• П.УНДРАХ: Дурлаж сонгосон мэргэжилдээ хамгаас их хайртай

    Соёлын ажилтныөдрийг тохиолдуулан зорин очсон удаах уран бүтээлч маань Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын “Эрдэнэт дуу бүжгийн чуулга”-ын уран бүтээлч, бүжигчин П.Ундрах билээ. Уран гуалиг хөдөлгөөнөөр хүмүүний сэтгэлийг уясуулан, бүсгүй хүний торгомсог мэдрэмжээр тайзан дээр “дүүлэн нисэх” бүжигчний уран бүтээлийн замнал хийгээд уурхайчдын дунд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж яваа содон ертөнцийг зураглахыг хичээлээ. -Хүн бүр мөрөөддөг ч зуун хүнээс ганц нь л мөрөөдлийнхөө мэргэжлийг эзэмшдэг гэх яриа бий. Бүжигчин болох нь таны хүсэл мөрөөдлийн нэгээхэн хэсэг байв уу? -Би Эрдэнэтийн унаган иргэн. Цэцэрлэгт байхдаа Тунгалаг багшийн удирдлага дор олон тэмцээнд оролцож, бүжгийн урлагтай багаасаа холбогдсон. 1997 оноос “Хаврын баяр” наадамд оролцож, арван жилийн сурагч болсоор соёлын ордноос салдаггүй хүүхэд байлаа. Улмаар 2002 онд сургуулиа төгсөөд соёлын ордны бүжигчнээр ажиллах болсон. Соёлын дээд сургуулийг бүжгийн багш, Бээжингийн Олон Улсын хэл соёлын их сургуулийн Хятад хэлний ахисан дунд шатны сургалт, Улс төрийн академийг Соёлын удирдлагаар тус тус төгссөн. Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө тэмүүлэн, хичээн зүтгэдэг байх. Хааяа шантрах үе гардаг ч дурлаж сонгосон мэргэжилдээ би хамгаас их хайртай. Энэ эрдмийн шимийг хүртээсэн Х.Эрдэнэбаяр, Д.Отгонбаатар, Д.Ганчулуун, Д.Одончимэг гээд олон сайхан багш бий. -Эрдэнэт үйлдвэрийн соёлын ордны бүжигчин байна гэдэг юугаараа онцлог, давуу талтай вэ? -“Эрдэнэт” дуу бүжгийн чуулга үйл ажиллагааныхаа хувьд Монголын бусад чуулгаас нэлээд онцлогтой. Бүх уран бүтээлчдээ дуулах, жүжиглэх, бүжиг дэглэх гээд хөрвөх чадвартай бэлтгэдэг нь хувь хүний хөгжилд томоохон хөрөнгө оруулалт болдог гэх үү дээ. Бид үйлдвэрийн уран сайханчидтай ажиллахын зэрэгцээ дугуйлан ажиллуулдаг. Олон шавьтай болсон. Миний хувьд цэцэрлэг сургуулийн хүүхдүүдэд сонгодог бүжгийн багшаар ажиллаж байсан. Манай чуулга “Сономбула”-аар “Гран При” хүртэж байсан. Ер нь аймгуудын бусад чуулгаас дээгүүрт үнэлэгддэг.  -Таны бахархал юу вэ? -Хөрсөн доорх баялгаараа хүн зоныг тэжээн тэтгэсэн Эрдэнэт үйлдвэрээрээ бахархаж явдаг даа. Мөн “Эрдэнэт” дуу бүжгийн чуулга хүндлэл бахархалын минь хойморт хүндтэй байр эзэлдэг. -Бүжгийн урлагт өөрийгөө хөгжүүлэхээс гадна сурсанаа бусдад зааж сургах, шавь нараа бэлтгэх хариуцлагатай ажил байдаг шүү дээ. Одоогоор хичнээн шавь бэлтгэв? -Үйлдвэрийн уран сайханчдаас олон шавь бий. Өмнө нь тоолж байсангүй. /инээв/ Нэг цехийн хамтлагт 20 гаруй шавь байдаг гэж бодвол чамгүй тоо гарах байх. Миний хувьд цэцэрлэгийн хүүхдүүдтэй их ажилласан. Үйлдвэрээс зохион байгуулж байгаа ажлуудад аль болох олон шавь нараа хамруулахыг хичээдэг. -Сэтгэлд хоногшсон гэгээлэг дурсамжаасаа хуваалцахгүй юу? -“Эрдэнэт” дуу бүжгийн чуулгад орсны дараахан БНХАУ руу фестивальд оролцохоор хамт олонтойгоо явсан. Миний хувьд анхны бөгөөд хамгийн том оролцоо энэ фестиваль байсан учраас сэтгэлд тодхон үлджээ. Ер нь Москва, Манжуур гээд гадаадын аялалууд сайхан дурсамж үлдээж, мартагддаггүй. -Хувийн уран бүтээл хийж байгаа юу? Өөрийгөө хэрхэн дайчилж байна вэ? -Ирэх оны 4, 5 дугаар сард бүжгийн төрлөөр хамтарсан тоглолт хийхээр ярилцаж байна. Найз Ц.Удвалтайгаа хамтран зохион байгуулна. Бид он гарсны дараа тоглолтынхоо ажилд яаравчлан орох тул одоогоор буриад концертондоо анхаарч, бэлтгэлээ хангаж байна. Мөн ойрын төлөвлөгөөнд маань шинэ жилийн бэлтгэл ажил ч багтсан. Бид 10 дугаар сарын сүүлчээр морин хуурын концертоо тоглоно. Сар сардаа ажлаа төлөвлөдөг учраас тухай бүрт нь бэлтгэл сайтай байх л хэрэг гарч байна. Ямартаа ч хувийн уран бүтээлээ цалгардуулахгүй. -Бүжгийн ямар төрлийг сонгон хичээллэж байна вэ? -Орчин үе талдаа сонгодог болон жазз урсгалыг сонирхож байна. Тэр чиглэлээр хувийн уран бүтээлээ ч түлхүү хийх бодолтой явна. Төлөвлөгөөт болон хувийн уран бүтээл дээрээ ажиллахад цаг зав багатай ч аль болох бүгдийг нь амжуулахыг хичээдэг. -Амьдралдаа хамгийн үнэтэй зөвлөгөөг хэнээс авч байв? -Д.Цэрэннадмид гавъяат маань “Бүжигчин хүн цагаа барь, формтой бай, байнгын бэлтгэлтэй бай” гэж хэлдэг байсан. Захиасыг нь өнөө хэр мартаагүй, амьдралдаа мөрдлөг болгосоор явна. -Авьяасыг тань өнгөлөх шидтэй, амьдралын тань салшгүй хэсэг болсон хамт олондоо зориулж юу хэлэх вэ? -Өгөөмөр баян сэтгэлтэй, өөдрөг гэгээн тэмүүлэлтэй урлагийн салбарын уран бүтээлч хамт олондоо халуун баяр хүргэе. Та нар минь энэ амьдралын гэрэл гэгээ, илч дулаан, урам зориг болдог шүү. Мөн энэ дашрамд миний болон хамт олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА Д.Одончимэг, МУГЖ Д.Цэрэннадмид, МУСТА Д.Отгонбаатар, МУСТА Х.Эрдэнэбаяр багш, найруулагч нартаа баярлаж явдгаа илэрхийлье. -Танд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье. Ярилцсан И.Чинтогтох Фото: Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • “Алтан бамбай” тэмцээн ирэх долоо хоногт болно

    Болзошгүй аваар ослын үед аврах, эрэн хайх ажиллагааг гардан хэрэгжүүлэх бэлэн байдлыг шалгах уламжлалт “Алтан бамбай“ тэмцээн энэ сарын 19, 20-ны өдрүүдэд болно. Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс, Залуучуудын холбоо, Эрдэнэт сувиллын цогцолбор, Аврах, гал унтраах 58-р анги хамтран зохион байгуулдагуг тэмцээнд өмнө нь катодын зэсийн үйлдвэр болох “Ачит Ихт”, “Эрдмин” компаниуд оролцдог байсан бол энэ удаа Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн ажилчид баг болон өрсөлдөх юм. Баг нь хоёр эмэгтэй, дөрвөн эрэгтэй ажилтнаас бүрдэх бөгөөд залуу ажилчдаа түлхүү хамруулахыг удирдамжид тусгажээ. Хоёр жил тутамд зохиодог тус тэмцээнээс уулын аврах ажиллагаа хасагдаж, ажилчид зам тээврийн осол, барилга байгууламж, газар доорх байгууламж, нурангийн аврах ажиллагаа төрлөөр мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорихоор болсон байна. Тэмцээний төгсгөлд таван байр эзлүүлэн, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртээхээс гадна шилдэг ахлагч, шилдэг аврагч  номинацийн эзэд тодорно. М.ОДГЭРЭЛ Дэлгэрэнгүй...
  • Баян-Өндөр уулыг модны хожуулаас цэвэрлэх ажил эхэллээ

    Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хамтран, дүйцүүлэн хамгааллын менежментийн төлөвлөгөөний дагуу өнгөрсөн хавар Баян-Өндөр уулын Хүрэнбулаг амны 1.6 га талбайг эзэлсэн 120 гаруй өгөршсөн хожуулыг цэвэрлэх ажил зохион байгуулсан. Ойг цэвэрлэх ажлын үргэлжлэл энэ сарын 10-наас дахин эхэллээ. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх модны өмхөрсөн хожуулыг техникийн хүчээр сугалж, Баян-Өндөр уул орчмын талбайг цэвэрлэх ажил тав хоног үргэлжилнэ. Цэвэрлэсэн талбайд намрын мод тарилтыг зохион байгуулах юм. Модны хаягдал хожуулыг Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд буулгаж, иргэдийн хэрэгцээнд ашиглахаар шийдвэрлэжээ. М.ОДГЭРЭЛ Дэлгэрэнгүй...
  • Технологийн замыг сэргээн засч байна

    Сүүлийн сар бороо их орсноос Ус хангамжийн цехийн ус өргөх нэгдүгээр станцчиглэлийн технологийн зам эвдэрч, машин техник явахад халгаатай болжээ. Энэ талаар Эрдэнэт үйлдвэрийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын байнгын ажлын хэсэгхэлэлцэж, уг замын ээлжит засварыг эхлүүлэхээр шийдвэрлэн Авто тээврийн цехэд үүрэг болгов. Ус өргөх нэгдүгээр станц хүртэлх 60 км замын засварын ажил өнгөрсөн Лхагва гарагаас эхэлсэн бөгөөд ирэх долоо хоногт сайжруулсан замыг бүрэн ашиглах боломж бүрдэнэ. М.ОДГЭРЭЛ Дэлгэрэнгүй...
  • М4 далан өвлийн хаялтаа авахад бэлэн боллоо

    Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цехийн нэг Баяжуулах үйлдвэр нь  жилд 31 сая 500 мянган тонн хүдрийг хүлээн авч боловсруулан 630 мян.тн зэсийн баяжмал, 5300 тн молибдены баяжмал гаргадаг.  Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсгийн хаягдал хадгалах сангийн урд хэсэгт нийт 15 далантай ба 2018 онд 15-р даланг байгуулж, далайн түвшнээс дээш 1305 м өндөр болсон юм.  Харин хойд хэсгийн далан  болох М4 даланг байгуулж 2019 оны 9-р сарын 5-нд  хүлээн аваад байна.  Хаягдлын сангийн нийт талбай 2067.6 га ба санд нийт 830 сая тн элс, 22.3 сая м3 ус агуулагдан Баяжуулах үйлдвэрийг цагт 8000 м3 эргэлтийн усаар хангадаг юм. Хаягдал хураах хиймэл нуур ба далан нь улсын онцгой барилга байгууламж учраас түүнийг зөв зохистой аваар осолгүй ашиглаж, үйлдвэрлэл явуулахын тулд өдөр тутмын үзлэг хяналтад байлгадаг. Ийнхүү М4 даланг байгуулснаар  Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн найдвартай үйл ажиллагаа дөрвөөс таван жилээр сунгагдах юм. Б.Бямбамаа Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Нэвтрүүлэг

Хамаг ардын халуун нулимсан дундуур туучин, халуун амиараа эх орноо хамгаалсан Халхын голын байлдааны яруу алдарт ялалтын 80 жилийн ой эдгээр өдрүүдэд улс даяар тохиож байна. Эр зориг, баатарлаг үйлсийн илэрхийлэл болсон энэ дайнд хамтран оролцсон Монгол, Оросын тал ихээхэн хохирол амссан ч аминаас үнэтэй газар шороогоо харийн түрэмгийллээс өмгөөлөн хамгаалж, хойч үедээ үлдээсэн түүхэн гавьяаг нь дурсан санаж, энэхүү ойг өргөн дэлгэр тэмдэглэж байгаа билээ. 

Түүхт ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу баатруудын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагааг өнөөдөр Эрдэнэт хотноо зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд ОХУ-аас Дархан хотод суугаа дэд консул Кузнецов Дмитрий Николаевич, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва,  Засаг даргын орлогч C.Батжаргал, А.Түвшинжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гадаад харилцааны бодлогын газрын дарга Г.Тэнгэр, Орхон аймаг дахь Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу тэргүүтэй төр захиргааны байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Монгол Улсын төрийн дуулал эгшиглэсэн энэ өдрийн үйл ажиллагааны үеэр Ялалтын хөшөө, Орос, Монгол дөрвөн жанжны болон Маршал Ю.Цэдэнбалын хөшөө, Найрамдлын өндөрлөг дээр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Ирэх 10, 11 дүгээр сард тохиох Монгол, Оросын найрамдлын өдрүүдээр орон нутгийн иргэдэд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгээ дахин дэлгэхээ зохион байгуулагчид хэлж байна. Ёслолын ажиллагаанд уригдан ирсэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, ахмад дайчин Гончигсүрэнгийн Дугаржав гуай “Би 92 настай. Халхын голын дайнд оролцож явлаа. Дайнаас хойш улс нийгмийнхээ ажилд зүтгэж, өдий төдий жил болжээ. Сайхан нас насалж, үр ач олонтой боллоо. Өнөөдөр жаргалын өдөр болж байна. Бидний ингээд алхаж яваа маань жаргал юм шүү, хүүхдүүд ээ. Сэтгэлийн жаргалыг бүгдээрээ эдэлж явцгаая. Үр хүүхдүүд нь мянга түмээрээ өсөж, эх нутагтаа энх саруул байхыг хүсье. Баяр хүргэе, баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Эрдэнэт үйлдвэрээс төрөн гарсан Хөдөлмөрийн баатрууд, тэргүүний ажилтан, ажиллагсдын төлөөлөл Халхын голын ялалтын баярт оролцохоор маргааш замд гарахаар товложээ. Мөн ойн арга хэмжээнд Эрдэнэт үйлдвэр ихээхэн ач холбогдол өгч, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас зохион байгуулсан 45 хүний бүрэлдэхүүнтэй ахмадын Халх голын аяллыг ивээн тэтгээд байгаа юм.

Халхын голын дайн нь Дорнод аймгийн Халх гол сумын нутагт 1939 оны тавдугаар сарын 11-нээс есдүгээр сарын 16-ны хооронд буюу дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн байдаг. Дайны үеэр байлдааны бүх төрлийг хамарсан 101 томоохон тулаан болж, БНМАУ, ЗХУ-ын 57 мянга, Япон улсын 75 мянган цэрэг оролцжээ. Мөн Халхын голын дайнд манай талаас 515, Японы талаас 700 нисэх онгоц оролцсоныг дэлхийн түүхэнд хамгийн том агаарын тулаан гэж тэмдэглэжээ. Эл дайнд Дорнод аймгийн Халх гол сум хамгийн  хүнд ачааг үүрсэн тул Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Халх гол сумыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан түүхтэй.    


          

И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тавдугаар ээлжийн засварын талбайд молибден баяжуулалтын шинэ шугам барих ажил өнөөдрийн байдлаар 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, одоо шинэ шугамын металл, барилга угсралтын ажил хийгдэж байгаа юм.  Уг угсралтын ажлыг ирэх сарын 20 гэхэд дуусгахаар төлөвлөжээ. Ингэснээр флот машины угсралт, тохируулгын ажил эхлэх боломжтой болох аж. Молибден баяжуулалтын шинэ шугам барих ажлыг “Эрдэнэт лайт” ХХК гүйцэтгэж байна.

Энэхүү бүтээн байгуулалт хийгдсэнээр молибдены металл авалтын хэмжээ нэмэгдэж, ашиглалтын зардал буурах, ажлын байрны нөхцөл сайжирч хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн таатай орчин бий болгох зэрэг олон талын ач холбогдол, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй юм.

 “Зэс-молибдены баяжмалыг салгах молибдены дамжлагын шинэчлэл” төсөл буюу молибден баяжуулалтын шинэ шугам барих ажлын явцад АНУ-аас оруулж  ирсэн “Мill Maх” насос,  “WEMCO” инерт газыг Баяжуулах үйлдвэрийн зэс, молибден нунтаглан баяжуулах хэсэгт суурилуулна. Шинэ шугам барих ажлыг энэ оны 11 дүгээр сарын 5-нд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ дагуу бүтээн байгуулалтын ажил хийгдэж, дуусна гэж  Нунтаглан баяжуулах хэсгийн Ахлах технологич Ч.Энхбаатар онцоллоо.

М.Балжинням

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Зургийн цомог