• Аюул эрсдэлийг мэдээлэх “Мэдээллийн хаалгач” аппликейшн нэвтрүүллээ

    Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн ажилтнуудын санаачилгаар аюул эрсдэлийг мэдээлэх технологийн шинэ дэвшил үйлдвэрийн хэмжээнд нэвтэрч байна. Энэ нь ХАБЭА болон Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн инженер техникийн ажилтнуудын хамтран бүтээсэн аюул эрсдэлийг мэдээлэх зориулалт бүхий шинэ аппликейшн юм. Шинэ аппликейшн “Мэдээллийн хаалгач” нэртэй.  Орчин үеийн мэдээлэл, технологийн хөгжилтэй уялдуулан андройд гар утасны хэрэглэгч ажилтан бүр ашиглах боломжтой энэхүү аппликейшныг тус цехийн ажилтнууд өөрсдийн бүтээлч ажлын хүрээнд санаачлан, төсөл боловсруулж өнгөрсөн оны сүүлээс туршиж эхэлжээ. Туршилт амжилттай болсноор ийнхүү үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдлын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжтой болсныг төслийн санаачлагчдын нэг, ХАБЭА-н инженер Л.Энхжаргал хэллээ.   Эрдэнэт үйлдвэрт аюул эрсдэлийг мэдээлэх 71300 дугаарын телефон утас ажиллаж, ажилчдын зүгээс ирүүлсэн ажлын байрны болон бусад болзошгүй осол аваарын мэдээллийг бүртгэж авдаг. Өнгөрсөн жилийн хугацаанд л гэхэд дээрх дугаарт 1000 орчим дуудлага, мэдээлэл ирсэн байна. Эдгээрийг баримтжуулж үлдээхийн зэрэгцээ мэдээлэл авах үйл явцыг илүү хялбарчлан, боловсронгуй болгох, олон ажилтныг хамруулах зорилгоор  шинэ аппликейшныг бүтээх санааг гаргажээ. Ажилтнуудын саналын оролцоог нэмэгдүүлэх, аюул эрсдэлийг мэдээлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүртээмжтэй болгоход “Мэдээллийн хаалгач” аппликейшны ач холбогдол оршиж байна. ХАБЭА-н хэлтсээс тус аппликейшныг өнгөрсөн долоо хоногт нэвтрүүлж эхэлсэн бөгөөд үйлдвэрийн ажилтнуудад мэдээлэл хүргэх зорилгоор ашиглах заавар бүхий сурталчилгааны самбаруудыг цех нэгжүүдийн ажлын байранд байршуулжээ. Мөн аппликейшн ашигласнаар ямар үр дүнд хүрч байгааг дүгнэх, эргэх холбоог сайжруулах зорилгоор сургалт мэдээллийн ажлыг зохион байгуулж байна.     Ухаалаг гар утсанд суурилагдсан “Мэдээллийн хаалгач” аппликейшныг зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн ажилтан ашиглана. Гар утсандаа “Мэдээллийн хаалгач” аппликейшныг татаж суулган, ажилтны бүртгэлийн болон регистрийн дугаарын сүүлийн дөрвөн орныг оруулснаар аюул эрсдэлийн мэдээллээ бичиж, зургийн хамт илгээх боломжтой болох юм байна. М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • Хаягдлын аж ахуйн цагаан тоосыг 4-5 арга хослуулан дарж байна

    Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүссэн технологийн хаягдал болох цагаан тоосны дэгдэлтийг бууруулахаар хамгийн оновчтой буюу туршилт хийгдсэн 4-5 аргыг Хаягдлын аж ахуйд хэрэгжүүлж байна. Ингэхдээ Хаягдлын аж ахуйн хуурайшилттай 800 га талбайн 573 га-г флокулянтаар, 3.2 га-г кальцийн хлорид агуулсан урвалжаар, 1 га-г хар шороон холимог усаар, 5 га-г хар шороон хөрсөөр хучжээ. Цагаан тоос дарах ажлын алба өнгөрсөн зургаадугаар сард байгуулагдсан бөгөөд тус алба дээрх ажлыг гүйцэтгэж, Автотээврийн цех шаардлагатай техник хэрэгслээр хангаад байгаа юм. Цагаан тоос үүсгэгч талбайд тусгай зориулалтын техник ашиглахын тулд гадаргуу дээр хар шороон зам тавих шаардлагатай хэмээн үзэж, 2 км орчим газарт зам тавих ажил үргэлжилж байна. Ажлын явцын талаар, Цагаан тоос дарах ажлын албаны тэргүүлэх инженер Л.Одонтунгалаг, “Манай алба жолооч, инженер, оператор гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хүн хүчний хувьд хангалттай гэж үзэж болно. Бид батлагдсан төлөвлөгөөний дагуу тохирох аргаар хучилт хийж байгаа. Шинээр ирсэн техникийн хувьд бүтээмж өндөр байна. Хар шороон хөрсөөр дардаг байсан хуучны аргаа илүү сайжруулж, талбайн хэсэгчилсэн бүсэд тохирох аргыг хэрэглэх боломж бүрдлээ. Одоо өвөл зунгүй ажиллах боломжтой болсон” хэмээн тайлбарлалаа. Ирэх есдүгээр сарын нэгнээс зуны хаялтыг өвлийн хаялт руу шилжүүлэхтэй холбогдуулан хаягдал булингад флокулянт урвалж холих ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр зуны хаялтын нийт талбайн 500-600 га-г флокулянтаар хучиж, ирэх хавар үр дүнг нь үзнэ гэдгээ албаныхан хэллээ. Захиалгын дагуу хоёр талдаа шүршигч шинэ техник үйлдвэрийн Тээвэр, ложистикийн төвд ирсэн бөгөөд хөтлөгч техник ирсний дараа Хаягдлын талбайд ашиглахаар болоод байна. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Оёдлын цехийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

    Эрдэнэт үйлдвэрийн дэргэд охин компанийн зохион байгуулалттай ажиллаж байсан “Эрд Сүлж” ХХК өнгөрсөн сараас шинэ бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Оёдлын цех болон ажиллаж байна. Бүтцийн нэгж болсноор үйлдвэрийн үйл ажиллагаатай уялдуулан төлөвлөгөө нормоо баримтлан ажиллаж байгааг цехийн Зөөлөн оёдлын цехийн мастер Э.Уянга ярилаа. Тухайлбал, тус цех наймдугаар сард 600 ширхэг ажлын хувцас, 280 ширхэг фудволк үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Мөн “топ менежер”-ийн ангиллын ажлын хувцсыг ХАБЭА-н даргын шийдвэрээр үйлдвэрлэж байгаа аж. Оёдлын цехийнхэн үйлдвэрийн ажилчдын 10 гаруй төрлийн ажлын хувцас үйлдвэрлэхийн зэрэгцээ гаднын байгууллага, хувь хүмүүсийн захиалга авч үйлчилдэг. Эрдэнэт хотын хэмжээнд ажиллах хүч болон тоног төхөөрөмжийн нөөц, хүчин чадлын хувьд томоохонд тооцогддогийн хувьд захиалга ихтэй, ачаалалтай ажилладаг байна. Саяхан, Ил уурхайд нийтийн хоолны “Сэлэнгэ” катеринг нээгдсэнтэй  холбоотойгоор тэнд ажиллаж буй 50 гаруй ажилтны ажлын хувцсыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын түвшинд үйлдвэрлэх болсон байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн гэрээт байгууллагууд болох “Си Ай Си”, “Эрдэнэт лайт” зэрэг компанийн ажилчдын ажлын хувцасны захиалга нэмэгджээ.   Оёдлын цех нь  “Эрд Сүлж” ХХК-ийн зохион байгуулалттай ажиллаж байх үед жилд ойролцоогоор 1.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол техник тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдсэнээр энэ тоо өссөн байна. Тухайлбал, 3 орчим тэрбум төгрөгийн баяжмалын уут, 1.5-1.7 тэрбум төгрөгийн ажлын хувцас үйлдвэрлэх гэрээ байгуулан, төлөвлөгөөг биелүүлэн ажиллаж байна. Цаашид бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээг нэмэгдүүлэх, бүрэн хүчин чадлаараа тасралтгүй ажиллах зорилт тавьж буйгаа тус цехийн Үйлдвэр технологийн албаны дарга П.Золзаяа онцоллоо.    М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
Нэвтрүүлэг

   Эрдэнэт үйлдвэрийн үүднээс нь эхлээд бүхий л ойр орчны өнгө үзэмжийг тодорхойлж байдаг Аж ахуй, үйлчилгээний цехийнхэн мягмар гаригийн чөлөөт цагаа спорт ордонд хамтдаа өнгөрөөв. Учир нь тус цехийн хамт олон цехийнхээ ахмад ажилтны нэг Э.Тогтохдаваагийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, хоорондоо өрсөлдсөн юм.  Аж ахуй, үйлчилгээний цехийн мужаан  Э.Тогтохдаваа Эрдэнэт үйлдвэрт  37 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр үндсэн ажлынхаа хажуугаар спортын  төрлөөр хичээллэж, эрүүл тэгш бие бялдартай болох,  чөлөөт цагаа зөв өнгөрөөх, спортоор дамжуулан хамт олны нөхөрсөг холбоог бэхжүүлэх зэрэг зөв дадал, хэвшлээрээ олон залууст үлгэр дуурайл үзүүлж явна. 
   Эрдэнэт үйлдвэрийн захиргаанаас ажилчдын эрүүл мэнд, чөлөөт цагт зориулан зохион байгуулж ирсэн уламжлалт уралдаан тэмцээн, өвөл зуны спартакиад, бага олимпод байнга идэвхтэй оролцож, эхний байранд тогтмол шалгаран цехийнхээ нэрийг өргөж яваа түүнд хамт олон нь ийнхүү хүндэтгэл үзүүлсэн байна. “Миний хөдөлмөр зүтгэл, идэвх оролцоог үнэлэн, нэрэмжит тэмцээн зохион байгуулах санаачилга гаргасан хамт олондоо их баярлаж байна. Спортоор хичээллэж, эрч хүч дүүрэн, өндөр бүтээмжтэй ажиллаарай гэж залуучууддаа захья” гэж Э.Тогтохдаваа сэтгэгдлээ хуваалцав. Эрдэнэт үйлдвэрийн Аж ахуй, үйлчилгээний цех 100 гаруй ажиллагсадтай, үйлдвэрийн гадна дотнын бүхий л тохижилт үйлчилгээг хариуцан ажилладаг хамт олон. Гар бөмбөгийн тэмцээнд тус цехийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон бөгөөд энэ үеэр Э.Тогтохдаваа Монгол улсын “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” боллоо. Э.Тогтохдаваагийн нэрэмжит шилжин явах цомын төлөөх гар бөмбөгийн тэмцээнийг жил бүр зохион байгуулах ажээ.  

М.Балжинням

   Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд хамгаалалтын 4М далан барих Ажлын хэсгийн ес дэх удаагийн хуралдаан өнөөдөр боллоо. Хүн хүч, техник, цаг хугацаа шаардсан нүсэр ажлын хүрээнд 167 000 куб.м уулын цул гарган далан байгуулахаас 80 орчим хувийн гүйцэтгэлтэй явна. 4М далангийн урт нь 1501 метр, өндөр нь таван метр, суурийн өргөн нь 27 метр байх бөгөөд холбох шугамын ажил зэрэгцэн хийгдэж байна. Одоогийн байдлаар 400 метр шугам хоолой хүлээлгэн өгсөн амжилттай, төлөвлөгөөгөө давуулан биелүүлж явна гэж уул уурхайн Тэргүүлэх инженер Д.Очирбат ярилаа.
   Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын санд хамгаалалтын шинэ далан барьснаар үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагаа бүрэн хангагдаж, ашиглалтын хугацаа 4-6 жилээр уртсахаас гадна байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлэх юм. Энд Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Авто тээврийн цехийн ажиллагчид болон Гэрээт цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчид хамтран ажиллаж, шинэ даланг наймдугаар сарын таванд ашиглалтад оруулахаар хичээн ажиллаж байна.     

М.ОДГЭРЭЛ


 

   Эрдэнэт үйлдвэр ажиллагсдынхаа эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд “Халуун хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Монгол Улсын Тендерийн тухай хуулийн дагуу халуун хоол үйлдвэрлэлийн компаниудыг шалгаруулан уурхайчдыг халуун,  чанартай хоолоор хангах чиглэлээр хамтран ажилладаг.   Тус үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсээс халуун хоолоор үйлчилж буй компаниудын үйл ажиллагаа, хоолны чанар, хэмжээ, хүнсний эрүүл ахуйд өдөр тутам хяналт тавин, зөвлөмж анхааруулга өгч ажиллаж байна.  Өнөөдрийн байдлаар, Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдад халуун хоолны үйлдвэрлэл, үйлчилгээг “Хаан хүнс”,” Таятан фүүд” зэрэг компаниуд үзүүлж байна. “Таятан фүүд” компани нь өнгөрсөн 6 дугаар сараас Засвар механикийн заводын ажилчдад халуун хоолоор үйлчилж эхэлжээ. Тус компанийн үйл ажиллагаанд хийсэн шалгалт, хяналтын явцад Хүнсний аюулгүй байдлын стандарт, нийтийн хоолны үйлчилгээний  журмыг мөрдөж,  ямар нэг зөрчил дутагдалгүй ажиллаж буйг ХАБЭА-н хэлтсийн хүнсний эрүүл ахуйч эмч Ц.Оюунгэрэл ярилаа. Түүнчлэн эхний үед  хоол үйлдвэрлэл, чанар, хэмжээний талаар  ажилчдын сэтгэл ханамж тааруу, тодорхой гомдол санал гарч байсны дагуу удаа дараагийн хяналт, шалгалт, анхааруулга зөвлөмж өгсний үр дүнд  үйлчилгээ болон чанар эрс сайжирсныг нэмж онцлов.
   Нийтийн  хоол үйлдвэрлэлийн “Таятан фүүд” компани нь үйлдвэрийн ажилчдын илчлэг, нормыг хангах, эрүүл мэнд эрч хүч нөхөх чанартай хоолоор хангах зорилт тавин, Засвар механикийн заводын ажилчдад үдийн хоолоор үйлчилж байна. Хүнд нөхцөлд ажилладаг ажилчин хүн өдөрт 3200-3800 илчлэгийг хоолоор дамжуулан авах ёстой аж. Тиймээс энэхүү хэмжээ болон бусад чанар стандартыг мөрдөхийн зэрэгцээ төрөл сонголтыг ажилчдын санал хүсэлтэд  тулгуурлан гаргаж, халуун хоол үйлдвэрлэж байгаагаа тус компанийн Зөвлөх тогооч, Монгол Улсын Мастер тогооч Ю.Ганболд хэлэв.  Тус  компанийн мэргэжлийн зэрэгтэй 10 гаруй тогооч, ажилтнуудаас бүрдсэн  30 орчим хүнтэй баг 4 ээлжээр ажиллаж, нэг, хоёрдугаар хоолны 2-3 сонголт бүхий халуун хоолоор Засвар механикийн заводын ажилчдад  үйлчилж байна.   

М.Балжинням

   Эрдэнэт үйлдвэрийн техникийн шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Дулаан агааржуулалтын албанд суурилуулсан хийн үлээгүүр машины туршилтын асаалт амжилттай болж хэвийн ажиллаж эхэллээ. Хөвүүлэн баяжуулах машинуудыг агаараар хангах зориулалттай хийн үлээгүүрийн уг машиныг 72 цагийн турш технологийн горимд ажиллуулан туршиж, ийнхүү хүлээж авав. Францын “Continental industrie” фирмийн Blower type-700,05 маркийн уг машин өмнөхөөсөө хоёр дахин илүү хүчин чадалтай бөгөөд баяжуулалтын үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, тоног төхөөрөмжийн тогтвортой найдвартай ажиллагааг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй аж. Энэ машиныг суурилуулснаар цахилгаан эрчим хүчний зардлыг 40 хувиар бууруулах юм. Энэ тооцоогоор авч үзвэл тухайн машин өртгөө хоёр жилийн дотор нөхнө гэж мэргэжилтнүүд үзэж байна. Туршилтын асаалтын  үеэр Итали улсаас мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, механик болон цахилгааны тохируулгын ажил хийж, ажилчдад зориулсан сургалт хийв.

Я.ЭНХТУЯА


 

   Монгол улсын хэмжээнд сүрьеэгийн өвчлөл өндөртэй долоон аймгийн нэгээр Орхон аймаг бүртгэгдсэн. Сүрьеэгийн өвчлөлийг бууруулахад далд хэлбэрийн сүрьеэг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох нь чухал гэж үзсэн эрүүл мэндийн салбарынхан ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийнхныг Орхон аймагт ажиллах санал тавьжээ. Орхон аймгийн хэмжээнд он гарсаар сүрьеэгийн 40 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Улсын хэмжээнд жилд 4000 гаруй шинэ тохиолдол илэрч, түүний 70 гаруй хувийг 16-45 насныхан эзэлж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Номхон далайн бүсийн 37 оронд явуулсан судалгаагаар сүрьеэгийн тархалт өндөртэй долоон орны нэгд Монгол улс орсон. Газар нутаг бага, хүн амын төвлөрөл их, түр оршин суугч болон дайран өнгөрөгч олонтой газарт энэ төрлийн өвчлөл их байх магадлал өндөртэйг салбарынхан хэлж байна. Мөн ажилгүйдэл, архидалт, хүн амын амьжиргааны түвшин, орчны нөхцөл байдал, хоол хүнс, хүмүүсийн амьдралын хэв маяг нь өвчлөлд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тиймээс тухайн хүн 14-өөс дээш хоногоор ханиалгах, халуурах, ядрах, хөлрөх, биеийн жин буурах, цустай цэр гарсан тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэйг зөвлөлөө.

И.Чинтогтох

Бүлэг Орон нутаг

   Засвар механикийн заводын Зохион бүтээх товчооны инженерүүд үйлдвэрлэлд өндөр үр ашигтай шинэ насос нэвтрүүлэхээр зохион бүтээж байна. Энэхүү шинэ насос нь  Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт булинга шахах зориулалттай үндсэн тоног төхөөрөмж юм. Өөрөөр хэлбэл, одоо ашиглаж буй “Грат-1400” насосны суурин дээр угсарч ажиллуулах бөгөөд “Грат-1400” насосны дараагийн боловсронгуй хувилбар буюу зөвхөн Эрдэнэт үйлдвэрт зориулагдаж буйгаараа онцлог юм. Уг насосны зураг төслийг ирэх 8 сард  бүрэн дуусгахаар төлөвлөж байна.
   Насосны зураг төслийг “Грат-1400” насосноос хүчин чадал болон ажиллах хугацааг илүү байхаар зохион бүтээж байгаа аж. Баяжуулах үйлдвэрийн технологийн онцлогт тохируулан гидроцеклон буюу хамгийн өндөр бүтээмжтэй насос үйлдвэрлэхээр зорьж буйгаа инженерүүд онцлов.  Шинэ насосыг тус заводын инженерүүд өөрсдөө хийж, патентлуулан шинэ бүтээгдэхүүн болгон гаргана. Гаднаас зөвхөн холхивч авах бөгөөд бусад бүх эд ангийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэх юм.  Тэгэхээр энэ насосыг Эрдэнэт үйлдвэрийн нэрийн бүтээгдэхүүн гэж хэлж болно.
   Уг насосыг ашиглаж эхэлснээр бүтээмж дээшлэхээс гадна хамгийн гол үзүүлэлт нь ажлын цаг уртсах давуу талтай аж. Тодруулж хэлбэл, олон насос солихгүйгээр нэг насос урт хугацаанд ажиллах  боломжтой болох юм. Нэг насосны ажиллах  хугацааг  450-500 цаг гэж тооцоолон  зураг төслөө хийжээ. Одоо ашиглаж буй насос нь 370 цаг ажилладаг бол  шинэ насос ажилуулснаар  60-70 цагийн хэмнэлт гарч, жилд ажиллах насосны тоо багасна гэсэн үг. Цөөн насос урт хугацаанд ажиллах нь үйлдвэрлэлийн үйл явцад эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн өндөр үр өгөөжтэй.
   Засвар механикийн заводын Зохион бүтээх товчооны инженерүүд энэхүү насосны зураг төслөө инновацийн төсөл болгон хэрэгжүүлэхийн зэрэгцээ оюуны өмчид бүртгүүлэх зорилттой ажиллаж байна. Түүнчлэн бусад компанийн захиалгаар тухайн онцлогт нь зориулан насос үйлдвэрлэх боломжтой болжээ. Тиймээс 450-500 цаг ажиллах насос үйлдвэрлэх энэ төсөл маань бодитой хэрэгжиж, өндөр үр өгөөжтэй ажил болно гэдэгт итгэлтэй байна  гэж Засвар механикийн заводын Зохион бүтээх товчооны инженер, зохион бүтээгч Ц.Чулуун-Эрдэнэ ярилаа.

М.Балжинням

 

   "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь 2019 оны эхний хагас жилийн байдлаар үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийг 100-111.7 хувиар биелүүлэн ажиллаж улс, орон нутгийн төсөвт 530 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Энэ мөнгөөр зам болон дэд бүтцийн чиглэлээр юу хийж болох вэ? 
   Ойролцоогоор 300 км асфальтан зам тавьж болох бол 200 км төмөр зам ч барих боломжтой юм. Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор дагавар хотууд бий болгох талаар ярьж эхлээд байгаа энэ үед Эрдэнэт Улаанбаатарыг шууд холбох 270 км шулуун замыг энэ мөнгөөр тавих бүрэн боломжтой гэсэн үг. Ингэвэл цаг, мөнгө хэмнэсэн томоохон ажил болохоос гадна зам дагасан хот суурин баригдаж, хөгжил цэцэглэлтэд ч эергээр нөлөөлөх нь дамжиггүй. 
   Ийнхүү улс, орон нутагт хэрэгцээтэй авто болон төмөр зам, барилга байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажлыг зөвхөн энэ оны эхний хагас жилд төвлөрүүлсэн 530 тэрбум төгрөгөөр хийх боломж бий.

А.Бямбамаа




 

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог