• “Артек” зуслан Олон улсын туршлагаа хуваалцана

       Олон улсын хүүхдийн төв “Артек” зуслангийн төлөөллүүд Орхон аймагт айлчилж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Найрамдлын Эрдэнэс” зуслангийн үйл ажиллагаатай танилцахаар боллоо. “Найрамдлын Эрдэнэс” зусланг үйлдвэрийн ажилчдын хүүхдүүдэд зориулан 40 жилийн тэртээ барьж байгуулсан бол өдгөө хүчин чадлаараа Монгол улсын хэмжээнд хоёрт эрэмбэлэгдэх томоохон цогцолбор болоод байгаа юм.    “Артек” зуслангийн Тэргүүн дэд захирал Виктория Витальевна Королёва, ерөнхий эмч Олег Георгиевич Паррёнов нарыг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр хүлээн авч уулзан, санал бодлоо солилцож, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.         “Монголын багачууд” Төрийн бус байгууллага хоёр жилийн өмнөөс олон улсын туршлагаас хуваалцаж, хүүхдийн зусланг хөгжүүлэхэд сургалт, арга зүйн зөвлөгөө авах зорилгоор “Артек” зуслантай хамтран ажиллаж эхэлжээ. Уулзалтын үеэр “Бид Артек явна” уралдаанд шалгарсан Орхон аймгийн Орос 19 дүгээр сургуулийн авьяаслаг таван сурагчийн хэлний мэдлэг өндөр түвшинд байсныг зочид онцлоод, Монголын хүүхэд багачуудыг хүлээн авахдаа хэзээд таатай байх болно гэдгээ илэрхийллээ. Өнгөрсөн онд Монголоос 64 хүүхэд “Артек” зуслангийн хөтөлбөрт хамрагдаж, 21 хоног амарчээ. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Булган аймгийн удирдлагууд 2019 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

       Шинийн 15-ны бэлгэт сайн өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Булган аймгийн Засаг дарга З.Батзориг нар 2019 онд хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Анхдагчдын өлгий Булган нутгийн нэгээхэн хэсэг болох “Эрдэнэтийн-Овоо”-ны орд газрын үүцийг задалж, газрын доорх баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулсан 40 жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэр хамтын ажиллагааг эрхэмлэсээр ирсэн.    2018 онд Булган аймгийн 80 жил, Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ой тохиосонтой холбогдуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ түүхэндээ анх удаа нэг тэрбум төгрөгөөр Булганчуудын хөгжил дэвшил, хэтийн сайн сайханд хөрөнгө оруулалт хийсэн юм. Энэ онд хамтын ажиллагааны хүрээнд тусгагдсан 500 сая төгрөгийг Булган аймгийн удирдлагууд боловсролын салбарт болон “Аваргуудын цогцолбор”-ын бүтээн байгуулалт, сумдын нийгмийн хариуцлагын хүрээний тодорхой зорилтуудыг шийдвэрлэх, Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Чин ван Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулахаар төлөвлөж байгаагаа уламжиллаа.     Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Би анхдагчдын өлгий нутаг Булганчуудаар бахархаж явдаг. Сайхан ард түмэн, азтай хийморьтой хүмүүс. Төрийн их баяр наадмын түрүүлсэн бөх, морьдын буян хишиг, сурчдын уухай шингэсэн эдгээр сайхан өдрүүдэд Булган аймгийн Засаг даргатай 2019 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Бэлгэшээж байна. Эрдэнэт үйлдвэр, Булган аймгийн олон талт, харилцан ашигтай хамтын ажиллагаа улам өргөжих болтугай. Бидний хийж буй гэрээ, санамж бичиг Булганчуудын сайн сайхны төлөө зориулагдах ёстой. Энэ чиглэлээр хийх ажлаа төлөвлөж, хэрэгжүүлээд явж байна. Булганчууддаа ажлын өндөр амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг нийт уурхайчдынхаа нэрийн өмнөөс хүсэн ерөөе” хэмээсэн.    Мөн Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, “Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин та бүхний хөдөлмөр зүтгэлийн үр дүнд өнгөрсөн онд Булган аймагт нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр бид аймгийнхаа 80 жилийн ойг зорин ирсэн 80 мянган хүний сэтгэл зүрхэнд хүрсэн бүтээн байгуулалтыг хийж чадсан. Хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт нь аймгийн төв төдийгүй Эрдэнэт хотыг тойрсон Булган аймгийн сумдын ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх, өнгө төрхийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр болох болно. Өнгөрсөн жилийн хэмжээнээсээ ахисан татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд сайн сайхан бүхнийг хүсье” гэв. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • “Сайн” мэдээ

       Баялгийг бүтээгч Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон 2019 оны долоодугаар сарын эхний арав хоногийн байдлаар үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийн бодит гүйцэтгэлийг хэлэлцлээ. Тайлант хугацаанд уулын цул гаргалтын төлөвлөгөөг 108.3 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөөг 109.9 хувиар тус тус биелүүлжээ. Хүдэр олборлолтыг 107.1 хувь, хүдэр боловсруулалт 96.6 хувь, хүдэр дэх металлын агуулга зэсээр 104.9 хувь, молибден 84.5 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Ачигдсан зэсийн баяжмалын чанар 101.1 хувь, ачигдсан молибдений баяжмалын чанар 103.1 хувьтай байна. Баялгийг бүтээгч уурхайчид баяжуулагчдадаа ажлын өндөр амжилт хүсье. А.Бямбамаа Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр гавьяатууддаа хүндэтгэл үзүүллээ

       Эрдэнэсийн их уурхай Эрдэнэт үйлдвэрийнхээ нэрийг улсын баяр наадмын босгон дээр өндөрт өргөсөн хоёр гавьяатдаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдэг хүртсэн хүндтэй эрхэм бол Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга Я.Пүрвээ юм. Ажил, амьдралынхаа 20 жилийг Эрдэнэт үйлдвэртэй холбосон тэрээр 35 жилийн хөдөлмөрөө уул уурхайн салбарт зориулж, эдүгээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т катодын зэс үйлдвэрлэх “Эрдмин” компанийн төсөл болон Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн концепци, үндсэн чиглэл боловсруулах зэрэг томоохон төслүүд дээр ажиллаж байна.    Мөн Эрдэнэт үйлдвэрийн түүхийн 36 жилийг хамтдаа бүтээлцэж, уул уурхайн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, ахмад уурхайчин Юнгэрээгийн Цэдэнбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат уурхайчин цол тэмдэгээр энгэрээ мялаасан билээ. Ил уурхайд тоног төхөөрөмжийн засварчнаар ажлын гараагаа эхэлсэн тэрээр Инженерийн зураг төслийн төвийн хэлтсийн орлогч дарга, даргын ажил эрхэлсэн. Ажиллах хугацаандаа Эрдэнэт үйлдвэрийн цех хэсгүүдэд шинэ техник технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн процессыг боловсронгуй болгох, өөрчлөлт шинэчлэлтийн болон шинээр баригдах, өргөтгөх, үйлдвэрлэл, нийгэм соёлын олон талт чухал барилга байгууламжийн иж бүрэн төслүүдийг чанартай хийж гүйцэтгэсэн юм.    “Эрдэнэт үйлдвэрийн түүхийг бүтээлцэж, уул уурхайн салбарын инженерүүдийн нэр төрийг өндөрт өргөж яваа хоёр гавъяатаараа уурхайчин хамт олон нь бахархаж байна. Булган сүүлтэй байх болтугай” хэмээн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэ үеэр хэллээ. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
Мэдээ

     ХVII-р жарны Урвуулагч хэмээх Шороон гахай жилийн сар шинийн баярыг угтан “Эрдэнэт” үйлдвэрийн Залуучуудын холбоо уурхайчин залуусаа оролцуулан “Цагаан сарын өнгө-2019” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 20 цехийн 20 залуу оролцож, Монгол ёс заншлыг илэрхийлсэн мэндчилгээ, асуулт хариулт, багийн ахлагч нарын дундах тэмцээн, шилбэ зангидах, сээр хугалах, ардын дууг хэн сайн таах вэ?, Монгол үндэсний хувцасаараа гоёх зэргээр өрсөлдөв. “Цагаан сарын өнгө-2019” тэмцээний тэргүүн байрыг “Дөрвөн бэрх”, дэд байрыг “Таван-Эрдэнэ” баг эзэлсэн. Дээлний шилбийг уран зангидсан ХАБЭАБОХ-ийн эрүүл ахуйн эмч Ц.Оюунгэрэл, ганц цохилтоор сээр хугалсан ТЛА-ны н.Дорждагва нар шилдгээр шалгарлаа.


У.Цэрэнбат





 

Мягмар, 29 1-р сар 2019 00:00

Иргэдийн саналыг тусгав

    Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын иргэний танхимд өнөөдөр “Цагаан тоосны тархалт, дэгдэлтийг багасгах, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах” дэд хөтөлбөрийн ажлын хэсгийн хурал боллоо. Тус хамтарсан ажлын хэсэг Говил, Баянцагаан баг, Жаргалант сумын иргэдтэй уулзалт хийж, тэдний саналыг хөтөлбөрт тусгасны дараа дөрөв дэх удаагаа хэлэлцүүлэг хийж байгаа юм. Өнөөдрийн хэлэлцүүлэг эцсийнх байж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал болон аймгийн ИТХ-ын хуралдаанд оруулан батлуулахаар боллоо. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, аймгийн Засаг даргын хамтарсан тушаал гарч, ажлын хэсэг байгуулагдсан. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр тус үйлдвэр Монгол улсын Шинжлэх ухааны академитай хамтран ажиллах гэрээний хүрээнд Орхон аймгийн агаарын бохирдол, цагаан тоосны дэгдэлтийг бууруулах аргачлалыг боловсруулах хоёр чиглэлд хамтарч ажиллах болсныг компанийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх мэдээллээ. “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн хаягдал булинга буюу цагаан элс нь хавар, намрын хуурайшилтын үед байгалийн хүчин зүйл салхины хурдаас шалтгаалан тухайн бүс нутагт тархдаг. Цаашид компанийн зүгээс цагаан тоосны тархалт, дэгдэлтийг бууруулахад бүх талаар анхаарч ажиллахаа илэрхийллээ.


У.Цэрэнбат

 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиргаанаас  тус үйлдвэрийн Ерөнхий захиргаанд ажиллаж байгаад өндөр насны амралтанд гарсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Сар шинийн босгон дээр зохион байгуулдаг уламжлалт үйл ажиллагааны нэг энэхүү  хүндэтгэлийн хүлээн авалтанд 70 гаруй ахмад хүрэлцэн ирэв. Тэднийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Хөгжил их барилга хариуцсан орлогч Д.Эрдэнэцогт, Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Ахмадын зөвлөлийн дарга Д.Байгал нар хүндэтгэн хүлээн авч, сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэндчилгээндээ “ Ерөнхий захиргаанд ажиллаж байсан эрхэм буянтай ахмадууд та бүхэн бол 40 насны ойтойгоо золгосон энэ сайхан үйлдвэрээ хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэсэн гавьяатай хүмүүс. Хийж бүтээж, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэний тань төлөө  шинэ жил гарах энэхүү торгон агшинд Эрдэнэт үйлдвэрийн одоогийн удирдлага болон нийт уурхайчин хамт олны өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлэн, хүндэтгэл үзүүлж буйг хүлээн авна уу” хэмээн тодотгов.
     Хүндэтгэлийн ажиллагааны эхэнд Уурхайчин соёлын ордны дуучин, СТА Д.Дагиймаагийн дуулснаар  “Энх мэндийн баяр” уртын дуу шуранхайлж, Эрдэнэт үйлдвэрийн 2018 оны онцлох үйл явдлын танилцуулгыг  ахмадуудад сонирхуулав. Мөн Уурхайчин соёлын ордны уран бүтээлчид, ахмадын төлөөллүүд ардын сайхан дуунуудаар хөг эгшиг нэмж, сэтгэл нь сэргэсэн ахмадууд үгсийн сайхнаар үйлдвэрийн удирдлагууддаа баяр талархал, урам дэм хайрлалаа. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны харьяалалтай 104 ахмад байдаг аж. Тэдний хамгийн ахмад нь Нягтлан бодох бүртгэлийн хэлтэст нягтлан бодогчоор ажиллаж байсан эдүгээ 84 настай  Жамбын Долгор юм. Дуу хуур бялхаж, сонин сайхан хууч яриа дэлгэсэн хүндэтгэлийн үйл  ажилллагааны төгсгөлд удирдлагууд гарын бэлэг гардуулж, үйлдвэрийнхээ 40 жилийн шаштир түүхийн эзэд болсон ахмад азай буурлууддаа эрүүл энх, урт удаан наслахын ерөөлийг дэвшүүлэв.    

 

 

 

 

 

 

 

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 17 дугаар жарны “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн цагаан сарын баярын хөтөлбөрийн хүрээнд компанийн ахмадууд, ажилтнуудад зориулсан “Учиртай гурван толгой” үндэсний дуурь энэ сарын 28, 29-ний өдөр Уурхайчин соёлын ордны их танхимын тайзнаа тоглогдов. Тус дуурийн Ерөнхий найруулагчаар МУСТА Д.Одончимэг ажилласан бөгөөд энэ удаа олны хэсэг, найрал дуучид, дүрүүдийн шинэчлэлтэйгээр тавигдаж буйгаараа онцлог юм. Худалдаачин, бүүвэйч, ард өвгөн, замын тосуул, согтуу ноён, Юндэн ба Балганы дагуул, хатад, лам, хуурч, харц ард, ноёд түшмэд, эхнэр хатад, зарц дагуулуудын дүрд Уурхайчин соёлын ордны дэргэдэх дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын ахмад, залуу үеийн уран бүтээлчид, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уран сайханчид, хүүхдийн дугуйлангийн сурагчид гээд олны бүрэлдэхүүнтэйгээр оролцон тоглов. “Эрдэнэт” чуулга, Зэвсэгт  хүчний 186-р ангийн хөгжимчид, Орхон аймгийн хөгжмийн сургуулийн багш нар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уран сайханчдын хамтарсан холимог найрал хөгжмийг МУСТА Д.Пүрэвсүрэн удирдан эгшиглүүллээ.  Анх 2006 онд МУСТА Т.Дашцэрэн агсны санаачилгаар Д.Нацагдоржийн зохиол, Б.Дамдинсүрэнгийн хөгжим "Учиртай гурван толгой" хэмээх 3 бүлэг 5 үзэгдэл бүхий Монголын анхны сонгодог дуурийг Уурхайчин соёлын ордны тайзнаа амилуулсан түүхтэй. Түүнээс хойш 2011-2013, 2016, 2019 онд “Эрдэнэт”-ийн уран бүтээлчид бие даан тоглож байгаа юм.

У.Цэрэнбат

Мэдээний төрөл

Календарь

« 1-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог