• Эрдэнэт үйлдвэр волейболын Үндэсний дээд лигийн тэмцээн ивээн тэтгэнэ

       “Эрдэнэт” нийгмийн хариуцлагатай жишиг үйлдвэрийн хувьд спортыг дэмжиж ирсэн уламжлалтай. Энэ удаа Эрдэнэт үйлдвэр Монголын волейболын Үндэсний дээд лигийн тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллахаар болов. 2012 оноос хойш завсарлаад байсан дээд лигийн тэмцээн энэ сарын 25-наас 11-р сарын зургааны өдрүүдэд  явагдана. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монголын волейболын холбооны Ерөнхийлөгчөөр 12 жил ажилласан бөгөөд одоо ч тус холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг. Иймээс энэхүү тэмцээнийг сонирхолтой хэлбэрээр Зохион байгуулах хороог тэрээр ахалж байна.     Тэмцээнд эрэгтэй долоо, эмэгтэй зургаан баг оролцохоор мэдүүлэг ирүүлсэн. Эхний тойргийн болон шувтаргын тоглолт Улаанбаатар хотын Спортын төв ордонд явагдах юм. Харин тэмцээний нээлтийн ёслол 11-р сарын есөнд, хоёрдугаар тойргийн эхний тоглолтууд 11-р сарын 8, 9, 10-нд Эрдэнэт хотод явагдана. Монголын волейболын Үндэсний дээд лигийн тэмцээний нээлтийн ёслол орон нутагт анх удаа болж байгаагаараа онцлог гэж Монголын волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан ярьсан юм. Удирдамж ёсоор баг бүр легионер хоёр тамирчинтай тэмцээнд оролцох ажээ.      Монголын волейболын Үндэсний дээд лигийн таван удаагийн аварга, залуучууд, идэрчүүдийн Улсын аваргын тэмцээнд зургаан удаа дараалан түрүүлж дээд амжилт тогтоосон Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” багийн найм дахь үеийн тамирчид энэхүү тэмцээнд оролцохоор бэлтгэл хангаж байна. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өөрийн багийн эрэгтэй, эмэгтэй тамирчдын бэлтгэлтэй танилцав.                                     Дэлгэрэнгүй...
  • “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” өдөрлөгт Эрдэнэт үйлдвэр хамтран оролцлоо

       Орхон аймагт төрийн үйлчилгээ үзүүлэгч албан байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр Амарын талбайд зохион байгуулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа. Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч С.Батжаргал, А.Түвшинжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат болон бусад байгууллагын удирдлагууд өдөрлөгт оролцлоо. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хот хамтын ажллагааныхаа хүрээнд олон чиглэлд хамтран ажиллаж, иргэдийн сайн сайхан амьдралын төлөө хүчээ нэгтгэсээр байгаа билээ.     Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын морин хуурын чуулга хөг эгшиг өргөснөөр энэхүү өдөрлөгийн үйл ажиллагаа эхэлсэн юм. Нээлтийн үеэр Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут Статистикийн хэлтсийн удирдлагад суудлын автомашин, Онцгой байдлын газарт тусгай зориулалтын хоёр автомашины түлхүүр тус тус гардууллаа. Залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Старт-ап” төслийн хүрээнд санхүүжилтийн эх үүсвэр авахаар шалгарсан залуус батламжаа гардаж, төрийн байгууллагууд өнгөрсөн 9 сарын хугацаанд хийсэн ажлаа дүгнэн мэдээлсэн үр өгөөжтэй үйл ажиллагаа болсон юм. Төрийн үйлчилгээний байгууллагууд дор бүрнээ иргэдэд мэдээлэл хүргэн, зохих журмаар чирэгдэлгүй шийдвэрлэж байгаад иргэд сэтгэл тэнэгэр байлаа.     Өргөн хэмжээнд зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөрлөгт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоосны алба, Эмнэлэг, сувиллын цогцолборынхон оролцсон. Сувиллын хамт олон өртөөчилсөн хэлбэрээр иргэдийг үзлэгт хамруулан, зөвлөгөө мэдээллээр хангахын зэрэгцээ ясны шөл, арвайн гурил, хүчилтөрөгчийн коктэйлээр дайллаа. Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийнхэн цагаан тоосыг дарах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулан, лабораторийн туршилтыг биетээр авчирсан нь хүмүүсийн сонирхлыг ихэд татлаа. Туршилтыг бодитоор хэрэгжүүлснээр энэ намар цагаан тоос босохгүй байгаа тухай мэдээллийг хүргэсэн.    Автотээврийн үндэсний төвийнхөн жолоочийн эрх, үнэмлэхтэй холбоотой санал гомдлыг хүлээн авч, нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэвэр тэтгэмж, сайн дурын даатгалын мэдээллээр иргэдэд хүрч үйлчиллээ. Амарын талбайд зохион байгуулсан энэ өдрийн үйл ажиллагаа өргөн хүрээтэй, богино хугацаанд төрийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн нь “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” ямар байх ёстойг утгаар харуулсан юм.    Орхон аймгийн Засаг даргын орлогч С.БАТЖАРГАЛ: Олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон      - Өдөрлөгийн ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?    - 2016 оноос хойш төрийн болон орон нутгийн өмчийн компаниуд ямар ажлууд хийж, үр дүнд хүрэв, цаашид юу хийхээр төлөвлөсөн талаар иргэддээ нээлттэй танилцууллаа. Эрүүл мэндийн байгууллагууд шинжилгээ хийж, дор бүрнээ шуурхай үйлчилгээ үзүүлэхийг хичээн ажилласан. Өмнө төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд тус бүртээ өдөрлөг зохион байгуулдаг байсан бол өнөөдөр удирдлагууд нь иргэддээ үйлчилгээ үзүүллээ.      - Өмнөх жилүүдэд хийгдсэн томоохон ажлуудаас онцолбол?    - Засаг даргын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагаа бүхэлдээ хүний хөгжилд чиглэж байна. Гадаад харилцаагаа хөгжүүлэх тал дээр аймгийн Тамгын газар Гадаад харилцааны албатай боллоо. Иргэдэд үйлчилж байгаа хүнд суртал, гарын үсгийг багасгана гэж зорилт тавьсны дүнд юу хийж бүтээв гэдэгтэй иргэд танилцлаа. Гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр маш олон хоттой хамтын ажиллагааны гэрээ үзэглэж, Монгол Улсад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч Олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоож, ажлаа эхлүүллээ. Сургууль, цэцэрлэгийн бухимдал үүсгэдэг асуудал ч үндсэндээ цэгцэрсэн. Цагаан тоосны чиглэлээр хамтран ажиллаж, ямар өөрчлөлт гаргасныг та бүхэн харж байгаа байх. Ахиц, өөрчлөлт их бий.     Орхон аймаг Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 14 сая еврогоор үерийн далангаа бүрэн шийдвэрлэхээр боллоо. Өнөөдрийн байдлаар Олон улсын ТЭЗҮ боловсруулах баг нь Орхон аймагт ажиллаж байна. Сангийн яамтай хийсэн гэрээний хүрээнд Эрдэнэ, Даваат, Шанд багуудыг төвийн дулаанд холбох төсөл маань хэрэгжинэ. НҮБ-тай 2021 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ хүрээнд ногоон, тогтвортой хөгжлийн 4 том зорилтынхоо дагуу тодорхой ажлууд хийхээр болж байна. Мөн ирэх жил НҮБ-тай хамтран засаглалын тогтолцоог сайжруулах ажил зохион байгуулна. Хүрсэн үр дүнгээ иргэдэд хүргэх бүх талын ажлыг цаашид зохион байгуулна.      БОНХХ-ийн албаны дарга Б.ПҮРЭВСҮРЭН: Иргэдэд лабораторийн туршилтын үр дүнгээ танилцууллаа      - Иргэдийн хамгийн их сонирхож байгаа асуулт юу байна вэ?    - Байгаль орчны хэлтсээс дүйцүүлэн нөхөн сэргээлтийн хүрээнд Баян-Өндөр уулыг модны хожуулаас цэвэрлэн, 1 га газарт нөхөн сэргээлт хийж, мод тарьсан. Баяжуулах үйлдвэрийн цагаан тоос дарах албаныхан цагаан тоос дарах чиглэлээр флокулянт, тусгай зориулалтын техникээр шүрших, булингийн хаягдал, хар шороон хөрс гэсэн 4 хосолмол аргаар ажлаа гүйцэтгэж байна. Энэ тухай илүү ойлгомжтой мэдээллийг иргэдэд хүргэхээр лабораторийн туршилтын үр дүнгээ танилцууллаа. Иргэд эрүүл мэндийн үзлэгийн талаар их асууж байна. Орон нутагтай хамтын ажиллагааны хүрээнд 387 иргэн үзлэг шинжилгээнд хамрагдсан.      ЭСЦ-ын тасгийн эрхлэгч н.БАТБУЛГАН: Эрүүл зөв амьдрана гэдэг нь биеийн жингээ хянахаас эхэлдэг       - Эрдэнэт сувиллын алба иргэдэд ямар үйлчилгээ хүргэж ажилласан бэ?    - Орхон аймгийн иргэддээ өртөөчилсөн байдлаар үйлчилгээ үзүүлж, хэрхэн эрүүл зөв амьдрах тухай мэдээлэл хүргэсэн. Эрүүл зөв амьдрана гэдэг нь биеийн жингээ хянахаас эхэлдэг. Тиймээс биеийн жингийн индекс тодорхойлж, тухайн хүнд суурь өвчин байгаа эсэхийг шинжиж, зөв хоолтой холбоотой мэдээлэл өгсөн. Зөв хооллолтын хамгийн эхний дүрэм нь хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгох явдал юм. Тиймээс шошго хэрхэн унших, хэрхэн зөв сонголт хийх, хадгалах хугацаа, Е тэмдэглэгээг хэрхэн уншиж, урьдчилан сэргийлэх талаар мэдээллээ хүргэж ажиллалаа. Түүнчлэн кальцийн агууламж асар өндөртэй ясны шөлөөр үйлчиллээ.  И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Мэдээллийн хаалгач нарын зөвлөгөөн өнөөдөр боллоо

       Ослыг тэглэх эрхэм зорилготой Эрдэнэт үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдэд 153 Мэдээллийн хаалгач ажилладаг. Эдгээр ажилчид ажлын хажуугаар сайн дураар энэ ажлыг давхар хийж ажилчдыг ажлын байранд аюул эрсдэлийг илрүүлэн, түүнийг хэрхэн мэдээлж байгааг бүртгэж, мэдээ мэдээллийг түгээж ажилладаг юм.     Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсээс улиралд нэг удаа Мэдээллийн хаалгач нарын дунд зөвлөгөөн зохион байгуулж тэдний ажлын үр дүнг хэлэлцэж, цаашид хийгдэх ажлуудыг ярилцдаг. Дөрөвдүгээр улирлын Мэдээллийн хаалгач нарын зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр мэдээллийн хаалгач нар сургалт аялалд явж ирсэн тайлан мэдээллээ хийж, орчин үеийн аргаар ХАБ-ын мэдээ, мэдээллийг ажлын байранд хүргэх арга зүй, ХАБ-ын зааврыг системийн хандлагаар загварчлах туршлагаа бусдад хуваалцлаа.    2019 оны 2-р сарын 4-нд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар үйлдвэрийн хэмжээнд бүх цех нэгжүүдэд Мэдээллийн хаалгач нар ажиллаж эхэлсэн юм. Үүний дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлын Манлайллын арга хэрэгслийг үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлэхээр туршилтын ажил явагдаж байна.      Сайн дурын мэдээллийн хаалгач нар идэвхтэй, өсөж хөгжих эрмэлзэлтэй байгаад баяртай байгаа тухай ХАБЭА-ын Сайжруулалтын мэргэжилтэн Л.Батгэрэл ярилаа.    А.Бямбамаа           Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн 22 залуу ажилтан ОХУ-д суралцана

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүний нөөцийн менежментийн бодлого, түүний дотор ажилтнуудаа сургаж, хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд энэ онд 22 залуу инженер техникийн ажилтнууд ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцах болжээ. Уурхайчдынхаа дундаас ажил үйлс, мэргэжлийн ур чадвараараа манлайлж, Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгтэйгээр ОХУ-д суралцахаар шалгарсан залуу ажилтнуудтай Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өнөөдөр уулзаж, баяр хүргэв. Тус үйлдвэрийн ажилтнуудаа гадаадад сургаж, мэргэжил эзэмшүүлэх бодлого сүүлийн жилүүдэд зогсонги байдалд байсныг энэ жилээс Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн санаачилгаар сэргээж, ОХУ-д залуу инженерүүдээ сургаж бэлтгэх, ахисан түвшний сургалтанд хамруулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэр ажилтнуудынхаа сургалтын төлбөр болон сурч буй хугацааны тэтгэлэгийг олгох юм.    Энэ үеэр Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр “Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын эгнээнээс ОХУ-ын уул уурхайн томоохон сургуулиадад мэргэжил эзэмших болсон нь залуу инженерүүдэд маш том оюуны хөрөнгө оруулалт болж буй. Энэ боломж та бүхэнд Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг авч явах түлхүүр ажилтнууд, манлайлагчид болох том үүд хаалгыг нээж байгаа гэдэгт итгэлтэй байна. ОХУ-д суралцуулах сонгон шалгаруулалт үйлдвэрийн цех нэгжүүд дээр зохион байгуулагдаж, тухайн цехийн ажилтнууд дотроос ажил мэргэжил, авьяас чадвар, хандлага зэрэг олон үзүүлэлтээр сонгосон. Ингээд үйлдвэрийн захиргаанаас өгч буй энэ сайхан боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, илүү чадварлаг, зөв хандлагатай, Эрдэнэт үйлдвэртээ хэрэгтэй сайн мэргэжилтнүүд болж ирэхийг хүсье” гэсэн юм.       Уулзалтанд Авто тээврийн цехийн дарга Д.Мөнхбаатар, Цахилгааны цехийн дарга Д.Даваадорж нарын зарим цех нэгжийн удирдлага оролцов. Цахилгааны цехээс энэ жил 4 залуу инженер ОХУд суралцахаар шалгарчээ. Энэ талаар цехийн дарга Д.Даваадорж “Манай цех нийт 131 ажилтантай. Тэдний 95 хувь нь дээд боловсролтой, нэг Оросын мэргэжилтэн ажиллаж байна. Манай 4 инженер нарийн мэргэжлээр суралцаж, бэлтгэгдэнэ. Сүүлийн үед орчин үеийн шинэ дэвшилтэд техник тоног төхөөрөмж үйлдвэрлэлд нэвтэрч байна. Үүнийг дагаад чадварлаг, нарийн мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ шаардлага бас нэмэгдсэн. Энэ үүднээс бид ажилтнуудынхаа сурч боловсрох, мэргэжил дээшлүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. Нэг жилд манай цех сургалтын зардалдаа 40 сая төгрөг төлөвлөдөг ч төдийлэн хүрэлцдэггүй. Харин энэ жил үйлдвэрийн удирдлага, Захиргаа хүний нөөцийн бодлогын газраас дэмжиж, манай ажилтнуудыг сонгон суралцуулах болсонд талархаж байна. 2014 онд манай цехээс 4 ажилтан ОХУ-ын Уралын их сургуульд магистрын зэрэг хамгаалж ирээд, одоо мэргэжлээр өсөж, тодорхой албан тушаал эрхлэн амжилттай ажиллаж байна. Ийм учраас одоо суралцахаар явж буй залуус та бүхэнд том боломж нээгдлээ. Сайн сурч, ихийг мэдэж ирээд үйлдвэртээ тогтвортой, манлайлж ажиллаарай” гэж онцлов.      Харин ОХУ-д суралцах ажилтнуудын төлөөлөл, ЗМЗ-ын Хэвний хэсгийн суурь машины операторч Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтны 60 хувийг залуучууд эзэлж буй тоон мэдээлэл байдаг. Эдгээр залуу ажилтнаа төлөөлөн ОХУ-д мэргэжил эзэмших болсондоо баяртай байна. Ажилтнуудаа бодлогоор дэмжин, мэргэжил боловсролыг нь дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж буй үйлдвэрийнхээ бүх шатны удирдлага, холбогдох газар хэлтсийнхэнд талархаж буйгаа илэрхийлье. Бид өөрсдөө идэвх чармайлт гарган суралцаж, Эрдэнэт үйлдвэр ,Эрдэнэт хот цаашлаад Монгол улсын уул уурхайн салбарын хөгжлийн түүчээ болж ажиллах зорилго, бас хариуцлага ирлээ гэж ойлгож байна. Бидний гарт атгуулсан энэ том боломж, итгэлийг алдаж болохгүй, хичээн суралцая гэж хамт явах нийт залуустаа уриалмаар байна” гэлээ.     Уулзалтын төгсгөлд Орост суралцахаар мордох залуустаа хандаж Ерөнхий захирал Х.Бадамсүрэн амжилт хүслээ. Тэрээр “Эрдэнэт үйлдвэрээ он удаан жил, амжилт бүтээл арвинтай ажиллуулахыг цаг ямагт хүсдэг. Тэр ч утгаараа сүүлийн 3 жил геологи хайгуулын ажилд онцгой анхаарч ажилласан. Үүний үр дүнд багаар бодоход 60 жил ажиллах нөөц баялагтай гэдгийг тогтоогоод байна. Товчхондоо 40 жилийн түүхтэй уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт 60 жилийн ирээдүй байна гэж тодорхойлж болох юм. Та бид нэг баг болж ажиллаж байгаа учраас үйлдвэрийнхээ хэтийн төлөвийг мэдэж байгаа. Бид дараагийн 15 жилд үйлдвэрээ хөгжүүлэх төлөвлөгөө зорилтоо тодорхойлон хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд стратегийн 6 том төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Манай залуучууд суралцах зорилгоо сайн ухамсарлаж байгаа юм байна. Олон ажилтнууд дундаас шалгаран, мэргэжил эзэмших, эзэмшсэн мэргэжлээ дээшлүүлэх энэ боломжийг та нар маань өөрсдөө олж авч байна гэж хэлбэл амьдралд илүү нийцнэ. Үйлдвэрийн удирдлагын зүгээс үнэхээр сайн ажиллаж, илүү сэтгэж байгаа, үр дүнд хүрэхийн төлөө хичээж буй ажилтнуудаа дэмжинэ. Ингэж тал талаасаа санаа оноо нийлбэл, сайхан шийдэлд хүрч болдог.    Ирээдүйгээ улам сайхан, тод томруун, ойлгомжтой  болгох гэж, өөрсдийгөө болон гэр бүлийнхээ сайн сайхны төлөө та нар маань суралцах юм. Цаашлаад үйлдвэр, улс орны хөгжил дэвшлийг урагшлуулж, хувь нэмрээ оруулахын төлөө мэдлэг боловсролоо дээшлүүлж байна гэж ойлгох ёстой. Ийм сайхан бахархалтай торгон агшнаа хамтдаа хуваалцаж байгаа залуу ажилтнууд та нартаа баяр хүргэж, амжилт хүсье. Та нарын мэдлэг ур чадвар дээшлэх тусам ажиллах боломж тань нэмэгдэнэ. Илүү цар хүрээтэй, далайцтай ажиллана. Энэ боломжийг зөв ашиглаж, бидний хэрэгжүүлж буй энэ хөтөлбөрийг үр дүнтэй, зөв бодлого гэдгийг та нар баталгаажуулах ёстой” гэж итгэл найдвар, захиа даалгавар өгч буйгаа илэрхийллээ.    М.Балжинням Фото Б.Баттөгс             Дэлгэрэнгүй...
  • Аяны үр дүнд хамтач уур амьсгал бүрджээ

       Тээвэр ложистикийн алба ажиллагчдаа эрүүл амьдралын хэв маягт суралцуулах, биеийн тамир спортоор хичээллүүлэх, хамт олны эв нэгдлийг сайжруулах зорилгоор зарласан зургаан сарын аянаа дүгнэв. Аяны хүрээнд зохиогдсон тэмцээнүүдийн дүнгээр цехийн дарга С.Мөнхтэгш ахлагчтай баг  түрүүлж, идэвхтэй оролцсон 12 гишүүн  ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд, Байгал далайн чиглэлд  аялжээ. ХАБЭА-н инженер Д.Энхбаатар ахлагчтай баг дэд байрт шалгаран Архангай, Өвөрхангай аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхов.  Ажиллагчдаа  нас, хүйс, ажил мэргэжил харгалзахгүйгээр  зургаан багт хувааж, усанд сэлэлт, хийн буудлага, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, чанга шивнээ, оддын зураг тайлбарлах тэмцээн явуулжээ. Түүнчлэн  илүүдэл жин бууруулах хөтөлбөр хэрэгжүүлэн,  бүтэн сарын турш тэд  ажилдаа  явганаар ирж, өөртөө тохирох спортын төрлөөр хичээллэв.  ОХУ-д аялсан багийг ахалсан Замын мастер О.Буянхишиг: “Бидний аялал 6 хоног үргэлжилсэн, Орос улсын хөгжил, цэцэглэлттэй танилцаж, байгалийн сайхнаар аяллаа. Хоёр цех нэгдээд багагүй  хугацаа өнгөрсөн ч,  ажиллагчид бие биенээ сайн таньж мэдэхгүй, халуун дулаан уур амьсгал бүрдэхгүй байлаа. Аян өрнүүлснээр манайхан хамт олонч уур амьсгалтай, зөв дадал хэвшилтэй болсон, эрүүл зөв аргаар илүүдэл жингээ бууруулсан, би л гэхэд 8 кг илүүдэл жингээ  хаясан. Бас  ажлын бүтээмжид ч сайнаар нөлөөлсөн. Энэ сайхан аяныг санаачилсан нөхөд, дэмжсэн удирдлага, идэвхтэй оролцсон хамт олондоо баярлалаа. Биднийг  урамшуулан аялах боломж  олгосон Үйлдвэрчний эвлэлийн хорооны удирдлагууддаа баярлалаа” гэв.      Я.Энхтуяа       Дэлгэрэнгүй...
  • Ажилтнуудын цалин нэмэх тухай Ерөнхий захирлын тушаал гарчээ

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, нийт ажиллагсдынхаа цалинг энэ онд хоёр дахь удаа нэмж байна. Өнгөрсөн сард тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн бүх цех нэгжийн ажилчидтай уулзах үеэрээ оны эхний 9 сарын үйлдвэрлэл, эдийн засгийн үр ашиг, төлөвлөгөөний биелэлтийн үр дүнг тооцон, цалин нэмэгдүүлэхээ мэдээлсэн. Тэгвэл энэ шийдвэр бодитоор хэрэгжиж, 10 дугаар сарын 1-ний өдрөөс Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын цалинг 10 хувиар нэмж буйг энэ сарын 17-ны өдрийн А/938 тоот тушаалаараа баталгаажуулсан байна.     Ингэснээр үйлдвэрийн нийт ажилтны үндсэн болон тарифт цалин 10 хувиар нэмэгдэж, үндсэн цалингийн нэгдсэн сүлжээ шинэчлэгдэж байгаа юм. Мөн Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, ҮЭХ-той хамтран хэрэгжүүлдэг Хамтын гэрээний 3.1, 3.4-т тусгасан ажилтнуудын бодит орлогыг нэмэгдүүлэх заалтууд биеллээ. Тус үйлдвэр энэ оны 5 дугаар сарын 1-ний өдөр ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлж байв.   М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • Цэрэндавгын ЦЭНД-АЮУШ

            Овог нэр:    Цэрэндавгын ЦЭНД-АЮУШ    Төгссөн сургууль:     ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуульд бакалавр (1997), АНУ-ын Өмнөд Дакота мужийн Уул уурхай, Технологийн сургуульд магистр (2010), Ютагийн Их сургуульд доктор PhD (2014)-ын зэрэг тус тус хамгаалсан.   Мэргэжил:     Ашигт малтмал баяжуулалт, металлургийн инженер   Ажилласан туршлага:     1997-2002 онуудад ШУТИС-д багш, 2002 оноос Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн Гидрометаллургийн судалгааны лабораторид судалгааны инженер, лабораторийн эрхлэгч, 2007 оноос АНУ-д суралцаж, ажиллаж байх хугацаандаа FLSmidth Inc, Cytec Industries Inc, Solvay Group зэрэг уул уурхай, тоног төхөөрөмж үйлдвэрлэл, технологи судалгааны томоохон компаниудад судалгааны болон төслийн инженерээр ажилласан. Монголдоо ирээд 2 сар болж байгаа.   Мэргэжил дээшлүүлсэн байдал:     Six Sigma Greenbelt & Black Belt course (USA), MSHA Mine Safety training (USA),  KoreaZinc & Posco training (South Korea), TASIS Training (Italy)   Чин хүсэл:     Санаагаар болдог бол залуучуудаа дэлхийн олон орноор аялуулж, дэвшилтэт шинэлэг, олон зүйлстэй танилцуулж, тэдний билгийн нүдийг нь нээхсэн. Манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой химийн бодисын хэрэглээ өсөн нэмэгдсээр байна. Бид үйлдвэрлэлийн процессод хэрэглэдэг ихэнх химийн бодисуудаа гаднаас өндөр үнээр худалдан авдаг. Эрдэнэт үйлдвэрийн Судалгааны төвийн удирдлагаар ажиллах хугацаандаа хими, металлургийн үйлдвэрлэлийг Монголдоо хөгжүүлэх, олон улсын стандарт, байгаль экологийн шалгуурыг хангасан импорт орлох бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэхийг зорино. Чин хүсэл гэдэг нь бидний тархинд биш, харин зүрх сэтгэлд оршдог хүсэл, тэмүүллийг хэлдэг болов уу.    1. Таны шинэ өдөр хэдэн цагт эхэлдэг вэ?     - Өглөө 06:00 цагт эхэлдэг.     2. Өглөөний цай болон хооллолтын тал дээр та юу баримталдаг вэ?   - Өглөөний цайнд цэвэр ус, эрүүл хөнгөн хүнс хэрэглэдэг. Ер нь манай гэрийнхэн аль болох хөнгөн, шингэц сайтай хооллохыг эрмэлздэг.     3. Өдрийг эрч хүчтэй давахад юу сэргээш болдог вэ?    - Монголын минь цэлмэг сайхан тэнгэр, өглөөний тунгалаг нар, гэр бүл мөн ажлын газрын маань эрч хүчтэй, үргэлж шинийг эрэлхийлсэн залуус миний сэргээш болдог.     4. Яаж сэтгэлзүйн дархлаатай байж өдрийн эрч хүчээ хэвээр хадгалдаг вэ?    - Монголын нийгмийг харьцангуй стресс багатай гэж харж байна. Хүмүүст энгийн соёл, ухамсар, найрсаг харьцааг хэвшүүлэхэд л тухайн хүн өдрийн эрч хүчээ алдахгүй. Ер нь хувь хүний ирээдүйн зорилго, амьдралд баримтлах үндсэн зарчим тодорхой, өөртөө бүрэн итгэдэг байвал сэтгэл санаа тогтвортой, сэтгэлзүйн дархлаа сайтай байна гэж хувьдаа боддог.     5. Өдөр бүр хэвшил болсон чухал дадал бий юу?   - Мэдээллийн эрин зууны энэ үед техник, технологи эрчимтэй хөгжин өөрчлөгдөж, мэдээ мэдээлэл улам нээлттэй болж байна. Үүнээс хоцрохгүйн тулд өдөр бүр шинэ соргог мэдээлэлтэй аль болох ойрхон байж, сурч боловсрохыг дадал болгодог.     6. Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач?    - Эрүүл амьдрах, аж төрөх үүднээс өдөр бүр явган алхах, дасгал хөдөлгөөн хийхийг өөртөө хэвшүүлэхээр зорьж байна. Шинэ ажил маань ч энэ боломжийг бүрдүүлж байгаа, мөн өглөө бүр ажилтнуудтайгаа санал бодлоо хуваалцаж, өмнөх ажлын үр дүнгээ зөвлөлдөж, дараагийн ажлаа хийхийг зорьж байна. Ингэж хийсэн ажил,  саад бэрхшээл багатай, урамтай сайхан бүтдэг гэж боддог.   Дэлгэрэнгүй...
  • Уурхайчин залуустаа сэтгэлийн дэм үзүүллээ

       Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбооны 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөний Сайн үйлсийн аянд 10 сая төгрөг төсөвлөсөн. Тус холбооны тэргүүлчид энэ сарын найманд хуралдаж хэлэлцээд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ил уурхайн бульдозерын машинч Ч.Баярсайхан, ЗМЗ-ын инженер С.Галбадрах нарын эмчилгээний зардалд тус бүр таван сая төгрөг хандивлахаар шийдвэрлэжээ. Батламжийг Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн Холбооны дарга Б.Төгсбаяр, Засвар механикийн заводын ҮЭХ-ны дарга Н.Эрдэнэбат, Ил уурхайн ҮЭХ-ны дарга В.Баттулга, Баяжуулах үйлдвэрийн ҮЭХ-ны дарга Т.Хүрэлтогоо нар гэр бүлийнхэнд саяхан гардуулав.    А.Батбаяр           Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн үйлчид 3,3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн урлажээ

       Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цехийн үйлчид оны эхний есөн сарын байдлаар баяжмалын 60 мянган шуудай, ажилчдын 4000 хослол, инженерүүдийн 500 хувцас, уурхайчдын дулаалгатай 1500 хүрэм үйлдвэрлэн 3,3 тэрбум төгрөгийн бэлэн бүтээгдэхүүн урлажээ. Бүтээмж өндөр тус хамт олон саяхан Монгол улсад Нийтийн аж ахуй үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн баярыг угтан ажил мэргэжлийн “Сэтгэе, бүтээе, бахархъя” уралдаан зарлан дүгнэв. Уурхайчдын ажлын хувцас урлах, материалын өөдсөөр зүймэл бүтээгдэхүүн хийх гэсэн хоёр төрлөөр явагдсан уг уралдааны “Нэрийн бүтээгдэхүүн” номинацид эсгүүрчин В.Байгалмаа, оёдолчин Р.Бадамсүрэн, “Өртөг бага шинэлэг бүтээгдэхүүн” номинацид оёдолчин Д.Оюун-Эрдэнэ, “Шилдэг, шинэлэг ажлын хувцас” номинацид чанар шалгагч Б.Ууганцэцэг, мастер Э.Оюун-Эрдэнэ, оёдолчин Б.Элбэгзаяа нар шилдгээр шалгарчээ.              М.ОДГЭРЭЛ Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Мэдээ
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос үйлдвэрийн захиргаатай байгуулдаг Хамтын гэрээний 2020 оны төсөлд ажилчдын саналыг тусгах зорилгоор санал асуулга зохион байгуулж байна. Ажил олгогч болон ажилчдын эрх ашгийг хамгаалах байгууллагууд хамтарч хэрэгжүүлдэг Хамтын гэрээг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулинд тусгагдсан зүйл заалттай уялдуулан боловсруулдаг. Харин ирэх оны Хамтын гэрээг хууль дүрмийн заалтаас гадна ажилчдын санал хүсэлтэнд тулгуурлан боловсруулах болсон нь шинэлэг бөгөөд оновчтой санаачилга гэж  мэргэжилтнүүд онцолж байна. Санал асуулганд  тусгай албан бланк бүхий хуудсан дээр ажилчин өөрийн санал хүсэлтээ бичиж ирүүлэх бөгөөд эдгээрийг нэгтгэн хамгийн олон удаа дурьдагдсан асуудлыг Хамтын гэрээнд тусгах аж. Өнөөдрийн байдлаар, 2500 ширхэг саналын хуудас цех нэгжүүдэд тараагдсанаас түрүүч нь ҮЭХ-ны байранд хүргэгджээ. Үүн дээр дахин 1000 ширхэгийг нэмж, ажилчдад тараах юм байна. Ажилчдын саналыг цех нэгжүүдийн ҮЭ-ийн хороод болон ҮЭХ-ны тэргүүлэгчдийн хурал гэсэн үе шаттайгаар нэгтгэж дүгнэнэ. 
   Мөн ирэх жилийн Хамтын гэрээнд олон жил хөндөгдөөгүй, ажилчдын эрх ашигт нийцсэн асуудлыг тодорхой өөрчлөлт оруулан, тусгах байр суурьтай буйгаа ҮЭХ-ны дарга Б.Төгсбаяр ярилаа. Тухайлбал, ээлжийн амралтын үеэр олгодог эмчилгээний 150 мянган төгрөгийг нэмэгдүүлэх, “13 дахь сарын цалин” буюу жилийн үр дүнгийн урамшууллыг 2-3 сараар бодож олгох эдийн засгийн тооцоо судалгаа хийх, шөнийн нэмэгдлийг ахиулах, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу өөрчлөгдөх зарим асуудлыг Хамтын гэрээнд тусгахаар саналаа бэлдэж байна. Ингэснээр шинэ Хамтын гэрээг  ажилчид руу чиглэсэн олон эерэг заалт бүхий байдлаар боловсруулах боломжтой гэж тэд үзэж байна.    
   Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, ҮЭХ-ны хамтарсан  11 дэх удаагийн буюу 2019 оны Хамтын гэрээ 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно. Уг гэрээний биелэлтийг оны эхний гурван улирлын байдлаар дүгнэхэд 98.35 хувийн биелэлттэй гарсан нь сайн үзүүлэлт. Үлдэж буй хугацаанд 100 хувиар биелэх бүрэн боломжтой гэдгийг хэрэгжүүлэгч талууд онцолсон юм.
 
М.Балжинням
 

 
   Эрдэнэт үйлдвэрийн Аврах, гал унтраах 58-р анги, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Гэрээт цагдаагийн хэлтсийн хамтарсан гуравдугаар улирлын тактикийн сургуулилтад аврагчид бэлэн байдлаа шалгууллаа. Энэ удаа Тээвэр, ложистикийн төвийн нефть баазын хэсэгт байрладаг 2000 метр куб багтаамжай 4-р саванд гал гарч, газар хөдлөлтийн улмаас осолдогч гэмтсэн өгөгдлийн дагуу аврагчид ослын газарт ирж ажилласан юм. Анхны тусламжийн бүлгийнхэн осолдогчийг эмнэлгийн байгууллагад хүргэж, гал унтраах ажиллагааг богино хугацаанд амжилттай гүйцэтгэлээ. Улирал тутам гал түймэр, гамшгийн бэлэн байдлаа шалгаж, аврагчдын ур чадварыг үнэлэх нь арга тактикаа сайжруулахад ихээхэн түлхэц болдгийг удирдлагууд хэлж байна. Гал гарсан объект дээр ажиллах машин техник, тоног төхөөрөмж, шугам хоолой, хүн хүч гээд бүхий л зүйлийн бэлэн байдлыг шалгаснаар тактикийн сургуулилт өндөрлөсөн юм. Гуравдугаар улирлын тактикийн сургуулилтад Орхон аймгийн Онцгой байдлын газрын 30-аад офицер хүч нэмэгдүүлэн оролцсон. Команд штабын сургуулилтаар офицерууд гал унтраах ажиллагаанд оролцож, танхимын сургалт, аргазүйгээр хангагдлаа.  
 
Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.ГАНБААТАР: Бид “Хамтын гэрээ”-г хэрэгжүүлэн ажиллаж байна
 
 
   - Өнөөдрийн зохион байгуулсан тактикийн сургуулилтыг Та хэрхэн дүгнэх вэ? Эрдэнэт үйлдвэрийн гал унтраах 58-р анги, аймгийн Онцгой байдлын газар ямар уялдаа холбоотой ажилладаг талаар мэдээлэл өгөхгүй юу?
   - Эрдэнэт үйлдвэр, Онцгой байдлын байгууллага нь онцгой байдлын ажилтан, албан хаагчдын Хөдөлмөрийн харилцааны эрхзүйн хэм хэмжээг хамтын ажиллагааныхаа хүрээнд зохион байгуулсаар ирсэн. 1978 онд Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл үйлдвэрийг галын аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймрийг унтраах, Монгол Улсад мөрдөгдөж  байгаа гамшгаас хамгаалах хууль, эрхзүйн актуудыг хэрэгжүүлэх, дагаж мөрдөх, түүнд тавигддаг шаардлагуудыг хамтарсан байдлаар зохион байгуулах үүрэг бүхий “Хамтын гэрээ”-ний дагуу Онцгой байдлын газар ажиллаж байна. Аливаа үйл ажиллагаанд бэлэн байх нь маш чухал. Өнөөдрийн шатах тослох материалын агуулах, гал унтраах аврах ангиудын хоорондын хамтын ажиллагаа нь “Хамтын гэрээ”-нд заасан үүргийнхээ дагуу боллоо. Энэ төрлийн сургуулилт нь аврагчид хамтран ажиллах, арга тактикаа боловсруулах, техникийн нөхцөл байдал, түүнд хэрэглэгдэж байгаа багаж хэрэгсэл, тэдгээрийг ажиллуулж байгаа алба хаагчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгааг үзэж танилцдагаараа давуу талтай.

   - Орхон аймгийн Онцгой байдлын газраас хийж хэрэгжүүлж байгаа шинэлэг ажлууд юу байна вэ?
   - Аймгийн хэмжээнд хэд хэдэн төрлийн зохион байгуулалттай арга хэмжээ авч, гэр хороололд гарч байгаа гамшиг, ослыг бууруулах зорилгоор гал унтраах хоёр ангийг шинээр байгуулсан. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр үе шаттай техникийн шинэчлэлийг 58-р ангид хийж байна. Энэ онд шинэ техникээр хүч нэмсэн нь бидний хувьд томоохон хөрөнгө оруулалт боллоо. 
 
Нефть баазын хэсгийн  цахилгаан механикч М.СҮХБААТАР: Манайхан хийх ёстой даалгавраа амжилттай биелүүллээ 
 
 
   - Тээвэр Ложистикийн төвийн нефть баазын хэсэг төлөвлөгөөний дагуу жил бүр Аврах, гал унтраах 58-р ангитай хамтарсан сургуулилт хийдэг. Энэ удаа 58-р анги болон Онцгой байдлын газартай хамтран тактикийн сургуулилт хийсэн нь том хэмжээний ажиллагаа боллоо. Нефть бааз хэсгийн гал унтраах, анхны тусламжийн бүлгэмийнхэн 18 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, хийх ёстой даалгавраа амжилттай биелүүлсэн. Бид өнгөрсөн жил Нефть баазын “1000 метр кубын багтаамжтай 1-р саванд гал түймэр гарлаа” гэсэн дуудлагын дагуу ажилласан. Манай бааз шатах тослох материал агуулдаг тул гал гарах хамгийн их эрсдэлтэй бүсэд тооцогддог юм. Тиймээс цех, хэсгийн хамт олон маань ямар нэг аюул, гамшгийн үед үргэлж бэлэн байх ёстой. Энэ ч утгаараа жил бүрийн сургалтандаа амжилттай оролцож, өнгөрсөн жилийн мэдлэгээ тэлж, амжилтаа ахиулж байна.
 
 
 
 
 
 
 
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
   Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүчний чиглэлийн ажилтнууд хуралдаж, цаг үеийн ажил болон эрчим хүчний хэмнэлтийн бодлого, түүнд холбогдох хууль дүрмийн танилцуулга, цаашдын зорилт үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцов. Тус үйлдвэрийн хэмжээнд 1500 гаруй хүн эрчим хүчний чиглэлээр ажилладаг. Уг хуралд оролцсон удирдлага, төлөөллөөр дамжуулан тэдэнд эрчим хүчний салбарын холбогдох мэдээллийг шуурхай, зөв хүргэх зорилгод энэ удаагийн зөвлөгөөн чиглэгджээ. Нөгөө талаас цаашид баримталж ажиллах чиг, бодлогоо энэ үеэр тодорхойлж, санал бодлоо солилцох юм. Тухайлбал, эрчим хүчний хэмнэлтийг үйлдвэрийн хэмжээнд хэрхэн нэг бодлогоор зангидах, бүтцийн цех нэгжүүд ямар үүрэг, санаачилгатай ажиллах зэргээр ярилцсан байна.
   Уг хуралдаанаас гарах үр дүнгийн талаар Эрчим хүчний хэлтсийн дарга, Ерөнхий Эрчим зүйч Ш.Төрбат “Эрчим хүчний үнэ тариф их нэмэгдсэн. Эрдэнэт үйлдвэрийн хувьд гэхэд цахилгаан эрчим хүчний зардал үнэ нэмэгдээгүй байх үеийнхээс 20 тэрбум төгрөгөөр нэмэгдээд байна. Ирэх жил 36 тэрбум төгрөгт хүрэх тооцоо гарсан. Тэгэхээр зардал өсөж байгаа энэ үед хэмнэлтийн бодлогыг үр ашигтай хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай. Тиймээс бид энэ удаагийн хурлаар хэмнэлтийн асуудлаар нухацтай ярилцаж, үнэ тариф нэмэгдэх шалтгаантай уялдуулан үйл ажиллагаагаа цаашид яаж үргэлжлүүлэх вэ гэдэгт саналаа нэгтгэнэ. Түүнчлэн математик загварчлал, компьютер симуляци зэрэг чиглэлээр залуу эрчим зүйчдээ мэргэшүүлж, бодит хэрэглээнд гарч буй өөрчлөлтийг компьютер загварчлалд оруулан оновчтой санал боловсруулна. Энэ жил Цахилгааны цех, Ус хангамжийн цех, Баяжуулах үйлдвэр зэрэг нэгжүүд дээр илтгэлийн уралдаан, программ хангамжийн загварчлал гаргах сургалтууд зохион байгуулсан. Улаанбаатар хотоос мэргэжлийн багш нар урьж, хичээл заалгасан. Эдгээрт тулгуурлан, ажил мэргэжлийн томоохон уралдаан зарлана. Ингэснээр залуу ажилтнууд шинэ түвшинд  ажиллах, хэмнэлтийн хуучин арга барилыг өөрчлөх боломж бүрдэнэ” гэж ярилаа.  
 
 
 
М.Балжинням
Фото: Ш.Лхамсүрэн
 

   “Нэн түрүүнд ХАБ - 2019” Бага хурал Улаанбаатар хотноо Corporate концертын их танхимд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
   Энэ жилийн Бага хурлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, "Оюу толгой" ХХК, Монголын мэргэшсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.
   ХАБЭА-н салбар хорооны манлайлал, Гамшгийн тухай хуулийн хэрэгжилт, бодлого, Аюулгүй байдалд манлайлах талаар илтгэлүүд хэлэлцэж, санал бодлоо хуваалцаж байна. Түүнчлэн “Яараад яах вэ” аяны үр дүнгээс Бага хурлын төлөөлөгчдөд танилцууллаа.
   “Аюулгүй байдал манлайлах нь” уриатай “Нэн түрүүнд ХАБ - 2019” Бага хуралд нийт 350 гаруй зочид төлөөлөгчид оролцож байгаагаас “Ослыг тэглэх” эрхэм зорилготой Эрдэнэт үйлдвэрээс бага хурлын төлөөлөгчөөр 18 уурхайчид оролцож байна.

 
А.Бямбамаа
   Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Цутгуурын цехэд өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөгөөний дагуух ажлууд явагдаж байна. 11-р сарын нэгний өдрөөс зургаан сарын хугацаанд өргөтгөл, шинэчлэлт хийх учир үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд нөөц бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажил ойрын өдрүүдэд эрчимтэй хийгдэж байна.
   Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүдэд хэрэгцээтэй, төрөл бүрийн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Цутгуурын цехийн хамт олон зургаан сарын нөөц 5290 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 95 хувийг нь Баяжуулах үйлдвэр захиалдаг юм.
   Өргөтгөл шинэчлэл хийх хугацаанд тус цехийн ажилчдыг ажлын байраар хангах асуудал шийдэгдэж 44 ажилтныг бусад цех нэгжүүдэд тараан ажиллуулах бол үлдсэн ажилчдыг Засвар механикийн завод өөрсдийн  цех нэгжүүдэд ажлын байраар хангахаар болжээ.
 
А.Бямбамаа
 
 

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог