• Ажилтнуудын цалин нэмэх тухай Ерөнхий захирлын тушаал гарчээ

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, нийт ажиллагсдынхаа цалинг энэ онд хоёр дахь удаа нэмж байна. Өнгөрсөн сард тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн бүх цех нэгжийн ажилчидтай уулзах үеэрээ оны эхний 9 сарын үйлдвэрлэл, эдийн засгийн үр ашиг, төлөвлөгөөний биелэлтийн үр дүнг тооцон, цалин нэмэгдүүлэхээ мэдээлсэн. Тэгвэл энэ шийдвэр бодитоор хэрэгжиж, 10 дугаар сарын 1-ний өдрөөс Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын цалинг 10 хувиар нэмж буйг энэ сарын 17-ны өдрийн А/938 тоот тушаалаараа баталгаажуулсан байна.     Ингэснээр үйлдвэрийн нийт ажилтны үндсэн болон тарифт цалин 10 хувиар нэмэгдэж, үндсэн цалингийн нэгдсэн сүлжээ шинэчлэгдэж байгаа юм. Мөн Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, ҮЭХ-той хамтран хэрэгжүүлдэг Хамтын гэрээний 3.1, 3.4-т тусгасан ажилтнуудын бодит орлогыг нэмэгдүүлэх заалтууд биеллээ. Тус үйлдвэр энэ оны 5 дугаар сарын 1-ний өдөр ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлж байв.   М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • Цэрэндавгын ЦЭНД-АЮУШ

            Овог нэр:    Цэрэндавгын ЦЭНД-АЮУШ    Төгссөн сургууль:     ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуульд бакалавр (1997), АНУ-ын Өмнөд Дакота мужийн Уул уурхай, Технологийн сургуульд магистр (2010), Ютагийн Их сургуульд доктор PhD (2014)-ын зэрэг тус тус хамгаалсан.   Мэргэжил:     Ашигт малтмал баяжуулалт, металлургийн инженер   Ажилласан туршлага:     1997-2002 онуудад ШУТИС-д багш, 2002 оноос Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн Гидрометаллургийн судалгааны лабораторид судалгааны инженер, лабораторийн эрхлэгч, 2007 оноос АНУ-д суралцаж, ажиллаж байх хугацаандаа FLSmidth Inc, Cytec Industries Inc, Solvay Group зэрэг уул уурхай, тоног төхөөрөмж үйлдвэрлэл, технологи судалгааны томоохон компаниудад судалгааны болон төслийн инженерээр ажилласан. Монголдоо ирээд 2 сар болж байгаа.   Мэргэжил дээшлүүлсэн байдал:     Six Sigma Greenbelt & Black Belt course (USA), MSHA Mine Safety training (USA),  KoreaZinc & Posco training (South Korea), TASIS Training (Italy)   Чин хүсэл:     Санаагаар болдог бол залуучуудаа дэлхийн олон орноор аялуулж, дэвшилтэт шинэлэг, олон зүйлстэй танилцуулж, тэдний билгийн нүдийг нь нээхсэн. Манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой химийн бодисын хэрэглээ өсөн нэмэгдсээр байна. Бид үйлдвэрлэлийн процессод хэрэглэдэг ихэнх химийн бодисуудаа гаднаас өндөр үнээр худалдан авдаг. Эрдэнэт үйлдвэрийн Судалгааны төвийн удирдлагаар ажиллах хугацаандаа хими, металлургийн үйлдвэрлэлийг Монголдоо хөгжүүлэх, олон улсын стандарт, байгаль экологийн шалгуурыг хангасан импорт орлох бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэхийг зорино. Чин хүсэл гэдэг нь бидний тархинд биш, харин зүрх сэтгэлд оршдог хүсэл, тэмүүллийг хэлдэг болов уу.    1. Таны шинэ өдөр хэдэн цагт эхэлдэг вэ?     - Өглөө 06:00 цагт эхэлдэг.     2. Өглөөний цай болон хооллолтын тал дээр та юу баримталдаг вэ?   - Өглөөний цайнд цэвэр ус, эрүүл хөнгөн хүнс хэрэглэдэг. Ер нь манай гэрийнхэн аль болох хөнгөн, шингэц сайтай хооллохыг эрмэлздэг.     3. Өдрийг эрч хүчтэй давахад юу сэргээш болдог вэ?    - Монголын минь цэлмэг сайхан тэнгэр, өглөөний тунгалаг нар, гэр бүл мөн ажлын газрын маань эрч хүчтэй, үргэлж шинийг эрэлхийлсэн залуус миний сэргээш болдог.     4. Яаж сэтгэлзүйн дархлаатай байж өдрийн эрч хүчээ хэвээр хадгалдаг вэ?    - Монголын нийгмийг харьцангуй стресс багатай гэж харж байна. Хүмүүст энгийн соёл, ухамсар, найрсаг харьцааг хэвшүүлэхэд л тухайн хүн өдрийн эрч хүчээ алдахгүй. Ер нь хувь хүний ирээдүйн зорилго, амьдралд баримтлах үндсэн зарчим тодорхой, өөртөө бүрэн итгэдэг байвал сэтгэл санаа тогтвортой, сэтгэлзүйн дархлаа сайтай байна гэж хувьдаа боддог.     5. Өдөр бүр хэвшил болсон чухал дадал бий юу?   - Мэдээллийн эрин зууны энэ үед техник, технологи эрчимтэй хөгжин өөрчлөгдөж, мэдээ мэдээлэл улам нээлттэй болж байна. Үүнээс хоцрохгүйн тулд өдөр бүр шинэ соргог мэдээлэлтэй аль болох ойрхон байж, сурч боловсрохыг дадал болгодог.     6. Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач?    - Эрүүл амьдрах, аж төрөх үүднээс өдөр бүр явган алхах, дасгал хөдөлгөөн хийхийг өөртөө хэвшүүлэхээр зорьж байна. Шинэ ажил маань ч энэ боломжийг бүрдүүлж байгаа, мөн өглөө бүр ажилтнуудтайгаа санал бодлоо хуваалцаж, өмнөх ажлын үр дүнгээ зөвлөлдөж, дараагийн ажлаа хийхийг зорьж байна. Ингэж хийсэн ажил,  саад бэрхшээл багатай, урамтай сайхан бүтдэг гэж боддог.   Дэлгэрэнгүй...
  • Уурхайчин залуустаа сэтгэлийн дэм үзүүллээ

       Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбооны 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөний Сайн үйлсийн аянд 10 сая төгрөг төсөвлөсөн. Тус холбооны тэргүүлчид энэ сарын найманд хуралдаж хэлэлцээд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ил уурхайн бульдозерын машинч Ч.Баярсайхан, ЗМЗ-ын инженер С.Галбадрах нарын эмчилгээний зардалд тус бүр таван сая төгрөг хандивлахаар шийдвэрлэжээ. Батламжийг Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн Холбооны дарга Б.Төгсбаяр, Засвар механикийн заводын ҮЭХ-ны дарга Н.Эрдэнэбат, Ил уурхайн ҮЭХ-ны дарга В.Баттулга, Баяжуулах үйлдвэрийн ҮЭХ-ны дарга Т.Хүрэлтогоо нар гэр бүлийнхэнд саяхан гардуулав.    А.Батбаяр           Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн үйлчид 3,3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн урлажээ

       Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цехийн үйлчид оны эхний есөн сарын байдлаар баяжмалын 60 мянган шуудай, ажилчдын 4000 хослол, инженерүүдийн 500 хувцас, уурхайчдын дулаалгатай 1500 хүрэм үйлдвэрлэн 3,3 тэрбум төгрөгийн бэлэн бүтээгдэхүүн урлажээ. Бүтээмж өндөр тус хамт олон саяхан Монгол улсад Нийтийн аж ахуй үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн баярыг угтан ажил мэргэжлийн “Сэтгэе, бүтээе, бахархъя” уралдаан зарлан дүгнэв. Уурхайчдын ажлын хувцас урлах, материалын өөдсөөр зүймэл бүтээгдэхүүн хийх гэсэн хоёр төрлөөр явагдсан уг уралдааны “Нэрийн бүтээгдэхүүн” номинацид эсгүүрчин В.Байгалмаа, оёдолчин Р.Бадамсүрэн, “Өртөг бага шинэлэг бүтээгдэхүүн” номинацид оёдолчин Д.Оюун-Эрдэнэ, “Шилдэг, шинэлэг ажлын хувцас” номинацид чанар шалгагч Б.Ууганцэцэг, мастер Э.Оюун-Эрдэнэ, оёдолчин Б.Элбэгзаяа нар шилдгээр шалгарчээ.              М.ОДГЭРЭЛ Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Олон бичил биетний цогц бордоог туршиж байна

         Азотоор хангаж ургамлын өсөлтийг нэмэгдүүлдэг ач холбогдолтой био бордоогоор цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, боловсруулах, шимт хөрс болгох туршилт, судалгааны ажил өнөөдөр эхэллээ.      “Бичил биетний судалгааг олон жил хийж байна. Судалгааны үндсэн дээр нутгийн омгуудыг гаргаж түүгээрээ байгаль орчин, хөрсний  бохирдлыг арилгах юм. Бохирдол бууруулсан хөрсөөр шимт хөрс бэлтгэж зүлэг ургуулах боломжтой. Энэ бордоо нь олон бичил биетний цогц бордоо юм” гэж  Биологийн хүрээлэнгийн доктор Ц.Рэнцэнханд ярилаа.    Эрдэнэт үйлдвэр Шинжлэх ухааны академитай хамтын ажиллагааны хүрээнд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа 40 жил хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх, боловсруулах, шимт хөрс болгох ажил ийнхүү шат дараатай хийгдсээр байна. Энэ ажлын үр дүн ирэх хавар лабораторийн шинжилгээний  хариугаар гарах юм.    А.Бямбамаа               Дэлгэрэнгүй...
  • Манлайлагчид 1 төгрөгийг 6.5 төгрөг болгох бүтээлч саналууд гаргажээ

       Эрдэнэт үйлдвэрийн Сайн саналын системд 2005-2018 оны хооронд 26265 сайжруулалтын санал бүртгэж, 50 хувь нь хэрэгжсэн бол оны эхний 9 сарын байдлаар 4939 санал гарч, хэрэгжилт 50.8 хувьтай болоод байна. Үйлдвэрлэлд нэвтэрч байгаа дээрх санал санаачилгыг чанараар нь “Маш сайн”, “Сайн”, “Энгийн” гэсэн гурван түвшинд үнэлгээ өгч, дүгнэдэг бөгөөд 2017 онтой харьцуулахад бүтээмжийн чанар эрс дээшилжээ. Үйлдвэрийн хэмжээнд өрнөсөн бүтээлч ажлууд эдийн засгийн талаасаа 1 төгрөгийг 6.5 төгрөг болгосон үр өгөөжтэй ажлууд болсныг Хөгжлийн хэлтсээс танилцууллаа.    Сайн саналын системийн тусламжтайгаар ажлын бүртгэл сайжрах, нэгнийхээ хийж байгааг харьцуулах харах, ажилтнууд ажил мэргэжлээрээ өрсөлдөх боломжийг бүрдүүлсэн тухай Хөгжлийн хэлтсийн Бүтээмж, инновацийн мэргэжилтэн Ё.Мөнхтунгалаг илтгэлдээ онцоллоо. Түүний хэлснээр 2018 онд нийт санал гаргагчдаас инженер техникийн ажилтнууд 41 хувь, ажилтан 61 хувийг тус тус эзэлжээ. “Бүтээлч санаачлагч-2018” Сайн саналын системийн манлайлагч, Автотээврийн цехийн механикч Х.Болдбаатар өөрийн арга туршлагаас хуваалцахдаа, “Юун түрүүнд тухайн саналыг эдийн засгийн үр ашиг дээшлүүлэх, ажил хөнгөвчлөх, ажлын байрны нөхцөл сайжруулах, ажилтны мэдлэг, мэргэжлийн ур чадварыг ахиулах, үйлдвэрт хэрэгжих насжилт урт эсэхэд хариулт олох хэрэгтэй. Ингэхдээ хамт олноороо ярилцан, шийдэл гаргах нь хамгийн чухал” хэмээсэн. Харин ЗМЗ-ын Эрчимзүйч Л.Энхтөр “Миний саналын шийдлүүд...” илтгэлдээ, “Интернет буюу цахим орчныг сайн ашиглах, ижил төстэй шийдлүүдийг харьцуулан судлах, бусдаас тусламж авахдаа нэрэлхэхгүйгээр, орчин тойрондоо сайн ярилцах хэрэгтэй” гэсэн зөвлөмжийг манлайлагчдад өгсөн юм. Тэрээр хэвшмэл сэтгэлгээг ажлын байрнаас халж, өсөх сэтгэлгээтэй ажилчид байцгаая гэсэн уриалга гаргалаа.                                   И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Бүтээлч санаачилгаар жигүүрлэсэн Эрдэнэт үйлдвэрийн нэг өдөр

       Эрдэнэт үйлдвэрийн шинийг сэтгэгч, бүтээлч ажиллагсдаа дэмжин урамшуулж, бахархан дуурссан “Бүтээлч санаачлагч-2018” өдөрлөгийг 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Сайн саналын системийн манлайлагчдыг алдаршуулах өдөрлөгийн үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал П.Энхбат тэргүүтэй цех, нэгжийн удирдлагууд оролцож, манлайлагч 100 ажилтандаа баяр хүргэсэн юм. Ажиллах орчин нөхцөлөө сайжруулж, бүтээмж дээшлүүлэн, хамт олноо уриалан дуудаж, импорт орлох бүтээгдэхүүнээр эдийн засгийн үр ашиг гаргасан шилдэг ажилчдыг дөрөв дэх жилдээ ийнхүү шалгаруулан алдаршууллаа. Ажлын талбар дээр санал санаачилгатай байх нь хувь хүний хөгжилд маш чухал болохыг манлайлагчид тавьсан илтгэлдээ онцолсон. Өдөрлөгийн хаалтын үйл ажиллагааг зангиагүй уулзалтаар үргэлжлүүлж, манлайлагчдын төлөөлөл үйлдвэрийн удирдлагуудтай санал бодлоо солилцлоо.        Ерөнхий захирал Х.БАДАМСҮРЭН: Сайныг санаачлан сэддэг та нарынхаа оюуны хүчинд итгэж байна      - “Бүтээлч санаачлагч-2018”-ийн үр дүнгээр 100 ажилтан манлайлж, удирдлагуудаас урмын үг сонслоо. Шинийг сэтгэгч ажилтнууддаа хандан юу хэлэх вэ?    - Эрдэнэт үйлдвэрийн цех нэгж бүрт хөдөлмөр буцалж, энэхүү танхимд хөгжил дэвшлийн асуудал яригдсан сайхан өдөр болж байна. Дашням, Балжиннямтай намрын дунд сарын билэгт сайн өдөртэй зэрэгцэн сайн саналыг ярилцаж, санаачилга өрнүүлж байгаа нь сайшаалтай юм. Манай олон мянган уурхайчдыг манлайлан хошуучилдаг та бүхнийхээ хүчин чармайлт, санаачилгаар жигүүрлэж, уурхайчид төдийгүй үйлдвэр маань амжилттай ажиллаж байна. Бидний ажлыг төр засаг өндөр түвшинд үнэлж байна. Ийм амжилтыг гаргахад хамт олноо манлайлан ажиллаж байгаа манлайлагчиддаа үйлдвэрийн удирдлага миний бие гүн талархал илэрхийлж, баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе. Хэн санаачилж, толгойгоо ажиллуулна тэр хэрээр ажил урагштай байна. 3 жилийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн нөөц баялаг 40-өөд жил болоод дуусна гэж ярьж байсанд Эрдэнэтчүүд төдийгүй Монголчууд сэтгэл дундуур байсан. Өнөөдрийн байдлаар наанадаж 60 жил ажиллах, Эрдэнэтийн-Овоо уулын буян хишгийг 100 жил хүртэх боломжтой боллоо. Сайныг санаачлан сэддэг та нарынхаа оюун ухааны хүчээр энэ бүхнийг хийж байгаа юм шүү. Чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр бүтээлч санаачлагч байгаасай. Энэ өдөр таны өдөр. Эрдэнэт үйлдвэр танаар бахархаж байна.                                     И.Чинтогтох Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог