• Хүч, хөрөнгө, цаг зав зарцуулсан цагаан тоос дарах ажил үр дүнтэй байна

    Хаврын улаан шороо тэнгэрт хуйсганасан энэ өдөр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн хамтарсан ажлын хэсэг үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн талбайд очиж, цагаан тоосны дэгдэлтийг бууруулах чиглэлээр хийсэн ажлынхаа үр дүнг шалгалаа. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн хамтын ажиллагааны хүрээнд “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг боловсруулж, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид баталсан. Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн 2098 га талбайн 1437 га нь хуурай бөгөөд үлдсэн га талбай нь цагаан тоос дэгддэг идэвхтэй бүсээр нэрлэгддэг. Улмаар цагаан тоосны туршилтыг бодитоор хэрэгжүүлэх ажил өнгөрсөн намраас эхэлж, Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоосны алба өвлөөс урьтан нийт талбайн 80 хувийг 3 төрлийн аргаар даржээ.   Хавар, намрын улиралд хуурайшилтаас үүдэн дэгддэг цагаан тоос өнөөдрийн шалгалтын явцад дэгдээгүй гэж албаныхан дүгнэлээ. Орхон аймгийн БОАЖГ-ын дарга С.Жаргалсайхан, “Аймгийн ИТХ-ын даргын үүрэг даалгавраар бид өнөөдөр цагаан тоосны бүсэд ажиллалаа. Улаантолгой талаас хаврын шороо боссон байна. Цагаан тоосны дэгдэлт арай өөр харагддаг. Бодит үр дүн харагдаж байна” хэмээсэн. Харин үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, тодорхой хугацаанд хүч, хөрөнгө, цаг зав зарцуулсан ажлаа үр дүнтэй болсныг харлаа. Үр дүнг шалгадаг үе нь хуурайшилттай, тоостой хаврын улирал байдаг. Цаашид Хаягдлын аж ахуйн дутуу орхигдсон талбайг гүйцээж дарах ажлыг зохион байгуулна гэв. Хур багатай, хуурайшилт ихтэй энэ үед ч цагаан тоосны бүсэд амьдарч байгаа иргэдийн ая тухтай байдлыг хангахаар  Цагаан тоосны албаныхан ажилласаар байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, цех, нэгжийн удирдлагууд цаг үеийн мэдээлэл хийлээ. ХАБЭА-н хэлтсээс зорилтот болон ээлжит бус шалгалт зохион байгуулж, ажилчдад шаардлагатай зөвлөмж зөвлөгөөг хүргэн ажиллажээ. Тус хэлтэс өнгөрсөн долоо хоногт бүх нийтийн их цэвэрлэгээнд үйлдвэрийн цех нэгжийг хамруулсан, коронавирусээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулсан, үйлдвэрийн бүсэд халуун хоолны үйлчилгээ үзүүлж байгаа “Хаан хүнс катеринг”-ийн үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, нэг сая төгрөгийн торгууль ногдуулсан тухай мэдээллээ. Мөн энэ долоо хоногоос эхлэн үйлдвэрийн дүүрэгт орж, гарч байгаа ажилчдын сахилга хариуцлагыг дээшлүүлж, цаг ашиглалтыг сайжруулахад хяналт тавин ажиллахаар болжээ. Үйлдвэрлэлийн хэлтэс намар, өвлийн ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлээ гаргаж, хавар, зуны бэлтгэл ажлын төлөвлөгөөг батлуулахад бэлтгэсэн бөгөөд сарын эхний 5 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт сайн гарчээ. Ил уурхайд токарийн машин шинээр суурилуулахаар бэлтгэж байгаа бол Автотээврийн цех ажилчдын автобусанд өдөрт 3 удаа ариутгал халдваргүйтгэлийн ажил зохион байгуулж, Баяжуулах үйлдвэр зардал бууруулах чиглэлээр ажлууд хийж байгаа талаар тус тус мэдээллээ. Засвар механикийн заводод технологийн процесс хэвийн явагдаж, Цутгуурын цехийн шинэчлэлийн ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус цех хямралын эсрэг төлөвлөгөөнд 50 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Харин Худалдан авах ажиллагааны хэлтэс он гарсаар 130-аад тендер зарлаж, төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршуулаад байна. Үйлдвэрийн газрын хэмжээнд коронавирусээс урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан, Төв штаб байгуулан ажиллаж байгаа талаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар мэдээлж, Техникийн хэлтсийн орлогч даргаар Батболдын Баттогтохыг томилсон тухай тушаалыг танилцууллаа. Эрдэнэт үйлдвэр 2019 онд “Байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт”-ийн улсын үзлэгт тэргүүн байр эзэлж, батламжаа гардан авчээ.    Өнгөрсөн 3 жилд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой төр засгийн 5 тогтоол, шийдвэр, ТӨБЗГ-ын 4 тогтоол, Ерөнхий захирлын 11 тушаал гарчээ. Үйлдвэрийн газрын удирдлагууд 2017-2019 оны ажлын үр дүнгээ тайлагнасан 1095 хоногийн ажлын тайлан гаргасан бөгөөд дүн шинжилгээгээр ажлын үзүүлэлт сайн байгаа ч илүү бүтээмжтэй, шинэ арга барилаар ажиллах шаардлага тулгарч байгааг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн санууллаа. Эрдэнэт үйлдвэр энэ онд уурхайчдад зориулсан “Уурхайчин 1, 2, 3” орон сууцны хорооллын барилгын ажлыг дуусгаж, орон нутагтай хамтын ажиллагааны хүрээнд 1А хорооллын дэд бүтцийг шийдвэрлэхэд 12,5 тэрбум төгрөг шийдвэрлээд байна. ЗМЗ-ын Цутгуурын цехийн шинэчлэлийн ажлыг 5 дугаар сарын 1 буюу төлөвлөгөөт хугацаанд нь дуусгахад анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан үйлдвэрийн их зогсолтыг нэг сараар хойшлуулж байгаа бөгөөд энэ хугацаанд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд хугацаандаа хийгдэх ёстойг удирдлагууд анхаарууллаа. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс  Дэлгэрэнгүй...
  • Ажилтны сахилга бат, цаг ашиглалтыг сайжруулахад ХАБЭА-н хэлтэс хяналт тавин ажиллана

    Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулахын зэрэгцээ ажилтны сахилга бат, цаг ашиглалтыг сайжруулахад хяналт тавих үүрэг чиглэл авчээ. Үйлдвэрийн хэмжээнд мөрдөх цаг ашиглалтын талаар “Анхааруулга” бэлтгэн, шалган нэвтрүүлэх 1, 2-р байранд байршуулсан тухай ХАБ-ын албаны дарга Х.Эрдэнэбат мэдээллээ. Үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын баталсан дотоод журмын дагуу хэсэг, албадын дарга нар тухайн ажилтанд нэг хүртэл өдрийн чөлөө олгох эрхтэй бөгөөд чөлөөний хуудсыг тухайн өдрийн цагийн бүртгэлийн программтай тулгах зарчмаар хяналт тавин ажиллах юм. Тиймээс нийт ажилтнууд шаардлагатай тохиолдолд чөлөөний хуудас бичүүлэх, гарахдаа цаг бүртгэлийн машинд үнэмлэхээ заавал уншуулах хэрэгтэйг санууллаа.   И.Чинтогтох Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • “Эрдэнэт” сувиллын цогцолборын ажиглалтын байранд тусгаарлагдсан иргэдийн хоёр дахь ээлжийг гаргаж, гэрийн хяналтад шилжүүллээ

    Эрдэнэт үйлдвэрийн “Эрдэнэт” сувиллын цогцолборын ажиглалтын байранд өнгөрсөн 3 дугаар сарын 22, 23, 25-ны өдрүүдэд тус тус ирсэн нийт 97 иргэнийг  байрлуулж,  “ковид-19” халдварын тандалтад хамруулсан юм. Эдгээр иргэдийн 7 нь Орхон аймгийн харьяат бол ихэнх нь ОХУ болон бусад орнуудаас дамжиж ирсэн Улаанбаатар хот, Хиагт зэрэг хилийн боомт, Булган аймгийн иргэд байв. Өчигдөр буюу 4 дүгээр сарын 5-нд 14 хоногийн тандах дэглэм дууссанаар эхний ээлжийн 44 иргэнийг гаргаж, гэрийн хяналтад явуулжээ. Харин өнөөдөр хоёр дахь ээлжийн 34 иргэнийг гаргаж, үргэлжлүүлэн 14 хоногийн гэрийн хяналтад шилжүүллээ. Ажиглалтын байрнаас гаргах зохион байгуулалтыг Орхон аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Авто тээврийн төв, “Эрдэнэт” сувиллын цогцолбор зэрэг мэргэжлийн байгууллагуудын 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэж байна. Иргэдийг гаргахдаа гэрийн хяналтад ямар горим дэглэм баримтлах, хэрхэн өөрийгөө хянах зэргийг тусгайлан зөвлөж, зааварчилгаа өгчээ. Мөн аюулгүй байдлыг хангах үүднээс “Эрдэнэт” сувиллын цогцолбороос Хөшөөтийн даваа хүртэл цагдаагийн хамгаалалт дор дагаж байгаа аж. Зохион байгуулалтын ажлын явц, хүндрэл бэрхшээлийн талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэгээс тодруулахад: “Зарим иргэд төлбөр төлөхийг эсэргүүцэж байгаа нь маш их хүндрэл үүсгэж байна. Бид ажиглалтын байранд байрлаж эхлэх үеэс нь “Хайртай хүмүүсээ хамгаалъя” сэдэвт хууль эрх зүй, эрүүл мэнд, сэтгэл зүйн бүхий л мэдээллийг багтаасан 21 хуудас бүхий зөвлөмжтэй цомог тарааж өгсөн. Тусгаарлалтад байх үеийн хооллолт, дасгал хөдөлгөөн, сэтгэл зүйн байдлаа хэрхэн удирдах тухай зөвлөгөөнөөс гадна санал хүсэлт гаргах, төлбөр төлөх, холбоо барих гээд бүх дэлгэрэнгүй зааврыг ч тэндээс мэдэх боломжтой. Гэтэл зарим нэг хувь хүн иргэнийхээ үүргийг ухамсарлаагүйгээс төлбөр төлөхөөс татгалзаж, эмнэлгийн ажилтнуудыг хэл амаар доромжлох зэргээр зүй бус авирлаж байна. Төрийн байгууллага эрвийх дэрвийхээрээ үүргээ гүйцэтгэж байгаа энэ үед иргэний хариуцлага юу юунаас чухал. Дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрч тархан, өдөр тутам халдварлагсад болон нас барагсдын тоо нэмэгдэж буй энэ цаг үед иргэн бүр өндөр хариуцлага, ухамсартай байж гэмээнэ эрсдэл багатай даван туулна гэдгийг анхааруулмаар байна” гэсэн юм.   Өнөөдрийн байдлаар  ажиглалтын байранд төлбөр төлөөгүй 9 иргэнээс гадна тандалтын хугацаа дуусаагүй 19 хүн үлдэж байна. Ажиглалтын байрны нэг хоногийн төлбөрийн хэмжээ том хүн 50 мянган төгрөг бол хүүхэд 25 мянган төгрөг төлөх юм. Үүнд зарцуулагдах эмнэлгийн үйлчилгээний 7 төрлийн зардлыг Эрдэнэт үйлдвэр гаргаж, төр болон орон нутгийн зүгээс зохицуулалт хийснээр нэг хүнд оногдож буй 130 мянган төгрөгийг 70-80 хувь бууруулан, 50 мянган төгрөг болгон хөнгөлөлт үзүүлжээ.   М.Балжинням Фото: Б.Ялалт Дэлгэрэнгүй...
  • Булган аймагтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

    Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Засаг дарга З.Батзориг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар хамтран ажиллах 2020 оны гэрээг үзэглэлээ. Сүүлийн жилүүдэд Булган аймаг, Эрдэнэт үйлдвэр хоорондын хамтын ажиллагааг тэлснээр бүтээн байгуулалтын ажилд томоохон түлхэц болж байгааг Булган аймгийн Засаг дарга З.Батзориг онцлоод, энэ оны 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Нэгдсэн эмнэлэгт рентген аппарат авах, Тэшиг сумын 120 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга барих ажилд зарцуулахаар болсноо мэдэгдсэн юм.   Эрдэнэт үйлдвэр 40 гаруй жилийн тэртээ Булган аймгийн нутаг дэвсгэр дээр байгуулагдан, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эдүгээ Олон Улсын тавцанд уул уурхайн тэргүүлэх аж ахуйн нэгж болон хөгжиж дэвжсэн. Тиймээс ч анхдагчдын өлгий нутгийг мартах учиргүй, Булганчуудын алс ирээдүйд, хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулалт хийх үүднээс хамтын ажиллагаагаа өргөжүүлж, 2018 онд нэг тэрбум, 2019 онд 500 сая, 2020 онд 700 сая төгрөгөөр хамтран ажиллаж байгааг үйлдвэрийн удирдлага онцлон тэмдэглэлээ. Булган аймаг өнгөрсөн онд хамтын ажиллагааны чиглэлээр шийдвэрлэсэн санхүүжилтийг ЕБС-иудад байгалийн ухааны кабинет байгуулах, биеийн тамирын талбай тохижуулах, төрийн албан хаагчдыг гадаадад сургалтад хамруулах, 4 суманд бүтээн байгуулалт хийхэд дэмжлэг үзүүлжээ.    И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр энэ онд 14.5 тэрбум төгрөгөөр Орхон аймгийн бүтээн байгуулалтыг дэмжин ажиллана

    ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар энэ өдрийн морин цагт Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн 2020 оны хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.         Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, ИТХ-ын тэргүүлэгч Д.Мөнхбат, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал нар оролцлоо.             Үйлдвэр дагаж байгуулагдсан Эрдэнэт хот эдүгээ 104 мянган хүн амтай. Хот, үйлдвэрийн хамтын ажиллагааг бэхжүүлж, бүтээн байгуулалтын ажлуудад бодитой хөрөнгө оруулалт хийсэн сүүлийн 3 жилд төр, хувийн хэвшлийн ойлголцол ахисан шатанд гарч, хүн амын ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд нэг зорилготой ажиллаж байгааг энэ үеэр онцоллоо. Өнгөрсөн оны хамтын ажиллагааны гэрээ 96.4 хувьтай дүгнэгдсэн бөгөөд Эрдэнэт үйлдвэр энэ онд 14.5 тэрбум төгрөгийг орон нутагт шийдвэрлээд байна. Үүний 12.5 тэрбум төгрөгөөр 1А хорооллын инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг шийдвэрлэж, Бурхан багшийн сэрэг дүр болон Найрамдлын өндөрлөг орчмын тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх, 2 тэрбум төгрөгөөр Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт хүрээлэнг барьж байгуулах тухай аймгийн Засаг дарга Д.Батлут танилцууллаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ “Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дэлхийн зах зээл дээр зэсийн ханш унаж, коронавирусын цар тахлаас үүдэн санхүүгийн байдал таагүй байгаа хэдий ч энэхүү хамтын ажиллагааны гэрээг цаг алдалгүй үзэглэж байна. Эрдэнэт үйлдвэр хүний төлөө байгуулагдсан үйлдвэр. Өнөөдөр ч хүний төлөө ажилласаар байна. Бид хямралыг хохирол багатайгаар хамтдаа давж, иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө хичээн ажиллах болно” хэмээсэн.   Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд үр дүнтэй байгааг удирдлагууд онцоллоо. Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйгаас үүдэлтэй цагаан тоосны дэгдэлтийг бууруулах “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр нийт талбайн 80 хувийг дарсан бөгөөд энэ онд усны алдагдлыг бууруулахад хамтран ажиллах чиглэлээр ажлын хэсэг байгуулаад байна.        И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • “Дархлаагаа дэмжье” эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулж байна

    “Эрдэнэт” сувиллын цогцолбор болон үйлдвэрийн ажилчдад халуун хоолны үйлчилгээ үзүүлдэг компаниуд хамтран “ковид-19” халдварын эсрэг “Бүх нийтээрээ дархлаагаа дэмжье” өдөрлөгийг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн өдөрлөгийг “Эрдэнэт” сувиллын цогцолборын хоол зүйч Б.Мөнгөнтуяа санаачлан, цех хариуцсан эмч нар оролцож буй аж. Өдөрлөгөөр дархлаа дэмжих олон төрлийн ундаагаар ажилчдад үйлчлэхийн зэрэгцээ хоолны эрүүл ахуй, халдвар хамгаалал, нэр төрөл, үйлчилгээний чанар, хандлага зэрэг чиглэлээр асуумж судалгаа авч байна. Мөн дархлаа дэмжих уламжлалт арга, шим тэжээллэг хүнс хэрэглэх, булуу чөмгөний ясны ач холбогдол, “Эрүүл мэнд-аз жаргал” гэсэн сэдэвтэй гарын авлага, зөвлөмж тараажээ.     Эхний удаагийн өдөрлөгийн үйл ажиллагааг Засвар механикийн завод, Ган бөөрөнцгийн цех, Төрөл бүрийн маркийн авто машины засварын газрын ажилчдад халуун хоолоор үйлчилдэг “Таятан фүүд” компани зохион байгуулж, дархлаа дэмжих дөрвөн нэр төрлийн амин дэмийн ундаагаар өдрийн ээлжийн 700 гаруй ажилчдад үйлчилсэн байна. Тэгвэл өнөөдөр уг өдөрлөгийг Ерөнхий захиргааны нэгдүгээр байр, Цэвэрлэх байгууламж, Хаягдлын аж ахуйн ажилчдад халуун хоолоор үйлчилдэг “Хаан хүнс” компани зохион байгууллаа. Өдөрлөгт дээрх цехийн 1350 орчим ажилтан хамрагдав. Мөн энэ үеэр гар угаах дадлага сургалт явуулжээ. М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • Тээвэр ложистикийн төвийнхөн “Хорт зуршилгүй хамт олон” болно

    Тээвэр ложистикийн төвийн О.Сувд-Эрдэнэ ахлагчтай “Шинэ санаа” бүтээмж чанарын дугуйлангаас санаачлан “Хорт зуршилгүй хамт олон” аяныг эхлүүлэв. Дэлхий дахинд цар тахлын хэмжээнд хүрч, нийтийг түгшээж буй “ковид-19” халдварын эсрэг тэмцэхийн тулд хүн бүр амьдралын зөв хэвшилтэй байж, дархлаагаа дэмжих үүрэгтэйг аяны зорилго агуулжээ. “Хорт зуршилгүй хамт олон” аяны хүрээнд долоо хоног бүрийн Баасан гаригийг “Тамхигүй өдөр” болгож, архи болон мансууруулах бодисын хор уршгийг таниулах заавар зөвлөмж түгээх юм. Аяны талаар тус цехийн ХАБЭА-н инженер Д.Энхбаатар “Манай цехэд 13 бүтээмж чанарын дугуйлан ажилладаг. Тэдгээрийн нэг “Шинэ санаа” дугуйлангийнхан хувь хүн бүр хорт зуршилтай тэмцэх нэг сарын аяныг санаачилсан. ХАБЭА-н хэлтсээс олон чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг хэсэг нь цехүүдэд өрнөдөг жижиг аян болон тасралтгүй сайжруулалтыг дэмжих ажлууд юм. Бид хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, осол авааргүй ажиллахад илүү төвлөрдөг бол зарим үед ажиллагсдын эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудлыг орхигдуулдаг тал бий. Тиймээс энэ удаа манай ажилтнууд санал бодлоо солилцон, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх алхамд суралцъя гэсэн зорилгод нэгдсэн. Нөгөө талаар, коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийн үед цахим уралдаан тэмцээнд хамрагдаж, хорт зуршлаас салах бүтээлч ажил зохион байгуулахыг зорьж байна” гэж онцлов. Сарын аян 5 сарын 3-ныг хүртэл үргэлжилж, үр дүнгээ дүгнэх аж. Тээвэр ложистикийн төвийн ажилчдын эрүүл мэндийн үзлэг хяналтыг “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч Т.Баярсайхан хариуцан ажилладаг. Тэрээр “Хорт зуршилгүй хамт олон” болох аяны турш ажилчдад эрүүл мэндийн цахим сургалт болон архи тамхины хэрэглээнээс татгалзахын ач тус, зөв дадлыг хэвшүүлэх сэдвээр эмчийн зөвлөгөө өгөх аж. Өнгөрсөн жил тус цехийнхэн хөдөлгөөний хомсдолоос сэргийлж, илүүдэл жинтэй тэмцэх зорилгоор “Эрүүл мэндийн замаар алхъя” аяныг зохион байгуулсан нь үр дүнтэй болжээ.   М.Балжинням   Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийнхэнд аюулт өвчнөөс хамгаалах “Нагбу гужор” эмийн үрэл бэлэглэлээ

    Өнгөрсөн оны сүүлчээр Хятад улсад анхны тохиолдлууд нь илэрч, өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрээд буй корона вирус буюу “ковид-19” халдварын тархалттай хүн төрөлхтөн олон хэлбэрээр тэмцэж байна. “Ковид-19” өвчнөөс урьдчилан сэргийлж, хамгаалах чиглэлээр Улсын онцгой комиссын шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэрэгжүүлэн, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Өнөөдөр тус үйлдвэрийн уурхайчдад “Срайдорж Номунхан” сангаас аюулт өвчнөөс хамгаалах “Нагбу гужор” буюу “Есөн харын найрлага” эмийн үрлийн дээжээс гардуулж өглөө. Тодруулбал, есөн чухал эмийн найрлагаас бүтсэн 2600 ширхэг үрлийг Срайдорж Номунхан Лувсандамбийжалцан хувилгаан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярт гардуулав. Срайдорж Номунхан сан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, эхний ээлжинд тус үйлдвэрийн нийт ажилтны 40 хувьд нь энэхүү эмийн үрлийг бэлэглэж буйгаа энэ үеэр онцоллоо. Өөрсдийн мэдлэг чадвараа ашиглан хүний төлөө буяны ариун үйлс хийж буй Срайдорж Номунхан сангийнханд уурхайчдынхаа өмнөөс талархаж буйгаа  Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр илэрхийлсэн.    Нагбу гүжор буюу “Есөн харын найрлага” үрлийн учир, зориулалтын тухайд Срайдорж Номунхан Лувсандамбийжалцан гэгээнтнээс тодруулахад ”Нагбу гүжор буюу “Есөн харын найрлага” үрэл бол халдварт догшин өвчин, ялангуяа гэдэс дотрын өвчин, ад донгийн өвчин, лусын хорлол зэргийг амарлиулах, дарах тухайд 300 гаруй жилийн өмнө анх зохиогдож, бий болсон юм. Энэ үрэл нь өнөөгийн дэлхий нийтэд үүсээд буй хүнд цаг үед сүсэгтэн иргэд зүүж хэрэглэснээр амьсгалын замын болон нялхсын, таван цулын гээд бусад олон халдварт өвчнөөс амарлих нигууртай. Гол нь сүсэгтэн олон маань чин үнэн сэтгэлээр сүжиглэж, биширч зүүвэл үр дүнгээ өгнө. Зөвхөн гадна талаас үрэл зүүгээд дотоод бие, хэл, сэтгэл гурвын үүднээс ирэх өвчнийг төдийлөн амарлиулж чадахгүй. Биеийн үүд буюу гадаад барцдаас хамгаалахад зохицох ч хамгийн чухал нь бие сэтгэлээрээ сүжиглэж биширч хэрэглэх нь аюулт өвчнөөс амарлиулах тусыг өгнө” гэж тайлбарлав.      Срайдорж Номунхан сангаас “Нагбу гүжор” үрлийг Эрдэнэт хотын 110 мянган иргэдэд зэрэг тараах боломжгүй, нөгөө талаас бүгдэд өгөх шаардлагагүй бөгөөд гол нь чухаг дээд гуравт сүжиг бишрэлтэй иргэддээ тараахыг зорьж байгаа аж. Сүсэгтэн олон хэрэв энэ үрлийг хүртвэл ариун нандин хадгалж, зохих журмын дагуу хэрэглэж чадвал өвчин зовлон холуур одох магадлал буй болно. 14 дүгээр Далай ламын зарлигийн дагуу нийт сүсэгтэн олон Ногоон дарь эх, Манал бурхны тарнийг олонтоо уншиж, бурхан номын газарт хуруулж, даган баясах үйлийг үйлдэх аваас гамшигт өвчнөөс ангид оршиж чадна. Энэ лүндэнг чадах чинээгээрээ барьж, бүтээхийг чармайх хэрэгтэй гэдгийг тус сангийнхан зөвлөлөө. М.Балжинням Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Ус хангамжийн цехийнхэн амин дэмээр дэмжих аянд хамрагдлаа

    Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн ҮЭ-ийн хорооноос нийт ажилтнуудынхаа дунд амин дэмээр дэмжих аян зохион байгуулжээ. Аянд, тус цехээс өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа бас хамруулсан байна. Дэлхий нийт корона вирусын халдвартай тэмцэж, тархалтаас хамгаалж буй үед ажилчдынхаа дархлааг дэмжих, урьдчилан сэргийлэхэд аяны зорилго чиглэгджээ. Ус хангамжийн цехийн бүх ажилтан ҮЭ-ийн гишүүн бөгөөд цехийн ҮЭ-ийн хороо нь дарга болон 5 тэргүүлэгчийн бүрэлдэхүүнтэй ажилладаг аж. Цехийн ҮЭ-ийн хорооноос ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, түүнд тулгарч буй зөрчил бэрхшээлд хяналт тавьж ажиллахын зэрэгцээ тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг, тусламж үзүүлдэг байна. Мөн хэсэг, нэгжүүдийн дунд спорт, соёл урлагийн олон төрлийн тэмцээн уралдааныг жил бүр тогтмол зохион байгуулж, 25-30 ажилтныг гадаад аялалд хамруулдаг болжээ.   М.Балжинням   Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Мэдээ

   Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 2019 оны зургаадугаар сар болон эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүллээ. Ил уурхайд зургаадугаар сард 2009.0 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөө 104.5 хувиар биелсэн бол оны эхний хагас жилд уурхайчид нийт 12550.0 уулын цул гаргаж, төлөвлөгөөний биелэлтийг 102.9 хувьд хүргэсэн байна. Хөрс хуулалтын ажил зургаадугаар сард  852.9 мянган метр куб, төлөвлөгөө 105.9 хувьтай байлаа. Харин эхний хагас жилд 5288.36 мянган метр куб хөрс хуулж, төлөвлөгөө 104.4 хувиар биелжээ. Уурхайчид өнгөрсөн сард 2948.0 мянган тонн хүдэр олборлож,  төлөвлөгөөг 100.0 хувиар, эхний хагас жилд  18517.2 мянган тонн хүдэр олборлон төлөвлөгөөг 101.8 хувиар биелүүлсэн амжилттай байна. Баяжуулагчид зургаадугаар сард 2563.0 мянган тонн хүдэр боловсруулан төлөвлөгөөт үзүүлэлтээ 103.1  хувиар биелүүлсэн бол эхний хагас жилд 16180 мянган тонн хүдэр боловсруулан төлөвлөгөө 102.6 хувиар биелжээ.
   Хүдэр дэх металлын агуулга эхний хагас жилд зэсийнх 0.462 хувьтай, төлөвлөгөө 100.1 хувиар, молибденых 0.0160 хувьтай, төлөвлөгөө 105.3 хувийн үзүүлэлттэй байна. Металл авалтын гүйцэтгэл оны эхний хагас жилд  зэсээр 88.32 хувь, молибденоор 50.15 хувьд хүрч, төлөвлөгөө 100.0-103.4 хувиар биелэв.    

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

   Эрдэнэт үйлдвэр тасралтгүй үйл ажиллагаатай техник, тоног төхөөрөмжөө жилд нэг удаа зогсоож, иж бүрэн засвар хийдэг. Энэ жилийн “Их зогсолт”-ыг 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 1-ний хооронд зохион байгуулж байна.
   Өнөөдөр оройн 20 цагт дуусах  “Их зогсолт”-ын явцын талаар тус үйлдвэрийн Механикийн хэлтсийн дарга  Б.Чинзоригоос тодруулахад: “2019 оны “Их зогсолт”-ын ажил хуваарийн дагуу эхэлж, төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. “Их зогсолт” гэдэг нь манай үйлдвэрийн нөөцгүй тоног төхөөрөмжид хийгддэг иж бүрэн засвар. Өөрөөр хэлбэл, одоо засвар хийгдэж байгаа тоног төхөөрөмж дараа жилийн өдий хүртэл ямар нэг засвар хийгдэх боломжгүй гэсэн үг. Тиймээс “Их зогсолт”-ын ач холбогдол маш өндөр. Өчигдөр бид “Их зогсолт”-ын явцын талаар хурал хийж, Ерөнхий захирал болон Ерөнхий инженер оролцож, энэ ажилд холбогдож буй цех нэгжүүдийн ажлын мэдээллийг сонссон. “Их зогсолт”-д Баяжуулах үйлдвэр, Ус хангамжийн цех, Холбоо мэдээлэл автоматжуулалтын цех, Дулааны цахилгаан станц, Цахилгааны цех гэсэн таван үндсэн цех ажиллаж, Барилга засварын цех, Засвар угсралтын цех болон бусад үйлдвэрлэлийн хэлтэс, цехүүд туслан гүйцэтгэгчээр оролцож байна. Өчигдөр буюу 6 дугаар сарын 30-ны өдрийн оройн 19.00 цагийн мэдээллээр, үйлдвэрийн хэмжээнд “Их зогсолт”-оор хийх ажлын төлөвлөгөө 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байсан бол өнөө өглөөний байдлаар  85-90 хувьд хүрээд байна. Энэ үзүүлэлт нь  засвар үйлчилгээний ажил төлөвлөгөөний дагуу тасралтгүй, сайн үргэлжилж байгааг харуулж байна.  Бидний хамгийн гол анхаарч буй зүйл бол засварын чанар. Үүнийг тухай бүрд нь холбогдох мэргэжилтнүүд шалгаж, хянахын зэрэгцээ оношилгооны алба дүгнэн ажиллаж байна.  “Их зогсолт”-ын төлөвлөгөөний дагуу гаднын байгууллагын туслалцаатайгаар хүдрийн агуулахын хана солих засвар хийгдэж байна. Энэ ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. Энэ жилийн “Их зогсолт”-ын онцлогийн тухайд гэвэл шаардлагатай тоног төхөөрөмжийг цаг хугацаанд нь ханган нийлүүлэхэд Худалдан авалт, хангамжийн хэлтэс ихээхэн анхаарч, шуурхай ажилласныг хэлэх нь зүйтэй. Ингэснээр “Их зогсолт”-ын бэлтгэл ажил сайн хангагдсан. Мөн энэ жил төлөвлөгдөөгүй ажил харьцангуй бага байна. Энэ нь 2018 оны засварын ажлын чанар сайн хийгдсэнтэй холбоотой юм” гэж хариуллаа.

М.Балжинням

 

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог