Нэвтрүүлэг

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяртай нийгмийн чиглэлээр хийгдэж буй ажил, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

  - Эрдэнэт үйлдвэр энэ оныг Хөрөнгө оруулалтын жил болгон зарласан. Үүний дотор уурхайчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлийн ажил цөөнгүй бий. Тэдгээрийн явц ямар байдалтай байна вэ?
   - Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагатай компанийн хувьд энэ чиглэлээр олон ажлыг төлөвлөн эхлүүлж байна. Юуны өмнө бид уурхайчдаа орон сууцжуулах зорилгоор  “Уурхайчин 1”, “Уурхайчин 2”, “Уурхайчин 3” нэртэй,  нийт 1300 айлын орон сууцыг барих ажил эхэлсэн. “Уурхайчин 1” төсөл  нь өнгөрсөн 5 дугаар сарын нэгний өдөр шав тавьж, барилгын ажил эхэлсэн байгаа. “Уурхайчин 2” төслийн тендер зарлагдсан бол  “Уурхайчин 3” хөтөлбөрийн тендерийг өнөөдөр нээсэн. Үүнтэй холбогдуулаад нийгмийн цехүүдэд  багагүй засвар үйлчилгээний ажлууд төлөвлөгдсөн. Тухайлбал, “Сэлэнгэ” амралтын баазын усны хангамжийн техникийг энэ онд шинэчилнэ. 1980-аад оноос хойш олон жилийн ашиглалтаас шалтгаалан чанар нь муудсан усан хангамжийг сольж шинэчлэх ажлын зардлыг  энэ жилийн төсөвт тусгаж өгснөөр энэ ажил хийгдэнэ.  Мөн “Уурхайчин” соёлын ордны барилгын бүх цонхыг шинэчлэхээр төлөвлөсөн. “Энэрэл” төвд орчин үеийн стандарттай спортын зал барина. Энэ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг зарлахаар бэлтгэж байна. Дараагийн нэг томоохон ажил гэвэл “Сэлэнгэ” амралтын баазын дэргэд Ногоон хөгжлийн төв нэртэй бүс нутгийг хамарсан төв байгуулж байгаа. Үүнийг Байгаль орчны яамтай ярилцаж, зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэсэн. Гэх мэтчилэн хөрөнгө оруулалтын чиглэлийн ажлууд бүрэн хийгдэхээр эхлээд байна.

   - Ногоон хөгжлийн төвийн тухайд дэлгэрүүлнэ үү?
   - Ногоон хөгжлийн төв гэж олон улс болон манай улсад ч ажилладаг. Байгаль орчны яам, манай үйлдвэр хамтран зохион байгуулсан зөвлөгөөнөөс Ногоон хөгжлийн төвтэй болон санаачилга гаргаж, Эрдэнэтэд тэр тусмаа “Сэлэнгэ” амралтын баазын дэргэд байгуулахаар сонгосон. Үүний учир нь үзэсгэлэнт байгаль, ан амьтантай газрыг түшиглэн эх дэлхийгээ хамгаалах, эх оронч үзлийг таниулах олон талын сургалт сурталчилгаа, үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой гэж үзсэн. Тиймээс энэ чиглэлээр Ногоон хөгжлийн төв ажиллана. Үйл ажиллагаа нь эхлэхэд ч бэлэн болоод байна.

    - Жил бүр үйлдвэрийн ажиллагсдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг. Энэ жилийн үзлэг хэзээ эхлэх вэ? Ямар онцлогтой байх бол?
    - Уурхайчдад чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогын нэг болох эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж, үүнд жил бүр 8000 орчим ажилчин, ахмад, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилчдыг хамруулдаг. Урьдчилан сэргийлэх үзлэгийг Эрдэнэт сувиллын цогцолбор, “Медипас” эмнэлэг хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн үзлэгийг энэ сарын 20-ны өдрөөс эхлүүлж, бүх ажилчдаа 2019 онд багтаан хамруулахаар төлөвлөж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгийн онцлог гэвэл “Медипас” эмнэлэгтэй үзлэг, оношилгооны багцуудаа урьдчилан, сайн тохирч тодорхой болгодог. Илүү үр дүнтэй эрүүл мэндийн багцын үйлчилгээг үзүүлэх бодлого барьсан. Өөрөөр хэлбэл, хамгийн оновчтой, хэрэгтэй багцуудыг өмнөх жилүүдийн үзлэгийн үр дүнд суурилан шинээр гаргасан гэж хэлж болно. Ингэснээр энэ жилийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багц үйлчилгээг “Медипас” эмнэлэгтэй эцсийн байдлаар тохирч, эхлэхэд бэлэн болгоод байна. Мөн эмчилгээ сувилгааны хөтөлбөрийн дагуу Эрдэнэт сувилал цогцолбор уламжлал ёсоор зуны саам эмчилгээнд амрагчдаа хүлээж авч байна. Саам эмчилгээ энэ сарын 17-ноос ажиллаад эхэлсэн.

    - Хамтын ажиллагааны чиглэлээр ойрын үед ямар хөрөнгө оруулалт хийх вэ?
   - Удахгүй болох Үндэсний их баяр наадмыг Орхон аймагтайгаа хамтран зохион байгуулна. Эрдэнэт үйлдвэр жил бүр аймгийн баяр наадмыг зохион байгуулах  үйл ажиллагаанд нь зориулан 100 сая төгрөг зарцуулахаар төлөвлөдөг. Энэ жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөөнд ч энэ зардлыг тусгасан байгаа.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

   Байгалийн үзэсгэлэн бүрдсэн, эрүүл цэнгэг агаарт байрлах “Найрамдлын-Эрдэнэс” зуслан нь үйлдвэрийн ажилчдын хүүхдүүдэд зориулан 38 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх тус зуслан зуны хөтөлбөрөө эхлээд байна. Энэ талаар “Сэлэнгэ” амралтын баазын дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.

   - Хүүхдүүдийн хүсэн хүлээдэг зуслан үйл ажиллагаагаа эхэллээ. “Найрамдлын Эрдэнэс” зуслан хэдэн ээлж хүлээн авах вэ?
   - Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбогдуулан манай цехийн бүтэц, орон тоонд нэлээд өөрчлөлт гарсан. Улмаар “Сэлэнгэ” амралтын бааз Амралт, аялал жуулчлалын цогцолбор болон өргөжиж, үйл ажиллагааны хамрах хүрээгээ тэллээ. “Найрамдлын-Эрдэнэс” хүүхдийн зуслангийн хувьд энэ долоо хоногт эхний ээлжээ хүлээн авсан. Өнөөдрийн байдлаар 358 хүүхэд зуслангийн нэгдүгээр ээлжинд амарч байна. Зуны улиралд зуслан найман ээлжээр хичээллэж, нэг ээлжиндээ 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ажиллана. Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийн 53 иргэнтэй хамтран, сургагч багшаар ажиллуулж эхэлсэн.
  
   - Зуслангийн ээлж бүр ялгарах онцлогтой байх уу?
   - Зуслангийн үйл ажиллагааны хөтөлбөрөө жилээс жилд шинэчилж, сайжруулсаар ирсэн. Бид 38 жилийн туршлагатай. 2007 оноос хойш манай цехийн хэмжээнд шинэчлэлийн ажил эрчимтэй хийгдэж байна. Энэ хүрээнд зуслангийн ээлж бүрийг ямар нэг хөтөлбөрийн дор зохион байгуулахыг эрмэлзэх болсон. Энэ жилийн тухайд 1, 2, 3 дугаар ээлжиндээ Олон улсын хүүхэд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, Австрали улсаас амрагчид хүлээн авна. Харин 4, 5 дугаар ээлжинд спортын зөв хүмүүжил олгох зорилгоор сагс болон хөл бөмбөгийн тусгай сургалт явуулна.

   - Бусад зуслангаас ялгарах давуу тал нь юу вэ?
   - Манай зуслан Сэлэнгэ мөрний ай сав, байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг. Мөн Монгол Улсын “ТОП-100” аж ахуйн нэгж, дэлхийд данстай энэ том үйлдвэрийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг нь бидний давуу тал гэж хэлж болно. Ногоон байгальд амарч байгаа хүүхэд, залуучуудын хувьд хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалж, хог хаягдлаа хямгадаж, эх дэлхийтэйгээ харьцаж сурахад илүү дөхөмтэй.

   - “Зуслангийн эрхийн бичиг дуусчихлаа” гэсэн яриа гардаг. Энэ жилийн тухайд эрхийн бичгийн хүртээмж хэр байгаа вэ?
   - Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хүүхдүүдийг хөгжүүлэх, тэднийг ая тухтай амраах зорилгоор “Найрамдлын-Эрдэнэс” зусланг 1981 онд байгуулсан. Бид үйлдвэрийнхээ ажилчдын хүүхдүүдийг амраах бодлогоо илүүтэй барьж, эрхийн бичгээ цехүүддээ хуваарилдаг. Бусад хүүхдэд эрхийн бичгийн хүрэлцээ муу байдаг тул ийм яриа гардаг байх. Энэ жил “Найрамдлын-Эрдэнэс” зусланд 4000 орчим хүүхэд амарна.

  

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Мягмар, 18 6-р сар 2019 00:00

МЭДЭГДЭЛ



МЭДЭГДЭЛ

   Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн Стандарт банкны өр төлбөрт шилжүүлсэн 40 сая ам.доллартай холбоотой баримт нотолгоогүй, ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэгдэж байна.
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн Стандарт банкинд төлөх 40 сая ам.долларыг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Стандарт банкны зүгээс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 40 сая ам.доллар хүлээж авсанаа мэдэгдсэн. Энэхүү өр төлбөртэй холбоотой ор үндэслэлгүй мэдээ, мэдээллийг нийгмийн сүлжээгээр нийтлэж байгаа учраас бид албан ёсны эх сурвалжийн хувьд 40 сая ам долларыг Стандарт банк хүлээн авсан тухай  баримтын  хуулбарыг англи, монгол хэлээр хүргэж байна.

   Цаашид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагааг үгүйсгэсэн, харлуулсан, гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээлэл тараахгүй байхыг нийт хэвлэл, мэдээллийн байгууллагуудад уриалж байна.
   Мөн Эрдэнэт үйлдвэрийн талаарх үнэн бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч түгээхийг хүсье.   

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН
ХУУЛИЙН ХЭЛТЭС, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

   “Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станц “Шинийг санаачлагч ажилтан”, “Шинийг санаачлагч шилдэг залуу мастер” шалгаруулах аян зарлажээ. Сайн саналын системд оновчтой санал гаргасан ажилтнаа урамшуулах зорилготой энэхүү аяныг долдугаар сарын сүүлчээр дүгнэж, тодруулах юм. Цехийн хэмжээнд оны эхний 6 сарын байдлаар сайн саналын системд 178 санал гаргаж, ажиллагчдын оролцоо нэмэгдэж 27.4 хувьтай гарчээ. Дулааны цахилгаан станцын хэмжээнд 321 ажилтныг хамруулсан бүтээмж чанарын 31 дугуйлан байдаг.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн хуульч Д.Гансүхтэй ярилцлаа.

   - Өр барагдуулах ажлын талаар мэдээлэл өгнө үү?
  
- “Эрдэнэт” үйлдвэртэй гэрээ байгуулж, гэрээний нөхцөлийн дагуу урьдчилгаа мөнгө авч, гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтэрч авлага үүсгэсэн 5-15 жилийн насжилттай, 161 компанид холбогдох 60.8 тэрбум төгрөгийн авлага барагдуулах ажлыг сүүлийн 5 жилийн хугацаанд манай хуульчдын баг хариуцан ажиллаж байна. Нийтдээ 43.05 тэрбум төгрөгийн авлагыг бодитоор барагдуулж, авлага барагдуулалт 70.7 хувьтай, 119 компанийн авлагыг бүрэн барагдуулж хаасан байна. 32 компанид шүүхийн шийдвэр гаргуулж, авлага барагдах шатандаа үргэлжилж байна. 2019  оны эхний улиралд нийт 20.7 тэрбум төгрөгийн авлага барагдуулаад байна.

   - Үүссэн авлагыг барагдуулах ажиллагааг явуулахдаа хууль, эрх зүйн талаас ямар дүрэм журмаар зохицуулагдаж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг вэ?
   - Авлага барагдуулах ажиллагааг авлага барагдуулах ажиллагааны журмаар зохицуулж өгсөн. Ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/689 тоот тушаалаар үүссэн авлагыг барагдуулах ажиллагааны журмыг шинэчлэн баталсан. Журмаар гэрээнд заасан чиг үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс хугацаа хэтэрсэн, найдваргүй авлага үүсгэсэн иргэн, хуулийн этгээд, компанийн ажилтнаас авах авлагыг барагдуулах, авлага барагдуулахад үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн ажиллах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах, үүссэн авлагын баримт бичгийг Хуулийн хэлтэст хэрхэн шилжүүлэхийг журамлан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

   - Хугацаа хэтэрсэн авлага гэж, найдваргүй авлага гэсэн нэр томьёог тайлбарлавал?
  - Хоёр өөр ойлголт юм. Хугацаа хэтэрсэн авлага гэж компанид бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил, үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулж, гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй иргэн, хуулийн этгээд, дотоодын борлуулалт болох цэвэр ус, дулаан, цахилгаан, утас, ярианы төлбөр зэрэг үйлчилгээ авсан байгууллагууд цаг тухайд нь төлбөр тооцоог компанид төлөөгүйгээс хугацаа хэтэрч үүсгэсэн авлага, үйлдвэрийн зардлаар гадаад болон дотоодод сурахаар сургалтын гэрээ байгуулсан ажилтан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр эд хариуцагч эд, материалын хохирол учруулснаас үүссэн авлагыг хэлнэ. Харин найдваргүй авлага гэж нэхэмжлэлийн шаардлага гаргах хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хуулийн этгээд нь татан буугдсан, дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон, хариуцагч нь нас барсан, шүүхийн шийдвэрээр хариуцлага хүлээх чадваргүй, ор сураггүй болсон, байгалийн гамшиг давагдашгүй хүчин зүйлийн улмаас авлага барагдуулах боломжгүй болсон иргэн, хуулийн этгээдийн авлагыг хэлнэ.

