• Ажилчдын хоолны чанар, стандарт, эрүүл ахуйд хяналт тавин ажиллаж байна

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсгийнхэн үйлдвэрийн ажилчдын хоолны чанар, стандарт, эрүүл ахуйд хяналт тавин ажиллаж байна. Ажилчдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэгч “Хаан Хүнс Катеринг” ХХК, “Таятан фүүд” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөх тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАХ-ийн эрүүл ахуйч эмч нар, “Эрдэнэт” сувиллын цогцолборын хоол зүйч, Хуулийн хэлтсийн хуульч болон Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Олон нийттэй харилцах албаны төлөөлөл багтжээ.    “Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа халуун хоолны асуудлыг 2005 онд шийдвэрлэж, хоолны амт чанар, үйлчилгээг алхам алхмаар сайжруулсаар ирсэн. Ажилчдаас ирсэн санал хүсэлтийн дагуу ажлын хэсэг байгуулагдлаа. Цаашид зөөврийн хоол хүлээн авч байгаа орчны эрүүл ахуй, тав тухыг сайжруулах тал дээр тодорхой ажлууд хийнэ” гэдгээ Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбат хэллээ. Ажлын хэсгийнхэн үзлэг шалгалтын холбогдох дүнг үйлдвэрийн удирдлагуудад танилцуулж, цаашид авах арга хэмжээг тодорхой болгоно. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Инженерийн зураг төслийн төвийнхөн оны эхний хагас жилд бүтэн жилийн ажлаа гүйцэтгэжээ

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон оны эхний  хагас жилийн байдлаар 2019 оны төлөвлөгөөт даалгавраа бүрэн гүйцэтгэж, дараа жилийн ажилдаа ороход бэлэн болжээ. Тайлант хугацаанд 267 зураг төслийн даалгавар гүйцэтгэж, 559 төсөв зохиожээ. Хөрөнгө оруулалтын 228 даалгавар гүйцэтгэж, төлөвлөгөөгөө 100-111 хувиар биелүүлсэн байна. 2019 оны төлөвлөгөөт даалгавраа оны эхний хагаст хийж гүйцэтгэсэн бүтээлч хамт олон дээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон орлогч захирлууд, газар, хэлтсийн дарга нарын төлөөллүүд өнөөдөр очиж уулзан баяр хүргэлээ. Энэ үеэр үйлдвэрийн удирдлагууд  ажилчдын санал хүсэлтийг сонслоо. Тус хамт олон 2020 оны ажлыг хийж гүйцэтгэхэд хүн хүчний дутагдал, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа тухай үйлдвэрийн удирдлагуудад санал хүсэлт тавилаа. Түүнчлэн залуу ажилчид орон сууцны хөнгөлөлтийн асуудлын талаар тодруулсан юм. Үйлдвэрийн удирдлагууд ажилчдын гаргасан санал хүсэлтийг хүлээн авч, судлан шийдвэрлэхээр боллоо. А.Бямбамаа   Дэлгэрэнгүй...
  • Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа чухал

       Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын аюулгүй, зөв ажиллахад саад болж байгаа хүчин зүйлийн талаар мэдээллийг авах 71300 дугаарын утсанд өнгөрөгч долоо хоногт нийт 14 санал, хүсэлт, мэдээлэл ирсэн байна. Үүнээс: ажлын байр орчинтой холбоотой дөрөв, тээврийн хэрэгсэл, хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой дөрөв, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлтэй холбоотой нэг, ахуй хангамжтай холбоотой нэг, бусад чиглэлийн дөрвөн мэдээлэл тус тус ирсэн байна. Ажилчдаас ирүүлсэн мэдээллийн дагуу, холбогдох бүтцийн нэгжүүдийн ХАБЭА-н инженерүүдтэй зөвлөлдөж яаралтай арга хэмжээ авч, зөрчил дутагдлыг газар дээр нь арилган ажиллалаа.    Сүүлийн үед усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул үер усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж онц шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутаг /гол мөрний эрэг дагуу/-аар зорчихгүй байх, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд сэлэхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, бүтцийн нэгжүүд өөрсдийн хариуцсан барилга байгууламж, объектууддаа тавих анхаарал хяналтыг өндөржүүлэх, газар шорооны ажил хийж гүйцэтгэх тохиолдолд ХАБЭА-н дотоод нийтлэг дүрэмд заасны дагуу нуралтаас сэргийлж хаалт, хамгаалалт хийж байх, цахилгаан тоног төхөөрөмж, байгууламжуудын аюулгүй байдлыг хангуулах хяналтыг тогтмол хийж байхыг анхааруулж байна.    Мөн ажилтан та ажиллаж буй тоног төхөөрөмж дээр ажил гүйцэтгэх үедээ тухайн тоног төхөөрөмж дээр ажиллах үед мөрдөгдөх ХАБ-ын заавар, технологийн горим, эрсдэлийн үнэлгээнд тусгагдсан аюулгүй байдлын арга хэмжээ зэргийг сайтар судлан, өөрт болон бусдад аюул учруулахгүй байхад анхаарч ажиллахыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс сануулж байна. А.Бямбамаа   Дэлгэрэнгүй...
  • Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд биелсэн амжилттай байна

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон долоодугаар сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийн бодит гүйцэтгэлийг өчигдөр хэлэлцлээ. Тайлант хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд 100-110.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Уулын цул гаргалтын төлөвлөгөөг 107.5 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөөг 110.3 хувь, хүдэр олборлолт төлөвлөгөөнөөс илүү 113.9 мянган тонноор илүү буюу 105.5 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.     Хүдэр дэх металлын агуулга зэсээр 104.9 хувь, молибден 85.6 хувийн гүйцэтгэлтэй байна. Баяжмал дахь металлын агуулга зэсээр 100.7 хувь, молибденоор 103.1 хувь, ачигдсан зэсийн баяжмалын чанар 100.7 хувь, ачигдсан молибдены баяжмалын чанар 103.1 хувьтай байна. А.Бямбамаа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Дулааны цахилгаан станцын “их зогсолт” тав хоногийн дараа эхэлнэ

       Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын хамт олон оны эхний хагас жилийн байдлаар  амжилттай сайн ажиллаж үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийг  дулаан цахилгаанаар тасралтгүй ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар станцын гуравдугаар зуухны их засварын ажил ид явагдаж угсралтын ажил хийгдэж эхэллээ.    Дулааны цахилгаан станц нь жилийн турш тасралтгүй  үйл ажиллагаатай учир жилд нэг удаа техник тоног төхөөрөмжийг бүрэн зогсоож засвар үйлчилгээ хийдэг. Ингэхийн тулд диспетчерын үндэсний төвтэй харилцан тохирдог.  Их зогсолтын ажлыг энэ сарын 27-ны өдрөөс эхлэн 24 цагийн турш хийхээр бэлтгэл ажил нь бүрэн хангагджээ.    Их зогсолтоор уурын хаалтууд, шугам хоолой, худаг зэрэгт засвар үйлчилгээ хийхээс гадна тоног төхөөрөмжийн их цэвэрлэгээний ажлыг энэ үеэр хийх тухай Дулааны цахилгаан станцын дарга Г.Мөнх-Эрдэнэ мэдээллээ. А.Бямбамаа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Д.ЭРДЭНЭБАТ: Орос цэцэрлэг, сургуулийнхаа лицензийг авч, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна

       Ирэх хичээлийн жилд орос цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хэрхэн авч явах талаар Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.    - Эрдэнэт үйлдвэрийн нэгж бүрэлдэхүүн болох орос цэцэрлэг, сургуулийн бүтэц, үйл ажиллагааг цаашид хэрхэн авч явахаар төлөвлөж байна вэ?    - Манай хэлтэс нийгмийн цехүүдийн үндсэн үйл ажиллагааг чиглүүлж, удирдаж, хянахын зэрэгцээ орон сууцны болон нийгмийн төслүүдийг удирдан, зохион байгуулах, орон нутгийн байгууллагатай холбогдож байгаа харилцааны асуудлыг цэгцлэх үүрэгтэй ажиллаж байна.    “Эрдэнэт” үйлдвэрийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбогдуулан орос цэцэрлэг, сургуулийн статусыг ирэх хичээлийн жилээс урьтан шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай боллоо. 2018 оны тавдугаар сард Орхон аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас орос цэцэрлэг, 19 дүгээр сургууль, Технологийн сургуулийн лицейн зөвшөөрлийг цэгцлэх талаар албан бичиг ирүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх орос цэцэрлэг, сургууль нь ОХУ-ын боловсролын стандартын дагуу сургалт явуулсаар өнөөг хүрсэн. Гэтэл “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын байгууллага нь Монгол Улсын стандарт, хуулийг хэрэгжүүлж ажиллана” гэсэн хуулийн заалт байгааг боловсролын салбарын шат шатны байгууллага бидэнд танилцуулсан. Өнгөрсөн оны тухайд Технологийн сургуулийн дэргэдэх лицейн зөвшөөрлийг авсан. Цаашид хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахдаа лицензтэй болох нь чухал юм байна. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 19-р сургуулийг орос  сургуулиар нь байлгах тал дээр санаачилга гарган, бидний ажлыг сайшаан дэмжиж байгаа.    - Лиценз авснаар гарах давуу талууд юу байна вэ?    - Бид лицензээ авчихвал монгол сургуулиудын нэгэн адил  үдийн цай хөтөлбөр  гэх мэт зардлыг  төрөөс даана. Нөгөө талаас орос сургуулийн төгсөгчид маань үнэлгээний зөрүүнээс хамаарч Монголын БСШУСЯ-ны цахим санд бүртгэгдэхгүй байгаа асуудал нэг тийш шийдэгдэнэ.    - Орос цэцэрлэг, сургууль бүрэн хүчин чадлаараа ажилладаг уу?    - Орхон аймгийн иргэд, Эрдэнэт үйлдвэрийн ажилчид орос цэцэрлэг, сургуулиа бусад ерөнхий боловсролын сургуулийн нэгэн адил бүх зардал нь улсын төсвөөс шийдэгддэг байхыг хүсэж байна. Орос сургууль маань 1000-1200, цэцэрлэг 220 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Цэцэрлэгт 240 орчим хүүхэд хүмүүжиж байна. Сүүлийн жилүүдэд Орос мэргэжилтнүүд  нутаг буцсантай холбогдуулан цэцэрлэг, сургуульд тус бүр 40 гаруй орос хүүхэд суралцаж байна. 2014 оноос хойших мэдээллийг нэгтгэж үзэхэд  19 дүгээр сургуульд суралцсан хүүхдийн тоо жил тутам 450-иас дээш бараг гараагүй. 2016 онд тус сургуульд 477 хүүхэд суралцаж байсан. Энэ жил 433 хүүхэд байх жишээтэй. Үүнийг дагасан асар их зардал гарч, нэг хүүхдийн сарын сургалтын зардал 600 мянга болж байна.   - Орос цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бий юу?   - Өнөөдөр орос цэцэрлэгийг жилд 70 хүүхэд төгсөж байна. Цэцэрлэгийн хүчин чадлаа нэмэхийн тулд өргөтгөл хийх шаардлагатай болно. Эхний ээлжинд зөвшөөрлөө авч, дараа нь ямар алхам хийхээ шийднэ. “Уурхайчин 1, 2, 3” дугаар хорооллууд баригдаж эхэллээ. Бид “Уурхайчин нэг” хорооллын дунд орос сургуультай хамтарсан өдөр өнжүүлэх бүлэг хичээллүүлэх тухай ярьж, энэ хүрээнд судалгаа явуулж байна. Одоогоор орос цэцэрлэг, сургуулийнхаа лицензийг авахын тулд бичиг баримтаа боловсруулах шатанд явна. Нэлээдгүй бичиг баримт шаардагдах тул цэгцэлж, нэгтгэх ажлуудаа Хуулийн хэлтэстэй хамтран хийж байна.   - Орос хэлний төрөлжсөн сургалтаа хэвээр авч үлдэхийн тулд бид юу хийх ёстой вэ?   - Манай хэлтсийнхэн Улаанбаатар хотноо ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Плехановын академийн салбар сургуулиас  туршлага судалсан. Тэнд 1-11 дүгээр ангийг бэлтгэл бүлэгтэйгээр хичээллүүлдэг юм байна. Мөн БСШУСЯ-наас зөвшөөрөл авахдаа “Оросын стандартын дагуу сургалт явуулах зөвшөөрөл авч, төлбөртэй сургалт хэлбэрээр үйл ажиллагаагаа зохион байгуулдаг” тухай ярьсан. Сүүлийн таван жилийн судалгааны дүнгээр элсэгчдийн тоо нь өсөлттэй гарч, суралцагсдын 98 хувийг монгол хүүхдүүд эзэлж байна. Үүнээс харахад орос хэлний боловсролын эрэлт хэрэгцээ өсч байгааг харж болох юм. Тус академийн удирдлагууд монгол хэл, уран зохиол, монголын түүхийн  хичээлийн цаг бага  учир хүүхдүүд нь монгол хэлэндээ тааруу, Ерөнхий боловсролын сургууль төгсөхдөө монгол хэлний суурь шалгалтад хангалтгүй дүн үзүүлдэг, монгол хүн болж төлөвшиж чадахгүй байгаа талаар ярьсан. Орос, буриад багш нар байдгаас ийм нөхцөл үүссэнийг бидэнд хэлж, дутагдлыг маань арилгаарай гэж зөвлөсөн.    Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд социалогич байх шаардлагатай гэж үзэж, манай хэлтэст мэргэжилтэн ажиллаж байна. Мэргэжлийн хүнтэй болсноор орос сургуулийг төлбөртэй байлгах уу, монгол хэлний хичээлийн  цагийг нэмэгдүүлэх үү, багш нэмж авах ёстой юу, Эмнэлэг сувиллын цогцолборыг энэ хэвээр байлгах уу, Спорт цогцолбороо хэрхэн идэвхжүүлэх вэ зэрэг тал бүрээр судалгаа хийж ажиллана. Юун түрүүнд Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад хүртээх дэмжлэг туслалцаа, төсөл хөтөлбөрийг судалгааны үндсэн дээр шийдэх юм. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Ш.ДАВААХҮҮ: Монгол төрийн их баяр наадмыг улс, үндэстнийхээ “дархлаа” гэж ойлгодог

       Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд соёл урлаг, спортын салбарт онцгой анхаарч, хөхиүлэн дэмжсээр ирснийг тив, дэлхийд нэрээ дуурсгасан тамирчдын алдар гавьяа тодхон харуулдаг. Үндэсний их баяр наадмаар өнгөтэй наадсан Эрдэнэт үйлдвэрийн хамт олны спортын амжилт, ололтоос хуваалцахаар Спорт цогцолборыг зорилоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Спорт цогцолборын дарга, Үндэсний сурын спортын дархан мэргэн, гавьяат тамирчин Ш.Даваахүүтэй ярилцсанаа хүргэе.    - Та сайхан наадав уу, баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?    - Сайхан наадлаа. Монгол төрийн их баяр наадмыг улс, үндэстнийхээ “дархлаа” гэж би хувьдаа ойлгодог. Өөрөөр хэлбэл, Монголчуудаас олон мянган жил өвлөгдөж ирсэн үнэт өв соёл юм. Энэ утгаар нь Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд төрт ёсны их баяр наадамдаа ихээхэн ач холбогдол өгч, оролцож ирсэн уламжлалтай.    Миний хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалын дагуу бөх, сур, морь гэсэн эрийн гурван наадмын төрлүүдэд амжилттай оролцож, Эрдэнэт үйлдвэрийн нэрийг өндөрт өргөх, Монгол түмнээ баясган цэнгүүлэх хариуцлагатай үүрэг даалгавар авсан. Ингээд үйлдвэрийнхээ бөхчүүд, харваачид, уяачдыг ажлаас нь чөлөөлж, бэлтгэл сургуулилтыг чамбайрууллаа.    - Эрдэнэт үйлдвэрээр овоглосон эрхий мэргэн харваачид Улсын баяраар өнгөтэй наадаж, уурхайчин хамт олноо баярлуулсан. Сурчдын амжилтын талаар онцолбол?    - Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдаас үндэсний сурын спортоор хичээллэдэг, аймаг, улсын цолтой 47 хүн бий. Тэдний 16 нь энэ жилийн улсын баяр наадамд цэц мэргэнээ сорьж, Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн экскаваторчин Э.Ганчулуун 38 оноогоор Монгол Улсын “Гарамгай мэргэн” цолны болзол хангасанд бид их баярлалаа. Мөн Баяжуулах үйлдвэрийн ажилчин, Монгол Улсын “Даяар дуурсагдах мэргэн” Л.Отгонбаяр өөрийн амжилтын түүхээ зузаатган, айргийн тавд багтсан.    Мөн Орхон аймгийн баяр наадмын сурын харваанд Ус хангамжийн цехийн ажилчин, спортын мастер С.Ганхуяг тэргүүн байр эзэлж “Аймгийн мэргэн”, Цахилгаан цехийн инженер, спортын мастер Б.Баасанжав гуравдугаар байрт шалгарч “Аймгийн гоц харваач” цол хүртсэн. Үүний зэрэгцээ өсвөр үеийнхэн маань улсын наадмаас амжилт арвин, богц дүүрэн ирснийг хэлэхэд таатай байна. Үндэсний их баяр наадмын хүүхдийн сурын харваа энэ жил дөрвөн насны ангилалд зохион байгуулагдсанаас өсвөрийн харваачид маань гурван насанд Монгол Улсын “Өсөх идэр мэргэн” цол хүртэж багш дасгалжуулагч, эцэг эх, нутгийн зон олноо баясгалаа. Эрдэнэтчүүд бүгд баярлаж, бахархаж байна.    - Уяачид маань хэр одтой наадав?    - Хурдан морины уралдаанд уяачдын морь шандастай давхиж, сайхан амжилт үзүүлсэн. Улсын баяр наадамд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн их насанд сойсон хурдан хээр морь айргийн гуравт давхиж, ард олноо баярлуулан цэнгүүллээ.    Азарга насны морьдын уралдаанд Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын орлогч дарга Л.Эрдэнэбатын эрлийз болон монгол азарга, их насанд Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхийн хурдан ажнай түрүү авч хурсан олныг баярлуулсан. Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярын хурд эрлийз дунд насанд аман хүзүүдэж, их насанд ХМТАЦ-ийн инженер, аймгийн алдарт уяач  Н.Цэрэндондовын ажнай болон Барилга засварын цехийн Ерөнхий инженер Ж.Батсуурийн соёолон, даага насанд уралдсан хурдууд айргийн тавд хурдаллаа.    - Эрийн гурван наадмын өнгийг тодорхойлдог үндэсний бөхийн барилдааны тухайд?   - Үндэсний бөхийн барилдаанд “Хангарьд” спорт клубын бөх, Монгол улсын начин Э.Энхбат маань төрийн их баяр наадамд дөрвөн удаа тав давж, Ардын хувьсгалын түүхийн хугацаанд цөөхөн гарсан амжилтын эзэн болсон.    Харин Орхон аймгийн баяр наадамд манай бөхийн галд бэлтгэл хийсэн, “Хангарьд” клубын тамирчин асан О.Мөнх-Эрдэнэ түрүүлж, аймгийн арслан цолны болзол хангасан. Тус наадмын торгон дэвжээнд “Хангарьд” клубын тамирчин, аймгийн арслан Б.Уртбаяр үзүүрлэж, Автотээврийн цехийн жолооч М.Мөрөнчулуун, Б.Хишигчулуун нар аймгийн начин цолны болзол хангасныг дуулгахад таатай байна.       - Сүүлийн асуултыг танд үлдээе. Танд нэмж хэлэх зүйл бий юу?   - Эрийн гурван наадамд бөхчүүд, сурчид, уяачид маань арвин их амжилт гаргасан нь Эрдэнэт үйлдвэр энэ оны төлөвлөгөөгөө бүрэн дүүрэн давуулан биелүүлэхийн бэлгэдэл болов уу. Энэ их амжилтыг гаргахад ажилтан, албан хаагчдаа дэмжиж, ажлаас чөлөөлж, бүхий л бололцоогоор хангаж өгсөн Эрдэнэт үйлдвэрийнхээ цех, хэсэг, нэгжийн удирдлагууд, хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж, талархсанаа илэрхийлье. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Монголын цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойн баярын мэнд хүргэе

         “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гэрээт цагдаагийн хэлтэс нь Монгол улсын  Цагдаагийн албаны тухай хууль, бусад хуулиуд, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам болон холбогдох бусад эрх зүйн актуудыг удирдлага болгон Цагдаагийн Ерөнхий Газар, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагаас гаргасан  тушаал, шийдвэр, дүрэм, журмын хэрэгжилтийг ханган улсын онц чухал обьект “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харъяа объектуудын харуул хамгаалалт, шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг тус тус амжилттай зохион байгуулж, гаднын гэмт халдлага, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэн ажиллаж ирлээ.      2019 оны эхний хагас жилийн байдлаар Орхон аймгийн хэмжээнд 319 гэмт хэрэг бүртгэгдсэнээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа нутаг дэвсгэрт 5 гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 хэргээр буюу 50 хувиар, нийт хэрэгт эзлэх хувийн жин 1.2 пунктээр тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байгаа ба үйлдвэрийн бүс, харъяа бусад объектуудад нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, олон нийтийн аюулгүй байдлыг алдагдуулсан ноцтой гэмт хэрэг, зөрчил үйлдэгдээгүй байна.    Манай хамт олон ийнхүү өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, улсын онц чухал обьектын аюулгүй байдлыг амжилттай ханган ажиллахын зэрэгцээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Орхон аймаг дахь Цагдаагийн газраас зохион байгуулж буй нийтийг хамарсан бүхий л арга хэмжээнд тогтмол амжилттай оролцож, өндөр амжилт үзүүлж байгаад бид бүхэн баяртай байна.       Тухайлбал манай хамт олны дундаас ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан ажилласан 5 алба хаагч “Цэргийн хүндэт медаль”, 1 ажилтан “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 1 алба хаагч “Цагдаагийн гавьяа” хүндэт тэмдэг, 5 алба хаагч ЦЕГ-ын “Хүндэт жуух”-аар тус тус шагнагдсан ба цагдаагийн ахлагч Ш.Билгүүндалай Орхон аймгийн баяр наадамд амжилттай барилдаж үндэсний бөхийн аймгийн нэмэх начин цол, Х.Дэлгэрмаа ширээний теннисийн УАШ тэмцээнээс алтан медаль, цагдаагийн ахлах ахлагч М.Одбаяр, цагдаагийн дэд ахлагч Б.Бадам нар Цагдаагийн байгууллагын аварга шалгаруулах тэмцээнээс хөнгөн атлетик, жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртсэн амжилтаар Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойгоо угтаж байна.    Та бүхэндээ Монгол улсад цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхэн яруу алдарт 98 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, амьдралд тань аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гэрээт цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Х.Мөнхжаргал Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
Нэвтрүүлэг

   Өнөөдөр зургаадугаар сарын 26-ны өдөр буюу “Хар тамхи, мансууралтай тэмцэх дэлхийн өдөр”. Хэдхэн жилийн өмнө хар тамхины тээвэрлэгч байсан Монгол Улс өнөөдөр хэрэглэгчийн тоонд шилжсэн нь энэ төрлийн гэмт хэрэгтэй бүхий л талаар тэмцэх шаардлагатайг харуулж байна. Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх салбар зөвлөл, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мэдээлэл түгээх сургалт зохион байгуулахаар Орхон аймагт хүрэлцэн иржээ.
   Хүн амын дийлэнх хувийг нь залуучууд эзэлдэг, төвлөрөл ихтэй манай аймгийг “Анхааралд өртөж болзошгүй бүс нутаг” хэмээн үзэж, холбогдох хууль сахиулах байгууллагын төлөөллүүд болон Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгжийн ажилчид, өсвөр үеийнхэн, төрийн албан хаагч нар сургалтад хамрагдаж байна. 2018 онд улсын хэмжээнд хар тамхины 199 гэмт хэрэгт 402 хүн холбогдон шалгагдсан бол 2019 оны эхний хагас жилд 96 гэмт хэрэгт 188 хүн холбогджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлт бөгөөд нийт гэмт хэргийн гаралтын 10 орчим хувийг Орхон аймаг эзэлж байгаа нь зорилтот бүлэг рүү хандах цаг болсныг илтгэв.
   Сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар тус сургалтаар, хар тамхи хэрэглэснээр хүний биед учирч болох хор уршиг, сэтгэцэд гарах өөрчлөлт, донтох эмгэгийн талаар ойлголт өгч байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эрүүгийн хуулийн ямар хариуцлага хүлээдэг болохыг Цагдаагийн байгууллагаас танилцуулж, урьдчилан сэргийлэх бичлэг үзүүллээ. Албаны хүмүүсийн хэлсэнчлэн, Улаанбаатар хотын Буянт-Ухаа, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Дорноговь аймгийн Замын–Үүд зэрэг шалган нэвтрүүлэх хилийн боомтууд дээр хар тамхины эсрэг сургалт нэгэн зэрэг зохиогдож байгааг онцоллоо.


И.Чинтогтох





 

   Нийгмийн хариуцлагатай  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ажиллагсдынхаа орон сууцны асуудлыг шийдвэрлэх зорилгоор цогц бодлого хэрэгжүүлдэг. Үүний нэг хэсэг нь өнгөрсөн 5 дугаар сарын 1-нд шавыг нь тавьж эхлүүлсэн “Уурхайчин 1” буюу хуучин нэршлээр “Москва 300” орон сууцны хорооллын төсөл юм. Ирэх оны 5 дугаар сард эхний хоёр блокийг ашиглалтад оруулахаар төлөвлөж буй уг орон сууцны захиалгыг уурхайчдаас авч эхэллээ. Шинэ орон сууцанд орохыг хүссэн бүх ажилчид захиалга өгөх нь нээлттэй бөгөөд ипотекийн зээл болон Эрдэнэт үйлдвэрээс олгодог орон сууцны хөнгөлөлтийн 12 сая төгрөгийг авах зэрэг эрх  эдлэх боломжтой юм. Орон сууцны захиалга болон ажиллагсдын саналын судалгаа хийх ажлыг Нийгмийн харилцааны хэлтэс хариуцаж байгаа аж. Захиалга авах ажил 7 дугаар сарын 2 хүртэл үйлдвэрийн Ерөнхий захиргааны 1,2 дугаар байр болон цех нэгжүүд дээр үргэлжилнэ.
   “Уурхайчин1” орон сууцны захиалга авах өдөрлөгт уг хорооллын барилгын гүйцэтгэгч “Неман констракшн” ХХК оролцож, танилцуулга хийж байна. Өнөөдрийн байдлаар, орон сууцны барилгын суурийн ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж буйг компанийн төлөөлөл онцлов. “Неман констракшн” ХХК нь 2012-2017 онд Эрдэнэт хотод “Эрдэнэт Элит”, “Элит Цамхаг”, “Баян-Өндөр”, “LUX Apartment” зэрэг 312 айлын орон сууцны хотхон барьж, ашиглалтад оруулсан туршлагатай компани аж.

М.Балжинням

   Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Цутгуурын цехэд хийгдэх өргөтгөлийн ажлын бэлтгэлээс шалтгаалан тус цехийн ачаалал нэмэгдэж буйг заводын дарга Б.Баасансүрэн онцоллоо. Өргөтгөлийн ажлын хүрээнд Цутгуурын цехийн үйл ажиллагааг түр зогсоож, шинэ тоног төхөөрөмж суурилуулж, угсрах тул түүнээс өмнө цехүүдийн сэлбэг хэрэгслийн нөөц бэлтгэх юм. Засвар механикийн заводынхан  оны эхний 10 сард 5050 орчим тонн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэхээр төлөвлөж байсан бол өнөөдрийн байдлаар дахин 200 тонныг нэмж хийх шаардлагатай болжээ. Уг ажлыг ирэх 11 сард багтаан гүйцэтгэхээр Баяжуулах үйлдвэр болон бусад цехүүдтэй хамтран ажиллаж байна.
   Цутгуурын цехийн өргөтгөлийн ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж, бэлтгэл ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ бага үзүүлэлт биш аж. Ирэх 10 сарын дунд үеэс тоног төхөөрөмжөө татан авч, суурилуулалт, угсралтын ажил эхлэхээр төлөвлөжээ. Мөн хуучин тоног төхөөрөмжийг буулгах ажил хийгдэнэ. Саяхан бараа материалын агуулахад суурилуулах гүүрэн краны асуудал шийдэгдэж, хугацаанаас нь  өмнө нийлүүлэхээр болсон байна. Ингэснээр өргөтгөлийн ажил эрчимжих нэг алхам  болжээ. Өргөтгөлийн бэлтгэл хангах ажлын төв болон дэд хэсгүүд долоо хоног тутам хуралдаж, ажлын явцыг  дүгнэдэг аж.  
   Засвар механикийн заводын удирдлага Цутгуурын цехийн өргөтгөлийн ажлыг өөрсдийн хүчээр хийх бодлого барьж буйгаа хэлэв. Тиймээс цөөн тооны гадны байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулах юм байна.  Уг өргөтгөлийг ирэх оны 5 дугаар сарын 1-нд  ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ч хугацаанаасаа өмнө дуусгах  зорилт дэвшүүлжээ. Хэрэв ажлын зохион байгуулалтыг өндөр түвшинд хийж, хуваарийн дагуу гүйцэтгэж  чадвал энэ зорилт хэрэгжих боломжтой гэж тэд үзэж байна.   

М.Балжинням

   Засвар механикийн заводын Цутгуурын цехийн уран нарийн үйлийг урлагч Загварын хэсгийнхэн бүтээмж инновацийн “Уран гар” дугуйлан ажиллуулдаг. Эрдэнэт үйлдвэр төдийгүй гадны компаниудын захиалгат цутгамал бүтээгдэхүүний анхны дамжлагыг үйлдвэрлэдэг тус хамт олноос сайн саналын системийн манлайлагч тодорчээ. Тоон удирдлагатай зорогч суурь машины оператор Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

   - Эрдэнэт үйлдвэрт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
  - Би график дизайнер мэргэжилтэй. Мэргэжилтэйгээ уялдуулан тоон удирдлагатай зорогч суурь машин дээр тав дахь жилдээ ажиллаж байна. Хэв загвараа машин дээр үйлдвэрлэдэг болсноор хүчин чадал маань ч эрс дээшилсэн. Манайхтай ижил төрлийн машиныг уул уурхайн техник, технологитой уялдуулан ашиглаж байгаа компани, аж ахуйн нэгж одоогоор Монгол Улсад байхгүй. Мэргэжил маань сайхан,  бас бахархалтай санагддаг.

   - Засвар механикийн заводын Загварын хэсэг ямар ажил гүйцэтгэдэг вэ?
   - Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Цутгуурын цех нь хэв болон хайлах, загварын гэсэн гурван хэсгээс бүрддэг. Загварын хэсгийнхний хувьд аливаа бүтээгдэхүүний хамгийн анхны загварыг мод, панер, хөөс, пластик материалаар хийж гүйцэтгэдэг онцлогтой. Бүтээгдэхүүний анхны загвар ямар гарна, эцсийнх нь тийм л байна. Манай хамт олон хамтын бүтээлээ чанартай, захиалгын дагуу хийхэд дор бүрнээ анхаарч, хариуцлагатай ажилладаг.

   - Үйлдвэрийн бүтээмж инновацийн талаар бодлоосоо хуваалцана уу?
   - Ажлын байран дээрээ “Энийг засчих юмсан” гэж харсан зүйлээ тэр дор нь хийчихнэ. Өөрөө засаж сайжруулна. Гэхдээ хийсэн ажлаа үнэлүүлдэггүй, сайн саналын системийг хэрхэн ашиглах талаар мэдээлэл хомс байлаа. Хоёр жилийн өмнөөс системийн талаар өргөн ойлголттой болж, шинэ санал нэвтрүүлэх ажилд идэвхтэй оролцож байна. Тухайлбал, ажлын найман цагийнхаа 10-20 минутыг бүтээмжийн ажилдаа зарцуулдаг болсон. Сүүлийн үед ажилчдаа бүрэн хамруулахын тулд ямар нэг шинэ саналыг тэдэнд үүрэг болгон өгч байгаа. Ингэхдээ тухайн ажлыг хэн хамгийн сайн хийж чадах вэ гэдгийг юун түрүүнд бодолцдог. Хамт олноо урамшуулж, тэднийг дэмжин ажилласнаар оролцоо эрс нэмэгдэж байгааг ажигласан. Баг хамт олноороо бүтээмжийн ажилд оролцож, гар нийлж ажиллах үнэхээр сайхан.

   - Таны хувьд сайн саналын системд хэдэн санал гаргав? Хэрэгжилт нь хэрхэн үнэлэгдсэн бэ?
   - Оны эхний зургаан сарын байдлаар сайн саналын системд 40 санал гаргаж, биелэлт нь 50 хувьтай гарсан. Эдгээр саналд хөдөлмөрийн аюулгүй байдал талаасаа тоног төхөөрөмжтэй холбоотой болон технологийн ажлууд дийлэнх хувийг эзэлж байгаа. Харин бусад цех, хэсэг, дугуйлан, бүтцийн нэгжийн удирдлагуудаас дэмжлэг авах ажлууд маань хүлээлттэй байна. Бичсэн төслийнхөө хамгаалалтыг хийж, ажил маань дэмжигдвэл үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой.

  - Бүтээмжийн ажил өрнүүлэх нь эдийн засгийн талаасаа үр өгөөжтэйг бид мэднэ. Харин хувь хүний хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ?
   - Хүн аливаа ажлыг урсгалаар нь хийх бус, тодорхой ажил дээр өдөр бүр бүтээмжтэй ажиллах хэрэгтэй. Энэ нь тухайн хүнд ажиллах эрч хүч, урам зориг өгч, ажилдаа дур сонирхолтой болгодог. Сүүлийн жилүүдэд үйлдвэрийн техник технологи шинэчлэгдэж, ажиллах хүч залуужиж байна. Тэр хэрээр бид цаг үеэ мэдэрч, өөрсдийн ажлын байр, ажиллах орчноо сайжруулах ёстой. Дэлхийн хэмжээний уул уурхайн үйлдвэрт ажиллаж байгаагийн хувьд хүн бүр л аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, тав тухтай орчинд ажиллахыг хүсч байна. Ийм боломж бидэнд бий. Хүн бүр хичээх хэрэгтэй. Асуудлын болж бүтэхгүйг удирдлагаасаа шаардаад суух бус, гарц гаргалгааг эрэлхийлэх нь илүү үр дүнтэй, бас цаг хугацаа хэмнэнэ гэж бодож байна. Бүтээмжийг ажлын байранд нэвтрүүлснээр хамт олны уур амьсгал сайжирч, бүтээлч санаачилгатай, цагийн зөв зохион байгуулалттай болох олон давуу талтай.

   - Залуучууддаа хандан юу хэлэх вэ?
  - Залуучууд маань юун түрүүнд техник технологийн шинэчлэлийг даган хөгжих хэрэгтэй байх. Урагш харсан тэмүүлэлтэй, дор бүрнээ бүтээмжтэй байж, эргэн тойрны асуудлаа шийдэн, өөрийн тав тухыг хангаж ажиллаарай гэж хэлье.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   Засвар механикийн заводын хамт олон бүтээмж инновацийн үйл ажиллагааг сайжруулж, дээшлүүлэх чиглэлээр удирдлага ажилтнуудын хамтын ажиллагаа, идэвх оролцоог эрчимжүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд оны эхний хагас жилд  сайн саналын системээр дамжуулан цехийн ажилтнууд  ажил сайжруулах 324 сайн санал гаргажээ. Нэг хүнд ноогдох саналын тоо 0,52 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, ажилтнуудын идэвх, оролцоо 12,4% -иар өсчээ.  
   Тус цехэд бүтээлч оролцоог нэгтгэх зорилготой  31 бүтээмж чанарын дугуйлан ажилладаг бөгөөд оны эхний хагас жилд 18 төсөлт ажил, 20 жижиг сайжруулалтын ажил хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, цехийн ажилтнууд ажлын байрны эрсдэлийг бууруулах, аюулгүй орчин бүрдүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, ус, эрчим хүч хэмнэх, процессын сайжруулалт, ажил хөнгөвчлөх, ажлын арга барилыг сайжруулах, материал болон ажиллах хүчний хэмнэлтийг бий болгох зэрэг чиглэлээр санаачлага гаргаж, төсөл боловсруулжээ.
   Засвар Механикийн заводын Бүтээмжийн зөвлөл нь  “5 сайн үйлс”, “Сайн саналын систем”, “Бүтээмж, чанарын дугуйлан” гэсэн анхан шатны, ахисан төвшний “6 сигма” арга хэрэгслүүд нэвтрүүлэн, засвар үйлчилгээний дээд зэргийн стандартыг бий болгон хэвшүүлэхэд шаардлагатай багаар ажиллах чадварыг бий болгох, тасралтгүй сайжруулалтыг хийж, үр өгөөжийг  нь хүртэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг сайжруулах, зардал бууруулах зорилттой ажилладаг. Цехийн хэмжээнд эдгээр чиглэлээр ахиц дэвшил гарч, ажилтнуудын идэвх чармайлт нэмэгдэж байгаа нь Бүтээмжийн зөвлөлийн ажлын нэг үр дүн гэж албаны хүн онцоллоо.

М.Балжинням


 

Даваа, 24 6-р сар 2019 00:00

Лабораторийн Өнөрөө

   Эрдэнэт үйлдвэрийн сайн саналын системийн манлайлагч З.Өнөртэй уулзаж, ажлын байрыг нь сурвалжлахаар Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийг зорилоо. Усны лабораторийн эрхлэгч гэх хаалгыг татвал цагаан халад өмссөн  намбалаг эмэгтэй  инээмсэглэн угтсан нь энэ сурвалжилгын баатар З.Өнөр байв. Эрхлэгчийн багавтар  өрөөнд хоёр томхон шүүгээ байх бөгөөд түүний доторх  цэнхэр хавтаснуудаас бичиг баримтаа эрж хайхын  зовлон үгүй мэт. Ногоон тэмдэглэгээтэй бол Лабораторийн итгэмжлэлтэй холбоотой, улбар шар нь ХАБ-ын бичиг баримт гэх мэтээр ангилсан нь содон. Мөн хуучин бичиг баримтуудаа ангилан архивлан хадгалсан, лабораторт хэрэглэж буй арга аргачлал, стандарт заавруудыг нэгдсэн байдлаар эмхэлж, үйлдвэрлэл эрхэлсэн захирал, цехийн даргаар батлуулан гарын авлага болгосон нь ажил хөнгөвчилж, эмх цэгцтэй болсон тухай эрхлэгч  ярилаа.
   Орчин үеийн лабораторийн дэвшилтэт төхөөрөмж бүхий Химийн шинжилгээний цэлгэр саруул өрөөнд лаборант бүсгүйчүүд шинжилгээ хийж зогсоно. Ойрын хоёр жилд Усны лабораторийн ажиллах орчин хийгээд боловсон хүчний хувьд томоохон дэвшил гарчээ. Лабораторийн эрхлэгч, химич инженер гэсэн орон тоо нэмэгдэж, орчин үеийн дэвшилтэт төхөөрөмж суурилуулжээ. З.Өнөр болон бүтээмж чанарын “Шинжээч” дугуйлангийнхны санаачилга, хэсгийн удирдлагын дэмжлэгтэйгээр лабораторын ажлын байранд  тусгай хаалт хийж, өрөөний тоог  нэмэгдүүлэн шинжилгээний өрөөнүүдийг үйл ажиллагаагаар нь ангилжээ. Нян судлалын ариун орчин бүхий өрөөнд гидробиологийн шинжилгээ хийдэг байсан нь эргэж бохирдох нөхцөлтэй байж. Эдгээр өрөөг  тусгаарласан нь шинжилгээний чанарт ч сайнаар нөлөөлөхүйц ажил болсон нь илт. Түүнчлэн дотоод нөөц бололцоогоо ашиглан дээж бэлтгэл, хувцас солих тусгай өрөөтэй болсон нь шинжилгээний үр дүн үнэн бодитой гарах, ая тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн өдөр тутам шинжилгээ хийдэг ууршимтгай, хамт хадгалахыг хориглосон бодисыг химийн бодист тэсвэртэй хавтангаар тусгаарлан ялгаж байршуулсан байна. Шинжилгээнд хэрэглэдэг химийн бодис, мөн шил саваа тусгай тавиурт хадгалан, бүрэн ангилан ялгаж, хаягжуулсан нь эмх цэгцтэйгээс гадна, аюул эрсдэлээс хамгаалсан сайн ажил болжээ. Лабораторит зайлшгүй байх шаардлагатай элсийг л гэхэд хүчлийн саванд хадгалж байгаа нь нэг талаар аюултай хог хаягдлыг хаа сайгүй  хаяхгүй байх, нөгөөтэйгүүр модоор элсний сав хийхгүйгээс байгаль орчинд ээлтэй зэрэг жижиг гэлтгүй З.Өнөр болон хамт олных нь санаачилсан ажил бүрээс нь сэтгэл, зүтгэл ханхийнэ. Дөрвөн ажилтантай энэ лабораторийн “Шинжээч” дугуйлангийнхан үйлдвэрийн 40 жилийн ой угтан цехээс зарласан “ХАБЭА ба таван сайн үйлсийг хэрэгжүүлэгч” ажлын байрны уралдаанд тэргүүн байр эзэлсэн бол, энэ онд үйлдвэрийн хэмжээнд “5С шилдэг ажлын байр” шалгаруулах төсөлт хөтөлбөрт шилдэг долоон ажлын байрын нэгээр  шалгарчээ. Энэ бүхэн З.Өнөрийн санаачилга, хамт олноо  чиглүүлэн удирдсаны  үр дүн.
    Тус лаборатори  MNS ISO17025*2007 стандарт нэвтрүүлж хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгджээ. Энэ лабораторынхон дээрх стандарт, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн, техникийн хүчин чадал, ажилтны ур чадварыг дээшлүүлэн,  Монгол Улсын болон орон нутгийн усны салбарын хяналтын  түшиц лаборатори болох хэтийн төлөвтэй ажиллаж байгаа гэсэн.
    “Манай цэвэрлэх байгууламж хотын болон үйлдвэрийн ахуйн бохир усыг 95 хувь хүртэл цэвэршүүлэн байгаль орчин /Хангалын гол/-д  нийлүүлдэг. Түүнчлэн сүүлийн жилүүдэд дулааны улиралд  Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн даланд хоногт 15-18 мян.м3 ус нийлүүлж байгаа. Ингэснээр  хиймэл нуурын усны алдагдлыг нөхөж, Баяжуулах үйлдвэрийн технологийн процесст ашигладаг эргэлтийн усны хэмжээг тогтвортой барихад нөлөөлдөг юм. Манай Цэвэрлэх байгууламж технологийн үйл ажиллагаагаараа, усны цэвэрлэгээний чанар үр дүнгээрээ Монгол Улсдаа номер нэг” гэж тэрбээр бахархан ярьсан юм.
    “Ус хангамжийн цех орон тооны Бүтээмж, инновацийн мэргэжилтэнтэй болсон нь бүтээмжийн ажил эрчимжихэд ихээхэн нөлөөтэй байгаа. Манай цех бүтээмжийн урамшууллыг мөнгөн чек хэлбэрээр хамт олны дунд гардуулан өгдөг нь бусад хүмүүст ч санал санаачилга гаргах өдөөлт болдог. Бид  жилийн эцсээр сайн саналын урамшуулалд 600 мянган төгрөг авсан. Үүнийгээ шинээр ажилд орсон химич инженерийнхээ ажлын ширээ сандал авахад зориулсан. Ер нь бид урамшууллаа хувааж авахыг урьтал болгодоггүй. Дараагийн сайжруулалтын санхүүжилт, бас зайлшгүй шаардлагатай зүйлд зарцуулдаг” гэж дугуйлангийнхан ярилаа.
    Танайхны ажил Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг вэ гэсэн асуултад лабораторийн эрхлэгч: “Манайх хими, биологи, нян судлалын 23 төрлийн шинжилгээ хийдэг. Шинжилгээний үр дүнгээр технологийн процессыг, мөн байгаль орчинд нийлүүлж буй цэвэршүүлсэн ус стандартад нийцэж буй эсэхийг давхар хянадаг.  Хангалын голын урсац бага учраас  хангалттай сайн цэвэршүүлж  нийлүүлэх ёстой гэдгийг бид ухамсарладаг. Миний ажлын үр дүнгээс хамааран хэсгийн хамт олны ажил үйлс үнэлэгддэг. Иймээс би ажилдаа алдаа гаргах эрхгүй. Бидний ажил үнэн зөв, ил тод, шударга байх ёстой. Манай шинжилгээний үр дүнгээс Цэвэрлэх байгууламжийн технологийн хэвийн ажиллагаа, байгаль орчинд нийлүүлж буй усны чанар харагддаг” гэв.
    Усны салбарын түшиц лаборатори болохоор зорьж буй энэ хамт олны түүчээ болсон сайн саналын манлайлагч З.Өнөр лабораторийн эрхлэгч болонгуут ийнхүү ажлын байраа эмхэлж, цэгцлэх  далайцтай ажил санаачлан хийсэн. Ойрын үед итгэмжлэлт лаборатори, орчин үеийн тоног төхөөрөмж, боловсон хүчний чадвартаа дулдуйдан, үйлдвэр аж ахуйн газруудын ахуйн усны шинжилгээ хийж, цехийнхээ орлогыг нэмэгдүүлэх, лабораторийн чадамжаа дээшлүүлэхээр мэрийж явна. Тэрбээр  МУИС-ийг биохимич, биологийн багш мэргэжлээр төгсөж, Эрдэнэт үйлдвэрт эдүгээ 30 дахь жилдээ лаборантаас лабораторийн эрхлэгч хүртэл ажиллаж буй манай үйлдвэрийн чадварлаг мэргэжилтний нэг юм.

Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

   Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехэд шинээр хоёр Белаз  угсарч байна. Тус цехийн Засварын хэсгийнхэн Өөрөө буулгагч хүнд даацын автомашинуудын угсралтын ажлыг хийж байгаа аж. Одоогоор нийт 130 тонны даацтай 88 дахь Белаз авто машиныг угсарч  байгаа бөгөөд Белазууд КТА-50 хөдөлгүүртэй, 1600 морины хүчин чадалтай уулын тээврийн зориулалтай юм. “Белазууд каменз хөдөлгүүртэй тул засварын цаг багасаж ажлын бүтээмж нэмэгдэнэ.  Уулын тээврийн  нөхцөлд зохицсон стандарт бүхий хүнд даацын Белазыг угсрах хугацаа урт байсан. Гэвч үйлдвэрийн Авто тээврийн цехийн Засварын хэсгийн хамт олон хугацаанаас нь өмнө угсарч дуусгахаар ажиллаж  байна” хэмээн албаны хүн мэдээллээ.  

Т.ЧУЛУУН

Баасан, 21 6-р сар 2019 00:00

Сингапурт суралцангаа аялая

   Дэлхийн улс орнуудаар хүссэнээрээ аялаж, мэдлэг боловсролоо ахиулахад тань ямар бэрхшээл тулгарч байна вэ? Гадаад зах зээлд бизнесийн хүрээгээ өргөтгөн, орчин үеийн соёлоос суралцах хүсэл эрмэлзэл танд бий юу? Энэ асуултын хариуг хамтдаа эрэлхийлье.
   Монгол хүн Монголдоо хайртай. Эх орноороо гоёж, энэ нутгийнхаа эзэн байхыг тэд хүснэ. Гэвч даяарчлагдаж буй дэлхий ертөнцийн жишгийг даган, гадаад хэл сурах, түүгээр дамжуулан дэлхийн улс орнуудтай холбогдох хэрэгцээ шаардлага бий болсоор байна. Хэл сурах хэцүү. Бас амархан. “Хэцүү” гэдэг үгийг далд ухамсартаа хэдийнэ суулгасан бол энэ хэлийг сурахад амаргүй. Харин чин хүслээрээ суръя гэж зүтгэвэл сурах нь тийм ч хэцүү биш гэдгийг ухаарах болно.
   Хүсэл мөрөөдлийг тань биелүүлж, алс ирээдүйг тань хамтдаа зураглахаар “Саксэду” сургалтын төвийн хамт олон Эрдэнэт хотод зочилжээ. Тэд танд болон таны хүүхдийн гэрэлт ирээдүйг бүтээх англи хэлний сургалтаа танилцуулж байна.
   Энэ бол ховорхон боломж. Тус сургалтын төв нь англи хэлний түвшин ахиулах зургаан сарын хөтөлбөртэй. “Саксэду”-гаас IELTS-ийн оноо авч, бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалахаар Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг авсан оюутан олон бий. Богино хугацаанд чанартай боловрол олгох зорилт тавьсан тус сургалтын төв 2002 оны наймдугаар сараас өнөөг хүртэл боловсролын салбарт тогтвортой үйл ажиллагаагаа явуулсаар байна. Дэлхийн шилдэг их, дээд сургуульд 300 гаруй оюутныг элсүүлсэн “Саксэду”-гийн үүсгэн байгуулагч Д.Мөнхсаруул, “Хэлний курст сурах нь чухал. Гэхдээ хэл сурах нь илүү чухал” хэмээсэн юм. Тэрээр хүн бүрт хэл сурах боломж байгааг онцлоод, зөв газраа, зөв цагтаа суралцахыг зөвлөсөн. 
   Их Британи, Ирланд, Шинэ Зеланд, Австрали, Канад, АНУ, Малта болон Сингапур улсын “Дэлхийн топ” хэмээн нэрлэгдсэн их, дээд сургуульд үнэ төлбөргүй зуучлан, боловсролын салбарт “гүүр” болдог “Сакседу”-г зорин очих хүн олон. Өнгөрсөн хугацаанд тамирчин, жүжигчин, дуучин гээд олны танил эрхмүүд тус төвөөр дамжуулан хэлний мэдлэгээ тэлжээ.
   Амжилт гэдэг амжихын нэр гэдэг. Үр хүүхдүүддээ чанартай боловсролоор оюуны том хөрөнгө оруулалт хийе гэсэн хэн бүхэн танилцуулах өдөрлөгийг зорин очоорой. Тэд танд Сингапурт суралцангаа аялах 21 хоногийн шинэхэн хөтөлбөрөө санал болгох болно. Каплан бол Сингапурын №1 сургууль. Тус сургуулийн зуны хөтөлбөрт хамрагдсан залуучууд хэл сурах ямар чухал болохыг, хэлтэй байснаар амьдралд ямар олон сонголт байдгийг мэднэ. Эрхэм таныг Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль дээр “Саксэду”-гийн хамт олон хүлээж байна. 

И.Чинтогтох



 

   Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчдийн зургаадугаар сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлт 100-аас дээш хувиар биелсэн дүнтэй гарчээ.  Энэ хугацаанд 1390.35 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөө 104.5 хувь, 586.47 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөө 105.9 хувийн биелэлттэй гарсан байна. Хүдэр олборлолт 2049.91 мянган тонн буюу төлөвлөгөө 103.6 хувиар давж биелсэн бол хүдэр боловсруулалт 1797.51 мянган тонн хүрч, төлөвлөгөөт үзүүлэлт 105.6 хувиар биелжээ.
   Хүдэр дэх металлын агуулга зэсийнх 0.461 хувьтай, төлөвлөгөө 99.4 хувиар, молибденых 0.0165 хувьтай, төлөвлөгөө 108.6 хувийн үзүүлэлттэй байна. Металл авалтын гүйцэтгэл сарын эхний 20 хоногт зэсээр 88.44 хувь, молибденоор 50.58 хувьд хүрч, төлөвлөгөө 100.2-104.3 хувиар биелэв. Энэ хугацаанд баяжмал дахь зэсийн агуулга 22.38 хувь, төлөвлөгөө 100.2 хувиар, молибдены агуулга 50.14 хувь, төлөвлөгөө 104.5 хувиар тус тус биеллээ.  
   Зургаадугаар сарын эхний 20 хоногийн байдлаар уурхайчид 33648 тонн зэсийн баяжмал ачсан байна.

М.Балжинням

   Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын дэргэдэх Инженерийн зөвлөл, цехийнхээ үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, ажлын арга барилыг сайжруулах, харилцан туршлага солилцох зорилгоор “Мэдлэг хуваалцах өдөрлөг” үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж эхэлжээ. Сар бүр тогтмол хийх “Мэдлэг хуваалцах өдөрлөг”-өөр ЗМЗ-ын нийт инженер, техникийн ажилтнууд баг болон хуваагдаж, сурсан мэдсэнээ бусаддаа түгээдэг байна. Одоогийн байдлаар тус цехийнхэн гурван удаа мэдлэгээ хуваалцаад байгаа бөгөөд  “Аж үйлдвэржилтийн хувьсгалууд”,  “CNC  тоон удирдлагатай суурь машины ашиглалт, засвар үйлчилгээ, тусгай шаардлагууд”, “Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд мөрдөгдөж буй оюуны өмч, инновацын дагалдах журмуудын тухай” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийж, харилцан мэдлэг, туршлага солилцжээ.  
   Дараагийн “Мэдлэг хуваалцах өдөрлөг”-ийг энэ сарын 26-ны өдөр “Резиний үйлдвэрлэлийн түүх, өнөөгийн байдал, техникийн шинэчлэл, технологийн дэвшил” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.  Өөрсдийн мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж, санаачилга зорилгоо нэгтгэн, баг болж ажиллах нь цаашдын үйл ажиллагаанд үр дүнтэй  гэж Инженерийн зөвлөлийнхөн өдөрлөгийн ач холбогдлыг онцолж байна.
   Тус зөвлөл 2019 онд үйлдвэрлэл, хөгжлийн бодлого, шинэ техник технологи, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл, техникийн бичиг баримт, судалгаа шинжилгээ гэсэн чиглэлээр нийт 12  төрлийн ажил хийхээр төлөвлөсөн аж.

М.Балжинням

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Зургийн цомог