• Б.Болор-Эрдэнэ: Техникийн шинэчлэлийн ажлууд ирэх онд ч эрчимтэй үргэлжилнэ

       Эрдэнэт үйлдвэрээс хэрэгжүүлж буй “Хөрөнгө оруулалт-2019” хөтөлбөрийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт, техник технологийн шинэчлэлийн ажлууд  хийгдэж байна. Эдгээр ажлын явц, гүйцэтгэл, ирэх оны зорилтын талаар Баяжуулах үйлдвэрийн Механикийн албаны дарга Б.Болор-Эрдэнээс тодруулж, ярилцлаа.          - Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд Хөрөнгө оруулалтын жилийн ажлын явц хэрхэн өрнөж байна вэ?    - Баяжуулах үйлдвэрийн хамт олон энэ онд хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт, техник технологийн шинэчлэл хийхээр төлөвлөн ажиллаж байгаа.Технологийн дарааллаар яривал, механикийн чиглэлээр бутлах тоног төхөөрөмжийн КМД-13 бутлуурыг АНУ-д үйлдвэрлэгдсэн Metso компанийн МР800 бутлуураар солих ажлыг эхэлсэн. Бутлуур бүрэн шинэчлэх энэ ажлыг ирэх 12 сарын 1-нд дуусгахаар төлөвлөж байна. Мөн хүдэр нунтаглалтын тээрмийн хувьд бөмбөлөгт тээрэм дээр  МШЦ 5.5*6.5 маркийн №7 дугаар тээрмийг солих ажил өнгөрсөн сарын сүүлээр эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, уг тээрэм солих ажил төлөвлөгөөний дагуу угсралт хийгдэж байна. Өөрөө нунтаглах хэсгийн ММС90*30 №1 тээрмийг солихоор энэ оны засварын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгасан боловч одоогоор нийлүүлэлт хийгдээгүй байна. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтэд өөрчлөлт орж болзошгүй нөхцөл үүсч байгаа. Бидний зүгээс бүхий л шаардлагатай бэлтгэл ажлыг хангасан ч тээрэм өнөөг хүртэл ирээгүй. Үүнийг хэлэх нь зүйтэй байх. Урьдчилсан байдлаар 12 сарын эхний 7 хоногт ОХУ-аас наашаа ачигдана гэсэн мэдээ ирсэн. Хөвүүлэн баяжуулалтын чиглэлээр бид энэ онд томоохон ажлууд төлөвлөөд, гүйцэтгэж байна. Молибдений шинэ флотацийн секц барьж байгаа. Үндсэндээ механик болон цахилгаан талын ажил дууссан. Биелэлт 90-95 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнөөдрөөс FLSmidth компаниас холбогдох мэргэжилтнүүд ирж, нийлүүлэгч талаас хариуцах нарийн тохируулгын ажлыг эхлүүллээ. Энэ ажлыг ирэх сарын эхээр дуусгахаар төлөвлөсөн.  Дараагийн бас нэг том ажил Шүүн хатаах хэсгийн молибдений даралтат шүүлтүүр суурилуулах ажил байгаа. Энэ сарын эхээр уг ажил эхлээд, төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Тоног төхөөрөмж нь бэлэн болсон. Одоогоор суурийг нь угсарч байна. Ирэх сарын дундуур дуусгаж, залгахаар төлөвлөж байгаа. Мөн нийлүүлэгч компанийн мэргэжилтнүүд ирж, ажиллана. Техникийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлуудын тухайд ийм байна.    - Молибдений флотацийн шинэ секц барьж байгаа. Үүнийг ашиглалтад оруулснаар ямар ач холбогдол өгөх вэ?   - Нэгдүгээрт, энэ шинэ секцийн флотмашинууд нь бүрэн автоматжуулагдсан, битүү учир тухайн ажлын байрны нөхцөлийг сайжруулна. Учир нь хуучин секц дээр задгай флотмашинууд нь маш халууны улмаас уур дэгдэн, янз бүрийн урвалжууд нь ажилчдад шууд сөргөөр нөлөөлж байсан. Хоёрдугаарт, үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг нэмэгдүүлнэ. Гуравдугаарт, хүдэр боловсруулалтын хэмжээ нэмэгдэхэд молибдений флотаци асуудалгүй жигд ажиллах боломж бүрдэнэ. Нөгөө талаас бүтээгдэхүүний чанарт сайн нөлөөтэй. Ийм давуу талуудыг олж харсаны үр дүнд энэхүү техникийн шинэчлэлийг хийж байна.     - Танай цехэд шаардлагатай импорт орлох бүтээгдэхүүн буюу тоног төхөөрөмжийн эд ангиудыг Засвар механикийн заводад үйлдвэрлэх боломжтой. Зарим нэр төрлийг нь үйлдвэрлэж байгаа. Энэ чиглэлд хэрхэн хамтарч байна вэ?    - Мэдээж, энэ тун чухал асуудал. Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилтыг бид аль аль нь хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Өнгөрсөн онд  Баяжуулах үйлдвэрийн туузан конвейруудын роликийг Засвар механикийн заводад манай захиалгаар үйлдвэрлэж эхэлсэн. Энэ онд бид ийм ролик гаднаас огт аваагүй. Учир нь Засвар механикийн заводын үйлдвэрлэж нийлүүлсэн роликууд манай хэрэгцээг бүрэн хангаж буй. Энэ бол маш талархууштай, үр дүнтэй хамтын ажиллагаа гэж хэлмээр байна. Мөн бид хавтант тэжээгүүрүүдийн хавтанг захиалж хийлгэж байна. Энэ онд бид гурван ширхэг иж бүрдэл хавтанг Засвар механикийн заводад хийлгэж, авч тавьсан. Бас их үр дүнтэй ажил болсон. Чанарын шаардлага хангаж байгаа. Тиймээс цаашид үүнийг ЗМЗ-д   үйлдвэрлээд, нийлүүлээд явах бүрэн боломжтой гэдэг нь харагдсан. Цаашлаад Warman төрлийн булинга шахах насосны эд ангийг үйлдвэрлэх талаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Бид саяхан Хятад улсын зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн. Тэнд хийж байгаа зарим бүтээгдэхүүнүүдийг манай үйлдвэрт үйлдвэрлэх боломжтой нь харагдаж байсан. Иймд Засвар Механикийн Заводын мэргэжилтнүүдийг тусгайлан импорт орлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор машин үйлдвэрлэлийн зарим үйлдвэрүүдтэй танилцуулж, Орхон аймгийн аж үйлдвэрлэлийн паркийн үйл ажиллагаатай уялдуулан цогц төлөвлөгөө гарган ажиллах боломжтой гэж үзэж байна.       - Ирэх сард хэд хэдэн шинэчлэлийн ажлууд дуусаж, ашиглалтад орох юм байна. Энэ онд хийхээр төлөвлөсөн их засварын ажлуудын явцыг дүгнэвэл?    - Тоног төхөөрөмжийн шинэчлэлийн бүх ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байгааг дахин онцолж хэлье. Энэ оны 4 дүгээр улиралд манайхан ачаалалтай ажиллаж байна. Энэ нь нэг талаас үйлдвэрлэлийн төлөвлөгөө, нөгөө талаас тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлууд давхар хийгдэж байгаа. Гэсэн ч манай цехийн хамт олон 12 сарын 14-нөөс өмнө томоохон шинэчлэлийн ажлуудаа дуусгаж, хүлээлгэж өгнө. 2019 онд бид их засвараар 15 ажил хийхээр төлөвлөсөн. Гүйцэтгэл 85 хувьтай байна.     - Энэ онд хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтууд олон хийгдлээ. Ирэх онд ямар ажлууд төлөвлөгөөнд тусгагдсан байгаа вэ?    - Мэдээж, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл үргэлжилнэ. Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахын зэрэгцээ шинэчлэлийн ажлуудаа хийнэ. Бутлан тээвэрлэх хэсэгт бутлуурын шинэчлэлийг хийснээр бутлагдсан хүдрийн бүхэллэгийг бууруулж, улмаар цахилгаан эрчим хүч, ган хуягны  зарцуулалтыг багасгах боломжтой гэж харж байгаа. Тиймээс ирэх онд бид хоёр бутлуур болон 4 дүгээр тээрмийг солихоор төлөвлөсөн. Хүдэр боловсруулалтын төлөвлөгөө өсөж байгаа тул үүнтэй уялдуулан засварын цаг нэлээд буурна. Тиймээс 2020 онд засвар үйлчилгээнд ашиглаж буй багаж хэрэгсэлдээ анхаарч, механикжуулах ажлыг эрчимтэй хийнэ. Ирэх оны хоёрдугаар улиралд  Өөрөө нунтаглах хэсгийн ММС тээрмийг солих ажил эхлэнэ. Мөн КМД3000Т2-ДП №12   бутлуурыг Metso компанийн МР800 бутлуураар солино. Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ 5.5*6.5 маркийн №4 дүгээр тээрмийг шинэчлэн солих ажил хийгдэнэ. Түүнчлэн зарим үндсэн конвейрийн хөтлөх механизмыг Герман улсад үйлдвэрлэгдсэн SEW Eurodrive компанийн хөтлөх механизмуудаар солих ажлуудыг  эрчимтэй хийхээр төлөвлөж байна. Энэ бүх техникийн шинэчлэл нь хүдэр боловсруулалтын хэмжээг нэмэгдүүлэхэд үйлдвэрлэлийн  тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах гол хөшүүрэг болно. Тиймээс үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэх хэрээр техникийн шинэчлэлийн ажил хурдацтай эрчимтэй хийгдэх шаардлагатай юм.    М.Балжинням Фото Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд бүгд биелжээ

       Баялгийг бүтээгч Эрдэнэт үйлдвэрийн хамт олон  11-р сарын эхний арав хоногийн байдлаар үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээ 100-135.1 хувиар биелүүлэн ажиллаж байна.     Уулын цул гаргалт 104.9 хувь, хөрс хуулалт 101.3 хувь, хүдэр олборлолтын төлөвлөгөөг 109 хувиар биелүүлжээ. Хүдэр дэх металлын агуулга зэсээр 101.5 хувь, молбиденоор 125,1 хувиар биелүүлсэн бол  металл авалт зэсээр 100 хувь, молибденоор 135.1 хувь , баяжмал дах металлын агуулга зэсээр 100.8 хувь, молибденоор 103.1 хувиар тус тус биелжээ.    Тайлант хугацаанд ачигдсан зэсийн баяжмалын чанар 100.8 хувь бол ачигдсан зэсийн баяжмал дахь металл 103.9 хувь, ачигдсан молибдены баяжмалын чанар 103.1 хувьтай биелжээ.    Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн хамт олон төлөвлөгөөт даалгавруудаа амжилттай биелүүлэн ажиллаж байна.     А.Бямбамаа   Дэлгэрэнгүй...
  • Н.МАНЧУК: Гадаад харилцаагаа тэлж, оюутнуудаа сургаж дадлагажуулахад анхаарна

       Технологийн сургуулийн Сургалт хариуцсан орлогч захирал Н.Манчуктай тус сургуульд ойрын үед өрнөж буй үйл явдал хийгээд хэтийн зорилтын талаар ярилцлаа.      - Энэ хичээлийн жилд танайд хэчнээн оюутан сурагч суралцаж байна вэ?    - Манай сургууль 2019-2020 оны хичээлийн жилд 164 оюутан, сурагч, суралцагч элсүүлж авсан. Үүнээс ахлах сургуульд 41, мэргэжлийн анхан шатны боловсрол олгох сургалтын нэг жилийн ангид 27, бакалаврын сургалтад 68, магистрт 28 оюутан  элсэж, одоо 728 оюутан сурагч суралцаж байна. Өнгөрсөн хичээлийн жилд 117 оюутан сурагч төгссөн.    - Ахлах сургуульдаа Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Энэ талаараа ярина уу?    - Бид Олон улсын Кембрижийн хөтөлбөрийн зөвлөлд хүсэлт явуулсан. Хүсэлтийг маань хүлээн авч хөтөлбөр хэрэгжвэл найман хичээл англи хэл дээр явагдана. Үүнтэй холбоотой ирэх оны нэгдүгээр сард Францаас математикийн ухааны доктор, түүнчлэн гадаадын хэд хэдэн багш урьж, багш нартаа туршлага судлуулахаар зэхэж байна. Одоо бид 10-12-р ангид сургалт явуулдаг энэ хөтөлбөр хэрэгжвэл 9-12-р ангид сургалт явуулах юм.    - Технологийн сургуулийн Боловсролын магадлан итгэмжлэлд орох явц аль шатанд явна?   - Өнгөрсөн хичээлийн жилээс бид тайлангаа бичиж, энэ оны гуравдугаар сард Боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлд  хүсэлт гаргасан. Тавдугаар сард манай сургууль өөрийн үнэлгээний тайлангаа явуулсан. Ингээд 10-р сарын 16-18-нд БМИҮЗ-ийн зохицуулагч, гурван шинжээч манай сургууль дээр ажилласан. Тэд манай өөрийн үнэлгээний тайлантай холбоотой баримт материалтай танилцаж, сургуулийн багш, оюутнууд, төгсөгч, ажил олгогчидтой уулзаж, сургуулийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ нь манай сургуульд гурав дахь удаагаа явагдаж байгаа магадлан итгэмжлэл. 2002 онд анх удаа, 2009 онд хоёр дахиа магадлан итгэмжлэлд орсон. Одоо 10 жилийн дараа гурав дахиа магадлан итгэмжлэлд орж байна.    - Магадлан итгэмжлэлийн дүн хэзээ гарах вэ?    - Шинжээчид бидэнд зөвлөмжөө хараахан ирүүлээгүй байна. Шинжээчдийн зөвлөмжийн дагуу бид шалгуур бүр дээр сайжруулалт хийгээд буцааж явуулна. Түүний дараа шинжээчид тайлангийн үр дүнг комисст хүлээлгэн өгнө. Комиссын шийдвэрээр манай сургууль магадлан итгэмжлэгдэх эсэхийг шийднэ. Төлөвлөгөөт хугацаагаар 12-р сард багтаад шийдвэр гарчих байх.    - Технологийн сургуулийн ирээдүйн талаар таны бодлыг сонсъё?    - Манай хамт олон Олон улсын судалгаанд суурилсан институт болох зорилттой ажилладаг. Үүний тулд эхний ээлжинд гадаад харилцаагаа тэлэх ёстой. Гадаадад үнэлэгдэж байж л олон улсын институт болно. Ингээд хамтран ажилладаг байгууллагуудтайгаа гадаадын тэтгэлэг олгох тухай яриа хэлэлцээр хийж байна. Өнгөрсөн хичээлийн жилээс бид Японы Нагоя, Акита их сургуулийн профессорыг урьж оюутнууддаа хичээл заалгасан. Японы Засгийн газраас зардлыг нь дааж Sakura science хөтөлбөрөөр өнгөрсөн хавар манай нэг оюутныг дадлагажуулсан. Энэ жил Sakura science хөтөлбөрөөс дахин нэг хүүхдэд тэтгэлэг олгосон. Ирэх 1-р сард явах юм. Мөн ахлах сургуулиас Хятад улс руу нэг жилийн хугацаатай хэлний сургалтад төлбөргүй сургах тэтгэлэг зарласан. Одоогоор явах сурагч нь тодроогүй байна. Гадаад харилцаагаа тэлж, оюутнуудаа гадагш явуулж сургах, дадлагажуулахад анхаарч байгаа.    - Япон  улсын сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж  байна уу?   - ШУТИС Японы сургуулиудтай нэлээн өргөн харилцаатай. Хамтын ажиллагаатай сургуулиудад оюутнууд нэг жил хүртэлх хугацаагаар төлбөргүй суралцах боломж байдаг. Энэ боломжийг сургуульдаа авчрахаар зорьж байна. Оюутнууд 7 хоног ч гэсэн гадагш яваад ирэхэд л “нүд тайлагдаж” гадаад хэл үзэж тэнд суралцах хэрэгтэйг маш сайн ойлгодог. Манай сургууль хэлний төвтэй болохоор боломж харьцангуй их. Сурч буй мэргэжлээрээ Японд дадлага, судалгааны ажил хийх, дипломын ажлаа бичээд ирэх ч боломж бий.    - Оюутан сурагчдын гадаад хэлний боловсролд хэрхэн анхаарч байгаа вэ?    - Сүүлийн үед нэг хоёрдугаар курсээс хэлний сургалтад суралцуулж төгсөхөөс нь өмнө гадаад хэлний шалгалт авдаг болсон. Өөрөөр хэлбэл гадаад хэлний шалгалтаа давж байж диплом хамгаална. Ингэж “шахсанаар” тухайн оюутанд гадаадын их сургуульд сурах боломж нэмэгдэнэ. Эрдэнэтийн хүүхдүүд АНУ-ын Аляска Фейрбанксын их сургуульд тухайн орон нутгийн сургалтын төлбөрөөр суралцах боломжтой. Ихэнх орнууд гадаадынхныг өндөр төлбөртэй сургадаг. Тухайн орон нутгийнхаа иргэний адил төлбөрөөр суралцах нь ихээхэн хямд тусдаг. Манай сургуульд сурч байгаа Эрдэнэтийн хүүхдүүдэд ийм боломж өндөр байгаа.    - Оюутны мэдлэг чадвар, чадамжийг сайжруулах чиглэлээр танай сургууль хэрхэн ажиллаж байна?    - Оюутны мэргэжлийн мэдлэг, чадвар багшаас шалтгаална. Мөн сургалтын хөтөлбөртэй ч бас холбоотой. Нөгөөтэйгүүр бид сайн оюутан элсүүлж, чанартай боловсон хүчин бэлтгэх зорилготой байгаа. 2018 оноос манай сургууль босго оноогоо 500 болгосон. ШУТИС-ийнх 450 байдаг. Тэгэхлээр манай босгыг давсан л  бол мундаг хүүхэд. Бид  үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулаад гурван жил болж байна. Долоон хөтөлбөрөөс гурвыг нь эцэслэсэн. ШУТИС-ийн хөтөлбөрийн ерөнхий хороо дэмжсэн. Одоо ШУТИС-ийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэхийг хүлээж байгаа. Дэмжигдвэл сургалтдаа эдгээр хөтөлбөрөө хэрэгжүүлнэ.    - Япон улсад суралцсан хүний хувьд манай оюутнуудад тэднээс юуг авч  хэрэгжүүлмээр санагдсан бэ?   - Монгол хүүхдүүд чөлөөтэй, задгай сэтгэдэг. Юмыг  аль ч талаас нь харж чаддагаараа япончуудаас давуу талтай. Төлөвлөдөггүй, цагийн юмыг цагт нь хийдэггүй дутагдал манайханд бий. Үүнийгээ засаад төлөвлөгөөтэй, аливаад дүрмийг чанд баримтлаад сурчихвал манай оюутнууд хэнээс ч хоцрохгүй.    Японы хамгийн олон Нобелийн шагналтан төрөн гарсан Нагоягийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн бүсгүй Н.Манчук ШУТИС-д багшлахын зэрэгцээ Нагоя их сургуулийн байгуулсан лабораторийн захирлаар ажиллаж байжээ. Орон нутгийн салбарт ажиллаж, сурсан эрдмээ залууст түгээх хүсэлдээ хөтлөгдөн сонгон шалгаруулалтад орсноор 2018 оны гуравдугаар сард энд ирсэн. Гадаад харилцаагаа өргөжүүлж, улмаар судалгаанд суурилсан олон улсын институт болох Технологийн сургуулийнхаа зорилтыг хэрэгжүүлэхэд  өөрийн хувь нэмрээ оруулна гэж тэр итгэлтэй хэлсэн юм.   Я.Энхтуяа Дэлгэрэнгүй...
  • “Залуу ажилтны сургалт” боллоо

       Өнгөрсөн баасан гарагт Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех “Залуу ажилтны сургалт” зохион байгууллаа. Сургалтын эхэнд тус цехийн дарга З.Бямба-Од цех, хэсгийнхээ үйл ажиллагаа,онцлогийн талаар мэдээлэл хийв. Уг сургалтад 35 хүртэлх насны 99 ажилтан хамрагдсан бөгөөд “Байгууллагын хөгжилд-Залуучуудын оролцоо”, “Залуу үе-Төлөвшил”, ХАБЭА-н манлайлал” зэрэг сэдвээр Хөгжлийн хэлтсийн Бүтээмж инновацын мэргэжилтэн Л.Уранцэцэг, Эрдэнэт сургуулийн ахлах багш,сэтгэл судлалын ухааны магистр Б.Уламбаяр, ХАБЭА-н хэлтсийн Тэргүүлэх инженер Ц.Оргил нар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Энэ үеэр тус цехийн лаборант Б.Бота, дээж авагч Б.Шүрэнцэцэг, засварчин Д.Батзориг нарыг Орхон аймгийн хүндэт тэмдгээр  шагналаа. Эрдэнэт үйлдвэрийн ажилтныг шагнаж урамшуулах журмын дагуу тэдэнд тус бүр 100 мянган төгрөгийн мөнгөн шагнал олгов.   Т.Батчулуун                 Дэлгэрэнгүй...
  • ОУХМ Д.ЦАГААН-ЭРДЭНЭ: Эрдэнэт бол волейболын спорт дээд зэргээр хөгжсөн хот

       Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн дарга, Монгол Улсын гавьяат уурхайчин, волейболын спортын ОУХМ Д.Цагаан-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.      - Монголын волейболын Үндэсний дээд лигийн тэмцээн Эрдэнэтэд явагдаж байна. Тэмцээний талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?     - “Эрдэнэт” нийгмийн хариуцлагатай жишиг үйлдвэрийн хувьд спортыг байнга дэмжиж ирсэн уламжлалтай. Энэ удаа Эрдэнэт үйлдвэр Монголын волейболын Үндэсний дээд лигийн тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Волейболын лигийн тэмцээнийг хүмүүс хамгийн их үздэг байсан. 2012 оноос хойш волейболын лигийн тэмцээн завсарласан. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монголын волейболын холбооны Ерөнхийлөгчөөр 12 жил ажилласан байдаг. Энэ хүн тус холбооны удирдах зөвлөлийн гишүүний хувьд уг тэмцээнийг дахин сэргээн, удирдан зохион байгуулсанд баяртай байна. Эрдэнэт хот, үйлдвэрийн баг, Монголын волейболын холбооны таван удаагийн аварга, залуучууд, идэрчүүдийн Улсын аваргын тэмцээнд зургаан удаа түрүүлж дээд амжилт тогтоосон.  Бидний энэ буухиаг үргэлжлүүлж Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” багийн найм дахь үеийн тамирчид тус тэмцээнд оролцож байгаад сэтгэл өег явна.     - Таныг нэгэн үед Ховдын, Эрдэнэтийн Цагаанаа хэмээн волейбол сонирхогчид нэрлэж явсан юм билээ. Хэзээнээс та волейболын спортыг сонирхож эхэлсэн бэ?    - 1971 онд би Ховд аймгийн улсын баяр наадмын хүүхдийн барилдаанд түрүүлсэн юм. Аймгийн “Шонхор” цол аваад нэлээн урамшсан. Ер нь бөх болох мөрөөдөл тээж явлаа. Монгол улсын арслан Шаравын Ванчинхүү миний нагац. Аав маань аймгийн заан цолтой хүн байлаа. 1971 онд Монгол улсын волейболын үндэсний шигшээ баг дөрөв дэх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод тарсан байдаг. Тэгэхэд волейболын спортын үндэсний  шигшээ багийн гишүүн А.Кингисхан багш Ховд аймагт ирж ажиллаж амьдарсан юм. Энэ хүний тоглолтыг биширснээр эчнээ шавь нь болж, бөхөө орхиод эргэлт буцалтгүй волейболын тамирчин болохыг мөрөөдөж эхэлсэн. ОУХМ А.Кингисханы тоглолтын өвөрмөц довтолгооны техникүүдийг  харж, өөрийн болгосон. Ховдод тухайн үед волейбол их хөгжсөн. Зун лагерьт албан байгууллагаараа нэгдээд волейбол байнга тоглоно. Би хүүхэд байсан болохоор гарсан бөмбөгийг нь зөөж өгнө. Гурван удаа бөмбөг авчирсан тохиолдолд нэг удаа бөмбөг давуулах эрх надад олгодогсон. Ингэж л би энэ спортод багаасаа дур сонирхолтой болж, бие сэтгэлээ зориулсан хүн дээ.    - Та оюутан болоод волейболын спортоор хичээллэсээр л байсан уу?    - Тэгэлгүй яахав. Дархан хотод оюутан болсон. Энэ үед миний тоглолт арай өөр болчихсон байлаа. Дарханд нэлээн сайн тоглогчид байсан. Ихэвчлэн багш нартайгаа тоглоно. Эндээс миний волейболчин болох гараа эхэлж залуучуудын шигшээ багийн тамирчин болсон юм. Тэгээд гурван жилийн дараа Дархан хотын политехникумыг баяжуулагч-техникч мэргэжлээр төгссөн. Бид  дөрвөн жил сурах байсан ч яамны бодлогоор нэг жилд нь ОХУ-ын ижил төстэй үйлдвэрт мэргэжлээр нь ажиллуулах шийдвэр гарсан юм. Тухайн үед намын хорооны товчооны гишүүд хүн нэг бүрийг авч хэлэлцдэг байлаа. Тэгээд Ц.Одсоргочоо, бид хоёрыг ОХУ уруу явуулаагүй. Хожим удирдах ажилтан бэлтгэх сургалтад ОХУ руу явуулна гээд Сургалтын төвийн багшаар томилсон. Сургалтын төвийн анхны баяжуулагчдыг  бэлтгэхэд хоёр жил гар бие оролцож явлаа. Дараа нь Эрдэнэт үйлдвэрт ээлжийн мастераар ажиллаж, миний ажил амьдралын замнал үргэлжилсэн дээ.          - Эрдэнэтийн волейболын шигшээ багийн тамирчин болсон дурсамжаасаа хуваалцана уу?    - Эрдэнэтэд ирээд волейболчдоо эрж сурахгүй юу. Спорт сонирхогч, МАНЗ-ын орчуулагч Нямаасүрэн гэж хүн намайг Санжмятавтай уулзахыг зөвлөсөн л дөө. Тэр хүн намайг сагс тоглохыг харсан юм билээ. 35-р баазын жолооч Эрдэнэ-Очир, Р.Санжмятав нартаа нэгдээд баг бүрдсэн. 1976 онд Эрдэнэт, Булган аймгийн хороо байсан юм. Манай баг 10 сард Булган аймгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Энэ үеэр Булган аймаг, Р.Санжмятав бид хоёрыг шигшээ багтаа авсан. Хойд бүсийн тэмцээнээс Булган аймгийн шигшээ баг шалгараад улсад өрсөлдсөн. Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхдаа Ж.Дарьбазар багштай танилцсан. Хавар нь багш Эрдэнэтэд ирж амьдарсан. Тэгэхэд л би их баярласан санагддаг. Багштайгаа нэг багт тоглох болсонд тэр. Цагаан, Жамба, Содномрэнцэн, Санжмятав, Эрдэнэ-Очир нарын хүмүүсээр Эрдэнэтийн анхны волейболын баг бүрдэж байлаа. Энд Хялганатын Б.Зулбаатар, 10-н жилийн дунд сургуулийн сурагч Б.Сүхбаатар нар багтсан. 1979 онд Бүх ард түмний спартакиад Төв аймагт болсон юм. Эндээс манай баг шалгараад Улаанбаатарт  Хөдөлмөр нийгэмлэгтэй  хүрэл медалийн төлөө тоглоод шүүгчийн булхайгаар ялагдсан. Дараа жил нь манай баг Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсан. Өөрөөр хэлбэл Эрдэнэт хотын анхны спортын баг хүрэл медаль авсан түүх ийм.       - Таны тоглолтын ур чадварт юу нөлөөлсөн гэж боддог вэ?   - Эрдэнэтийн барилгын “Медимолибден строй”-д ОХУ-ын 15 ресбупликээс ирсэн 26 мянган барилгачид ажиллаж байлаа. Тэдэн дунд хотынхоо шигшээ багт тоглож явсан аваргууд ирсэн нь Эрдэнэтэд волейболын спорт хөгжихөд түлхэц болсон. Сайхан өрсөлдөөнтэй ч байж. ОХУ-ын ОУХМ Белов.М.Е, спортын мастер Лебедев.А.С, Кулик.И.Б, Янченко.С, Иваник.А.Д, Баярчук.А. нарын дүр төрх, тоглолтын арга барил нь миний сэтгэлд тод үлджээ. Эдгээр мастеруудтай тоглоход манай баг шагналт байр л эзэлдэг байлаа. Тэгэхэд улсын аварга шалгаруулах тэмцээнд манай баг гуравдугаар байр эзэлж байх жишээтэй.  Ер нь мастеруудтай тоглож явсан маань бидний ур чадварт их нөлөөлсөн. 1984 онд манай баг Улсын аваргаас хүрэл медаль хүртсэн. 1985 онд волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэтэд болсон юм. Энэ тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Финалын тоглолтод заал хөл гишгэх зайгүй үзэгчдээр дүүрчихсэн байлаа. Жил бүр волейболын шигшээ багаас шилдэг 12 тамирчныг шалгаруулдаг уламжлалтай байсан. Миний бие оны шилдэг волейболчноор  дөрвөн удаа шалгарч явлаа. 1986 онд манай баг Дарханд болсон УАШТ-ээс хүрэл медаль авч амжилтаа бататгасан. 1988 онд Эвлэлийн төв хорооны цомын төлөөх тэмцээнээс  мөнгөн медаль хүртсэн. Манай баг ЗХУ-ын (хуучнаар) Эрхүү, Улан-Удэ, Новосибирск, Красноярск хотод Олон улсын тэмцээнд оролцож шагналт байр эзэлж байлаа. Манай үйлдвэр тасралтгүй үйл ажиллагаатай. Надад ажлаас чөлөө олгодоггүй байсан. Ажлаа хийж яваад л тэмцээнд орчихно. Дарханд болсон тэмцээнд хотын дарга Цэвээний цохолттой бичгээр, Д.Лхагвасүрэн захирлаас зөвшөөрөл авч оролцож явсан маань тод санагдаж байна. Ер нь би ажлын онцлогоос шалтгаалаад волейболын спортоос эрт хөндийрсөн. Манай баг ахмадын улсын аваргаас олон медаль авсан. Бидний энэ амжилтыг Эрдэнэтчүүд мэдэх байх аа. Эрдэнэт бол волейболын спорт дээд зэргээр хөгжсөн хот. Дээр нэр дурдсан Ж.Дарьбазар багштай, манай баг оросын мастеруудтай өрсөлдөж байсан нь волейболын спортыг сурталчилсан. Хүүхэд, залуучууд ч волейболын спортыг их сонирхох болсон доо. Ц.Хүүхэндүү, Г.Жадамбаа, Т.Батсүх нарын сайн багш нар ч их нөлөөлсөн. Энэ хүмүүс волейболын спортыг Эрдэнэтэд хөгжүүлж ирснийг хэлэх ёстой.        - Таны бодлоор волейболын спорт ямар хүчин зүйлийг бүрдүүлдэг вэ?   - Орчин үеийн хэллэгээр волейболын спорт багаар ажиллах боломжийг бүрдүүлдэг. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн зарчимтай. Өөрөөсөө гадна бусдыгаа гэсэн сэтгэлтэй болдог. Бие бялдрын өв тэгш хүмүүжил олж авдаг. Волейболын тамирчид өөрсдөөрөө бусдыг үлгэрлэдэг. Багийн спорт. Тухайн үед олон газраас ирсэн, янз бүрийн санаа бодолтой залуус нэг спортын төлөө нэгдэж амжилтад хүрэх амаргүй байлаа. Тэгэхдээ бид чадсан. Одоо ч манай баг хамт олон сайхан харилцаатай явдаг. 1980 онд анхны хүрэл медаль авсан багийнхаа нэг хүнийг жилд алдаршуулдаг уламжлалтай. Өөрөөр хэлбэл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран нэг тамирчны ажил амьдрал, спортын амжилтыг олон нийтэд сурталчилдаг. Орос ах нартайгаа хамтран тоглож явсан. Орос хоёр тамирчинтайгаа дөрвөн удаа түрүүлсэн амжилтаараа Эрдэнэтийн баг,  Монголын волейболын спортын шилжин явах цомыг үүрд хадгалах эрх авч байлаа.     - Волейболын спортын довтлогчийн онцлог юу вэ?    - Өргөсөн бөмбөгийн эсрэг 2-3 хүн хаалт тавихад хоромхон хугацаанд хааш нь цохихоо мэдэрдэг. Миний хувьд ОУХМ А.Кингисхан багшийн буянаар довтолгооны бүх арга техникийг эзэмшиж чадсан. Өргөлт голохгүй цохих, ширвэх гээд волейболын довтолгооны арга техник нарийн л даа. Нэгэн цагт Монголд А.Кингисхан багш,бид хоёр л араараа цохих техник эзэмшсэн байлаа. Энэ дэгс үг биш. Волейболын спортын  довтолгооны хамгийн өвөрмөц нарийн дахин давтагдахгүй техникүүдийг эзэмшсэн гэсэн үг.     - Таныг аль эрт спортын мастер авчих байсан гэдэг. Өөрийнхөө ур чадварт эрдэж явсан үе байна уу?     - Монголын волейболын нэг номерын тамирчин Дэмбэрэлсайхан хуурлаа, хуурлаа гээд байхгүй юу.  Тэгэхээр нь ингэж хуурдаг юм уу гээд цохичихсон чинь элгэн дээр нь бөмбөг ойгоод гэдрэгээ уначихаж билээ. Тухайн үеийн Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгч Цэнд-Аюуш гуай Монголын нэг номерын волейболын тамирчныг доромжилсон гээд надад спортын мастер цол олгоогүй. Уг нь надад дэвжээн дээр нь спортын мастер цол олгохоор ярьж байсан юм билээ.(Инээв.) Энэ явдал залууст сургамжтай л юм.    - Та бүхний залгамж залуучуудын талаар юу хэлэхсэн бол…?    - Бидний дараа үеийн тамирчид бол Харх клубынхэн. Тэд Монгол улсын волейболын дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлсэн. Энэ бол том амжилт.    - Баярлалаа.   Т.Батчулуун Дэлгэрэнгүй...
  • Б.НЯМЛХАГВА: Шинэ найз нөхөдтэй болж, цагийг хөгжилтэй өнгөрүүлж байгаа нь бүсгүйчүүдэд их таалагдаж байх шиг байна

       Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагнийн цогцолборын багш, уран бүтээлчид уурхайчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амралтын өдрүүдэд хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ анхаарахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 10 дугаар сараас “Заавал сурах 10 бүжиг”-ийн сургалт явуулж эхэлжээ. Бүжиг сонирхож, бие бялдраа хөгжүүлэхээр 100-аад уурхайчин тус сургалтанд хамрагдаж байна. Бүжгийн урлагийн гайхмашгийг мэдрүүлсэн тус сургалтын талаар Соёл, урлагийн цогцолборын бүжиг ангийн багш, бүжигчин Б.Нямлхагватай ярилцлаа.        - Уурхайчдыг хөдөлгөөний дутагдлаас хамгаалах зорилгоор та бүхний эхлүүлсэн ажил үр дүнгээ хэрхэн өгч байна вэ?    - Соёл урлагийн цогцолбороос санаачлан хэрэгжүүлж байгаа “Заавал сурах 10 бүжиг”-ийн ангид Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны гишүүд маш идэвхтэй хамрагдаж байна. Сургалт эхэлснээс хойш суралцагчдын тоо нэмэгдсээр 100-д хүрчихлээ. Долоо хоног бүр шинэ бүжиг заадаг. Өнөөдрийн байдлаар зургаан бүжиг зааж сургаад байна.  Ажлын өдрүүдийн Лхагва, Пүрэв гаригт суралцагч нар маань Соёлын ордон дээрх  цэнгээнт бүжигт орох боломжтой. Шинэ бүжиг сурахын зэрэгцээ шинэ найз нөхөдтэй болж, цагийг хөгжилтэй өнгөрүүлж байгаа нь бүсгүйчүүдэд их таалагдаж байх шиг байна. Бүжиг хүнд хамгийн их кайф өгдөг зүйл. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг дээ. Сурахын төлөө өөрийгөө дайчилж яваа бүсгүйчүүдээ урамшуулахыг л хичээдэг.      - Ямар бүжгүүд заасан бэ? Шинэ оны босгон дээр тайлангаа тавих уу?   - Задгай цагаан, хүмүүн төрөлхтөн, гурван тамирын уянга, фолька, ёохор, чардаш бүжгийг заасан. Амралтын өдрүүдэд тогтмол 50-60 хүнтэй хичээллэж байна. Нэг бүжигнээс хоцорчихвол заалгаж байж санаа нь амардаг хүмүүс. Бид 12 дугаар сард тайлангаа тавьж, бүжигчдээсээ шалгалт авна. Нийтийн цэнгээнт бүжиг өнөө цагт заавал байх ёстой зүйлийн нэг болсон. Энэ чиглэлээр Соёл, урлагийн цогцолбор санаачилга гарган, сайн дураар бүжиг сурах сонирхолтой үйлдвэрийн ажилтнуудаа дэмжиж байгаа нэг хэлбэр юм.    - Бүжгийн багш хүртлээ өөрийгөө хөгжүүлсэн таны хувьд урлагтай хэдий үеэс холбогдсон бэ?    - Соёл, урлагийн цогцолборын дэргэдэх “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын бүжигчнээр 14 дэх жилдээ ажиллаж байна. Миний бие ШУТИС-ийг Уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн механикийн ангийг төгсөж, Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн байдаг юм. Ажилд ороод 9 сар болж байтал “Уурхайчин” соёлын ордонд бүжигчин авах сонгон шалгаруулалт зарласан. Ингээд сонирхлынхоо дагуу шалгаруулалтад оролцож, 14 хүн өрсөлдсөнөөс “А” үнэлгээтэйгээр тэнцсэн. Энэ алхам миний амьдралыг өөрчилсөн гэж хэлж болно. Сайхан хамт олон дундаа их зүйл сурч, өнөөдрийг хүртэл өөрийгөө хөгжүүлж явна. Намайг ажилд орох үед Эрдэнэт үйлдвэрийн ажлыг нэгдүгээрт тавих, хувийн уран бүтээлийг хоёрдугаарт тавих ёстой шүү гэж захиж байсан. Тэр утгаараа үйлдвэрийн хэмжээнд зохиогдож байгаа урлагийн ажлуудад илүүтэй анхаардаг. Хувийн уран бүтээл талаасаа төвийн болон хангайн бүсийн гоцлол бүжигчдийн уралдаанд оролцож, ОХУ-ын Улаан-Үүд хотод болсон Олон Улсын гоцлол бүжигчдийн уралдаанд 3-р байрт шалгарч байсан.        - Бүжгийн урлагийг цөөн үгээр юу гэж илэрхийлэх вэ?    - Орсон хүн гарч чаддаггүй, хамгийн их кайф өгдөг, соронзон мэт өөртөө татагч гайхамшигтай урлаг гэж хэлнэ.    - Бүжигчин хүний мэргэжил юугаараа онцлог вэ?    - Бүжигчдийг хараад байхад дуучид, хөгжимчдөөс илүү задарч чаддаг юм болов уу. Дийлэнх нь залуучууд байдаг учраас тал бүрт хөрвөх чадвартай, авьяаслаг юм шиг санагддаг. Манай “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид ч үүнийг тод харуулдаг гэж бодож байна.    - Баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье.           И.Чинтогтох Фото: Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • Ц.Шоовдор: Би их олон жил өглөө эртээс шөнө дөл хүртэл хөдөлмөрлөсөн

       Волейболын холбооны Үндэсний дээд лигийн тэмцээний нээлтэд энэ спортын алтан үеийн тамирчид уригдсан юм. Алтан үеийнхний манлайд од болон гялалзаж явсан Монгол Улсын гавьяат тамирчин, волейболын спортын олон улсын хэмжээний мастер Цээ-Оригийн Шоовдортой ярилцлаа.      - Үндэсний дээд лигийн тэмцээний нээлт, хоёрдугаар тойргийн тоглолт Эрдэнэтэд боллоо. Таны сэтгэлд нийцэв үү?    - Их сайхан байна. Нээлтийн ёслол соёл, спортоор цэнгүүлсэн өвөрмөц ажиллагаа боллоо. Энэхүү үйл ажиллагаа, аялан тоглолтыг Монголын Волейболын холбоог 12 жил удирдсан “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн санаачилсан юм. Эрдэнэтийн иргэд энэ гурван өдрийн турш волейболоор амьсгаллаа. Лигийн шилдэг тамирчдын гайхалтай тоглолт Эрдэнэтийн хүүхэд залууст волейболын спортоор хичээллэх хүсэл төрүүлсэн байхаа.     - Та  волейболын спортод анх хөл тавьсан үеийн дурсамжаасаа хуваалцана уу?   - 1958 онд намайг 9-р ангийн сурагч байхад  волейболын шигшээ багт тоглуулна гээд хөдөөнөөс Улаанбаатарт аваад ирлээ. Би волейбол тоглож байгаагүй, бараг бөмбөг давуулж ч чадахгүй “амьтан” байв. Хөнгөн атлетикаар хичээллэж байсан болохоор үсрэлт, хурд, уян хатан чанарын хувьд бусдаас ялгарах онцлогтой байсан байх. Миний аав, ээж Өврийн сайхан хангай нутгийн нуруулаг, биерхүү хүмүүс байлаа. Тэднээс минь надад дамжсан чацархаг бие волейболын спортод зохицсон байх. Би ч удалгүй энэ спортод дурлаж эхэлсэн дээ. Багш нарынхаа заасан болгоныг сурах гэж их л мэрийдэг байлаа. 1960 оны эхээр Азийн социалист 10 гаруй орноос эрэгтэй тамирчид манай улсад ирж тоглосон юм. Тэндээс л би волейболын спортын гайхамшгийг мэдэрч, техникийг жигд сайн эзэмших ёстойг ойлгосон. Ингээд энэ спортод бүр ч их шимтсэн дээ.        - Таныг тухайн үедээ тоглолтын уран чадвараараа Улсын шигшээ багийн эмэгтэй тоглогчдоос хол тасарсан, гадаадын волейболчид ч таны тоглолтыг биширдэг байсныг үеийн тань тамирчид ярьж  байсан. Ид тоглож байсан үеэ дурсана уу?    - Би 1958-1979 он хүртэл улсын шигшээ багийн үндсэн тоглогч, багийн ахлагч, дасгалжуулагчаар тасралтгүй ажилласан. УАШТ, Монголын бүх ард түмний спартикиад болон бусад тэмцээнд тогтмол медальт байрт орж байлаа. Мөн улс хоорондын олон улсын, дэлхийн оюутны Универсиадын, дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд багаа удирдан, амжилттай тоглож, шилдэг тоглогчийн шагналыг цөөнгүй  хүртэж явлаа.    - Монголын Волейболын спортын хатан хаан ч гэж нэрлэх юм билээ?    - 1960-1966 оны үед миний үсрэлт, хурд бусдаас арай өөр түвшинд хүрч л дээ. Энэ үед би эрэгтэй сеткэн дээр тоглодог байсан. Миний ахалсан баг улсын аваргын тэмцээнд ихэвчлэн тэргүүн байрт шалгардаг байлаа. Тэгээд л сэтгүүлч, сурвалжлагчид л тэгж бичиж байсан хэрэг. Би өөрийнхөө амжилтыг Г.Шоовдор, Б.Авирмэд, Ч.Дэмчиг нарын гайхамшигтай сайхан багш нар, шилдэг сайн шавь нартайгаа холбож ойлгодог.      - Таны олон жилийн нөр их хөдөлмөрийн дүнд шавь нараас тань алдартай волейболчид олноороо төрөн гарсан байх?   - Намайг 1969 онд Улсын шигшээ багийн тоглогч, дасгалжуулагчаар, 1980  оноос Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар томилсон юм. Шигшээ багийн сургалтаар би 140 гаруй  спортын мастер төрүүлсэн. Тэднээс  30 гаруй нь олон улсын хэмжээний мастер болсон. Чамгүй хөдөлмөр зарцуулсны хүчинд   чансаатай тамирчид бэлджээ гэж би өөрөөрөө бахархдаг.    - Та шигшээ багийн үндсэн тоглогч, дасгалжуулагчаар ажиллахын зэрэгцээ Их сургуулиудад олон жил багшилсан гэдэг. Энэ бүхнийг хэрхэн зохицуулж байв?    - Би 1969 онд МУИС-ийн Түүхийн ангийг онц төгсч, сургууль намайг багшаар үлдээсэн. Дараа нь ХААИС-д 1973-2014 он хүртэл тасралтгүй ажилласан. Би их олон жил өглөө эртээс шөнийн 11 цаг  хүртэл хөдөлмөрлөсөн. Миний үндсэн ажил дээд сургуулийн нийгмийн ухааны багш. Өдөр бүр 15.40 хүртэл хичээл заана. Дараа нь оюутны волейболын секц хичээллүүлнэ. Үдэш шигшээ багийн тамирчдыг дасгалжуулж, бас тоглоно. Энэ бүх ажил засварлагагүй үргэлжилж байсан. Гэсэн ч би  харамсдаггүй. Миний хийсэн ажил бүхэн надад тодорхой үр дүн, баяр жаргал авчирсан. Би улсад 55 жил хөдөлмөрлөсөн. Энэ хугацаанд нэг ч удаа эмийн чөлөө авч үзээгүй. Өнөөдөр миний нас  80  шүргэж яваа ч эрүүл саруул байна.    - Гайхалтай. Спортоор тууштай хичээллэснээр эрүүл саруул урт наслах, хөдөлмөрлөх нөөц ямар их байдгийг та биеэрээ харуулж байна?    - Баярлалаа. Энэ бол волейболын спортын гавьяа. Оюуны хөдөлмөрийг спорттой хослуулсны ач.        - Волейболыг оюуны спорт гэх хандлага байдаг. Та үүнийг юу гэж үздэг вэ?   - Энэ  спорт тоглогчоос  гүйлгээ ухаан шаарддаг. Тоглогч маш богино хугацаанд бүр 2-3 секундэд шийдвэр гаргах чадвартай байх ёстой. Бөмбөгийг чанга цохих нь гол биш, үсэрч явахдаа багтаа оноо авах ашигтай хувилбар сонгож, зөв шийдвэр гаргаж чаддаг байх хэрэгтэй.    Шигшээ баг зогсонги байдалтай болсон цаг үед би цөөхөн охид ч гэсэн бэлдэж өгье гээд волейболын гүнзгий анги хичээллүүлсэн. 10-11 настай 10 хүү, тоонд сайн 20 охиныг сонгосон юм. Манай охид тоглох ур чадвар, сэтгэн бодох, шийдвэр гаргах түвшнээрээ бусдаас илүү байсан. Мэдээж  волейболчинд хурд, хүч, уян хатан чанар чухал.    - Энэ спортоор амжилт гаргах үндэс нь юу вэ? Волейболын техникийг хэрхэн жигд эзэмшихийг тайлбарлаж өгөөч?    - Волейболын тамирчин техникийг жигд эзэмших хэрэгтэй юм. Давуулалт,  довтолгоо, хамгаалалт, хаалт, тэр бүү хэл холбогчийг ч гарамгай хийдэг байж волейболд амжилт гаргана гэж би  шавь нартаа хэлдэг. Сургуулилт дээр тэгш тоглодог болгох зорилгоор дээрх техникийг бүх тамирчинд эзэмшүүлэх зорилго тавин давтуулдаг. Холбогч бол одоо цагт тоглолтыг найруулдаг тамирчин болсон. Багш дасгалжуулагч нар дэлхийн волейболын хөгжилд гарч буй  шинэ зүйлийг  ухаалаг тусгаж, сургалт дасгалжуулалтын ажилдаа нэвтрүүлэх нь зүйтэй.      - Таны нэрэмжит тэмцээн олон жил зохиогдсон. Сүүлийн үед яагаад тасрав?    - Өвөрхангай аймгийн 10 жилийн сургуулийн захирал асан миний ангийн  найз санаачлан энэ тэмцээнийг эхлүүлсэн хэрэг. Эхэндээ Өвөрхангайд зөвхөн охидын дунд явуулсан. Тэр үед Улаанбаатарын 4, Өвөрхангайн 4, нийт 8 багийн 64 хүүхэд өрсөлдсөн. Энэ тоо жил бүр өссөөр 50 багийн 500 гаруй тамирчинд хүрснээр Өвөрхангайн зааланд багтахаа болиод 2000 оноос Улаанбаатарт явуулж эхэлсэн юм. 2002 оноос хөдөө орон нутаг спортын ордонтой болж, аймгуудад явагдах болсон. Хүүхдүүд энэ тэмцээнд ирэх их дуртай, цас зудыг ч үл ажран ирдэгсэн. 2010 оны их зудтай хавар Дорнодод тэмцээн болоход баруун аймгуудаас хүүхдүүд замдаа цасанд суусан машинаа татаж гаргасаар очсон. Тэмцээний үр дүнд хөдөө орон нутгийн волейбол сонирхогчдын тоо эрс өссөн. Миний нэрэмжит тэмцээн 26 жил тасралтгүй үргэлжилсэн. Сүүлийн хэдэн жил тасалдсан. Одоо Баруун, Хангай, Төв, Зүүн, Говийн бүсчлэлээр волейболын Улсын аварга шалгаруулах тэмцээн явуулдаг боллоо. Тэмцээнийг аймаг бүр өөрийнхөө өндөр зэрэгтэй мастеруудын нэрэмжит болгосон. Энэ их зөв, сайхан ажил. Волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд залуу волейболчин мастеруудаар эгнээгээ тэлж байгаа. Тэд шинэлэг хэлбэрийн ажил санаачлан, өөрсдөө манлайлж яваад би их баяртай байна.    - Нэгэн үед Волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүн асан, ахмад, алдартай тамирчны хувьд Волейболын холбооныхонд хандаж юу хэлэх вэ?    - Холбооны удирдах зөвлөлийнхөн надтай ямагт зөвшилцдөг, намайг сонссоор ирсэн. Монголын волейболын холбоо зорилтот хөтөлбөрөөрөө насны бүх ангиллаар тэмцээн явуулж байгаа. Түүнийгээ улам чанартай болговол амжилт улам л тодорно. Гадаадад тэмцээнд оролцож буй тамирчныг зөв сонгох хэрэгтэй. Сүүлийн хэдэн жил клубүүдийн аварга болсон багаа явуулж байгаа. Урт хугацаанд багаар ажилласан нь сугалаагаар таарсан тамирчдаас ондоо. Нэг дор сугалсан 6 мастер тэмцээнд түрүүлээгүй байхад, ХААИС-ийн баг жил бүр медаль авч байдаг. Энэ нь багийн төлөвшил ганц хоёр сарын дотор бий болчихдоггүйг харуулж байгаа юм.    - Энэ цагийн волейболчдын ур чадварын тухайд та юу хэлэх вэ?    - Монголын волейболчдын ур чадвар байнга өссөөр байна. Волейболын багт 12 үндсэн тоглогч байдаг. Тэдний гадаадын тэмцээний зардлыг даах ивээн тэтгэгч ховор байна. Спортын байгууллагын бэл бэнчин тааруухан байна. Гэлээ ч манай Волейболын холбоо зүүн Азийн тэмцээнд бүх насны ангиллын баг тамирчдыг явуулж байгаа. Манай тамирчид ч гадаадаас медальтай ирж байгаа. Өнөөдрийн дээд лигийн тэмцээнийг харахад багууд эн тэнцүүхэн өрсөлдөж байна. Тамирчдын ур чадвар өмнөх үеэс зүйрлэшгүй ихээр өсчээ. Тэдэн дундаас тасархай сайн тоглож буй хүүхдүүд байна. Тэгш сайхан тоглодог тамирчид олон болжээ.   - Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголд Их спорт, багийн спортыг хөгжүүлэх, түүнийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?    - Эрдэнэт үйлдвэр Волейболын дээд лигийн тэмцээн явагдаж байсан бүхий  л хугацаанд санхүүжүүлсээр ирсэн. Дэлхийн стандартад нийцсэн спортын барилга байгууламж, талбай зэргийг бий болгосон нь Монголд өөр хаана ч байхгүй. Олимпийн тамирчид энд л бэлтгэлээ базааж байна. Нөгөөтэйгүүр ажилчдынхаа спорт, урлагаар хичээллэх боломжийг бүрдүүлж, ямар их дэмждэг болох нь харагдаж байна. Монгол Улсын аж үйлдвэрийн төв болсон энэ сайхан хот, уурхайчдаар би дандаа бахархдаг.    - Эрдэнэт волейболын тамирчдын их “уурхай” болж байсан гэж та нэгэнтээ хэлсэн. Энэ тухай?   - Оросын Универсиад багт тоглож, Залуучуудын шигшээ багийн гишүүн байсан Белов энд их сайхан өнгө аяс бий болгосон. Дэлхийн хэмжээний мастер тамирчин ямаршуу түвшинд тоглодгийг Эрдэнэтчүүд хамгийн түрүүн ойлгосон гэж би боддог. Эрдэнэтийн уурхайд ажиллаж байсан Оросын мэргэжилтнүүд ч их нөлөөтэй байсан.    - Волейболын спортыг сонирхон хичээллэх хүүхэд олон байгаа байх. Эцэг эхчүүд юун дээр анхаарах хэрэгтэйг хэлж өгнө үү?    - Хүүхдийг аль болох багаас нь волейболоор хичээллүүлэх хэрэгтэй. Тэгэхдээ сургалтыг зөв явуулж буй багшид хүүхдээ өгөөрэй. Волейбол унах, үсрэх, үсрээд зөв буух гэхчилэн нарийн  шилжих хөдөлгөөнүүдтэй. Шилжих хөдөлгөөн заагаагүй бол волейболын тоглолтод оруулж болохгүй. Унаад гэмтэхгүй техникүүд байдаг. Энэ бүхнийг багш зөв заах ёстой. Хүүхдээ хичээл номд нь шамдуулахын зэрэгцээ  спортод дурлуул. Ялангуяа волейболын спорт хүнийг маш сайхан төлөвшүүлдэг. Багийн  спорт учраас хамтач, нийтэч зан төлөвтэй болно. Багаар ажиллах чадвар, бусдыг хүндлэх эрхэм чанарыг эзэмшинэ. Сахилга бат, хувийн зохион байгуулалт сайжирна.    - Цаг зав гарган сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.    1960-1970 онд Эмэгтэйчүүдийн шигшээ багийн шилдгийн шилдэг тамирчин, дасгалжуулагч байж, хүчтэй довтолгоо, тоглолтын хосгүй ур чадвараараа гайхуулж явсан энэ буурай даруухан ярьж, сайхан инээмсэглэх юм. Энгүүн даруу, хэнд ч хүндэтгэлтэй хандах эрхэм чанар нь ийм л агуу нэгэнд заяадаг мэт. Я.ЭНХТУЯА Дэлгэрэнгүй...
  • Х.БАДАМСҮРЭН: Волейбол нь хамт олны хүчийг нэгтгэдэг спорт

       Монголын волейболын холбооны дээд лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтын хаалтын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Уурхайчин багийн эзэн, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэнтэй волейболын спортын талаар ярилцлаа.        - Уурхайчин багийн хамт олон Үндэсний дээд лигийн тэмцээнд хэр бэлтгэлтэй оролцож байна?   - Монголын волейболын холбооны дээд лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн эхний тоглолтууд манай Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд паласт амжилттай явагдаж дууслаа. Энэ жил бид Үндэсний  дээд лигийн тэмцээнийг найман жилийн дараа сэргээн, зохион байгуулж байна. Энэ лигийн тэмцээнд легионер тоглогчид урьж оролцуулж байна. ОХУ, Япон улс, АНУ-аас легионер тоглогчид оролцож байна. Ингэснээр өндөр ур чадвартай тамирчдын тоглолтыг залуучууддаа үзүүлж байгаа юм. Энэ жил Уурхайчин багаа бид онцлогтойгоор тэмцээнд оролцуулж байна. Үндсэн тоглогчдын дийлэнх хувь нь хүүхэд залуучууд, 15-17 насныхан энэ багийг бүрдүүлж байна.  Би Монгол Росцветмет нэгдлийн Ерөнхий захирал байхдаа Эрдэнэтийн Д.Алтансувд гэж охиныг анх 13 настайгаас нь Улаанбаатар хотод авч ирэн, дотуур байранд байрлуулан бэлдүүлж байлаа. Одоо олон улсын хэмжээний мастер болчихсон Монгол Улсынхаа урдаа барьдаг сайн тоглогч болсон. Энэ тоглогчоо Уурхайчин багтаа оруулж тоглууллаа. Уурхайчнаар овоглож байгаа залуучууд маань манай Монголчуудын хэлдгээр ирээдүйд цахиур хагалсан, гал гаргасан тоглолтыг гаргах, Монголын волейболын спортын нэрийг өндөрт өргөх баг тамирчид болно гэж бид ойлгож байгаа. Энэ удаагийн тоглолтод тэдэнд маань арай л бяр, туршлага дутаж байна даа.    - Волейболын спортыг улам хөгжүүлэхийн тулд Эрдэнэт хотдоо волейболын ордон барьж байгуулахаар шийдвэр гаргасан. Энэ тухайд?    - Монголын хүүхэд залуучууд, Орхон аймаг, Уурхайчдын хүүхдүүд, Уурхайчин залуучуудын маань сэтгэлд нийцсэн, бидний хүсэл мөрөөдөлд нийцсэн шийдвэр болсон гэж бодож байна. Энэ шийдвэрийг Монголын волейболын холбооны удирдлагууд, Орхон аймгийн удирдлагуудтай хамтарч ярилцаж байж гаргасан шийдвэр юм.    - Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээнийг орон нутагт анх удаа зохион байгууллаа. Орхон аймгийн ард иргэд, баялаг бүтээгч уурхайчид, Зэвсэгт хүчний 186-р ангийн хөгжимчид ирж багуудын тоглолтыг дэмжиж байгаа нь сайхан харагдаж байлаа?    - Улаанбаатар хотод Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болдог байлаа. Спортын төв ордонд хөл гишгэх зайгүй. Багуудаа дэмжсэн хөгжөөн дэмжигчид бүрээ үлээж, бөмбөр дараад л сайхан байдаг байлаа. Тэр үеийг санагдуулж байна. Волейбол нь хамт олныг нэгтгэдэг, хүчийг нь нэгтгэдэг сайхан спорт. Энэ хэдэн өдөр Эрдэнэтчүүд, Эрдэнэт үйлдвэрийнхэн  волейболоор амьсгалж байна. Багийнхаа тоглолтуудыг харж суухад энэ цөөхөн Монголчууд бидэнд сэтгэл нэгтэй байх, эв эетэй байх, бие биенээ дэмжихэд спорт их ач холбогдолтой. Тэрний нэг илрэл гэж харж байлаа.  Бид урд нь легонер тамирчдыг хүн явуулж, тоглолтыг нь харж байгаад сонгодог байлаа. Энэ удаад ажил ихтэй учир хүмүүсийг ч явуулж амжсангүй. Цаасаар судалгаа хийн цол хэргэм, өндрийг нь харж байгаад л цахим хэлбэрээр сонголт хийлээ. Сонгосон хүмүүсийг харж байхад ингэж сонголт хийх буруу юм байна гэдэг дүгнэлтэд хүрлээ. Ийм хүмүүсийн чанар чансаа муудсан юм байна гэж харлаа. Уурхайчин багийн тамирчдыг маань хурцалж чадаагүй нь бидний хүсэн хүлээж байсан хүнийг сонгож авч ирж чадаагүйтэй ч холбоотой. Мөн аймагтаа волейболын ордонтой болох нь улсдаа төдийгүй цаашид тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай сайн тоглоно гэдэгт итгэж байна. Хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв өнгөрүүлнэ гэдэг суурь хүмүүжилд асар их чухал. Иймээс ч бид ач холбогдол өгч байна даа.    - Залуу байхдаа та волейболын спортоор хичээллэдэг байсан. Тоглолтуудыг хараад сэтгэгдэл ямар байна?  Ахмад волейболчид ч ярьж байна. Гурван өдөр үнэхээр сайхан байлаа гэж?    - Залуу нас сайхан. Би хөдөөгийн сумуудад голдуу сурч байлаа. Хөдөө суманд шатар тоглох, дугуй унах, теннис тоглох, эмнэг хангал сургахад л хичээж, сайн ч оролцдог байлаа. Дараа нь наймдугаар ангидаа төвийн арван жилийн сургуульд  заалтай газар орж ирээд волейбол тоглож сурсан даа. Улмаар ОХУ-д сурч байхдаа сагс, волейболоор нэлээн шамдангуй хичээллэж байсан. Яаманд, Бор-Өндөрт ажиллаж байхдаа ч тоглодог байсан. Тэр үеийг дурсан санаж байна. Энд уригдан ирсэн Үндэсний дээд лигийн тэмцээнийг үзэж байгаа ахмадууд тухайн үедээ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  оролцож байсан мундаг хүмүүс. Тухайн үеийн нөхцөл байдал ямар байлаа, материаллаг бааз хэр байв? гэсэн хэдий ч сайн тоглодог хүмүүс шүү. Монголын волейболын холбооноос ач холбогдол өгч ахмадуудаа урьж авч ирсэн. Тоглолт дундуур ахмадууд маань  өөрийн сэтгэл, зөвлөмжийг өгч харагдана. 300 гаруй залуучууд ирсэн байна. Эрдэнэтийн  хүүхдүүд эдгээр тамирчдыг хараад волейболын спортод дурлаж, тэмүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар хотод, Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад Монголын эмэгтэй баг Хятадын багийг анх удаа хожиж мөнгөн медаль авч байсан. Тэрнээс хойш Монголын волейболчдын ур чадвар эрс нэмэгдсэн. Волейболд хандах хандлага нь өөрчлөгдсөн. Хүүхдүүдээ волейболоор хичээллүүлэх гэсэн эцэг,  эхчүүдийн хандлага нэмэгдсэн. Ийм ч учраас энэ удаагийн тоглолт Эрдэнэт хотод волейболын хөгжил дэвшлийг шинэ шатанд гаргана гэдэгт эргэлзэхгүй байна.    - Танд амжилт хүсье.    - Баярлалаа.   А.Батбаяр Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Хурд хүч, авхаалж самбаа уралдсан “Шидэт бөмбөлөг”тэй өдрүүд

      Нийгмийн хариуцлагын шилдэг хэрэгжүүлэгч Эрдэнэт үйлдвэр, их спортыг дэмжиж ирсэн баялаг бахархам түүхээ нэгэн шинэ хуудсаар дахин зузаатгалаа. Монголын Волейболын холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар Эрдэнэт үйлдвэрийн хамт олон хамтран ажиллаж, Эрдэнэт хотдоо өнөө цагийн волейболын шилдгүүдийг авчирсан нь ойрын өдрүүдийн тод “сонин” байв. Хангарьд палас гурван өдрийн турш үзэгчдийн уухай, тамирчдын өрсөлдөөнд доргиж, Эрдэнэтчүүд волейболын спортын хөгжлийн томоохон “зүтгэлтнүүд” гэдэг нь энэ өдрүүдэд нотлогдлоо.     Ерөнхий захирал Х.Бадамсүрэн: Волейболын ордныг Эрдэнэт хотод барихаар боллоо    Эрдэнэт хотод болсон волейболын Үндэсний дээд лигийн тэмцээний үр дүнгээс гарсан хамгийн сайхан шийдвэрийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Үндэсний дээд лигийн тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Х.Бадамсүрэн хаалтын үйл ажиллагааны үеэр дуулгав. Үе үеийн волейболчдын хүсэл мөрөөдлийг биелүүлж, волейболын ордныг Эрдэнэт хотод сүндэрлүүлэх болсон нь зөвхөн уг спортынхон төдийгүй уурхайчдын хотын иргэдэд барьсан гайхалтай бэлэг боллоо. Үндэсний дээд лигийн тэмцээний 2 дугаар тойргийн тоглолтын үйл ажиллагааг дүгнэж хэлэхдээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн дээрх таатай мэдээг дуулгаж, зохион байгуулалтын ажилд оролцсон бүх хүмүүст талархал илэрхийллээ.  Тэрээр “Сэтгэгдэл өндөр байна. Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лиг 7 жил завсарласны дараа энэ жилээс тус холбооны шийдвэрээр сэргээн зохион байгуулагдаж байна. Волейболын холбооноос намайг тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүний хувьд энэ тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар томилсон. Тэмцээн маань эхлээд Улаанбаатар хотод амжилттай явагдсан. Волейболчид бидний хэлдэгээр “аялан тоглолт” нэртэй  тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ “аялан тоглолт” буюу Үндэсний дээд лигийн 2 дугаар тойргийн тэмцээний тодорхой тоглолтууд Эрдэнэт хотод боллоо. Тоглолт маш гоё өрсөлдөөнтэй байж, залуучууд маань сонирхолтой олон тоглолтыг үзүүлж чадлаа.  ОХУ, Япон, АНУ-аас легионер тоглогчид ирж, өөрсдийн ур чадвараа үзүүлж, Эрдэнэтчүүд уурхайчдыг баясгаж, сэтгэлийг нь өндөр хэмжээнд аваачсан сайхан тоглолтууд байлаа. Ер нь тамирчдаа харахад, бахархах сэтгэл төрж байв. Би Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгчөөр 10-аад жил ажилласан. Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа Улаанбаатар хотод Бөхийн өргөөний танхимд зохион байгуулж байлаа. Тэр үед их сайхан сэтгэгдэл төрөхийн зэрэгцээ манай тамирчид хэзээ эд нар шиг нуруулаг болж, ур чадвар нь өсөх бол гэж бодож суусан. Харин энэ удаагийн багууд миний тэр бодол санааны том хэсэг нь хэдийнэ биелэлээ олсон байна гэдгийг харуулж чадлаа. Тэр жилийн Зүүн Азийн аваргын тэмцээнд манай эмэгтэй баг Хятадын багийг хожиж, мөнгөн медаль хүртэж байсан нь дурсамж бас энэхүү өдрүүдэд сэргэлээ. Мөн энэ удаад залуучуудаа дэмжиж, тоглолтыг нь үзэхээр  ахмад волейболчдын төлөөлөл зорьж ирсэн.  Тухайн үед залуу насандаа дэлхийн аваргын тэмцээнд улс орноо төлөөлөн оролцож байсан МУГТ Ц.Шоовдор тэргүүтэй мундаг волейболчид, шилдэг мастерууд хүрэлцэн ирсэн нь бас сайхан хэрэг байлаа. Түүнчлэн Орхон аймгийн Засаг дарга болон Монголын Волейболын холбоо, манай Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд хамтран зөвлөлдөж, нэг сайхан шийдвэр гаргалаа. Олон жил бид Монгол улсдаа Волейболын ордонтой болъё гэж ярьж ирсэн. Энэ ордноо Эрдэнэт хотод барья гэсэн хамтын шийдвэрт хүрлээ. Энэ шийдвэр маань Монголын залуучуудын сэтгэл санаанд нийцэж байгаа гэдэгт итгэж байна. Монголын үе үеийн бүхий л волейболчдын хүсэл мөрөөдлийг биелүүлэх сайхан шийдвэр гэдэгт эргэлзэхгүй байна. Манай уурхайчдын үр хүүхдүүд, залуучууд маань баяртай байгаа гэж бодож байна. Тиймээс энэ ажлыг хурдан шуурхай хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Монгол волейболчид өөрийн гэсэн ордонтой болж, тэндээ уран гоё тоглолтуудаа үзүүлэх сайхан мөч улам ойртож байгаад залуучууд, волейболын спортынхон сэтгэл өндөр байгаа нь энэ өдрүүдэд харагдлаа. Өөр нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд, миний анх 1995 онд байгуулалцаж байсан Уурхайчин клубын баг маань их залуужсан байна. Энэ багийг байгуулахдаа одоогийн Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХМ Г.Баярсайхантай хамтарч байлаа. Г.Баярсайхан маань дасгалжуулагчаар олон жил ажилласан. Энэ жилээс холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож, хамтдаа энэ удаагийн лигийн тэмцээний зохион байгуулж буйдаа баяртай байна. Манай “Уурхайчин” багийн 70 хувь нь 15-17 насны хүүхдүүд байна. Тэд маань ах эгч нартайгаа ур чадварын хувьд дутах юмгүй тоглолоо. Мэдээж, өсвөрийн насны хүүхдүүд учраас бяр, туршлагаар дутуу. Г.Баярсайхан дасгалжуулагчийн хэлснээр тэд маань Уурхайчин багийн зургаа дахь үеийн тамирчид болж байгаа. Тоглолтын өдрүүдэд үнэхээр тэднээрээ бахархаж суулаа. Тиймээс аль болохоор дэмжиж, хурдан хугацаанд өсөж туршлагажихад нь хувь нэмэр болох юмсан гэсэн сэтгэл өвөрлөж, энэхүү үндэсний дээд лигийн аялан тоглолтыг өндөрлүүлж байна. Түүнчлэн тэмцээний хаалт болгож, гурван өдрийн турш уран гоё тоглолтоороо бидний нүд сэтгэлийг баясгасан залуучууд, тамирчдадаа зориулан “Шидэт бөмбөлөг” цэнгүүнийг зохион байгуулж байна. Волейболчид маань тэмцээний сонин хачинаас ярилцаж, цаашлаад Улаанбаатар хотод үргэлжлэх тоглолтынхоо талаар хоорондоо зөвлөлдөж санал солилцох боломжийг өгч байгаа юм” гэж Эрдэнэт дэх лигийн тоглолтыг хааж хэлсэн үгэндээ тэмдэглэв.         Багийн спортод хөрөнгө оруулалт хийх нь нийгэмд оруулж буй хамгийн том хувь нэмэр      Волейбол хурд хүчний төдийгүй оюуны спорт гэдгийг волейболын зүтгэлтнүүд хэлдэг. Тэр утгаараа уг спортоор сонирхон хичээллэгсэд бие бялдрын болоод оюун ухааны тэгш хөгжил, хүмүүжилтэй болж, бие хүний хувьд хамгийн зөв төлөвшлийг олж авдаг аж. Зөв төлөвшилтэй иргэд сайн нийгмийг бүтээх нь лав. Багийн спортыг хөгжүүлж, бэхжүүлэх нь хүнээ, залуу үеээ төлөвшүүлэх гол үндэс суурь болдог гэдгийг волейболын Үндэсний дээд лигийн үеэр олон хүн ярьж байлаа. Тиймээс ч лигийн тэмцээнд оролцож буй багуудад хөрөнгө оруулалт хийж, дэмжин авч яваа багийн эзэд, дасгалжуулагчдын хувь нэмэр илүү тод томруун харагдаж байсныг дурьдахгүй өнгөрч боломгүй. “Багийн спортод хөрөнгө санхүүгийн асуудал хамгийн бэрхшээлтэй байдаг. Тухайн улс орны эдийн засгийн боломж өндөр бол багийн спортод хөрөнгө оруулалт хийдэг. Манай улсын хувьд хараахан тийм биш. Тамирчид хэдийчинээ санхүүгийн боломжтой байна, төдийчинээ амжилт гаргах магадлал өндөр байдаг. Мөн санхүүгийн чадамжтай, хөл дээрээ боссон багийн спорт нь  хичээллэгсдэдээ хүмүүжлийн маш зөв чиг баримжаа суулгаж өгдөг. Аль ч спортын төрөлд ийм байдаг” гэж Монголын Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХМ Г.Баярсайхан ярьсан. Тэгвэл хэдхэн сарын өмнөөс Булган багаа шинээр бүрдүүлж, волейболын спортод  сэтгэл зүтгэлээ зориулахаар шийдсэнээ Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр мөн л хүүхэд залуусын зөв төлөвшилтэй холбон тайлбарласан. Тэрээр анхны лигт Булган багаа сойж буй шинэхэн багийн эзэн. “Волейболын спорт бол багийн спорт. Энэ төрөлд спортоор  анх хичээллэх сонирхолтой хүмүүс тоглож чадах  магадлал их байдаг. Хамгийн анхан шатны спорт мэддэггүй хүн ч сурах боломжтой. Энэ утгаараа ирээдүй үеийнхнээ, залуучуудаа энэ спортод дуртай болгох үүднээс энэ төрлийг дэмжиж, орж ирсэн. Миний хувьд, хүүхэд ахуй үедээ волейболд дуртай, их үзэж сонирхдог байсан. Нөгөө талаар манай Булган аймаг үе үеийн волейболын алдартай сайн тамирчидтай. Алтангэрэл, Тамир гээд лигийн аварга тамирчид манай Булганых. Тэдний тоглолтыг үзэж, бахархаж явсан маань Булган багаа дэмжиж, лигт “сойх”-од нөлөөлсөн гэж бодож байна. Манай баг тун саяхан байгуулагдсан ч сайн тоглож байгаа. ОХУ-аас 2 легионер тамирчин авчирсан. Багийн нийт бүрэлдэхүүн 18-25 насны залуучууд байгаа. Багийн спортоор дамжуулан эх орондоо сайн тамирчдыг бэлтгэх зорилготой” гэсэн юм. Учраа багтайгаа эн тэнцүү өрсөлдөж, “хатуу боорцог” гэдгээ тоглолт бүртээ мэдрүүлж байсан Хобби айс багийн эзэн нь волейболын спортод элэгтэй Наранбаатар. Тэрээр волейбол тоглодог охиноо дуртай зүйлээр нь хөгжүүлэхийн тулд  Хобби айс багаа дэмжин авч явах болсон гэдгээ хэлсэн. Ингэж багийн спортод санхүүгийн дэмжлэг, хөрөнгө оруулалт хийж байгаа нь дан ганц спортын хөгжилд  бус ирээдүй үе, нийгмийн сайн сайхны төлөө оруулж буй том хувь нэмэр гэдгийг онцлоё.           Уламжлал дээр суурилсан шинэчлэл волейболд ч бас чухал      Өчигдөргүйгээр өнөөдөр, өнөөдөргүйгээр маргааш гэж байдаггүй. Энэ бол аливаа зүйл бүхэн өмнөх үеэсээ суралцаж, өнөөдөр хөгжиж, маргааш илүү сайныг бүтээх салшгүй зүй тогтолтой гэсэн үг юм. Волейболын Үндэсний дээд лигийн тоглолтын үеэр зохион байгуулагч Эрдэнэт үйлдвэр,  волейболын спортын ахмад зүтгэлтнүүдээ урин ирүүлсэн нь үүнтэй утга нийцнэ. Монголын волейболын хөгжилд өөр өөрийн үнэтэй байр суурьтай, эх орныхоо нэрийг дэлхийн сонорт хүргэж явсан ахмад волейболчид энэ өдрүүдэд дурсамж замналаа хуваалцахын зэрэгцээ багийн спортын давуу тал, ач холбогдол, цаашид хэрэгжүүлэх олон чухал санааг хэлж байсан нь Үндэсний дээд лигийн тэмцээний цар хүрээ, үр өгөөжийг дээшлүүлсэн. Өнөөдрийн волейболын спортын хөгжлийн түвшин, тамирчдын ур чадвар гээд олон өгүүлэх зүйлтэй тэмцээний талаар дүгнэлтээ хэлж, санаа бодлоо ч энэ үеэр хуваалцлаа.  Ахмад тамирчин, ОУХМ Л.Бадамсүрэн хэлэхдээ “Би волейболын спортын Гавьяат тамирчин Доржжүгдэр багшийн шавь гэдгээрээ бахархаж явдаг.  Улсын шигшээ багийн тамирчин байлаа. Олон ч уралдаан тэмцээнд оролцож, Олон улсын хэмжээний мастер цолонд хүртлээ волейболын спортоор хичээллэсэн. Энэ удаагийн волейболын Үндэсний дээд лигийн зарим тоглолтуудыг үзэж сонирхохоор Эрдэнэтэд ирлээ. Үнэхээр маш сайхан зохион байгуулалттай, өндөр хэмжээний тэмцээн боллоо. Залуучуудын  ур чадварын түвшин их өсөж байгаа юм байна. Хувь хүнийг нийтэч, бие биедээ хүндэтгэлтэй ханддаг зан чанарт сургадаг сайхан спортын төрөл бол волейбол. Үүнийг дэмжиж залуу, дунд, ахмад үеийн тамирчдыг нэг дор уулзуулж, волейболын хөгжлийг олон талаас нь харах боломж олгосон Эрдэнэт үйлдвэрийнхэн, Монголын Волейболын холбооныхондоо маш их баярлаж байна” гэсэн бол ахмад тамирчин, ОУХМ Г.Таня “Волейболын спортоор 60 жил хичээллэж явна. Алдар нийгэмлэгийн тамирчин. Эрдэнэтэд олон удаа тэмцээн уралдаанд оролцохоор ирж байсан ч энэ удаагийн лигийн тэмцээн маш өвөрмөц боллоо гэж хэлмээр байна. Нээлтийн ажиллагааны үеэр аваргын цомыг өндөрөөс буулгаж, харуулсан нь үнэхээр сэтгэл хөдөлгөм мөч байлаа. Залуу тамирчдын ур чадвар, тоглолтын техник боловсронгуй болж, өссөн байна. Бие бялдрын хувьд ч гадны тамирчдаас огт дутахааргүй болсон байна. Ажилсаг, ухамсартай болгож, бүх талын өв тэгш хүмүүжлийг олгодог волейболын спортоор олон залуус, хүүхдүүд маань хичээллэж суралцаасай гэсэн бодол энэ өдрүүдэд ихээр төрлөө” хэмээн сэтгэгдэлдээ өгүүлэв.         Ахмад тамирчин, ОУХМ Л.Бадамсүрэн                                                         Ахмад тамирчин, ОУХМ Г.Таня        Монголын волейболын өнгө төрх өнөөгийн залуу тамирчдын гарт буйг ахмадууд бас өгүүлж, тэдэнд урам зориг сургаалиа харамгүй өгсөн. Тэдний бий болгосон үндэс суурь дээр маргаашийн волейбол цэцэглэн хөгжих нь мэдээж. Үндэсний дээд лигийн тоглолтууд тамирчдад өөрсдөд нь ч мартагдахааргүй дурсамж үлдээж буйг тэд сэтгэгдэлдээ дурьдсан. “Хасу Мегастарс” багийн тамирчин, ОУХМ М.Цэрэнбаатар “Үндэсний дээд лигийн Аялан тоглолтоо 3 өдөр Эрдэнэтэд хийлээ. Зохион байгуулалт, үзэгч хөгжөөн дэмжигчид, заал талбай гээд бүхий л талд  маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн тэмцээн боллоо. Манай баг 2 удаа тоглож, хоёуланд нь хожил авлаа. Биднийг сайхан хүлээн авч, дэмжсэн Эрдэнэтчүүддээ баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлж, “Хос бар” багийн тамирчин Д.Эрхэтбаатар “Би багийнхаа хамгийн залуу тамирчин нь. 18 настай. Энэ спортоор хичээллээд 2 жил болж байгаа. Анхны лигтээ оролцож байна. Том туршлага өгч байгаад баяртай байна. Эрдэнэт хотын тоглолтууд зохион байгуулалтын дээд түвшинд боллоо. Олон жилийн дараа сэргээж байгаа Лигийн тэмцээн их хүлээлтэй байсан нь харагдлаа. Багууд маш хүчтэй, бэлтгэл сайн байна. Улам сайн тоглохын төлөө хичээнэ” гэж урам зориг, хүсэл тэмүүллээ хуваалцлаа. Харин “Хасу Мегастарс” багийн ахлагч, спортын мастер А.Даваажаргал “Манай баг залуу бүрэлдэхүүнтэй. Бид 2014 оноос багийн зохион байгуулалтаар хичээллэж, бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Намхан нуруутай болохоор хурдан тоглох арга барилд суралцаж байна. Мөн бусад багтай хэрхэн тоглох вэ гэдэг дээр сайн судалгаа хийдэг. Энэ бүхэн бидний амжилтад нөлөөлдөг гэж бодож байна. Талбайн гадна, дотно хаана ч байсан нэгнийгээ мэдэрч, ойлгож, хайрлаж, хүндэлж, халамжилж байж багийн спортод илүү их амжилт үзүүлдэг” хэмээн амжилтын нууцаа дэлгэсэн.          “Хасу Мегастарс”                                                       “Хос бар”                                                       “Хасу Мегастарс”  багийн тамирчин                                        багийн тамирчин багийн ахлагч                                 спортын мастер  ОУХММ.Цэрэнбаатар                                               Д.Эрхэтбаатар                                                    А.Даваажаргал            Волейболын Үндэсний дээд лигийн тэмцээнд 26 шүүгч, мэргэжлийн стастистикийн баг ажиллаж байна. Ерөнхий шүүгч Х.Золдэлгэр “Энэ жилийн Үндэсний дээд лигийн гол онцлог бол Эрдэнэт үйлдвэр ерөнхий зохион байгуулагчаар оролцож, аялан тоглолт Эрдэнэтэд боллоо. Тэмцээний зохион байгуулалт өндөр түвшинд бэлтгэгдэж, Эрдэнэт үйлдвэрийнхэн онцгой ач холбогдол өгсөнд талархаж байна. Эрдэнэтэд болж буй 2 дугаар тойргийн тоглолтоос харахад багууд жигд сайжирч, чанаржиж байна. Мөн энэ удаагийн лигт багууд маш их залуужсан. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн Уурхайчин багт 15-16 настай, Энагурэ багт 17 настай хүүхдүүд үндсэн тамирчдаар тоглож байна. Тэгэхээр волейболын гуравдахь үеийнхэн хэдийнэ гараад ирчихсэн, залуучуудын шигшээ баг бүрдэхэд бэлэн болсон байна. Үндэсний дээд лиг бол залуу тамирчид тэр тусмаа өсвөр үеийн хүүхдүүдэд волейболын спортоор хичээллэх дур сонирхлыг нь төрүүлэх, ирээдүйн тамирчдыг гаргаж ирэхэд том ач холбогдлоо өгдөг. Энэ бол уг спортын хөгжилд өгөх хамгийн том шинэчлэл” гэдгийг тэмцээнийг дүгнэж онцолсон.      Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийнхэн Монголын волейболын спортын хөгжилд том мөрөө үлдээж, волейболчдын ахмад, дунд, залуу үеийнхнийг нэг дор эрдэнэсийн хотдоо цуглуулж, түүхийг, түүчээ үйл явдалтай нь хамтдаа бичлээ.      М.Балжинням Фото Б.Баттөгc       Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Мэдээ
   Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн тоглолтууд үргэлжилсээр байна. Өсөх ирээдүйтэй залуу тамирчдаас бүрдсэн энэ удаагийн лиг Улсын шигшээ багийг бүрдүүлэх зорилго тавьсан. Ур чадвар, авхаалж самбаагаа дайчилсан багуудын тоглолт өрсөлдөөнтэй, хөгжөөн дэмжигчдийн уухай заал дүүрэн цуурайтсан амралтын өдрийн эргэн тойронд мэдээ мэдээллээ бэлтгэсээр байна. 

   
 
   Өчигдөр буюу 11 дүгээр сарын 08-ны өдрийн эхний тоглолт “Энагурэ”, “Тэнүүн Огоо” багийн эмэгтэй тоглолтоор эхэлж, гурван үе үргэлжилсэн тоглолт 3:0 харьцаатайгаар “Энагурэ” багийн хожлоор өндөрлөсөн юм. Лигийн нэгдүгээр тойргийг 5 оноотой дуусгасан “Хилчин Алтайн барс” баг “Уурхайчин” багийг 3:0 хожсоноор үндсэн оноогоо 8 болгон ахиуллаа. Тэмцээний гурав дахь тоглолт “Хобби Эйс”, “Дархан сеть” багуудын хооронд мөн 3:0 ялалтаар өндөрлөж, “Хобби Эйс” баг ширүүхэн өрсөлдөгч болохоо харууллаа. 
   Эрэгтэй багуудаас “Ховд Алтайн барс хилчин", “Хос Бар RKH"-ын тоглолт 3:0 харьцаатай өндөрлөв. “Эрчим”, “Уурхайчин” багуудын тоглолтын тооны харьцаа 3:1 болж, “Эрчим” баг оноогоо ахиулж чадлаа. “Булган”, “Тэнүүн-Огоо” багийн хооронд өрнөсөн дараагийн тоглолт “Тэнүүн Огоо” багийн 1:3 гэсэн илт давуу байдлаар дууссан. 
   Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 9-ний өдрийн эхний тоглолт “Дархан сеть”-ийн эмэгтэй баг “Уурхайчин”-г 3:1 харьцаагаар талбай дээр нь буулгаж авснаар эхэллээ. Харин хоёр дахь тоглолт "Хобби-Эйс", "Энагурэ" багуудын дунд болсон бөгөөд таван үеийн турш үргэлжилсэн тоглолтын дүнгээр 3:2 харьцаагаар “Хобби эйс”-ийн охид ялалтыг гартаа авлаа. Хоёрдугаар тойргийн чухал тоглолтын нэгээр “Тэнүүн Огоо” ХХК-ийн “Тэнүүн Огоо”, “Хилчин Алтайн барс” эмэгтэй багуудын тоглолт нэрлэгдсэн бөгөөд 3:0 харьцаатай “Тэнүүн Огоо” багийн хожлоор хоёрдугаар тойргийн тоглолт өндөрлөж байна. 
   Эрэгтэй багууд “Эрчим”, “Булган” багуудын тоглолтоор эхэлж, “Эрчим”-ийнхэн уран чадварлаг тоглолт үзүүлэн, тоглолтын харьцааг 3:0 болгосноор хожлоо авч чадсан юм. Хоёрдугаар тойргийн 11 дэх тоглолт Х.Бадамсүрэн эзэнтэй, ОУХМ Л.Төгсбаяр дасгалжуулагчтай Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” баг, УИХ-ын гишүүн С.Бямбацогт эзэнтэй, Спортын мастер Б.Мөнгөндөл, Б.Болдбаатар дасгалжуулагчтай “Ховд Алтайн барс хилчин” багуудын хооронд болж, тоглолт 0:3 харьцаатайгаар өндөрлөсөн нь “Барсууд” тэмцээний үндсэн оноогоо ахиулах боломжийг олголоо. Мөн “Мегастарс”, “Хос бар RKH” багууд энэ өдрийн шувтаргын тоглолтыг хийж, “Мегастарс” баг 3:1 харьцаатайгаар хожсон юм.
   Хоёдугаар тойргийн сүүлийн өдрийн тоглолтууд маргааш өглөө 08.00 цагт “Ховд Алтайн барс хилчин”, “Энагурэ” багуудын тоглолтоор эхэлнэ.
 
 
 
 
 
 
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
   Монголын Волейболын  Үндэсний дээд лигийн  2-р тойргийн тэмцээнд “Эрчим”, “Булган”  багийн эрэгтэй  тамирчид өрсөлдөж, Эрчим баг 3:0 харьцаатай хожив. Тоглолтын дараа “ДЦС-4” ТӨХК-ийн “Эрчим” клубийн багийн  ахлагч, спортын мастер З.Цэнд-Аюуштай уулзаж ярилцлаа.
 
 
   - Юуны өмнө өрсөлдөгчөө илт давуу тоглолтоор буулган авсан танай багт баяр хүргэе.
   - Баярлалаа. 

   - “Булган” багтай тоглох гол тактик юу байв?
   - Анхнаасаа л давуулалтаа чангалж, эсрэг багийн нэгдүгээр дамжуулалтыг сарниулж, “нам”-ын довтолгоогүй болгож, өндрийн довтолгоон дээр төвлөрсөн хаалтууд тавья гэж  төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу тоглож өрсөлдөгчөө хожлоо.

   - Танайхны  хүчтэй довтолгоо эсрэг  багийн тамирчдыг хүнд байдалд оруулж байсан. Хүчтэй довтолж бөмбөгийг өөртөө шилжүүлэх үед танд юу бодогддог вэ?
   - Ер нь оноо салгасны дараа багаа хожилд хүргэхэд нэг алхам ойртууллаа гэж баярладаг. Энэ үед дамжуулагч, холбогч нартаа урмын үг хэлдэг. 
 
   - Танай багийн хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?
    - Манай  мөнхийн хүчтэй өрсөлдөгч бол “Хасу Мегастарс”. Тэмцээн болгонд өгөө аваатай хождог, үе тэнгийн залуус байдаг. 
 

   - Гол өрсөлдөгчтэйгээ хэрхэн тоглохоор төлөвлөж байна?
   - Волейболын спортын хамгийн чухал зүйл давуулалт байдаг. Давуулалтаа чангалсан тохиолдолд “айлын” довтолгоо сарнидаг. Давуулалтаа чангалаад хаалтаа зөв тавьж л тоглоно доо. 

   - Энэ жилийн “Үндэсний лиг”-т ямар амжилт гаргах зорилготой вэ?
   - Түрүүлэх зорилго тавьсан. Эхний тойрогт 2-оор гарсан. Ер нь тэргүүн байрт өрсөлдөх багуудын тоонд орсон яваа. Бид зорилгынхоо төлөө хичээж тоглоно. 

   - Танай багийн онцлог?
   - Монголын  хамгийн шилдэгт тооцогддог довтлогч тамирчид манайд байдаг. Манай багийн тоглогчдын довтолгоо өрсөлдөгч багуудын хамгаалагчдын толгойн өвчин болдог болов уу. 

   - Танай легионер тамирчны  довтолгоо ч бас хүчтэй байсан ?
   - Нэгдүгээр тойргийн эхний тоглолтуудад легионер тамирчинтайгаа сайн ойлголцохгүй байсан. 2-р тойрогтоо маш сайн ойлголцож, яг нэг баг болж чадсан. 

   - Багийн амжилтад хамгийн ихээр нөлөөлдөг зүйл юу вэ?
   - Манай багт Олон улсын хэмжээний мастер Отгонтөгс, Мөнх-Оргил гэж  их туршлагатай тамирчид бий. Тэд багийг нэгдмэл бас  амжилттай байхад ихээхэн нөлөөлдөг.  Эгзэгтэй үед чухал зөвлөгөөг тэд маань л  өгдөг.
                                                                                                                                                           
                                                                                                                   Я.ЭНХТУЯА
Фото: Б.Баттөгс
 
 
 
 
 
 
 
 

 

 

   Монголын волейболын дээд лигийн тэмцээний хүндэт зочин, Олон улсын хэмжээний мастер Х.Хандсүрэнтэй уулзаж дурсамжаас нь хуваалцлаа.

   - Та хэдэн настайгаасаа спортод дурласан бэ?
   - Би дөрөвдүгээр ангийн сурагч байхаасаа өндөр, уртад харайдаг, ойрын зайд гүйдэг, хөнгөний тамирчин байлаа. Сонгиноос хотод шилжиж ирээд Спортын төв ордонд Н.Норов багшийн удирдлага дор уран сайхны гимнастекаар хичээллэдэг болсон. Бүр нэгдүгээр зэрэг авсан.


   - Волейболын спорт руу “халтирч” орсон нь хэзээ вэ?
   - Тэр үед хөдөлгөөний эвсэлтэй хүүхдүүдийг биеийн тамирын багш нар спортын төрөлд шилж авдаг байсан юм. Нэг өдөр гимнастекийн бэлтгэлээ хийж байтал олон хүн орж ирээд бүгдийг нь тойруулж харж байснаа намайг заагаад “Энэ хүүхдийг авнаа” гэсэн. Юунд авч байгааг нь ч ойлгоогүй. Багш маань намайг өгөхгүй гэж үзээд дийлээгүй, волейбол руу алдсан даа. Би их өндөр хүүхэд байсан юм.

   - Волейболын спортын тамирчнаараа олонд танигдсан үеэ дурсаач?
   - Долдугаар анги төгсөөд оюутан болсон. Тэр үед цэргийн хувцас өмссөн хүүхнүүд гоё харагдаад болдоггүй ээ. Тэгэхээр нь хоёрдугаар курсээсээ сургуулиа орхиод “Алдар” нийгэмлэгт шалгуулаад тамирчнаар орчихсон. 1964 онд ажил хөдөлмөрийн гараагаа ахлах цолтой эхэлж байлаа. Нийгэмлэгийн шигшээ багт тоглож олонд танигдсан гэж хэлж болно.

   - Ид тоглож байх үедээ оролцож байсан томоохон тэмцээн...?
   - 1969 онд Ташкентад олон улсын оюутан залуучуудын наадамд оролцож байлаа. Олон улсын тэмцээн Венгирт болоход гурван удаа явсан. Олон улсын армийн тэмцээнд тоглосон. 1970 онд Болгарт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явж, 30 гаруй улсаас манайх 16-д шалгарч байлаа. Тэнд хамгийн их урам хугарсан. Куба, манайх хоёр тоглоод 17:15-ын харьцаагаар хожигдсон. Уг нь манай баг маш сайн тоглосон юм. Тэр үед улсын шигшээ баг Солонгос дасгалжуулагчтай байсан. Дэлхийн аваргад явж байсан багийн гишүүдээс одоо цөөхөн хүн үлдэж дээ.
   
   - Та багтаа ямар үүрэгтэй тоглогч байсан бэ?
   - Би волейболын улсын шигшээ багт олон жил өргөгч хийсэн. Одоо энэ “сагсны” Ц.Шаравжамцын ээж Борхүүгийн холбогч байлаа. Дэлхийн аваргын тэмцээнд Алимаа, Үнэнбат бид гурав л холбодог байсан шүү дээ. Ц.Шоовдор эгчид Үнэнбат холбодог байсан.

   - Та Нийслэлийн 28-р сургуульд биеийн тамирын багшаар олон жил ажилласан. Шавь нар олон уу?
   - Тоолж явсангүй ээ. 40-өөд жил биеийн тамирын багшаар ажиллахдаа волейболын секц хичээлүүлж олон мянган шавьтай болсон. Би айлын ганц хүүхэд юм. Ээж маань ерэн хэд наслаад саяхан өөд боллоо. Аав маань эрт өнгөрсөн. Би аав, ээжийгээ олон удаа баярлуулсан гэж боддог. Аав маань нэг удаа “Хүүхэд ганцаддаггүй юм байнаа” гээд намайг үнсэж байсан нь одоо ч санаанаас гардаггүй. Тэр үед л багаасаа спортоор хичээллэж тамирчин болсны хэрэг бүтлээ дээ гэж бодогдсон. 

   - Залуусын тоглолт үзэж суухад нүдэнд тусч байгаа тамирчин байна уу?
   - Сайхан тоглож байгаа олон залуус байна. Миний нэртэй, Хандсүрэн гэж охин сайн тоглож байна. Заримынх нь нэрийг мэдэхгүй юм. Очоод хэлээд зөвлөчихмөөр санагдах үе зөндөө. Манай волейболынхон дээд үеэ мэддэг их зарчимтай улс. Залуус маань биднийг их хүндэлж явдагт талархдаг.

   - Танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.   
 
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

   Монгол Улсын гавьяат дасгалжуулагч,  Волейболын спортын олон улсын хэмжээний мастер Н. Чулуунбаатартай Монголын волейболын Үндэсний дээд лигийн тэмцээний нээлтийн үеэр ярилцлаа.


 

   - Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа танд ямар сэтгэгдэл төрүүлэв?

   - Үнэхээр сайхан байна. Үе үеийн тамирчид, хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг хөдөлгөсөн, өвөрмөц шинэлэг сайхан үйл ажиллагаа боллоо. Волейболын спортын дөрвөн үеийг нэгэн дор уулзуулж, биднийг гүн хүндэтгэсэн Монголын Волейболын холбоо, Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн удирдлага мөн зохион байгуулах комисст баярлалаа.

   - Та волейболын спорттой хэзээнээс “нөхөрлөсөн” бэ?
    - Бидний багад спортын заал гэж байсангүй. Хариугүй жаахан танхимд багш нарынхаа тоглохыг  шимтэн харсаар л энэ спортод татагдан, насан туршдаа үнэнч явна. 1963 онд Монголын Бүх ард түмний 2-р спартикиадаар түрүүлснээс хойш долоон  спартикиадад орж тавд нь аваргалсан. Алдар спорт хороонд 20 гаруй жил талын довтлогчоор тоглосон. Би 60 гаруй жил волейболоор хичээллэж, спортын байгууллагад 50 гаруй жил ажиллажээ. 75 настай ч уралдаан тэмцээнд оролцсоор бие эрүүл, шүд бүрэн, саруул сайхан яваа маань энэ  спортын ач. Одоо би Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт арга зүйчээр ажиллаж, волейболын секц дугуйлангаар залуу үеэ бэлтгэсээр  явна.

   - Залгамж халаа тамирчдын уран чадварын талаар та юу хэлэх вэ?
   - Нүд баясгаж, сэтгэл сэргээсэн сайхан тоглолтууд болж байна. Ер нь волейболын спорт хөгжлийн шинэ шатанд гарч буй нь тамирчдын ур чадвар, зохион байгуулалтаас харагдаж байна. 

   - Дасгалжуулагчийг тамирчдынх нь  амжилт  баясгадаг. Энэ тухай бяцхан дурсамж хуваалцаач?
   - Олон сайхан шавь нарынхаа амжилтаар бахархдаг. Дээхэн “Залуу монгол” баг Лигийн аварга болоход би ахлах дасгалжуулагчаар, миний шавь Баатархүрээ дасгалжуулагчаар ажиллаж байлаа. Багш шавь гар нийлэн дасгалжуулж аварга төрүүлсэн тэр мөч үнэхээр сэтгэлээс гардаггүй. Ер нь дасгалжуулагч байна гэдэг тамирчныхаа аав, ах, эмч, сэтгэл зүйч нь байдаг юм.

   - Монголын волейболчдын ирээдүйг та хэрхэн хардаг вэ?
   - Тоглолтын ур чадвар, техник, комбинаци хөгжиж байна. Ер нь энэ байдлаараа бэлдэж Үндэсний шигшээ багтай болбол Азидаа амжилттайтоглох боломж бий. Багийн спортыг хөгжүүлэх талаар Ерөнхийлөгчийн зарлиг гарсан.  Үндэсний шигшээ баг байгуулан, шилдэг тамирчдыг бэлтгэхэд онцгой анхаарах хэрэгтэй. 
 
                                                                                                                   Я.ЭНХТУЯА
Фото: Б.Баттөгс

   Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лиг хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд зочноор уригдан ирсэн ахмадуудынхаа сэтгэгдлийг бид цувралаар бэлтгэн хүргэж байгаа билээ. “Хоршоолол” нийгэмлэгт харьяалж, Улсын шигшээ багийн тамирчнаар тоглож байсан ахмад тамирчид өнөөгийн залуучуудын ур чадварыг хэрхэн үнэлж байгаа талаарх яриаг хүргэе.

 
Спортын мастер, ахмад тамирчин Б.МАРТ: Эрдэнэтийн дэвжээ биднийг “Улсын аварга” болгосон
 
 
   - Волейболын спортын хөгжилд ахмад үеийнхний үүрэг оролцоо их байсан. Таны хувьд аль багт тоглож, ямар тэмцээн уралдаанд оролцож байв?
   - Би 9-р ангид байхдаа Улсын шигшээ багийн тамирчин болсон. Тухайн үед буюу 1968-1970 онд БНАСУ-аас урилгаар ирсэн дасгалжуулагч багшийн удирдлага дор анхны шавь нь болж, энэ спортын гайхамшигтай техникүүдэд суралцан, Азийн хурдан тоглох арга барилыг эзэмшсэндээ өнөө хэр баярлаж явдаг юм. Шигшээ багт 12 эмэгтэй байснаас хамгийн залуу тамирчин нь би байлаа. Бид хойд Солонгост бэлтгэл хийж ирсний дараагаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход туслах довлогчоор явж, 24 багаас шилдэг 16-д шалгарсан амжилт үзүүлсэн. Тус тэмцээнд Герман, Куб, Болгартай нэг зоонд тоглон, эн тэнцүү өрсөлдөж билээ. Кубын баг эхний 8-д өрсөлдөж, бид 9-16-д орсон байдаг юм. Биднийг тэмцээнээс ирсний дараа Улс бодлогоор дэмжсэн бол магадгүй Куб шиг дэлхийд өрсөлдөх хэмжээний баг гарах байсан болов уу. Гэтэл эсрэгээрээ Солонгос багш нутаг буцаж, шигшээ багийг тараасан. Бид 1970-1989 оны хооронд Олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцон нэг мөнгө, 2 хүрэл медалийн эзэд болсон. “Үйлдвэр хоршооллын Олон Улсын тэмцээн” 1972 онд зохиогдоход бид анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байлаа. Улмаар зах зээлийн шуурганд бүх л спорт өртөж, хөгжил нь хумигдсан. Монгол хүнд авьяас бий. Үүнийг Улс бодлогоор дэмжээд өгвөл болохоор санагддаг.

     - Эрдэнэт хоттой холбоотой сэтгэлд үлдсэн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
  - 1985 онд Эрдэнэт хотод Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор “Хоршоолол” нийгэмлэгийн баг тамирчидтайгаа ирж байлаа. Манай баг шувтаргын тоглолт дээр Их сургуулийн багтай аваргын төлөө үзэж, “Улсын аварга” болж байсан үе санаанд тод үлджээ. Эрдэнэтийн дэвжээ их ээлтэй.

   - Тоглолтын тухайн юу хэлэх вэ?
   - Өнөөгийн залуучуудын үсрэлт, авалт, давуулалт маш хүчтэй болсон нь харагдаж байна. Дэлхийн давуулалтын хурд 130 гаруй км/ц хурдтай болсон энэ үед өөрсдийгөө хөгжүүлж, цаг үеэ мэдэрч байгаа нь сайшаалтай. Манай эрэгтэйчүүд саяхныг болтол үсрэлтэй давуулалт хийж чаддаггүй байсан бол чадвар нь үнэхээр их сайн болсон байна. Дэлхийтэй ойртож байгаа нь сайн хэрэг. 
 
 
Спортын мастер, ахмад тамирчин Л.БАДАМСҮРЭН: Ямар ч зүйл хийсэн чин үнэнчээр хийж байгаарай

 
  - Спортын түүхэнд тод мөртэй ахмадынхаа сэтгэгдлээс хуваалцахад сайхан байна. Улсын шигшээ багийн тамирчин байсан үеэ бидэнтэй хуваалцахгүй юу? Өнөөдөр та ямар ажил алба эрхэлж байна вэ?
   - Би хүүхэд байхдаа сагсан бөмбөгөөр хичээллэж байгаад 1967 онд өөрийн хүсэл сонирхлоор 18 насандаа волейболын спорт руу орсон. Өндөр нуруутай гээд “Хоршоолол” нийгэмлэгийн тамирчин болж байлаа. Улсын шигшээ багийн тамирчин болсноор  Солонгос багшийн удирдлагаар олон зүйл сурсан. 1970 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох үед би 20 настай, багийнхнаасаа ахмад нь гээд хасагдаж билээ. “Хоршоолол” нийгэмлэгтээ тоглож, 4-р спартикадын аварга болж, тасралтгүй тэмцээнд орсон. Тэр үед албан байгууллагаараа тэмцээнд их орно. Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа оёдлын үйлдвэрт ажиллаж байхдаа 1974 оноос “Хөдөлмөр” нийгэмлэгт орж, насаараа тэр багтаа тоглосон. 1998 оноос хойш өнөөг хүртэл тоглож амжаагүй л явна. Одоо 10-аад хүнийг ажлын байраар ханган, ажлын хувцасны үйлдвэр ажиллуулж байгаа.

   - Эрдэнэт хотод болж байгаа энэ удаагийн тоглолтын талаар юу хэлэх вэ?
   - Бид хэд хэдэн удаа Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Эрдэнэтэд ирж байсан. Олон Улсын тэмцээнд орж байгаа юм шиг биднийг их сайхан угтан авсан. Сүүлийн үед ажил ихтэй, багийнхантайгаа уулзаж амжихгүй байлаа. Эрдэнэт явъя гэхээр нь тэмцээнээ үзэх гээд хүрээд ирлээ. Залуучууддаа хандан хэлэхэд, ямар ч зүйл хийсэн чин үнэнчээр хийж байгаарай гэж хэлье.
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
   Монголын волейболын Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний онцлогуудын талаар Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Эрчис тал клубийн захирал  Дашийн Баяраа ярьж, Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд баярлаж байгаагаа илэрхийллээ.

 
   “Монголын волейболын холбоо шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бидний хийхээр төлөвлөсөн нэгэн томоохон ажил нь Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээн юм. 2011 оноос хойш зогсонги байсан их спортыг бид зохион байгуулж байгаа нь нэг онцлог юм. Энэ тэмцээнээрээ Монголчууддаа волейболын спортын гайхамшгийг мэдрүүлэх, таниулах, хөгжүүлэх их үйлсийг хамтдаа бүтээнэ. Бидний ирээдүй болсон залуучууддаа ахмадуудаа хүндэтгэх, бахархах ёстой гэдэг үүднээс гавьяатууд ахмад тамирчдаа урьж оролцуулж байгаа нь тэмцээний нэг онцлог юм. Лигийн аваргын тэмцээнд хоёр япон тамирчин,  2,3м өндөртэй  АНУ-ын тамирчин анх удаа оролцож байгаа нь бас нэг онцлог болж байна. Хөдөө орон нутагт анх удаа тэмцээний нээлт боллоо. Улаан хивсэн дээгүүр тамирчдыг алхуулна гэдэг тамирчдад итгэл төрүүлэн, урам зориг өгсөн сайхан үйл ажиллагаа болж байгаагаар онцлог болж байна.  Уурхайчин багт 15-16 насны, бидний ирээдүй болсон залуу тамирчдыг оролцуулж байгаа нь тэмцээний содон онцлог болж байна. Эдгээр залуус Монгол Улсын нүүр царай болсон шилдэг тамирчид болно гэдэгт итгэлтэй байна”. 
   “Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монголын волейболын холбоог тэргүүлж байсан хүн. Энэ хугацаанд Уурхайчин багийг байгуулснаас хойш  21 дэх жилдээ баг нь амжилттай сайн явж байна. Энэ хүний сэтгэл, их спортыг дэмжиж байгаа нь үнэхээр агуу. Монгол Улсын хамгийн том үйлдвэр, Эрдэнэт үйлдвэрийн хамт олондоо маш их баярлаж байна. Уурхайчдын нөр их хөдөлмөрийн үр шимийг хүртэж байгаа хувьтай хүмүүс гэж боддог доо. Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад хамгийн идэвхитэй оролцож байгаа Монголын волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Готовын Баярсайхан ахдаа амжилт хүсье”. 
 
                                                                                              А.Бямбамаа
   Хасу Мегаватт ХХК-ийн дэд захирал, Монголын Волейболын холбооны тэргүүлэгч гишүүн Т.Алтансүх өөрийн “Хасу Мегастарс” багийн тамирчдаа дэмжиж байхад нь уулзаж ярилцлаа.
 

 
   - Танай баг энэ удаагийн тэмцээнд амжилт арвин уу?
   - Хоёрдугаар тойргийн эхний тоглолтууд эхэллээ. Манайх нэгдүгээр тойрогтоо зургаа тоглож, зургаа хожсон. Өөрөөр хэлбэл нэгдүгээр тойргоосоо нэгээр гарсан. Эрдэнэтэд 16 тамирчинтай явж байна.

   - Өрсөлдөгчид “ширүүн” байна уу?
   - Үнэхээр сайн байна. Энэ удаагийн Үндэсний дээд лигийн тэмцээний онцлог нь легионер тамирчид урьсан явдал. Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” баг хоёр оростой, Булганы баг мөн хоёр оростой, “Алтайн барс” хоёр японтой, “Эрчим” баг нэг оростой. Харин манайх Америк, 198 см өндөр нэг тамирчинтай тэмцээнд оролцож байгаа. Ер нь багуудын чансаа ижил түвшинд байна. Тоглолтын дүнгийн харьцаа ч ойролцоо яваа.

   - Одоо энэ тоглож байгаа залуус “Хасу Мегастарс” клубын хэд дэх үеийн тамирчид вэ?
   - Манай гурав дахь үеийн тамирчид тоглож байна. Хасу Мегаватт компанийн “Хасу Мегастарс” клуб өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн багтай. Манайд эмэгтэй баг байсан одоо байхгүй. Гурван үеийн тамирчид дээшээ бие биеэ нөхөөд явчихдаг юм. Хамгийн ахмад тамирчин нь 27 настай. Манайхаас Олон улсын хэмжээний мастер хоёр, спортын мастер 10 гаруй төрсөн.

   - Монголын волейболынхны хамгийн том амжилтын талаар яриач?
   - 2008 онд болсон Зүүн Азийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд Монголчууд Хятадын багийг хожиж хүрэл медаль хүртсэн. Сүүлийн үед клубууд амжилт их гаргаж байна. Тухайлбал, манай баг түрүү жил Жакартад болсон Азийн наадамд оролцсон. Дараа нь Шри Ланкад болсон тэмцээнд оролцож багаараа дөрөвдүгээр байрт шалгарсан. Мөн Японд очиж тоглосон, саяхан Буриад улсад зохиогдсон тэмцээний аварга болоод ирсэн. Гадаад, дотоодод чансаа үзэх тоглолтод оролцож л байвал туршлага хуримтлагдаж, баг сайжирдаг.

   - Волейболын Үндэсний дээд лигийн тэмцээний нээлт Эрдэнэтэд боллоо. Сэтгэлд нийцэв үү?
   - Гайхамшигтай. Эрдэнэтчүүд маань биднийг үүрээр төмөр замын буудал дээр элэгсэг дотно хүлээн авч, халуун цайгаар дайлж, дуу хуур болж угтсанд сэтгэл үнэхээр огшсон. Орой нь “Хангарьд” паласт волейболын үндэсний дээд лигийн тэмцээний нээлт ёслол төгөлдөр, шинэлэг боллоо. Бүх үйл ажиллагаанд асар их сэтгэл, зүтгэл шингэсэн нь харагдаж байсан. Одоо тэмцээн маргаангүй, сайхан явагдаж байна.       
 
М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС
 
                     
 
  
 

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог