• Оны эхний 7 сард үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр биеллээ

         Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон 2020 оны эхний 7 сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүх үзүүлэлтээр биелүүллээ. Он гарсаар уурхайчид 14876 мянган метр куб уулын цул гаргаж, 6499 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэжээ. Ингэснээр уулын цул гаргалтын төлөвлөгөө 103.4 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөө 105.9 хувиар тус тус давж биелэв. Энэ хугацаанд нийт 21361 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөө 101.6 хувиар, исэлдсэн хүдэр олборлолтын төлөвлөгөө 108.3 хувиар биеллээ. Мөн 296950 тууш метр өрөмдөж, төлөвлөгөө 104.4 хувиар, ачаа эргэлтийн төлөвлөгөө 105.7 хувиар тус тус биелсэн байна. Баяжуулагчид оны эхнээс 19137 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөний биелэлт 101.5 хувьтай байна. Хүдэр дэх зэсийн агуулгын төлөвлөгөө 100.4 хувиар, молибдений агуулгын төлөвлөгөө 109.5 хувиар биелсэн бол зэсийн металл авалт 100.3 хувь, молибдений металл авалт 108.2 хувийн биелэлттэй байна.  Энэ хугацаанд зэсийн баяжмал гаргалтын төлөвлөгөө хуурай жингээр 102.2 хувь, молибдений баяжмал гаргалт 115.7 хувь, баяжмал дахь зэсийн агуулга 102.2 хувь, молибдений агуулга 120.2 хувь хүрч биелжээ. Оны эхний 7 сард нийт 339062 тонн зэсийн баяжмал, 3266 тонн молибдений баяжмал ачигдаж, чанарын төлөвлөгөө 102.3-104.1 хувиар биелсэн байна.      Тэгвэл өнгөрсөн 7 дугаар сард 2200 мянган метр куб уулын цул гаргаж, 984 мянган метр куб хөрс хуулсан байна. Уурхайчид 3100 мянган тонн хүдэр олборлосон бол баяжуулагчид 836 мянган тонн хүдэр боловсруулсан байна. Өнгөрсөн сард 50994 тонн зэсийн баяжмал, 450 тонн молибдений баяжмал тус тус ачуулж, чанарын төлөвлөгөөг 102-105.6 хувьд хүргэж, ажилласан байна. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • “Хариуцлагатай жолооч” аян эхэллээ

         Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цех, Гэрээт цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсэгтэй хамтран “Хариуцлагатай жолооч” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.      Уг хөтөлбөр нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийг бууруулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас орон даяар зохион байгуулж буй “Яараад яахав дээ-II” аяны хүрээнд хэрэгжиж буйг Замын цагдаагийн хэсгийн Ахлах зохицуулагч, Ахмад Б.Ганзориг ярилаа.  Аймаг, нийслэл дүүргийн Замын цагдаагийн хэсгүүд тухайн нутаг дэвсгэртээ олон төрлийн хөтөлбөр авч хэрэгжүүлж буй бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн Замын цагдаагийн хэсэг үйлдвэрийн бүсэд замын хөдөлгөөнд оролцдог бүх жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэх, “Яараад яахав дээ-II” аянд нэгтгэхээр “Хариуцлагатай жолооч” хөтөлбөрийг санаачилжээ.      Тус хөтөлбөрийн үеэр “Аюулгүй жолооч”, “Зөрчилгүй жолооч”, “Соёлтой жолооч”-ийг шалгаруулж, жолооч нарт дүрмийн мэдлэг олгох, хариуцлагатай байх зэрэг соён гэгээрүүлэх чиглэлийн сургалт явуулах аж. “Хариуцлагатай жолооч” хөтөлбөр энэ оны 12 дугаар сарын 15 хүртэл үргэлжлэх юм байна. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • “Их зогсолт”-ын үеэр 300 гаруй их засварын ажлыг чанартай, амжилттай гүйцэтгэлээ

         Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн уурхайчиддаа дэвшүүлсэн талархлын үгээр эхэллээ. Тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер Т.Батмөнх шуурхай зөвлөгөөнийг нээхдээ, өнгөрсөн амралтын өдрүүдэд үйлдвэрийн “Их зогсолт” төлөвлөгөөний дагуу амжилттай болж, үүнд уурхайчин хамт олон бэлтгэл сайтай, чанарын өндөр түвшинд шуурхай хийж гүйцэтгэснийг тэмдэглэн, талархал илэрхийлсэн юм. Тасралтгүй үйл ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа үйлдвэрлэлээ зогсоон, нөөцгүй тоног төхөөрөмжийн иж бүрэн засвар үйлчилгээ хийж, найдвартай байдлыг хангадаг уламжлалтай. Энэ жилийн “Их зогсолт”-ыг  7 дугаар сарын 31-ний 18.00 цагаас 8 дугаар сарын 2-ны 19.00 цаг хүртэл үргэлжлүүлж, амжилттай залгасан байна. Үйлдвэрийн удирдлага, хамт олон нэг хүч, зорилгын дор энэ удаагийн “Их зогсолт”-ын бэлтгэл ажлаа долоо хоногийн өмнө бүрэн хангаж, зохион байгуулалт сайтай ажилласан нь их засвар чанартай хугацаандаа дуусаж, үйлдвэрлэлээ хүндрэл, саадгүй залгах боломж бүрдүүлжээ. “Их зогсолт”-ын ажилд давхардсан тоогоор 1410 хүн, 103 засварын ажлыг 10 обьектод гүйцэтгэснийг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон мэдээлсэн бол үйлдвэрийн хэмжээнд нийт 330 нэр төрлийн ажил таван үндсэн чиглэлээр хийгдэж, туслан гүйцэтгэгчээр оролцсон Засвар механикийн завод, Барилга засварын цех, Засвар угсралтын цехүүд сайн ажилласныг Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг онцлов. Мөн “Их зогсолт”-ын бэлтгэл ажлын хүрээнд 1151 ширхэг шаардлагатай материал, сэлбэг хэрэгслийн захиалга өгснөөс 95 хувь бүрэн нийлүүлэгдсэн. Үлдсэн таван хувь нь урсгал засварт ашиглагдах захиалга байсан тул их зогсолтын ажилд нөлөөлөөгүй. Энэ бүхнийг хугацаанд нь нийлүүлж, хурдан шуурхай ажилласан Худалдан авах хангамжийн хэлтсийнхэнд талархал илэрхийлье” гэсэн юм.      Өнгөрсөн долоо хоногт хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчил дутагдалгүй ажиллаж, цех нэгжүүд төлөвлөгөөний дагуу үйлдвэрлэлийн ажлаа хэвийн үргэлжлүүлж байна. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас өнгөрсөн долоо хоногт корона вирусын тархалтаас үүсээд буй нөхцөл байдлыг даван туулах ажлыг зохион байгуулах зорилготой ажиллаж буй Төв бол дэд штабын хагас жилийн ажлын тайланг гаргасан байна. Тайланг төлөвлөгөөний гүйцэтгэл, үүрэг даалгаврын гүйцэтгэл, дэд штабуудын ажлын үр дүн, эдийн засгийн үр дүн чиглэлээр бэлтгэжээ. Мөн тус газраас үйлдвэрийн ажиллагсдадаа төрсөн өдөр болон 50 насны ойгоор нь мэндчилгээ зурвасаар илгээх үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Түүнчлэн Хамтын гэрээний дагуу 5,10,15,20,25 дахь жилийн ойн өдрийн баяр мэндчилгээ, ээлжийн амралт, цалингүй чөлөө дуусах өдрийн мэдээлэл зэргийг зурвасаар хүргэдэг болжээ.      Эрдэнэт үйлдвэрийн 2020 оны хагас жилийн үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүнгийн тайлангийн хурал өнөөдөр Ил уурхай, Авто тээврийн цехээр эхэлж, хуваарийн дагуу гурван өдөр үргэлжилнэ.   М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 08 дугаар сарын 03

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 215дахь өдөр. Он дуусахад 150 хоног үлдлээ.                 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +20градус, шөнөдөө +10 градус дулаан,үүлшинэ, салхины хурд 6м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn) 3. Аргын тооллын 8 дугаар сарын 03.Сумьяа гараг. Билгийн тооллын 15.Булаагч одтой, шар бар өдөр. Өдрийн наран 5 цаг 32 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлэлцээр байгуулахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), могой (09:40-11:40), хонь (13:40-15:40), нохой (19:40-21:40) болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн. 4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2845,евро 3345, БНХАУ-ын юань 406, ОХУ-ын рубль 38, Японы иен 27, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6446.5 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)   Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1965 оны 08 дугаар сар Монгол, Чехословакийн хамтарсан геологийн анги Эрдэнэтийн Овооны орд газарт явуулсан эрэл, үнэлгээний ажлын тайлангаа хэлэлцүүлэв. 1974 оны 08 дугаар сар МХЗЭ-ийн Төв Хорооноос их бүтээн байгуулалтад оролцох анхны илгээлт авсан 54 залуу Эрдэнэтийг зорив. 1975 оны 08 дугаар сар  БелАЗ машины жолоочийн нэг жилийн курст суралцах эхний ээлжийн хүмүүсийг ЗХУ-руу илгээв. 1977оны 08 дугаар сар  Уул уурхайн баяжуулах “Эрдэнэт комбинатыг боловсон хүчнээр хангах зарим арга хэмжээний тухай” БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 254 дүгээр тогтоол гарав.   Дэлгэрэнгүй...
  • Манлайлагчдын урамшууллыг нэмэгдүүлжээ

         “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  бүтцийн нэгжүүдийнхээ   ХАБЭА-н урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хоёрдугаар улирлын ажлыг  дүгнэлээ.  Үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийг  Засвар механикийн заводын хамт олон манлайлсан бол хоёрдугаар хэсгийг   Чанарын хяналтын хэлтэс,  гуравдугаар хэсгийг   Засвар угсралтын цех тэргүүлжээ. Харин нийгмийн цехүүдийг   Спорт ордны хамт олон манлайлав.      Саяхан шинэчилсэн ХАБЭА-н  журмаар ХАБЭА-н үйл ажиллагаанд амжилттай оролцож,  тэргүүлсэн  хамт олны урамшууллыг нэмэгдүүлсэн байна. Нэгдүгээр хэсэгт тэргүүлсэн хамт олонд таван сая төгрөгийн урамшуулал олгодог байсныг  зургаан сая төгрөг, хоёрдугаар хэсэгт тэргүүлэгчийн урамшууллыг хоёр сая төгрөгөөр нэмж,  таван сая төгрөг, гуравдугаар хэсэгт тэргүүлэгчийн  урамшууллыг  1,5 саяар нэмэгдүүлэн  гурван сая, дөрөвдүгээр хэсэгт тэргүүлэгчийн урамшууллыг нэг сая төгрөгөөр нэмэгдүүлэн 1,5 сая төгрөг болгосон байна.      Түүнчлэн улирал тутамд  “Аюулгүй ажиллагч”-ийн жагсаалтад анх удаа бичигдсэн 27 ажилтанг шалгаруулдаг  байсан бол шинэчилсэн журмаар  65 болгон нэмжээ.   Энэ нь үйлдвэрийн захиргаанаас ХАБЭА-н урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ажилчдын оролцоо, манлайллыг дээшлүүлэхэд  ихээхэн  анхаарч буйн илрэл юм.  “Аюулгүй ажиллагч”-аар анх удаа шалгарсан ажилчдад  өнөөдөр бүтцийн нэгжүүдийн удирдлагуудаар дамжуулан бэлэг дурсгал олгов. Мөн энэхүү жагсаалтад хоёр дахь удаагаа  14 ажилтан шалгарав.  ХАБЭА-н хэлтсээс  эдгээр 14 ажилтан  болон  тэргүүлэгч дөрвөн цехийн удирдлагыг  оройн зоогт урьж, халуун дотно яриа өрнүүллээ. Эрдэнэт үйлдвэр таван жил тутамд ХАБЭА-н журмаа шинэчлэн боловсруулдаг юм.                                                                                                                    Я.Энхтуяа Фото: Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • Эрээн даавуу хөвөрсөөр, их ажил өрнөсөөр...

         Монгол Улсын Их сургуулийн сэтгүүлчийн ангийн оюутан надад дэлхийн хэмжээнд үнэлэгдэх “Эрдэнэт үйлдвэрт” дадлага хийх ховорхон боломж тохиосон юм. Уурхайчны амьдрал, үйлдвэрийн ажлыг Төмөрлөгийн үйлдвэрээр л төсөөлдөг Дарханы охинд энэ сүрлэг үйлдвэр жигтэй сонихон.  Бүтцийн нэгж бүр үйлдвэрлэлийн амин гол судас мөн ч сэтгүүлч эгчийн зөвлөсний дагуу Эрдэнэт үйлдвэрийн “Оёдлын цехтэй” танилцахаар үзэг дэвтрээ бариад догдолж явна.      Цг цг цг автомат оёдлын машины нарийн дуу шуугиж үйлдвэрлэл, цех нэгж гэх жинхэнэ утгаараа авцалдах шиг. Цайвар ягаан хормогчтой оёдолчин бүсгүйчүүд дуу нийлүүлэн мэндэлж угтана. Ажилчдын 60 хувь нь эмэгтэйчүүд гэнэ. Идэр залуус ч цөөнгүй үзэгдэнэ. Улсдаа ТОП-д эрэмблэгдэх Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээх үйлсэд гар бие оролцох нь нэр төрийн хэрэг билээ. Цехийн ерөнхий төлөв, аж байдалтай танилцахаар дарга Ц.Батмөнхтэй цөөн хором ярилцав. 1991 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн оёдлын цехээр байгуулагдаж, 2006 оноос охин компани болон өөрчлөгдсөн тэд бүтцийн нэгжид багтаад  жилийн нүүр үзэж буй гэнэ. Ажилчдын хувцас, баяжмал зөөвөрлөх уут үйлдвэрлэдэг тэдэнд цех, нэгж болсноор цалин хангамж, техник технологи, үр дүнгийн урамшууллаас эхлээд олон зүйл сайжирч байгаад удирдлага, ажилчдын зүгээс сэтгэл хангалуун байгаа нь илэрхий. Эрдэнэт үйлдвэр 6000 гаруй ажилчинтай. Жилдээ 580 орчим мянган тонн зэсийн баяжмал 5.3 тонн молибденийн баяжмал гаргадаг энэхүү нүсэр үйлдвэрт  оёдлын цехээс сардаа 14 мянга орчим уут нийлүүлдэг ажээ. Мастер Т. Мижиддорж “Эрдэнэт үйлдвэртээ баялаг бүтээж байна гэж бодохоор сайхан. Бид жилдээ 150-170 мянган шуудай нийлүүлдэг. Үйлдвэр боломж олгож хөрөнгө оруулбал жилийн хэрэгцээ болох 250 мянган шуудайг ч үйлдвэрлэх бүрэн боломжтой. Баяжмалыг ачихын тулд уутны гарцыг тасралтгүй ажиллуулах хэрэгтэй. Үүнд л хамт олон маань сэтгэл нэгдэн ажиллаж байна. Цехийн 100 гаруйхан оёдолчдын гараас ажилчдын дөрвөн улирлын зузаан, нимгэн хувцас, брезентэн бээлий, хөшиг, бүтцийн нэгжүүдийн оёмол бүтээгдэхүүний захиалга тогтмол гардаг гэхэд торох юмгүй биелж байгаа нь бахархмаар. Цар тахлын  үед ч их ажлын зэрэгцээ  350 мянган угааж хэрэглэж болох амны хаалт оёж хүлээлгэн өгсөн. Оны эхний улиралд л гэхэд 1.5 тэрбум орчим төгрөгийн  бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Дүнгэнэсэн автомат машины чимээнд чих дөжирч, давчдам санагдавч тэдэнд үл сонсдох мэт баясгалантай хөөрөлдөнө. Энэ л хүмүүсийн гарт Эрдэнэт үйлдвэрийн өнгө төрх даатгагдсан гэхэд итгэж болмоор. н.Цэцэгмаа “Цехдээ 14 жил ажиллаж байна. Оёдлын V зэрэгтэй. Бүтцийн цех нэгж болсноос хойш цалин нэмэгдэхээс эхлээд ахуй хангамж сайжирч байгаад баяртай байна. Хүнийг хувцаслана гэдэг хамгийн сайхан ажил шүү дээ” хэмээн ярилаа.      Зөөлөн оёдлын хэсгийн эмэгтэйчүүд цайвар ягаан, баяжмалын уутны хэсэг хөх цэнхэр өнгийн хувцастай. Гадаах шар цэцэгс, ногоон чацаргана, мастеруудын саарал хослол ганган зуны гоёлыг улам ч чимнэ. Эрээн даавуу хөвөрсөөр, их ажил өрнөсөөр л. Тэд энэ удаа ХАБЭА-н хэлтэстэй хамтран ажилчдын хувцасны өнгө, загвар шинэчлэх,  жигдлэх ажилд төвлөрч буй. Бүтэц нэгжээс хамааран инженер техникийн болон ажилчдын ажлын хувцасны өнгө өөр өөр байсан бол энэ удаагийн иж бүрэн шинэчлэлээр бүгд ижил болох ажээ.  Цехийн технологич П.Золзаяа “Материал гүйцэт ирээгүй энэ үед байгаа материалаараа шинэ загварын 90 орчим хувцас хийсэн. Үйлдвэрийн халуун нөхцөлд зориулсан агаар нэвтрүүлдэг, хөлс гадагшлуулдаг 100 хувийн нимгэн даавуун цамц оёж байна. Дэлхийн уул уурхайн жишгийг дагуулан бид улбар шар өнгөөр хувцас урласан” хэмээлээ. Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех бахархам алдартай, хүндтэй үүрэгтэй. Оёдлын машины хүрд эргэх тоолон энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад оруулж буй тэдний хувь нэмэр шүү гэж бодоход  өмнөөс нь өөрийн эрхгүй сэтгэл догдолж байна. М.Марал Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Засвар механикийн завод хаягдалгүй үйлдвэрлэл бий болгоно

         Засвар механикийн завод нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зардал бууруулах хөтөлбөрийн хүрээнд эхний хагас жилд амжилттай ажиллажээ. Энэ онд тус хамт олон 10 төрлийн 3 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт дэвшүүлсэн  бөгөөд эхний хагас жилд 1,7 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Мөн 930 сая төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргажээ. Заводынхан металл боловсруулалтын хаягдлыг дахин ашиглах онцгой ажил хийж зардал хэмнэх зорилт дэвшүүлсэн байна. Оны эхний хагаст ширмэн бүтээгдэхүүний зоргодсыг дахин ашиглах шийдэлд хүрчээ.  Харин  сүүлийн хагас жилд ган бүтээгдэхүүний зоргодсыг дахин ашиглахаар төлөвлөж, техникийн шийдэл боловсруулж байгаа аж. Үүнийг хэрэгжүүлснээр Засвар механикийн завод хаягдалгүй үйлдвэрлэл бий болгох боломжтой юм.  Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэрийн шав тавилаа

         “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Ил уурхайд Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэрийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Тэсрэх бодисын шинэ үйлдвэр барих ажил нь Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан Ил уурхайн техник технологийн шинэчлэлийн хүрээнд хийгдэх гурван том төслийн нэг юм. Тус цехэд  цахилгаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл барьж, мөчлөгт урсгал тээврийн технологи нэвтрүүлэх бол гуравдахь том ажил нь Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр барьж, ашиглалтад оруулах зорилт хэрэгжинэ. Одоогийн ажиллаж буй Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр нь 1994 онд баригдсан, барилга байгууламж технологийн хувьд хуучирсан тул шинэ үйлдвэр барих шаардлагатай болжээ.      Орчин үеийн технологийн дэвшилтэт технологиор баригдах шинэ үйлдвэр нь жилд 15000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд хуучин үйлдвэрээс даруй 5-7 мянган тонноор илүү гэсэн үг юм. Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн барилгын ажлыг “Монголиан Инвестмент Корпорэйшн” компани гүйцэтгэнэ. Шав тавих ёслолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрийн бодлогын газрын дарга П.Батболор болон Ил уурхайн удирдлага, ажилтнууд, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов. Шинээр баригдах үйлдвэрийн барилга байгууламжийг чанартай найдвартай гүйцэтгэж, хөдөлмөрийн аюулгүй байдлын өндөр түвшинд бүтээн байгуулж хүлээлгэн өгнө гэдгээ “Монголиан Инвестмент Корпорэйшн” компанийн ТУЗ-ийн дарга Б.Дөлгөөн нээлтийн үеэр илэрхийллээ.                                                                                                                       М.Балжинням Фото: Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • В.АНХБАЯР: Дэд станц, цахилгаан тоног төхөөрөмжүүдийн аянга зайлуулагч хэвийн ажиллаж байна

    Дуу цахилгаантай, аадар бороо ихтэй энэ зуны хувьд Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан тоног төхөөрөмжүүдийн аюулгүй байдал хэрхэн хангагдсан талаар Цахилгааны цехийн Цахилгаан техникийн тусгай лабораторийн эрхлэгч  В.Анхбаяртай уулзаж тодрууллаа. -Аянга зайлуулагч гэж юу болох талаар эхлээд та тайлбарлах уу? -Уулын өндөрлөг газар болон дэд станцуудын хажууд байрласан өндөр шонгууд   аянга зайлуулагч гэдгийг хүмүүс мэдэх байх. Мөн давхар агаарын шугам дагуу хамгийн өндөрт байх шугам бол хөндлөн аянга зайлуулагч юм. Өөрөөр хэлбэл аянгын идэвхжлийг хүнээс зайлуулж, өөр дээрээ хүлээж авдаг хүлээн авах, дамжуулах, газардуулах гэсэн бүтэцтэй өндөрт байрлах зүйлийг аянга зайлуулагч гэж нэрлэдэг. Тухайн тоног төхөөрөмж, төмөр хийц нь аянгыг хүлээн авч, газарт тархааж, газардуулдаг. -Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан тоног төхөөрөмжүүдийн аюулгүй байдалд танайх хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ? -Манай лаборатори Эрдэнэт үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжүүдийн аюулгүй байдалд шалгалт хийж, цахилгаанаар ажилладаг бүхий л тоног төхөөрөмжийн газардуулгыг шалгадаг юм. Бид хаврын хуурайшлын үе буюу 3 дугаар сараас 6 дугаар сарын эхэн хүртэл цех нэгжүүдийн газардуулгын хүрээг хэмжиж байна. Ингэхдээ дэд станц, барилга байгууламж, аянга зайлуулагч зэргийг тусад нь хэмждэг юм. Зуны улиралд тоног төхөөрөмжүүдэд нарны халалтын нөлөө их байдаг. Иймээс агаарын шугамын дагуу дэд станцад ил байрлаж байгаа бүх тоног төхөөрөмжүүдэд нил улаан туяаны үзлэг хийдэг. Түүнчлэн Эрчим зүйчдийн санал болгосон нарны дэлгэц зэрэг тоног төхөөрөмжид үзлэг хийж байна. Манай лабораторийн хувьд Төвийн бүсийн барилга байгууламжуудад хэмжилт хийх эрхтэй тул гадны байгууллагууд үйлдвэрийн тогтоосон үнээр хэмжилт туршилт хийлгэх боломжтой. -Энэ жилийн хэмжилтээр зөрчил илрэв үү? -Цахилгаан байгууламжийн газардуулга нь өндөр байсан зарим цех нэгжүүдэд сануулга өгч, зөрчил дутагдлаа арилгасны дараа Эрчим зүйн хэлтэст энэ талаар тайлагнасан. -Түүнийг хэн засах вэ? -Тухайн цехийн барилга байгууламж хариуцсан эрчим зүйчид өөрсдөө засварлаж, угсардаг. Бид нэмэлт электрод зоож газардуулах уу, эсвэл хөрсний эсэргүүцлээ багасгах уу гэсэн асуудалд мэргэжлийн зүгээс арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. -Ингэхэд манай үйлдвэрийн аянга зайлуулагчийн найдвартай ажиллагаа ямар түвшинд байдаг вэ? -Бараг 95 хувь нь найдвартай, дэд станц, тоног төхөөрөмжүүдийн аянга зайлуулагч хэвийн ажиллаж байна. -Аянга зайлуулагч ямар зайнд аюулгүй байдлыг бий болгодог вэ? -Хийц бүтээцээсээ хамаарч харилцан ялгаатай байдаг. Өндөр байх тусмаа л хамгаалах тойргийн радиус их байна гэсэн үг. Хос шонт болон нэг шонт аянга зайлуулагч гэж бий.  Нэг шонт аянга зайлуулагчийн газрын хөрснөөс дээрх өндрийн хэмжээ хамгаалалтын эхний цэг болно гэсэн үг. Энэ нь хамгийн өндөр цэгээс хааш хаашаа 45 градусын  эргэн тойрон дахь газрыг аянгаас хамгаалж чаддаг. -Энэ жил аянга, цахилгаантай бороо их орж байна. Төвөөс алслагдсан газрууд аянга цахилгаанаас хамгаалахын тулд ер нь ямар арга хэмжээ авбал зүйтэй вэ? -Манай дэд станцуудын зарим нь Эрдэнэт хотоос 60 км-ийн цаана байна. Хүний төвлөрлөөс хол учраас тухайн үеийн газардуулгын эсэргүүцлийн норм өндөр. Стандарт дүрэмд  30 ОМ байхаар  заасан байдаг. Энэ стандартаар  төв суурингаас хол байгаа  аж ахуйн нэгжүүд барилга байгууламждаа  дүрмийн дагуу гар хийцийн аянга зайлуулагч хийж болно. Жишээ нь, газрын хөрсийг 70-80 см ухаж,  2,5 м төмөр зэс, хөнгөн цагаан электродыг хамгийн багадаа 3-4 ширхэг зоож, хооронд нь холбосноор цахилгаан байгууламжийн  газардуулга хийх боломжтой. Түүнийгээ аль болох өндөр цэгт гаргаж тавибал аянга зайлуулагч буюу хүлээн авагч болдог. -Манай үйлдвэрийн хэмжээнд  аянга цахилгаанд өртсөн тохиолдол байдаг уу? -Эрдэнэт хотыг усаар хангадаг агуулах буюу усан санд энэ зун аянга буусан.  Сүүлийн 3 жилд болсон анхны тохиолдол. Аянга бууснаар трансформаторын нэг кабель, агаарын шугамын утас тасарсан. Гэхдээ манайхан цаг тухайд нь арга хэмжээ авч, засвар үйлчилгээ хийснээр үйл ажиллагааг нь хэвийн болгосон.  Я.Энхтуяа     Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 07 дугаар сарын 31

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 212дахь өдөр. Он дуусахад 153 хоног үлдлээ.                 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +23градус, шөнөдөө +13 градус дулаан,бороотой, салхины хурд 4-7м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn) 3. Аргын тооллын 7 дугаар сарын 31.Сугар гараг. Билгийн тооллын 12.Хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 5цаг 27 минутад мандан, 20цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр гахай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайнбамогой, бар, туулайжилтнээ сөрөг муунөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.Эл өдөр Шүтээн босгох, тушаал, зарлиг гаргах, хөрөнгө оруулах, лам болох, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, үхэгсдийн үйл, номын хурим, лам хуврага болох, гөлөг тэжээх, баясгалангийн хурим, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Мод таслах, газар малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд гарах, мал адгуус худалдан авахад муу.Өдрийн сайн цаг нь гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин эмгэг ирэх муу тул цээрлэвэл зохино. 4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2844евро 3344, БНХАУ-ын юань 406, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6433 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1988 оны 07 дугаар сар Эрдэнэт хотод ЗХУ-ын тусламжаар барих эсгий, эсгий гутлын үйлдвэрийн суурь тавих ёслолын ажиллагаа болов. 1991 оны 07 дугаар сар БНМАУ-ын Засгийн газрын дэргэдэх Соёл урлагийн хөгжлийн хороо, Эрдэнэт хотын Ардын хурлын Гүйцэтгэх захиргаа, Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хамтарсан шийдвэрээр “Уурхайчин” соёлын ордны дэргэдэх хүүхэлдэйн “Ардын театр”-ыг мэргэжлийн “Хүүхэлдэйн театр” болгон өөрчилжээ. 1996 оны 07 дугаар сар Монгол-Оросын хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ш.Отгонбилэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож, Сүхбаатарын одон, “Алтан соёмбо” тэмдгээр шагнажээ. Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Нэвтрүүлэг

Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн гол чиг үүргийн нэг нь хүнтэй ажиллах буюу ажилтан бүрийг аюулгүй ажиллахад сургах зорилготой. Тиймээс, долоо хоногийн ажлын тайлан мэдээлэлдээ “Хүнтэй ажиллах” гэсэн үзүүлэлтийг тусгайлан оруулж, дүгнэдэг боллоо. Ажлын байраар, ажилтнуудтай хэрхэн зөв зохистой харьцах, аюулгүй ажиллах нөхцөлийг хэрхэн бүрдүүлж байгаа болон зөвлөгөө өгөх, зөрчилтэй тохиолдолд хариуцлага тооцох зэргийг энэ үзүүлэлтээр дүгнэнэ гэж тус хэлтсийн дарга Д.Мөнхболд онцолсон. Тэгвэл, өнгөрсөн долоо хоногт ХАБЭА-н хэлтсийн мэргэжилтнүүд 13 бүтцийн нэгжийн 982 ажилтанд аюулгүй ажиллах талаар ажлын байранд нь зөвлөмж өгч ажиллажээ. Энэ үеэр аюулгүй ажиллагааны зөрчил гаргасан Баяжуулах үйлдвэрийн 5, Барилга засварын цехийн нэг ажилтанд хариуцлага тооцож, анхаарал болгоомжтой ажил үүргээ гүйцэтгэхийг сануулсан байна.

Эрдэнэт үйлдвэр, “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэн тул ХАБЭА-н сургалтыг танхимаар бус цахим хэлбэрээр зохион байгуулж эхэллээ. Менежментийн тогтолцооны сэдэвт цахим сургалтын эхний хичээлийг даваа гаригт Эрдэнэт телевизээр зааж буй аж.

Өнгөрсөн долоо хоногт Баяжуулах үйлдвэр, Ил уурхай зэрэг таван цех нэгжид өндөр эрсдэлтэй 60 ажлын шалгалт хийхээр төлөвлөснөөс бүрэн хэрэгжиж, галын хоёр ажилд хяналт тавин ажилласан байна. ХАБЭА-н 4 дүгээр шатны үзлэгээр Авто тээврийн цех “хангалттай” үнэлгээ авсан бол зорилтот болон ээлжит бус шалгалтад Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод хамрагджээ. Төлөвлөгөөт ажлуудаас сайжруулалтын чиглэлээр аюулыг мэдрүүлэх сургалтын төхөөрөмж бүтээх 18 ажил, ХАБ-ын зааврыг ажлын байранд ил тод байрлуулах 28 ажил тус тус хийгдсэн байна.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

“Эрдэнэт” 100 хувь үндэсний үйлдвэр болж, улмаар ТӨҮГ-ын статусаар ажиллах болсноор үйлдвэрийн газрын харьяа орос эмнэлэг, цэцэрлэг, сургуульд Монгол Улсын хуулийн дагуу, батлагдсан хөтөлбөр, сургалтын программ мөрдөх шаардлага тавигдаж буй нь зүйн хэрэг. Харин Нийгмийн харилцааны хэлтэс үйлчлүүлэгчид, суралцагчид, багш ажилчдын эрх ашгийг хохироохгүй байх ямар зохицуулалт, зохион байгуулалт төлөвлөсөн талаар болон үйлдвэрийн тренд соёл, ажилчдын ёс зүйн хэм хэмжээний тухай хөндөж, тус хэлтсийн дарга Д.Өнөбаттай ярилцлаа.   
 
      
 
-Эрдэнэт үйлдвэрт Нийгмийн харилцааны хэлтэс байгуулагдсаны нэг жилийн ойн босгон дээр бид уулзаж байна. Энэ хугацаанд ямар ажлууд амжуулав? 
-Эрдэнэт үйлдвэр   ашиглалтад орсон цагаасаа нийгмийн хариуцлага үүрч Монгол улсад жишиг тогтоосон. “Эрдэнэт” маань өмчлөлийн хувьд 100 хувь үндэсний үйлдвэр болж, анх удаа ТӨҮГ болоод ажиллахдаа одоогийн удирдлагын санаачилгаар шинэ бүтэц бий болгосон нь манай хэлтэс юм. Бид нэг жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх,  ажиллагсдад тулгамдаж буй асуудлуудыг судалгааны үндсэн дээр тодорхойлох, дэмжлэг, тусламж, хөнгөлөлтүүдийг зах зээлийн нөхцөлд уялдуулах, Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагыг улс, бүс нутаг, аймаг, орон нутаг, ажиллагсад, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдэд үзүүлэх эрх зүйн баримт бичгүүдээ шинэчлэн, төсөл, хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. 
-Өмнө нь та өөр чиглэлийн ажил хариуцдаг байсан. Сүүлийн жил нийгмийн харилцааны цогц асуудалтай тулж ажиллахад юунд илүү анхаарал хандуулах шаардлагатай санагдсан бэ? 
-Нийгмийн харилцаа гэдэг нийгмийг бүрдүүлж буй хүн хоорондын л харилцаа юм. Аж ахуйн нэгж доторх харилцаа бол хүн хоорондын албан харилцаанаас гадна соёл, ёс зүй, хэм хэмжээ, итгэлцэл дээр суурилдаг. Хүн гэдэг бие, сэтгэлийн цогц юм болохоор бүх харилцаа сэтгэлээс гарах учиртай. Харилцааг дүрэмлэж, журамлахаас илүү хүний ёс зүй,  хүмүүжил, хэм хэмжээ барих хандлага чухал юм. Эрдэнэт үйлдвэр 1978 онд байгуулагдахад Монгол улс социалист тогтолцоотой, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан. 1990 оноос ардчилсан нийгэм рүү шилжин, зах зээлийн харилцаа өөрчлөлтүүдийн дунд  өнөөдрийг хүрэхдээ ажиллагсдын бүх нийтээр хүлээн зөвшөөрч хүндэтгэж ирсэн байгууллагын соёлыг бий болгосон. 
Тухайн үеийн ЗХУ-ын өнцөг булан бүрээс тэргүүний мэргэжилтнүүд ирж, монголын шилдэг сэхээтнүүдтэй хамт ажилласан, уурхайчид эх орны дөрвөн зүг, найман зовхисоос илгээлт өвөрлөн ирсэн олон соёлын уулзвар дээр манай үйлдвэрийн соёл, үнэт зүйлс бүрэлдэн тогтсон онцлогтой. Зүгээр л Горняк буюу уурхайчин гэж хэлэхэд хүний сэтгэлд гүндүүгүй, шулуун шударга, халуунд халж, хүйтэнд хөрж ажиллаж чаддаг, үг даадаг, хариуцлагатай дүр төрх буудаг. Жинхэнэ уурхайчны шинж нь тренд болтлоо хөгжсөн газар бол Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр. 
-Гэтэл одоо ямар асуудал байна?
-Ихэнхдээ зоосны нүхээр хардаг, ашиг хонжоо тооцдог болсон зах зээлийн нийгэмд шилжихэд сайн, муу тал бий болсон. Байгууллагын соёл, ажилчдын  ёс зүй урьд өмнөхөөсөө өөрчлөгдөж, одоогийн залуусын хандлага тэр үеийнхээс өөр болж байгаа нь ажиглагдаж байна. Хүний жудаг, ёс зүй, мөн чанар алдагдаж байгаа нь бэрхшээлийг бий болгож байгаа юм. Бид хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын соёл, үнэт зүйлээ ажилчдын харьцаагаар дараа дараагийн үедээ дамжуулан нийгмийн харилцаанд оруулж хадгалж үлдэх ёстой. Энэ хамгийн чухал. Эрдэнэт үйлдвэрийн 6700 гаруй ажилтан нэг баг. Бие биеэ ойлгож, байгууллагын үнэт зүйл соёлыг хадгалан, хөгжүүлж, зөв тогтолцоо, хөдөлмөрийн зөв хамт олон бүрдэхэд үйлдвэрлэлийн болоод эдийн засгийн зорилгууд бүрэн биелэхэд чухал нөлөөтэй. Мэргэжил, боловсролоос дутахааргүй үнэ цэнэ бол хүнлэг чанар, ёс суртахуун, харилцаа хандлага, хариуцлагад л оршдог. Энэ чиглэлд бид анхаарах цаг болсныг өнгөрсөн хугацаанд мэдэрч, өдөр бүр бэрхшээлтэй тулж ажиллалаа. Ер нь Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын соёл, ёс зүй хүмүүжил, энэ хотын ёс зүй, соёлыг бүрдүүлдэг юм шүү дээ.  
-Тэгвэл нэн түрүүнд ажилчдын сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх чиглэлд ахицтай ажиллах хэрэгтэй юм байна... 
-Бид бүх асуудлыг ойлгомжтой, энгийн, шударга зарчмаар явуулах эрх зүйн болоод дотоод баримт бичгүүдээ боловсруулаад мөрдөн ажиллаж байна. Одоо ажиллагсад маань ёс зүйтэй, хариуцлагатай шударга, хүнлэг байвал асуудал үүсэхгүй. Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулж ажилтан болсон бол уламжлалт нэр хүнд, трендийг хадгалж явах хариуцлагыг үүрэх нь ажилтны үүрэг. Эрдэнэт үйлдвэр ажиллагсдадаа чиглэсэн бодлого өргөн хүрээнд явуулдаг. Энэ бол хариуцлага. Жишээ нь ажилтны хүүхэд төрж, эцэг болсон тохиолдолд тав хоногийн цалинтай чөлөө олгож байна. Эмэгтэйчүүдэд гурван жил тэтгэмж өгч байгаа. Эндээс эхлээд тэр хүүхэд уурхайчны гэр бүлд төрснөөрөө ихэнх зардлаа даалгаад цэцэрлэгт хамрагдаж, сургуульд явж байна, төгсөөд их, дээд сургуульд элсэн суралцахад нь тусламж дэмжлэг үзүүлж байна. Сургуулиа төгсөж ирээд аав, ээжийнхээ оронд Эрдэнэт үйлдвэрт ажилд орох давуу эрх олгож байна. Эрдэнэт үйлдвэрт ажиллах хугацаандаа бүхий л тусламж, дэмжлэгийг хүртдэг. Нас нь болоод гавьяаны амралтад гарахад нь улсын хэмжээнд олгодог тэтгэвэр дээр нэмэлт Эрдэнэт үйлдвэрийн тэтгэвэр тогтоож өгдөг. Ирсэн болгон буцдаг хорвоогийн жамаар явахад нь уй гашууг нь хуваалцаж буцалтгүй тусламж олгодог. Ингээд төрөхөөс үхэх хүртэлх бүх асуудалд Эрдэнэт үйлдвэр дэмжлэг үзүүлдэг. Тиймээс Эрдэнэт үйлдвэр ажилчдаасаа энэ хэрийн хариуцлага нэхэх эрхтэй. Ажилчид ч тэр хэмжээний хариуцлага үүрч, үйлдвэрийнхээ нэр хүндийг өргөж явах учиртай. Бид ямар нэгэн тусламж, дэмжлэгийг ажилчдад дүрэм журмын дагуу үзүүлдэг. Гэтэл зарим тохиолдолд санаатайгаар худал өргөдөл өгөх, буруу мэдээлэл гаргах, боломжгүй зүйл хүсэх, бодсон санасан нь биелэхгүй бол ташаа мэдээлэл цацах, тусламж дэмжлэг үзүүлдэг ажилтнуудын нэр хүндэд халдах, хэн нэгэнтэй барьцах зэргээр зарим үед ажилд хүндрэл учруулдаг. Батлагдсан хязгаарлагдмал нөөц бололцоогоор тусламж, дэмжлэг үзүүлдэг гэдгийг уурхайчид маань ойлгох хэрэгтэй. Хамт олон шинэ ажилтныг хүмүүжүүлж, Эрдэнэт үйлдвэрийн соёл, ёс зүйн хариуцлагын  хэмнэлд оруулж авч явах ёстой юм. Энэ чиглэлд нийт хамт олон Үйлдвэрчний эвлэлээр хамтарч ажилладаг билээ.
-Ярианы сэдвээ өөрчлөөд асуухад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болсноор орос эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаанд өөрчлөлт орж байна уу? 
-Хамтарсан үйлдвэр байх үед орос эмнэлэгт олгогдсон зөвшөөрөл зогссон. Орос цэцэрлэг, орос сургуулийн хувьд зайлшгүй Монгол Улсын хуулийн дагуу батлагдсан хөтөлбөр, сургалтын программаар үйл ажиллагаа явуулах шаардлага тавигдсан. Бидний зүгээс Орхон аймгийн анхны сургуулийнхаа 45 жил тогтсон үйл ажиллагааг ямар нэгэн өөрчлөлтгүй үргэлжлүүлэхийг эрмэлзэж, холбогдох бүх шатанд нь явж хөөцөлдсөн. Эцэст нь Монгол Улсын хуулийг мөрдөж, ажиллах ёстой гэдэг хариулт авсан. Энэ нь харин ч бидэнд илүү давуу боломж нээгдэх юм байна гэж харсан. Аж ахуйн нэгжийн хувьд ч, суралцагчид болон багш, ажилчдын хувьд ч тэр.  
 
 
-Орос Эмнэлэг, цэцэрлэг, сургууль бүгд “монгол” болно гэсэн үг үү? 
-Шууд тэгж ойлгож болохгүй. Эмнэлгийн хувьд орос мэргэжилтнүүдэд үйлчилгээ үзүүлэх тасаг хэлбэрээр сувиллын бүрэлдэхүүнд байж болох нэг хувилбар бий. Эсвэл сувилал маань нэгдсэн эмнэлэг болоод хэвтэн эмчлүүлэх тасаг нь болж явах боломжтой. Энэ хоёр хувилбар дээр ярилцаж байна. Бид бол хэвтэн эмчлүүлэх эмнэлэг хэлбэрээр ашиглах саналтай. Тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг нь ханган ажиллах боломжтой гэвэл энэ статусыг өгнө гэсэн аймгийн Засаг даргын захирамж гарсан. Бид Орхон аймагтай хамтарч ажиллах 2020 оны төлөвлөгөөндөө энэ ажлыг тусгасан байгаа. Цэцэрлэгийн хувьд, монгол цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр байдаг. Хоёр настай хүүхдүүд аваад зургаан нас хүртэл сургаад сургуульд үддэг. Энэ хөтөлбөрөөр ажиллахад манайх татгалзах зүйлгүй. Гэхдээ орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай цэцэрлэг хэвээр байна. 
 
 
-Орос сургуулийн хувьд...? 
-Орос сургуулийн бүх хичээл орос дээр явагддаг, нууцгүй хэлэхэд орос сургууль төгссөн хүүхдүүд монгол хэл, өөрийн улс орны түүх, соёлоо мэдэхгүй, монголын боловсролын гэрчилгээ авдаггүй, зарим тохиолдолд эцэг эхчүүд хүүхдээ төгсөх ангид нь монгол сургууль руу шилжүүлж монгол гэрчилгээ авдаг байсан. Төгслөө гэхэд хүүхдүүд Хиагтад очиж шалгалт өгч орос гэрчилгээ авдаг. Тэр гэрчилгээгээр монголын их, дээд сургуульд элсэхэд оросууд 5 баллын системээр дүгнэдэг, манайх 100 баллын системээр дүгнэдэг учраас харьцуулж тооцоход хүүхдүүд хохирдог. Өөрөөр хэлбэл 5 баллыг нь 100-аар биш 90-ээр тооцдог юм. Түүнээс гадна Орхон аймагт байгаа орос хэлний сургалттай ганц сургууль болохоор бусад сургуультай хамтран ажиллах, суралцагчид нь бусад сургуулийн хүүхдүүдтэй нээлттэй харилцах боломж хязгаарлагдмал байсан. Одоо орос сургууль гэдэг нэр нь өөрчлөгдөж байгаа ч орос багш нар нь хэвээрээ, анги хамт олон нь хуучнаараа үлдэнэ. Монголын боловсролын хуулийн дагуу монголын түүх, уран зохиол, хэл бичгээ үзээд, орос хэл дээр бүх хичээлээ гүнзгийрүүлж сураад төгсөнө. Ерөнхий боловсролын монгол гэрчилгээ авна. Мөн оросын гэрчилгээ авах эрх нь нээлттэй.  
 
 
-Орос сургуулийн байгалийн ухааны хичээлүүдийн сургалт сулхан гэсэн шүүмжлэл байдаг. Одоо тэгвэл аль ч талаа алдагдуулахгүй “хос морьтой” сурч хөгжих боломж бүрдсэн гэсэн үг үү? 
-Зөв хэллээ. Өмнө нь орос сургуулийн математик, хими, тэгээд байгалийн ухааны хичээлүүдийн сургалтын чанар монгол сургуулиудын түвшинд хүрэхгүй байна гэсэн гомдол ирж байсан. Сургалтын программд өөрчлөлт орсны дараа илүү чадварлаг, мэргэжлийн багш нарыг ОХУ-аас урьж ажиллуулахад анхаарна. Монгол багш нараар нэмэлт давтлага өгүүлж, сургалтын амжилтыг бататгах, таны хэлдгээр хүүхдүүдээ монгол, орос сургалтын системээр “хос морьтой” хөгжүүлэх сонирхол бидэнд байна. 
-Орос сургуульд суралцахын бас нэгэн давуу тал нь В.Путины тэтгэлэгт хамрагдах, ОХУ-ын дээд сургуулиудад элсэх боломж байдаг. Энэ яах бол...?
-Хадгалагдаж үлдэнэ. Бүх орос багш нар нь хэвээр ажиллана. Бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй. Монгол Улсын хуулийн дагуу зөвхөн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орно. Бага ангийн хүүхдүүдийн “Үдийн цай” хөтөлбөрийн зардлыг Эрдэнэт үйлдвэр санхүүжүүлдэг байсан бол одоо улсын төсвөөс өгнө. Цэцэрлэгийн хувьд ч ялгаагүй. Дашрамд хэлэхэд энэ жил 11-р ангийн хүүхдүүд сургуулиа асуудалгүй төгсөнө. Дараа жилээс дүйцүүлэх сургалт явуулж зарим хичээлийг нөхнө. 
-Орос сургууль, цэцэрлэгийн төлбөр өөрчлөгдөх үү? 
-Төлбөр нэмэх талаар төлөвлөөгүй. Сургууль дээр 1, 2-р ангийн төлбөртэй өдөр өнжүүлэх бүлэг ажиллаж байсан. Өдөр өнжүүлэх бүлгийг дөрөвдүгээр анги хүртэл ажиллуулах, өдрийн заасан хичээлийг нь бататгаад, тэнд нь хоол, бусад зүйлсээр хангаж, сургалтыг илүү үр дүнтэй явуулах үүргийг орос сургуулийн захиргаанд өгсөн. ОХУ-аас нэмж багш урьж авчирвал ямар вэ гэсэн бодол бий. Цэцэрлэгийн хувьд нэмж шинэ цэцэрлэг барих ажил төлөвлөгөөнд суулгасан. Гэхдээ зэсийн үнийн уналт, корона вирусын халдварын үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад тэр төсөл түр царцсан байдалтай байгаа. Энэ жил үгүй юмаа гэхэд ирэх жил шинэ цэцэрлэг ашиглалтад орно. 
-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.   
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
Бүлэг Ярилцлага
 
“Комбинат”, “Эрдэнэт” өртөөг холбодог гол гармын авто замтай огтлолцсон хэсэгт зам төмөр тасарсныг өнгөрсөн долоо хоногт Тээвэр ложистикийн төвийнхөн  заслаа. Уг гэмтлийг Зам засварын Ө.Буянхишиг мастертай 12 замчин уртасгасан цагаар ажиллаж засварлав. Энэ хүрээнд 25 м-ийн урттай хоёр зам төмөр, 50 дэр модыг сольжээ. Түүнчлэн энэ орчны үерийн усны суваг шуудуу сэргээх, авто замд   хурд сааруулагч хийх ажлыг Барилга засварын цехийн ажилчид гүйцэтгэлээ. Энэ үеэр гарам хааж, хөдөлгөөнийг 24 цаг зогсоосон бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн төмөр замын тээврийг хэвийн явуулахын тулд тус төвийн хоёр илчит тэрэг “Комбинат”, “Эрдэнэт” өртөөн дээр ажиллаж, салбар замууд руу ачаа тээвэрлэсэн байна. Авто замыг 72 цаг хааж, ирэх мягмар гарагийн 08 цагт нээхээр болжээ. Энэ ажилд замчдаас гадна Барилга засварын цех, Автотээврийн цехийн хүн хүч, техник ажиллалаа.  40 гаруй жил ашиглахдаа гармын энэ хэсгийг  засаж  байгаагүй бөгөөд 2021 онд засварлахаар хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан байжээ. Ийнхүү авто замтай огтлолцсон төмөр замын гарамд гарсан томоохон гэмтлийг тус төвийнхөн богино хугацаанд өөрсдийн хүчээр засаж, ажилд оруулснаар багагүй хөрөнгө, мөнгө хэмнэв. 
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс
Даваа, 20 4-р сар 2020 00:00

Өнөөдөр 04 дүгээр сарын 20

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 111 дэх өдөр. Он дуусахад 254 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө + градус дулаан, шөнөдөө - градус хүйтэн, үүлшинэ, салхины хурд 1-6 м/сек байна.

 

3. Аргын тооллын 4 дүгээр сарын 20. Сумъяа гараг. Билгийн тооллын 28. Харагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 53 минутад мандан, 19 цаг 49 минутад жаргана. Энэ өдөр үхэр, тахиа, могой, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хишиг даллага авах, сан тавих, лус ба тэнгэр тахих, тахилга хийх, сүм хийд босгох, хөрөнгө исгэх, архи нэрэх, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, хот байгуулах, мал гадагш гарах, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, насны хүчийг арвижуулах, усан засалд сайн. Мод таслах, газар малтах, ус хааж бөглөх, эм найруулах, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, морь худалдах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь гахай (21:40-23:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), морь (11:40-13:40), хонь (13:40-15:40), нохой (19:40-21:40) болой.Хол замд явах хүмүүс урд зүгтмөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэрүүл, тэмцэл ирнэ.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5098.50 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2781, евро 3039, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 37.6, Японы иен 25.8 төгрөгтэй тэнцэж байна.

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

2015 оны 4-р сар

  • Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ТОП-100” аж ахуйн нэгжийг Эрдэнэт үйлдвэр 13 дахь жилдээ тэргүүлэв.

2017 оны 4-р сар

  • Шинэ Зеландын Оклэнд хотноо болсон Дэлхийн мастеруудын спортын наадамд 105 орны 28 мянган тамирчин спортын 28 төрлөөр өрсөлдсөнөөс Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт клубын тамирчин, ОУХМ Ч.Тэрбиш, спортын мастер Л.Наран, Ц.Оюунцэцэг нар 4х400 м-ийн гүйлтийн төрлийн 50-54 насны ангилалд мөнгөн медаль хүртэв.
  • МҮХАҮТ-аас шалгаруулдаг “ТОП-100” аж ахуйн нэгжийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК 15 дахь жилдээ тэргүүллээ.

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Зургийн цомог