• Н.АЛТАНСҮХ: Үйлдвэрийнхээ төлөө би юу хийж чадах вэ гэдгээ бодох хэрэгтэй

       Ажилдаа бүтээлчээр хандаж, ажил хэрэг болгодог “алт шиг” хүмүүс уурхайчид дунд бий. Эрдэнэт үйлдвэрийн мянга мянган уурхайчдаас ажлын бүтээмжээрээ ялгарах эдгээр ажилтныг сүүлийн 4 жилийн турш “Бүтээлч санаачлагч” хэмээн өргөмжлөн, үйлдвэрийн газрын хэмжээнд төдийгүй олон нийтэд алдаршуулах ажил үе шаттай зохиогдсоор байна. Тэд өнгөрсөн хугацаанд хамт олноо манлайлан, жил бүр олон арван санал санаачилгаараа үр ашиг дээшлүүлэх, импорт орлох бүтээгдэхүүн гаргаж, эдийн засгийн хэмнэлтэд түлхэц үзүүлсэн. Энэ удаа Эрдэнэт үйлдвэрийн залуучуудын төлөөлөл, Судалгааны төвийн Баяжуулахын инженер Н.Алтансүхтэй уулзаж ярилцлаа.      - Үйлдвэрлэлийн дамжлага бүр өөрийн онцлогтой. Таны эрхэлсэн ажил юугаараа ялгарах вэ?    - Эрдэнэт үйлдвэр байгуулагдах үедээ хяналтын лабораториудыг байгуулсан байдаг. Тэр үеэс Судалгааны төвийн үйл ажиллагаа эхтэй. Манай цех ам бүл 60-уулаа. Судалгааны төв нь хүдрээс эцсийн баяжмал гаргах хүртэл үндсэн цехүүдийн бүхий л дамжлагад хяналт тавин ажилладаг газар. Энгийнээр тайлбарлавал, Эрдэнэт үйлдвэрийн жижигрүүлсэн хувилбар гэж хэлж болох юм. Миний хувьд Баяжуулах үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмж, хүдэр бэлтгэх ажлыг сүүлийн 5 жил хариуцан ажиллаж байна. 2012 оноос Технологийн сургуулийн Геометаллургийн лабораторид тоног төхөөрөмжийн засварчнаас ажлын гараагаа эхэлсэн. Бүтцийн өөрчлөлтөөр 2015 онд Судалгааны төвийг Технологийн сургуулийн харьяанаас гаргаж, одоогийн хамт олон маань бүрдсэн.    - Санаачилга өрнүүлэх ажилд залуучуудын идэвхи хэр байна вэ?    - Манайхан идэвх сайтай, “Боломж”, “Оюу”, “Сэтгэмж” гэсэн дугуйланд хуваагдан, дор бүрнээ санал санаачилгаа дэвшүүлэн ажилладаг. Өглөө бүрийн онлайн хурал дээр нэг нь нөгөөдөө челлэнж зарлаж, дараагийн хүнээ уриалах маягаар ажлаа явуулдаг. Дугуйлангууд 7 хоног бүр хуралдана. Ингэхдээ гишүүдийн санал асуулгаар юуг, хэрхэн шийдвэрлэхээ ярьж, боломж бололцоогоо ярилцдаг. Хурлын тэмдэглэл хөтөлж цехийн бүтээмж чанарын чиглүүлэгчдээ явуулна, саналын хэрэгжилтийг бусдадаа танилцуулна гээд үе шаттай олон ажил бий.    - Таны хувьд өөрийн ажилладаг хэсэгт хэдэн санал гаргасан бэ?    - Манай хэсэг 2018 онд 218 санал гаргаснаас 175 санал нь үнэлэгдэж, 95.4 хувийн биелэлттэй гарсан. Нийт саналын 50 хувь нь “Маш сайн” санал болсноор чанар нь ихээхэн дээшилсэн. Энэ бүхэн бүтээмжийн чанарыг дээшлүүлэх чиглэлээр байнгын мэдээлэл өгсний л ач тус гэж боддог. Манай “Боломж” дугуйлан 21 гишүүнтэй.  Өнгөрсөн онд 96 санал гаргасан нь цехийн нийт саналын 55 хувийг эзэлсэн. Тэдгээрээс 73 хувийг нь биелүүлэхийн зэрэгцээ Өөрөө нунтаглах хэсгийн сорьц дээжийг шуурхай боловсруулах, хүдэр бэлтгэлийн ажлыг хөнгөвчлөх, тээрмийн дуу шумыг бууруулах гэсэн 3 төсөл хэрэгжүүлсэн. Миний хувьд 175 санал санаачилгаас 18-ыг нь гаргаж байсан. Энэ оны эхний 9 сарын байдлаар манай дугуйлан 69 санал гаргаж, 54-ийг нь үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Мөн 2 шатны бутлуурын ашиглалтын хугацааг уртасгах, бүтээмжийг нэмэгдүүлэх, конпрессорийг шинээр зохион бүтээх, температурын автомат тохиргоотой плитка зохион бүтээх гэсэн 3 төсөл хэрэгжүүлээд байна.    - Санал санаачилга хэрэгжүүлснээр өдөр тутмын ажилд ямар ахиц дэвшил гарч байна вэ?    - Тухайн ажилтны ажлыг хөнгөвчилнө, ажиллах орчин нөхцөл эрс сайжирна, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ, урамшууллын хөшүүрэг болно гээд нэрлээд байвал давуу тал олон. Тиймээс ч дугуйлангийн гишүүд маань бүгд оролцож, нэгнийхээ ажил гэж харалгүйгээр сайжруулалтын төлөө хамтдаа зүтгэдэг. Хэсгийн ажилтнууд маань баяжуулалтын явцыг хянахаар өөр өөр цех, нэгжид ажиллах шаардлагатай болно, тэр хэрээр сайжруулалт хийх олон санаа гардаг гэж би бодож байна.      - Цаашид сайжруулалт хийхээр төлөвлөсөн ажлаасаа дурьдвал?    - Судалгаанд ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүд маань 10-аас дээш жилийн насжилттай болсон тул тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатай болж байна. Урсгал завсар хийж, хийц хэлбэрийг нь өөрчлөн шинэчлэх маягаар шат дараатай ажлуудыг бид чадлынхаа хэрээр хийнэ гэж бодож байгаа. Манай судалгааны лабораторид шинжилгээ хийлгэхээр ижил төстэй үйлдвэрүүдээс хүмүүс ирдэг. Тиймээс ч хагас үйлдвэрлэл гэж нэрлэгддэг лабораторийнхоо хүчин чадлыг сайжруулахад бид ч бүтээлч байх ёстой гэсэн зарчим баримталдаг.    - Өглөө босоод ажилдаа ирэхэд тань хамгийн их урам зориг өгдөг зүйл юу вэ?    - Хамгийн их урам зоригийг хамт олноосоо авдаг. Сайн саналын системийг залуучууд маань боломж гэж хараасай. Ямар ч байгууллага асуудалгүй байна гэж байхгүй. Би хувьдаа асуудлаа боломж гэж хараад, шийдвэрлэх гарцыг олж, нөгөө талдаа бүтээмж инновацийг бий болгохыг зорьдог. Хүн нэг байрандаа удаан байвал хөгжиж дэвшихгүй шүү дээ. Мэдээж залуу хүнийхээ хувьд гадаадаас туршлага судалж, мэргэжлийнхээ чиглэлээр суралцахыг хүсч байна. Судлаачдын нэг давуу тал нь аливааг цогцоор нь харж чаддаг гэж би хувьдаа боддог. Үйлдвэр миний төлөө юу хийх бол гэж бодохоосоо өмнө үйлдвэрийнхээ төлөө би юу хийж чадах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Үйлдвэрийнхээ залуучууд, нийт ажилчдыг “Сайн саналын системдээ идэвхтэй оролцоцгооё” гэж уриалмаар байна.    - Залуучууд маань ахмад үеийнхнээс суралцахдаа юуг чухалчилмаар санагддаг вэ?    - Өнөөдөргүй маргааш гэж үгүй. Ахмад үеийнхнээс сурах зүйл дундрашгүй их бий. Ажлын талбарт хувь хүний хандлага маш чухал байдаг. Тиймээс боломжоороо суралцаж, хувийн ажил, харилцаа хандлагадаа анхааран, ахмадаасаа эерэг бүхнийг нь аваасай.         И.Чинтогтох Фото: Б.Баттөгс     Дэлгэрэнгүй...
  • Сүүлийн гурван жилд 90 ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг шийджээ

       Эрдэнэт үйлдвэр нь Орос Монголын хамтарсан үйлдвэр байсантай  уялдуулан зарим ажлын байрны нэршил алдаатай орчуулагдсан байдгаас ажилчид тэтгэвэрт гарахад хүндрэлтэй байдаг байсан юм. Энэ нь 2004 оны Нийгмийн хамгааллын сайдын 77-р тушаалын хавсралтаар батлагдсан ажлын байрны нэршил юм.     Энэ нэршилд багтаагүй ажлын байранд ажилладаг ажилчдын хөдөлмөрийн нөхцөлөөс гадна, нийгмийн талаас хөдөлмөрлөх эрх, тэтгэвэр тогтоолгоход асуудал тулгардаг. Энэ асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай тул Орхон аймгийн Гомдлын шаардлагын зөвлөлд Эрдэнэт үйлдвэрээс төлөөлөл болгож Засвар угсралтын цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Туяажаргал сонгогдон ажиллаж байна.      Тэрээр дөрвөн жилийн хугацаанд үйлдвэрийн төлөөлөл болж ажиллахдаа шинжилгээ, судалгаа хийн 197 ажлын байранд нэршлийн болон хөдөлмөрийн нөхцөлийн тал дээр  асуудалтай байгааг тодорхойлжээ.      Ажилчдын  эрх ашгийг хамгаалахын төлөө ийнхүү ажиллахдаа хөдөлмөрийн хуулийн дагуу хүнд, хортой нөхцөлд ажилладаг боловч хүнд нөхцөлд ажилладаг ажилчдыг шат дараатайгаар нөхцөл шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсаар байна.     Ингэснээр 2017 онд 40 ажлын байр, 2018 онд 50 ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн асуудлыг шийдэж, Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд асуудалтай байгаа ажлын байрны 50 хувийг нь зөв голдиролд оруулаад байна. Ингэснээр эдгээр ажилчид хүнд хортой нөхцөлд ажилладаг хөдөлмөрийн нөхцөлд орж, баталгаажин 45 настайдаа тэтгэвэрт гарах боломжтой юм. Дашрамд дуулгахад дээрх асуудлаар ажлын байрны нөхцөлөө зөв тодорхойлуулж өндөр насны тэтгэвэрт гарсан 50 ажилчин байна.    А.Бямбамаа       Дэлгэрэнгүй...
  • ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР-ийн НЭГ ӨДӨР

         Аливаа байгууллагын  хөдөлгөгч хүч нь хүн өөрөө юм. Хүмүүс хоорондын харилцаа, харилцан ойлголцол, идэвх чармайлт, шинийг санаачлах, ажлаа төгс бүрэн хийх хүсэл тэмүүлэл хамт олныг илүү нэгтгэн урагш түлхэх гол хүчин зүйл нь болж байдаг. Чухам тэр бүх амжилт ахицыг бүтээхэд хүний төлөө, тэдний нийгмийн асуудал, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, ажилтнаа урамшуулан хөгжүүлэх, харилцааны эерэг таатай орчныг бүрдүүлэхэд хүний нөөцийн менежерийн ур ухаан чин сэтгэл ямар байхаас ихээхэн хамаардаг. Энэ л үйлсэд  хорь гаруй жил хүний төлөө ажиллаж, урам зоригтой, хичээл зүтгэлтэй хамт олныг бүрдүүлэхийн төлөө  ухаан бодлоо чилээж яваа нэгэн эгэл бүсгүйн энэ өдрийн ажлыг бид сурвалжиллаа.     ӨГЛӨӨ БҮХЭН ШИНЭ...      Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газрын Засвар угсралтын цехийн хүний нөөцийн менежер  Б.Туяажаргал өглөөг цехийнхээ даргад ажлаа танилцуулахаас эхэлдэг. Энэ өдөр уламжлал ёсоор даргадаа ажлаа танилцуулж, ажилдаа хэрэгтэй зүйлсийг бэлтгэлээ. Түүний дараа шинээр ажилд орж байгаа залуусыг хамт олонд нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгууллаа. Улс эх орондоо ихийг бүтээж буй энэ том үйлдвэрийн эд эс нь болохоор сонгон шалгаруулалтаа амжилттай давсан найман засварчин залуу ажилд орсон анхны өдөр хамт олон нь ийм хүндэтгэлтэй хийгээд ийм ёслол төгөлдөр хүлээн авна гэж зүүдлээ ч үгүй байж магадгүй.  ... Мөрөөдөж хүсэж ажилд орсон залуусын харцанд баяр гэрэлтэх нь үнэхээр сайхан харагдана. Ингэж л ажлын шинэ өдөр эхэллээ.  Шинэ ажилтныхаа анхны сэтгэгдлийг хэзээ ч мартагдашгүйгээр үлдээх нь энэ цехийн хүний нөөцийн  менежерийн санаа байх нь.        ИД АЖИЛ УНДАРСАН ҮЕД...      Цаг хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрдөг. Тиймээс түүнтэй уралдан ажиллаж, төлөвлөснөө хийж, хийж гүйцэлдүүлснээ дүгнэх нь чухал. Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх болсонтой холбоотой Ерөнхий захирлын тушаалаар цехийн хүний нөөцийн мэдээллийн сангийн сайжруулалтын нэг сарын аян компанийн хэмжээнд  зохион байгуулсан. Энэ аяны хүрээнд засвар угсралтын цехийн нийт ажилтны хувийн хэрэгт батгах баримт бичгийг нэг бүрчлэн шалгаж, бүрдэлтийн дутуу эсэхийг хянаж, гүйцээх, төрөлжүүлэх, баяжуулах, нотлох баримтыг хавсаргах зэрэг маш олон ажлыг богино хугацаад амжуулжээ. Өнөөдөр тэд ажлын  тайлангаа хэлэлцэж дүгнээд, баяжуулалт хийсэн баримт бичгүүдээ зориулалтын цаасан хавтсанд хийж эмхлэн цэгцэлсээр үдийн цайны цаг боллоо.          ҮДИЙН ЦАЙНААР Ч ХАМТДАА...      Ажлын бүтээмж өндөр байхад олон зүйл нөлөөлдөг. Ажилтнуудынхаа урам зоригийг өргөхийг тулд төрөл бүрийн ажил зохион байгуулна. Цайндаа орох заваар ч бас ажил амжуулах юм тэд. Хүүхнүүдээрээ зургаа ч авхуулаад амжив. Түүний ажлын нэг өдрийг тэмдэглэн яваа бидэнд менежер Б.Туяажаргал хандан “Ажилтан хүнд юу хамгийн чухал гээч” гэлээ. Тэрхэн хооронд юу юм бол хэмээн бодолд автах зуур “Хөдөлмөрийн ажиллах нөхцөл таатай, ажилтан хүн урам зоригтой байх хамгийн чухал. Гол нь урам шүү дээ” хэмээн инээмсэглэв.      ЦААСАН ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ...      Ямархан хувь төөргөөр ийм их цаасан дунд ажиллах хувьтай төрсөн юм бол доо гэмээр түүний өрөөгөөр дүүрэн бичиг цаас байх юм. Гэхдээ бүгд байх газартаа. Тэрээр хамт олныхоо дунд олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулдаг. Залуу гэр бүлийг дэмжиж өдөрлөг зохион байгуулж, ажилтнуудынхаа ар гэрийнхнийг байгууллага дээрээ урьж, бяцхан хүүхдүүдийг аавд нь сэтгэлийн үгээ дайсан захидал өгүүлж байж. Алаг үрсийнхээ захидлыг уншиж, сэтгэлийн бэлгийг нь хүлээж авсан аавууд баярласандаа уйлж, тэднийг харсан хамт олон нь ч бүгдээрээ  уяран уясаж. Мөн 10 залуу гэр бүлийг сонгон гэр бүлийнх нь уран сайхны зургийг авхуулж, жаазлуулаад бэлэг болгон өгчээ. Хүний төлөө л ажил гэж энэ дээ гэж бодогдмоор сайхан. Эднийд бас нэгэн сонирхолтой арга хэмжээ болдог. Ажилтнууддаа жилдээ 2 удаа “Хүүхдийн томилолт” өгч, цалинтай чөлөө олгодог болж. Тэр өдөр сонгогдсон ажилтнууд хүүхдийнхээ сургууль цэцэрлэгт очиж хичээлд нь хамт сууж, хамтдаа тоглож, музей үзэж,  зураг зурж, хамт хоол хийж тэр өдрийг бүхэлд нь хүүхдэдээ цаг гаргадаг юм байна. “Хүүхдийн томилолт” авсан эцэг эхчүүд ажилдаа ирэхдээ харин томилолтоороо юу хийсэн тайлангаа бичиж ирнэ. Хөгжилтэй энэ арга ажил олон гэр бүлд баяр баясал, хүүхдүүдэд аз жаргал бэлэглэжээ.              ӨНӨӨДРӨӨС МАРГААШ ЭХЭЛДЭГ...    Цаг нартай уралдан ажилладаг хүний ажил ар араасаа ундардаг ч юм шиг. Тэр хэзээдээ ингэж амжуулдаг байна гэмээр шаламгай хүн юм. Тэр олон сайн саналыг ажилдаа дэвшүүлж бас хэрэгжүүлжээ. Зөвхөн Эрдэнэт үйлдвэртээ төдийгүй улсдаа хөдөлмөрөө үнэлүүлсэн шилдэг тэргүүний мэргэжилтэн. Монголын Хүний нөөцийн салбарын шилдгээр ч тодорч байсан удаатай. Мөн тус институтийн дээд шагнал “Хүний нөөцийн хүндэт тэмдэг”-тэй юм. Хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх хүндтэй бөгөөд амаргүй ажилд гар бие сэтгэл зүрхээрээ хамтран оролцож яваа тэрээр одоо манай үйлдвэрт хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүний нөөцийн хөгжлийн дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Бид саяхан Япон улсад очиж "Нэг ажилтан - Нэг шинэ санаа" хөтөлбөрийн дагуу туршлага судлаад, олон шинэ зүйлс сурч ирлээ. Одоо ажилдаа нэвтрүүлж нутагшуулна. Бидэнд хийх ажил их бий хэмээн маргаашийнхаа ажлыг бэлдээд өрөөндөө үлдлээ.             Б.Учрал Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Орон сууцны хөнгөлөлтийг ирэх улиралд үргэлжлүүлэн олгоно

