• Уурхайчид Хангалын голыг цэвэрлэлээ

         Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр,  Авто тээврийн цех,  Ил уурхай, Засвар механикийн завод, Тээвэр ложистикийн төв, Дулааны цахилгаан станц, Цахилгааны цех, Ган бөөрөнцгийн цехзэрэг 20 нэгжийн 200 гаруй ажилтан энэ сарын 09-ний өдөр Хангалын голын гольдрол дагуу их цэвэрлэгээ зохион байгууллаа. Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах”дэд хөтөлбөрт тусгасан энэхүү ажлын хүрээнд 152 га талбайг цэвэрлэн, 130 м3 хог ачиж, хогийн цэгт буулгаад байна. Дэлгэрэнгүй...
  • Э.БҮЖИДМАА: Долдугаар сарын турш хүн бүр дээлээр гоёосой

         Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолбороос санаачлан “Дээлээр гоёсон долдугаар сар” аяныг энэ сарын 01-ний өдрөөс үндэсний хэмжээнд эхлүүлсэн. Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж, олон нийтийг эерэг хандлагад уриалсан энэхүү аян нь дээлийг өдөр тутмын хэрэглээ болгоход чиглэсэн юм. Аяныг санаачлан зохион байгуулагч, Соёл урлагийн цогцолборын соёлын ажлын арга зүйч Э.Бүжидмаатай ярилцлаа. -“Дээлээр гоёсон долдугаар сар” аян эхлээд удаагүй ч оролцогчид идэвхитэй байгааг цахим хуудсаар бид өдөр бүр харж байна. Өнөөдрийн байдлаар хичнээн оролцогчоос бүтээл ирээд байна вэ? -Бид Үндэсний их баяр наадамд зориулж “Дээлтэй Монгол" өдөрлөгийг өмнөх жилүүдэд зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд цаг үеийн онцгой нөхцөл байдлаас хамаарч үндэсний хэмжээний цахим аян зохион байгуулж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа энэхүү аян нь орон нутгаас санаачлан хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой. Гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчуудын төлөөлөл аянд нэгдэж байгаад баяртай байна. Тэр дундаа ӨМӨЗО-ноос уламжлалт гоёл чимэглэл урлаач, Турк улсаас Монгол дээл оёдог уран гартай бүсгүй гэрэл зургаа ирүүлсэн. Аянд оролцогчдын дийлэнх хувийг залуучууд эзэлж байгаа ч бидний сэтгэлд дээлтэйгээ мөнхөрсөн ахмад үеийнхнээ урилгаар оролцуулахыг хичээж байна. Өнөөдрийн байдлаар 10 аймаг, хилийн чанад дахь 5 улсаас 100 гаруй бүтээл ирж, шаардлагад нийцсэн 80 орчим бүтээлийг сошиал хуудсаар нийтлээд байна. “Дээлээр гоёсон долдугаар сар” үндэсний аян маань энэ сарын турш үргэлжилнэ. -Үндэсний дээлээ сурталчилсан энэхүү аянаар дамжуулан олон нийтэд юуг хүргэхийг зорьж байна вэ? -Аяны хүрээнд нөлөөллийн давлагаа үүсгэх, танин мэдэхүйн чиглэлээр мэдээлэл түгээх ажлууд өрнөнө. Дээлийг Үндэсний их баяр наадам, цагаан сар эсвэл шагналын тайзнаа өмсөх гоёл гэж ойлгох нь өрөөсгөл юм. Бидний амьдарч байгаа нийгэм ч уламжлалт ахуй соёлоо дээдлэн, өвлөн уламжлагч болсон өнөө үеийн залуучуудыг үндэсний хувцсаа өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхийг шаардаж байна. Тиймээс ч залуу хойч үеэ эерэг хандлагад уриалах нь бидний гол зорилго юм. Өчигдөргүй өнөөдөр гэж байдаггүй учраас эртнээс нааш уламжилж ирсэн, энгийн хэрэглээнд хамгийн тохиромжтой, цаг уурын аль ч нөхцөлд өмсөж болох өвөрмөц хийц бүхий дээлээр хүн бүр гоёосой гэж хүсдэг. Манай аяны талаар мэдээлэл авсан хүмүүс эхнээсээ дээлээ өмсөөд аялалд гарцгааж байгаа нь аяны маань нэг зорилго биеллээ оллоо гэж харж байна. -Эерэг хандлагад нэгдсэн хамтран зохион байгуулагчдын талаар мэдээлэл өгөхгүй юу? -Аяныг зарласнаас хойш соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, түгээн дэлгэрүүлэгч, бүтээлч, урлаач залуучууд маань нэгдэж эхэлсэн. Хамтран зохион байгуулагчаар үндэсний үйлдвэрлэгч “Урбан” брэнд, “Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо”, дэмжигч байгууллагаар “Алтангадас” үндэсний ресторан, “Монгол хуур” төв, “Жонон хар" музей нэгдээд байна. “Монгол хуур” төвөөс мэргэжлийн урлаачдын бүтээл мастер хуурыг нэгэн сайхан гэр бүлд бэлэглэе гэсэн санаачилга гаргасан. Аяны хүрээнд ирсэн бүтээлүүдийг шалгаруулж, шилдэг гэр бүлийг урамшуулах болно. Мөн шилдэг дүр төрх, шилдэг гэрэл зурагчныг шалгаруулж зохион байгуулагч, хамтрагч байгуулагуудаас шагнаж урамшуулах юм. -Нэг хүн нэг бүтээлээр оролцох уу, ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ? -Тухайн зураг нь ямар нэг өгүүлэмжтэй байх хэрэгтэй. Мөн дээлээр дамжуулан соёлын бусад өвтэй холбогдсон байж болно. Нэг хүнээс ирүүлэх бүтээлийн тоонд хязгаар заагаагүй тул хэдэн ч бүтээлээр оролцох боломжтой. Оролцохыг хүссэн хүмүүс Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолборын фэйсбүүк хуудас руу мэссэж илгээхэд л хангалттай. Бид санаачлан зохион байгуулагч гэдэг утгаараа бүтээлийг эхний шатанд шалгаруулна. Ингэхдээ үзэгчдийн дэмжлэг, цахим хандалтыг харгалзан үзэх болно. Харин шалгарсан бүтээлүүдээ мэргэжлийн болон хамтран ажиллаж буй байгууллагуудын төлөөлөл бүхий шүүгчид рүү илгээн санал авах зарчмаар явуулна. Аянд оролцох бүтээлийг энэ сарын 30-ныг дуустал хүлээн авч, 31-ний өдөр шалгарсан бүтээлийг олон нийтэд танилцуулахаар төлөвлөөд байна. -Бүх нийтийг уриалах нэг сайхан үг хэлэхгүй юу? -Судалгаагаар аливаа зүйлийг дадал зуршил болгох дундаж хугацаа 30 хоног байдаг. Энэ ч утгаараа аян үргэлжлэх хугацааг товлосон юм. Иймд эрхэм та үндэсний хувцсаа нэг сарын турш өмсөж, хэвшил болгоорой гэж уриалъя. “Дээлээр гоёсон долдугаар сар” маань дээлээр гоёсон амьдрал болох болтугай. Эрхэм уншигч та Соёл урлагийн цогцолборын албан ёсны фэйсбүүк хуудсанд нэгдэж, манай аянд нэгдэхийг хүсвэл доорх холбоосоор хандаарай. Соёл урлагийн цогцолбор /Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ/ Оролцогчдын бүтээлээс... И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 07 дугаар сарын 09

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 190 дэх өдөр. Он дуусахад 175хоног үлдлээ.                   2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +15градус, шөнөдөө +11 градус дулаан, усархагбороотой, салхины хурд 7-9 м/сек байна. 3. Аргын тооллын 7 дугаар сарын 09.Бархасвадь гараг. Билгийн тооллын 19.Харагчин үхэр өдөр. Өдрийн наран 5цаг 03 минутад мандан, 20цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой житнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход  сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар(03:40-05:40), туулай (05:40-07:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40)болой.Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн нөхөртэй учирна.   4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2830, евро 3194, БНХАУ-ын юань 403, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6194ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1974 оны 07 дугаар сар Сэлэнгэ мөрний сав газрын усыг зүй зохистой ашиглах, хамгаалах тухай БНМАУ, ЗХУ-ын хооронд хэлэлцээр байгуулжээ. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурлаар Д.Лхагвасүрэнг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор батлав. ЗХУ-ын Аж үйлдвэрийн барилгын яамны сайдын тушаалаар А.В.Чекашовыг Зөвлөлтийн барилгын “Медьмолибденстрой удирдах газрын даргаар томилжээ. Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, үйлдвэрийн Ерөнхий захиргааг байгуулав.     Дэлгэрэнгүй...
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав

    Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн цехүүдийн удирдах ажилтнуудын ээлжит уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, нийгмийн цехүүдийн удирдлагууд, эдийн засагчид, хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцов. Уулзалтын эхэнд Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат Эрдэнэт үйлдвэр 2019 онд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Тэрбээр, Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаас хойших нийгмийн бодлогын хэрэгжилтийн түүхэн товчоон, өмнөх онд хийж хэрэгжүүлсэн ажил, нийгмийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар хөндөн ярилаа.Түүнчлэн ажиллагсдын аюулгүй байдлыг ханган, хүний нөөцийн оновчтой бодлогыг хэрэгжүүлж, байгалийн баялгаас олох орлогод тулгуурлан, төрийн зохицуулалттай нийгмийн хамгааллыг хэрэгжүүлж, ажиллах хүчний материаллаг, оюун санааны, нийгмийн хэрэгцээг зохистой түвшинд ханган, амьдралын чанарыг тасралтгүй дээшлүүлж ирснийг онцлов.Энэ үеэр нийгмийн цех, нэгжид олон жил үр бүтээлтэй ажилласан зарим ажилтнуудыг Орхон аймгийн Засаг даргын хүндэт жуух бичгээр шагнав. Мөн таван жилийн хугацаанд монгол стандартад тохирсон сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг орос сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад гардууллаа.                                                                                                                                  Т.Батчулуун Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Хөдөлмөрийн аваргууддаа халуун баяр хүргэе

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аваргуудыг тодруулах ёслолын ажиллагааны үеэр зарим алдартны сэтгэгдлийг хуваалцлаа.    Элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байх болтугай -Би Эрдэнэт үйлдвэрт 18 дахь жилдээ ажиллаж байна. 2019 онд Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт хэмнэлтийн үр ашигтай бодлогын хүрээнд нэгж тоног төхөөрөмжийн ачааллыг нэмэгдүүлэх замаар болон технологийн схемийг өөрчлөх замаар бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, өөрийн өртгийг бууруулах, тоног төхөөрөмжийн ашиглалтыг дээшлүүлэх, шинэ тоног төхөөрөмж угсарч суурилуулах ажлуудыг хийсэн. Энэ онд төлөвлөгөөний дагуу ажиллаж, амжилттай хэрэгжүүлж байна. Бор уулынхаа буян хишгийг хүртэж яваа мянга мянган уурхайчид, хамт олон, инженер техникийн ажилчдадаа элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын ерөөл өргөе. Баяжуулах үйлдвэрийн Өргөн тээвэрлэх машин механизмын хэсгийн дарга Аситхааны ШИНАРБАЙ   Чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье -Ард түмнээ соён гэгээрүүлэх үүрэгтэй хэвлэл мэдээллийн салбарт, телевиз радио хэмээх их айлд 30 дахь жилдээ ажиллаж байна. Энэ цаг үед Эрдэнэт үйлдвэрийнхээ 2019 оны Хөдөлмөрийн аварга боллоо. Шагналд тодорхойлж, шалгаруулсан удирдлага, хамт олон, уран бүтээлч нөхдөдөө чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Та бүхнийхээ ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол түмнийхээ их баяр цэнгэл наадмаар дэлгэр сайхан наадаарай. Маркетингийн хэлтсийн ОНХА-ны “Эрдэнэт” телевизийн нэвтрүүлэгч, сэтгүүлч П.ЭНХТУЯА   Эрдэнэт үйлдвэртээ 30 жил тасралтгүй ажиллалаа -Анх засварчнаар орж байсан Эрдэнэт үйлдвэртээ тэргүүлэх инженерийн түвшинд хүртлээ 30 жил тасралтгүй ажиллалаа. 1990 онд Геологи, уул уурхайн яамны томилолтоор ирснээс хойш их ч зүйлийг сурч мэдлээ. Миний хувьд өнгөрсөн хугацаанд 10-аад онцгой даалгаварт ажилласан. Далангийн тогтвортой хөгжлийг хангахад оруулсан хувь нэмрийг минь үнэлж энэхүү шагналыг олгосон гэж ойлгож байна. Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын далан 19 байдгаас миний бие 10, 12, 13, 14, 15, М1, М2, М3, М4 даланг барихад гар бие оролцжээ. Энэ хүртэл намайг сургаж хүмүүжүүлсэн багш нар олон бий. Юун түрүүнд, Гомбосүрэнгийн Пүрэвдорж, Дэмбэрэлийн Лхагважав, Надмидын Бямбадорж, Г.Отгондаваа гэсэн инженер техникийн ажилчдадаа баяр хүргэе. Саяхан л би сурагч байсан бол өнөөдөр сургагч багш болж, 10-аад инженер техникийн ажилчныг нарийн мэргэжилд сурган, бүтээн байгуулалтыг гардан хийсэндээ баярлаж, бахархаж байна. Үйлдвэрийнхээ онцгой объект дээр амжилттай сайн ажиллаж яваа шавь нараараа бахархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. Өнөөдөр шавь Т.Баярбат маань “Хөдөлмөрийн аварга” боллоо. Шавьдаа мөн баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь  өрнүүн их амжилтыг хүсье.    Техникийн хэлтсийн тэргүүлэх инженер Дашцэрэнгийн ОЧИРБАТ   Зөв явбал бүх зүйл сайхан болно -Эрхэм хүндтэй энэ шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Эрдэнэт уул, “Эрдэнэтийн-Овоо”-ндоо, Баян-Өндөр хайрхан, Их Залуу, Бага Залуу хайрхандаа, Бүрэнбүстийн овоондоо мөргөе. Уул усаа тахин шүтэж, хүндлэн дээдэлж, зөв явбал бүх зүйл сайхан болно. Үйлдвэрийнхээ нийт ажилчдад эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.    Тээвэр ложистикийн төвийн агуулахын эрхлэгч Балдоржийн НАРАНЦЭЦЭГ    “Тэргүүний уурхайчин”, “Хөдөлмөрийн аварга” хүндэт тэмдгийг хослуулан авлаа -Баяртай сайхан өдөр байна. Эрдэнэт үйлдвэрт 16 жил ажиллаж, өнөөдөр “Тэргүүний уурхайчин” Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга” хүндэт тэмдгийг зэрэг гардан авлаа. Хамт олныхоо дэмжлэгээр энэ сайхан шагналын эзэн болж, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэндээ баярлаж байна. Манай хамт олон Ил уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийг хариуцан ажилладаг. Бид өнгөрсөн оны амжилтаа бататгаж, үр ашгаа нэмэгдүүлэх талаас илүү сайн ажиллах болно. Та бүхэн сайхан наадаарай. Ил уурхайн Тоног төхөөрөмжийн цахилгаанчин Цэдэнгийн БЯМБАА   Хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье -Эрдэнэт үйлдвэрийнхээ болон Цахилгааны цехийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье. Миний бие 17 дахь жилдээ ажиллаж байна. 2019 онд манай цехэд тоног төхөөрөмжийн шинэчлэл маш их хийгдсэн. Үүний реле хамгаалалт, автоматик дээр Оросын хуучны цахилгаан механик релег сүүлийн үеийнхээр суурилуулж, хүлээлгэн өгсөн. Хамт олондоо баярлаж талархаж явдаг шүү.  Цахилгааны цехийн Реле хамгаалалт, автоматикийн инженер Бадмаевын ЭНХТАЙВАН   Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга”-ууд шагналаа гардлаа

    Ажил үйлс, амжилт бүтээлээрээ Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг ажилчдыг шагнан урамшуулж, алдаршуулах ёслолын ажиллагаа Соёл, урлагийн цогцолборын их танхимд боллоо. Ёслолын ажиллагаанд шилдэг тэргүүний 32 ажилтнаас гадна Эрдэнэт үйлдвэрийн Хүндэт дэвтэрт нэр нь бичигдэх хүндтэй гурван эрхэм болон “Эрдэнэт дээд өргөмжлөл” медалийн эзэн хүрэлцэн иржээ. Сар шинийн босгон дээр уламжлал болгон зохиодог энэхүү ёслолын ажиллагааг цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан хойшлуулаад байсан юм.        Ёслолын үйл ажиллагааг нээж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлж, хөдөлмөрийн аваргууд, уурхайчдадаа баяр хүргэн мэндчиллээ. Мөн тэрээр дэлхий нийтийг хамарсан коронавирусын халдварт өвчний улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд сахилга баттай, дэг журамтай ажиллаж, хариуцсан ажлаа үлгэр жишээ хийж, урьдчилан сэргийлэх ажилд санаачилгатай оролцож байгаа нийт уурхайчдадаа талархал илэрхийлсэн юм. Тэрбээр оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100.3-120 хувиар биелүүлсэн уурхайчид, Эрдэнэт үйлдвэрээр овоглосон хүн бүрийг баяр наадмын босгон дээр 500 хүртэл мянган төгрөгөөр шагнан урамшуулахаар болсноо мэдэгдэж, баяр дээр баяр нэмсэн мэдээг дуулгалаа.   Монгол Улсын Засгийн газрын шагнал, Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”, Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга” шагналыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Стратегийн төлөвлөлт бодлогын газрын дарга Д.Эрдэнэцогт нар гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.    Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга” шагналыг үйлдвэрт 10 ба түүнээс дээш жил үр бүтээлтэй ажиллаж, тухайн ондоо хамт олноо тэргүүлэн идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан тэргүүний ажилтанд олгож, хөдөлмөрийн аварга тэмдгээр шагнан, зургийг нь тухайн жилийн турш хүндэт самбарт байрлуулж алдаршуулдаг уламжлалтай. Харин Эрдэнэт үйлдвэрт 20 ба түүнээс дээш жил үр бүтээлтэй, тухайн ондоо хамт олноо тэргүүлэн идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн амжилт гаргасан тэргүүний ажилтныг Хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж алдаршуулахын зэрэгцээ Хүндэт тэмдгээр шагнан урамшуулдаг. Тус шагналаар Техникийн хэлтсийн тэргүүлэх инженер Д.Очирбат, Цахилгааны цехийн дарга Д.Даваадорж, Тээвэр ложистикийн төвийн Илчит тэрэгний машинч Ж.Буяндэлгэр нарыг шагнан урамшуулж, “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичиж мөнхжүүллээ. Мөн энэ өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар, Монгол Улсын 20-р зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Аж ахуй, үйлчилгээний цехийн ахмад ажилтан С.Нямжавыг “Эрдэнэт дээд өргөмжлөл” дурсгалын медалиар шагнаж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.                И.Чинтогтох Фото: Б.Баттөгс     Дэлгэрэнгүй...
  • Ган бөөрөнцгийн агуулах барьж байна

         Баяжуулах үйлдвэрийг технологийн гол түүхий эдээр хангадаг Ган бөөрөнцгийн цехийн дэргэд Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн шугамаар нөөц шаар хадгалах ил агуулах барьж байна. Хөвсгөл аймгийн “Бумбаах” компани уг ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд бүтээн байгуулалт 60 хувийн гүйцэтгэлтэй явна. Металл угсралтын ажил дууссан, одоо цутгалт эхлэхэд бэлэн болжээ. Гүйцэтгэгч компанийнхан 1500 тонны багтаамжтай уг агуулахыг энэ сардаа багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр шамдаж байна.       Тус цех энэ онд 17101 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэж Баяжуулах үйлдвэрт нийлүүлэх төлөвлөгөөтэй бөгөөд одоогоор 4553 тонныг үйлдвэрлээд байна. Нөөц шаар хадгалах 1000 тонны багтаамжтай хоёр агуулах байгаа хэдий ч үйлдвэрлэл өссөн энэ үед багтахгүй, цехийн гаднах талбайдаа тааранд хийж тавих, задгай асгах зэргээр хуримтлуулж байгаа юм. Шинэ агуулах баригдсанаар цехийн эмх цэгц сайжирна гэж Ган бөөрөнцгийн цехийн дарга А.Отгончулуун ярилаа.      Удахгүй, тус цехийн шал, металл хийцийг үйлдвэрийн орчинд ашиглах зориулалт бүхий резинэн будгаар будах ажил эхэлнэ. Ингэснээр өнгө үзэмж сайжраад зогсохгүй дуу чимээ намсаж, тоос тогтохгүйн дээр металл хийцүүдийг зэврэлтээс хамгаалж тоног төхөөрөмжүүдийн насжилт уртсах нөхцөл бүрдэх юм.          М.ОДГЭРЭЛ Б.БАТТӨГС Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 07 дугаар сарын 08

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 189дэх өдөр. Он дуусахад 176 хоног үлдлээ.                   2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +25 градус, шөнөдөө +16 градус дулаан, дуу цахилгаантай бага зэргийн бороотой, салхины хурд 6-7м/сек байна. 3. Аргын тооллын 7 дугаар сарын 08.Сумъяа гараг. Билгийн тооллын 18.Хар хулгана өдөр. Өдрийн наран 5цаг 02 минутад мандан, 20цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич  жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь житнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авахад сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана (23:40-01:40),үхэр (01:40-03:40), туулай (05:40-07:40), морь (11:40-13:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40)болой.Хол газар явагсад зүүн урагш мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.   4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2828, евро 3195, БНХАУ-ын юань 402, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6086ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1973 оны 07 дугаар сар Инженер, геологич Л.Мягмар, Г.Сандуйжав нар төрийн шагнал хүртэв. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл “Эрдэнэт” үйлдвэр байгуулах тухай хэлэлцээр, дүрмийн төслийг хэлэлцэв. Эрдэнэтийн Овооны зэс, молибдены орд газрыг түшиглэн барьж байгуулах Монгол-Зөвлөлтийн уул уурхайн үйлдвэрийн тухай хэлэлцээр, дүрмийн төслийн талаарх урьдчилсан зөвлөгөөн осква хотноо эхлэв.     Дэлгэрэнгүй...
  • Улсын баяр наадмын өмнө уурхайчдаа урамшуулна

         Онцгой дэглэмд, өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр болж, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтээ 100.1-120.1 хувиар биелүүлж амжилттай ажилласан уурхайчдадаа Улсын баяр наадмын өмнө урамшуулал олгохоо мэдэгдлээ. “Хэдийгээр, коронавирусын халдвараас шалтгаалан төлөвлөөгүй нөхцөл байдал үүссэн ч Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид хорио цээрийн хязгаарлагдмал орчинд үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлж, оны эхний хагас жилийн байдлаар улс, орон нутгийн төсөвт 274 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь том амжилт юм. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж, эдийн засгийн хямрал нүүрлэсэн хүнд цаг үед Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олон нэгэн зүгт харж, ёс зүйтэй, эв нэгдэлтэй, эмх цэгцтэй, эрхэлсэн ажилдаа эзэн болж ажилласны үр дүн” гэж Ерөнхий захирал онцоллоо. Оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө нэр төрөл бүрээр ийнхүү давж биелсэн нь борлуулалтын орлого болон цэвэр ашгийн төлөвлөгөө дагаж өсөх санхүү, эдийн засгийн таатай нөхцөлийг бүрдүүлжээ.      Тасралтгүй ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа бүрэн зогсож их засвар хийдэг. Энэ жилийн “их зогсолт” долдугаар сарын 31-ний 20.00 цагаас эхэлж 48 цаг үргэлжлэх бөгөөд үүнд хэрхэн бэлтгэж байгаа талаараа цехийн дарга нар мэдээлэл хийсэн. Үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс бүтцийн нэгжийн дарга нарт 2021 оны бизнес төлөвлөгөөнд саналаа өгөх, 2020 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх, Тэсрэх бодисын үйлдвэр барих, Орхон аймагтай хамтын ажиллагааны хүрээнд дулааны шугам татах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, өвлийн бэлтгэлийг ханган ажиллах чиглэлээр тодорхой үүрэг өглөө.  М.ОДГЭРЭЛ Б.БАТТӨГС Дэлгэрэнгүй...
  • Хийн үлээгүүрийн машин суурилууллаа

         2020 оны техник шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн үндсэн технологийн хэрэгцээний агаар шахах зориулалттай, Франц улсад үйлдвэрлэсэн “BLOWER 800” төрлийн хийн үлээгүүрийн машины угсралт,  суурилуулалтын ажлыг Баяжуулах үйлдвэр, Засвар угсралтын болон Цахилгаан цехийн хамт олон гүйцэтгэв. Уг машин ашиглалтад орсноор хуучин хийн үлээгүүрийн машинаас хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, баяжуулалтын процесст өгөх агаарын хэмжээг ихэсгэж байгаа юм. Мөн асаалт тохируулгын ажлыг Герман улсын мэргэжилтнүүдтэй хамтран  мэдээллийн сүлжээ ашиглан хийх ажээ.                                                                                                                         Т.Батчулуун   Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Мэдээ

Коронавируст халдвар (COVID-19)-ын цаг үеийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийлээ.

ДЭМБ-ын 03 дугаар сарын 30-ны мэдээлэлд 203улс оронд COVID-19вирусын халдвар тархаж, нийт 774,621тохиолдлоос 156,669нас баралт бүртгэгдээд байгааг мэдээллээ. Ингэхдээ 20 хувь нь импортлогдсон тохиолдлоор, 80 хувь нь голомтлон тархах замаар өвчилж, шинж тэмдэггүй тохиолдлын тоо хэд хэдэн оронд бүртгэгдэж, арлын хоёр бүс нутагт шинэ тохиолдол илэрсэн байна. Нийт өвчлөлийн тоогоор АНУ, Итали, Иран, Испани, Франц улс өндөр тархалттай байгаа бөгөөд эмнэлгийн ачаалал, эрүүл мэндийн ажилтны хэрэгцээ эрс нэмэгдсэнээс болж эмнэлгүүд ачааллаа даахгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл алдагдахад хүрчээ. Цар тахалтай тэмцэж байгаа энэ үед хүн амд шаардлагатай тусламж үйлчилгээг тасалдуулалгүй хүргэх хэрэгтэйг ДЭМБ-ын Ерөнхий захирал ээлжит хурлын үеэр онцолж байна.

Вирусын хөл хорионд орж тусгаарлагдсан 3 тэрбум гаруй хүнд зориулсан уриалга гаргасныг хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа. Тус уриалгад, хөл хорионд байгаа хүмүүс сэтгэлзүйн хувьд эрүүл байж, өөрийгөө хөгжүүлэх, сэтгэлээ амар амгалан байлгахад чиглэсэн зөвлөмж зөвлөгөөг дагах хэрэгтэй хэмээжээ. Мөн энэ хүрээнд гадаад хэл, иог бясалгал, дасгал хөдөлгөөн, дуу, бүжиг, хөгжим, ардын уран зохиол, оньсого, таавар, уламжлалт тоглоом зааж сургах чиглэлээр танин мэдэхүйн хөгжөөнт нэвтрүүлэг явуулж, цар тахлын үед иргэдээ дэмжин ажиллахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриаллаа.

Цаашид халдвар тархах эрсдэлтэй байгаа тул ДЭМБ-аас шинээр 3 заавар гаргажээ. Үүнд, нэгдүгээрт, барилга байгууламж, хөнгөн майханд тусгаарлах өрөөг хэрхэн бэлтгэх, хоёрдугаарт, биеийн байдал хөнгөн өвчтөнийг халамжлахад нийтийн байгууламжийг хэрхэн ашиглах, гуравдугаарт, эмчилгээний төвийг хэрхэн байгуулах талаар зөвлөмжийг хүргүүлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр өдөрт 100 гаруй мянган хүнд шинжилгээ хийх боломжтой болсноо мэдэгдсэн бөгөөд одоогоор нэг сая гаруй америкчуудыг шинжилгээнд хамруулжээ. Мөн АНУ-ын Хүнс, эмийн агентлаг хэрэглэсэн N95 амны хаалтыг халдваргүйжүүлж, ариутган дахин хэрэглээнд оруулах технологи бүхий машиныг ашиглах зөвшөөрлийг олгожээ. Ингэснээр нэг машин өдөрт 120 мянга хүртэлх тооны амны хаалтыг ариутгаж, дахин ашиглалтад гаргах юм. Тэдний үзэж буйгаар нэг амны хаалтыг 20 удаа энэ маягаар ашиглах боломжтой хэмээн үзжээ. Тус улсын “Форд моторс” компани, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч ЖиИ компанитай хамтран амьсгалын аппарат үйлдвэрлэхээр болсноо мэдэгджээ. 3 сарын хугацаанд амьсгалын 50 мянга гаруй аппарат үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Харин Нью-Йорк хотод 1000 ор бүхий цэргийн хөлөг онгоцыг татан байршуулжээ.      

БНСУ-ын Сөүл хотноо сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь гадаад улсаас эх орондоо ирсэн иргэдийн 70 орчим хувь нь Сөүлийн эргэн тойронд амьдардагтай холбоотой хэмээн тайлбарлажээ. Халдварын голомт тус бүс нутагт бүрэн хяналтад ороогүй тул тус улсын Ерөнхий сайдын мэдэгдлийн дагуу хичээлийн шинэ жилийг 4.9-нөөс эхлүүлж, ингэхдээ цахим сургалт явуулахаар болоод байна.   

Манай улсын хувьд ХӨСҮТ-д 03 дугаар сарын 30-нд тусгаарласан 7 хүнээс коронавирус илрээгүй бөгөөд 218 хүнийг хяналт шинжилгээнд хамруулжээ. Мөн эрүүл мэндийн салбарынхан тусгаарлагдсан иргэдийг уур бухимдлаас нь үүдэн хугацааг нь богиносгох боломжгүй тул нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй хандахыг хүслээ. Тэд Монгол Улс шиг хилийн чанадаас иргэдээ татан авч, 5 одтой зочид буудалд байрлуулан, эмч нараараа хоол зөөлгөж байгаа улс орон байхгүйг сануулсан юм. АНУ, Англид чөлөөнд гарсан эмч нараа уриалга гарган дайчилж эхэлсэн бол Харвардын Их сургууль анагаахын чиглэлээр төгсөх ангийн оюутнуудаа урьдчилан төгсгөж, эрүүл мэндийн салбартаа ажиллуулж байна.

Иргэдээ эх орондоо авчирж, эмчилж, эдгээж, эрүүл мэндэд нь анхаарч байгаад талархал илэрхийлсэн олон захиа ЭМЯ-нд ирснээс нэгэн захианд, “Мухардсан иргэдээ ах дүүгийнх нь дэргэд авчирсан нь Монголын төр засгийн гавьяа. Халдвартай ирсэн ч цөөхөн Монголчуудын минь нэг шүү дээ” хэмээсэн байжээ. Хүн стрессгүй байх нь эмчилгээний 50 хувь болдог тул тэдгээр захиа сэтгэлийн их дэм өгч байгааг эмч нар онцоллоо.  

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотноо 8000 гаруй цагдаа, олон нийтийн 2445 цагдаа, 1992 эргүүлийн ажилтан, нэмэлтээр 3824 хүн “COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мөн Катараас цэргийн онгоцоор ирж байгаа 42 иргэнийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулна гэдгээ мэдэгдлээ.

И.Чинтогтох 

Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад Турбин Хими ус бэлтгэл, Дулаан-Химийн туршилт судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийгдэж дууссан байна. Энэ ажлыг Улаанбаатар хотын “Гоулден резин” ХХК-ийн мэргэжилтэн, Шинжлэх ухааныдоктор С.Буянтогтох болон тус станцын Ерөнхий инженер Д.Дарханбаяраар ахлуулсан Турбин Хими ус бэлтгэлийн хэсэг, Зуухны хэсгийн инженер техникийн ажилтнуудын баг хамтран гүйцэтгэжээ. Угэрдэм шинжилгээ, судалгааны хүрээнд мэргэжлийн нарийн хэмжилт туршилтууд хийж, зөвлөх үйлчилгээ авсан бөгөөд цаашдын ажилдаа нэвтрүүлэн технологи ажиллагааг сайжруулах, зардал бууруулах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа аж. Тухайлбал, Дулааны цахилгаан станцын ус бэлтгэл буюу дулаан химийн үйл ажиллагаа нь маш нарийн горим технологитой. Үүнд хэрэглэгдэж байгаа химийн боловсруулсан ус, түүнээс гарах уурын чанар маш өндөр зэрэглэлийнх байх шаардлагатайг дээрх шинжлэх ухаан судалгааны ажлын үр дүнд тодорхойлсон байна.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Хавар цагийн онцлог, цаг агаарын өөрчлөлтөөс шалтгаалан Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хуримтлагдсан элс буюу бидний нэрлэж заншсанаар цагаан тоосны дэгдэлт нэмэгдэх хандлагатай болдог. Тиймээс энэ улиралд цагаан тоос дарах ажлыг улам эрчимжүүлж, байнгын үйл ажиллагаагаар ханган ажиллах шаардлагатай гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд онцлов. Энд Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс болон Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах ажлын алба, Авто тээврийн цехийн ажилтнууд уртасгасан цагаар буюу амралтын бямба, ням гаригт ч тасралтгүй ажиллаж эхэлжээ. Хуурайшилтын улиралд салхины хурд нэмэгдэж, цаг агаарын нэмэх хасах температурын өөрчлөлт зэрэг нь цагаан тоосны дэгдэлт үүсэх гол шалтгаан болдог бөгөөд хар шороон хөрсөөр хучих, усны машинаар норгох,  кальци хлоридын уусмал найруулж шүрших аргыг өдөр бүр ашиглаж буйг Байгаль орчин, Ногоон хөгжлийн хэлтсийн Байгаль орчны мониторинг сургалт хариуцсан инженер Н.Наранчимэг хэллээ.  

Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуй нь нийт 2098 га талбайг эзэлж байна. Үүнээс 1437 га нь хуурай талбай бөгөөд  897 га талбайг  цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн бүс гэж үздэг. Өнгөрсөн жилээс үйлдвэрийн Байгаль орчин, Ногоон хөгжлийн хэлтэс, Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах ажлын алба, Судалгааны төвийн мэргэжилтнүүд хамтран  дэгдэлтийн нийт талбайн 700 орчим га газарт тоос дарах ажлыг үе шаттай хийсэн юм. Ингэхдээ хаягдал булингыг дарагч бодистой хольж барьцалдуулах, зориулалтын техник ашиглан усаар норгож, шүрших, өвөл зуны хаялтын үед хөрсөөр хучих зэрэг технологийн гурван аргыг хослуулсан нь үр дүнгээ өгч, нийт талбайн цагаан тоосны 80-90 хувийг даржээ.

М.Балжинням

Фото: Б.Ялалт

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, нийгмийн хариуцлагын хүрээнд дэргэдээ хүүхдийн халамжийн “Энэрэл” төвийг байгуулан, ажиллуулж ирсэн. Асран хамгаалах хүнгүй, аав ээжийн хайр халамжаар дутуу олон хүүхдийг хайр халамжаар энэрэн өсгөж, ажил амьдралын замд хөтөлсөн тус төв нь баялаг бүтээгч уурхайчдын халуун сэтгэл, хөдөлмөр зүтгэлийн үр шим юм. Энэ төвд өсөж буй хүүхдүүдэд зориулсан олон талын бодлого, нийгмийн дэмжлэгийн нэг хэсэг болох бүтээн байгуулалт удахгүй ашиглалтад орно. 2018 онд тохиосон Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн үеэр тус төвд стандартын иж бүрэн тохижилттой спорт заалыг барьж өгөх шийдвэр гарсан юм. Тэрхүү шийдвэр эдүгээ биеллээ олж, төвийн дэргэд шинэ спорт заал сүндэрлэжээ. Уг барилгыг улсын комисс хүлээж авахад бэлэн болсон байна. Ингэснээр хүүхдүүд шинэ зааланд чөлөөт цагаа өнгөрөөж, спортын олон төрлөөр хичээллэх боломж бүрдэнэ гэж “Энэрэл” төвийн эрхлэгч М.Майцэцэг ярив.

“Энэрэл” төвд өнөөдрийн байдлаар, 1-18 насны 57 хүүхэд сурч, хүмүүжиж байна. Тэдний тав нь Монгол Улсын Боловсролын Их сургууль, Үндэсний Их сургууль, ШУТИС зэрэг их дээд сургуулиудад суралцдаг аж. Төвийн байранд шинэ төрлийн корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэм бүрэн тогтоож, ээлжийн багш, эмч нараас бусад хүн гаднаас нэвтрэх, хүүхдүүдтэй ойр байх зэргийг хязгаарлаад байна.  Одоогоор төвийн хүүхдүүд ямар нэг ханиад томуугаар өвдөөгүй, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж, урьдчилан сэргийлж байна. Нөгөө талаар, хаврын элсэлтийн шалгалтын бэлтгэл эхэлсэнтэй холбогдуулан цахим хичээлд хүүхдүүдээ бүрэн хамруулж, нэмэлт мэдлэг өгөх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэр тусмаа хорио цээрийн үеийг үр өгөөжтэй ашиглах, мэдлэг чадвар өгөх зорилгоор Энэрэл төвийн багш нар сургалтын хөтөлбөрөө илүү баяжуулан боловсруулжээ. Тухайлбал, гар урлал, хүүхдийн сэтгэхүйн хөгжилд тустай Монгол наадгай, танин мэдэхүйн  “Би хэн бэ”, Эдийн засгийн анхны ойлголт зэрэг өргөн сэдвүүдээр хичээлээ бэлтгэн, хүүхдүүдэд сонирхолтой, үр дүнтэй цагийг өнгөрүүлэх боломж  өгч байна.  

М.Балжинням

Фото: Б.Ялалт

Даваа, 30 3-р сар 2020 00:00

Нээлттэй ажлын байр

Ажлын байрны нэрс

Ажлын байрны орон тоо

Бүртгэл эхлэх дуусах огноо

Тавигдах шаардлага

Материал хүлээн авах хаяг

Вебсайтын мэргэжилтэн

1/нэг/ үндсэн,

ажлын байр

2020.03.30-ны өдрөөс 2020.04.10-ны өдрийг дуустал

Боловсрол: Дээд

Мэргэжил: Програмист, веб дизайнер

Мэргэжлийн түвшин: Бакалавр ба түүнээс дээш

Туршлага: Веб хөгжүүлэлт чиглэлээр 1-ээс доошгүй жил ажилласан.

Мэргэжлийн чадамж: Веб хуудас бүтээх болон график дизайны программуудыг эзэмшсэн байхаас гадна ASP.NET, SQL Server, Javascript, PHP MySQL, Server side includes JSP зэрэг программ хангамжуудын мэдлэгтэй байх, цахим орчинд дүн шинжилгээ, хяналт, судалгааг мэргэжлийн өндөр түвшинд хийдэг байх, мэдээллийн системийн аюулгүй ажиллагаа, хамгаалалтын талаар зохих мэдлэг эзэмшсэн байх, гар утасны веб хөгжүүлэх, Android болон IOS программ хөгжүүлэх

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэдийн материалыг бүртгэлийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын Хүний нөөцийн албаны 212 тоот өрөөнд хүлээн авна.
Бүрдүүлэх материалын жагсаалт:
1. Иргэний үнэмлэхийн хуулбар
2. Ажилтны анкет бөглөх
3. Дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх)
4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохдоо бичиг баримтаа эх хувиар нь авч ирнэ. Тухайлбал: иргэний үнэмлэх, диплом, мэргэжлийн үнэмлэх.
Анкет болон бүрдүүлж өгсөн материалуудыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу. 
Харилцах утас: 757-73754.

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.erdenetmc.mn/human_resource/vacancy_2019/

Баяжуулах үйлдвэрт оны эхний хагас жилд эрчим хүчний чиглэлээр хийгдэх хөрөнгө оруулалтын  ажлын  талаар Эрчим зүйн албаны дарга Ц.Намжилдоржоос тодрууллаа.

-Хөрөнгө оруулалтаар ямар ажлууд хийгдэх вэ?

-Эрчим хүчний чиглэлийн хөрөнгө оруулалтаар томоохон гурван ажил хийнэ. Эдгээр нь 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж, тендерт шалгарсан, ихэнх тоног төхөөрөмж нь нийлүүлэгдсэн ажил юм. Одоо бид угсралтын ажилд  бэлтгэж байна. Хамгийн эхэнд Нунтаглан баяжуулах хэсгийн есөн том тээрмийн зөөлөн асаалтын төхөөрөмж солино. Украйн улсад үйлдвэрлэсэн, 2000 онд суурилагдаж, 20 жил ажилласан төхөөрөмж хуучирсан. Үйлдвэрлэгч нь ажиллахаа больж,  сэлбэггүй болсон. Цаашид тээрмийн хэвийн ажиллагааг хангах шаардлагад нийцэхээргүй болсон тул солих шийдвэр гаргасан. Дөрөвдүгээр  сард төхөөрөмж нийлүүлэгдэнэ.

-Шинээр тавигдах зөөлөн асаалтын төхөөрөмж ямар онцлогтой вэ?

-ABB фирмийн орчин үеийн бүрэн автоматажсан 6 кВольт, 4 мВт давтамжийн хувиргагч юм. Үүнийг ашиглан тээрмийг зөөлөн залгахаас гадна, зөөлөн зогсоох нэмэлт функцтэй. Аливаа тээрмийг зогсоохдоо хүдрээ хоосолдог. Одоо манай практикт тээрмийг 40 минутаас дээш хугацаагаар, үндсэн хурдаар нь эргүүлж зогсоодог. Хүдэр багассан үед тээрэм дэх шаар болон хуягийн хооронд маш их хэмжээний үрэлт, цохилт болж, шаар хагарах, хуяг элэгдэх, гэмтэх нь элбэг. Хүдэр багасахын хэрээр тээрмийн эргэлтийг удаашруулах замаар зөөлөн зогсоосноор  шаар, хуягийн гэмтэл буурч,  эдийн засгийн ихээхэн үр ашиг  гарна гэж бид тооцож байна.

-Хийн үлээгүүрийн машин суурилуулна гэсэн. Энэ талаараа...?

- Нунтаглан баяжуулах хэсгийн баяжуулалтын машинуудыг баяжуулах процесст шаардлагатай агаараар хангадаг хийн үлээгүүрийн машиныг солихоор бэлтгэж байна. Өмнөх машины агаар шахах хүчин чадал нь минутад 400м3 бол одоо 800м3 болж нэмэгдлээ.  Франц улсад үйлдвэрлэсэн, орчин үеийн  хийн үлээгүүрийн машиныг суурилуулснаар цахилгаан эрчим хүч хэмнэхээс гадна баяжуулах процессыг агаараар хангах нөөц ихсэх давуу талтай. Өнгөрсөн жил яг ийм хийн үлээгүүрийн машин суурилуулсан нь амжилттай ажиллаж байна.

-Гурав дахь ажил нь юу вэ?

-Нунтаглан баяжуулах хэсгийн есөн тээрмийг зөөлөн асаах үед сэлгэн залгадаг давтамжийн секцийг бүрэн солихоор төлөвлөж байна. Үүнийг суурилуулж эхэлсэн. Өмнөх секц 20 жил ажиллачихлаа. Техник гацах, тээрэм залгах үед цаг хугацаа алдах, контакт алдсанаас асаалт амжилтгүй болох зэрэг доголдол гарч байгаа болохоор бид сольж байна. Ингэхдээ схемийг өөрчилж байгаа. Найман тээрэм өөр, өөрийн цахилгааны секцээс тэжээгддэг схемээр ажиллаж байгаа. Өмнө нь зөвхөн нэгдүгээр секцээс зөөлөн асаалтын төхөөрөмжөөр тээрмийн сүлжээг залгадаг байсан. Өөр секц дээрх өндөр хүчдэлийн системтэй харьцаж залгагддаг учраас энэ системд хөдөлгүүрийг шилжүүлэх үед алдаа гарах магадлал байсан. Иймээс аваар ослоос урьдчилан сэргийлэх үүднээс нэмэлт тоноглол тавьж байгаа юм. Энэ нь тухайн тээрмийн хөдөлгүүр өөрийн тэжээгддэг секцээсээ залгагдаж байгаагаараа найдвартай, дэвшилтэт ажил юм.

Я.Энхтуяа

Фото: Б.Баттөгс

Бүлэг Ярилцлага

Дэлхий нийтийг хамраад байгаа Covid-19 вирусын халдвараас сэргийлэх үүднээс хилийн “Алтанбулаг” боомтоор орж ирсэн иргэдийг “Эрдэнэт” сувиллын цогцолборт тусгаарлаад байна. Тэдний биеийн байдал, орчин нөхцөл ямар байгаа талаар тус цогцолборын дарга Б.Бат-Эрдэнээс тодруулсан юм. 

-Одоогоор сувилалд хэчнээн хүн тусгаарлагдаад байна?

-Манайд 79 хүн тусгаарлагдсан байснаас тав нь өрхийн эмнэлгийн хяналтад гарсан. Хилийн “Алтанбулаг” боомтоор орж ирсэн хүмүүсийн нэг нь хуурай ханиалгасан учир хойд эмнэлэг рүү шилжүүллээ. Тусгаарлагдсан хүмүүс халуураагүй, биеийн байдал хэвийн байгаа болохоор шинжилгээ авах шаардлагагүй гэж үзсэн.  

-Тусгаарлагдсан хүмүүсийн орчин нөхцөл, хэрэглээ хангалт хэр байгаа вэ?

-Бид нэг удаагийн хэрэглэлээр хангасан. Өөрсдөө ч тусгаарлагдах бэлтгэлтэй ирсэн байна. Эхний үед аль аль талаасаа элдэв юм шаардаад маргаан гарч байсан ч одоо нөхцөл байдалдаа дасаад хэвийн болсон. 

-Нэг өрөөнд хэдүүлээ байгаа вэ?

-Хоёроороо байгаа. Бусад өрөөний хүмүүстэй харьцахгүй. Хүн бүрийн үүрэг, хариуцлага, энд мөрдөх дотоод журам, зааврыг нэг бүрчлэн бичиж хэвлээд хавтсанд хийж өгсөн. Уншиж ойлгоод асуудал үүсгэхгүй байгаа. 

-Хоолны асуудлыг яаж зохицуулж байгаа вэ?

-Манайхан өрөөнүүдийн үүдэнд хоолыг нь тавихад тэд гарч ирж авдаг. Өрөөндөө өөрсдөө аяга тавгаа угааж, ариутгалаа хийдэг. Утсаар байнга мэдээлэл авч байгаа.

-Энд байгаа хүмүүс Эрдэнэтийнх үү?    

-Үгүй. Хилийн “Алтанбулаг” боомтоор орж ирсэн Монгол улсын иргэд. Олонх нь оюутнууд байна. Янз бүрийн улс орноос дамжиж ирсэн хүмүүс байгаа. 

-Хоол, байрны зардал хаанаас гарч байгаа вэ?

-Одоогийн байдлаар Онцгой комиссын шийдвэрээр хоногийн төлбөрийг 50 мянган төгрөгөөр тогтоосон. Иргэд өөрсдөө төлөх болов уу. Онцгой комиссын данс руу ороод Эрдэнэт үйлдвэр рүү шилжүүлэх байх. Одоохондоо төлсөн хүн байхгүй. 

-Эмнэлгийн ажилчид, эмч, сувилагчид, хоол үйлдвэрлэлийнхэн маань өөрсдийгөө хэрхэн хамгаалж байна?

-Гэртээ огт харихгүй, хамт тусгаарлагдсан байгаа. Одоогийн байдлаар манай хоёр эмч, хоёр сувилагч, хоол зөөгч гурван ажилтан, цэвэрлэгээний гурван үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй тусгаарлагдаад ээлжээр ажиллаж байна.

-Тэд 14 хоног гэртээ харихгүй ажиллахаар цалинд өөрчлөлт орох уу?

-Онцгой байдлын журмын дагуу тушаал гарч, цалин бодогдоод нэмэгдэл хөлс аваад явна.

-Ер нь “Эрдэнэт” сувиллын цогцолбор онцгой дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлын үед ямар зохион байгуулалтаар ажиллаж байна вэ?

-Манайх өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа. Автобусанд ажилчдын халуун үзэж, үйлдвэрийн бүтцийн нэгжийн бүх цех, хэсэг дээр өдрийн цагаар ээлжээр ажиллаж байна. Мөн Спорт цогцолбороос 10, Соёл, урлагийн цогцолбороос хоёр хүн дайчилгаанд ажиллаж байгаа.

-Корона вирус илэрлээ гэхэд манай бэлтгэл бэлэн байдал бүрэн хангагдсан уу?

-Бэлэн байдлыг бүрэн хангасан. Хүчил төрөгчийн аппарат, тоног төхөөрөмж, нэг удаагийн хамгаалах хэрэгслүүд, эм, тариа гээд бүгд нийлүүлэгдсэн.

-Баярлалаа.

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

Бүлэг Ярилцлага

Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталсан. Энэ хүрээнд томоохон зургаан төсөл шат дараатай хэрэгжихээр тусгасны нэг нь Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх юм. Уг төслийн бэлтгэл, явц байдлын талаар Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын төслийн удирдагч Н.Бямбадоржоос тодрууллаа.  

-Ил уурхайд авто тээвэр–конвейерын хосолсон систем нэвтрүүлэх төслийн шаардлага, нөхцөл хэрхэн бүрдсэн бэ?

-Монгол Улсын Засгийн газар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг анх удаа тусгайлан авч үзэж, 2019 оны 6 дугаар сард 224 дүгээр тогтоол гаргасан. Энэхүү тогтоолын дагуу Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 262 дугаар тогтоолоор баталсан нь үйлдвэрийн газрын тогтвортой хөгжил, урт хугацааны бодлогыг тодорхойлсон чухал баримт бичиг болсон юм. Хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  алсын хараа, эрхэм зорилго, хөгжлийн 5 бодлогоо нарийвчлан тодотгож, томоохон зургаан төсөл хэрэгжүүлэх ажил эхлээд байна. Эдгээр төслийг хэрэгжүүлсний үр дүнд 1000 гаруй ажлын байр шинээр бий болох боломжтой. Түүнээс гадна хүдэр боловсруулах хүчин чадлыг 35 сая тоннд хүргэх, хүдэр олборлолт, тээвэрлэлтийн өөрийн өртгийг 20 хүртэл хувиар, хүдэр боловсруулалтын өөрийн өртгийг 10 хүртэл хувиар тус тус бууруулж, жилд 20 орчим сая ам.долларын хэмнэлт гарна. Үйлдвэрийн ашигт ажиллагааны түвшин, өрсөлдөх чадвар ч дээшилнэ. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цаашид урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөл бүрдэх юм. Ил уурхайн уулын цул тээвэрлэлтэд мөчлөгт урсгалт тээврийн технологи буюу авто тээвэр – конвейерын хосолсон систем нэвтрүүлэх төсөл өнөөгийн нөхцөл байдалтай уялдаатай хойшлуулшгүй чухал ажил. Манай Ил уурхайн гүн 195 м байна. Цаашид +905 м хүртэл ашиглах тохиолдолд хүдэр олборлолт, уулын цул тээвэрлэлтийн зардал жилээс жилд өснө. Иймд Ерөнхий захирлын тушаалаар Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхийн тулд “түлхүүр гардуулах нөхцөл”-тэй тендерийг 2019 оны 11, 12-р сард хоёр удаа цахимаар зарласан.

-Компаниудын ирүүлсэн материалын иж бүрдэл хангагдаагүй учир хүчингүй болсон гэж дуулдсан. Одоо ажлын явц ямар байна?  

-Тендер шалгаруулалтад FLSmidth компани ABB компанитай хамтарч, мөн Euro Khan LLC /Takraf GmbH/ компани, DMT GmbH компаниуд материалаа ирүүлсэн. Эдгээр компанийн ирүүлсэн материалын иж бүрдэл хангагдаагүй учир хүчингүй болсон нь үнэн. Компаниудын гомдол мэдүүлж байгаагаар цахим тендерийн серверийн саатлаас зарим материалууд бүрэн орж ирээгүй гэсэн нь бидэнд холбогдолгүй юм. Нэгэнт тендер хоёр удаа зарлагдаад хүчингүй болсон болохоор “Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх” төслийн ажлыг гүйцэтгэж чадах туршлагатай, техник, хүн хүчний хувьд бололцоотой, санхүүгийн чадавхтай, өөрийн инженерингийн багтай үйлдвэрлэгч компаниудыг судалсан. Үүний үндсэн дээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шаардлагыг хангасан, хамгийн сайн үнэлэгдэх санал гаргасан хуулийн этгээдийг сонгон хэлэлцээ хийж, гэрээ байгуулахын тулд Ерөнхий захирлын 2020 оны А/36 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийн даргаар Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, нарийн бичгээр Ерөнхий уурхайчин П.Түвшинжаргал нар томилогдон ажиллаж байна. Одоогийн байдлаар хэд хэдэн компани танилцуулга хийх, төслийг хэрэгжүүлэх ажилд оролцохоор саналаа ирүүлсэн ч Covid-19 вирусын халдварын үед үүссэн нөхцөл байдлаас болоод энэ төслийн ажлыг хэрэгжүүлэх үйл явц тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна. 

-Баярлалаа.

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

Бүлэг Ярилцлага

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан, улсаас авч буй арга хэмжээгээ олон нийтэд танилцууллаа. Үүнд,  

1.Иргэд, аж ахуй нэгжийн НДШ-ийг 2020 оны 04/01-10/01 буюу 6 сарын хугацаатай бүрэн чөлөөлж тэглэлээ.

2.Иргэдийн цалин хөлсний 10 хувийн татварыг 2020 оны 04/01-10/01 буюу 6 сарын хугацаатай тэглэлээ.

3. 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг 2020 оны 04/01-10/01 буюу 6 сарын хугацаанд орлогын албан татвараас бүрэн чөлөөллөө.

4. Шинэ коронавирусын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрд сар бүр 200,000 төгрөгийг 3 сарын хугацаанд олгоно.

5. Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчдаас ноолуур худалдан авахад зориулан 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 3 хувийн хүүтэйгээр үйлдвэрлэгчдэд олгоно.

6. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор 18 хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр 10 мянган төгрөгийг 3 сарын хугацаанд боловсролын салбарын хэмнэгдсэн зардлаас олгоно.

7. Нефтийн ханш дэлхийн зах зээл дээр буурсантай холбогдуулан бензиний үнийг хямгадахдаа 04-р сарын 15-наас 300 төгрөгөөр бууруулна хэмээн мэдэгдлээ.

Төгссөн сургууль:

Монгол Улсын Их сургууль, Удирдлагын хөгжлийн институт

Мэргэжил:

Математикч, удирдлагын арга зүйч, зохион байгуулагч

Ажилласан туршлага:

Ардын банкны /хуучнаар/ 524-р салбарт нябо, эдийн засагч, Улсын Төв номын санд програмист, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны “Гоо марал” сэтгүүлийн газар сэтгүүлч, Орхон аймгийн Холбооны газар гэрээний мэргэжилтэн инженер, 2015 оноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Аж ахуй, үйлчилгээний цехийн үйлчилгээний II хэсгийн мастераар ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

МУИС-ийн ОАСС-ийн англи хэлний сургалт, нябо бүртгэлийн мэргэшүүлэх сургалт, аймаг нийслэлийн нийтлэг үйлчилгээний ажилтнуудын сургалтыг дүүргэсэн.

Чин хүсэл:

Төгс зүйл гэж байдаггүй ч ажлын байрны орчныг төгс байлгахад гойд анхаарч, Монгол Улсын хэмжээнд анх удаа, зөвхөн Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлэх “Ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээний ерөнхий стандарт шаардлага”-ыг тэрээр боловсруулсан. Ажлын өрөөг аль хэсгээс нь эхэлж цэвэрлэх, юуг ямар алчуураар арчих, яавал эмх цэгцтэй бөгөөд түргэн шуурхай ажил хөнгөвчлөх вэ, гэсэн нарийн дэг жаягтай энэхүү стандартыг хэрэгжүүлэгч нь Эрдэнэт үйлдвэрийн Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олон юм. Аливаад өөрөөрөө үлгэрлэхийг хичээж ирсэн түүний уйгагүй зан, шинэлэг сэтгэлгээ энэ том үйлдвэрийн цэвэр тохилог орчныг бүрдүүлэхэд үнэтэй хөрөнгө оруулалт байсаар байх болно.

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

-Өглөө сэрээд эрүүл мэндээ анхаарах үүднээс хамгийн түрүүнд нэг аяга хужиртай ус уудаг. Гэгээн сайхан өглөө болгоныг өөдрөг бодлоор эхэлж, өөртөө болон эргэн тойрны хүмүүстээ аз жаргал бэлэглэх сэн гэж хүсдэг.Би саяхан “Өглөө ажилдаа ирэхэд өрөөг маань гоё цэвэрхэн байлгадаг захиргааны эгчдээ баярлалаа. Гарын бэлгээ өгнө өө. Их ч бай, бага ч бай хүний хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй” гэсэн маш гоё пост уншиж, бичсэн хүнийг нь ямар ухаантай, мундаг залуу вэ гэж бахархаж байлаа. Хүн болгон энэ залуу шиг ухаалаг, гэгээлэг байж, бидний хоёр дахь гэр болсон ажлын байрыг тав тухтай, цэвэр тохилог байлгаж, сайхан орчин бүрдүүлэх гэж хичээдэг хамт олны маань хөдөлмөрийг хүндэтгэж, өөрсдийнхөө ээж шиг, эгч шиг хайрлаж хүндэлж харьцаасай гэж хүсэж байна.

-Таны амьдралын сэргээш юу вэ? Хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Сайхан гэр бүл, сайн найз нөхөд, эрч хүчтэй, ажилсаг хамт олонтойгоо бужигнах л аз жаргал  шүү дээ. Төрсөн нутагтаа, байгалийн сайханд аялах дуртай. Мөн түүхэн болон алдартнуудын амжилтад хүрсэн тухай ном уншиж, түүнээсээ маш их кайф авдаг.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-Бага, залуудаа багш нараасаа болон ном, сониноос “Мэргэжил бүхэн сайхан” гэж маш их сонсдог байсан ч тухайлан гүнзгий боддоггүй байж. Өнөөдөр хамт олноо хараад, ямар ч ажилд ур чадвар, арга зүй, мэдлэг мэргэшил, хариуцлага, хамгийн чухал нь ажилд хандах хандлага, сэтгэл ямар чухал байдгийг ойлгосон. Бидний ажил бол ерөнхий Захиргааны байрны албан хаагч нарын албан ажлаа явуулах цэвэр тохилог орчныг бүрдүүлэх, үйлдвэрийн нүүр царай болсон төв байрны өнгө үзэмж, гадна, дотор тохижилт, засварыг санаачилж хийх, сантехник, цахилгааны хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, жижүүр, угтах үйлчилгээг өндөр түвшинд ажиллуулахын тулд бүхий л хүч чадлаа дайчлан ажилладаг. Хошигнож хэлбэл, энэ том байрны эзэгтэйн үүргийг гүйцэтгэдэг гэж болно шүү.

-Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?

-Аливаа ажлыг хийх арга барил, дарааллыг тогтоож өгсөн стандарт заавал байх ёстой учраас 2017 оноос эхлэн “Ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээ, ерөнхий шаардлага”-ыг боловсруулсан. Цехийн удирдлагууд болон Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын сургалтын төвтэй хамтран 2018 онд өөрийн цехэд, 2019 онд нийгмийн цехүүдэд стандартаа амжилттай туршин, хэрэгжүүлж байна. Цаашид үйлдвэрийн хэмжээнд ажиллаж буй цэвэрлэгээ үйлчилгээний 300 гаруй ажилтныг сургалтад хамруулж, мэргэжлийн үнэмлэх олгох, цэвэрлэгээ үйлчилгээний стандартыг нэвтрүүлж, ажлын чанар, үр бүтээмжийг дээшлүүлэхээр хамт олноороо зорилт тавин ажиллаж байна.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ?

-Завгүй ажилладаг ч илүү их уншиж, цаг үеийн мэдээллээс хоцрохгүйг хичээдэг.

-Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач? Таны хобби, сонирхол юу вэ?

-Сүүлийн 2 жил иогоор хичээллэж, эрүүл мэнд, дархлаагаа дэмжиж байна. Оюутан байхаасаа урт удаан нас, амар амгалан амьдралыг бэлгэдсэн заан цуглуулж эхэлсэн. Мөн хүүхэд байхаас өөрт суусан, ном унших хоббигоо гээлгүй өнөөг хүрчээ. Телевиз үзэх, сошиал мэдээнээс илүүтэй, зав л олдвол ном уншдаг.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

-Ээжийнхээ “Хүн ЗӨВ л байх ёстой. Зөв амьдарч, хүнд чадлаараа тусалж, зөв явсан хүнийг бурхан дандаа шагнадаг” гэж хэлсэн үгийг одоо ч амьдралдаа байнга санаж, зөв явах сан гэж хичээдэг дээ.

-Залуу үеийнхэнд хандан юу хэлэх вэ?

-Хамтын гэрээгээр ч бай, сонгон шалгаруулалтаар ч бай Эрдэнэт үйлдвэр гэдэг том айлын хаалгаар ороод ирсэн л бол ажлаа чин сэтгэлээсээ хийх, хандлагаа өөрчлөх, байнга алсыг харж, өөрийгөө хөгжүүлэхийн тулд уйгагүй, хичээнгүй байгаарай гэж хэлмээр байна.

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог