• Булган аймагтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

    Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Засаг дарга З.Батзориг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар хамтран ажиллах 2020 оны гэрээг үзэглэлээ. Сүүлийн жилүүдэд Булган аймаг, Эрдэнэт үйлдвэр хоорондын хамтын ажиллагааг тэлснээр бүтээн байгуулалтын ажилд томоохон түлхэц болж байгааг Булган аймгийн Засаг дарга З.Батзориг онцлоод, энэ оны 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Нэгдсэн эмнэлэгт рентген аппарат авах, Тэшиг сумын 120 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга барих ажилд зарцуулахаар болсноо мэдэгдсэн юм.   Эрдэнэт үйлдвэр 40 гаруй жилийн тэртээ Булган аймгийн нутаг дэвсгэр дээр байгуулагдан, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эдүгээ Олон Улсын тавцанд уул уурхайн тэргүүлэх аж ахуйн нэгж болон хөгжиж дэвжсэн. Тиймээс ч анхдагчдын өлгий нутгийг мартах учиргүй, Булганчуудын алс ирээдүйд, хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулалт хийх үүднээс хамтын ажиллагаагаа өргөжүүлж, 2018 онд нэг тэрбум, 2019 онд 500 сая, 2020 онд 700 сая төгрөгөөр хамтран ажиллаж байгааг үйлдвэрийн удирдлага онцлон тэмдэглэлээ. Булган аймаг өнгөрсөн онд хамтын ажиллагааны чиглэлээр шийдвэрлэсэн санхүүжилтийг ЕБС-иудад байгалийн ухааны кабинет байгуулах, биеийн тамирын талбай тохижуулах, төрийн албан хаагчдыг гадаадад сургалтад хамруулах, 4 суманд бүтээн байгуулалт хийхэд дэмжлэг үзүүлжээ.    И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр энэ онд 14.5 тэрбум төгрөгөөр Орхон аймгийн бүтээн байгуулалтыг дэмжин ажиллана

    ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар энэ өдрийн морин цагт Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн 2020 оны хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.         Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, ИТХ-ын тэргүүлэгч Д.Мөнхбат, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал нар оролцлоо.             Үйлдвэр дагаж байгуулагдсан Эрдэнэт хот эдүгээ 104 мянган хүн амтай. Хот, үйлдвэрийн хамтын ажиллагааг бэхжүүлж, бүтээн байгуулалтын ажлуудад бодитой хөрөнгө оруулалт хийсэн сүүлийн 3 жилд төр, хувийн хэвшлийн ойлголцол ахисан шатанд гарч, хүн амын ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд нэг зорилготой ажиллаж байгааг энэ үеэр онцоллоо. Өнгөрсөн оны хамтын ажиллагааны гэрээ 96.4 хувьтай дүгнэгдсэн бөгөөд Эрдэнэт үйлдвэр энэ онд 14.5 тэрбум төгрөгийг орон нутагт шийдвэрлээд байна. Үүний 12.5 тэрбум төгрөгөөр 1А хорооллын инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг шийдвэрлэж, Бурхан багшийн сэрэг дүр болон Найрамдлын өндөрлөг орчмын тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх, 2 тэрбум төгрөгөөр Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт хүрээлэнг барьж байгуулах тухай аймгийн Засаг дарга Д.Батлут танилцууллаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ “Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дэлхийн зах зээл дээр зэсийн ханш унаж, коронавирусын цар тахлаас үүдэн санхүүгийн байдал таагүй байгаа хэдий ч энэхүү хамтын ажиллагааны гэрээг цаг алдалгүй үзэглэж байна. Эрдэнэт үйлдвэр хүний төлөө байгуулагдсан үйлдвэр. Өнөөдөр ч хүний төлөө ажилласаар байна. Бид хямралыг хохирол багатайгаар хамтдаа давж, иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө хичээн ажиллах болно” хэмээсэн.   Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд үр дүнтэй байгааг удирдлагууд онцоллоо. Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйгаас үүдэлтэй цагаан тоосны дэгдэлтийг бууруулах “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр нийт талбайн 80 хувийг дарсан бөгөөд энэ онд усны алдагдлыг бууруулахад хамтран ажиллах чиглэлээр ажлын хэсэг байгуулаад байна.        И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • “Дархлаагаа дэмжье” эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулж байна

    “Эрдэнэт” сувиллын цогцолбор болон үйлдвэрийн ажилчдад халуун хоолны үйлчилгээ үзүүлдэг компаниуд хамтран “ковид-19” халдварын эсрэг “Бүх нийтээрээ дархлаагаа дэмжье” өдөрлөгийг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн өдөрлөгийг “Эрдэнэт” сувиллын цогцолборын хоол зүйч Б.Мөнгөнтуяа санаачлан, цех хариуцсан эмч нар оролцож буй аж. Өдөрлөгөөр дархлаа дэмжих олон төрлийн ундаагаар ажилчдад үйлчлэхийн зэрэгцээ хоолны эрүүл ахуй, халдвар хамгаалал, нэр төрөл, үйлчилгээний чанар, хандлага зэрэг чиглэлээр асуумж судалгаа авч байна. Мөн дархлаа дэмжих уламжлалт арга, шим тэжээллэг хүнс хэрэглэх, булуу чөмгөний ясны ач холбогдол, “Эрүүл мэнд-аз жаргал” гэсэн сэдэвтэй гарын авлага, зөвлөмж тараажээ.     Эхний удаагийн өдөрлөгийн үйл ажиллагааг Засвар механикийн завод, Ган бөөрөнцгийн цех, Төрөл бүрийн маркийн авто машины засварын газрын ажилчдад халуун хоолоор үйлчилдэг “Таятан фүүд” компани зохион байгуулж, дархлаа дэмжих дөрвөн нэр төрлийн амин дэмийн ундаагаар өдрийн ээлжийн 700 гаруй ажилчдад үйлчилсэн байна. Тэгвэл өнөөдөр уг өдөрлөгийг Ерөнхий захиргааны нэгдүгээр байр, Цэвэрлэх байгууламж, Хаягдлын аж ахуйн ажилчдад халуун хоолоор үйлчилдэг “Хаан хүнс” компани зохион байгууллаа. Өдөрлөгт дээрх цехийн 1350 орчим ажилтан хамрагдав. Мөн энэ үеэр гар угаах дадлага сургалт явуулжээ. М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • Тээвэр ложистикийн төвийнхөн “Хорт зуршилгүй хамт олон” болно

    Тээвэр ложистикийн төвийн О.Сувд-Эрдэнэ ахлагчтай “Шинэ санаа” бүтээмж чанарын дугуйлангаас санаачлан “Хорт зуршилгүй хамт олон” аяныг эхлүүлэв. Дэлхий дахинд цар тахлын хэмжээнд хүрч, нийтийг түгшээж буй “ковид-19” халдварын эсрэг тэмцэхийн тулд хүн бүр амьдралын зөв хэвшилтэй байж, дархлаагаа дэмжих үүрэгтэйг аяны зорилго агуулжээ. “Хорт зуршилгүй хамт олон” аяны хүрээнд долоо хоног бүрийн Баасан гаригийг “Тамхигүй өдөр” болгож, архи болон мансууруулах бодисын хор уршгийг таниулах заавар зөвлөмж түгээх юм. Аяны талаар тус цехийн ХАБЭА-н инженер Д.Энхбаатар “Манай цехэд 13 бүтээмж чанарын дугуйлан ажилладаг. Тэдгээрийн нэг “Шинэ санаа” дугуйлангийнхан хувь хүн бүр хорт зуршилтай тэмцэх нэг сарын аяныг санаачилсан. ХАБЭА-н хэлтсээс олон чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг хэсэг нь цехүүдэд өрнөдөг жижиг аян болон тасралтгүй сайжруулалтыг дэмжих ажлууд юм. Бид хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, осол авааргүй ажиллахад илүү төвлөрдөг бол зарим үед ажиллагсдын эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудлыг орхигдуулдаг тал бий. Тиймээс энэ удаа манай ажилтнууд санал бодлоо солилцон, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх алхамд суралцъя гэсэн зорилгод нэгдсэн. Нөгөө талаар, коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийн үед цахим уралдаан тэмцээнд хамрагдаж, хорт зуршлаас салах бүтээлч ажил зохион байгуулахыг зорьж байна” гэж онцлов. Сарын аян 5 сарын 3-ныг хүртэл үргэлжилж, үр дүнгээ дүгнэх аж. Тээвэр ложистикийн төвийн ажилчдын эрүүл мэндийн үзлэг хяналтыг “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч Т.Баярсайхан хариуцан ажилладаг. Тэрээр “Хорт зуршилгүй хамт олон” болох аяны турш ажилчдад эрүүл мэндийн цахим сургалт болон архи тамхины хэрэглээнээс татгалзахын ач тус, зөв дадлыг хэвшүүлэх сэдвээр эмчийн зөвлөгөө өгөх аж. Өнгөрсөн жил тус цехийнхэн хөдөлгөөний хомсдолоос сэргийлж, илүүдэл жинтэй тэмцэх зорилгоор “Эрүүл мэндийн замаар алхъя” аяныг зохион байгуулсан нь үр дүнтэй болжээ.   М.Балжинням   Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийнхэнд аюулт өвчнөөс хамгаалах “Нагбу гужор” эмийн үрэл бэлэглэлээ

    Өнгөрсөн оны сүүлчээр Хятад улсад анхны тохиолдлууд нь илэрч, өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрээд буй корона вирус буюу “ковид-19” халдварын тархалттай хүн төрөлхтөн олон хэлбэрээр тэмцэж байна. “Ковид-19” өвчнөөс урьдчилан сэргийлж, хамгаалах чиглэлээр Улсын онцгой комиссын шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэрэгжүүлэн, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Өнөөдөр тус үйлдвэрийн уурхайчдад “Срайдорж Номунхан” сангаас аюулт өвчнөөс хамгаалах “Нагбу гужор” буюу “Есөн харын найрлага” эмийн үрлийн дээжээс гардуулж өглөө. Тодруулбал, есөн чухал эмийн найрлагаас бүтсэн 2600 ширхэг үрлийг Срайдорж Номунхан Лувсандамбийжалцан хувилгаан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярт гардуулав. Срайдорж Номунхан сан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, эхний ээлжинд тус үйлдвэрийн нийт ажилтны 40 хувьд нь энэхүү эмийн үрлийг бэлэглэж буйгаа энэ үеэр онцоллоо. Өөрсдийн мэдлэг чадвараа ашиглан хүний төлөө буяны ариун үйлс хийж буй Срайдорж Номунхан сангийнханд уурхайчдынхаа өмнөөс талархаж буйгаа  Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр илэрхийлсэн.    Нагбу гүжор буюу “Есөн харын найрлага” үрлийн учир, зориулалтын тухайд Срайдорж Номунхан Лувсандамбийжалцан гэгээнтнээс тодруулахад ”Нагбу гүжор буюу “Есөн харын найрлага” үрэл бол халдварт догшин өвчин, ялангуяа гэдэс дотрын өвчин, ад донгийн өвчин, лусын хорлол зэргийг амарлиулах, дарах тухайд 300 гаруй жилийн өмнө анх зохиогдож, бий болсон юм. Энэ үрэл нь өнөөгийн дэлхий нийтэд үүсээд буй хүнд цаг үед сүсэгтэн иргэд зүүж хэрэглэснээр амьсгалын замын болон нялхсын, таван цулын гээд бусад олон халдварт өвчнөөс амарлих нигууртай. Гол нь сүсэгтэн олон маань чин үнэн сэтгэлээр сүжиглэж, биширч зүүвэл үр дүнгээ өгнө. Зөвхөн гадна талаас үрэл зүүгээд дотоод бие, хэл, сэтгэл гурвын үүднээс ирэх өвчнийг төдийлөн амарлиулж чадахгүй. Биеийн үүд буюу гадаад барцдаас хамгаалахад зохицох ч хамгийн чухал нь бие сэтгэлээрээ сүжиглэж биширч хэрэглэх нь аюулт өвчнөөс амарлиулах тусыг өгнө” гэж тайлбарлав.      Срайдорж Номунхан сангаас “Нагбу гүжор” үрлийг Эрдэнэт хотын 110 мянган иргэдэд зэрэг тараах боломжгүй, нөгөө талаас бүгдэд өгөх шаардлагагүй бөгөөд гол нь чухаг дээд гуравт сүжиг бишрэлтэй иргэддээ тараахыг зорьж байгаа аж. Сүсэгтэн олон хэрэв энэ үрлийг хүртвэл ариун нандин хадгалж, зохих журмын дагуу хэрэглэж чадвал өвчин зовлон холуур одох магадлал буй болно. 14 дүгээр Далай ламын зарлигийн дагуу нийт сүсэгтэн олон Ногоон дарь эх, Манал бурхны тарнийг олонтоо уншиж, бурхан номын газарт хуруулж, даган баясах үйлийг үйлдэх аваас гамшигт өвчнөөс ангид оршиж чадна. Энэ лүндэнг чадах чинээгээрээ барьж, бүтээхийг чармайх хэрэгтэй гэдгийг тус сангийнхан зөвлөлөө. М.Балжинням Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Ус хангамжийн цехийнхэн амин дэмээр дэмжих аянд хамрагдлаа

    Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн ҮЭ-ийн хорооноос нийт ажилтнуудынхаа дунд амин дэмээр дэмжих аян зохион байгуулжээ. Аянд, тус цехээс өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа бас хамруулсан байна. Дэлхий нийт корона вирусын халдвартай тэмцэж, тархалтаас хамгаалж буй үед ажилчдынхаа дархлааг дэмжих, урьдчилан сэргийлэхэд аяны зорилго чиглэгджээ. Ус хангамжийн цехийн бүх ажилтан ҮЭ-ийн гишүүн бөгөөд цехийн ҮЭ-ийн хороо нь дарга болон 5 тэргүүлэгчийн бүрэлдэхүүнтэй ажилладаг аж. Цехийн ҮЭ-ийн хорооноос ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, түүнд тулгарч буй зөрчил бэрхшээлд хяналт тавьж ажиллахын зэрэгцээ тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг, тусламж үзүүлдэг байна. Мөн хэсэг, нэгжүүдийн дунд спорт, соёл урлагийн олон төрлийн тэмцээн уралдааныг жил бүр тогтмол зохион байгуулж, 25-30 ажилтныг гадаад аялалд хамруулдаг болжээ.   М.Балжинням   Дэлгэрэнгүй...
  • Уурхайчдынхаа цалинг хадгалж, оновчтой санал гаргасан ажилтнуудаа урамшуулна

      “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон түүний орлогч захирлууд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр сэтгүүлчдийн сонирхсон дараах асуултад хариуллаа.   Ерөнхий захирал Х.БАДАМСҮРЭН: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨДИЙГҮЙ МОНГОЛЧУУД ТА, БИД БҮГД ОНЦГОЙ ДЭГЛЭМД АЖИЛЛАЖ БАЙНА -Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд зарласан онц байдал дууссан уу? -Эрдэнэт үйлдвэрийн эрх зүйн чадамжтай холбоотой, тулгамдсан, төр засгийн түвшинд авч үзэх асуудлууд байсан. Энэ нөхцөл байдалтай уялдуулж Эрдэнэт үйлдвэрт Онцгой дэглэм тогтоож 6 сар ажилласан. Онцгой дэглэмийн хугацаа дуусаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын Засгийн газар асуудлыг УИХ-д тавьж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Онцгой дэглэмийн хугацааг 6  сараар сунган ажиллалаа. Ийм горимоор Эрдэнэт үйлдвэр нэг жил орчим хугацаанд ажиллахдаа их зүйл бүтээсэн. Онцгой дэглэм тогтоож ажилласан, коронавирусын тархалтаас үүдсэн эрсдэлтэй, амаргүй нөхцөл байдалд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон бэлтгэлтэй байхад бид зохих хувь нэмрээ оруулсан гэж ойлгож байна. Хэдийгээр хуулийн хүрээний Онцгой дэглэм дууссан ч коронавирусын тархалт болон дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын гаралтай түүхий эдийн үнийн уналтаас үүссэн нөхцөл байдал нь Онцгой дэглэм бус, Онцгой-гийн онцгой дэглэм болж, энэхүү нөхцөлд улс орон, тив дэлхий үе шаттайгаар шилжин ажиллаж байна. 2019 онд зөвхөн Эрдэнэт үйлдвэрт Онцгой дэглэм тогтоож байсан бол өнөөдөр Монголчууд та, бид бүгдээрээ Онцгой дэглэмд ажиллаж байна. -2020 он сонгуулийн жил, Эрдэнэт үйлдвэр хэвийн ажиллаж байгаа энэ үед улс төрийн нөхцөл байдлаар гаднаас халдах байдал ажиглагдаж байна. Сошиал орчинд мэдээллийг цензургүй хүргэж байгаа үйлдлийн эсрэг ямар арга хэмжээ авч ажиллах вэ? -Эрдэнэт үйлдвэр сүүлийн жилүүдэд улс төрөөс ангид ажиллаж байгаа гэж ам бардам хэлнэ. Биднээс шалтгаалсан улс төр байхгүй. Гэвч Эрдэнэт үйлдвэрийн удирдлагаас шалтгаалаагүй улс төр байхыг үгүйсгэхгүй. Бид аль болох улс төрөөс ангид байх зарчмаа баримталж ажиллахыг хичээж байна. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагыг улс төржүүлж, ямар нэг байдлаар гоочлоод байвал яалтай билээ. Гэвч ийм зүйлд эмзэглэх хүмүүс нь уурхайчид биш. Ийм ажлаар хөөцөлдөж явах цаг нар үйлдвэрийн удирдлагад байхгүй. Тэр ажил руу манай ажилтнуудыг, хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа хүмүүсийг турхирах, уруу татах зүйл байдаг байх. Энэ удаагийн сонгууль амаргүй нөхцөл байдалд явагдах нь. Тиймээс улс төрчид, сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн хүчнүүд нөхцөл байдлыг ойлгож, монгол ухаанаар өөр сонгууль хийгээсэй, бие биеэ бага муулаасай, ямар нэг улс төрийн хөөрөлд бага автаасай гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн удирдлага төдийгүй уурхайчид хүсэж байна. Бид баялгаа бүтээж сайхан ажиллах юмсан, уурхайчдынхаа амьдрал ахуйг дээшлүүлэх юмсан, үйл ажиллагааныхаа үр дүнгээр Эрдэнэт үйлдвэрийнхээ эдийн засгийн цар хэмжээг өсгөж, тэр хэмжээгээр Эрдэнэт хотынхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах юмсан, Эрдэнэтчүүдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх юмсан, улс орон нутгийнхаа төсвөөр дамжуулан улс орныхоо төдийгүй бүс нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах юмсан гэж хүсэж байна. Ерөнхий Сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан энэ удаагийн Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг улс төрөөс ангид байлгах боломж нөхцөлийг бүрдүүлсэн. Тодорхой жишээ нь миний орлогч захирлууд юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлаар намайг улиран томилогдоход, “Өөрийн орлогчийг үйлдвэртээ ажилладаг, мэдлэг боловсролтой, дадлага туршлагатай, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээр бүрдүүлэн ажиллаарай” гэсэн. Энэ зарчмын дагуу би ажиллаж байна. Дөрвөн орлогчоос гадна газар, хэлтэс, цех, нэгжийн дарга нар бүгд тухайн ажилдаа мэргэшсэн, дадлага туршлагатай хүмүүс бий. Шударга зан чанар, ажил үүрэх, ачаалал даах чадварыг нь бодолцон ажиллуулж байна. Үйлдвэр аж ахуйн газар улс төрөөс ангид байх хэрэгтэй юм байна. Эрдэнэт үйлдвэр сүүлийн 3 жил үйлдвэрлэл, үр ашиг нь өссөн. Уурхайчид мэдлэг боловсрол, чадварынхаа хүрээнд өсөж дэвжээд явах боломж бүрдсэн. Энэ зарчмыг ярьсаар 3 жил болоход 400-аад инженер залуучуудыг дэвшүүлэн ажилласан дүн гарч байна. Цаашдаа ингэж ажиллах боломж олдох байх. Бидний сүүлийн жилүүдэд ажилласан нөхцөл байдал Эрдэнэт үйлдвэр төдийгүй уул уурхайн салбарт хэв маяг болон үлдэх байх. Бусад салбарт ч мэргэжлийн ажлыг мэргэжлийн хүн хийдэг зөв голдрилд ороосой гэж хүсэж байна. -Цаашид Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлогыг хэрхэн авч явах вэ? -Хямралтай, өвчин эмгэг тахлын түвшинд яригдаж байгаа энэ үед Эрдэнэт үйлдвэрийн удирдлага хүнийхээ төлөө шаардлагатай бүхнийг зориулж байна. Эрдэнэт үйлдвэр анхнаасаа хүний төлөө байгуулагдан, үеийн үед хүний төлөө ажилласан. Цаашдаа ч үйл ажиллагааныхаа чиглэлийг хүндээ шилжүүлнэ. Миний нэг зарчим бий. Хүн сайн ажиллавал ажил сайн явна, үр дүн гарна. Мэдлэг боловсрол, дадлага, туршлагаас их зүйл хамаардаг. Тэр ч утгаараа өнгөрсөн 3 жилийн хугацаанд цалингаа 45 хувиар нэмсэн нь өнөөгийн хямралын үед тус нэмэр болж байна. Эрдэнэт үйлдвэр 1300 гаруй айлын орон сууцыг барих ажлаа эрчимжүүлнэ. Урьдчилан батлуулсан хуваариар ихэнх нь энэ ондоо ашиглалтад орохоор төлөвлөж байна. Тендертэй холбоотой цаг нар алдаж байгаа зүйл байх ч бид хичээж ажиллана. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад өгсөн үүрэг чиглэлийн дагуу 1А хорооллын дэд бүтцийг шийдвэрлэхээр болсон. Энэ онд 12,5 тэрбум төгрөг гарган, аймагтаа хөрөнгө оруулалт хийж байна.   Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.БАТМӨНХ: -Өндөржүүлсэн бэлэн байдлын үед уурхайчдын ажлын хувцас, хангамжийн асуудлыг тасалдуулахгүй байхад ямар арга хэмжээ авч байна вэ? -Үйлдвэрлэл явж байгаа учраас ажилчдын ажлын хувцас, багаж хэрэгсэл хязгаарлагдахгүй. Ганц асуудал нь, бусад улс орнуудын хэмжээнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсож, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрснээр бараа материалын хомсдол үүсэж болзошгүй байна. Энэ мэдээллийн дагуу урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажилласан. Бодлогын чанартай ажлын дүнд бид ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг бэлтгэж чадсан. Хүндрэл үүсэхгүй.   Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.ДЭЛГЭРБАЯР: ХҮМҮҮСЭЭ АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БАЙХ ТАЛ ДЭЭР ИЛҮҮ АНХААРЧ БАЙНА -Нийгмийн цехүүдэд сул зогсолт хийж, ажилчдыг 65 хувиар цалинжуулах талаар ярьж байсан. Энэ тал дээр тодорхой мэдээлэл өгнө үү? -Уурхайчдынхаа орлогыг бууруулахгүй боломж нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийгмийн 2-3 цехийн үйл ажиллагаа зогссон ч бүх ажилтныг цаашид ажилтай байлгах тал дээр олон ажил төлөвлөж байна. Энэ үед зарим төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажилд ажилчдаа татан оролцуулах тал дээр судалж, 4 дүгээр сарын 1-нээс ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Бусад үйлдвэрийн газар Хөдөлмөрийн хуулийн дагуу цалингийн 40-60 хувийг өгч, ажилчдаа амрааж байна. Бид энэ жишгийг дагаж мөрдөхгүй байхаар шийдвэрлэж, хүмүүсээ ажилтай, орлоготой байх тал дээр илүү анхаарч байна.   Ерөнхий захирал Х.БАДАМСҮРЭН: БИДНИЙ БАРИМТАЛЖ БАЙГАА ГОЛ ЗАРЧИМ БОЛ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ БОЛООД ХЯМРАЛААС ҮҮДЭН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЗОГСОХ, БУУРУУЛАХ АЛХАМ БАЙХГҮЙ Эрдэнэт үйлдвэр 2020 оны зорилтот түвшин, төлөвлөгөөг өндөр түвшинд баталж өгсөн. Төлөвлөгөө шахуу байгаа хэдий ч үүссэн нөхцөл байдлыг давж гарахын тулд хүдэр боловсруулалтын хэмжээг 300 мянган тонноор нэмэгдүүлж байна. Мөн зэс, молибдены металл авалтыг боломжит хэмжээгээр өсгөх шийдвэр гаргасан. Энэ нь үйлдвэрлэлийн өсөлт, технологи үзүүлэлтийн сайжруулалтаар нэмэлт орлого болох юм. Бидний баримталж байгаа гол зарчим бол эрсдэлтэй нөхцөл байдал болоод хямралаас үүдэн Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл зогсох, бууруулах алхам байхгүй. Харин ч үйлдвэрлэлээ хөгжүүлэх болно. Хамгийн гол ажилтнуудынхаа цалинг хадгалж, хямралтай байдлаас гарахад оновчтой санал гаргасан, санаачилгатай ажилтнуудаа урамшуулах, хянахад чиглэсэн тусгай журам гаргаж байна. Өөрөөр хэлбэл, зардал хэмнэсэн урамшууллыг бид хянана. Эрсдэл хямралаас бид салах учиртай. Тэгж гэмээнэ цаашдаа ашигт малтмалын гаралтай түүхий эд дэлхийн зах зээл дээр өснө. Бүтээн байгуулалтын ажлаа хийнэ гэдгээ гэж нүүр бардам хэлж байна. Гарах зардлаа аль болох хэмнэж, хэмнэлтийн тууштай бодлого явуулна. Хөрөнгө оруулалтаа эрэмбэлнэ. Тиймээс зөв сэтгэлтэй, ажлын төлөө хүн энэ хямралаас гадна байх боломжийг бид бүрдүүлж байна. Хямралыг давахад хувь нэмэр оруулсан хүн оруулсан хувь хэмжээгээр шагнал урамшуулал авах ёстой. Ингэж ажилласан цех, нэгжийнхнээ бид урамшуулна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд цаг үеийн мэдээлэл хийлээ

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат нар өчигдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзан, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцууллаа. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн 2019 оны үйл ажиллагааны үр дүн үүсээд буй хямралыг даван туулахад гол хөшүүрэг болж байгааг онцлон хэллээ. Тэрээр уулзалтын эхэнд өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байдаггүй тул өнгөрсөн оны ажлын үр дүнгийн үзүүлэлтээ товч дурдах нь зүй хэмээв. Эрдэнэт үйлдвэр 2017-2019 онд 20 орчим сая ам.долларын геологи хайгуулын ажил хийснээр үйлдвэрийн насжилтыг 20 жилээр уртасган, улмаар 60 жил ажиллах нөхцөлийг бүрдүүлээд байна. Өнгөрсөн онд баялаг бүтээгч уурхайчдынхаа хүч хөдөлмөрөөр 37 сая тонн хүдэр олборлож, 32 сая тонн хүдэр боловсруулан, 1,2 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж түүхэн дээд амжилт тогтоосон. Ийнхүү улс, орон нутгийн төсөвт 960 гаруй тэрбум төгрөг төвлөрүүллээ. Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг бүрэн эзэмшиж, үйлдвэрийнхээ нийт эрчим хүчний хэрэглээний 30 орчим хувийг дотоодоосоо ханган, төвийн бүсийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангахад зохих хувь нэмрээ оруулсаар байна. Эрдэнэт үйлдвэр 2019 оныг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, 410 тэрбум төгрөгийн төсөв баталснаас 260 орчим тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэн, зарим тоног төхөөрөмжөө ашиглалтад оруулсан юм. Ингэснээр, элэгдэж хуучирсан тоног төхөөрөмжөө шинэчилж, үйлдвэрийн найдвартай ажиллагааны түвшингээ дээшлүүлж чадсан билээ.   Худалдан авалттай холбоотой асуудлыг ил тод, нээлттэй болгон, хуулийн дагуу, зохих дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулахад онцгойлон анхаарснаар 65 тэрбум төгрөг хэмнэсэн бөгөөд 2020 оноос худалдан авах ажиллагааг нэг цонхны бодлогоор хэрэгжүүлж эхлээд байна. 2019 онд гадаад дотоодын банк, санхүүгийн байгууллагад зээлийн өргүй болсон нь өнөөдрийн хямралын үетэй нүүр тулахад зохих ёсны бэлтгэл болсныг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцлон тэмдэглэлээ. Тэрээр “Стандарт” банктай холбоотой 40 сая ам.долларыг буруутай этгээдүүдээс олж авах асуудал байгааг дурдаад, “Балхашмыс” компаниас авсан 20 сая ам.доллараа хямралын жилүүдэд бүтээн байгуулалтдаа зарцуулах, хямралт байдлаас гарахад далайд дусал нэмэр болж байгаа гэдгийг хэллээ.     2020 он Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олны хувьд онцгой жил. Учир нь Эрдэнэт үйлдвэр энэ онд шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх зорилт тавьсан бөгөөд түүхэндээ байгаагүй 830 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ онд баталж, төлөвлөгөөт ажлуудаа хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр хямарсан гээд үйлдвэрлэлээ хязгаарлалгүйгээр энэ онд орлого өсгөх, бүтээгдэхүүн өгөх төслүүдээ урагшлуулна. Эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд үйлдвэрийн хэмжээнд Төв штаб ажиллаж байгаа бөгөөд 4 салбар штабыг үйлдвэрийн орлогч захирлууд хариуцан ажиллаж байгаа юм. Ерөнхий захирал хэлсэн үгэндээ “Коронавирусын тахал дэгдсэн, түүний уршгаар бий болсон эдийн засгийн хямралын үед хамтын оюун ухаан, эв нэгдэл, цех нэгж бүрийн эмх цэгц, зохион байгуулалтаар эрсдэлийг зайлуулж, хамт олон, үйлдвэрээ хамгаалах ёстой” хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.       Уулзалтын төгсгөлд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн Онцгой дэглэмийн хугацаа дууссан ч улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа энэ үед Эрдэнэт үйлдвэр ч бүсээ чангалан, хямралыг даван туулах болно, ингэхдээ ажлын байрыг хадгалж, хүрсэн түвшингээ бууруулахгүй байхад анхаарна гэдгээ мэдэгдлээ. Эрдэнэт үйлдвэр оны эхний 3 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100-107.8 хувиар биелүүлж, өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд гүйцэтгэлээ ханган ажиллаж байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 3 дугаар сарын төлөвлөгөөгөө бүх үзүүлэлтээр биелүүллээ

    Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 оны эхний улирал болон 3 дугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэлээ. Уурхайчид оны эхний улиралд 6307 мянган метр куб уулын цул гаргаж төлөвлөгөөг 103.1 хувиар биелүүлсэн бол 3 дугаар сард уулын цул гаргалтын гүйцэтгэл 2123 мянган метр куб, төлөвлөгөөний биелэлт 101.6 хувьтай байв. Хөрс хуулалтын ажлын төлөвлөгөө эхний улиралд 104.8 хувь, 3 дугаар сард 100 хувиар тус тус биелжээ. Тэгвэл нэгдүгээр улиралд уурхайчид 9072 мянган тонн, 3 дугаар сард 3060 мянган тонн хүдэр тус тус олборлож, төлөвлөгөө 101-102.9 хувийн биелсэн үзүүлэлттэй байна. Баяжуулах үйлдвэрт өгөх хүдрийн төлөвлөгөө 101 хувиар биелж, исэлдсэн хүдэр олборлолт 107-115 хувиар биелсэн дүн гарчээ.   Баяжуулагчид 2020 оны эхний улиралд 8108 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 101 хувиар биелүүллээ. Харин 3 дугаар сард 2730 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөө 102.5 хувийн биелэлттэй байв. Эхний улирлын үзүүлэлтээр хүдэр дэх зэсийн агуулга 0.454 хувь, молибдены агуулга 0.0163 хувьтай байсан бол 3 дугаар сард зэсийн агуулга 0.455 хувь, молибдены агуулга 0.0167 хувьтай гарчээ. Дээрх хугацаанд зэс болон металл авалтын төлөвлөгөө 100 - гаас дээш хувиар биелэв. Эрдэнэт үйлдвэрийнхэн оны эхний улиралд 142331 тонн зэсийн баяжмал, 1403 тонн молибдены баяжмал ачуулж төлөвлөгөөний биелэлт 101-110 хувьд хүрсэн байна. 3 дугаар сарын дүнгээр 47118 тонн зэсийн баяжмал, 459 тонн молибдены баяжмал ачуулж, төлөвлөгөөгөө 100-112 хувиар биелүүллээ. Ачигдсан баяжмал дахь зэс, молибдены төлөвлөгөө улирал болон сарын дүнгээр 100-115 хувиар, баяжмалын чанарын төлөвлөгөө 102-104 хувиар тус тус биелсэн үзүүлэлттэй байна.   М.Балжинням Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Тээвэр ложистикийн төвийн бараа материалын агуулахад засвар хийж байна

    Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр ложистикийн төвийн гурван агуулахад засвар хийж, шалыг нь иж бүрэн сольж байна. 2020 онд тус цехэд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудын нэг нь энэ засвар юм. 1,2,3 дугаар төв агуулахын байрны засварыг Барилга засварын цех гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар засварын ажлын гүйцэтгэл 60 хувийн биелэлттэй байгаа аж. Тээвэр ложистикийн төв нь бүх төрлийн бараа материал, тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл хадгалах  зориулалттай, тус бүр нь 1440 метр куб багтаамж бүхий 8 төв агуулахтай. Эдгээрт сүүлийн 20-иод жил засвар хийгээгүй байсан. Удахгүй 5 дугаар төв агуулахын байранд хийх засварын ажилэхэлнэ” гэж Барилгын хяналтын инженер Г.Батбилэг ярилаа. Мөн Тээвэр ложистикийн төвийн зүтгүүрийн депогийн ажилчдын гуанзны байрыг өргөтгөн тохижуулж байна. Хуучнаар Материал техникийн хангамжийн бааз, Төмөр замын цехүүд нэгдэж, ажилчдын тоонэмэгдсэнээр ажилчдын гуанзыг өргөтгөх шаардлагатай болжээ. Өмнө нь тус цехийн ажилчдад зөөврийн хоолоор үйлчилдэг байсан бол хоолны танхимыг өргөтгөж, гал тогооны бүрэн тоног төхөөрөмж суурилуулснаар нэг ээлжинд 160 хүнийг халуун хоолоор хангах боломжтой болсон байна. Энд Хаан хүнс компанийн салбар халуун хоолоор үйлчлэх аж. Ингэснээр ажилчдын эрүүл мэнд болон  эрүүл ахуйн аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлнэ. Ажлын байрны нөхцөл сайжруулсан хөрөнгө оруулалтын дээрх ажлуудад нийт хагас тэрбум төгрөг зарцуулжээ.           М.Балжинням  Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Мэдээ

    Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан өглөөний 06:00 цагаас эхлэн зорчигч, тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцож, шалган нэвтрүүлэх хэсгээр зорчиж эхэллээ. Өнөөдрийн байдлаар Орхон аймгаар дамжин өнгөрч байгаа 1001 дугаартай зам дагуу Булган аймгийн “Оросын булаг”-аас Сэлэнгэ аймгийн нутаг, Хөшөөтийн даваа хүртэлх 17 шалган нэвтрүүлэх хэсэгт 60 орчим алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Орхон аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Автотээврийн төв, Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллах бөгөөд жолооч, зорчигчдод зөвлөмж хүргэж, эмч нар биеийн дулаан хэмжилт хийх юм.

    Орхон аймгийн шалган нэвтрүүлэх хэсэгт 17:00 цагийн байдлаар 419 тээврийн хэрэгслээр 2095 зорчигч нэвтэрч, 1766 тээврийн хэрэгслээр 8830 зорчигч гарчээ. Өнөөдөр зам тээврийн ослын дуудлага бүртгэгдээгүй бөгөөд хөдөлгөөн тайван, хэвийн байгааг Орхон аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Баттулга мэдээллээ. Тэрээр замын хөдөлгөөнд түгжрэл үүсгэхгүй, хөдөлгөөнд саад учруулахгүй байх үүднээс зорчигчид хот суурины шалган нэвтрүүлэх хэсэгт хүрэхээс өмнө асуумжийн хуудсыг бөглөсөн байх хэрэгтэйг санууллаа.  

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

Үнэн, худал нь мэдэгдэхгүй аар саар хэл үгний араас хөөцөлдөж явах зав үнэндээ алга
 
 
-Цахим орчин, олон нийтийн сүлжээгээр “Эрдэнэт үйлдвэр”-тэй, тантай холбоотой янз бүрийн яриа хөөрөө гардаг. Зарим нь ч гайхаж, цочирдмоор л харагдах юм. Харин та хэвлэл мэдээллээр явж байгаа зүйлд тэр бүр хариу өгөөд байгаа нь харагддаггүй?
-“Эрдэнэт үйлдвэр” нээлттэй болсон шүү дээ. Үйлдвэрийн санхүүгийн үйл ажиллагаа нь шилэн дансны цахим хуудсанд, худалдан авалтын үйл ажиллагаа нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системд ил тод, нээлттэй байна. Хүсвэл цаг нараа тохирч байгаад үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах боломж нээлттэй. “Эрдэнэт үйлдвэр”-т санаа зовохгүй байж болно доо. Бид 2019 онд үйлдвэрлэл, эдийн засгийн үр дүнгээр түүхэнд байгаагүй өндөр амжилт тогтоон, сайн ажилласан. Цаашдаа ч төр, засгийнхаа, ард түмнийхээ итгэл найдварыг дааж, олон жил сайн ажиллах боломж манай уурхайчид, баг хамт олонд бий. Цаг наргүй ажиллаж байгаа бидэнд энд тэнд ярьж буй үнэн, худал нь мэдэгдэхгүй аар саар хэл үгний араас хөөцөлдөж явах зав үнэндээ алга даа.
-Та тоохгүй байж болох ч хүмүүст асуулт үлдээд байгаа шүү дээ. Яг бидний ярилцаж буй энэ цаг үед олон нийтийн сүлжээгээр явж буй нэг баримтын талаар асуухаас аргагүй нь. Та 500 мянган ам.доллар, дэд захирал, хэлтсийн дарга нар чинь 100-400 мянган ам.долларын шагнал урамшуулал авсан гэх жагсаалтын талаар...
-Түүнд итгэх хүн байхгүй байлгүй. Тамга, тэмдэг ч үгүй, харваас хуурамч эд байгаа биз дээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагын нэрийг жагсааж байгаад санаанд оромгүй их мөнгөний тоо тавьчихсан тэр цаасны зургийг 2018 оны хавар олон нийтийн сүлжээнд тавьж байсан. Ор үндэсгүй худлаа зүйл болохоор бид ч тоогоогүй. Харин тухайн үед 49 хувийг эзэмшиж байсан “Монголын зэс корпорац”-ынхан нэг няцаалт хийгээд, чимээгүй болсон эд шүү дээ. Түүнийг л дахиж гаргаж ирээд байгаа харагдана билээ.
-Бас нэг сониуч асуулт байна. Таныг ажлаа авангуутаа үнэтэй машин, тансаг байр авсан гэж шуугьсан. Ялыг нь үүрвэл ямбыг нь эдэл гэж боддог хүн үү, та?
-“Монголросцветмет” нэгдэлд ажиллаж байхад уурхайнуудаа нэг удаа бүтэн тойроход 3000 орчим км явдаг байлаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд нэг дороо төвлөрсөн, өөрийн онцлогтой л доо. Гэхдээ л үйлдвэрийн бүх цех, обьектуудаараа нэг удаа бүрэн тойроход 500 орчим км явдаг. Бидний ажил төрлийн онцлогоос хамаараад Улаанбаатарт ажиллах цаг хугацаа багагүй шүү. Төр, засагтаа ажил төрлөө танилцуулна, зөвлөлдөнө, шаардлагатай тохиолдолд хурал зөвлөгөөнд оролцоно гээд ажил их бий. Би хүмүүсээ ажил төрлөөр хот хүрээ явахад нь шөнө орой явахгүй байхыг анхааруулж, захидаг юм. Гэхдээ өөр дээрээ тулахаар ажилдаа захирагдаад, цаг заваа хэмнэх гэж шөнө голдуу явж байна. Ийм нөхцөлд ажиллаж байгаа хүмүүст, тэр тусмаа над мэтийн цаг нартай уралдаж ажилладаг хүнд найдвартай унаа машин, хариуцлагатай жолооч л их чухал байдаг даа. Байр сууц, тавилганы тухайд худлаа юм их харагддаг шүү.
-“Эрдэнэт үйлдвэр” Монгол, Оросын хамтарсан аж ахуйн нэгж биш болсон. Гэтэл үйлдвэрийн дэргэд өнөө хүртэл орос сургууль, цэцэрлэг ажиллуулсаар буй нь таны оросуудад элэгтэйнх үү?
-Үйлдвэрийн дэргэд орос сургууль, цэцэрлэг ажилладаг. Тэнд хэдхэн орос, олонх нь монгол хүүхэд байдаг. Багш нар нь орос. Энэ бол манай үйлдвэрийн онцлог, цаашид үргэлжлэх ёстой зөв ажил гэж боддог. Орос сургууль, цэцэрлэг орос мэргэжилтнүүдэд гэхээсээ илүү монголчуудад хэрэгтэй. Манай уурхайчдын хүүхэд унаган орос хэлтэй болж, Оросын их, дээд сургуулиудад сурч байна. Гадаад хэлийг ийм түвшинд сурахад ямар төлбөр зардал гардаг билээ. Гэтэл манайд үнэ төлбөргүй. Монголчууд их туйлшрамтгай. Нэг хэсэг орос хэлийг овоо сурч байснаа зах зээлд шилжсэнээс хойш орос хэл хэрэггүй, англи хэл л сурах ёстой гэж бөөнөөрөө давхисан. Орос хэл дэлхийн том хэлнүүдийн нэг, үгүй ядаж хөрш гүрнийхээ хэлийг мэддэг байх хэрэгтэй гэж боддог хүн цөөхөн үлдсэн. Орос хэл англи хэлийг сурахад дөхөм болно уу гэхээс саад болохгүй.
 
 
ӨНӨӨГИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ОРДУУДЫН ХАЙГУУЛЫН АЖЛЫН ҮР ДҮН, ОРДУУДЫГ ХЭРХЭН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ АСУУДЛЫГ ЗАЛУУХАН ИНЖЕНЕР БАЙХДАА ХАРИУЦДАГ БАЙЛАА
 
-Тантай нэгэнт уулзсаных, Х.Бадамсүрэн гэдэг хүний талаар уншигчдадаа илүү ихийг хүргэмээр байна. Бага нас, нутаг усны тухай дурсамж үргэлж амттай, халуун дулаан байдаг шүү дээ?
-Би Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, хөдөө төрж, өссөн бусдынхаа л адил малын захад борви тэнийсэн. Сумын бага, дунд, аймгийн төвийн арван жилийн сургуульд сурч, сурагчдын дотуур байраар амьдарч, эрдэм номын захад хүрсэн. Гайгүй сурлагатай байсан болохоор гадаадад сурна гэдэгтээ итгэлтэй явдаг хүү байлаа. Аравдугаар анги төгсөх жил манай аймагт гадаадын 5-6 хуваарь ирснээс хамгийн түрүүнд ороод, сонгосон мэргэжил маань уул уурхайн инженер-маркшейдер. 
-Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?
-Гадаадад сурна, тэгэхдээ нэг бол ЗХУ руу явж орос хэл сурна, эсвэл Герман явна гэж боддог байсан юм. Тэр жил Германы хуваарь ирээгүй, ЗХУ, Румын, Унгар зэрэг улсын цөөхөн хуваарь ирсэн болохоор тэдэн дундаас Зөвлөлтийг сонгосон нь тэр. Уул уурхайн талаар мэдлэг тааруухан, тэр тусмаа маркшейдер хүн юу хийдэг вэ гэдгийг огт мэдэхгүй. Ангийнхаа багштайгаа нийлж толь бичиг эргүүлж байгаад багцаагаар ойлгож, энэ мэргэжлийг сонгосон сон. Хувь заяа түшиж сонголт зөв байжээ. Миний хувьд төрийн бодлогоор бэлтгэгдсэн  боловсон хүчний л нэг. Сонгосон мэргэжлээрээ салбарынхаа хөгжил, дэвшлийн төлөө олон жил зүтгэж явна даа.
-Эрхүүгийн Политехникийн дээд сургууль төгсөж ирээд шууд яаманд ажилласан юм билээ. Тэр үед дөнгөж төгссөн залуу хөдөө томилогдохгүй, яаманд үлдэнэ гэдэг тийм ч олон хүнд олддог боломж биш байсан гэдэг. Танд энэ боломж хэрхэн олдож байв?
-Би уг нь “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллана гэсэн саналтай ирсэн. Гэтэл намайг явуулаагүй. 
 
 
 -Залуус “Эрдэнэтийн овоо өнгөтэй байна” гэж дуулалдаад зорьж очдог байсан романтик үе?
-Тийм, дэврүүн мөрөөдлөөр, илтгээлт өвөрлөн очдог байсан үе. “Эрдэнэт үйлдвэр”-ийн бүтээн байгуулалт ид өрнөсөн, эхний ээлж нь ашиглалтад орчихсон байсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн анхны монгол захирлаар ажиллаж байсан Ш.Отгонбилэг бид хоёр нэг мэргэжлийнх, тэр надаас өмнө төгсөөд, Геологи, уул уурхайн яамны Уул уурхайн хэлтсийн дарга, салбарын ерөнхий инженер болчихсон байсан юм.
Ш.Отгонбилэг дарга тэр үед намайг хүлээн авч уулзаад яамны төв аппаратад ажиллах санал тавьсан юм. Түүний өмнө нь ажиллаж байсан ерөнхий маркшейдерийн орон тоо сул байсан. Харин би Эрдэнэт явах хүсэлтэй байгаагаа хэлж нэлээд яриа хөөрөө болсон юм даг. Манай эхнэр Рэнцэн-Амгалан Эрхүүгийн Анагаахын дээд сургууль төгссөн. Бид тэнд танилцаж, гэр бүл болсон хоёр. Манай хүнийг бас хотод, АУДС-д багшаар хуваарилсан. Гэр бүлийн хүн маань хотод үлдсэн болохоор би ч үлдсэн. Ингэж л манайх хотын айл болсон доо.
-Геологи, уул уурхайн салбарын ажил ид оргилж буцалж байсан жилүүдэд яаманд ажиллажээ. Тэр үед яамны ажил ямар байв?
-1980-аад он бол эрдэс баялгийн салбарын хөгжил дэвшил шинэ шатанд гарч байсан үе л дээ. Тэр үед өнөөгийн стратегийн ач холбогдолтой ордуудын хайгуулыг ид хийж байлаа. Зөвлөлтийн болон олон улсын геологийн экспедиц ажиллаж, гол гол ордуудын хайгуулыг Зөвлөлтийн геологичдын оролцоотой хийсэн. Тэдний хийсэн геологийн ажлын үр дүн, цаашид ордуудыг хэрхэн уурхай болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгийг миний ажиллаж байсан Уул уурхайн үйлдвэрийн хэлтсийн түвшинд ярьдаг байлаа. Би ерөнхий маркшейдерээр ажиллаж байгаад Уул уурхайн үйлдвэрийн хэлтсийн дарга бөгөөд салбарын ерөнхий инженер болсон юм.
Тэр үед яаманд залуу хүн цөөвтөр, ихэвчлэн 40-өөс дээш насныхан ажилладаг байж. Харин манай хэлтсийнхний олонх нь залуус. Ажлаа гялалзуулна. Социалист уралдаанд үргэлж л түрүүлдэг байлаа. Бидний ажлыг хагас жил тутам дүгнэдэг байсан. Жилийн эхний хагасыг нь наадмын өмнө, сүүлийн хагасыг шинэ жилийн үеэр дүгнэж, түрүүлсэн хэлтэс, хамт олныг 600-700 төгрөгөөр шагнадаг байлаа. Тэр үед бол их мөнгө шүү дээ. Нэг удаа шинэ жилээр шагналын мөнгөө аваад манай хэлтсийн залуус орос дэлгүүрээс бялуу авч, эхнэр, хүүхдүүдээ баярлуулж билээ. Сайхан хамт олон байсан даа.
Яаманд сайхан ч ажилласан, их ч туршлага, мэдлэг хуримтлуулсан. Томоохон ордуудын хайгуулын ажлын явцтай байнга танилцана, ер нь хөдөө гадаа их явна. Энэ нь дараа дараагийн ажлуудад, ялангуяа хамтарсан үйлдвэрүүдийг удирдахад их хэрэг болсон доо. УИХ-ын гишүүнээр ажиллахад ч тэр үед олсон ойлголт мэдлэг, дадлага туршлага их тус дэмтэй байсан.
 
2-3-ХАН ВАГОНЧИК, ГЭРТЭЙ АЖЛАА ЭХЭЛЖ БАЙХ ҮЕЭС НЬ БОР-ӨНДӨРИЙН УУРХАЙТАЙ ХОЛБОГДСОН
 
-Та яамны хэлтсийн дарга, салбарын ерөнхий инженер болчихсон хойноо Бор-Өндөр рүү явсан юм уу. Дөнгөж төгсөж ирсэн оюутан өөрөө Эрдэнэт явъя гээд байхад нь явуулаагүй байж салбарынхаа ерөнхий инженер болтол ажиллачихсан хүнийг яагаад хөдөө явуулчихдаг билээ?
-Би өөрөө санал гаргаж 1988 онд Бор-Өндөр явсан юм. Яамныхаа удирдлагад саналаа танилцуулахад нэг их дуртай хүлээж аваагүй юм даг. Гол хэлтсийг нь хариуцдаг байсан болохоор тэр биз.
-Та тийшээ яагаад явъя гэсэн юм бэ?
-Яаманд байхдаа үйлдвэр, уурхайнуудаар их явдаг байсан. Тэгж явахад үйлдвэрлэлийн ажил сайхан санагддаг байлаа. Хийж буй ажлын үр дүн тодорхой. Сар, улирал, жилээр ажлынх нь төлөвлөгөө хэр биелж байгааг харж, үр дүнгээ мэдрээд явах сайхан шүү дээ. Нөгөө талаас би эрдмийн ажил хийх гээд, түүндээ цаг зав гаргаж огт чадахгүй байсан юм. Яам хүн цөөвтөр, ачаалал ихтэй, цаг зав бага гардаг байсан. Ялангуяа намайг төгсөж ирсний дараах үе бол геологи, уул уурхайн салбарын ажил буцалж байсан он цаг. “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн үйлдвэрүүд, Багануурын уурхайн бүтээн байгуулалт гээд л. Яаманд ажиллаж байхдаа олж авсан санаа оноо, дадлага туршлагадаа үндэслэн эрдмийн ажлаа хийх, бодсон санасанаа үйлдвэрлэлд нэвтрүүлж, үр дүнг нь үзэх хүсэл маань намайг үйлдвэрлэл рүү хөтөлсөн дөө. 
-Бор-Өндөрийг сонгосон нь санамсаргүй хэрэг байгаагүй биз дээ?
-Бор-Өндөр миний амьдралтай хувь заяагаар холбогдсон чухал газруудын маань нэг. Би 1980 оны сүүлчээр Бор-Өндөрт анх томилолтоор очсон. Тэгэхэд 2-3 вагончик, мөн тэр тооны гэр л байсан. Уулын баяжуулах үйлдвэр барих гээд, ТЭЗҮ-ийг нь ЗХУ-д хийж байсан үе. Тэр ажилд яамны зүгээс би оролцсон. Зураг төсөл хийж буй хүмүүстэй яамаа төлөөлөн байнга явдаг байлаа. Өнөөгийн Бор-Өндөр сумын хилийн цэсийг тогтоох ажлыг инженер-маркшейдерын хувьд хийсэн. Дараа нь Бор-Өндөрийн бүтээн байгуулалт эхлэхээр болж, боловсон хүчин бэлтгэх асуудал яригдсан. Энэ үед Бүрэнцогтын гянт болдын уурхай хаагдаж таарсан. Бүрэн цогтод ажиллаж байсан уурхайчид, ажилчдыг Бор-Өндөрт шилжүүлэх ажлыг надад хариуцуулсан. Үндсэндээ тэд Бор-Өндөрт бараг бүгдээрээ шилжиж ирж ажилласан даа.
Бор-Өндөрийн үйлдвэрийн эхний ээлж 1982 онд ашиглалтад орсон. Тухайн үед ашиглалтад орж буй үйлдвэр, уурхайг хүлээж авахад Техникийн бэлэн байдал тодорхойлох комисс ажилладаг байв. Уг комиссын даргаар нь манай яамны орлогч сайд Д.Рэнчинханд гуай, нарийн бичгийн даргаар нь би ажилладаг, Бор-Өндөрт байнга ирж, очдог байлаа. Тэгж явахад техник технологийг нь сайжруулчих юм сан, өөрчилчих юм сан гэсэн янз бүрийн санаа төрнө. Түүнийгээ газар дээр нь ажил хэрэг болгох, Бор-Өндөрийн бүтээн байгуулалтыг дуусгах ажилд гар бие оролцох хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөж, нөгөө талаас эрдэм номын ажлаа ч хийе гээд ийм шийдвэр гаргасан. Миний саналыг яамны удирдлага маань нэлээд бодож, эргэцүүлж байгаад хүлээж авсан. Манай Д.Рэнчинханд гуай алсын хараатай, мундаг хүн шүү дээ.  “За Бадмаа минь, залуу хүн үйлдвэрлэлд ажиллая, эрдэм номын ажил хийе гэж байхад дэмжилгүй яах вэ. Шав тавихаас нь эхлээд Бор-Өндөрийн бүтээн байгуулалтын ажилд оролцсон хүн. Тиймээс явах чинь зөв” гээд явуулж байлаа.
Би тэнд үйлдвэрээ удирдахаас гадна Бор-Өндөр хот, Хэрлэн хорооны АДХ-ын Гүйцэтгэх захиргааны даргын албыг давхар хашдаг байв. Тэгж байтал 1990 он гарч, хотын даргын ажлаа өгөөд, үйлдвэрээ удирдаад явсан. Бор-Өндөрт байхдаа АИХ-ын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хуулийг батлалцаж байлаа. Яриад байвал сайхан түүх их бий. 
-АНУ руу сургуульд явсан уул уурхайн инженерүүдийн анхных нь та юу?
-Бараг л тийм байх шүү. Намайг Бор-Өндөрт ажиллаж байх үед салбарын яамны бодлогоор инженерүүдийг Колорадод сургасан. Тэр инженерүүдийн зарим нь одоо ч “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байгаа. Ер нь уул уурхайн салбарынхан хүмүүсээ сургаж бэлтгэх, дадлагажуулах, дэвшүүлж ажиллуулах асуудалд дээр үеэс сүрхий бодлоготой байснаа сүүл рүүгээ нэг хэсэг улстөржүүлсэн явдал бий. Үйлдвэр, аж ахуйн газрыг ер нь улстөржүүлж болохгүй. Үүнийг мэддэг, мэдэрсэн хүний хувьд, “Эрдэнэт үйлдвэр”-т томилогдож ирээд л улс төрөөс ангид байлгах бодлого, үйл ажиллагаа явуулж байна. Ингэж ажиллах боломжийг олгосон Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд манай уурхайчид, хамт олон талархалтай байдаг. Би үйлдвэр, аж ахуйн газрыг улстөржүүлдэг явдлыг эцэс төгсгөл болгох ёстой гэсэн хатуу бодолтой. Үүнийгээ өөрийн биеэр хэрэгжүүлэх гэж зүтгэж байна. Энэ бол амаргүй ажил. Аймаг, орон нутагт зарим хүндрэл бэрхшээл гарах л юм.
-Ямар хүндрэл бэрхшээл...?
-Миний хийж буй ажил, баримталж буй бодлого, зарчим хүн бүрт таалагдахгүй нь мэдээж. Миний шаардлага өндөр. Түүнд нийцэхгүй нөхдөд мэдээж таалагддаггүй байх. Би өөрөө хүнд таалагдах гэж ажил хийдэггүй. Сайн үр дүнгийн төлөө л ажилладаг. Үйлдвэрээ, улс орноо гэсэн сэтгэлтэй хүмүүст бол миний зарчим таалагдаж байгаа. Би барьж буй зарчмаа зөв гэж итгэж, хамт олондоо ч үүнийгээ байнга хэлдэг, ийм зарчимд нийцэж ажиллахыг шаарддаг, чиглүүлдэг. 
-Үйлдвэр, аж ахуйн газрыг улстөржүүлэх буруу гэдгийг мэдэрсэн гэж та юуг хэлж байна вэ?
-Үйлдвэрийн ажил яаж явж байгаагаас үл хамаарч, улс төрийн зорилгоор боловсон хүчнийг нь халж солих явдлыг бишгүй л харлаа. Түүнээс сайн үр дүн огт гараагүй. Инженер, мэргэжилтнүүдийг өөртөө итгэх итгэл, тэмүүлэлгүй болгож, мэргэжлээрээ ажиллах урам зоригийг нь мохоодог. Жам ёсоороо, ажил хэрэгч чанар, мэдлэг мэргэжлээрээ өсөж дэвжээд явах боломж нь хязгаарлагдаж, улс төрийн татаас, гүүр кранаар өргүүлсэн хүмүүс өмнүүр нь ороод байхаар инженерүүд үйлдвэрлэлээ сайн явуулъя, сайхан ажиллая, ахиж дэвшье гэхээсээ илүү “За яах вэ дээ, ингэсхийгээд л байж байя. Тэртэй, тэргүй аль нэг шахааны нөхөр ирэхээс хойш” гэсэн бодолтой болдог. Энэ нь мэргэжилдээ дурлаж, хийж буй ажлаараа омогшоод, итгэл дүүрэн урагшаа харж алхахад нь саад болдог. Эрдэнэтэд ирээд инженерүүдтэйгээ уулзаж байхад ийм л мэдрэмж надад төрсөн. Одоо бол өөр болсон, зөв голдиролдоо орсон. Энэ маань жишиг болоосой.
 
“МОНГОЛРОСЦВЕТМЕТ”-ИЙН УУРХАЙНУУДЫГ АЛДАГДАЛТАЙ ГЭЭД ХААХ ГЭЖ БАЙХАД АВЧ, ЖИЛ ГАРУЙН ДОТОР АШИГТАЙ АЖИЛЛУУЛЖ БАЙВ
 
-Таны хамгийн удаан ажилласан газар “Монголросцветмет” үү. Тэндхийн анхны монгол захирал байх аа?
-Тийм ээ. Би 12 жил ажилласан. “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирлын ажлыг 1994 онд хүлээж авахад тус нэгдлийн үйлдвэрлэл, санхүүгийн байдал тун хүндэрчихсэн байсан. Арваад үйлдвэрээс Бор-Өндөрөөс бусдыг нь, тухайлбал, Айраг, Өргөн, Хажуу-Улаан, Бэрхийн жоншны үйлдвэр, Толгойтын алтны үйлдвэрийг хаах дээрээ тулчихсан байв. Намайг захирлаар батлах Зөвлөлийн хурлыг Москвад хийх үеэр Оросын тал “Өөрийн чинь хийх анхны ажлын нэг бол алдагдалтай үйлдвэрүүдийг зогсоох явдал” гэж хэлдэг юм байна. Тэгэхэд нь “Үйлдвэр хаалгах гэж намайг томилж байгаа бол, уучлаарай, би наад ажлыг чинь хийхгүй” гэж хэдэрлэж байв. Тэр үед яамны орлогч сайд, Зөвлөлийн Монголын хэсгийн даргаар ажиллаж байсан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Амгалан гуай надтай хамт байж, ингэж хэлэхийг минь сонсож суусан.
Оросууд “Энэ үйлдвэрүүд алдагдалтай ажиллаж байгаа. Цаашид энэ хэвээрээ байвал хариуцлагыг нь хэн хүлээх юм бэ” гэхээр нь “Би хүлээнэ” гэж хэлээд, цаг хугацаатай үүрэг даалгавар авч байж билээ. Хоёр жилийн хугацаанд үйлдвэрүүдийг ашигтай болгоно гэж амлаад, жил гаруйн дотор ашигтай ажиллуулж чадсан. Тэгэхэд Зөвлөл намайг суудлын автомашин, хүссэн газартаа хувийн орон сууцтай болох эрхээр шагнасан. Тухайн үед би их баярлаж, урамшиж байсан ч шагналаа аваагүй. Хэдийгээр Зөвлөлийн шийдвэр гарсан ч шагналаа авахын тулд “Монросцветмет”-ийн захирлын хувьд би өөрөө гарын үсэг зурах болчихоод, эвгүй санагдаад тэр чигт нь орхичихсон юм.
Харин тухайн үед надтай гар нийлж хамтарч ажилласан үйлдвэрийн дарга нараа Улаанбаатарт байртай болгосон. Эргээд бодоход тэр тун зөв шийдвэр байсан. Байгууллагаас өгсөн тэр байранд зарим нь өөрсдөө, заримынх нь үр хүүхэд, бурхан болсон нэгнийх нь хань ижил амьдарч байгаа. Одоо тэдэнтэйгээ уулзахад нүүр бардам байдаг. Хамтарч ажиллаж байсан хүмүүс хөөрөх хуучтай, сэтгэл сайхан эргэж уулзах шиг таатай зүйл үгүй.
-Найдваргүй гээд хаах гэж байсан үйлдвэрүүдийг яаж ашигтай ажиллуулсан юм бэ?
-“Монголросцветмет”-ийг хориод жил орос хүн удирдсан, би анхны монгол ерөнхий захирал. Ажил аваад очиход хамт олон үнэхээр сайхан угтаж, хүлээж авсан. Тэр нь надад асар их урам зориг өгч билээ. Тэнд байдал хүнд байсан болохоор монгол хүн захирлаар томилогдлоо, энэ хүн нэг аварчихдаг юм биш байгаа гэсэн найдлага хүмүүст төрсөн байх.  Чөмгөө дундартал зүтгэнэ гэж байдаг бол би энэ үйлдвэр, хамт олны төлөө ёстой тэгж л ажилласан. 
Эрхэлсэн ажилдаа үнэн сэтгэлээсээ хандаж, дурлаж байж үр дүнд хүрдэг шүү дээ. “Монголросцветмет” нэгдэлд гар нийлж хамтран ажилласан хамт олон үнэхээр сайхан хүмүүс байсан. Хамт олон гар нийлээд ажиллахад болохгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй юм билээ. Бид ер нь аливаа асуудалд эмх цэгцтэй хандаж, сахилга хариуцлага, ёс зүйг эрхэмлэж, эв нэгдэлийг хангаж ажиллах нь хамгийн чухал.
 
ХАМТАРСАН ҮЙЛДВЭРҮҮДЭД МОНГОЛЫН ЭЗЭМШИХ ХУВИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ЕРӨНХИЙ ЗАХИРЛААР МОНГОЛ ХҮН АЖИЛЛУУЛАХ САНААЧИЛГА ГАРГАН, ДЭМЖҮҮЛЖ БАЙЛАА
 
-Таныг Бор-Өндөрт ажиллаж байхдаа хамтарсан үйлдвэрүүдийн Монголын талын эзэмшлийн хувийг 51 хувь болгоход нэлээд үүрэгтэй оролцсон гэж сонссон юм байна?
-Бор-Өндөрт очоод удалгүй уурхайнхаа 10 жилийн ойг тэмдэглэсэн юм. Энэ үеэр “Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал” зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулсан. Зөвлөгөөнд салбарын яамны удирдлага, “Эрдэнэт үйлдвэр”-ээс эхлээд бүхий л уул уурхайн үйлдвэрийн захирлууд, салбарын мэргэжилтэн, инженерүүд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцсон доо. Энэ зөвлөгөөнөөр зарчмын хэд хэдэн томоохон асуудлыг хэлэлцсэн. Зөвлөгөөнөөс газрын баялаг ашигласны төлбөрийг Монгол Улсад бий болгох, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмэт нэгдэл”-ийн талаарх Засгийн газар хоорондын 1973 оны хэлэлцээрийг өөрчилж, хоёр улсын Засгийн газар 50:50 хувь эзэмшиж байгааг 51:49 хувь болгох, эдгээр хамтарсан үйлдвэрүүдийн ерөнхий захирлаар монгол хүн байх зэрэг санал санаачлагыг гаргаж, төр засгийн удирдлагуудад танилцуулж, дэмжүүлсэн. Ийнхүү Монгол, Оросын Засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээр байгуулагдсанаар эдгээр асуудлууд баталгаажиж, хэрэгжсэн түүхтэй.
-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг бас алдагдалтай байхад нь авч өөд нь татсан гэдэг. Яаж яваад Дарханы төмөрлөгтэй холбогдсон юм бэ?
-“Монголросцветмет”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан үе. 2001 онд “Эрдэнэт үйлдвэр” рүү ажлаар очих замдаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрээр орж, мэргэжил нэгтнүүдтэйгээ хэсэг хөөрөлдсөн юм. Үйлдвэрийн байдал амаргүй байгаа нь анзаарагдсан. Тэгээд Улаанбаатар руу буцах замдаа баахан бодлоо. Энэ үйлдвэрийг яагаад сайхан аваад явж болдоггүй юм бэ гэсэн бодол төрөв. Тэгээд салбарын яамны удирдлагад “Энэ үйлдвэрийг өөд нь татах ажлыг “Монголросцветмет”-д хариуцуулвал ямар вэ?” гэдэг саналаа хэлсэн. Манай яамныхан “Энэ нөхөр ийм шалдаа буучихсан үйлдвэрийн юуг нь сонирхоод байгаа юм бол” гэж гайхаж хүлээж авсан. Бүр “Тоглоод байгаа юм уу” гэж асуусан хүн ч бий. Ингээд тендер зарлаж, тендерт нь манай баг ялсан. Би дөрөвдүгээр сард санал тавьсан. Манайхны ажил яаж явдаг билээ дээ, тендер, бичиг цаас гэсээр арваннэгдүгээр сарын сүүлчээр хөхөө өвлийн хүйтэнд Төмөрлөгийн үйлдвэрийг хүлээж авсан. Байдал үнэхээр хүнд байлаа. Хүчин чадлын ашиглалт нь 10 хүрэхгүй хувьтай, гурван тэрбум төгрөгийн алдагдалтай, улс, орон нутгийн төсөвт юу ч өгдөггүй, арван тэрбум давсан өртэй байсан санагдаж байна.
-Тийм үйлдвэрийг та яагаад авъя гэж бодсон юм бэ?
-Намайг Геологи, уул уурхайн яаманд байхад л хар төмөрлөгийн үйлдвэр барина гэж ярьдаг байсан юм. Яам энэ ажлыг бодлогын түвшинд хөөцөлдсөөр Японы техникийн туслалцаагаар бүтээн байгуулалт хийгдсэн юм. Энэ үйлдвэрийг барих ажлыг манай хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Ганжууржав гуай хариуцаж байсан. Монголын хүнд үйлдвэрийн эхлэл болох, жилд 100 мянган тонн хаягдал төмөр хайлуулж, тэр хэмжээний бүтээгдэхүүн гаргах үйлдвэртэй боллоо, нөгөө талаас Монгол, Японы хамтын ажиллагааны гол гүүр болох үйлдвэр байгуулагдлаа гэж их өөдрөг байсан юм. Гэтэл багагүй хугацаанд ажиллачихаад энэ үйлдвэрээ олигтой авч явж чадахгүй байгаа улс яаж томоохон хэмжээний хүнд үйлдвэр хөгжүүлж, хөгжил дэвшлийг шинэ шатанд гаргах билээ гэсэн эмзэглэл байсан. Мэргэжлийн “өвчин” л юм даа. Тэгээд л “Үзээд алдъя” гэж шийдэж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн менежментийг авсан. Анх ажилтай нь танилцахдаа шөнө очсон. Тэр үед “Энэ шинэ дарга чинь шөнө үйлдвэрээр явдаг сонин нөхөр байна” гэж ажилчид их шуугьсан гэнэ билээ. Үйлдвэрийн дарга хүнийхээ хувьд гүндүүгүй, сайхан хүн байсан. Гэвч үйлдвэрийн байдал бол хэцүүхэн санагдсан. Тэр үед өвлийн хүйтэн эхэлж байсныг ч хэлэх үү, салхи хүүгээд, тоног төхөөрөмж нь хэзээ хөлдчих бол гэж яс хавталзмаар. Тэгээд даргыг нь аргагүйн эрхэнд солих шийдвэрт хүрсэн дээ. 
Хоёр жилийн хугацаанд хүчин чадлын ашиглалтыг 60-70 хувьд хүргэж, ашигтай ажиллуулсан. Гурван тэрбум орчим төгрөгийн алдагдалтай байсныг эсрэгээр нь энэ хэмжээний ашигтай болгосон. Өр, авлагын асуудлыг шийдсэн. “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтарч ажиллан, ган бөөрөнцгийн бэлдэц хийдэг болсон. Энэ цаг үед манай менежментийн баг үнэхээр шуурхай, бүтээлчээр ажиллаж байсан шүү. Ингээд Дарханы төмөрлөгийн үйлдвэр нэг хэсэг мандсан даа. Тэр үед баг болж, хамтарч ажилласан нөхдөдөө, мэргэжлийн хамт олондоо одоо ч талархалтай явдаг. 
Ер нь ажил сайжраад ирэхээр л хүмүүсийн сонирхлыг татаж, улстөржилт эхэлдэг. “Монголросцветмет”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ийм л замаар явсан. Ашиг орлого сайтай, ажил нь сайн байхад “дурласан” хүмүүс бол үйлдвэрлэлд, үйлдвэрийн үр ашигт, хамгийн гол нь тэнд ажиллаж буй хамт олонд сайн зүйл авчирдаггүй.
 
“ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИ БАЙГУУЛАХ САНАЛАА ЗАСГИЙН ГАЗРААР ДЭМЖҮҮЛЖ, ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙН ОРДЫГ ХӨДӨЛГӨХ ЗАРЧИМ, БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛОХ АЖЛЫГ АХАЛСАН
 
-Хувь хүний тань намтар түүхийг яриулъя гэтэл дахиад л баахан уул уурхайн тухай яриа болчихлоо. Та яалт ч үгүй уул уурхайн хүн юм байна?
-Би бол уурхайчин, инженер хүн. Ажил, мэргэжилдээ хөтлөгдөж, хийсэн ажлынхаа үр дүнд урамшиж, хөглөгдөж явна даа.
-УИХ-ын гишүүнээр ажилласан тухай тань асуухаар мөн л уул уурхайтай холбогдоно доо. Стратегийн ач холбогдолтой ордууд, ялангуяа Оюутолгой, Тавантолгойн ордыг хөдөлгөх зарчим, бодлогыг тодорхойлох ажлыг та гардаж байсан шүү дээ?
-Монгол Улсад стратегийн ач холбогдолтой ордууд, том үйлдвэрүүдийнхээ менежментийг авч явах төрийн өмчийн оролцоотой компани хэрэгтэй талаар саналаа боловсруулан тухайн үеийн Засгийн газарт танилцуулж, уг асуудал дэмжигдсэнээр “Эрдэнэс Монгол” ХХК байгуулагдсан түүхтэй. “Эрдэнэс Монгол” компани маань дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, улсынхаа нэр төрийг авч явах компани болоосой гэсэн сэтгэл өвөрлөж ийм санал гаргаж байлаа.
Улс орны хөгжил дэвшлийг шийдэх стратегийн ач холбогдолтой ордууд, тухайлбал, Оюутолгой, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал 2000-аад оны эхнээс ид яригдаж эхэлсэн шүү дээ. Тэдгээрийг тойрсон маргаан их, хүмүүс байр суурийн зөрүүтэй байсан цаг үе. Эдгээр ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр дүнд хүргэхэд мэргэжлийн хүний хувьд бодитой хувь нэмэр оруулах сэтгэл өвөрлөж би УИХ-д нэр дэвшсэн. УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа энэ хоёр ордын талаар монголчууд бид үнэн зөв мэдээлэл, цэгцтэй ойлголт, нэгдсэн байр суурьтай болох явдлыг чухалчилж байсан. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гуай захирамж гаргаж, 30 гаруй гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг би ахалж ажилласан юм. Тэр үед, ажлын хэсгийн гишүүн бүр сэтгэл гаргаж ажилласан гэдгийг онцолмоор байна.
Ажлын хэсгийн гишүүд ажил, мэргэжил, дадлага туршлагын хувьд өөр өөр, үзсэн дуулсан зүйлийн хувьд ч өргөн цар хүрээтэй байсан. Бид хамтарч ажиллаад ямартаа ч УИХ-ын 2008 оны 40, 2009 оны 57, 2010 оны 39-р тогтоолуудыг батлуулж чадсан юм. Уг нь эдгээр тогтоолоор стратегийн авч холбогдолтой энэ хоёр том ордыг ашиглах асуудлыг, зөв эхлүүлэх зам мөрийг тавьж өгсөн гэж ойлгодог. Тэр ч хэрээрээ нэлээд ханатай, зөв зүйтэй тогтоол, шийдвэрүүд гарсан гэж боддог. Эдгээрийг цаг алдалгүй хэрэгжүүлсэн бол байдал өнөөгийнхөөс шал өөр байх байлаа.
Аль 2008 онд л дэд бүтцийн ажлыг эхлүүлэх ёстой гэж тогтоол, шийдвэрт тусгасан байтал өнөө хүртэл “Оюутолгой”-г импортын эрчим хүчээр хангаж байна шүү дээ. Гэтэл хажууханд нь Тавантолгойн ордын эрчим хүчний нүүрсийг борлуулж чадахгүй суугаа. Яг өнөөдөр гэхэд л коронавирус гээд нүүрсээ гаргаж чадахгүйд хүрч байна. Ер нь Оюутолгой, Тавантолгойн ордыг цогцоор нь авч үзэх зайлшгүй шаардлагатай байсан. Гэвч тэгээгүй. Энэ гурван тогтоол гарсан дундаж хугацаагаар бодоход түүнээс хойш 10 жил өнгөрч. Арван жилд юу өөрчлөгдөж вэ гээд харахаар харамсалтай дүр зураг харагддаг. Эрчим хүч, төмөр зам, автозам гээд дэд бүтцийн гол асуудлуудаа орхигдуулсан. Том төслүүдийн бүтээн байгуулалтын ажил нь хэлтэй амтай явж байгаа ч үйлдвэрлэл нь жигдрээгүй, үр ашиг нь монголчуудын хүсэж хүлээсэн үр дүнд хүрээгүй байна. Үүнийг хурдан засаж залруулах хэрэгтэй. Цаг хугацаа алдана гэдэг бол эцсийн дүнд бүс нутаг, улс орны хөгжил дэвшлийг урагшлуулах боломжоо алдаж буй хэрэг.
-Энэ цагт “Оюутолгой”-г шалгасан ажлын хэсгийн гишүүдэд компаниас авлига өгсөн, нөлөөлөх гэж оролдсон гэсэн яриа их гарах юм. Харин тэр үед ямар нэг байдлаар нөлөөлөх гэсэн оролдлого гарч байсан болов уу?
-Надад тийм зүйл мэдрэгдээгүй, тийм зүйл огт байгаагүй. УИХ-ын гол ажлын хэсгийг ахалж байсны хувьд би үүнийг сайн мэдэж байна. Ажлын хэсэгт орсон гишүүд ч хоёр том төслийг явуулахын төлөө, тэр тусмаа зөв явуулахын төлөө байсан шүү. 
-Та Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолыг харьцангуй залуудаа хүртсэн юм билээ.  Зарлигт нь юу гэсэн байдгийг санадаг уу?
-Яамны хэлтсийн дарга, уул уурхайн салбарын ерөнхий инженер, Бор-Өндөрийн дарга, “Монголросцветмет”-ийн анхны монгол ерөнхий захирлаар томилогдохдоо ч тухайн үедээ харьцангуй залууд тооцогдож байсан. 1996 онд 40 нас шүргэж байхдаа Монгол төрийнхөө хайр хишгийг хүртэж, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болж билээ. Эрдэс баялгийн салбарын хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, “Монголросцветмет” нэгдлийг амаргүй цаг үед үр дүнтэй удирдсаныг төр засаг маань үнэлсэн гэж боддог.
-Таныг хэдэн жилийн өмнө “Монголросцветмет”-ийн, одоо “Эрдэнэт үйлдвэр”-ийн Х.Бадамсүрэн л гэж мэдэхээс ажлыг ингэж гялалзуулж явсан хүн гэж мэддэггүй байжээ. Одоо ч ажлаа гялалзуулсаар яваа таны ажилд амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
Эх сурвалж: http://www.npost.mn
Бүлэг Ярилцлага

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог