн гэмтлийг засаж, тохируулж шалгана. Нарийн хэмжүүрийн засварчин Ц.Энхтөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Бүтээлч санаачлагч” сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтад таван удаа шалгарсан ажилтан. Түүний өрөөнд ороход цэцгийн болон хэмжүүрийн тавиур, штанг, турник, хогийн сав зэргийг хаягдал материал ашиглаж хийсэн байх жишээтэй. Ширээн дээр хөглөрөн хэвтэх 3 пазын утсуудыг өнгө өнгөөр нь ялган, эмхлэн  өлгөсөн харагдах. Энэ бүхэн энгийн мөртлөө ажлын байрны эмх цэгц юм. Одоо тэр бас нэгэн шинэ ажил үйлс сэтгэж хийхээр санаачлан яваа гэдэгт итгэнэм. Шинийг санаачлагч...

Т.БАТЧУЛУУН
ФОТО: Б.БАТТӨГС

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.