• Аюул эрсдэлийг мэдээлэх “Мэдээллийн хаалгач” аппликейшн нэвтрүүллээ

    Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн ажилтнуудын санаачилгаар аюул эрсдэлийг мэдээлэх технологийн шинэ дэвшил үйлдвэрийн хэмжээнд нэвтэрч байна. Энэ нь ХАБЭА болон Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн инженер техникийн ажилтнуудын хамтран бүтээсэн аюул эрсдэлийг мэдээлэх зориулалт бүхий шинэ аппликейшн юм. Шинэ аппликейшн “Мэдээллийн хаалгач” нэртэй.  Орчин үеийн мэдээлэл, технологийн хөгжилтэй уялдуулан андройд гар утасны хэрэглэгч ажилтан бүр ашиглах боломжтой энэхүү аппликейшныг тус цехийн ажилтнууд өөрсдийн бүтээлч ажлын хүрээнд санаачлан, төсөл боловсруулж өнгөрсөн оны сүүлээс туршиж эхэлжээ. Туршилт амжилттай болсноор ийнхүү үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдлын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжтой болсныг төслийн санаачлагчдын нэг, ХАБЭА-н инженер Л.Энхжаргал хэллээ.   Эрдэнэт үйлдвэрт аюул эрсдэлийг мэдээлэх 71300 дугаарын телефон утас ажиллаж, ажилчдын зүгээс ирүүлсэн ажлын байрны болон бусад болзошгүй осол аваарын мэдээллийг бүртгэж авдаг. Өнгөрсөн жилийн хугацаанд л гэхэд дээрх дугаарт 1000 орчим дуудлага, мэдээлэл ирсэн байна. Эдгээрийг баримтжуулж үлдээхийн зэрэгцээ мэдээлэл авах үйл явцыг илүү хялбарчлан, боловсронгуй болгох, олон ажилтныг хамруулах зорилгоор  шинэ аппликейшныг бүтээх санааг гаргажээ. Ажилтнуудын саналын оролцоог нэмэгдүүлэх, аюул эрсдэлийг мэдээлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүртээмжтэй болгоход “Мэдээллийн хаалгач” аппликейшны ач холбогдол оршиж байна. ХАБЭА-н хэлтсээс тус аппликейшныг өнгөрсөн долоо хоногт нэвтрүүлж эхэлсэн бөгөөд үйлдвэрийн ажилтнуудад мэдээлэл хүргэх зорилгоор ашиглах заавар бүхий сурталчилгааны самбаруудыг цех нэгжүүдийн ажлын байранд байршуулжээ. Мөн аппликейшн ашигласнаар ямар үр дүнд хүрч байгааг дүгнэх, эргэх холбоог сайжруулах зорилгоор сургалт мэдээллийн ажлыг зохион байгуулж байна.     Ухаалаг гар утсанд суурилагдсан “Мэдээллийн хаалгач” аппликейшныг зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн ажилтан ашиглана. Гар утсандаа “Мэдээллийн хаалгач” аппликейшныг татаж суулган, ажилтны бүртгэлийн болон регистрийн дугаарын сүүлийн дөрвөн орныг оруулснаар аюул эрсдэлийн мэдээллээ бичиж, зургийн хамт илгээх боломжтой болох юм байна. М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • Хаягдлын аж ахуйн цагаан тоосыг 4-5 арга хослуулан дарж байна

    Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүссэн технологийн хаягдал болох цагаан тоосны дэгдэлтийг бууруулахаар хамгийн оновчтой буюу туршилт хийгдсэн 4-5 аргыг Хаягдлын аж ахуйд хэрэгжүүлж байна. Ингэхдээ Хаягдлын аж ахуйн хуурайшилттай 800 га талбайн 573 га-г флокулянтаар, 3.2 га-г кальцийн хлорид агуулсан урвалжаар, 1 га-г хар шороон холимог усаар, 5 га-г хар шороон хөрсөөр хучжээ. Цагаан тоос дарах ажлын алба өнгөрсөн зургаадугаар сард байгуулагдсан бөгөөд тус алба дээрх ажлыг гүйцэтгэж, Автотээврийн цех шаардлагатай техник хэрэгслээр хангаад байгаа юм. Цагаан тоос үүсгэгч талбайд тусгай зориулалтын техник ашиглахын тулд гадаргуу дээр хар шороон зам тавих шаардлагатай хэмээн үзэж, 2 км орчим газарт зам тавих ажил үргэлжилж байна. Ажлын явцын талаар, Цагаан тоос дарах ажлын албаны тэргүүлэх инженер Л.Одонтунгалаг, “Манай алба жолооч, инженер, оператор гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хүн хүчний хувьд хангалттай гэж үзэж болно. Бид батлагдсан төлөвлөгөөний дагуу тохирох аргаар хучилт хийж байгаа. Шинээр ирсэн техникийн хувьд бүтээмж өндөр байна. Хар шороон хөрсөөр дардаг байсан хуучны аргаа илүү сайжруулж, талбайн хэсэгчилсэн бүсэд тохирох аргыг хэрэглэх боломж бүрдлээ. Одоо өвөл зунгүй ажиллах боломжтой болсон” хэмээн тайлбарлалаа. Ирэх есдүгээр сарын нэгнээс зуны хаялтыг өвлийн хаялт руу шилжүүлэхтэй холбогдуулан хаягдал булингад флокулянт урвалж холих ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр зуны хаялтын нийт талбайн 500-600 га-г флокулянтаар хучиж, ирэх хавар үр дүнг нь үзнэ гэдгээ албаныхан хэллээ. Захиалгын дагуу хоёр талдаа шүршигч шинэ техник үйлдвэрийн Тээвэр, ложистикийн төвд ирсэн бөгөөд хөтлөгч техник ирсний дараа Хаягдлын талбайд ашиглахаар болоод байна. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Оёдлын цехийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

    Эрдэнэт үйлдвэрийн дэргэд охин компанийн зохион байгуулалттай ажиллаж байсан “Эрд Сүлж” ХХК өнгөрсөн сараас шинэ бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Оёдлын цех болон ажиллаж байна. Бүтцийн нэгж болсноор үйлдвэрийн үйл ажиллагаатай уялдуулан төлөвлөгөө нормоо баримтлан ажиллаж байгааг цехийн Зөөлөн оёдлын цехийн мастер Э.Уянга ярилаа. Тухайлбал, тус цех наймдугаар сард 600 ширхэг ажлын хувцас, 280 ширхэг фудволк үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Мөн “топ менежер”-ийн ангиллын ажлын хувцсыг ХАБЭА-н даргын шийдвэрээр үйлдвэрлэж байгаа аж. Оёдлын цехийнхэн үйлдвэрийн ажилчдын 10 гаруй төрлийн ажлын хувцас үйлдвэрлэхийн зэрэгцээ гаднын байгууллага, хувь хүмүүсийн захиалга авч үйлчилдэг. Эрдэнэт хотын хэмжээнд ажиллах хүч болон тоног төхөөрөмжийн нөөц, хүчин чадлын хувьд томоохонд тооцогддогийн хувьд захиалга ихтэй, ачаалалтай ажилладаг байна. Саяхан, Ил уурхайд нийтийн хоолны “Сэлэнгэ” катеринг нээгдсэнтэй  холбоотойгоор тэнд ажиллаж буй 50 гаруй ажилтны ажлын хувцсыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын түвшинд үйлдвэрлэх болсон байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн гэрээт байгууллагууд болох “Си Ай Си”, “Эрдэнэт лайт” зэрэг компанийн ажилчдын ажлын хувцасны захиалга нэмэгджээ.   Оёдлын цех нь  “Эрд Сүлж” ХХК-ийн зохион байгуулалттай ажиллаж байх үед жилд ойролцоогоор 1.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол техник тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдсэнээр энэ тоо өссөн байна. Тухайлбал, 3 орчим тэрбум төгрөгийн баяжмалын уут, 1.5-1.7 тэрбум төгрөгийн ажлын хувцас үйлдвэрлэх гэрээ байгуулан, төлөвлөгөөг биелүүлэн ажиллаж байна. Цаашид бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээг нэмэгдүүлэх, бүрэн хүчин чадлаараа тасралтгүй ажиллах зорилт тавьж буйгаа тус цехийн Үйлдвэр технологийн албаны дарга П.Золзаяа онцоллоо.    М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
Мэдээ

   Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгж бүрд аюул ослыг илрүүлэх, мэдээлэх, эрсдэлийг бууруулж, арилгах чиглэлээр хэн яаж оролцож байгааг мэдээлэх үүрэг бүхий сайн дурын 153 мэдээллийн хаалгач ажилладаг. ХАБЭА-н хэлтсээс мэдээллийн хаалгач нарыг дэмжин урамшуулах, тэдний мэдлэгийг тэлэх, сургалтын таатай орчинд багаар ажиллах арга техник эзэмшүүлэх зорилгоор 20 залууг сонгон, ӨМӨЗО-ны Манжуур хотноо аялангаа суралцах хөтөлбөрт хамруулаад иржээ.
   “Ажлын байранд мэдээ мэдээллийг түгээх арга” сэдэвт тус сургалтаар ХАБЭА-н холбогдолтой мэдээ мэдээллийг хэрхэн хялбарчилж, утгыг алдагдуулалгүйгээр үнэн зөв хүргэх, дүрэм журмыг хурдан ойлгох арга техникт суралцсан байна. Аялангаа суралцах нь оролцогчдыг идэвхжүүлж, илүү санаачилгатай, урам зоригтой болгосон талаар хөтөлбөрийн ахлагч, ХАБЭА-н хэлтсийн Сайжруулалтын мэргэжилтэн Л.Батгэрэл хэлж байсан. Арга техник эзэмшүүлэх нь нэг удаагийн сургалтаар хийгдэх ажил биш тул он дуустал системтэй мэдлэг олгохоор төлөвлөжээ. Мэдээллийн хаалгач нар сурсан мэдсэнээ үйлдвэрийн 16 нэгжид туршин, хэрэгжүүлнэ.  

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс зохион байгуулсан “ХАБ ба үйлдвэрлэлийн гоо зүй” сэдэвт аян гурван сарын турш үргэлжилж, шилдгүүдээ тодрууллаа. Оролцогч 21 цех, нэгжийн ажлыг зургаан үзүүлэлтээр дүгнэхэд Баяжуулах үйлдвэр манлайлж, Засвар механикийн завод, Үйлчилгээ, аж ахуйн цех тус тус удаалж, тусгай байрт Засвар угсралтын цех, Тээвэр ложистикийн төв шалгарсан байна.
   Аяны хүрээнд Баяжуулах үйлдвэрийн хамт олон ажлын байран дахь аюул ослыг бууруулахад онцгой анхаарч, нөлөөт толь суурилуулан, бутлан тээвэрлэх хэсэгт зүг чиг заагч тэмдэг байрлуулах зэрэг хэд хэдэн ажил хэрэгжүүлснээр тэргүүн байр эзэлжээ. Харин Засвар механикийн завод ажлын байр болон автобусны зогсоолоо шинэчлэн сайжруулж, бага эмчийн өрөөг орчин үеийн эмнэлгийн стандартад нийцүүлэн тохижуулжээ. Гоо зүйн аяны хүрээнд нурууны массажны аппараттай болсон нь ихээхэн үр дүнтэй ажил болсныг заводынхон онцолж байна. ХАБЭА-н хэлтсээс улирал тутам аян хэрэгжүүлэхээр төлөвлөн, хоёр дахь аяны хаалтаа хийж байгаа нь энэ юм.
   Мөн өнөөдөр ХАБЭА-н хэлтэс сарын зөвлөгөөнөө зохион байгуулж, цех, нэгжүүдийн хэмжээнд хийж хэрэгжүүлэх ажлууд болон тулгамдсан асуудлууд дээр санал солилцлоо. Сар бүрийн эхний долоо хоногт болдог тус зөвлөгөөний үр дүнг шийдвэрлэх түвшинд танилцуулан, уламжилдаг. ХАБЭА-н хэлтсийнхэн наймдугаар сарыг “Зохион байгуулсан ажлуудаа дүгнэх сар” хэмээн тодотголоо. 

  

  

  

  

 

  

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Пүрэв, 08 8-р сар 2019 00:00

Аюулгүй ажиллагчид шалгарлаа

   Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Эрдэнэт үйлдвэрийн эрсдэлийн удирдлагын эдийн засгийн үнэлгээний тухай журам, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үнэлгээний комиссын шийдвэр болон бүтцийн нэгжүүдийн 2019 оны хоёрдугаар улирлын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажлын үр дүнгээр хэсэг тус бүрээс Баяжуулах үйлдвэр, Дулааны цахилгаан станц, Чанарын хяналтын хэлтэс, “Эрдэнэт” сувиллын цогцолборууд бусад цех нэгжүүдээ манлайллаа.
   Энэ тухай мэдээллийг өнөөдөр болсон ХАБЭА-н сарын зөвлөгөөний үеэр танилцуулсан юм. Зөвлөгөөний үеэр Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцож, аюул эрсдэлийг илрүүлэн мэдээлсэн, үр ашигтай санал дэвшүүлсэн ажилчдыг “Аюулгүй ажиллагч”-аар шалгарууллаа.
   2019 оны  хоёрдугаар улиралд  “Аюулгүй ажиллагч”-ийн жагсаалтад 27 ажилчин анх удаа бүртгэгдэн, дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа. Харин “Аюулгүй ажиллагч”-аар хоёр дахь удаагаа бүртгэгдсэн 14 ажилтан үйлдвэрийн газрын удирдах бүрэлдэхүүнтэй хүлээн авалт, ярилцлагад оролцож санал бодлоо солилцох бол “Аюулгүй ажиллагч”-аар гурав дахь удаа бүртгэгдсэн 14 ажилтныг журмын дагуу мөнгөн шагналаар шагналаа. Аюулгүй ЗӨВ ажиллацгаая.   

   А.Бямбамаа
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Зургийн цомог