• “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” цуврал 7 боть ном хэвлэгдлээ

         ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, багш нарын хамтын бүтээл болох “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” цуврал 7 боть номыг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгээр хэвлүүлэн өнөөдөр нээлтээ хийж байна. Уул уурхайн үйлдвэрлэлийн суурь нөхцөл болох ашигт малтмал, ордын тухай, уурхайн ашиглалтын технологи, нээлтийн тухай, үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаан хангамж, автоматжуулалт, дэд бүтэц, логистик, бизнес, эдийн засаг, менежментийн тухай сургаал, ашигт малтмалын баяжуулалтын тухай болон экологи, байгаль орчны хамгаалал, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай онол, практик, үйлдвэрлэл - шинжлэх ухаан - мэргэжлийн боловсролын харилцан уялдаа шүтэлцээний зангилаа асуудлуудыг тусгахын зэрэгцээ уул уурхайн салбарын болон түүнд суурилсан аж үйлдвэржилтийн тогтвортой хөгжлийн чиг баримтлал, алсын харааны асуудлуудыг эдгээр бүтээлүүдээс шүүн тунгаах боломжтой юм. Энэхүү цуврал бүтээлийг туурвихад Ерөнхий эрхлэгчээр академич П.Очирбат, Ерөнхий редактороор доктор (Ph.D), профессор Л.Пүрэв нар ажиллаж, боть бүрийг тухайн салбарын тэргүүлэх эрдэмтэн хариуцан эрхэлж, эрдэмтдийн баг хамтран бүтээсэн болно. Тухайлбал: I. “Ил уурхайн технологи” I ботийг доктор (Ph.D), профессор С.Цэдэндорж хариуцан эрхэлж, доктор (Ph.D), дэд профессор Б.Батболд хариуцан редакторлож, 24 зохиогч хамтран бичсэн.  II. “Далд уурхайн технологи” II ботийг доктор (Ph.D), профессор Л.Пүрэв хариуцан эрхэлж, Монгол Улсын Төрийн шагналт, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Б.Лайхансүрэн хариуцан редакторлож, 22 зохиогч хамтран бичсэн.  III. “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” III ботийг доктор (Ph.D), профессор С.Цэдэндорж хариуцан эрхэлж, ШУТИС-ийн Хүндэт профессор П.Оюунсүрэн хариуцан редакторлож, 13 зохиогчийн хамтын бүтээл юм.  IV. “Уул уурхайн эдийн засаг, бизнес, менежмент” IV ботийг шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, академич П.Очирбат хариуцан эрхэлж, доктор (Ph.D), профессор Л.Пүрэв хариуцан редакторлож, 27 зохиогчтой хамтын бүтээл болсон.  V. “Уурхайн цахилгаан тоног төхөөрөмж” V ботийг доктор (Ph.D), дэд профессор Б.Эрдэнэцэцэг хариуцан эрхэлж, доктор (Ph.D), профессор Ж.Цэвэгмид хариуцан редакторлож, 16 зохиогч хамтран бичсэн.  VI. “Геодези, зураг зүй” VI ботийг доктор (Ph.D), дэд профессор Д.Оюунцэцэг хариуцан эрхэлж, магистр Э.Ганзориг хариуцан редакторлож, 19 зохиогч хамтран бичсэн.  VII. “Геологи, ашигт малтмалын эрэл хайгуул” VII ботийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D), профессор О.Гэрэл хариуцан эрхэлж, доктор (Ph.D) Б.Алтанзул хариуцан редакторлож, 22 зохиогч хамтран бичсэн.      Эдгээр цуврал бүтээлийн агуулга, бүтцээс үзвэл орчин үеийн уул уурхайн салбарын технологи, эдийн засаг, экологийн хөгжлийн эдүгээ болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж хэрэгжүүлэхэд онол практикийн чухал ач холбогдолтой болохын хувьд инженер техникийн ажилтан, эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн оюутнуудын ширээний ном болж байна.     Энэхүү бүтээл нь цаащдаа уул уурхайн олборлох-боловсруулах үйлдвэрүүдийн цогцолборууд өргөжин тэлж “Гангийн үйлдвэр”, “Өнгөт төмөрлөгийн үйлдвэр”, “Уул-химийн үйлдвэр”, “Кокс-химийн үйлдвэр”, “Нүүрс, занар боловсруулах үйлдвэр”, “Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэр”, “Эрдсийн гаралтай аж үйлдвэрийн түүхий эдийн үйлдвэр” зэрэг улс орны эдийн засагт чухал өгөөж бүхий үнэ цэнэтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шинжлэх ухаан технологи, экологи-эдийн засгийн суурь болон хавсарга судалгааны шинэ салбарууд цаашид улам баяжигдаж, Дэлхий судлалын шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.    Цуврал ботийг хамтран бүтээж олонд хүргэхэд хүч хөдөлмөрөө зориулсан зохиогчид, хариуцсан эрхлэгч, редактор нар болон хэвлэлийн зардлыг санхүүжүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.Бадамсүрэн болон нийт хамт олонд Доктор (Sc.D), профессор, академич П.Очирбат  талархал илэрхийллээ.  Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт хотын өдрийг тохиолдуулан хоёр иргэнд орон сууц олголоо