       Эрдэнэт үйлдвэр энэ онд орон сууц худалдан авсан 445 ажилтнаа дэмжин урамшуулж, хүн бүрт 12 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн дэмжлэг үзүүллээ. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлж ирсэн тус хөнгөлөлтийг шалгуур хангасан 186 ажилтан 3 дугаар улиралд авсан байна. Бүтцийн нэгж бүр квоттой ч өнгөрсөн улиралд уг тоог харгалзахгүйгээр хөнгөлөлт урамшууллыг шийдвэрлэжээ. “Материал нь хангалтгүй байсан хүмүүс санаа зовох шаардлагагүй, ирэх улиралд орон сууцны хөнгөлөлт олгоно. Цехийн хүний нөөцийн мэргэжилтнүүд материал бүрдүүлэхэд туслах хэрэгтэй байна” хэмээн Нийгмийн харилцааны хэлтсийн Тэргүүлэх мэргэжилтэн Д.Алтангэрэл ярьлаа. Тэрээр “Их хаадын цуваа”, “Хөүптаун”, “Стройинвест” компанийн орон сууцанд амьдарч байгаа ажиллагсдад хөнгөлөлт үзүүлэхийн тулд компанийг нь сайтар шалгах үүднээс багагүй хугацаа зарцуулсан тухайгаа хэлж байна. Эрдэнэт үйлдвэр арилжааны банкуудын уян хатан нөхцлийг харгалзан үзэж, 10 гаруй банктай хамтран ажиллаж байна.      И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн залуучууд Эрдэнэт үйлдвэртэй танилцаж байна

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарын хооронд байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд танилцах уулзалт хийж, туршлага судлахаар өмнийн говиос 30 залуу хүрэлцэн ирлээ. Тээвэр ложистик, хүний нөөц, архив, албан хэрэг хөтлөлт, хуулийн чиглэлээр мэдээлэл солилцох эдгээр залуучууд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас зочилсон 3 дахь ээлжийнхэн болж байна. Монголын уул уурхайн салбарын чадавхийг дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд харилцан мэдлэг мэдээллээ солилцох, шилдэг арга туршлагаа хуваалцах, хамтран ажиллахад чиглэсэн санамж бичиг гурван жилийн хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжинэ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н хэлтсээс танилцах багийнханд видео зааварчилгаа өгч, хөдөлмөр хамгааллын хувцасаар ханган ажиллалаа.    Энэ үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Цогтцэций дундах салбарын Орон нутаг хариуцсан менежер Г.Ганбаяр Эрдэнэт хотод ирсэн сэтгэгдлээ хуваалцахдаа, “Албан шугамаар ирж байгаагүй. Хоёр байгууллагын хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Эрдэнэт үйлдвэртэй танилцахаар ирсэндээ баяртай байна. Манайхан хүний нөөц, захиргаа удирдлага, техник ашиглалт, засвар механик, тээвэр ложистикийн чиглэлээр туршлага судлана” хэмээсэн. Мөн тус компанийн Хууль, эрхзүй хариуцсан менежер Т.Ням-Осор ярихдаа, “2015 онд Эрдэнэт үйлдвэртэй танилцсан. Энэ удаа өөрт холбогдох ажлын туршлагаас сайн судлахыг хичээх болно. Монгол Улсад тэргүүлэгч компаниуд цаашид өсөн дэвжихийн тулд санамж бичиг байгуулан, нэгнээсээ туршлага судалж байгаа нь зөв алхам, цагаа олсон ажил боллоо. Манай компанийн хувьд үйл ажиллагаа маш сайн, оны эцэст төлөвлөгөөт үзүүлэлтээ давуулан биелүүлэхээр байна. Ирэх жил илүү төлөвлөгөө тавьж, түүндээ хүрэхэд туршлага солилцох уулзалтууд түлхэц болно гэдэгт итгэж байна” гэв.     И.Чинтогтох Фото: Б.Баттөгс     Дэлгэрэнгүй...
  • Баяжуулах үйлдвэрт ХАБЭА-н 4-р шатны үзлэг үргэлжилж байна

       “Нэн түрүүнд-Хөдөлмөрийн аюулгүй байдал” уриан дор зохион байгуулдаг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 4 дүгээр шатны үзлэг Баяжуулах үйлдвэрт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, тэглэх зорилготой энэхүү шалгалт нь өмнөх шатны үзлэгийн акт, албан шаардлагыг бүрэн гүйцэд хэрэгжүүлэхэд чиглэдэг. Энэ оны 3 дугаар сард Баяжуулах үйлдвэрт хийсэн 3 дугаар шатны үзлэгээр нийт 125 зөрчил дутагдал илэрчээ. Үйлдвэрлэлийн объект, ажлын байр, хэсэг бүрийн үйл ажиллагаанд үнэлэлт өгч, дүгнэлт хийсэн энэ удаагийн үзлэг шалгалтаар 118 зөрчлийг арилгаж, 7 ажил биелэгдэх шатандаа яваа тухай ХАБЭА-н хэлтсийн Галын аюулгүй байдал хариуцсан инженер, ажлын хэсгийн нарийн бичиг Л.Энхжаргал мэдээллээ. Зургаан сар тутам зохион байгуулдаг үзлэг шалгалтын дүнгийн хурал маргааш болно.     И.Чинтогтох Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Ц.ГҮРРАГЧАА: Бид илүү том орон зайд ажилламаар байна

       “Бид Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүн” гээд нүүрэндээ инээмсэглэл тодруулах үйлдвэрлэгчтэй уулзлаа. Эрдэнэт үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн дөрвөн залуу лед гэрлийн үйлдвэрлэлээр Монголдоо хувьсал хийж, Санхүүгийн зах зээл дээр “цахиур хагалсан” нь саяхан. Тэрээр “Гэрэл бүтээчихлээ гэхэд гайхах хүн олон байсан, одоо ч сонин биш болж дээ” хэмээн яриагаа үргэлжлүүлж, 2020 онд дэлхийн зах зээл дээр шинэ бүтээгдэхүүнээр Монголын нэрийг гаргах тухайгаа өгүүллээ. Зоримог, шийдмэг энэ алхам Эрдэнэтээр овоглосон “MADE IN MONGOLIA” бүтээгдэхүүн болон мэндэлнэ. Орон нутгийн үйлдвэрлэгчдийн гарааны цэгээс хамтдаа алхах “Эрдэнэтээ дэмжье” булангийн эхний зочноор “Анд энерги” ХК-ийн захирал Ц.Гүррагчааг онцоллоо.        -“АНД ЭНЕРГИ” ХК МОНГОЛЫН САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР IPO ХИЙГЭЭД БАГАГҮЙ ХУГАЦАА ӨНГӨРЛӨӨ. ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛСНЫ ОЛОЛТТОЙ ТАЛЫГ ХЭРХЭН ХАРЖ БАЙНА ВЭ?       - “Гэрэл гэгээг үйлдвэрлэдэг шигээ Монголын хөрөнгийн биржийг гэрэлтүүлж яваарай” гэж биднийг ерөөсөн. Тэр үгийг чандлан өнөөдрийг хүрлээ. Хүний мөнгийг зүгээр авах эрх бидэнд байхгүй. Хувьцаагаа босгохын тулд үр бүтээлтэй, амьдрал дээр хэрэгжих томоохон төсөлтэй байя гэж шийдээд 2016 оноос төслөө бичиж, 2017 онд танилцуулсан. Санхүүжилтээ 5 жилийн хугацаанд нөхнө гэж тооцоолж байна. Электроникийн үйлдвэрлэлийн онцлогоос хамаарч орчин нөхцөл нь цэвэр, тоос шороогүй байх ёстой гэж үзсэн. Тиймээс ч оффиссын зохион байгуулалтаа үйлчилгээний газар, оффисс, үйлдвэрлэл гэсэн цогц байдлаар шийдсэн. Цайны газартай, ажлын байрандаа усанд орж, хувцасаа солиод гарах боломжоор хангасан хувийн компани одоогоор орон нутагт байхгүй. Бид Эрдэнэт үйлдвэрээс суралцсан туршлагаа өөрийн үйлдвэрт нэвтрүүлж, эмх цэгцтэй, дэг журамтай байхыг алхам бүртээ хэрэгжүүлж байна. Хувьцааны зах зээл дээр хөрөнгө босгосноор барилгаа барьж, тоног төхөөрөмж, хүчин чадлаа 4-5 дахин нэмэгдүүллээ. Энгийнээр тайлбарлавал, бид өмнө нь нэг хонь тэжээдэг байсан бол үйлдвэрлэлээ өргөжүүлснээр 10 өөр үүлдрийн хоньтой боллоо. Хүн хүч, тоног төхөөрөмж бидэнд байна. Оюун ухаан, ур чадвараа ашиглан Монголын зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах л үлдлээ.    - ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ БОЛСОН ТУХАЙГАА?    - Ажиллаж, дадлагажиж, инженер мэргэжлийн үнэ цэнийг ухаарсан болоод ч тэр үү, бид Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүн гэж хэлэх дуртай. Үйлдвэр тодорхой хэмжээнд дэмжиж, 2017 оноос хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн. 2018 оны нийт бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг Эрдэнэт үйлдвэрт нийлүүлсэн. Энэ жил илүү өсөлттэй гарахаар байна.  Хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхийн тулд чанартай, шинэ зүйлийг санал болгох болно. Нөгөө л хуучин гэрлээ гаргаж ирээд урьдчилгаа авмаар байна гэж ярих нь зохисгүй.      - ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЯМАР ХЭМЖЭЭНД БАЙНА ВЭ?    - Өмнө нь 200-300 ширхэг гэрэл үйлдвэрлэж байсан бол өдөртөө 300-600 орчим гэрэл үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. Төрлөөсөө хамаарч, өдөрт үйлдвэрлэх тооны хувьд харилцан адилгүй ч захиалагчдын хүсэлтээр 32 нэр төрлийн гэрэл үйлдвэрлэж байна. Улайсдаг ламф, өдрийн болон сүүн гэрэл хэрэглээнд байсныг халчихлаа. Лед гэрэл харьцуулалтаа нэгэнт давсан тул цаашид хөгжлийн шат л гэж бий. Хөгжил нь дизайн, өнгөний шийдэл, чанар байх болно. Гэрэл өөрийнхөө зах зээлийг бий болгодог. Тиймээс ч өнгөрсөн 5 жилийн хугацаанд бид зах зээлээ бий болгож, хэрэглэгчдээ бэлтгэсэн. Тэдэнд таалагдаж чадсан болохоор илүү орон зайд ажилламаар байна.        - АЛСЫН ХАРААГАА ХЭРХЭН ТОДОРХОЙЛОВ?    - 2020 онд дэлхийн зах зээлд өрсөлдөх шинэ бүтээгдэхүүн гаргана гэж тодорхойлсон. Алхам алхмаар ойртож байна. Ирэх жил илүү том зорилттой гарч ирэх болно.      - ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ТАНИГДАХ ХҮРТЭЛ ЯМАР БЭРХШЭЭЛТЭЙ НҮҮР ТУЛСАН БЭ?    - Бид шинэ бүтээгдэхүүн хийе л гэж зорьсноос биш зах зээл гэдэг талаас нь олж хараагүй. 2010 онд Эрдэнэт үйлдвэрт цахилгаанчнаар ажиллаж байхад лед гэрэл дөнгөж орж ирсэн. Хэдий цахилгаан хэмнэдэг ч гэрэл нь их бүдэг байлаа. Тухайн үед малчдад зориулсан лед гэрлийг тайрч богиносгоод ашиглаж үзсэн. Хотын төв гудамжны гэрлэн чимэглэл сар хүрэхгүй хугацаанд шатаад, чанар нь гологдсон. Бид 2014 оны 4 дүгээр сараас судалгааны ажлаа эхлүүлж, урд хөрш рүү явснаар Монгол руу оруулж ирдэг болон Европ руу гаргадаг гэрэл ямар их ялгаатайг мэдэж авсан. Улмаар ийм гэрлийг Эрдэнэтдээ хийе гэж шийдсэн. Бүтээгдэхүүн хийх нь гоё байснаас биш зах зээл нь ямар байх талаар огт бодоогүй. 2017 онд IPO гаргаснаар зах зээлээ олох, ямар бүтээгдэхүүн гаргахаа судлах, маркетинг байх хэрэгтэйг ойлгосон. Энэ жилээс бизнес тал руугаа илүүтэй анхаарч байна. Бүтээгдэхүүн зарагдахгүй бол бидний амьдрах чадвар үгүй болно. Тиймээс зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, эсвэл нэг алхам түрүүнд явах хэрэгтэйг ойлголоо. Инженерийн боловсролоо хөгжүүлж, шинэ зүйл хийе гэсэн санаагаа ажил хэрэг болгосондоо баярлаж байна.         - ГОЛ ТҮҮХИЙ ЭДЭЭ ХААНААС ТАТДАГ ВЭ?    - Тайванийн технологи маш сайн. Тэр ч утгаараа БНХАУ-д үйлдвэрлэдэг компаниас эд анги, бэлдэцээ татаж байгаа.    - ТА АЖЛЫН НЭГ ӨДРӨӨ ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?    - Эхний ээлжинд бүтээгдэхүүн хийх, материал захиалах, төсөв боловсруулахад анхаарч, үйлдвэрийн үндсэн процессын дагуу ажиллаж байсан. Ер нь мэдлэг чадвар, зохион байгуулалт, хийх арга барил муудахаар үйлдвэрийн үйл ажиллагаа чирэгдэнэ. Энэ тал дээр хүнээ сургах, хөгжүүлэхэд анхаарч, загнаж зааварлахаас илүүтэй өөрөө биечлэн үзүүлэхийг хичээсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч байна. Өнөөдөр бизнесээ хэрхэн тогтвортой байлгах, мөнгөө хэрхэн зөв хуваарилах, оновчтой төлөвлөх вэ гэдэгт ажлаа чиглүүлж байна. Удирдлагын хувьд сайн зохион байгуулалт хийхийг л хичээдэг.    - “АНД ЭНЕРГИ”-Д ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН ХҮМҮҮСТ ТА ЮУ АМЛАЖ ЧАДАХ ВЭ?    - Хөрөнгө оруулагчдын хувьд хүлээлт их бий. Үйлдвэр бол мөнгө “ургуулдаг” газар биш. Бүтээгдэхүүнээ сонгоно, туршина, борлуулна, ажилчдаа цалинжуулна, ашгаа хуваарилна гээд дамжлага ихтэй. Мэдээж өсөлттэй байж л энэ бүхнийг хэрэгжүүлнэ. Хувьцаа авах хүсэлтэй хүмүүс энэ онд багтаан авахыг зөвлөмөөр байна. Биднийг дэмжсэн хүн бүрт хүлээлтээс илүүг өгөхийг хичээнэ.      - ЯГ ОДОО ХУВЬЦААНЫ ХАНШ ХЭДТЭЙ БАЙНА ВЭ?    - Одоогоор нэг бүрийн үнэ нь 35-40 төгрөгөөр үнэлэгдэж байна. Анхдагч зах зээл дээр 60 төгрөгөөр хувьцаагаа арилжиж, 1.5 тэрбум төгрөг босгосон. Хөрөнгө оруулагчид маань ач, зээ нартаа хувьцаа хадгалж байна гээд нийт хувьцааны 50-60 хувийг эргэлтээс гаргачихлаа. Гэхдээ иргэдийн хувьцааны мэдлэг сайжирч байгааг харахад дээрх эргэлтийг богино хугацааны үзэгдэл гэж харж байна. Хувьцаат компани нь тогтмол хугацаанд хурал хийж, сар, улирал тутам санхүүгийн тайлан мэдээгээ нээлттэй түгээж ажиллах нь чухал болохыг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвлөсөн.    - ҮР  АШГАА МӨНГӨН ДҮНГЭЭР ТООЦВОЛ ЭДИЙН ЗАСАГТ ЯМАР ХЭМНЭЛТ ГАРГАСАН БЭ?    - Өнгөрсөн хугацаанд ойролцоогоор 70-80 мянган гэрэл үйлдвэрлэсэн. Чийдэн 10 дахин, өдрийн гэрэл 4 дахин хэмнэлт гаргадаг ч цахилгаанаас гарах хэмнэлтийг шууд тооцож мөнгөн дүн гаргахад хэцүү. Хамгийн энгийнээр тайлбарлах гээд үзье. Нэг гэрлийг 10 мянган төгрөгөөр худалдан аваад эхний 6 сардаа дээрх үнэтэй дүйцэх гэрлийг ашигласан байдаг. Түүнээс хойших асалт нь хэмнэлт гэж ойлгож болно. Олон гэрэл байх тусам хэмнэлт нь илүүтэй мэдэгддэг.     Манайх хамтран ажиллаж байгаа байгууллагууддаа 1-1.5 сар, ажил үйлчилгээндээ 3 сарын баталгаа гаргаж, тухайн компанийн логог гэрлэн дээр нь хэвлэж өгөх тусгай үйлчилгээ үзүүлж байна. Бид дундаж үнийн бодлого барьж, ил, далд уурхай, супермаркет, дэлгүүр, шатахуун түгээх станц, төрийн байгууллагууд, төмөр зам гээд салбар бүрт харилцагчтай болсон. Жижиглэнгийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргахын тулд загварлаг, ухаалаг болгох талаас нь илүүтэй бодолцоно. Лед гэрэл засагдах боломжтой. Хуучин гэрлээ засуулснаар 60-70 хувийн хэмнэлт гаргадаг.     - ЗАЛУУЧУУДАД ХАНДАН ТАНЫ ХЭЛЭХ ҮГ?    - Өнөөгийн залуучууд мундаг болжээ. Биднээс дээш үеийнхэн улсын байгууллагад ажиллавал сайхан амьдраад явна гэсэн нийтлэг хандлагатай. Энэ үзэл хоцрогдсон. Ур чадвартай бол бидэн шиг зоригтой хөдөлж, шинэ зүйл бүтээж, улс орныхоо төлөө нэг ч гэсэн зүйл хийгээрэй. Анх гэрэл хийсэн гэхэд гайхдаг байсан, одоо гайхах хүн алга. Үүний нэгэн адил машин үйлдвэрлэсэн гээд гараад ирэхийг үгүйсгэх газаргүй. Дэлхийн хэмжээнд Монголынхоо нэрийг гаргах зүйлийг сэтгэж, сэдэж хийгээрэй л гэж хэлмээр байна.            Ярилцсан И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Хүний нөөцийн ажилтны өдрийг тэмдэглэнэ

         Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор  жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг Хүний нөөцийн ажилтны өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг угтаж  Эрдэнэт үйлдвэрт ямар ажлууд зохион байгуулах гэж байгаа талаар ЗХНБГ-ын Хүний нөөцийн албаны дарга  Б.Одгарьдаас тодруулга авлаа.         - Хүний нөөцийн ажилтны баярын өдөр удахгүй тохионо. Энэ өдрийг угтаж ямар ажлууд төлөвлөсөн  бэ?    - Бид ажил мэргэжлийн баярын өдрөө үр дүнтэй тэмдэглэх зорилгоор Удирдлагын академитай хамтран Хүний нөөцийн удирдлага, хөдөлмөрийн эрхзүйн чиглэлийн сургалт явуулахаар төлөвлөж байна. Мөн хүний нөөцийн мэргэжилтнүүдийн үндэсний “HR DAY-2019” чуулганд хамт олны төлөөллийг оролцуулах гэж байна. Баярын үеэр мэргэжлийн ур чадварын уралдаанд хүний нөөцийн менежерүүдээ бүрэн хамруулахаар зорьж байна.      -  Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбоотой баримт бичгийн шинэчлэл хийгдэж их ажил ундарсан байх?    - Тийм. Эрдэнэт үйлдвэрийг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбоотой бид бүтэц нэгжийн өөрчлөлт хийх, ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг шинэчлэх, мэдээллийн санг баяжуулах, Эрдэнэт үйлдвэрт мөрдөгдөж байгаа дүрэм журам, хөдөлмөрийн харилцааны баримт бичгүүд, ажлын байрны тодорхойлолт, бүтэц орон тооны хуваарь зэргийг шинэчлэх ажлыг маш богино хугацаанд хийж гүйцэтгээд байна. Эдгээрийг хийж гүйцэтгэхэд манай хүний нөөцийн менежерүүд санал санаачилгатай ажиллалаа.   Б.Учрал Фото: Б.Баттөгс       Дэлгэрэнгүй...
  • Орос, англи хэлний түр сургалтад элсэлт авч байна

       Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн Гадаад хэлний төвөөс орос, англи хэлний 45 хоногийн түр сургалтандаа элсэлт авч эхэлжээ. Энэ сарын 1-10-ны өдрүүдэд элсэгчдийг бүртгэж, 11-нээс англи хэлний модуль-2, 14-нөөс орос, англи хэлний модуль-1 сургалтууд эхлэх юм. Суралцахыг хүссэн хүмүүс Технологийн сургуулийн Оюутны байрны 112 тоотод бүртгүүлэх боломжтой. Мөн 7577-3603, 9534-7800 утсаар холбогдож сургалтын талаар мэдээлэл авахыг сургуулийн захиргаанаас мэдээллээ.    Дэлгэрэнгүй...
  • Нарийн хэмжүүрийн засварчин

       Аливаа хүний байр байдал, гадаад төрх, үйл хөдлөл, үг яриа дотоод мөн чанараа илтгэдэг. Энэ хөргийн эзэн тогтуун харцтай, инээд алдсан, тайван,үгээ зөөж ярьсан, аливаад ул суурьтай  нэгэн болох нь илт. Түүний аав Говь-Алтай аймгийн харьяат. Насаараа тээврийн жолооч явсан Ширнэнгийн Базаржав агсан. Говь-Алтайн Жаргалант сумын алдарт Батсуурь аваргын нутгийн хүн. Тэр аавынхаа тухай: “Машинаа их гамтай эдэлнэ. Дөнгөс хийвэл арчиж зүлгэнэ. 35-р баазын жолооч. Тав, зургаа, долдугаар таван жилийн гавшгайч. Техникийн улсын үзлэг болох үед аав, бид хоёр бүх машиныг буддаг байсан нь санаанаас ер гардаггүй юм” хэмээн өнгөрсөн он цагийн гэгээн дурсамж сөхөв. Харин түүний ээж Очирын Дунхүү нь аймаг, сумын Ардын хянан шалгах хорооны дарга явжээ. Ээжийнхээ томилолт өвөрлөн очсон газар, гэр бүлээрээ амьдардаг байж. Тэр Төв аймагт мэндэлсэн нэгэн. Дээрээ дөрвөн эгчтэй түүнийг эхээс хүй цөглөхөд аав нь Олзбаяр хэмээх утга агуулсан нэр хайрласан нь тэртээ 70-аад он ажгуу. Түүний бага нас Төв аймгийн Эрдэнэсант, Баян сумын төвд хөдөөний хүүхдийн нэгэн адил цана, тэшүүр хөлөглөн  дүүлж, мөнхүү сурч боловсрон он цагийг үджээ. Тэр хар багын техник сэтгэлгээтэй, инженер болох мөрөөдөлтэй явж. Аавыгаа машин засах тоолон түлхүүр багажийг нь зөөж, гарын үзүүрийн ажил амжуулна. Үеийнхэнтэйгээ дугуйгаар уралдаж өссөн жаал хүү төд удалгүй мотоцикль засаж сэлбэн угсарч унаатай болж байсан нь түүний техник сэтгэлгээ насны багад нь илэрсний тод жишээ. Тэр Эрдэнэт үйлдвэрийн шинийг санаачлагчдын нэг. Монголын залуучуудын холбооны хөдөлмөрийн алтан медалийн эзэн. Стандартчилал, хэмжил зүйн албаны тэргүүний ажилтан Б.Олзбаярын туулсан амьдрал сонин. Тэр их, дээд сургууль төгсөөгүй. Харин амьдралын их сургуулийг аль эрт төгссөн нь  харагддаг. Дунд сургуулиа дүүргээд Төв аймгийн ТМС-д суралцан төгсжээ. Улмаар Технологийн сургуульд суралцан тоног төхөөрөмжийн цахилгаанчин мэргэжил эзэмшээд Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон байна. “За” хэмээн зөвшөөрөх нь эрийн андгай. Б.Олзбаяр за гэвэл ёогүй зантай. Худал хуурмаг занд үнэн сэтгэлээсээ дургүй. Хөдөлмөрийн үр дүнг үзэх сайхан гэх. Бусдад хандаж “Эзэн хичээвэл заяа түшнэ” зүтгээд бай гэж зөвлөнө. Өөрөө болохоор хэлээд суух биш хийж үлгэрлэнэ. Бүтээмжийн хөдөлгөөнд идэвхтэй оролцогч хамт олны түүчээ нь. Тэр “сайн саналын системийн манлайлагч Энхтөр, Мөнгөнсор, Бат-Эрдэнэ нарын бүтээлч сэтгэлгээтэй ажилчид манайд бий” гэж бахархсан. “Анх Тооцоолон бодох ба  автоматжуулалтын цехэд хэсгийн мастер Цамба, засварчин Дамба нарын удирдлагад тэр дагалдангаар ажилласан байна. Эл хоёр буурлын үг сургаалыг бишгүй сонсож явсан аж. Түүний амьдрал шулуун дардан байсангүй, богинохон хугацаанд юм юм хийжээ. Хүндээр өвчилж, түүнийг тэвчээр заан давж, арилжаа, наймаа хийн, ашиг орлого олж явсан гэх. Амралтын хэдэн төгрөгөөрөө жижиг түц ажиллуулж эхлээд найман нэрийн дэлгүүртэй болсон замнал түүнийх. Тэр ийм л хөдөлмөрч нэгэн. Авто засварын болон мужааны багаж цуглуулах хоббитой. Түүгээрээ мужаан хийнэ. Тухайн үед ханш өндөр олон модон хаалга хийж хүмүүст зарсан юм байх. “Мотоцикль, суудлын авто машин олныг сэлбэж унасан. Агрегат засвар хийнэ. Авто машины эд ангийг өөрийн хүсэл сонирхлоор их судалсан. Энэ бүхэн миний засварчин болох сонирхлыг татсан” хэмээн  өгүүлэв. Эрдэнэт үйлдвэрийн Чанар хяналтын хэлтсийн Хэмжил зүйн алба 19 ажилтантай. Тэд үйлдвэрийн хэмжээнд ашиглаж буй хэмжих хэрэгслийн тоног төхөөрөмжийг засварлан баталгаа гаргаж өгдөг хариуцлагатай алба хашдаг. Олзбаяр худалдааны болон лабораторийн жингүүдийг шалгаж, засвар үйлчилгээ хийнэ. Үүнээс гадна үйлдвэрлэлийн хэрэгцээтэй ган бөмбөлгийн шинжилгээнд орох бэлдэц зүсдэг машин дээр давхар ажиллана. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн нарийн технологиор ган бөмбөлгөөс сорьц авч шинжилгээнд оруулна гэсэн үг. Тэр ийм ховор мэргэжил эзэмшсэн нарийн хэмжүүрийн засварчин. Химийн төв лабораторийн агааржуулалтын хөдөлгүүрийг хялбар аргаар солих ажил санаачилжээ.  Энэ нь манвиулаар эргүүлэн дээш өргөх механизм санаачлан зохион бүтээсэн аж. Мөн  жижиг бэлдэц өнгөлөх гар хавчаар санаачлан хийсэн нь ажилчдыг гар, хуруу эсгэх явдлаас урьдчилан сэргийлж, хөдөлмөрийн аюулгүй ажиллах нөхцөл бүрджээ. Сайн саналын системийн нэг зарчим нь ажлын байрны эмх цэгц. Засварчин Б.Олзбаяр багажны самбар хийж идэвх санаачилгатай ажилласныг хамт олон нь тодотгосон. Эднийх гурван хүүхэдтэй. Том хүү нь Чехэд компьютерын программист ажилтай.  Удаах охин нь Герман улсад сурдаг. Бага нь дунд сургуулийн сурагч. Хань нь оёдолчин мэргэжилтэй. Дагвын Цэвээнпүрэв гэж Ховд аймгийн харьяат бүсгүй гэнэ. Харин Олзбаяр үйлдвэрт ашиглаж буй ган бөөрөнцгийг шинжилгээнд бэлдэх жин хэмжүүрийн засвар үйлчилгээ хариуцна. Өөрөөр хэлбэл жин хэмжүүрт засвар, үйлчилгээ хийж, ажилд бэлэн болгодгоороо тэр бахархдаг. Ийм нэг эгэл даруу Нарийн хэмжүүрийн засварчин залуу бидний дунд ид хийж бүтээж явна.    Т.БАТЧУЛУУН   Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Мэдээ

