• Молибден баяжуулалтын шинэ шугамын ажил 30 хувьтай байна

    Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тавдугаар ээлжийн засварын талбайд молибден баяжуулалтын шинэ шугам барих ажил өнөөдрийн байдлаар 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, одоо шинэ шугамын металл, барилга угсралтын ажил хийгдэж байгаа юм.  Уг угсралтын ажлыг ирэх сарын 20 гэхэд дуусгахаар төлөвлөжээ. Ингэснээр флот машины угсралт, тохируулгын ажил эхлэх боломжтой болох аж. Молибден баяжуулалтын шинэ шугам барих ажлыг “Эрдэнэт лайт” ХХК гүйцэтгэж байна. Энэхүү бүтээн байгуулалт хийгдсэнээр молибдены металл авалтын хэмжээ нэмэгдэж, ашиглалтын зардал буурах, ажлын байрны нөхцөл сайжирч хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн таатай орчин бий болгох зэрэг олон талын ач холбогдол, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй юм.  “Зэс-молибдены баяжмалыг салгах молибдены дамжлагын шинэчлэл” төсөл буюу молибден баяжуулалтын шинэ шугам барих ажлын явцад АНУ-аас оруулж  ирсэн “Мill Maх” насос,  “WEMCO” инерт газыг Баяжуулах үйлдвэрийн зэс, молибден нунтаглан баяжуулах хэсэгт суурилуулна. Шинэ шугам барих ажлыг энэ оны 11 дүгээр сарын 5-нд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ дагуу бүтээн байгуулалтын ажил хийгдэж, дуусна гэж  Нунтаглан баяжуулах хэсгийн Ахлах технологич Ч.Энхбаатар онцоллоо. М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • Хаягдлын аж ахуйн цагаан тоосыг 4-5 арга хослуулан дарж байна

    Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүссэн технологийн хаягдал болох цагаан тоосны дэгдэлтийг бууруулахаар хамгийн оновчтой буюу туршилт хийгдсэн 4-5 аргыг Хаягдлын аж ахуйд хэрэгжүүлж байна. Ингэхдээ Хаягдлын аж ахуйн хуурайшилттай 800 га талбайн 573 га-г флокулянтаар, 3.2 га-г кальцийн хлорид агуулсан урвалжаар, 1 га-г хар шороон холимог усаар, 5 га-г хар шороон хөрсөөр хучжээ. Цагаан тоос дарах ажлын алба өнгөрсөн зургаадугаар сард байгуулагдсан бөгөөд тус алба дээрх ажлыг гүйцэтгэж, Автотээврийн цех шаардлагатай техник хэрэгслээр хангаад байгаа юм. Цагаан тоос үүсгэгч талбайд тусгай зориулалтын техник ашиглахын тулд гадаргуу дээр хар шороон зам тавих шаардлагатай хэмээн үзэж, 2 км орчим газарт зам тавих ажил үргэлжилж байна. Ажлын явцын талаар, Цагаан тоос дарах ажлын албаны тэргүүлэх инженер Л.Одонтунгалаг, “Манай алба жолооч, инженер, оператор гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хүн хүчний хувьд хангалттай гэж үзэж болно. Бид батлагдсан төлөвлөгөөний дагуу тохирох аргаар хучилт хийж байгаа. Шинээр ирсэн техникийн хувьд бүтээмж өндөр байна. Хар шороон хөрсөөр дардаг байсан хуучны аргаа илүү сайжруулж, талбайн хэсэгчилсэн бүсэд тохирох аргыг хэрэглэх боломж бүрдлээ. Одоо өвөл зунгүй ажиллах боломжтой болсон” хэмээн тайлбарлалаа. Ирэх есдүгээр сарын нэгнээс зуны хаялтыг өвлийн хаялт руу шилжүүлэхтэй холбогдуулан хаягдал булингад флокулянт урвалж холих ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр зуны хаялтын нийт талбайн 500-600 га-г флокулянтаар хучиж, ирэх хавар үр дүнг нь үзнэ гэдгээ албаныхан хэллээ. Захиалгын дагуу хоёр талдаа шүршигч шинэ техник үйлдвэрийн Тээвэр, ложистикийн төвд ирсэн бөгөөд хөтлөгч техник ирсний дараа Хаягдлын талбайд ашиглахаар болоод байна. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Аюул эрсдэлийг мэдээлэх “Мэдээллийн хаалгач” аппликейшн нэвтрүүллээ

    Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн ажилтнуудын санаачилгаар аюул эрсдэлийг мэдээлэх технологийн шинэ дэвшил үйлдвэрийн хэмжээнд нэвтэрч байна. Энэ нь ХАБЭА болон Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн инженер техникийн ажилтнуудын хамтран бүтээсэн аюул эрсдэлийг мэдээлэх зориулалт бүхий шинэ аппликейшн юм. Шинэ аппликейшн “Мэдээллийн хаалгач” нэртэй.  Орчин үеийн мэдээлэл, технологийн хөгжилтэй уялдуулан андройд гар утасны хэрэглэгч ажилтан бүр ашиглах боломжтой энэхүү аппликейшныг тус цехийн ажилтнууд өөрсдийн бүтээлч ажлын хүрээнд санаачлан, төсөл боловсруулж өнгөрсөн оны сүүлээс туршиж эхэлжээ. Туршилт амжилттай болсноор ийнхүү үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдлын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжтой болсныг төслийн санаачлагчдын нэг, ХАБЭА-н инженер Л.Энхжаргал хэллээ.   Эрдэнэт үйлдвэрт аюул эрсдэлийг мэдээлэх 71300 дугаарын телефон утас ажиллаж, ажилчдын зүгээс ирүүлсэн ажлын байрны болон бусад болзошгүй осол аваарын мэдээллийг бүртгэж авдаг. Өнгөрсөн жилийн хугацаанд л гэхэд дээрх дугаарт 1000 орчим дуудлага, мэдээлэл ирсэн байна. Эдгээрийг баримтжуулж үлдээхийн зэрэгцээ мэдээлэл авах үйл явцыг илүү хялбарчлан, боловсронгуй болгох, олон ажилтныг хамруулах зорилгоор  шинэ аппликейшныг бүтээх санааг гаргажээ. Ажилтнуудын саналын оролцоог нэмэгдүүлэх, аюул эрсдэлийг мэдээлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүртээмжтэй болгоход “Мэдээллийн хаалгач” аппликейшны ач холбогдол оршиж байна. ХАБЭА-н хэлтсээс тус аппликейшныг өнгөрсөн долоо хоногт нэвтрүүлж эхэлсэн бөгөөд үйлдвэрийн ажилтнуудад мэдээлэл хүргэх зорилгоор ашиглах заавар бүхий сурталчилгааны самбаруудыг цех нэгжүүдийн ажлын байранд байршуулжээ. Мөн аппликейшн ашигласнаар ямар үр дүнд хүрч байгааг дүгнэх, эргэх холбоог сайжруулах зорилгоор сургалт мэдээллийн ажлыг зохион байгуулж байна.     Ухаалаг гар утсанд суурилагдсан “Мэдээллийн хаалгач” аппликейшныг зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн ажилтан ашиглана. Гар утсандаа “Мэдээллийн хаалгач” аппликейшныг татаж суулган, ажилтны бүртгэлийн болон регистрийн дугаарын сүүлийн дөрвөн орныг оруулснаар аюул эрсдэлийн мэдээллээ бичиж, зургийн хамт илгээх боломжтой болох юм байна. М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • Оёдлын цехийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

    Эрдэнэт үйлдвэрийн дэргэд охин компанийн зохион байгуулалттай ажиллаж байсан “Эрд Сүлж” ХХК өнгөрсөн сараас шинэ бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Оёдлын цех болон ажиллаж байна. Бүтцийн нэгж болсноор үйлдвэрийн үйл ажиллагаатай уялдуулан төлөвлөгөө нормоо баримтлан ажиллаж байгааг цехийн Зөөлөн оёдлын цехийн мастер Э.Уянга ярилаа. Тухайлбал, тус цех наймдугаар сард 600 ширхэг ажлын хувцас, 280 ширхэг фудволк үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Мөн “топ менежер”-ийн ангиллын ажлын хувцсыг ХАБЭА-н даргын шийдвэрээр үйлдвэрлэж байгаа аж. Оёдлын цехийнхэн үйлдвэрийн ажилчдын 10 гаруй төрлийн ажлын хувцас үйлдвэрлэхийн зэрэгцээ гаднын байгууллага, хувь хүмүүсийн захиалга авч үйлчилдэг. Эрдэнэт хотын хэмжээнд ажиллах хүч болон тоног төхөөрөмжийн нөөц, хүчин чадлын хувьд томоохонд тооцогддогийн хувьд захиалга ихтэй, ачаалалтай ажилладаг байна. Саяхан, Ил уурхайд нийтийн хоолны “Сэлэнгэ” катеринг нээгдсэнтэй  холбоотойгоор тэнд ажиллаж буй 50 гаруй ажилтны ажлын хувцсыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын түвшинд үйлдвэрлэх болсон байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн гэрээт байгууллагууд болох “Си Ай Си”, “Эрдэнэт лайт” зэрэг компанийн ажилчдын ажлын хувцасны захиалга нэмэгджээ.   Оёдлын цех нь  “Эрд Сүлж” ХХК-ийн зохион байгуулалттай ажиллаж байх үед жилд ойролцоогоор 1.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол техник тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдсэнээр энэ тоо өссөн байна. Тухайлбал, 3 орчим тэрбум төгрөгийн баяжмалын уут, 1.5-1.7 тэрбум төгрөгийн ажлын хувцас үйлдвэрлэх гэрээ байгуулан, төлөвлөгөөг биелүүлэн ажиллаж байна. Цаашид бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээг нэмэгдүүлэх, бүрэн хүчин чадлаараа тасралтгүй ажиллах зорилт тавьж буйгаа тус цехийн Үйлдвэр технологийн албаны дарга П.Золзаяа онцоллоо.    М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
Нэвтрүүлэг

   Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөт үзүүлэлтүүд оны эхний хагас жилд 100 давсан хувиар биелж, бүтцийн нэгжүүд “Хангалттай сайн” үнэлэгдлээ. Нэгдсэн дүнгээс харахад хүдэр олборлолт өмнөх оны мөн үеэс 320 мянган тонн, хүдэр боловсруулалт 407 мянган тонн, зэсийн баяжмал 1670 тонн, молибдены баяжмал 135.6 тонн илүү үйлдвэрлэсэн байна. Эрдэнэт үйлдвэр оны эхний хагас жилд цэвэр ашгийг төлөвлөснөөс 60.8 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж, улс болон орон нутгийн төсөвт 570 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Үйлдвэрлэлийн болон санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд шинэ дээд амжилт тогтоож, Эрдэнэт үйлдвэрийн хамт олон хөдөлмөр бүтээлийнхээ үр шимийг амжилтаар ахиуллаа.
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх “Үйл ажиллагааны хагас жилийнхээ тайланг дүгнэхэд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтүүд бидний хүссэн хэмжээнд хараахан хүрсэнгүй. Ирээдүйг харсан томоохон төслүүдээ хөдөлгөж, хөрөнгө оруулалтын төлөвлөсөн ажлуудаа цаг алдалгүй хийх шаардлагатайг бидэнд сануулж байна. Тендерийн тухай хууль болон тендерт оролцогч компаниудын маргаантай асуудлаас болж хугацаа алдсан ажлууд бий. Энэ оны хоёрдугаар хагас буюу 7, 8, 9 дүгээр сарыг дуустал эдгээр хөрөнгө оруулалтын ажлаа нөхөх нэгдсэн төлөвлөгөө гаргалаа” хэмээсэн. Уурхайчид хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтийг 10 дугаар сарын 1-нд 75 хувь, оны төгсгөлд 100 хувьд хүргэх зорилго тавьжээ.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс


 

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны долоодугаар сарын 18-ны өдрийн А656 тоот тушаалаар үйлдвэрийн газарт Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрүүдийг боловсруулан, хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үйлдвэрийн газрын ажилтнуудын дунд “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”, “Ахмад ажилтанд зориулсан хөтөлбөр”, “Залуу ажилтныг дэмжих манлайллын хөтөлбөр”-ийг боловсруулахад шаардлагатай тандалтын судалгааг ажлын хэсгийн гишүүд мэргэжлийн сэтгэл зүйн багтай хамтран хийж эхэллээ.
   Хүний нөөцийн цогц хөтөлбөр нь ур чадвартай, мэдлэг боловсролтой ажилтныг дэмжин урамшуулж, хөдөлмөрийн бүтээмжийг үнэн зөвөөр үнэлэн, ажилчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, аюулгүй ажиллагааг хангахад чиглэх юм. Судалгаанд оролцогчдыг Эрдэнэт үйлдвэрийн 6500 гаруй ажилтнаас түүврийн аргаар сонгон авч, 400 хүнийг хамруулахаар төлөвлөжээ. Цогц хөтөлбөрийг ирэх есдүгээр сарын сүүлчээр боловсруулж, 10 дугаар сарын нэгнээс хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэж байна.   

И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог