Аян замын тэмдэглэл

Аян замын тэмдэглэл

НАЙРГИЙН МӨРТЭЙ АЯЛАЛ

     -Улсын наадмын их насны морьдын уралдаанд “Битүү морь” айрагдаж, аман хүзүүдэхээр уяач, морь, унаач хүүхдийг зон олон шагшин магтаж, сонжин сонирхох нь Монгол бахархал. Түүн лүгээ адил яруу найргийн том наадамд Янжинлхамын авшиг хүртэн аман хүзүүдсэн Г.Батмөнхийн тэмдэглэлийг уншаад шүлэгч нэгэн болохыг нь  мэдэхийн чацуу эрдэнэ олсон мэт баярласнаа нуух юун. Тэрбээр далдхан бүтээж туурвиж явдгийн учир нь нэгдүгээрт хүн нь даруухан, хоёрдугаарт шүлгээ хэн нэгэнд уншаад явах цаг зав гардаггүйтэй нь холбоотой байх хэмээн таамаглаж сууна. Улс орон даяар бүх нийтийг хамарсан хорио цээрийн дэглэм тогтоосны учир энэ тэмдэглэлийг  хугацаа алдан нийтэлж буйг ташрамд дурдсу. Ингээд олныг үл нуршин Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн дарга Г.Батмөнхийн “Аян зам”-ын тэмдэглэлийг уншигч авхай танд хүргэж байна. Таалан болгооно уу.            

                                                                                                                                      Т.БАТЧУЛУУН

     Намар цагийн сүүлчийн өдрүүдтэй уралдан Өмнөговь аймгийн Ханбогдоор зочлоод ирлээ. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Намсрайжавын Батжаргал над руу утас цохиж Галба-Шанхын говь яруу найргийн наадамд сойсон шүлгэн хүлгээ ачаад явах унаа машины боломж асуухад нь :-Надаас өөр ачааны машинтай хүн олдохгүй байна уу? –Харин тиймээ.Чиний “Тундра” л арай бядтай, бяртай санагдаад байна гэлцэн хөөрөлдөөд аян  зам нийлэхээр шийдэв ээ.

     Эрдэнэт хотоос Булган-Орхон –Хишиг-Өндөр –Дашинчилэн –Эрдэнэсант – Дэлгэрхаан – Эрдэнэдалай – Хулд – Манлай – Ханбогд чиглэлээр очоод буцахдаа Ханбогд – Мандах – Гурвансайхан – Мандалговь – Адаацаг – Эрдэнэсантаар дайрахаар төлөвлөн аянд мордлоо. Эх орныхоо тал хээр, говийн бүсийн газар зүйн байдал, ан амьтан, хүн ардын ахуй төрхийг сонжин явах гэж энэ чиглэлийг сонгосон хэрэг.

     Төв аймгийн Эрдэнэсант сумаас Дундговь аймгийн Эрдэнэдалай хүрэх чигийн замаар цаашлах тусам Монгол орныхоо өргөн уудмыг улам бүр мэдрэн алсын намхан уулсын хоорондох хөндийгөөр хаа нэг таарах цагаан зээр болоод хар сүүлтийн цөөн тоот сүрэгтэй уралдаж давхиад замд таарсан мотоцикльтэй хүнээс явах зүгээ тодруулсаар Төв аймгийн Дэлгэрхаан орж дуут хаданд мөнхөрсөн Цогт хун тайжийн бичээсийг үзэхээр зорилоо. Ингэж явахдаа - Сайхан Монгол хэлтэйгээ байхад зам заалгах асуудал алгаа. Огт төвөгшөөхгүйгээр, бүр нэг сэтгэлээсээ зам зааж өгч тус болох нь зөвхөн нүүдэлчдийн л цусанд байдаг араншин юм байна хэмээн ярилцаж явлаа. Нутгийн аялгаар илэрхийлбэл явсаараан байгаад тогшиход өтгөн, шингэн янз бүрийн өнгөөр дуугардаг чулуун тогтоц бүхий толгодын өмнийг тольдох гилгэр хар хаднаа саяхан бичсэн мэт тод сайхнаар зурайн байгаа Цогтын бичээсийг олж очив. Авга эгчдээ зориулж 1621 оны намрын эхэн сарын 21-ээр огноолон бичсэн:

Дээр тэнгэр хааны аху хийгээд
Дэлхий дэх хан Богдын аху газар
Дээр дорын ялгал буй боловч
Жаргал хайрлал хоёрын агаар нэгэн буй гэж эхлээд

Энэ биедээ эс золголцвоос
Эгүүнээс хойш төрөл тутамдаа
Эх нь ганц хүүхнээ хайрлах мэт
Элдэв үйлээр туслалцах болтугай

хэмээн дуусах гүн ухааны яруу тансаг илэрхийлэл бүхий 4 мөрт 7 бадаг энэ дурсгалын дэргэд саатан, сархдаар сэржим өргөж шүлгээ уншицгаалаа.

Батжаргал найрагч маань:

Цул алтан уулыг
Зүрхнийхээ гал дээр хайлуулан байж
Цусны амьтай
Атгахан шороо шигшин авчээ
Өвөг дээдэс минь.

Цусны амьтай
Атга атгаар тийм шороог
Адууныхаа туурайгаар давтан байж
Цуутай түүхийн хорвоод
Монголынхоо газар шороог цогцлоожээ
Өвөг дээдэс минь.

Буйд сэтгэшгүй сансарыг
Шанаган одоор хутган байж
Бурхадын амьсгал шиг ариухан
Балгахан агаар шүүж авчээ
Өвөг дээдэс минь.

Балга балгахан тийм сэвшээг
Адууныхаа салхиар хачирлан байж
Баатарлаг түүхийн хорвоод
Монголынхоо агаарыг амьсгалуулжээ
Өвөг дээдэс минь.

Ширгэсэн голуудын ховилоор
Сорви татчихсан энэ газар минь
Шижир алтыг тунгааж бүтээсэн
Их Монголын минь амин шороо
Илд жадны шуурга сөрсөөр
Илтэд цөөрчихсөн энэ түмэн чинь
Идэр хаадын цусаар урсаж ирсэн
Идтэй Монголын минь үр садаа

хэмээн уншихад нь би залгуулаад:

Өөртөө буй ахуйг алгасан байж
Өөр нэгэн ертөнц нээхийг хүснэ
Өнгө гэрлийн нөлөөнд автахгүй гэж
Өөр хаана ч байхгүй улирал сонгохыг хүснэ
Өрөөл бусдаас хамааралгүй харьцах гэж
Өөр хэн ч ойлгохгүй хэлээр нэвтрэлцэхийг хүснэ
Өршөөл эрсэн нэгийг уучлах гэж
Өр зурсан үгсийг мартахыг хүснэ
Өрөөлийн санаагүйг үгээр хэлхэх гэж
Өөр хэн ч мэдэхгүй шүлэг хэлхийг хүснэ
Өөр хэн ч биш зөвхөн чамд
Өөрөөсөө гэрэл өгөхийг хүснэ

хэмээн уншлаа.

     Биднийг газарчилж очсон залуу - Пөөх яруу найрагчид яваа юм байна. Энэ газар шүлэг найраг сонсов, би азтай байна хэмээн хөөрцөглөв. Ийм сайхан билэг дэмбэрэлтэй газар шүлгээ унших боломж хайрласан энэ удаагийн аялалдаа сэтгэл хөглөгдөн онгод хийморийн тухай яриа өрнүүлж явтал Н.Батжаргал маань – Чи ерөөсөө энэ уралдаанд оролц. Дан эхийн тухай шүлэг уншина. Чи зарим шүлгээ засч янзлаад бэлд гэв ээ. Хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг гэгчээр хэд гурван мөр холбосноо Цогтын хаданд сайрхаад сайн найрагчийн аманд унаж байгаа нь энэ. Батжаргал ятган би цааргалсаар зах хязгааргүй талаар давхилаа. Т.Галсан найрагчийн  Өгсүүр замын дуу шүлгийн эхлэл хэсгээс

Онхол цонхолгүй вандан ширээ говийн
Оонон халиун толгод минь өршөө
Олонцог элээгээгүй дэгдээхий насандаа би чинь
Олон бор толгодоо уул гэж эндүүрч явжээ

хэмээн хоолой нийлуулэн уншиж явтал хад асгатай энхэл донхол, шаваг бударганатай гуу жалгууд тааран хурд саана. Энэ шүлгийг уншихаар л зам бартаатай болоод байна гэлцэн зугаа өрнүүлж явав. Өмнөговь аймгийн Манлай сумын Тарагт бригадыг харанхуйгаар олж очих гэж хэрэндээ л мунгинасан. Замын хоёр талаар торох юмгүй болоод ч тэр үү машины гэрэлд өндөрлөг газрын хяр ирмэг дамжин битүү модон дундуур яваад байх шиг төсөөлөгдөнө. Чулуун уул гэнэт зам хөндлөн гарч ирээд эргэлзээ төрүүлнэ. Гар утасны зам заах систем л эрхбиш Манлай сумын зүг явж байгааг заана. Ингэж явахад машины гэрэлд зээрийн сүрэг хуйлран ан хийх адыг сэрээх ажээ. Уул бараадаж ганц нэг гөрөөс шоглохоор санаархдаг бидэнд амархан ан санагдсан шүү. Манлайд хоноглоод найргийн наадмын нээлтэд оролцохоор Улаанбаатараас яваа уртын дууч бүсгүй, морин хуурч нартай зам нийлж Ханбогдод очив. Чухам энд 11-р сарын 6, 7-ны өдрүүдэд бурхан багш ээжийнхээ ачийг хариулсан өдөрт зориулан яруу найргийн наадам, үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа, хурдан морины уралдаан зохион байгуулж Дэмчогийн хийдэд Наро Банчэн гэгээнтэн, Их говийн 9-р ноён хутагт нар ном хурах цогц арга хэмжээг “Ажнай” компанийн ивээн тэтгэлгээр явуулж байв. Равжаа хутагт 7 настайдаа зохиосон гэх домогтой бүхэл бүтэн 10 минут дуулдаг Хурмаст тэнгэр уртын дуугаар найргийн наадмыг нээв. Домогт өгүүлснээр энэ нутгийн ноёдууд хоймор нь заларсан найрын өргөөнд борооны дусаал гоожиж бүх хүн нороод байхад үүдэнд ганцаараа хуурай суугаа бяцхан хөвүүнээс  учрыг асуухад:

Үүл гараад бороо орохын цагт
Үүд  хоймрын ялгаа юу
Үйл нь ирээд үхэхийн цагт
Хөгшин залуугийн ялгаа юу

хэмээн хариу дуулсан нь “Хурмаст тэнгэр” нэртэй уртын дуу болж энэ нутаг орондоо тарнийн хүч агуулан уянгалдаг гэнэ. “Галба-Шанхын говь” яруу найргийн улсын наадамд Сүхбаатараас Болор цомын эзэн Б.Батсайхан, Завханаас МЗЭ-ийн шагналт В.Нэргүй, Ховдоос баруун бүсийн тэргүүн найрагч Ц.Отгонбаатар гээд 8 аймгийн 21 найрагч оролцов. Шагналын сан өндөр учраас газар, газрын шилдгүүд оролцдог юм байна. Би өөрөө Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын найрагч хэмээн цоллуулж шүлэг уншаад дэд байранд шалгарч нар баруунаас гарахын үлгэрийг харуулав. Сахал үсэндээ баригдсан бүрэг царайтай, халтар ботинкэн дээр жинсэн өмд жийж хөвөнтэй дээл сэмэрсэн бүсээр хөөргөсхийгээд хөдөрчихсэн намайг хамгийн холоос зорьж ирсэн жинхэнэ хөдөөний шүлэгч байна гэж өрөвдөөд дээгүүр байранд оруулсан байх. Харин тэргүүн байрыг Ханбогдын Б.Бямбацэнд эзэлсэн. Уншигчид  ямар шүлэг 2-р байранд орсныг мэдээж сонирхож байгаа.

                         Эх шувууны дууль

Ангаахай насны даль тэнийсэн эх нутгаа тэмцэж
Алтан хэвлийт хос хараацай цагаасаа урьтан
Аадрын мананд одос үхэр төөрөх харь нутгаас
Агтны салхиар хуур нь хүнгэнэх талдаа нисч ирэв

Цасан хөнжлөө сэмлэн түлхэх нялх яргуйг зайчилж
Царцмал хүйтэн шаврыг элгээрээ гэсгээн царайчилж
Цусан мөртэй хошуугаар зайрмаг шавар эмтэлсээр
Цуцсан амраг шувууд үүрээн илбэж засав

Энх улирлын шинэдээр үүрээ мялааж өндөглөсөн
Эвт шувууд дуулалдахад тэнгэр жаргах уринаар
Эрх тэнэмэл нэгэн хөвгүүн унтаа саарал үүрнээс 
Ээлэн бөөлэй өндөгнүүдийг нь сэм хулгуулж гэнэ.

Хавхны таваг шиг үхэл горьдсон хорвоогоос
Чавхны чулуу болж нисэлдсэн бөрт цоохор өндөгнүүд
Жигүүртэн заяагаа хүлээлгүй үйлийн хад руу харвуулж
Жигшүүрт нүдний цэцгий мэт бялдан урсав гэнэ.

Уйдсан тэнэг хөвгүүн усны мөлгөр чулуу түүж
Уйт шувуудын үүрэнд өндөг орлуулж тавихуйд
Үйлт шувуудын гаслан тэнгэр онгойх мэт цэлмэж
Үрийн хагацлын хагархай үйл мэтгэх шиг битүүрчээ.

Агь гангын анхил агаарт нь чихэлдэх зунаар
Алман дальт эцэг шувуу тэнгэр сараачин цахилж
Эх шувуунд хоол зөөж шавран үүрээ харуулдана.
Эх шувууны элгэн доор шахалдсан чулууд халууцна.

Ангир галууны дэгдээхий гангар гунгар өснө
Ангаахай хүлээсэн хараацай үйл царайчилж зусна
Тогорууны цүүцгэр дэгдээхий цам харайж өснө
Толбот чулууд өдөт эхийн өехийд таг дүлий гөлийнө.

Аянчин шувуудын цурхираанд үүлс дөжрөх намраар
Алтан хараацайн нойрмог үүр ажин түжин янзаараа
Намартаа дагуулаад буцдаг цовоо үрсээ хүлээсээр
Найдварын өл зууж зовлонт шувууд хоргодсоор

Галтай тулга шиг нарны хурмастын түлээ хумигдаж
Гантай зуны сондуул шиг хөрстийн царай хувьслаа
Хараацай заяа нь танихгүй  өнгө цагаан улирлын
Хацар алгадсан жавар өлөн харцага шиг шунгиж ирлээ

Өндөрт хальж дальтай сум шиг цахилдаг эцэг жигүүртэн
Өвлийн шөнө өнчин мөчрөөс дальгүй шувуу шиг унахад
Өдөнд хулдсан өчүүхэн хөлдүүс дэлхийг онож тасхийлээ
Өвчүү нь зулгарсан эх шувуу дэлхий атиртал цочисхийлээ

Өндөгөө даарчих вий гэхдээ үхэж тэвчээгүй эх шувуун
Өвлийн төмөрлөг жаврын исгэрэх үзүүрт долоогдсоор
Нуруу толгой нь тас хөлдсөн ч энгэр нь бүлээнээрээ байв аа
Нулимсны дусал шиг зүрхэн дор чулууд халуунаараа байв аа.

     Энэ шүлэг шиг нарт дэлхийн эх бүхэнд зориулан 21 найрагчийн өргөсөн түрлэг хүмүүний сонорыг мялаахад говь нутаг эхийн сэтгэлд уяран налайх шиг өег дулаахан байв.

       Дэмчогийн хийдэд гэгээнтэн хутагтын айлдварыг сонсож, цуг явсан уртын дууч, морин хуурч хоёр маань энэ газрын эрчмийн төвийг тэмдэглэсэн хадан дээрээс нөгөө алдарт Хурмаст тэнгэрийг, Үлэмжийн чанарыг эгшиглүүллээ. Морин хуур, шуранхай эгшиглэхэд сүсэгтэн олон дорхноо бүчин цуглаад сүсэг бишрэлийн их эрчмийг шингээн авч байв.

     Ингээд хийдээс буцахад гэгээнтнүүдийн, яруу найргийн, уртын дуу, морин хуурын их буян миний машины бүхээгт багтаж ядан байлаа. Ийнхүү өмнийн говиос сэтгэлийн их олзтой буцаж ирлээ.

                                                                                                                                   Г.БАТМӨНХ

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.