        Эрдэнэт хот болон Анхдагч, илгээлтийн эздийн өдрийн баярын хурал “Уурхайчин” соёлын ордонд боллоо. Баярын хуралд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нар болон Эрдэнэт хот, Орхон аймгийн үе үеийн удирдлагууд, Эрдэнэт хотын хүндэт иргэд, Хөдөлмөрийн баатар, гавъяатууд оролцлоо. Баярын хурлыг нээж Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар үг хэлж, Засгийн газрын болон, аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналаар зарим иргэдийг шагнаж урамшуулав. Мөн гадаад, дотоодын жуулчид, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, бэлэг дурсгалын зүйлийн нэр төрлийг олшруулах, Шинэ бүтээл оновчтой санал боловсруулсан, шинэлэг технологи хөгжүүлж, орон нутгийн шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, ажлын байр шинээр бий болгосон ААН, бизнес эрхлэгчдийг шагнаж урамшуулав. Түүнчлэн 1977 оноос эхлэн “Эрдэнэт” үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн Эрдэнэт хотын анхдагч, илгээлтийн эздийн нэг Ч.Чүлтэмсүрэн, Монголын Ардчилсан холбооны анхдагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын өндөр настан Д.Батлүндэн  нарт орон сууц олгохоор шийдвэрлэж “Батламж”-ийг гардуулав. Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт хотын өдрийг тохиолдуулан “Анхдагч илгээлтийн эздийн хөшөө”-нд цэцэг өргөлөө

        Өнөөдөр XX дугаар зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын болон Анхдагч, илгээлтийн эздийн өдрийг “Эрдэнэт хот-Эрдэнэтчүүдийн бахархал” уриатайгаар тэмдэглэж байна. Өглөө 9 цагаас Анхдагч, илгээлтийн эздэд зориулсан баярын хурал, урлагийн тоглолт “Хангарь” цогцолборт боллоо. Энэ үеэр зарим анхдагч, илгээлтийн эздийг аймгийн ИТХ болон Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулсан бөгөөд урлагийн тоглолт зохион байгуулагдлаа. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн өмнөх талбайд байх “Анхдагч илгээлтийн эздийн хөшөө” болон Найрамдал өндөрлөгт аймаг сумын удирдлагууд болон ИТХ-ын төлөөлөгчид, төрийн албан хаагчид, ахмадууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.    Дэлгэрэнгүй...
  • Эрхэм хүндэт Эрдэнэтчүүд ээ!

            Эрдэнэт хотын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг 2015 онд аймгийн ИТХ-ын тогтоолоор шийдвэрлэсэн бөгөөд 2017 оны 10 дугаар сард хуралдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар жил бүрийн 12 дугаар сарын 11-ний өдөр тэмдэглэж байхаар шинэчлэн баталгаажуулсан юм. Мөн Илгээлтийн эзэд, анхдагчдын саналыг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2019 оны 7-р сарын 25-ны өдрийн 76-р тогтоолоор Анхдагч илгээлтийн эздийн өдрийг 12-р сарын 11-нд Эрдэнэт хотын өдөртэй хамтатган тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ. Эрдэнэт хотын болон Анхдагчид илгээлтийн эздийн өдөр бол Орхончууд, Эрдэнэтчүүд бид 40 гаруй жилийн түүхийн ололт амжилт, алдаа оноогоо дүгнэх, ахмадуудаа алдаршуулах, ирээдүйд хийх ажлаа төлөвлөх, хүүхэд, залуучууддаа болон олон нийтэд Эрдэнэт хотынхоо үүх түүх, үнэт зүйлээ сурталчилах, Эрдэнэт хотоороо бахархах  баярын өдөр юм. Хэдхэн хоногийн өмнө болсон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаанаар 2019 оны ажлын дүнгээ хэлэлцүүлэн Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт “Хангалттай” гэсэн  үнэлгээ авлаа. 2019 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 90.8 хувьтай, аймгийн Засаг даргын 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт 95.3 хувьтай гарч байна. Саяхан УИХ-аас Монгол Улсын Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж баталснаар Эрдэнэтчүүд та бидний 1994 оноос хойш 25 жилийн турш ярьж саналаа гаргаж байсан Эрдэнэт хотын статусын асуудал нааштайгаар шийдвэрлэгдэх эрхзүйн үндэс бүрдэж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Баялаг он цагийн түүчээнд бахархах түүхээ бүтээж ирсэн зууны манлай бүтээн байгуулалтын эзэд анхдагчид, барилгачид, уурхайчид, ахмадууд, нийт иргэдээ Эрдэнэт хотын өдрийн баярын мэнд дэвшүүлье! Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Дамбын БАТЛУТ 2019-12-11 Дэлгэрэнгүй...
  • “Эрдэнэт хотын түүх” сэдвээр аймгийн Засаг дарга хичээл заалаа

        “Эрдэнэт хотын өдөр”, “Анхдагч, илгээлтийн эзэд”-ийн өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга Д.Батлут Баянцагаан багийн 18 дугаар сургуулийн 11а ангид “Эрдэнэт хотын түүх” сэдвээр хичээл заалаа. Ардын Их Хурлын  Тэргүүлэгчдийн зарлигаар 1975 оны 12 дугаар сарын 11-нд  Эрдэнэт хот байгуулах шийдвэр гарч улмаар аймгийн ИТХ-ын 2017 оны тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 11-ийг “Эрдэнэт хотын өдөр”, 2019 оны 76 дугаар тогтоолоор “Анхдагч, илгээлтийн эзэд”-ийн баярын өдрийг хамтатган тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна.  Үүний дагуу өнөөдөр Эрдэнэтчүүд “Эрдэнэт хот байгуулагдсан түүхэн өдөр”-өө тэмдэглэж байна. Юуны өмнө ахлах ангийн сурагчдад аймгийн удирдлагууд болон ИТХ-ын төлөөлөгчид хотын үүсэл, түүхийн талаар хичээл заалаа. Мөн “Анхдагч, илгээлтийн эзэд” –д зориулсан баярын хурал, Эрдэнэт хотын хөгжил, цэцэглэлтийн төлөө эрдэмтдийн уулзалт, хэлэлцүүлэг болно. Дэлгэрэнгүй...
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэрэмжит ШУТИС-ийн “Олон улсын эрдэм шинжилгээний хурлын их танхим” нээлтээ хийлээ

          “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэрэмжит ШУТИС-ийн “Олон улсын эрдэм шинжилгээний хурлын их танхим”-ийн нээлт өнөөдөр болж, Монголын шинжлэх ухааны салбар дахь түүхэн үйл явдлыг нэгээр нэмлээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтын ажиллагааныхаа хүрээнд бүрэн тохижуулсан тус хурлын танхим нь олон улсын хурлын танхимын стандартад бүрэн нийцсэн, орчин үеийн аудио, видео тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан төдийгүй олон улсын А зэрэглэлийн хуралдаануудыг зохион байгуулах боломжтой гэдгээрээ онцлогтой болжээ. Мөн тус танхимтай зэрэгцэн үзэсгэлэнгийн нэмэлт талбайг гаргаж өгсөн нь олон улсын стандартад нийцсэн болохыг нь батлах мэт. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС нь анх 1993 онд хамтын ажиллагааны гэрээг үзэглэж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 100 гаруй томоохон төсөл хөтөлбөр, гэрээт ажлуудыг гүйцэтгээд буй.          Монгол улсын хөгжил дэвшил цаашид үйлдвэрлэлд суурилагдах ёстой         Нээлтийн арга хэмжээний үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн “ Эрдэнэт үйлдвэр нь ШУТИС-тай олон жил үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Энэ хамтын ажиллагааныхаа хүрээнд өнөөдөр "Олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхим"-ыг нээлээ. Монгол Улсын хөгжил дэвшил цаашид үйлдвэрлэлд суурилагдах ёстой хэмээн бид ойлгож, үүний төлөө ажиллаж байна. Мөн үйлдвэрлэлийг инженерүүд л авч явна. ШУТИС бол инженерүүдийг бэлтгэдэг сургууль бөгөөд 60 жилийн түүхэнд олон мундаг инженерүүд энэ сургуулиар бэлтгэгдэн гарч, улс орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулан ажиллаж байгааг хараад бахархдаг юм. Энэхүү танхим нь цаашид үйлдвэрлэл хөгжүүлэх, шинэ техник технологийг гаргах инновацид суурилсан бүтээлийг туурвих, олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж үр дүнтэй шийдвэр гаргасан газар байна гэдэгт итгэлтэй байна. Тиймдээ ч бид уг ажлыг дэмжсэн” хэмээв.   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 1000 гаруй ажилчид ШУТИС-ийн төгсөгчид байдаг       ШУТИС-ийн захирал Б.Очирбат “2019 он бол ШУТИС үүсч байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой жил. Энэхүү түүхт ойгоор манай хамт олон сайхан бүтээн байгуулалтын ажлуудын ард гарсан.  Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сард сургалт, судалгааны зориулалттай “Эрдэм шинжилгээ, инновацын төв” хичээлийн 8 дугаар байрны нээлтээ хийсэн явдал юм. Харин өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС-ийн хамтын ажиллагааны гэрээний үр дүнд "Олон улсын эрдэм шинжилгээний хурлын их танхим"-аа нээж байгаад сэтгэл өндөр байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 1000 гаруй ажилчид ШУТИС-ийн төгсөгчид байдаг. Энэ нь бидний олон жилийн хамтын ажиллагааны том үр дүн хэмээн боддог” гэв.     ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээ, инновацын төв” нь 40 лаборатори, лекцийн 9 танхим, хурлын нэг танхимтай орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон оюутнуудыг ая тухтай орчинд суралцах, тэдний хөгжлийг дэмжихэд чиглэсэн 12 давхар цогцолбор юм.       Танхимын нээлтэд зориулсан тууз хайчлах ёслолын дараагаар болсон бас нэгэн онцлох үйл явдал нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Шинжпэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны гэрээг сунгах ёслолын ажиллагаа байв. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин зуунд хоёр байгууллага үр дүнтэй хамтран ажиллаж, салбарын мэргэжилтнүүдийг өндөр түвшинд бэлтгэх, уулын үйлдвэрт тулгамдаж буй техник технологийн асуудлуудыг шийдвэрлэх зэрэг ирэх гурван жил дэх хамтын ажиллагаа их байгааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн онцолсон.  Үүгээр зогсохгүй түүхэн үйл явдал тохиосон энэ өдөр “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгээр хэвлүүлсэн ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, багш нарын хамтын бүтээл болох “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” цуврал 7 боть номын нээлт болсныг дуулгахад таатай байна.    Уул уурхайн үйлдвэрлэлийн суурь нөхцөл болох ашигт малтмал, ордын тухай, уурхайн ашиглалтын технологи, нээлтийн тухай, үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаан хангамж, автоматжуулалт, дэд бүтэц, ложистик, бизнес, эдийн засаг, менежментийн тухай сургаал, ашигт малтмалын баяжуулалтын тухай болон экологи, байгаль орчны хамгаалал, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай онол, практик, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, мэргэжлийн боловсролын харилцан уялдаа шүтэлцээний зангилаа асуудлуудыг тусгахын зэрэгцээ уул уурхайн салбарын болон түүнд суурилсан аж үйлдвэржилтийн тогтвортой хөгжлийн чиг баримтлал, алсын харааны асуудлуудыг эдгээр бүтээлүүдээс шүүн тунгаах боломжтой байна.     Өнөөдрийн арга хэмжээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн, үйлдвэрийн удирдлагууд, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, их сургуулийн удирдлагууд, профессор багш нар болон Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай оролцлоо.                  Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа #3

      Орос сургуулийн 2б ангийн багш СТЕПАНОВА ОЛЬГА МИХАЙЛОВНА Би Орос сургуулийн багшаар ажиллаж, хүүхдүүдэд хэл сурахад нь тусалж байгаадаа баяртай байна. Үйлдвэрийнхээ төрсөн өдрийг тохиолдуулан нийт ажилтнууд, удирдлагууд, инженер техникийн ажилчдад ажил хөдөлмөрийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эрдэнэт үйлдвэр зөвхөн Эрдэнэт хотын төдийгүй улс орны, цаашлаад дэлхийн бахархал болох болтугай.   Орос цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш ХУАТ Орос цэцэрлэгт 15 дахь жилдээ ажиллаж байна. Би Орос хэлний багш мэргэжилтэй, хүүхдийн сэтгэлзүйчээр мэргэжил дээшлүүлсэн. Энэ жил бэлтгэл ангид хичээл зааж байна. Манай цэцэрлэг үйлдвэрийнх гэдэг утгаараа бусад цэцэрлэгээс онцлогтой. Эрдэнэт үйлдвэр хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийж, сурах орчин нөхцөлийг нь хангаж өгснөөр тав тухтай орчинд орос хэл сурах боломжийг бүрдүүлсэн юм. Хүүхдийг багаас нь унаган орос хэлтэй болгохын тулд мэргэжлийн багш нарыг ОХУ-аас авчирсан. Энэ бүхэнд бид талархах ёстой гэж бодож байна. Хүүхдүүд нь тав тухтай, аюулгүй, цэвэр орчинд сурч хүмүүжиж байвал аав, ээж нь ажлаа сайн хийнэ шүү дээ. Үйлдвэрийн ажилчдаас гадна Эрдэнэтийнхэн орос цэцэрлэгт хүүхдээ өгөх сонирхол ихтэй. Сургалтын бүх талын дэмжлэг үзүүлдэг Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа.   Спорт цогцолборын Аргазүйч Д.ОЮУН-ЭРДЭНЭ Анх 2004 онд Эрдэнэт үйлдвэрт гэрээт ажилтнаар орж байлаа. Үндсэндээ 6 жил гэрээт багшаар ажилласан. 2010 оноос орон тооны багшаар ажиллаж, Орхон аймгийнхаа хүүхэд залуучууд, Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдыг усаар чийрэгжүүлэх, Олон улсын чанартай тэмцээн уралдаанд бэлтгэн оролцуулах ажлыг хийж байна. Дэлхийн аваргын болон Дэлхийн цомын, Олимпийн наадамд оролцож, хувийн болон улсынхаа амжилтыг эвдэн, амжилттай яваа ОУХМ Б.Дөлгөөн, ОУХМ Г.Занданбал, СМ Б.Буянтогтох, СМ Б.Есүй, СДМ Мижиддорж, СДМ Энхжин гээд олон тамирчин манайхаас төрсөн. Тамирчдаараа, тэднийг бэлтгэж байгаа багш нараараа бахархаж байна. “Хангарьд” спорт клубын хамт олны зүгээс ойн баярын мэнд хүргэе.   Технологийн сургуулийн Тэнхимийн эрхлэгч Л.НАРАНЦЭЦЭГ Эрдэнэт үйлдвэр Орхон аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон хөрөнгө оруулалт хийдэг нийгмийн хариуцлагатай байгууллага. Энэ дашрамд өөрийн хийсэн судалгааны дүнг товч хэлэхийг хүсэж байна. Уул уурхайн компаниудын орон нутагт хийсэн хөрөнгө оруулалтын хамгийн өндөр үзүүлэлтэд Орхон аймаг багтдаг. Түүн дунд Эрдэнэт үйлдвэрийн хийсэн хөрөнгө оруулалт үнэлж баршгүй юм. Дам утгаараа хүн амын орлого, эрүүл мэнд, боловролын түвшинд жинтэй нөлөөлсөн болох нь судалгаагаар харагдаж байна. Эдийн засгийн хувьд ДНБ-ний тодорхой хувийг бүрдүүлж байгааг та, бид сайн мэднэ. Энэ утгаараа үр нөлөөг нь ганц би, миний гэр бүл бус Орхон аймгийн иргэд өнөөдөр ч хүртсээр байна. Үйлдвэрийн ажилтны хувьд дэлхийн томоохон уул уурхайн үйлдвэрт ажиллах нь том хувь заяа гэж ойлгодог. Үйлдвэрт ажиллах нь хувь хүнээс ажиллах ур чадвар шаарддаг тул мэргэжлээрээ гүнзгийрэхэд ихээхэн нөлөөлж байна. Бүхий л зүйлд баярлаж талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийнхээ хамт олонд ирж буй шинэ оны, түүхт ойн өдрийн мэндийг хүргэж, амьдрал нь аз жаргалтай, ажил үйлс нь өөдрөг байхын ерөөл дэвшүүлье. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Хан хуурын амин аялгуутай үдэш...

          Тайзнаас урсах хан хуурын аялгуу увдис юм билээ. Үл үзэгдэх хүлээснээс мултарч бие тавирах мэт ер бусын тайвшрал, басхүү омогшил, бахархлыг мэдрэх гайхамшигтай... Одоогоос таван жилийн өмнө “Уурхайчин” соёлын ордны найруулагч Д.Одончимэг “Хан хуур” төслийг Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад үе шаттай хэрэгжүүлэхээр санаачилсан нь том зориг байсныг тэрээр одоо дурсаж байна. Уг төслийг хоёр багштайгаар эхлүүлж байсан бол одоо 30 гаруй сургагч багштай, морин хуурын бүрэн хэмжээний тоглолт тавих хэмжээний чадварлаг хөгжимчидтэй болжээ. Үүнийгээ ч “Хан хуур” концертоороо баталлаа. “Хан хуур-I” төсөлд Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид хамрагдсан. Хөгжмийн өөр зэмсгээр тоглодог хөгжим ангийнхны хувьд морин хуур сурах дөхөм байсан гэнэ. Харин дуучид, бүжигчид, энгийн ажилчид өнөөдрийн түвшинд хүрэхийн тулд амаргүй олон даваа давжээ. Шантрах, уйлах, зэмлүүлэх, зарим үед нудруулах энүүхэнд байсан тухай тэд одоо инээлдэн ярьж байна. Тайз эзэгнэдэг, өнөөх олны танил алдартай дуучид, бүжигчид маань үндэсний хувцастай, намбалаг гэгч нь суугаад морин хуур эгшиглүүлэхийг үзэх бас л сонирхолтой. Ингэхдээ бүр дэлхийн сонгодгийг нот алдахгүй чадварлаг тоглохын зэрэгцээ сэтгэл хөдлөлөө биеийнхээ хөдөлгөөнөөр илэрхийлэх нь сонирхолтой. Тэд хөгжмийн зохиолч, МУСТА Б.Цэрэндондовын найруулгаар “Буриад ардай дуун”, “Карибийн тэнгисийн дээрэмчид” киноны хөгжим гээд олон аяз тоглов. Д.Одончимэг найруулагч “Соёл, урлагийн цогцолборт өдөр, шөнийн 24 цаг ажилладаг ганц хүн байдаг нь манай Б.Цэрэндондов...” гэж тодотгоод түүнийг энэ тайзан дээрээ Урлагийн гавьяат зүтгэлтэн болоорой хэмээн ерөөсөн. Мэргэжлийн морин хуурчид хүртэл тоглохоос бэргэдэг Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Манан”, “Наадмын дэнж”, Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Уянгын аяз”, “Цагаан суварга”,  МУСТА Б.Чинбатын “Аравт” киноны хөгжим зэрэг бүтээлийг үзэгчдийн сэтгэлд хүртэл эгшиглүүлсэн нь бишрэм. Монгол Улсын УГЗ Д.Дашдондовын үг, СТА Р.Адилбишийн ая “Хуурч” хэмээх шинэ дууг морин хуурчидтайгаа хамт дуучин С.Ариун-Эрдэнэ амилууллаа. Мөн Баяжуулах үйлдвэрийн морин хуурын “Төвөргөөн” хамтлагтай хөөмийч М.Саруултөгс, дуучин Д.Дагиймаа нарын “Зүүдний говь” дууны хоршил үзүүштэй байв. “Хан хуур” төсөл ийнхүү амжилттай хэрэгжихэд гол үүрэг гүйцэтгэсэн Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын морин хуурч Р.Адилбиш “Үүлэн бор”-ыг “хатируулж”, мэргэжлийнхний дунд Монголын гарын таван хуруунд багтах хуурч хэмээн үнэлэгддэг эрэмбээ нотоллоо. Энэ мэт олон шигтгээг нэрлэж болно. Хоёр цаг гаруй үргэлжилсэн хан хуурын концерт дундаа завсарлагатай, амтат зууштай сэтгэл татам өвөрмөц болов. Тоглолтын төгсгөлд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал, Монголын ард түмний үнэт өв болсон хөөмийг Геннисийн номонд бүртгүүлэн баталгаажуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын хөгжимчин МУСТА М.Саруултөгсийг нэг сая төгрөгөөр, мөн чуулгын уран бүтээлчдийн дунд “Хан хуур-I” төслийг 2014-2019 онд амжилттай хэрэгжүүлсэн Д.Одончимэг найруулагчийг хоёр сая төгрөгөөр шагнасныг гардуулав. Мөн төсөлд хамрагдсан бүх уран бүтээлчдэд “Өвгөн хуурч”-ийн хөргийг дурсгаснаар хан хуурын концерт өндөр үүдээ хаалаа.                    Морин хуур зуун зууныг элээн өртөөлсөөр, монгол гэрийн хоймроос тайзны сонгодог хөгжим болтлоо хөгжиж чадсан нь гайхамшиг. Үүгээр ч зогсохгүй ЮНЕСКО-д соёлын үнэт өв хэмээн бүртгэгдэж, дэлхийн тайзнаа залран хүн төрөлхтнийг бишрүүлэн шуугиулж буй нь бахархал юм.                              М.Одгэрэл  Фото: Б.Баттөгс               Дэлгэрэнгүй...
  • Дээд лигийн аваргын цомыг “Хасу мегастарс” баг хүртлээ

         Монголын Волейболын холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн 10-р сарын 25-аас 12 сарын 8-ныг дуустал үргэлжилж шилдгүүдээ тодрууллаа. 7 жил завсарласан дээд лиг волейболын спорт сонирхогчдын цангааг тайлж, гал ассан тоглолтуудыг үзэгч олондоо хүргэлээ. Монголын Волейболын холбооны үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 82, эмэгтэй 74 нийт 156 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөж, шилдэг баг тамирчдаа тодрууллаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хамтран зохион байгуулсан дээд лигийн хаалтын үйл ажиллагаанд Волейболын холбооны удирдах зөвлөлийн хүндэт гишүүд, ахмад волейболчид, волейболын спортыг сонирхогчид оролцлоо. 45 хоног үргэлжилсэн дээд лигийн хүрэл медалийн эздээр Ү.Төмөрхуяг эзэнтэй, СМ Б.Даринчулуун ахлах дасгалжуулагчтай, СМ З.Цэнд-Аюуш ахлагчтай "Эрчим" баг шалгарч, 8 сая төгрөгөөр шагнуулсан бол мөнгөн медалийн эздээр С.Бямбацогт эзэнтэй, ОУХМ Б.Мөнгөндөл ахлах дасгалжуулачгтай, ОУХМ А.Мөнхбаяр ахлагчтай "ХОВД АЛТАЙН БАРС ХИЛЧИН" баг шалгарч "Дээд лиг"-ийн анхны медалиа хүртлээ. Ж.Түмэн-Аюуш эзэнтэй, ОУХМ Л.Баатархүрээ ахлах дасгалжуулачгтай, СМ А.Даваажаргал ахлагчтай "МЕГАСТАРС" баг анх удаа "Дээд лиг"-т түрүүлж аваргын цом гардан, 15 сая төгрөгийн эзэд боллоо.      Эмэгтэй тамирчдаас хүрэл медалийн эздээр А.Ганхуяг эзэнтэй, СМ Б.Чинбат ахлах дасгалжуулагчтай, СМ А.Батжаргал ахлагчтай "ТЭНҮҮН-ОГОО" баг хүрэл медаль хүртэж, Ж.Наранбаатар эзэнтэй, ОУХМ Р.Хангай ахлах дасгалжуулачгтай, Л.Хосбаяр ахлагчтай "ХОББИ-ЭЙС" багийн тамирчид мөнгөн медалийн болзол хангалаа. Алтан медалийн эздээр Жан Жин Хун эзэнтэй, СМ Л.Отгонцэцэг ахлах дасгалжуулагчтай, СМ С.Булгантамир ахлагчтай "Энагурэ" баг дээд лигт 5 дахь удаагаа аваргын төлөө шалгарч, 3 дахь аваргын цомоо хүртсэн юм. Дээд лигийн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд багаа аварга болоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн, спортын мастер Л.Отгонцэцэг шилдэг дасгалжуулагчийн шагналын эзэн боллоо. Тэрээр залуу тамирчдаар багаа бүрдүүлснээр "Энагурэ" багийн 8 жилийн өмнө авч байсан аварга цолыг хамгаалж чадсан юм.Үндэсний "Дээд лиг-2019" тэмцээнд хамгийн олон тоглолт дэнсэлсэн шүүгчдийн нэг, МВХ-ны шүүгч, улсын шүүгч С.Наранбаяр “Шилдэг шүүгч”-ээр тодорсон. Мөн "Дээд лиг"-ийн тэмцээнд эрэгтэйчүүдийн төрөлд багаа аварга болоход үнэтэй хувь нэмэр оруулж, амжилттай удирдсан дасгалжуулагч, ОУХМ Л.Баатархүрээ “Шилдэг дасгалжуулагч” шагналын эзэн боллоо.      "Мегастарс" багийн ахлагч, спортын мастер А.Даваажаргал, "Энагурэ" багийн ахлагч СМ С.Булгантамир нар 2019 оны дээд лигийн “Үнэ цэнэтэй тоглогч” боллоо. “Эрчим" багийн ахлагч, спортын мастер З.Цэнд-Аюуш 307 оноо, "Дархан Сеть" багийн ахлагч, спортын мастер Д.Эрдэнэбулган лигийн тэмцээний турш 334 оноо авсан амжилтаар “Шилдэг довтлогч”-ийн шагналыг хүртсэн юм. Дээд лигийн шинэ аварга "Мегастарс" багийн шилдэг дундын хаагч, спортын мастер Э.Алтангэрэл хаалтаас 36 оноо авч, лигийн бүх тоглогчийг хувийн болон багийн амжилтаар тэргүүллээ.       Дээд лигт залуу тоглогч нараар багаа бүрдүүлэн оролцож, 4-р байрт шалгарсан "Хос Бар” багийн тоглогч ОУХМ Р.Хангай, лигийн мөнгөн медальт "Хобби Эйс" багийн ахлагч Л.Хосбаяр нар “Шилдэг холбогч”-ийн шагнал хүртлээ, Түүнчлэн "Ховд Алтайн Барс Хилчин" багийн чөлөөт хамгаалагч, Япон улсын легионер Такахаши Шо лигийн “Шилдэг хамгаалагч”-аар шалгарсан юм. Аваргын алтан медал хүртсэн "Энагурэ" багийн чөлөөт хамгаалагч, спортын мастер Д.Сосорбурам “Шилдэг хамгаалагч”-ийн шагнал хүртэж "Энагурэ" багийн П.Энххүслэн лигийн аварга болохын зэрэгцээ хаалтаас нийт 37 оноо авсан үзүүлэлтээр бүх тоглогчийг тэргүүллээ. Давуулалтаас нийт 30 оноо авсан СМ Б.Анхбаяр  дээд лигийн “Шилдэг давуулагч”-ийн шагналыг хүртсэн. Мөн “Тэнүүн-Огоо” багийн тамирчин Элбэгзаяа давуулалтаас 36 оноо авсан үзүүлэлтээр 16 насандаа “Шилдэг давуулагч”-аар шалгарлаа.      1995 онд анхны лиг зохион байгуулагдаж байсан бол эдүгээ үндэсний дээд лигийн 18 дахь  удаагийн тэмцээнийг Монголын воллейболын холбоо, Их спортыг дэмжигч-Эрдэнэт үйлдвэр хамтран зохион байгуулж, тэмцээнийг Монголын үндэсний телевизийн Спорт суваг шууд дамжуулан орон даяар хүргэлээ. Тэмцээний сүүлийн өдөр легонер тамирчдын эсрэг Монголын баг тамирчид сонирхолтой тоглолт гаргаж, үзэгч олонд бэлэг барьсан юм. Э.Мөнх-Уянга Фото:Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • О.БАТТОГТОХ: Чанарын систем үйлдвэрлэлд нэвтэрснээр хувь хүний ажлын алдаа багассан

      Чанарын хяналтын хэлтсийн технологич инженер, доктор (Ph) О.Баттогтохоос үйлдвэрлэлд нэвтрүүлсэн чанарын системийн талаар тодрууллаа.           Манай Чанарын хяналтын хэлтэс үйлдвэрлэлийн технологийн бүх дамжлага үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн технологийн процесст үнэлэлт дүгнэлт өгч мэдээлдэг. Эрдэнэт үйлдвэрт гаднаас нийлүүлж буй технологийн бараа материалд хяналт тавьдаг. Таван инженер техникийн ажилтан 50 гаруй хүн нэг баг болон ажиллаж  байна. Чанар шалгагчид ажлын байрнаас мэдээллээ сүлжээнд оруулдаг болж автоматчилагдсан. Үүний үр дүнд ажлын ачаалал багасаж, материал цаг хэмнэж хөдөлмөр хөнгөвчилсөн. Ингэснээр тус хэлтсийн тоо чанарын системийг бүрдүүлсэн. Энэ ажлыг Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн программистуудтай хамтран гүйцэтгэлээ. Чанарын систем үйлдвэрлэлд нэвтэрснээр хувь хүний ажлын алдаа багассан. Хуучин, утсаар шинжилгээний үр дүнг дамжуулж байхад алдаа их гардаг байсан. Оператор нь гадаадын мэргэжилтэн бол дамжуулсан тоо зөрөх тохиолдол гарах жишээтэй.      -Тэгвэл ажлын ямар ахиц дэвшил гарч байна вэ?    -Материал пүүлэх жинг автоматжуулсан. Ингэснээр жингийн зөрүү гаргахгүй хяналт сайн тавих болсон. Материал нийлүүлэгчийн жингээр орлогодох биш, үйлдвэрийнхээ Чанар хяналтын хэлтсийн тавьсан жингээр орлогодож байгаа. Ер нь дотоод ажлаа сайжруулсны зэрэгцээ Ил уурхайгаас явж буй хүдрийн агуулга, шинж чанарыг зөв тодорхойлж, Баяжуулах үйлдвэрийг бодит мэдээллээр ханган ажиллахын тулд Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехтэй хамтран систем үүсгэсэн. Өөрөөр хэлбэл Ил уурхайгаас явж буй хүдрийн агуулга, исэлдэл, анхдагч сульфид хэд байгааг шуурхай мэдээлэх программ хангамжийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Мөн Оросын геологичдын судалгаанд тулгуурлан  Ил уурхайн 19 түвшний эрдсээр нь ангилсан мэдээллийг  электрон хэлбэрт шилжүүлсэн. Энэ нь  тухайн экскаватораас ямар Белазад, ямар исэлдэлтэй хүдэр ачиж, Баяжуулах үйлдвэрт өгснийг бүрэн  харах боломж бүрдлээ.      -Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна?     -Хүдрийн шинж чанарыг Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн процесстой холбох зорилт тавьсан. Энэ ажлын хүрээнд  Баяжуулах үйлдвэрийн технологийн процессын бүх мэдээллийг автоматаар  статистик үүсгэж, металл авалтыг хамгийн максимумд хүргэх урвалжийн тун, болон бусад хүчин зүйлүүдийг тооцож гаргах программ нэвтрүүлэхээр ажиллаж байна. ХМТАЦ-ийн мэргэжилтнүүд, МУИС-ийн багш нартай хамтарч ажиллаж байна. Үүнийг загварчлах, программчлах ажил явагдаж байна. Түүнээс гадна “Эрдэнэтийн-Овоо” ордын эрдсүүд геологийн процессоор үүсэхдээ хоорондоо хам урсгал үүсгэсэн байдаг. Одоогийн байдлаар Ил уурхайн геологичидтой хамтраад эрдсийн хам үүслийн судалгаа явуулж, геологийн зураглал гаргасан. Тухайн цэгүүдээс дээж авсан. Цаашид Судалгааны төвтэй хамтран ямар ямар  эрдсүүдийн хам үүслийн үед урвалжийн тун болон хөвүүлэн баяжуулах процесст нөлөөлөх бусад хүчин зүйлүүдийг оновчлох, түүнчлэн лабораторийн  туршилт явуулах зорилт тавин ажиллаж байна.     -Баярлалаа.                        Т.Батчулуун Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Нэвтрүүлэг

   Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай хуралдаан Даваа гарагт бүр болдог. Өнөөдөр болсон ээлжит шуурхайн эхэнд ХАБЭА-н асуудлаар өнгөрсөн 7 хоногт ямарваа нэгэн зөрчил дутагдалгүй ажилласан тухай мэдээллийг тус хэлтсээс өглөө.
   Наймдугаар сарын эхний арав хоногийн байдлаар үйлдвэрийн төлөвлөгөөт үндсэн үзүүлэлтүүд биелсэн тухай мэдээллийг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлсэн. Бүтцийн нэгжүүдийн удирдлагууд өнгөрөгч долоо хоногт хийсэн ажлын тайлан мэдээллээ дуулгаж, шинэ долоо хоногийн ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.
  Цаг үеийн мэдээллээр шуурхай зөвлөгөөн үргэлжилж, Хаягдлын аж ахуйд 11200-UX шүршигч техник ирсэн тухай мэдээлэв. Цагаан тоос дарах зориулалтай  тус техникийг Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтэс хүлээн авч, ажиллуулах юм. Түүнчлэн Ил уурхайд өвлийн бэлтгэл ажлын хүрээнд шүүрлийн ус буюу ногоон ус шахаж, 12 мянган метр ус гаргажээ.
  Шуурхай зөвлөгөөний үеэр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажилчид, уурхайчдаас ирүүлж буй халуун хоол, хөдөлмөрийн хамгааллын хувцас хэрэгсэлтэй холбоотой асуудалд анхаарлаа онцгой хандуулах болно гэлээ.  Өнгөрсөн хугацаанд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээгээр гаргаж буй мэдээллийн дагуу ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Энэ ажлыг хариуцаж мөн ахалж ажиллаж буй Нийгмийн харилцааны хэлтсээс халуун хоолоор үйлчилдэг компаниудын үйл ажиллагаа, хоол үйлдвэрлэлд хийсэн шалгалтын дүн танилцууллаа.
   Ерөнхий захирлын зүгээс тухайн компаниудтай тендер шалгаруулалтын үеэс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд хийсэн гэрээ хэлцэл, баримт бичигт онцгойлон анхаарч тендер шалгаруулалт хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан дахин шалгаж үзэхийг Дотоод хяналтын хэлтэс, Хуулийн хэлтэс, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газарт тус тус үүрэг болголоо. Шаардлагатай бол гомдол санал гаргаж буй дээрхи асуудлаар хууль, хяналтын байгууллагад хандах болно гэдгээ хэлсэн. Түүнчлэн ажилчдын нийгмийн асуудал тэр дундаа халуун хоол, ажлын хувцас хамгаалах хэрэгсэлтэй холбоотой асуудлууд дээр анхаарч ажиллах учиртайг чиглэл хариуцсан удирдлагуудад үүрэг болголоо. Эдгээр нь ажилчдын эрүүл мэнд, амь нас цаашлаад Эрдэнэт үйлдвэрийн нэр хүндтэй холбоотой гэдгийг сануулснаар энэ удаагийн шуурхай зөвлөгөөн өндөрлөлөө.

   Эрдэнэт үйлдвэр 6700 гаруй ажилтан, ажилчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг томоохон ажлын нэг нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ юм. 2019 оны үзлэг шинжилгээг өнгөрсөн сараас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт ажилчдын 10 гаруй хувь нь хамрагдаад байна.
   “Медипас” эмнэлэг, Эрдэнэт үйлдвэрийн “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч нартай зөвлөлдөн, үзлэг шинжилгээг илүү нарийвчлалтай гаргахаар 9 багц санал болгожээ. Үүнд ходоодны дуран, зүрхний эхо, мэдрэл, бүдүүн гэдэсний дуран, чихрийн шижин, уушиг, шээсний зам, нуруу, бөөр, эмэгтэйчүүд, хэвлийн тодотгогчтой буюу В,С вирус илрүүлэх шинжилгээ багтсан байна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн гурван жилийн үр дүнд тулгуурлан дээрх багцуудыг гаргасан бөгөөд өвчнийг эрт илрүүлэх, хянах, эмчлэхэд өндөр ач холбогдолтой хэмээн үзжээ.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   Баялаг бүтээгч Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон оны эхнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг биелүүлэн амжилттай ажиллаж байна. Энэ сарын 10-нд маркшейдер хэмжилт хийж наймдугаар сарын эхний арав хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бодит гүйцэтгэлийг хэлэлцлээ.
   Тайлант хугацаанд уулын цул гаргалт 111.1 хувь, хөрс хуулалт 122.3 хувь, хүдэр олборлолт 104.5 хувь, хүдэр боловсруулалт 102.3 хувиар тус тус биелжээ. Металл авалт зэсээр 100.0 хувь, молибденоор 82.9 хувь, баяжмал дахь металлын агуулга зэсээр 101.0 хувь, молибденоор 104.1 хувь биелжээ.
   Харин ачигдсан зэсийн баяжмалын чанар 101.0 хувь бол ачигдсан зэсийн баяжмал дахь металл 105.3 хувьтай байна. Ийнхүү наймдугаар сарын эхний арав хоногийн байдлаар үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийн гүйцэтгэл 100-122.3 хувийн биелэлтэй байна.

                                        А.Бямбамаа

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Зургийн цомог