   - Авлага барагдуулах ажил амаргүй ажил. Ямар дарааллаар явагдаж байна вэ?
  - Авлага барагдуулах ажиллагааны журмаар үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд гэрээ хариуцсан ажилтан ажилладаг. Энэ ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн дагуу гэрээний төсөл боловсруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих, авлага барагдуулах талаар уулзалт хийх, протокол үйлдэх, мэдэгдэл, шаардлага хүргүүлэх, хуулийн этгээдтэй тооцоо нийлсэн акт үйлдэх, үлдэгдлийг баталгаажуулах, авлагын талаар тайлан мэдээ, хувийн хэрэг нээж, бүртгэл хариуцан ажилладаг. Үүссэн авлага барагдуулах ажиллагааны журамд үйлдвэрийн бүтцийн нэгжүүд, хэлтэс, цехийн ажиллах тусгайлсан чиг үүргийг зааж өгсөн. Авлага үүсгэсэн иргэн хуулийн этгээд нь авлага барагдуулах явцад мэдэгдэл, албан шаардлагад тогтоосон хугацаанд авлагыг барагдуулаагүй, санаатай зайлсхийсэн тохиолдолд бүтцийн нэгжийн дарга холбогдох баримт бичгийг Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчийн зөвшөөрлөөр Хуулийн хэлтэст шилжүүлнэ. Холбогдох баримт бичигт гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, төлбөрийн даалгавар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, НӨАТ төлөгч бол гэрчилгээний хуулбар, тооцоо нийлсэн акт, авлага барагдуулах талаар хийсэн протокол, мэдэгдэл, шаардлага зэрэг холбогдох албан бичгүүдийн бүрдэл орно. Авлага үүсгэсэн хуулийн этгээдийн материалыг Хуулийн хэлтэс хүлээн аваад дарга хуульчдад хуваарилна. Хуульч журамд заасны дагуу хавтаст хэрэг нээж, хийх ажлын төлөвлөгөө гаргаж, материалыг судалж, дүгнэлт хийнэ. Бүтцийн нэгжийн хариуцсан ажилтнаас тайлбар авна, мэдэгдэл шаардлага хүргүүлж, хөөн хэлэлцэх хугацааг судална. Шаардлагатай тохиолдолд авлага барагдуулах гэрээ хийж, авлага барагдуулах график төлөвлөгөө гарган Ерөнхий захирлаар  батлуулан мөрдөнө. Иргэн хуулийн этгээд ямар нэгэн хэлбэрээр авлага барагдуулаагүй тохиолдолд сонин хэвлэлээр зарлаж, нэр төрд нь халдах, хууль хяналтын байгуулагад шилжүүлэх, шийдвэр гаргуулах шат дараатай арга хэмжээ авна.

   - Авлага барагдуулах талаар бусад Хууль, хяналтын байгууллагатай хэрхэн хамтарч ажилладаг вэ?
  - Авлага барагдуулах ажиллагааны журмын дагуу хуулийн этгээдүүдийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө шаардах эрхээ хадгалах үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргах, оршин суугаа хаяг тодорхойгүй, ор сураггүй хуулийн этгээдүүдийг эрэн сурвалжлах шийдвэр гаргуулах, гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзвэл цагдаагийн байгууллагаар шалгуулах зэрэг хууль хяналтын байгууллагатай хамтран ажилладаг. Шүүхийн шийдвэр гаргуулсан 10 компанийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, 19 компанид шүүхээр эрэн сурвалжлах шийдвэр гаргуулж  Цагдаагийн газарт шилжүүлсэн. Гурван компанид эрүүгийн хэрэг үүсгүүлэн Цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

   - Хар жагсаалтад бүртгэгдсэн хуулийн этгээдүүдийн талаар?
  - Хууль, эрх зүйн газраас Ерөнхий захирлын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/716 тоот тушаалаар Хар жагсаалтыг шинэчлэн баталсан. Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтэрсэн авлага үүсгэсэн 141 компани, иргэн, хуулийн этгээдийг найдваргүйд тооцож, тэдгээрийн удирдлагатай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл гэрээ, хэлцэл хийхгүй байхыг Ерөнхий захирлын орлогч, бүх газар, цех, хэлтсийн дарга нарт үүрэг болгосон.

   - Ярилцсанд баярлалаа.

А.Бямбамаа
Фото: Б.Баттөгс

   “Эрдэнэт” үйлдвэрийн удирдах ажилтнууд “Стратеги төлөвлөлт ба тэнцвэржүүлсэн үнэлгээний систем” сэдэвт хоёр өдрийн сургалтад хамрагдаж, стратеги төлөвлөлтийн талаарх мэдлэгээ ахиулж байна. Тус үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалын дагуу удирдах ажилтныхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор цуврал сургалт зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү сургалт юм. Энэ удаагийн сургалтад  Глобал Стратегийн Удирдлагын Институтын захирал, Стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал “Стратеги төлөвлөлтийн орчин үеийн чиг хандлага”, “Стратеги төлөвлөлт ба Тэнцвэржүүлсэн үнэлгээний системийн давуу тал, ач холбогдол”, “Тэнцвэржүүлсэн үнэлгээний системийг нэвтрүүлэх 9 алхам” зэрэг сэдвээр хичээл зааж, Хөгжлийн хэлтсийн ажилтнууд мэдээлэл хийлээ.    
   Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ урт хугацааны хэтийн төлөв, төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Харин үйлдвэрийн дунд хугацааны стратеги төлөвлөлтийг хэрхэн хийж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход уг сургалтын зорилго чиглэжээ.
   Стратеги төлөвлөлт нь тухайн компанид өрсөлдөөний давуу талыг бий болгодог. Тухайлбал, стратеги төлөвлөгөөгөө гаргасан компанийг төлөвлөлтгүй компанитай харьцуулахад ашиг орлого өндөр, ажилтнууд нь илүү чадварлаг байдаг гэсэн судалгаа бий.  Компани, үйлдвэрийн газрууд өөрийнхөө дунд болон урт хугацааны стратегийг төлөвлөнө гэдэг нь бүгдээрээ нэг зүгт харж, зорьж ажиллахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл,  бүх нөөц боломж, хүчин чармайлт, зорилго нь нэг зүгт чиглэдэг гэсэн үг юм. Энэ утгаараа “Эрдэнэт” үйлдвэр урт болон дунд хугацааны стратегаа оновчлох нь Монголын эдийн засгийн томоохон тоглогчийн хувьд өндөр ач холбогдолтой. Стратеги бодлогоо хамгийн хэрэгжих боломжтойгоор төлөвлөж, тэнцвэржүүлсэн үнэлгээний арга аргачлыг нэвтрүүлэх нь үр дүнтэй гэдгийг уг сургалтаар онцолж байна.     

М.Балжинням
Фото: Б.Ялалт

   Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Цутгуурын цехэд хийх техник, технологийн шинэчлэлийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байгааг Ерөнхий инженер А.Арвис онцоллоо. Өөрөөр хэлбэл, Цутгуурын цехийн хэвний хэсэгт “Хүйтнээр хатууруулах холимгоор хэв бэлтгэх хагас автомат шугам угсрах, суурилуулах” өргөтгөлийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Төслийн үндсэн зураг төсөл, техникийн шийдлүүд бүрэн хийгдэж, батлагджээ. Ирэх есдүгээр сард цехийн дөрвөн мэргэжилтэн Герман улсад очиж, төслийн техник, тоног төхөөрөмжийг хүлээж авах юм. Өргөтгөлийн ажилтай холбоотойгоор Цутгуурын цехийн үйл ажиллагааг 11 дүгээр сарын нэгнээс түр зогсоохоор төлөвлөжээ.

   Цутгуурын цехийн хэвний хэсэг 1974 онд ашиглалтад орсон. Тэр үеийн зураг төслөөр одоо хүртэл ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд техникийн шинэчлэл хийгдээгүй. Тиймээс хэвний хэсгийг бүхэлд нь буулгаж, орчин үеийн шинэлэг технологи бүхий ХБНГУ-ын Ф.А.Т компанийн тоног төхөөрөмж суурилуулах юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр цутгамлын чанар сайжирч, хүчин чадал нэмэгдэхийн зэрэгцээ гаднаас импортоор худалдаж авдаг түүхий эдийн хэмжээ багасах ач холбогдолтой. Гол давуу тал нь хаягдалгүй, эко цутгуурын үйлдвэрлэлийн технологи нэвтрүүлнэ. Хүчин чадал дээшилснээр жилд үйлдвэрлэдэг 5000 тонн цутгамал бүтээгдэхүүн 7000 тонноор нэмэгдэж,  бүтээгдэхүүний хэмжээ 12000 тоннд хүрэх боломжтой болох юм. Цутгуурын цехийн “Хүйтнээр хатууруулах холимгоор хэв бэлтгэх хагас автомат шугам угсрах, суурилуулах” техник технологийн шинэчлэлтийг 2020 оны тавдугаар сарын нэгэнд ашиглалтад бүрэн оруулахаар ажиллаж байна.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

   Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг удахгүй эхэлнэ. Энэ жилийн үзлэгийн онцлог, өнгөрсөн оны үзлэгийн мөрөөр хийж хэрэгжүүлсэн ажлынх нь талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын  Статистикч эмч Ж.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

   - Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хэзээ эхлэх вэ?
  
- 6-р сарын 20-ноос эхэлнэ. Үйлдвэрийн ахмадууд, ҮО, МШӨ-ний улмаас хувь тогтоолгосон ажилчдыг хуваарийн дагуу үзлэгт хамруулна.

   - Хуваарь гарсан уу? Үзлэгт хэдэн хүн хамрагдах вэ?
  - Эхний ээлжинд 6-р сарын 20-ноос Технологийн сургууль, Засвар угсралтын цех, Аж ахуй, үйлчилгээний цех, Судалгааны төв, ХМТАЦ-ын ажилчид орно. Төлөвлөгөөгөөр 6000-д ажиллагсад, ҮО, МШӨ-тэй 354 хүн, 2100 орчим ахмад үзлэгт хамрагдана. 7-р сарыг дуустал өдөртөө 45-50 хүн үзлэгт орохоор төлөвлөж байна.

   - Энэ жилийн үзлэгийн онцлог юу вэ?
 
- Энэ жил насны ялгаагүйгээр багц сонгох боломжтой. Компьютер-томограф болон Соронзон үелзүүрт томографийн /МRI/ шинжилгээтэй багцууд орсон. Есөн багц үзлэг хийгдэнэ. Үүнд:
      1. Үндсэн багц шинжилгээтэй
      2. Зүрхний
      3. Ходоод, улаан хоолойн дурантай
      4. Бүдүүн гэдэсний дурантай
      5. Чихрийн шижин болон бамбайн булчирхайн
      6. Мэдрэлийн багц /тархины судасны допплер, нурууны MRI
      7. Хэвлийн тодосгогчтой компьютер томографтай
      8. Уушигны бага тунт компьютер томографтай
      9. Нурууны рентген, Д витаминтай багц
   Бүх багцад үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлох лабораторийн болон багажийн шинжилгээнүүд багтсан.

   - Багц  сонгохдоо юуг анхаарах вэ?
  - Цех хариуцсан эмч өмнөх жилүүдийн үзлэг шинжилгээ, эрүүл мэндийн түвшинг үндэслэн тухайн ажилтныг багц сонгоход чиглүүлж зөвлөгөө өгнө. Мөн ажилтнууд өмнөх жилийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, ЭСЦ-ын эмч нарын давтан үзлэгийн үеэр зөвлөснийг бодолцож багцаа сонгох хэрэгтэй. Хэвлийн ЭХО-оор ямар нэг сүүдэртэй, голомттой гэх зэрэг асуудалтай байсан бол багц долоо буюу хэвлийн тодосгогчтой Компьютер томографтай багцыг, уушгинд ямар нэгэн асуудалтай бол наймдугаар багцыг сонгох жишээтэй.

  - Танай цогцолбороос өнгөрсөн оны үзлэгийн дүнд судалгаа хийсэн үү? Өвчлөлийг бууруулах чиглэлээр хэрхэн ажилласан бэ?
   - 2018 оны үзлэгийн дүнг нэгдсэн үзүүлэлтүүдээр гаргасан. Ажилчдын дунд тэргүүлэх өвчлөлд хоол боловсруулах замын эмгэг, бодисын солилцооны хямрал болон дотоод шүүрлийн эмгэг, бөөр шээсний замын эмгэг, зүрх судасны эмгэг орсон. Цех болгоныг хариуцсан эмч байдаг. Эмч бүр цехийнхээ урьдчилан сэргийлэх үзлэгийн тайланд дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах хүмүүсээ дахин нарийвчилсан шинжилгээнд оруулж, онош тодруулах, эмчилгээний асуудлыг хүн нэг бүрээр тооцон ажиллаж байгаа. Энэ ажил жилийн турш хийгддэг юм. Долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагийг эмч цех дээрээ ажиллах өдөр болгож, үзлэг хийх, шаардлагатай ажилчдын эрүүл мэндэд хяналт хийж цехийн удирдлагад танилцуулах, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, эрүүл мэндийн хөтөлбөрт  хамруулах  ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна.
   Мөн “Эрдэнэт” сувиллын цогцолбор болон БОЭТ, бусад төрөлжсөн эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмчийн хяналтын явц, эмчилгээний үр дүнд маш сайн анхаарч ажиллаж байна. Ажилчдын хөдөлмөрийн чадвар түр алдалтад хэд хэдэн чиглэлээр судалгаа дүгнэлт хийж байна. Тухайлбал, шинээр ажилд орсон  хүмүүсийн, удаан хугацаанд өвчтэй байгаа ажилчдын, олон удаа эмнэлгийн хуудас авч байгаа  гэх мэтээр.

   - Энэ чиглэлээр хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?
   - Урьдчилан сэргийлэх үзлэгийн мөрөөр авч хэрэгжүүлэх ажлын  арга хэлбэрээ сайжруулан ажиллана. Орчин үеийн эрүүл мэндийн чиг хандлага урьдчилан сэргийлэх ажиллагаанд түлхүү анхаарч байгаа юм. Тиймээс бид ажилчдыг өвчлөлөөс сэргийлэх, ажлын байрны нөхцөлийг сайжруулах чиглэлд ХАБЭА-н хэлтэстэй хамтран олон ажил зохион байгуулах шаардлага бий.
   Мөн ажлын байранд эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа буюу ажилтныг ажлаа хийж байх үед  эрүүл мэндийг нь хамгаалах, сайжруулах ажиллагааг  хэрэгжүүлэх шаардлагатай. Ажилтан буюу хувь хүн  эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байх нь маш чухал. Яагаад гэвэл эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлсийн тухайд амьдралын хэв маяг 60-70 хувиар нөлөөлдөг гэсэн ДЭМБ-ын судалгаа байдаг.

Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

   Сайн саналын системийн 100 манлайлагчийн нэгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цехийн ус хангамжийн хэсгийн Ариутгах татуургын шугам сүлжээний засварын мастер С.Ганхуяг нэрлэгдсэн. Түүний дэвшүүлсэн 11 саналаас 9 нь үйлдвэрлэлд нэвтрээд байна.

  - Үйлдвэрийн хэмжээнд өрнүүлж буй бүтээмжийн ажлын үр өгөөжийг та хэрхэн харж байна вэ?
  - Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа дунд бүтээмж, инновацийн уралдаан зарласнаар тэдний хийж бүтээх хүслийг бадрааж, залуучуудын санал санаачилга илүүтэй нэмэгдэж байна. Тухайн хүнээс санаачилга гарч байна гэдэг бол сэтгэлгээг хөгжүүлэх сайн талтай. Тиймээс ч бид аливаа бүтээмжийн саналыг дэмжиж, ажил хэрэг болгохыг эрмэлзсээр ирсэн. Сайн саналыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр ажил хөнгөвчилж, илүү хялбар болсныг бид өдөр бүр харж, мэдэрч байна. Манай цех 2018 онд бүтээмж, инновацийн мэргэжилтэнтэй болсон. Өнгөрсөн оны ажлын үзүүлэлтээ 2017 онтой харьцуулахад бүтээмжийн ажил 2-3 дахин өссөн дүнтэй гарсан. Мөн сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтад манай цехээс 15 ажилтан шалгарсанд баярлаж, хамт олноороо бахархаж байна. Цаашид бид бүтээмжийн ажлаа байнга өрнүүлж, үйлдвэрлэлд олон шинэ санаа нэвтрүүлэхийг зорино.

  - “Лусын сан” дугуйлангийнхаа амжилт, ололтоос хуваалцана уу?
  - Манай бүтээмж чанарын дугуйлан “Лусын сан” нэртэй, 9 хүний бүрэлдэхүүнтэй. Бид чандмань эрдэнэ болсон цэвэр усныхаа чанар, аюулгүй байдлыг хангадаг мэргэжлийн ажлаараа бахархан, дугуйлангаа нэрлэж байлаа. Манай хамт олон сүүлийн жилүүдэд цехийн хэмжээнд зохион байгуулсан бүтээмжийн уралдаан тэмцээнд тэргүүн байрт шалгарч, үйлдвэрийн хэмжээнд тогтмол 2, 3 дугаар байр эзэлж байгаа.

   - Эрдэнэт үйлдвэрт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
  - Би ус хангамжийн мэргэжилтэй. Сургуулиа төгсөж ирсэн шинэхэн оюутан ажлын талбарт гарч байлаа. Эрдэнэт үйлдвэрт 29 дэх жилдээ ажиллаж байна. Цэвэрлэх байгууламжийн технологиор ажиллаж байгаад сүүлийн 11 жилд нь ус хангамжийн мэргэжлээр цехдээ ажилласан. Үйлдвэрийн боловсон хүчний дийлэнх хувийг залуучууд эзэлж байгаа тул тэдэндээ хандан, “Хүн амьдралынхаа төлөө зүтгэх ёстой, хөдөлмөрлөх ёстой. Дэлхийн хэмжээний том үйлдвэрт ажиллаж байгаа тар нар азтай хүмүүс шүү. Үргэлж ажил, мэргэжлээрээ бахархаж яваарай” гэж захих дуртай.

  - Хэсгийнхээ ажлын онцлогийг дурдвал?
  - Ус хангамжийн хэсэг нь Эрдэнэт хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн газруудыг ахуйн болон ундны ус, техникийн усаар ханган ажилладаг. Манай хэсэг тасралтгүй 24 цагаар ажиллахдаа дөрвөн дэд станцаар дамжуулан, хоногт 24-30 мянган куб метр усыг хотын хэрэгцээнд нийлүүлж байна. Бид цэвэр ус татах дөрвөн дэд станцынхаа бүхий л засвар үйлчилгээг улирал харгалзахгүйгээр хариуцан ажилладаг. Хариуцлага маш өндөртэй. Ямартаа ч өнгөрсөн хугацаанд үйлдвэр болон хотоо цэвэр усаар тасалж байсан удаагүй.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажиллагчид, ҮО, МШӨ-тэй иргэд, үйлдвэрээс тэтгэвэр тогтоолгосон ахмадууд Та бүхэн 2019 онд дараах нэр бүхий амралт, рашаан сувиллуудад амраад Хамтын гэрээний хөнгөлөлт эдлэх  боломжтой.

УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН РАШААН СУВИЛЛУУД:
   - Баатарван амралт сувилал /Магадлан итгэмжлэгдсэн сувилал/
   - Оргил рашаан сувилал /Улаанбаатар/
   - Хужирт /Өвөрхангай/
   - Төв Хужирт сувиллын илгээх бичгийг Баян дэлгүүрийн 2-р давхраас 99974332 утсаар холбогдон авах боломжтой.
   - Эльма-Хужирт, Сэмжид-Хужирт, Ананд-Хужирт
   - Шаргалжуут /Баянхонгор/
   - Аварга тосон /Хэнтий аймаг/
   - Хэрлэнгийн хөдөө арал /Аварга тосон ГОК-ийн сувилал/
   - Улсын төв амралт Аварга тосон
   - Дархан-Оточ “Аварга” рашаан сувилал
   - Жанчивлангийн рашаан сувилал /Төв аймаг/
   - Өвөр жанчивлан, Задгай цагаан сувилал
   - Бигэр /Говь-Алтай/ бөөрний сувилал
   - Хульж рашаан сувилал,
   - Хульж ресорт рашаан сувилал /Булган аймгийн Могод сум/
   - Галт халуун ус /Хөвсгөл/
Дээрх рашаан сувиллуудын илгээх бичгийг Амбулаторын 2-р давхарт 201 тоот өрөө, Статистикийн кабинет, амбулаторын бүртгэл лавлагааны хэсгээс олгоно.  

ИЛГЭЭХ БИЧГЭЭ ИРҮҮЛЭЭГҮЙ Ч АМАРЧ ИРЭЭД ХӨНГӨЛӨЛТ АВАХ БОЛОМЖТОЙ РАШААН СУВИЛЛУУД:
Тухайн сувиллаас олгосон  илгээх бичгийн хуулбарласан  хувийг хөнгөлөлт авах баримтдаа  хавсаргана.
    - Энергийн элс /Дорноговь аймаг /
    - Бөөрний сувилал
    - Хасу шивэрт /Архангай/
    - Отгонтэнгэр  /Завхан аймаг/

УЛААНБААТАР БОЛОН БУСАД АЙМАГ ДАХЬ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН СУВИЛЛУУД:
   - Илгээх бичгээ авч ЭСЦ-ын эмч, мөн хяналтын эмч, эсвэл өрхийн эмчдээ үзүүлж тухайн эмнэлгийн тамга тэмдгээр баталгаажуулна. Нийгмийн даатгалаар баталгаажуулах шаардлагагүй.
   - “Чулуут” саам сувиллын  илгээх бичгийг ЭСЦ-ын сувиллын хэсгийн 1-р давхарт байрлах кассанд мөнгөө тушааж авна.  
  - Саам амралтуудын илгээх бичгийг Сувиллын хүлээн авах болон Статистик дүн бүртгэлээс олгоно. Орон нутгийн саам амралтуудад явахад ээлж харгалзахгүй, нэгдсэн унаагаар үйлчлэхгүй. Сувиллаас олгосон илгээх бичиг дээр ор хоногийн /эмчилгээний/ төлбөрийг бичүүлж, баталгаажуулсан байна.

АНХААРАХ ЗҮЙЛ:
   - Ажилчид рашаан сувилал, саам амралтуудад ээлжийн амралтаараа амарна. Ээлжийн амралт таарахгүй байгаа ч эмчлүүлэх шаардлагатай ажилчид цехийн эмч, хяналтын эмчийн үзлэг, дүгнэлтийг үндэслэн эмч нарын зөвлөгөөнөөр орсны дараа ээлжийн амралтаас зохицуулан сувилуулах боломжтой. Ийм  тохиолдолд эмнэлгийн хуудас олгохгүй.
   - Магадлан итгэмжлэгдсэн Рашаан сувиллуудад илгээх бичиг, ЭМД-ын дэвтрээ заавал авч очих шаардлагатай. Илгээх бичгийн арын хуудсан дахь  утсаар  холбогдон лавлаж өрөө байраа  урьдчилан захиална уу.
   - Ялангуяа Шаргалжуут, Аварга тосон /улсын/-д албаны утсаар нь холбогдож урьдчилгаа төлбөр төлсөн тохиолдолд захиалсан өрөө, байр баталгаажин хадгалагдаж, захиалга өгсөн хугацаандаа сувилуулах боломжтой.
   - Шаргалжуут, Аварга тосон /улсын/ албаны утас: 77437777
   - Энергийн элс бөөрний сувилалд илгээх бичгээ тэндээсээ авч сувилуулна. /вагоноор явах боломжтой/
   - Ачит элс бөөрний сувилал Хангал сумын Хялганатын нутаг дэвсгэр буюу Сэлэнгэ амралтын бааз явах замд байрладаг. 6-р сарын 20-ноос эхэлнэ. Илгээх бичгийг ЭСЦ-оос олгоно.

АВТОБУС БОЛОН УНААНЫ ТАЛААР:
    - ЭСЦ-оос нэгдсэн унаа  гаргахгүй тул баталгаат чиглэлд хувийн унаагаар, мөн тухайн рашаан сувиллын автобусаар үйлчлүүлэх боломжтой.
    - Илгээх бичгийн ар талд явах унааны талаар бичигдсэн.  
    - Аймгуудын /Завхан, Баян-Өлгий, Увс гэх мэт хол орших/ магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд илгээх бичгийг  очсон сувиллаасаа авч, бичиг баримтаа бүрдүүлэн Хамтын гэрээний хөнгөлөлт эдлэх  боломжтой.     

АМАРЧ СУВИЛУУЛААД ИРСНИЙ ДАРАА:
   - Дээрх рашаан сувиллуудад амарч сувилуулсан  хүмүүс ЭСЦ-ын амбулаторын 4-р давхар 405 тоот өрөө, мөн 2-р давхар 201-а тоот өрөө /статистикч эмч/-д доорх бичиг баримт бүрдүүлж өгнө.
      Сувиллын эмчилгээний хөнгөлөлт /50 хувь/
   - Илгээх бичиг /хуулбарласан хувь/
   - Сувилуулсан ор хоногийн зардал төлсөн баримт /эх хувь/
   - НӨАТ-ын баримт бус, зөвхөн сувиллын ор хоног эмчилгээний төлбөрийн баримтыг авна. /Нэмэлт үйлчилгээ, автомашины төлбөр тооцоо зэргийг  хувь хүн өөрөө хариуцна./
   - Унааны хөнгөлөлт олгогдохгүй.
   - Илгээх бичиг болон баримт дээр доорх нэмэлт мэдээллүүд засваргүй зөв бичигдсэн байх шаардлагатай.
   - Ажилчид - овог нэр, цех, табелийн дугаар
   - МШӨ, ҮО - овог нэр, цех, табелийн дугаар
   - Үйлдвэрээс тэтгэвэрт гарсан ахмадууд - овог нэр, цех, ахмадын үнэмлэхний дугаар
Ирсэн баримтуудыг нэгтгэж жагсаалт гарган:
   - Ор хоногийн /эмчилгээний/ зардлын хөнгөлөлтийг цех хариуцсан цалингийн нягтлан бодогч тооцож, цалин дээр виза картаар олгоно. МШӨ, тэтгэврийн хүмүүсийн хөнгөлөлт сар бүрийн тэтгэмжийн мөнгөтэй хамт олгогдоно.


ЭСЦ. Статистик, бүртгэл мэдээллийн хэсэг, сувиллын хүлээн авах, касс,
Статистик: 757-73453,  Бүртгэл лавлагаа: 757-73693,
Хүлээн авах: 757-73496, Касс: 757-73456.

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Зургийн цомог