     БОАЖЯ-ны хэлтсийн дарга А.Энхбатаар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрийн байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил байдалтай танилцаж, урьдчилсан дүгнэлтээ танилцуулахын зэрэгцээ зөвлөмж хүргүүллээ. Хамтарсан ажлын хэсэгт орон нутгаас аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн БОАЖГ-ын дарга С.Жаргалсайхан, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Б.Баасансүрэн, аймгийн МХГ-ын холбогдох мэргэжилтнүүд болон НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа нар орж ажилласан юм.        
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАБОХХ-ээс өнгөрсөн хугацаанд байгаль орчны нөхөн сэргээлтийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, цагаан тоосны дэгдэлтийг бууруулахаар туршилт хийсэн үе шаттай ажлуудаа тайлагналаа. Ажлын хэсгийнхэн Эрдэнэт үйлдвэр дээр ажиллахын зэрэгцээ Орхон аймгийн Говил, Жаргалант багийн иргэдийн санал, хүсэлтийг сонсож, биечлэн уулзалт зохион байгуулсан юм. Энэ удаагийн хамтарсан ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтийг холбогдох албаныхан танилцуулахдаа “Эрдэнэт үйлдвэр нөхөн сэргээлтийн ажлаа эрчимжүүлэх, ингэхдээ байгаль орчны баг бүрэлдэхүүнээ мэргэжлийн хүмүүсээр тэлэх, усны нөөц ашиглалтыг зөв зохистой хэрэглэх, цагаан тоосны нарийвчилсан хэмжилт хийх харуулын цэгийн тоог нэмэгдүүлэх, нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах тоог 1000-д хүргэх, иргэдийг мэдээ мэдээллээр хангах хэрэгтэй” гэж зөвлөлөө.
     Мөн ажлын хэсгийнхэн “Одоогоор цагаан тоосны хор уршиг юу болох, ямар өвчлөл үүсгээд байгааг тогтоосон баримт нотолгоо байхгүй байна. Тиймээс нөлөөллийн судалгаа хийх нь цаашид хийж хэрэгжүүлэх ажилд дөхөм болно” гэдгийг хэллээ. Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд цагаан тоосны асуудлаар тухай бүртээ ажил зохион байгуулж ирсэн ч үр дүн хангалтгүй байгаад санал нэгдэж, хамтарч ажиллах талаар ярилцаж эхэлсэн.
     2000 оноос хойш яригдаж эхэлсэн цагаан тоосны дэгдэлтийг бууруулахаар Эрдэнэт үйлдвэр олон туршилт хийсэн бөгөөд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 13,3 га талбайд хэрэгжүүлсэн хаягдал булангид фолкулянт хольсон хучилт илүү үр дүнтэй байсныг холбогдох албаныхан хэлж байна. Эрдэнэт үйлдвэр тогтвортой хөгжлийн цогц бодлогодоо байгаль орчны асуудлыг тусгасан. Энэ хүрээнд ажлын хэсгийнхний санал зөвлөмжийг авч, цаашид хэрэгжүүлэх ажилдаа тусгана гэдгээ үйлдвэрийн удирдлагууд хэллээ.

И.ТОГТОХ

    Орхон аймгийн удирдлагууд “Гарааны үйлдвэрлэл 2019” төслийг санхүүжүүлэх 140 сая төгрөгийг Эрдэнэт Шинжлэх Ухаан Технологийн Паркийн үйл ажиллагааны ашгаас гаргана гэдгээ мэдэгдсэн. Энэ ажлын хүрээнд гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан төслийн ерөнхий ойлголт өгөх сургалт зохион байгуулж, 73 төслөөс 19-ийг нь шалгаруулаад байна. Ингэхдээ төслийг боловсруулсан байдал, шинэлэг тал, эргэн төлөгдөх нөхцөл зэргийг харгалзан, онооны системээр дүгнэжээ.
     Дээрх төслүүдэд хийх санхүүжилтийг хүүгүй, барьцаагүй, 18 сарын хугацаатай олгоно гэдгээ албаныхан мэдэгдсэн. Гэвч энэ сарын 22-нд хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааны үеэр “барьцаагүй зээл” гэсэн ойлголтыг өөрчлөх саналтай байгаагаа хурлын дарга П.Пүрэвлхагва хэлж, “Санхүүжилт авах иргэдийн хашааны газрыг барьцаалж болно. Газар нь ч үнэлэгдэнэ. Өнөөдөр ямар ч банк хашааны газрыг барьцаанд авдаггүй” гэв. Хурлын төлөөлөгчид уг саналыг дэмжсэнээр “Барьцаатай зээл” хэмээн журамд тусгахаар боллоо. Төслийн сүүлийн шатны дүнг нийтэд нээлттэй, ил тод явуулахаар төлөвлөжээ. Дашрамд дуулгахад, Эрдэнэт ШУТП-ийн үйлдвэрлэсэн гагнуурын электродыг Эрдэнэт үйлдвэр худалдан авч, үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллаж байгаа юм.


И.ЧИНТОГТОХ

     Байгаль орчинд учрах сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Эрдэнэт үйлдвэр нөхөн сэргээлтийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, өнгөрсөн оны нэгдсэн дүнгээр үйлдвэрийн хэмжээнд 127 мянган мод тарьж ургуулжээ. “Эко Монгол” дээд сургуультай хамтран ажилласны үр дүнд оюутнуудыг дадлагажуулахын зэрэгцээ ажиллагсдынхаа мэдлэг мэдээллийг тэлж, мэргэшүүлсэн байна. Үйлдвэрийн нэн тэргүүний ач холбогдол өгч байгаа байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд Олон улсын ISO-14001:2004 стандартыг дагаж мөрдөж байна.


И.ТОГТОХ

     Эрдэнэт үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад томоохон үүрэг гүйцэтгэдэг Баяжуулах фабрикийн Эргэлтийн усан хангамжийн хэсгийн хамт олон ус дамжуулах шугаманд гарсан гэмтлийг түргэн шуурхай илрүүлж, засварлалаа. Энэ сард хоёр дахь удаагаа гэмтэл гарсан нь энэ бөгөөд чадварлаг засварчдын хүчээр фабрикийн үйл ажиллагаа доголдсонгүй.
     Хавар, намар тохиодог цаг уурын өөрчлөлтийн улмаас газар доорх шугам хоолойд гэмтэл гарах магадлал их байдгийг тус хэсгийн дарга Б.Амарсайхан хэллээ.

И.ЧИНТОГТОХ

Мягмар, 26 2-р сар 2019 00:00

Цэвэр усны хэмнэлт гаргана

     БОАЖЯ-наас 2018 оны 12-р сарын 26-нд гаргасан тушаалаар цэвэр усны ашиглалтын төлбөр тооцоог шинэчилжээ. Ингэхдээ цэвэр усны хэрэглээнд хатуу шаардлага тавьж, биелүүлээгүй тохиолдолд торгууль тавих юм. Үүнтэй холбогдуулан цехүүд цэвэр усныхаа хэрэглээнд хатуу хяналт тавьж ажиллахыг Эрдэнэт үйлдвэрийн Эрчимзүйн хэлтсээс анхаарууллаа.


И.ЧИН

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн Эрүүл ахуйн алба ажиллагсдын хувцсанд нэвтрэх тоосны түвшинг тодорхойлох, тоосны хүртэлтийг бууруулах зорилгоор 2017 онд батлагдсан дөрвөн төрлийн стандартыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн онд эрүүл ахуйн лабораторийн багаж хэрэгсэл шинэчлэгджээ. Ингэснээр тоосны хэмжилт хийх боломжтой болсон бөгөөд шинээр нэвтрүүлж байгаа багаж хэрэгслийг зөв зохистой ашиглах, холбогдох мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч ажиллахыг сануулж байна.
     Эрдэнэт үйлдвэр технологийн хувьд ажлын 8 цаг болон ээлжийн 8, 12 цагаар ажилладаг. Энэ хугацаанд хэмжилт хийж, хувь хүний сорьц цуглуулснаар тоосонд өртөж байгаа өртөлтийг нарийвчлан гаргах юм. Өртөлтийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авна гэдгээ Эрүүл ахуйн албаны дарга мэдэгдлээ.


И.ЧИН

     Эрдэнэт үйлдвэр ХХК үнэт капитал болсон ажиллагсдынхаа аюулгүй байдлыг хангаж, эрүүл мэндийг эрхэмлэх зорилгынхоо хүрээнд хэрэгжүүлж буй нэг томоохон ажил нь ажилчдын эрүүл мэндийн үзлэг шинжилгээ юм. 2018 онд цех, хэсгийн ажилтнууд товлосон хугацаандаа үзлэгт хамрагдсан бөгөөд одоогоор явц 90 хувьтай байгаа талаар Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Д.Дэлгэрбаяр мэдээлэл хийлээ. Үзлэг шинжилгээнд нийт 8538 ажилчин хамрагдах ёстойгоос 7672 нь хамрагджээ. Холбогдох албаныхан хоёр долоо хоногийн дараа үйлдвэрийн 2018 оны урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг дуусгахаар ажиллаж байна.


И.ТОГТОХ

     Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хуралдаж, 2019-2022 онд хэрэгжих “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг хэлэлцэв. Хөтөлбөрт цагаан тоосны тархалт болоод экологи эрүүл мэндийн нөлөөлөлд үнэлгээ судалгаа хийх, дэгдэлтийг бууруулах технологийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, экологийн сөрөг нөлөөллийг буруулах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ зохион байгуулах, иргэдэд үнэн бодит мэдээлэл түгээх гэсэн зорилтыг тусгажээ. Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн зүгээс цагаан тоосны дэгдэлтийг бууруулахад аль аль талдаа ажил зохиож, багагүй мөнгө зарцуулж байгааг тэргүүлэгчид онцлоод, хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэдэгт санал нэгдэв.


И.ТОГТОХ

     Баялаг бүтээгчдийн эгнээнд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж яваа үйлдвэрийн эмэгтэй ажилчдын эрх ашгийн төлөө үйлчилдэг, тэдэнд чиглэсэн олон ажил санаачлан хэрэгжүүлдэг байгууллага бол Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эмэгтэйчүүдийн холбоо. Тус холбооны тэргүүн, компанийн Тэргүүлэх хуульч З.Жаргалмаагаас ойрын үед хийж хэрэгжүүлж байгаа ажлынх нь талаар тодрууллаа.

    
- Эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагаа ил тод, нээлттэйгээр бүх гишүүддээ хүрдэг гэж бодож байна. Он гарсаар ямар ажлууд хийгдэж байна вэ?

     - Манай холбоо “Өглөөний клуб” нэртэй үйл ажиллагаа зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Клубийнхээ шугамаар долоо хоног бүр үйлдвэрийн эмэгтэйчүүдэд зориулан үр ашигтай, хэрэгцээтэй мэдээ мэдээлэл хүргэх сургалт явуулдаг байсан бол он гарсаар бага зэрэг өөрчлөлт оруулсан. Улмаар сар бүрийн эхний болон гурав дахь бямба гарагт лекц маань зохиогдоно. Өнгөрсөн долоо хоногт Засвар механикийн заводын Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран “Аарцаг нурууны булчин сулрал” сэдвээр их эмч Хажидмааг урьж оролцууллаа. Өмнөх сургалтууд эрүүл мэндийн холбогдолтой олон сэдвээр зохиогдож байсан. Амралтын өдрийн өглөө бусадтайгаа цай уух зуур нэг шинэ юм мэдээд аваасай гэсэн зорилгоор энэ уулзалт, лекцийг хийсээр ирсэн. Мөн өнгөрсөн долоо хоногт Геологи уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар дахь жендерийн бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсгээс олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулж, үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоог оролцохыг урьсан. Энэ ажлаар Улаанбаатар хотноо ажиллаж, санал бодлоо илэрхийлээд ирлээ. Ер нь төр, хувийн хэвшил гэлтгүй бүх байгууллага, уул уурхайн салбар жендерийн асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэх ёстой гэж үзсэн учраас энэ баримт бичиг боловсруулагдаж байгаа юм. Жендер гэдэг нь дан ганц эмэгтэйчүүдийн асуудал биш бөгөөд эрчүүдэд ч хамааралтай. Энэ утгаараа уурхайнууд, олон нийтийн төлөөллүүд санал бодлоо илэрхийлсэн.

    - Эмэгтэйчүүдийн баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх вэ?
    - Жил бүрийн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нь Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны хувьд бүтэн жилийн ажлаа дүгнэдэг онцлог баяр. Тиймээс бид 2018 онд ажил үйлсээрээ манлайлсан Тэргүүний салбар зөвлөл болон хамт олноосоо шилдгээр шалгарсан бүсгүйчүүдээ алдаршуулдаг. Энэ сарын зургааны өдөр тэмдэглэх баярынхаа үйл ажиллагаан дээр үйлдвэрийн хэмжээнд шалгарсан шилдэг есөн эмэгтэйг зарлана. Түүнчлэн, цех бүрээс зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж оролцдог “Энэ хүүхнүүд үү” тэмцээнээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Багууд гэрийн даалгавартаа “Сайхан нийгэм биднээс” сэдвийн дор нийгмийн хөгжлийн сайн сайхны төлөө юу санаж бодож явдаг болох санал санаачлагыг жүжигчилсэн хэлбэрээр олон нийтэд хүргэнэ. Мөн манай холбооноос эрхлэн гаргадаг “Эрдэнэтийн бүсгүйчүүд” сэтгүүлийнхээ 14 дэх дугаарыг  баярын үеэр авахаар бэлтгэж байна.

    - Баярын өдөр ээлжийн гараатай ажиллаж байгаа эмэгтэйчүүдээ өмнөх жилүүдэд баярлуулдаг байсан. Энэ уламжлалаа дагах уу?
    - Зохион байгуулагчдын зүгээс тэдгээр эмэгтэйчүүддээ хэдэн жил дараалан бэлэг өгч заншсан. Энэ уламжлалаа дагаж, ажлын байранд нь очиж хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөж байгаа. Цех бүрт эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулдаг ажлууд гэж бас бий.

    - Танай холбоо хэдэн гишүүнтэй вэ?
   - Манай холбоо 2113 гишүүнтэй болсон байна.  Энэ нь үйлдвэрийн нийт ажилтны 30 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна гэсэн үг. Холбооныхоо үйл ажиллагааг гишүүддээ төдийгүй аймгийн хэмжээнд хүмүүст хүргэхээр үйлдвэрийнхээ Олон нийттэй харилцах албаны FM 107.1-тэй хамтран ажиллаж байна. Цех, нэгжийн зөвлөлийн дарга нар лхагва гариг бүрийн өглөө “Эмэгтэйчүүдийн цаг” нэвтрүүлэгт оролцон, хийж хэрэгжүүлсэн ажил болоод бусад сэдвээр яриа өрнүүлдэг.

    - Гишүүдээсээ санал хүсэлт хэрхэн авдаг, яаж шийдвэрлэдэг үү?
    - Юу хиймээр байна, ямар хүсэлт тавих вэ зэрэг хэд хэдэн асуулттай санал асуулга бүхий нэргүй судалгааг өнгөрсөн жил авсан. Үүнээс харж байхад эмэгтэйчүүдэд маань цалинтай чөлөөний асуудал гарч ирдэг. Энэ асуудлаар тодорхой санал боловсруулж, үйлдвэрийн удирдлагуудад танилцуулахаар бэлтгэж байна. Хүүхдээ гурван нас хүрэхээс өмнө ажилдаа орсон ээжүүдэд чөлөө авах амьдралын олон асуудал тулгардаг. Энэ бүхнийг шийдэж, цалинтай чөлөөг жилд тодорхой тооны өдрүүдэд өгч байх асуудлыг хүргүүлнэ.

И.ЧИНТОГТОХ

     “Хан хуур” төслийн хүрээнд бүх нийтээрээ морин хуур хөгжим тоглож сурсан дуу бүжгийн  “Эрдэнэт” чуулгын “Морин хуур” хамтлаг бие даасан уран бүтээлийн тоглолтоо ирэх гуравдугаар сарын 29-нд хийнэ. Энэ ажлын хүрээнд тус чуулгын багш Б.Цэрэндондов морин хуур хөгжид зориулан тусгай зохиол бичиж эхэлжээ. Тоглолтонд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Шарав, Н.Жанцанноров, Ж.Чулууны хөгжим эгшиглэх юм байна.  


И.ЧИН

Мэдээний төрөл

Календарь

« 2-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      

Зургийн цомог