Ийм л сайхан...

Ийм л сайхан...

     Хорвоогийн сайхан зүйлийн нэг нь учрал ерөөл. Учрал, уулзалт бүхэн сайхан. Сайхны тухай, бодь хүний тухай бичиглэхэд сэтгэл нэг л өег. Энэ хөргийн эзнийг Самбуугийн Бадамхорлоо гэдэг. Зүгээр л дуугүй явж, дутуугүй хийсээр ажил хөдөлмөрийн амтанд аль эрт орсон гэх. Хийж бүтээсэн нь өөрийнх нь өмнөөс өчих энэ эрхэм Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат. Түүний тухай, хийж бүтээснийг нь өөрийн мэдрэмжээр өгүүлэх сэн гэж бодном. “Миний эмээ тогооч мэргэжилтэй. Гарынх нь хоолыг идэж өслөө. 80 нас сүүдэр хүрсэн буурай байлаа” хэмээн эмээгээ дурсав. Айлын найман хүүхдийн гурав дахь нь С.Бадамхорлоо. Тэрбээр спортын гэр бүлд төрж өсжээ. Түүний аавыг 35-р баазад нярваар олон жил ажилласан аймгийн заан Бадрахын Самбуу гэхээр Эрдэнэтийнхэн андахгүй. Түүний ээж Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат Намсрайн Түмэн-Олдох гуай найман хүүхэд төрүүлж өсгөсөн аж. Хамгийн том нь аймгийн арслан С.Даваасүрэн гэж бөх бий. Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн байгууллагад жолооч. Тэр ийм бөхийн удамтай. Мэргэшсэн ажил, мэдлэг чадвартай хэн нэгний тухай  ярьж бичих  сайхан.  Бадамхорлоо бага, дунд сургуулиа дүүргээд Улаанбаатар хотын Төмөр замын Техник мэргэжлийн сургуульд гурван жил суралцаж, вагон үзэгч мэргэжил эзэмшжээ. Өөрөөр хэлбэл вагоны бэлэн байдлыг шалгагч болсон байна. Энэ хугацаанд Баянхонгор аймгийн Баянлиг суманд хоёр жилийн цэргийн алба хааж, эр бие чангарчээ. Харуулд гарч малчин цэрэг явж. Тухайн үед 1000 төгрөгийн цалин авч явсан азтай цэрэг. Тэр эзэмшсэн мэргэжлээрээ Эрдэнэт үйлдвэрийн Төмөр замын цехэд ажилд орж вагон үзэгч, найруулагчаар 30 дахь жилдээ ажиллаж байна. Тэрбээр нас бага цус шингэн байхаас бөхийн спортоор хичээллэжээ. Бөхийн чөлөөт барилдаанаар тууштай хичээллэж, олон арван медаль хүртэж явсан тамирчин. Чөлөөт бөхийн улс, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилттай оролцож иржээ. Орхон аймгийн баяр наадамд шөвгийн дөрөвт үлдэн “Аймгийн начин” цол хүртсэн бөх. Тодруулбал, Булган аймгийн Бугат сумын харьяат Идээхүүгийн Ганхуяг арслангаар тав давсан түүхтэй. Бөхийн чөлөөт барилдааны спортын дэд мастер. Монгол бөхийн мухар тонгорох, дэгээдэх, хөмрөх, гар ачих мэхийг өрсөлдөгчдөдөө хийж, үзэгч олныг баясган явсан нэгэн. “Миний өдий зэрэгтэй яваа нь хамт олны минь хүч. Манай хамт олон эвсэг, тусч. Ялангуяа С.Мөнхтэгш даргадаа баярлаж явдаг. Намайг аймгийн начин цол хүртэхэд манай цех 50 мянган төгрөгөөр шагнаж байлаа. Олон жил аймгийн наадамд 3, 4 давсан ч ах нартаа дарагдсаар байгаад цолоо батлаагүй. Эргээд бодоход надад цолоо баталчих боломж байсан санагддаг” хэмээн маг маг инээж суув. Аймгийн заан Сайнбилэг, цэргийн начин Баттулга, аймгийн начин  Нэргүй, Болдбаатар, Батрагчаа нартай найз. Аймгийн арслан Д.Болд ахтай ойр дотно явлаа. Бид нэг байрны хоёр. Манай Болд ах хүн сайтай даа гэж магтах. Аймгийн хурц арслан Х.Ганбаатар, Д.Тайванбаатар нарын бөхчүүд залуучуудад бөхийн эрдмээсээ зааж сургаж явдаг хэмээн онцлов. Тэр монгол хөөмийн өлгий Ховд аймгийн Чандмань сумын харьяат Цэвэгжавын Туяа гэдэг бүсгүйтэй гэрлэж гурван хүүхдийн аав, ээж болжээ. Том хүү нь биеийн тамирын дасгалжуулагч. Дундах нь Төмөр замын дээд сургуулийг холбооны мэргэжлээр төгссөн. Бага нь дунд сургуулийн сурагч гэнэ. Найруулагчийн ажлын нэг онцлог нь вагон ачааг ямар нэгэн осол аюулгүй хүрэх газарт нь тээвэрлэх явдал юм. Цагийн дөрвөн улиралд ачааны вагонд зүүгдээстэй явах. Эрдэнэт үйлдвэрийн хэрэгцээт нүүрс, шохой, бусад бараа материал, сэлбэг хэрэгслийг өргөн тээвэрлэх нь түүний гүйцэтгэх гол ажил. Эрдэнэт өртөөнөөс ачаа тээшийг татан үйлдвэрийн цех, нэгжүүдэд хуваарилж тараана. “Хангинах дохиотой галт тэрэгний найруулагч, хариуцлага өндөртэй хөдөлгөөний удирдагч” хэмээн нэгэн яруу найрагч хэлсэн нь бий. Түүний ажлын онцлог энэ. С.Бадамхорол МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль, үйлдвэрийн 30, 35 жилийн ойн медаль, “Онц хөдөлгөөнчин” цол, тэмдгээр шагнагджээ. Тэрбээр ажиллах хугацаандаа ажлын арга барил, ур чадварыг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшиж, төмөр замын хөдөлгөөний болон сэлгээний аюулгүй ажиллагааг бүрэн ханган, өөрийн хариуцсан техникийн бүрэн бүтэн байдалд анхаарч, сул зогсолтыг багасган,  жилд дунджаар  3243 вагонд сэлгээ хийжээ. Мөн төмөр замын хөдөлгөөн,  сэлгээний аюулгүй ажиллагааг бүрэн хангаж,  вагоны сул зогсолтыг 358 вагон цагаар бууруулан, жилд 10591-12280 гаруй км замд сэлгээний ажил хийсэн байна. Тэр өртөөний зам сумын үйлчилгээ, цэвэрлэгээг тогтмол хариуцан чанартай хийж, жилд 1248 удаа цахилгаан сумыг арчлан ажиллажээ. Түүнчлэн хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах сум арчилгааны гар багаж шинээр санаачлан хийсэн байна. Мөн замын аж ахуйд ашиглаж буй гар болон цахилгаан багажуудад үзлэг хийж, найдвартай ажиллагааг ханган ажилладаг бөгөөд КDE-6500 Х3 моторын дөрвөн дугуй хагарч эвдэрснийг төмрөөр зорж шинэчилснээр  мотор зөөвөрлөхөд  хүндрэлгүй,  эдэлгээний  хугацааг уртасгасан аж. Тэрбээр өртөөний тэгш сондгой талын цахилгаан сумыг зүлгэн өнгөлөх гар зүлгүүрийг ажил хөнгөвчлөх зорилгоор модонд резин зүлгүүр бэхлэн  тогтоож,  шинэчилсэн байна. Мөн замын аж ахуйн дахин хадалтын ажил гүйцэтгэхэд хадаас нь авагдахгүй хүндрэлтэй байсныг хадаас өндийлгөх /таахай/ багаж хэрэгсэл хийжээ. Уг багаж хэрэгслийг  хугарсан ацат царил /лап/-ыг ашиглан аюулгүй байдлыг ханган, хадаас ойх, үсрэхээс хамгаалсан саравч хийсэн  нь ажилд эергээр нөлөөлжээ. Тэр жилд дунджаар 3000-4000 дэр мод,  1-2 иж бүрдэл сумын дүнз, 0,3-1 км газарт зам төмөр нэгчлэн сольж,  15000-18000 үзүүрт дахин хадалт, 2000-2500 км газарт чиг татах, чигжилт хийх, 300-600 уулзварын зайг хөөж тохируулах, 3800-4000 п/м газрын подрезка гаргах ажил зохион байгуулан, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Тэр “Сайн хөдөлмөрлөвөл сайхан амьдарна” гэсэн аав, ээжийнхээ захиасыг мөрддөг гэсэн. Зөв хөдөлмөрлөсөн хүний үр хүүхэд сайн явдаг гэж тэр ярьсан юм. Түүний хүү Бадамхорлоогийн Эрдэнэчулуун Орхон аймгийн баяр наадамд тав давж “Аймгийн начин” цол хүртсэн. Аавдаа үртэй хүний жаргал эдлүүлж, удам дамжсан бөх болсон. Ийм л сайхан даа...

Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.