• Их засварын ажлын гүйцэтгэл 60 хувийн биелэлттэй явж байна

         Баяжуулах үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүд хэвийн ажиллаж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг эхний хагас жилд 100-аас дээш хувиар давуулан биелүүлэв. Төлөвлөгөөт ажлын хугацаанд Нунтаглан баяжуулах хэсэгт SIEMENS үйлдвэрийн 20/5 тн-ын даацтай гүүрэн кран шинээр суурилуулсан бөгөөд Өөрөө нунтаглах хэсгийн МШЦ5,5*6,5М тээрмийг  шинэчлэн сольжээ. Энэ онд хийх үндсэн тоног төхөөрөмжийн 16 их засварын ажлын гүйцэтгэл 60 хувийн биелэлттэй явж байна. Үүнээс гадна Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд их зогсолтоор хийгдэх 104 ажлын жагсаалт батлагджээ. Үүний 66 ажлыг Баяжуулах үйлдвэрийн хамт олон өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан хийх аж. Түүнчлэн шаардлагатай тоног төхөөрөмж,сэлбэг хэрэгслийг нийлүүлсэн бөгөөд 33 ажлыг Засвар угсралтын цехийн хамт олон, таван ажлыг Барилга угсралтын цех тус тус гүйцэтгэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. 2020 оны  II хагас жилд МШЦ3.2х4.5 тээрмийн болон  Туузан дамжуулгын их засвар, ШХХ-ийн молибдений өтгөрүүлэгчийг шинэчлэн солих зэрэг томоохон ажил хийгдэнэ.                                                                                                                                    Т.Батчулуун Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр уул уурхайн салбарт анхны дижитал музей байгуулж байна

         Уул уурхайн жишиг үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Монгол Улсын  уул уурхайн салбарын онцлог, өөрийн үйлдвэрийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор дижитал музей байгуулах ажлыг эхлүүлсэн.      Тус музейн бүтээн байгуулалт, ажлын явцтай  Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тэргүүтэй удирдлагууд өнөөдөр танилцлаа. Дижитал музей нь Монголын уул уурхайн салбарын түүхэн хөгжлийн танхим, цахим мэдээллийн танхим, Эрдэнэт үйлдвэрийн түүхэн замнал, хөдөлмөрийн сайчуул, алдартан гавьяатнуудын мэдээлэл бүхий бидний-бахархал танхим, үйлдвэрлэл-технологи-инновацын танхим, нийгмийн  хариуцлагатай-Эрдэнэт үйлдвэр гэсэн  6 танхимаас  бүрдэх юм. Одоогоор Эрдэнэт үйлдвэрийн музейд үйлдвэрлэл-технологи-инновацын танхим, нийгмийн хариуцлагатай “Эрдэнэт үйлдвэр” гэсэн 2 танхим байгуулах ажил хараахан эхлээгүй байна. Эдгээр 6 танхимыг бүрэн ашиглалтад орсны дараа буюу ирэх 10-р сарын 01 гэхэд албан ёсны нээлт хийхээр төлөвлөж байна.      Уул уурхайн үйлдвэрийн газрын дэргэд  дижитал музей байгуулснаараа үйлдвэрийн түүхийг залуу үеийнхэндээ сурталчлаад зогсохгүй, шинэ залуу ажилчдадаа зориулсан сургалт хийх,  мэдээлэл өгөх, мэргэжлийн  баяруудыг тохиолдуулан өдөрлөг зохион байгуулах зэрэг музей тойрсон олон нийтийн  ажлууд явуулна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн харьяа цех, хэлтэс, бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаа,  онцлох түүхэн үйл явдлууд,мэргэжлийн баяр зэрэгт тохируулан тухай бүрт нь музейн үзмэрүүдийг шинэчлэн дэглэх боломжтой болох юм. Э.Мөнх-Уянга Фото: Ш.Лхамсүрэн   Дэлгэрэнгүй...
  • Аюулыг мэдрүүлэх шилдэг төхөөрөмжийг тодрууллаа

         ХАБЭА-н хэлтсээс үйлдвэрийн бүтцийн нэгжийн ажиллагчдын дунд зарласан “Аюулыг аюулгүйгээр мэдрүүлэх тоног төхөөрөмжийн уралдаан”-ы шилдэг бүтээлүүд өнгөрсөн пүрэв гарагт шалгарлаа. Оны эхний хагас жилийн турш өрнөсөн энэхүү уралдаан нь аюул эрсдэлийг аюулгүй мэдрүүлэх, урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмжийг ажилчид өөрсдийн бүтээлч идэвх санаачилгаараа, дотоод нөөц бололцоондоо тулгуурлан зохион бүтээх зорилго агуулсан юм. Уг уралдаанд нийт 42 бүтээл ирсэн бөгөөд бүтээлүүдийг эргэх механизмд орооцолдох, хавчуулагдах мөн цахилгаан гүйдэл, хүчдэл, дараагийнх нь дээрээс унах, бүдрэх аюулыг мэдрүүлэх гэсэн үндсэн гурван бүлэгт ангилан аюулгүйн шаардлага, мэдлэг оюун, хийц загвар, шийдэл зэрэг шалгуураар  байр эзлүүлэв. Эргэх механизмын аюулыг мэдрүүлэх бүлэгт Дулааны цахилгаан станцын  “Тээрмийн хөтлөгч араа, конвейрын туузан дамжуулгын аюулыг мэдрүүлэх төхөөрөмж” нэгдүгээр байр эзэлж нэг сая төгрөгийн шагнал хүртлээ. Энэхүү төхөөрөмж нь ухаалаг утаснаас автомат удирдлагаар холбогдон ажилладаг дэвшилтэт давуу талтай. Ажиллаж буй эргэх механизмд болгоомжгүй байдлаар өртөж буй үйл явцыг харуулан аваарын гэрэл, дуут дохио асаж аюулыг мэдрүүлэх онцлогтой.      Энэ бүлгийн хоёрдугаар байрт Ил уурхайн “Ремень болон харьцах араанд гар хавчуулах аюулыг таниулах төхөөрөмж”, гуравдугаар байрт Засвар механикийн заводын “Гинжин ба туузан дамжуургад орооцолдох аюулыг мэдрүүлэх”, Спорт цогцолборын “Бүрэн бус гар цахилгаан багажийн аюулыг мэдрүүлэх” төхөөрөмжүүд шалгарлаа.      Өндрөөс унах аюулын бүлэгт Автотээврийн цехийн “Жолооч хамгаалах бүс хэрэглээгүйн улмаас үүдэх аюулыг таниулах авто машины суудлын бүс” бүтээл тэргүүн байр эзэлжээ. Улсын хэмжээнд зам тээврийн осолд орсон нийт хүмүүсийн 72 хувь нь суудлын бүс хэрэглээгүйн улмаас гэмтсэн, амь насаа алдсан байдаг.  Суудлын бүс нь ослын үед бэртэж гэмтэх, гадагш шидэгдэх эрсдэлээс 80 хувь хүртэл хамгаалах боломжтойг мэдрүүлсэн сургалтын энэхүү бүтээл нь олны сонирхлыг ихэд татсан юм. Энэ төрөлд хоёрдугаар байрыг Ган бөөрөнцгийн цехийн “Дуу шуугианыг харьцуулан мэдрүүлэх”, Дулааны цахилгаан станцын “Шуугианыг аюулгүйгээр мэдрүүлэх” төхөөрөмж, гуравдугаар байрыг Ил уурхайн “Өндөрт ажиллах монтёрыг хамгаалах бүс” бүтээл шалгарсан байна.      Харин шүүгчид цахилгаан гүйдэл, хүчдэл бүлэгт ирсэн бүтээлүүдээс нэг, хоёрдугаар байрт шалгарах төхөөрөмж байсангүй гэж үзжээ. Гуравдугаар байрт, Засвар механикийн заводын “Цахилгаан соронзон орны нөлөөллийн халалт шаталт”, Цахилгаан цехийн “Тоног төхөөрөмжийн металл холбоосгүй үед үүсэх гүйдлийг хамгаалах хэрэгсэлтэй болон үгүй үеийн аюулыг таниулах”, “Цахилгаан тоног төхөөрөмж дээр ажил гүйцэтгэх үед санамсаргүйгээр хүчдэл өгөхөд үүсэх аюулыг таниулах”, Холбоо, мэдээллийн технологийн автоматжуулалтын цехийн “Цацрагийн аюул эрсдэлийг таниулах, хүнд үзүүлэх нөлөөллийг мэдрүүлэх”, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн төхөөрөмжүүд тодорлоо.         Цар тахлын халдварын үеийн эдийн засгийн хямралтай үед хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэн ажилчдын бүтээлч сэтгэлгээнд тулгуурлан үнэтэй төхөөрөмжүүдийг дотоод нөөц боломжоо ашиглан хийх энэхүү уралдаан нь аюул осолд өртөхгүйгээр амь нас, эрүүл мэндээ хамгаалах, аюулыг мэдрүүлэх байдлаар ажилчдыг зөв зан үйлд дадлагажуулах чухал туршлага болсноороо олон талын ач холбогдолтой гэж ХАБЭА-н хэлтсийн сайжруулалтын мэргэжилтэн, доктор Л.Батгэрэл онцоллоо.        ХАБЭА-н хэлтсээс үйлдвэрийн бүтцийн нэгжийн ажиллагчдын дунд зарласан “Аюулыг аюулгүйгээр мэдрүүлэх тоног төхөөрөмжийн уралдаан”-ы шилдэг бүтээлүүд өнгөрсөн пүрэв гарагт шалгарлаа. Оны эхний хагас жилийн турш өрнөсөн энэхүү уралдаан нь аюул эрсдэлийг аюулгүй мэдрүүлэх, урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмжийг ажилчид өөрсдийн бүтээлч идэвх санаачилгаараа, дотоод нөөц бололцоондоо тулгуурлан зохион бүтээх зорилго агуулсан юм. Уг уралдаанд нийт 42 бүтээл ирсэн бөгөөд бүтээлүүдийг эргэх механизмд орооцолдох, хавчуулагдах мөн цахилгаан гүйдэл, хүчдэл, дараагийнх нь дээрээс унах, бүдрэх аюулыг мэдрүүлэх гэсэн үндсэн гурван бүлэгт ангилан аюулгүйн шаардлага, мэдлэг оюун, хийц загвар, шийдэл зэрэг шалгуураар  байр эзлүүлэв. Эргэх механизмын аюулыг мэдрүүлэх бүлэгт Дулааны цахилгаан станцын  “Тээрмийн хөтлөгч араа, конвейрын туузан дамжуулгын аюулыг мэдрүүлэх төхөөрөмж” нэгдүгээр байр эзэлж нэг сая төгрөгийн шагнал хүртлээ. Энэхүү төхөөрөмж нь ухаалаг утаснаас автомат удирдлагаар холбогдон ажилладаг дэвшилтэт давуу талтай. Ажиллаж буй эргэх механизмд болгоомжгүй байдлаар өртөж буй үйл явцыг харуулан аваарын гэрэл, дуут дохио асаж аюулыг мэдрүүлэх онцлогтой.      Энэ бүлгийн хоёрдугаар байрт Ил уурхайн “Ремень болон харьцах араанд гар хавчуулах аюулыг таниулах төхөөрөмж”, гуравдугаар байрт Засвар механикийн заводын “Гинжин ба туузан дамжуургад орооцолдох аюулыг мэдрүүлэх”, Спорт цогцолборын “Бүрэн бус гар цахилгаан багажийн аюулыг мэдрүүлэх” төхөөрөмжүүд шалгарлаа.      Өндрөөс унах аюулын бүлэгт Автотээврийн цехийн “Жолооч хамгаалах бүс хэрэглээгүйн улмаас үүдэх аюулыг таниулах авто машины суудлын бүс” бүтээл тэргүүн байр эзэлжээ. Улсын хэмжээнд зам тээврийн осолд орсон нийт хүмүүсийн 72 хувь нь суудлын бүс хэрэглээгүйн улмаас гэмтсэн, амь насаа алдсан байдаг.  Суудлын бүс нь ослын үед бэртэж гэмтэх, гадагш шидэгдэх эрсдэлээс 80 хувь хүртэл хамгаалах боломжтойг мэдрүүлсэн сургалтын энэхүү бүтээл нь олны сонирхлыг ихэд татсан юм. Энэ төрөлд хоёрдугаар байрыг Ган бөөрөнцгийн цехийн “Дуу шуугианыг харьцуулан мэдрүүлэх”, Дулааны цахилгаан станцын “Шуугианыг аюулгүйгээр мэдрүүлэх” төхөөрөмж, гуравдугаар байрыг Ил уурхайн “Өндөрт ажиллах монтёрыг хамгаалах бүс” бүтээл шалгарсан байна.      Харин шүүгчид цахилгаан гүйдэл, хүчдэл бүлэгт ирсэн бүтээлүүдээс нэг, хоёрдугаар байрт шалгарах төхөөрөмж байсангүй гэж үзжээ. Гуравдугаар байрт, Засвар механикийн заводын “Цахилгаан соронзон орны нөлөөллийн халалт шаталт”, Цахилгаан цехийн “Тоног төхөөрөмжийн металл холбоосгүй үед үүсэх гүйдлийг хамгаалах хэрэгсэлтэй болон үгүй үеийн аюулыг таниулах”, “Цахилгаан тоног төхөөрөмж дээр ажил гүйцэтгэх үед санамсаргүйгээр хүчдэл өгөхөд үүсэх аюулыг таниулах”, Холбоо, мэдээллийн технологийн автоматжуулалтын цехийн “Цацрагийн аюул эрсдэлийг таниулах, хүнд үзүүлэх нөлөөллийг мэдрүүлэх”, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн төхөөрөмжүүд тодорлоо.         Цар тахлын халдварын үеийн эдийн засгийн хямралтай үед хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэн ажилчдын бүтээлч сэтгэлгээнд тулгуурлан үнэтэй төхөөрөмжүүдийг дотоод нөөц боломжоо ашиглан хийх энэхүү уралдаан нь аюул осолд өртөхгүйгээр амь нас, эрүүл мэндээ хамгаалах, аюулыг мэдрүүлэх байдлаар ажилчдыг зөв зан үйлд дадлагажуулах чухал туршлага болсноороо олон талын ач холбогдолтой гэж ХАБЭА-н хэлтсийн сайжруулалтын мэргэжилтэн, доктор Л.Батгэрэл онцоллоо.   А.Марал Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Цахим зөвлөмж ажилчдын сэтгэлд гойд нийцэв

         Цаг үеийн  онцгой нөхцөл байдлын үед  Баяжуулах үйлдвэрийн  Хүний нөөцийн албанаас эрхлэн  Эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн төвийн цахим группээрээ дамжуулан   цуврал зөвлөмж мэдээлэл явуулж буй нь  ажилчдын сэтгэлд гойд нийцжээ.  1200 гаруй ам бүлтэй энэ “өнөр айл”  спортын мастер, урлагийн авьяастан, уран гартан олонтой.  Цахим группдээ тэд амжилтад хүрсэн түүхээ хүүрнэж, ахмад ажилтан  амьдралын баялаг туршлагаа түгээж, эгэл жирийн нэгэн ажилчин ч эзэмшсэн зөв дадлаа хуваалцдаг.  Амьдралын зөв хэв маягт суралцах, урт насалж бүтээмжтэй ажиллах тухай цахим зөвлөгөө  элбэг  байдаг ч,  зэрэгцэн ажилладаг нөхдийнх нь яриа хөөрөө, зураг, бичлэгээр дамжин  хүрч буй мэдээлэл тэдний сэтгэлд ойр “буужээ”. Зөвлөгөө мэдээллийг лавшруулан судлах,  хэрэгжүүлэхэд эх сурвалж  дэргэд нь байгаа болохоор  өгөөжтэй. “Баяжуулагчид бие биеэсээ суралцах,  нэгнийхээ амжилтаар бахархах, сайхан сэтгэл, эерэг хандлагыг төлөвшүүлэх, зөв амьдрах урлагт суралцахад  цахим зөвлөмжийн тус их. Нөгөөтэйгүүр  шинэ ажилтнуудынхаа  авьяас чадварыг нээн илрүүлэхэд дөхөм болж байна. Өнөөдрийн байдлаар 25 дахь зөвлөмжөө нийтэллээ гэж  Соёл олон түмний ажлын арга зүйч С.Должинсүрэн ярилаа. Я.Энхтуяа   Дэлгэрэнгүй...
  • Бүтээмж чанарын дугуйлангуудын оролцоо гурав дахин өсжээ

         Сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийн Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн Бүтээмж чанарын дугуйлангуудын сайн саналын систем дэх оролцоо гурав дахин өсжээ. 2019 онд тус цехийн ажилтнуудын гаргасан сайн саналууд ажлын байр болон ХАБЭА, үйлдвэрлэлийн технологийн чиглэлд 75 хувь хэрэгжиж үр ашиг өгсөн аж. Цехийн хэмжээнд гурван бүтээмж чанарын дугуйлан үйл ажиллагаагаа явуулдаг. Тус хүрээлэнгийн хамт олон бүтээмжийн үйл ажиллагаанд оролцсон цагаасаа 46 төсөл, 20 жижиг сайжруулалтын ажил амжилттай гүйцэтгээд байна. Энэ хугацаанд цехийн тоног төхөөрөмжүүдийг автомат ажиллагаатай болгоход чиглэсэн олон төсөл хэрэгжжээ. Тухайлбал, хатаах шүүгээ температурын зөрөөтэй, нарийвчлал багатай байсныг өөрчилснөөр ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмж дээшилж, цаг ашиглалт сайжирсан байна. 2020 оны эхний хагас жилд “Лабораторийн туршилтын процесс сайжруулалтын ажил”, “Ашиглалтын хайгуулын дээжийн боловсруулалтын хугацааг багасгах нь” зэрэг сэдэвт төсөл хэрэгжсэнээр цехийн дотоод зохион байгуулалтыг оновчилж, хүдэр бэлтгэлийн шат дамжлагыг багасгав. Мөн цехийн бүтээмжийн үйл ажиллагааг улам сайжруулахын тулд шинэ орон тоо батлуулсан нь бүтээмж, инновацийн чиглэлээр илүү сайн ажиллах  нөхцөл бүрджээ.                                                                                                                                        Т.Батчулуун Дэлгэрэнгүй...
  • Баяжуулагчид өртөг бууруулах сайн саналаар өрсөлдөнө

         Баяжуулах үйлдвэрийн Бүтээмжийн зөвлөлөөс саналын систем дэх   ажилтны оролцоог нэмэгдүүлэх, улмаар өртөг зардлыг бууруулах зорилгоор  “Миний оролцоо-Миний үйлдвэр” сайн саналын  уралдаан зарласан. Тавдугаар сарын нэгэнд эхэлсэн уг уралдаан наймдугаар сарын 10 хүртэл үргэлжлэх  юм. Энэ хүрээнд үйлдвэрлэлийн хэсгүүдээр “1000 санал-1000 өгөөж”  уриа бүхий самбар аялуулж, саналыг бүртгэж байна. Өнөөдрийг хүртэлх  хоёр  сарын хугацаанд 354 ажилчин санал ирүүлжээ. Өнгөрсөн жилийн турш  455 хүн санал гаргасантай харьцуулбал ажиллагчдын оролцоо эрс  нэмэгдэх хандлагатай байна. Ажиллагчид   өртөг зардал бууруулах, ХАБЭА-г хангах, эрсдэл бууруулах, үйлдвэрлэлийн үзүүлэлтийг дээшлүүлэх зэрэг таван чиглэлд ахиц авчрахуйц санаа сэдэж,  ухаанаа уралдуулж байна.  Уралдаан хоёр сая төгрөгийн шагналын сантай төдийгүй  шилдгүүдийн шагналт цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэх аж.   Ажилтнууд саналаа “Баяжуулах үйлдвэрийн бүтээмжийн үйл ажиллагаа” цахим хуудсанд байршуулдаг бөгөөд хүсвэл Эрдэнэт үйлдвэрийн бусад цехийнхэн ч тэдний саналтай танилцах боломжтой.                                                                                                                                      Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Гаалийн Ерөнхий газраас Эрдэнэт үйлдвэрт “Итгэмжлэгдсэн аж ахуй нэгж” хөтөлбөр хэрэгжүүлнэ

          Олон улсын худалдааг хөнгөвчлөх, бараа нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хангах, гааль, бизнесийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор Гаалийн Ерөнхий газар Эрдэнэт үйлдвэрт “Итгэмжлэгдсэн аж ахуй нэгж” хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл хангаж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн холбогдох газар, хэлтэс, цехийн мэргэжилтнүүд гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжид тавигдах шаардлага, хөтөлбөрийн ач холбогдол, экспорт, импортын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжид гаалийн итгэмжлэл олгох шалгуур, аж ахуйн нэгжийг үнэлэх, баталгаажуулах бэлтгэл үе шат сэдвээр номын “дуу” сонсож, гаалийнхан мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Гаалийн Ерөнхий газар итгэмжлэлийг экспорт, импорт, олон улсын худалдаа, тээвэр, гаалийн зуучлал зэрэг зургаан төрлөөр эхний ээлжинд зарлахаар төлөвлөжээ. Харин Эрдэнэт үйлдвэрийн хувьд зэсийн баяжмалын экспортын үйл ажиллагаанд итгэмжлэл санал болгож байна. Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж болсноор гаалийн бүрдүүлэлт, гадаад худалдааны чиглэлээр Монгол улсын хэмжээнд төдийгүй олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх томоохон хөнгөлөлтүүд эдлэхээс гадна өөрсдийн байр, агуулах, талбайдаа гаалийн бүрдүүлэлт хэрэгжүүлж цаг, мөнгө хэмнэх нөхцөл бүрдэх юм. М.ОДГЭРЭЛ ФОТО: Б.БАТТӨГС Дэлгэрэнгүй...
  • Өглөөний сэргээш цуврал контент #24: Ганболдын ГАНЖАРГАЛ

    Төгссөн сургууль: ШУТИС, Уул уурхайн инженерийн сургууль Мэргэжил: Уул уурхайн ашиглалтын технологийн инженер Ажилласан туршлага: “Эрдэнэс Тавантолгой” компанид хагас жил ажиллаж, 2014 оноос Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайд ажиллах болсон. Мэргэжил дээшлүүлсэн байдал: 2010 онд англи хэлний TOEFL өгч, Компьютер программ хангамжийн сургалтанд хамрагдсан. Чин хүсэл: Эрдэнэт үйлдвэрийн олборлох үйл ажиллагааг гардан гүйцэтгэдэг Ил уурхайн ажилтнууд дунд 280 орчим залуу бий. Төрөл бүрийн мэргэжилтэй эдгээр залуус санаа зориг нэгтэйгээр сайн үйлсийн аян, хүмүүнлэгийн ажилд гар бие оролцсоор ирсэн. Харин тэрхүү залуучуудыг атгасан гар шиг нэгтгэсэн Залуучуудын холбооны салбар зөвлөлийн хамт олныг 2019 оноос Г.Ганжаргал ахалж байгаа юм. Амьдрал дэвжээсэн энэ их уурхайдаа хүч хөдөлмөрөө зориулж, аливааг хамгийн сайнаараа хийхийг хичээдэг түүний шаргуу зан өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн гэж болно. Тэр бол Эрдэнэт үйлдвэрийн эрчтэй залуусын нэгэн төлөөлөл. Олон Улсын түвшинд хэрэглэж байгаа программууд, түүнийг хэрхэн нутагшуулж болох, урьдчилан ямар нөхцөлүүдийг бүрдүүлэх талаар судалж, тооцоо судалгаа хийж яваа тэрээр уурхайн ирээдүйн төлөө чадах бүхнээ хийх чин хүсэл тээсээр бидний дунд алхаж явна. -Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ? -Гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон мөн хийж бүтээж буй ажил бүхнээсээ урам зориг, эрч хүчийг авдаг. Миний амьдралын бас нэгэн сэргээшболаялал.Очиж үзээгүй, хөл тавьж үзээгүй газарбүрт очиход цаанаасаа л сэргээд явчихдаг. -Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? -Эрдэнэт үйлдвэрийн ил уурхайн процессийг тасралтгүй, найдвартай, аюулгүй авч явахад миний ажлын онцлог оршиж байгаа гэж боддог. Газрын гүнээс гарч буй хөрс, исэлдсэн хүдэр гэх мэт уулын цулыг ангилж буулгах, овоолго байгуулах мөн технологийн тээврийн түр болон байнгын замыг засаж, цэвэрлэх гэх мэт маш олон онцлог бүхий ажлуудыг хийж гүйцэтгэж байна. -Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ? -Миний бие Ил уурхайн залуусаа2019 оноос хойш төлөөлж, цехийнхээ залуучуудын холбооны тэргүүлэгчээр ажиллаж байна. Улс орныг хөгжүүлэх гол тулгуур нь хүүхэд, залуусын эрдэм мэдлэг, боловсрол, хүмүүжлээс эхэлдэг гэж боддог. Коронавирусээс үүдэнсурахчин хүсэл эрмэлзлэлтэй олон хүүхэд хичээлээсээ хоцрогдсон. Мэдээж бүх айл сансрын антени,телевиз, ухаалаг утастай гэж бодвол өрөөсгөл юм. Тиймээс хичээлийн хоцрогдлоо нөхөж чадахгүй байгаа гэр хорооллын алслагдсан багуудын сурагч дүү нараа сурах боломжоор хангахыг зорьж байна. Зуны хугацаанд залуус бид өөрсдийн боломж бололцоогоор хичээл хийх танхим байгуулж, хичээлийн хоцрогдол арилгаж, өөрсдийн эцэг эхээс сургаж ирсэн зөв хүний төлөвшлийг түгээх ажилдаа орно гэж төлөвлөөд байгаа. -Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөөямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ? -Ажлаа сайн хийе гэвэл өөрийн болон бусдын аюулгүй байдлыг л нэн түрүүнд тавих хэрэгтэй гэсэн зарчим баримталдаг.Ил уурхайн үйл ажиллагаандаюулгүй ажиллагаа болон төлөвлөлт маш чухал. Төлөвлөлт хэдий чинээ сайн, нягт байна бид төдий чинээ зардал бага, чанартай ажил гүйцэтгэнэ. Харин эрсдэлээ сайн тооцож,бусдад түгээж чадвал аюул осолгүй ажиллана шүү дээ. Иймд аюулгүй ажиллагаанд сайн суралцаж,ноцтой болон өндөр эрсдэлтэй ажлуудын эрсдлийн түвшинг хэрхэн бууруулах тал дээр судалж байна. Харин компьютер болон англи хэлний мэдлэгээ ашиглаж, ил уурхайн төлөвлөлтийн программуудыг судлах сонирхолтой байна. Би багаасаа компьютерт ихсонирхолтой хүүхэд байлаа. Гадаад улс оронд гарчмэргэжлээ дээшлүүлэх хүсэлтэй байгаа ч дэлхийн нийтийн санааг зовоож буй коронавирусын халдвараас айж байна. -Таны хамгийн том мөрөөдөл юу вэ? -Нэгдүгээрт, Аюулгүй ажиллагаа бүтээмж дээшлүүлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэрийн ухаж ачих, тээвэрлэх процессийг бүрэн автоматжуулах Хоёрдугаарт, Олон улсын “Street food”сүлжээ байгуулахгэсэн тэс хөндлөн мөрөөдөлтэй. Мөрөөдлийнхөө төлөө хүн зоригтой алхам хийх хэрэгтэй гэж боддог. Тиймдээ ч хувиараа ресторан ажиллуулахаар зориг шулуудаж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Энэ бол мөрөөдөлдөө хүрэх эхний алхам гэж хэлж болно. -Боловсролын талаарх таны бодол? -Боловсролоосоо илүү хүмүүжил,хувь хүний зан чанарих чухал санагддаг. Хүмүүсийг хараад байхаднэг л уур уцаартай, өөрөө болж байвал боллоогэсэн байдлаар аливаад хандаад байх шиг санагддаг. Боловсролын хувьд бид дижитал технологитой зэрэгцэж явахгүй бол болохгүй цаг үед амьдарч байна.Хэлний мэдлэгтэй, интернет орчинг сайн ашиглаж чадвал юуг ч сурч, мэдэж, хийж чадахаар нийгэмд бид амьдарч байна. -Одоо хийж буй ажил таны мөрөөдлийн ажил мөн үү? -Аав маань уул уурхайн хүн. Намайг аравдугаар ангиа төсгөх жил уул уурхайн салбар эрчээ авч байсан үе л дээ. Энэ салбарт хувь нэмрээ оруулна гэж зорьсон болохоор сонголтоо зөв гэж боддог. Гэхдээ яг одоо бол мөрөөдлийнхөө түвшинд хүрээгүй л байна. -Залуучуудад хэлэх таны зөвлөгөө? -Улс төр, нийгмийг буруушааж,хойш ухралгүйгээр цэвэр хөдөлмөр, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж, өөрийнхөө ертөнцийг бий болгоорой. -Эрдэнэт үйлдвэр таны харах онцег, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ? -Амьдрал ажлынхаа гарааг эхэлсэн болохоор мэдээж хамгийн их нөлөөтэй. Эрдэнэт үйлдвэрийнхээ буянд энэ хүнд хэцүү үед ч идэх хоол, орон байр, унах унаатай,мөн гэр бүлээ авч явж байгаа болохоор хийж байгаа ажилдаа эзэн болж, чин сэтгэлээсээ хичээн ажиллахыг хичээдэг. Дэлгэрэнгүй...
  • А.ДАМДИНДОРЖ: Би гурван шинэ өрөм угсарсан

    Энэ удаагийн зочноор Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн Өрмийн машинч А.Дамдиндоржийг урилаа. Түүнтэй хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна. Таны унасан газар, угаасан ус хаана вэ? Эндээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү? -Би Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн. Улаагчны хар нуурын хөвөөнд тоглож өслөө. Мухарт, Нарийн гол гэж газар бий. Өсөж төрсөн нутаг хүний сэтгэлд уяатай явдаг. Манай нутгийн зон олон 100 гаруй километр газар тэмээн хөсгөөр нүүж амьдардаг. Намар, өвөл Их хайрхны ар, өврөөр нутаглана. Завхан голын наахна, Улаагчны хар нуур луу орж зусдаг юм. Үйлдвэрт хэдэн жил ажиллаж байна. Хаана ямар мэргэжил эзэмшсэн бэ? -“Эрдэнэт цогцолбор“ дээд сургуулийг Сургалтын төв байхад өрмийн машинчаар төгсөж байлаа. 1981 оны зургаадугаар сарын 20-нд Эрдэнэт үйлдвэрийн Хүдрийн ил уурхайд өрмийн туслах машинчаар ажилд орсон. Тухайн үед нэг номерын өрмийн туслах машинчаар хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайханы шавь болон ажиллаж байлаа. Дараа нь цэрэгт татагдсан. Ардын армийн 065-р ангид цэргийн алба хаасан. Эрдэнэт үйлдвэрт 36 дахь жилдээ ажиллаж байна. Гэр бүлээ танилцуулахгүй юу? -Манайх ам бүл тавуулаа. Гэр бүлийн хүн маань 10-р цэцэрлэгт ажилладаг. Очирбатын Оюунчимэг гэдэг. Том хүү олон улсын худалдааны мэргэжилтэй. Германы компанид ажиллаж байна. Д.Баттогтох гэж хүү бий. “Хангарьд” спорт клубийн тамирчин явсан. Боксын спортын улсын аваргын хүрэл медальтай.  Дунд хүү Д.Баяртогтох маань инженер мэргэжилтэй. Сагсан бөмбөгөөр хичээллэдэг. Охин Д.Болорзул БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан. Эдийн засгийн чиглэлээр суралцдаг. Дөрөвдүгээр арван жилийн хөгжмийн багш Цэнгэлмаагийн шавь. Төгөлдөр хуур тоглодог юм. Улс, орон нутгийн чанартай тэмцээнээс олон медаль авч байсан. Эрдэнэт үйлдвэрт таны оруулсан хувь нэмэр юу вэ? -Уурхайчны хөдөлмөр сайхан. Би амьдрахын төлөө Эрдэнэт үйлдвэрт хөдөлмөрлөсөн. Бор уулынхаа буяныг чамгүй хүртлээ. Энэ хотод гал голомтоо бадрааж, гурван сайхан хүүхэдтэй болсон. Өнгөрсөн хугацаанд хамт олонтойгоо баялаг бүтээлцэж ирсэндээ баяртай явдаг. Эрдэнэт үйлдвэрт оруулсан миний хувь нэмэр ердөө энэ. Та хүний ямар зан чанарыг эрхэмлэдэг вэ? -Хөдөлмөрийн хүний эрхэмлэх чанар бол үнэнч шударга, зарчимч байх ёстой. Ийм зан чанар надад бий байх. Би шавь нартаа үнэнч хөдөлмөрлө, шударга бай гэж захидаг. Миний дөрвөн шавь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Доржзодовын Батзориг  миний ууган шавь. Баасанхүүгийн Борхүү, н.Ганболор, 21-р өрмийн машинч Чойжилсүрэнгийн Эрдэнэ-очир нарыг нэрлэх байна. Танд урлаг, спортын ямар авьяас байна.?  -Өндөр амжилт гаргаагүй ч урлаг, спортоор хичээллэж явлаа. Ил уурхайн урлагийн үзлэгт мөн ч олон орсон доо. Эрдэнэт үйлдвэрийг түшсэн материаллаг баазтай болохоор зааланд тоглож хөлс гаргадаг. Энэ бүхэн миний амьдралын нэг салшгүй хэсэг. Нэг хэсэг “Эрдэнэт” сувилалд шөнийн ээлжид гарах хүмүүсийг амраадаг байлаа. Таны ажлын онцлог юу вэ?   -Өрөмдлөг бол уурхайн нэг номерын ажил. Өрөмдлөг хийснээр дараагийн ажил  явагдана. Уг нь бид ажлын найман цагт 90 уртааш метр цооног өрөмдөх нормтой. Одоогоор 12 цагийн хуваарьт шилжсэнээр 153 уртааш метр найман цооног өрөмдөх нормтой ажиллаж байна. 12 цагийн хуваарьт шилжсэнээр ямар өөрчлөлт гарсан бэ? -Миний бие 1981-2020 оны 10-р сар хүртэл дөрвөн ээлжид явж ажиллалаа. Өнгөрсөн оны 10-р сараас л гурван ээлжээр ажиллаж байна. Гурван ээлжээр ажиллах болсон нь ажиллагчдын эрүүл мэндэд сайн. Өмнө нь нэг ажилтан гурван шөнө ээлжид гардаг байсан.12 цагийн ээлжид шилжсэнээр дунд нь амралттай болсон. Таны хувьд их хөдөлмөр зарцуулж, сэтгэлээ шингээж хийсэн ямар ажил байна вэ? -Би гурван шинэ өрөм монтажилсан. Нэг өрөм 10 жил ажилладаг. Анх нэг номерын өрмийг дуусгасан. Дөрвөн жил зургаан сарын өмнө  сүүлийн өрмийг хүлээлгэн өглөө. Манайхан нэг ээлжид 7-8 хүн ажилладаг. Хойноос ирсэн техникийг өөрсдөө угсардаг юм. Ер нь өрмийн засварын цахилгаанчин, механик, инженерүүдийн дэмжлэг, тусламжаар л бидний ажил сайн явдаг. Аливаа зүйлд мэргэшсэн хүнээс үг сонсох нь их өгөөжтэй санагддаг. Залууст хандан юу хэлэх сэн бол? -Юун түрүүнд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах ёстой. Тэгэхээр цаг хугацаанд нь техниктээ засвар үйлчилгээ хий гэсэн үг. Нэг боолт суларсан ч чангалах жишээтэй. Техникээ гамтай эдлэх хэрэгтэй. Он удаан жил нэг газар эрүүл ажиллаж хөдөлмөрлөсний нууц юунд байна вэ? -Хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ажил, амралтаа зөв зохицуулах шаардлагатай. Манай үеийнхэн орос мэргэжилтнүүдээс их юм сурсан. Тэд амьдралын маш зөв дадал хэвшил бүрдүүлсэн хүмүүс. Ажлын цаг маш сайн барьдаг. Баярлалаа. Т.Батчулуун   Дэлгэрэнгүй...
  • Баяжуулах үйлдвэрт зургаан сая тонн хүдэр нунтаглах хүчин чадалтай шинэ шугам барина

         Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх Үндсэн чиглэлд томоохон зургаан төсөл тусгагдсаны нэг нь Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх ажил юм. Тасралтгүй 42 жил ажилласан Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдрийн агуулга буурч, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шууд нөлөөлж байна. Үүний зэрэгцээ Баяжуулах үйлдвэрт бага хүчин чадалтай олон тоног төхөөрөмж ажиллаж байгаа нь ашиглалтын болон засварын зардал өсгөөд зогсохгүй хүдэр боловсруулалтын өртөг зардал нэмэгдэх, үр ашиг буурах үндсэн шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн хүдэр боловсруулах болон баяжмалд нэг тонн металл зэс гаргах өөрийн өртөг орчин үеийн бусад үйлдвэрүүдтэй харьцуулахад өндөр байгаа юм. Иймээс үйлдвэрийн газрын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардлыг бууруулах зорилгоор Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх ажил шат дараатай хийгдэж байна. Энэ хүрээнд Өөрөө нунтаглах хэсэгт зургаан сая тонны  хүчин чадалтай шинэ шугам барих юм. Одоогоор газар шорооны ажил нь 50 хувийн гүйцэтгэлтэй, 20 дох хоногтоо үргэлжилж байна. Үйлдвэрийн хүчин чадлыг 35 сая тонн хүдэр боловсруулах хэмжээнд хүргэх энэхүү төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр “Жайнги найпу”, туслан гүйцэтгэгчээр “Эрдэнэт лайт”, “Эрчим төсөл” компани ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн 125 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй өргөтгөлийн бүтээн байгуулалтыг ирэх оны наймдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Өргөтгөлийн тоног төхөөрөмжүүд үйлдвэрлэгдээд эхэлсэн бөгөөд оны сүүлээр талбай дээр бууна гэж Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон мэдээллээ.      Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх төслийн хүрээнд хөвүүлэн баяжуулах машин, бутлуур, тээрмүүдийг орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр солих, Хаягдлын аж ахуйг өргөтгөх ажил өнгөрсөн жилээс эхэлсэн. Ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдээд зогсохгүй зардал болон хүдэр боловсруулах өөрийн өртгийг бууруулах, таваарын бүтээгдэхүүний өөрийн өртгийг хямдруулах боломж бүрдэх юм.  М.ОДГЭРЭЛ Б.БАТТӨГС  Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Мэдээ

    Өнгөрч буй 2018 оны отгон энэ өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Оюу” танхимд төрийн дээд одон, медалийг гардуулав. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор дөрвөн хүнийг, Алтан гадас одонгоор 11 хүнийг, Хөдөлмөрийн хүндэт медалиар 9 хүнийг шагнажээ. Мөн энэ өдөр яамны жуух бичиг, “Тэргүүний уурхайчин” тэмдэг эзэндээ очлоо. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Л.Ганхуяг, Н.Кадирбек, З.Одончимэг, Т.Баасансүрэн нарыг, “Алтан гадас” одонгоор Р.Базашхан, Ц.Батсуурь, Г.Баяр, П.Гантулга, Д.Мэндбаяр, Б.Одончимэг, Б.Пүрэвдорж, Э.Уранчимэг, С.Ууганбаатар, Ч.Энхбаяр, Г.Эрдэнэбаяр, Хөдөлмөрийн хүндэт медалиар Д.Батзоригт, Д.Баттулга, С.Баттулга, Б.Баттуул, Ю.Ганболд, Я. Жаргалсайхан, Г.Мөнгөнсар, Б.Уртнасан, Н.Чулуунбаатар нарыг тус тус шагнасныг үйлдвэрийн удирдлагууд гардуулан өгөв.


У.Цэрэнбат
 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нэрэмжит Тэргүүний ажилтнуудын шинэ жилийн баярын цэнгүүний үеэр компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэд хэдэн шийдвэрийг танилцууллаа. “Эрдэнэт” үйлдвэр ажилчдынхаа орон сууцны хангамжийн асуудлыг шийдвэрлэхээр “Москва 300”, “ЭКО 400”, “Залуус 600” хорооллыг компанийн хөрөнгө оруулалтаар “Медипас” эмнэлгийн хажууд нь цогцоор нь бариулахаар болжээ. Орхон аймгийн ЗДТГ-аас энэхүү асуудлыг дэмжин ажилласанд компанийн удирдлага талархлаа илэрхийлэв. Мөн компанийн зүгээр ажилчиддаа орон сууцтай болоход нь хөнгөлөлт үзүүлж олгодог 8 сая төгрөгийг шинэ оны нэгдүгээр сарын нэгнээс 12 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Манлайлагч мастеруудын цалинг 2019 оны эхний өдрөөс 1 сая төгрөгөөр нэмэгдүүлэн, цаашид компанийн хэмжээнд манлайлагч мастерын нэмэгдэл бий болгосныг компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн шинэ жилийн цэнгүүний үеэр хэллээ. 

         Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уурхайчин хамт олон компанийн ТУЗ-өөс өгсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг энэ сарын 25-ны өдөр давуулан биелүүлсэн. Үүнийг дагаад компани 2018 онд санхүү, эдийн засгийн өндөр ашиг орлоготой ажиллаж, түүхэн амжилт тогтоов. Тухайлбал, анх удаа борлуулалтын орлогыг 2 их наяд төгрөгт хүргэж, улс болон орон нутгийн төсөвт 650 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэн, цэвэр ашгийн төлөвлөгөөг 20 хувиар давуулан биелүүлсэн. Үйлдвэрийн удирдлагуудын шийдвэр гарч, нийт ажилчиддаа цэвэр ашгийн үр дүнгээс мөнгөн урамшуулал олгохоор боллоо.

У.Цэрэнбат

Фото: Б.Баттөгс

 

 

           

 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нэрэмжит Тэргүүний ажилтнуудын шинэ жилийн ёслолын цэнгүүн уурхайчин бүрийн хүсэн хүлээдэг баяр байдаг. Энэ өдөр компанийн нийт ажилтнуудын 6000 гаруй бүртгэлийн дугаар бүхий хайрцагнаас Ерөнхий захирлын сугалаагаар 2 өрөө байрны супер азтан тодордог уламжлалтай. “Эрдэнэт” үйлдвэрийн 2018 оны 2 өрөө байрны эзнээр Авто тээврийн байгууллагын жолооч, Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул Баттуулын Хишигчулуун тодорлоо.

 

У.Цэрэнбат

Фото: Б.Баттөгс

                    Компанийн шилдэг ажилтнуудыг тодруулах шинэ жилийн цэнгүүн энэ сарын 28-ны өдөр боллоо. Энэ үдэш компанийн хамт олон 2018 оны ажлаа дүгнэж, Оны шилдгүүдээ тодруулан, Төрийн дээд одон медалиар ажилтнуудаа шагнав. Ёслолын цэнгүүнд ЗГХЭГ-ын дэд дарга, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн болон Орхон аймгийн Засаг дарга, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал, түүний удирдлагын баг, цех хэсгийн шилдэг ажилтан, “Мастерын манлайлал” хөтөлбөрийн шилдэг мастерууд, компаниас төрсөн алдартан, гавьяатууд оролцлоо. Энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгор, “Алтан гадас” одонгоор Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, Ерөнхий инженер Т.Батмөнх, Баяжуулах үйлдвэрийн Дулаан агааржуулалтын хэсгийн механикч Л.Баасанчулуун, Хөдөлмөрийн  хүндэт медалиар Хууль эрхзүйн газрын тэргүүлэх хуульч З.Жаргалмаа нарыг тус тус шагнав.

                    Оны шилдэг ажилчнаар Автотээврийн байгууллагын хүнд даацын машины жолооч Б.Гарам-Очир, Засвар угсралтын цехийн тоног төхөөрөмжийн засварчин Д.Бямбадорж, “Сэлэнгэ” амралтын баазын үйлдвэрлэлийн байрны үйлчлэгч М.Нармандах нар шалгарлаа. Оны шилдэг санаачлагчаар Ил уурхайн эрчим зүйч Н.Бат-Ирээдүй, Засвар механикийн заводын хэсгийн мастер А.Ууганбаяр, Лаборатори судалгааны төвийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин Т.Доржсүрэн нар тодорсон. Оны шилдэг мэргэжилтнээр Засвар механикийн заводын хэвний загварчин Тарасов Ю.М., Ган бөмбөлгийн цехийн цахилгаан механикч С.Сумьяабазар, Спорт ордны усан сангийн ахлах арга зүйч С.Алтантуяа, Оны шилдэг удирдах ажилтнаар Ил уурхайн өрөмдлөг тэсэлгээний хэсгийн дарга Д.Бямбадорж нар шалгарлаа. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2018 оны Шилдгийн шилдэг ажилтнаар Баяжуулах фабрикийн Нунтаглан баяжуулах хэсгийн баяжуулагч Д.Ганзориг тодорсон. Тэрээр сүүлийн таван жилд Нунтаглан баяжуулах хэсгийн техник, технологийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн технологийн тохируулгын ажилд хамт олноо удирдан идэвх санаачилгатай оролцсон байна. “А.Ф.Трюряковын нэрэмжит шагнал”-аар Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн механикч Машинец Е.А., Цахилгаан цехийн цахилгаан ба хийн гагнуурчин Ж.Эрдэнэцогт, Эрчим  хүчний цехийн Ерөнхий инженерийн ХАБЭА хариуцсан орлогч Л.Балдорж нарыг шагналаа.

 

У.Цэрэнбат

Фото: Б.Баттөгс

Баасан, 28 12-р сар 2018 00:00

Мэндчилгээ

    

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уурхайчин хамт олондоо, Орхон аймгийн иргэд та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.
     Улирч буй 2018 онд Эрдэнэтийн овоо ордыг ашиглах тухай Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 45 жил, үйлдвэр анхны бүтээгдэхүүнээ гаргасны 40 жилийн ой тохиосон онцлог жил байлаа. 
     Манай баялаг бүтээгч хамт олон энэ онд ихийг төлөвлөн, хийж хэрэгжүүллээ. Түүхт ойн жилээ бид томоохон бүтээн байгуулалтын ажлыг ашиглалтад хүлээн авснаар эхлүүлсэн. Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48 мВт-аар өргөтгөж, манай компани Монгол улсын эрчим хүчний нэгдсэн системд жинтэй хувь нэмэр оруулсан төдийгүй, цахилгаан эрчим хүч хэрэглэгчээс үйлдвэрлэгч болсон.   
     Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Эрдэнэт үйлдвэрийг маань Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Д.Сүхбаатарын одонгоор шагнаж, хос одонтой үйлдвэр болсон нь Төр, түмэндээ үнэлэгдсэн баярт үйл явдал байлаа.
     Манай хөдөлмөрч хамт олны дундаас Хөдөлмөрийн баатар, гурван гавьяат төрж олон давхар баяр тохиосон сайхан жил боллоо.  
     Өнгөрсөн хугацаанд явуулсан уулын ажил, геологи хайгуул, ашиглалтын материалд иж бүрэн дүн шинжилгээ хийж, геологи хайгуулын ажлыг 2016 онтой харьцуулахад 2017 онд хоёр дахин, 2018 онд 3.2 дахин өсгөлөө. Ингэснээр үйлдвэрийн насжилтыг 20 шахам жилээр нэмэгдүүлж, цаашид 60 орчим жил ажиллах боломжтой болсныг тэмдэглэхэд нэн таатай байна.
     Үйлдвэрийнхээ тулгын чулууг тавилцаж, идэр насаа уурхайчны амаргүй мөртлөө нэр хүндтэй хөдөлмөрт зориулсан анхдагч, ахмадуудынхаа, амаржаад хүүхдээ асарч буй эмэгтэй ажилтнуудынхаа болон үйлдвэрийнхээ нийт ажилтан ажилчдынхаа бодит орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллалаа.
      Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад олгодог орон сууцны санхүүгийн дэмжлэгийг 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс 12 сая төгрөг болгон нэмэгдүүлснийг дуулгахад таатай байна.
     2018 онд компанийн 40 жилийн түүхэнд анх удаа хүдэр боловсруулалтыг 31 сая 500 мянган тоннд хүргэлээ. Мөн хүдэр дэх зэсийн агуулга хамгийн бага түвшинд 0.480 хувь байхад, зэсийн металл авалтыг түүхэн дээд хэмжээнд буюу 89.5 хувьд хүргэсэн амжилттайгаар шинэ оноо угтаж байна.
      2018 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр борлуулалтын орлогыг 2 их наяд төгрөгт хүргэж, улс орон нутгийн төсөвт 650 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой боллоо.
     Манай хамт олон 2019 онд бизнес төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж, 2018 оны үр дүнгээ хадгалж, ахиулахын төлөө хичээн ажиллах болно.
      Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн баялаг бүтээгч хамт олон, үе үеийн уурхайчид, тэдний гэр бүл, хамтран ажилладаг түншүүд, Орхон аймгийн иргэд та бүхэндээ ирж буй 2019 ондоо ажлын өндөр амжилт гаргаж, эрүүл энх, аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хос одонт үйлдвэр боллоо

      Монгол улсын хөгжилд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүтээлч хамт олны оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Д.СҮХБААТАРЫН ОДОН-оор шагналаа. Ийнхүү Эрдэнэт үйлдвэр ХХК хос одонт үйлдвэр боллоо.

Түүхэндээ үйлдвэрлэл, эдийн засгийн хамгийн өндөр үзүүлэлттэй ажиллалаа

     2018 онд компанийн 40 жилийн түүхэнд анх удаа хүдэр боловсруулалтыг 31,5 саяд хүргэлээ. Борлуулалтын орлогыг 2 их наяд төгрөгт хүргэж, улсын болон орон нутгийн төсөвт 650 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой болж, эдийн засгийн түүхэн дээд амжилтуудыг тогтоолоо. Эрдэнэт үйлдвэрийнхээ хөгжил дэвшилд хоёргүй сэтгэлээр зүтгэж, ажлын өндөр бүтээмжтэй ажиллаж буй баялаг бүтээгчдээ идэвхжүүлэх бодлогын хүрээнд ажилтан бүрийн бодит орлогыг нэмэгдүүлж, дундаж цалинг 2,4 сая төгрөгт хүргэлээ.

Техник, технологийн шинэчлэлийг эхлүүлж, найдвартай ажиллагааг хангахад бодитой алхам хийлээ

     Хүдэр нунтаглалтын МЩЦ-5,5х6,5 маркийн хоёр тээрмийг шинэчилж, жилд таван сая тонн хүдэр хүлээн авч баяжуулах хүчин чадалтай хам баяжуулалтын нэг дүгээр хосолмол секцийн нэг шугамыг бүрэн шинэчлэн, найдвартай ажиллагааг хангалаа.
     Хүдэр тээвэрлэх зориулалттай БелАЗ-75131 маркийн 130 тоннын даацтай өөрөө буулгагч гурван авто машины угсралт, тохируулгын ажлыг өөрсдийн хүчээр гүйцэтгэж, ашиглалтад орууллаа.
     Мөн энэ онд техник, технологийн шинэчлэлийн хүрээнд, ажилчдыг тээвэрлэх том оврын зургаан автобусаар парк шинэчлэл хийснээр үйлдвэрийн ажилчдыг тээвэрлэх автобусны цуваа бүрэн шинэчлэгдлээ.
 

Монгол улсын шилдэг аж ахуйн нэгжээр шалгарлаа


     Монгол улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж  Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр тодруулдаг “ТОП-100” аж ахуйн нэгжийн жагсаалтыг  Эрдэнэт үйлдвэр ХХК 16 дахь удаагаа манлайллаа. Мөн Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагуудыг эрэмбэлж, 2018 оны Шилдэг байгууллагаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг өргөмжиллөө. Эрдэнэт үйлдвэр ХХК Монголын Үндэсний Худалдаа Аж  Үйлдвэрийн Танхимаас жил бүр шалгаруулдаг “Энтрепренер-2018” шалгаруулалтын онцлох 10 аж ахуйн нэгжийг тэргүүллээ.



Монгол улсын төвийн эрчим хүчний системд анх удаа 317 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч нийлүүллээ

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Дулааны цахилгаан станцад 48 мВт-ын нийлбэр хүчин чадал бүхий дөрвөн турбингенераторыг суурилуулан өргөтгөж, ашиглалтад оруулснаар тус үйлдвэр Монгол улсын эрчим хүчний том хэрэглэгчээс  үйлдвэрлэгч рүү шилжиж,  эрчим хүчний салбарт зохих хувь нэмэр үзүүлж эхэллээ.
      Энэхүү хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үр дүнд 2018 онд нийт 310 сая кВт.цаг цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, Төвийн эрчим хүчний системд 317 сая кВт.цаг цахилгаан, эрчим хүч нийлүүллээ.


Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхт 40 жилийн ой тохиолоо

     Эрдэнэт үйлдвэр ХХК түүхт 40 жилийнхээ ойн хүрээнд олон үйл ажиллагааг төлөвлөн зохион байгууллаа. Тухайлбал:
      - Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн нэрэмжит Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотноо зохион байгууллаа.
      - “Уурхайчин эмэгтэйчүүдийн чуулганыг үндэсний хэмжээнд анх удаа зохион байгуулав.
      - Монгол улсын Архивын Ерөнхий газар, “Эрдэнэт” үйлдвэр хамтран Архивын салбарт хамтран ажиллах Монгол улс, ОХУ-ын хамтарсан комиссын XXIII хуралдааныг Орхон аймаг, Эрдэнэт хотноо зохион байгууллаа.
      - “1000 инженерийн зөвлөгөөн”-ийг дөрөв дэх удаагаа зохион байгуулж, “Инноватор -2018” цомын эзэн болсон Баяжуулах үйлдвэрийн хамт олонд 100 сая төгрөгийн шагнал гардууллаа.
      - Мастеруудын зөвлөгөөнийг 2 дахь жилдээ зохион байгуулж, “Мастерын манлайлал” хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэн, цаашдын зорилтоо тодорхойллоо.
      - Ойн баяраа тохиолдуулан ажилчдадаа ажилласан жилээс нь хамаарч 1-4 сая төгрөг, анхдагч, ахмадуудаа 1 сая төгрөгөөр урамшууллаа.  
    - Эрдэнэт үйлдвэрийн түүхэн 40 жилийн ойн хүрээнд олон зөвлөгөөн, форум, нэгдсэн үйл ажиллагаа болон Уурхайчин хамт олондоо зориулсан баярын үйл ажиллагаануудыг бүтэн жилийн турш амжилттай зохион байгуулж, их бүтээн байгуулалтад гар бие оролцсон хүмүүстээ түүхт ойн хүндэтгэл, талархлаа илэрхийллээ.


Хөдөлмөрийн баатар, гурван гавьяат шинээр төрлөө

     Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ил уурхайн өрөмдлөг тэсэлгээний хэсгийн өрмийн машинч Батхүүгийн Батбаярыг Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолоор, Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, Геологи хайгуулын ангийн ахмад ажилтан, Төрийн соёрхолт Гүндсамбуугийн Сандуйжав, Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Эрдэнэ-Очирын Доржболд, Авто тээврийн байгууллагын Уулын технологийн тээврийн хэсгийн дарга Доёдын Чадраабал нарыг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор тус тус шагнасан. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн алдартнууд нэг Хөдөлмөрийн баатар, гурван Гавьяатаар бүл нэмлээ.
 

Дэлхийн тавцангаас хос хүрэл медаль ганзагаллаа

     “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт клубийн тамирчид их спортод амжилт гаргаж, улс эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгалаа. БНХАУ-ын Гуанжоу хотод болсон Дэлхийн шилдэг 16 мастеруудын “Мастерс-2018” тэмцээнд жудо бөхийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Довдонгийн Алтансүх 66 кг-ийн жинд хүрэл медаль хүртэв. Энэтхэг улсын нийслэл Шинэ Дэли хотод болсон сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Хангарьд спорт клубийн тамирчин Мягмардуламын Нандинцэцэг 54 кг жинд хүрэл медаль хүртэж, Эрдэнэт үйлдвэрийн төдийгүй, Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй дэлхийн медальтан болсноороо түүхэн онцлог амжилт үзүүллээ.


Эрдэнэт үйлдвэр цаашид 60 жил ажиллах боломжийг бүрдүүллээ

     Өнгөрсөн жилүүдэд явуулсан уулын ажил, ашиглалтын хайгуулын материалд иж бүрэн дүн шинжилгээ хийж, 2017 онд геологи хайгуулын ажлыг 2016 оноос хоёр дахин, 2018 онд 3,2 дахин өсгөсний үр дүнд үйлдвэрийн насжилтыг 20 шахам жилээр нэмэгдүүлж, Эрдэнэт үйлдвэр цаашид 60 орчим жил ажиллах боломж бүрдлээ.


Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлээ шинэчлэн тодорхойлж, баталгаажууллаа

     Компанийн Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлсийг шинэчлэн тодорхойлж, компанийн удирдлагууд 12-р сарын 14-ний түүхт өдөр баталгаажууллаа. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн
     Алсын хараа:
           - Дэлхийн жишиг, Монголын бахархал компани байна.
     Эрхэм зорилго:
          - Бид тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн үндэсний баялгийг бүтээнэ.
     Үнэт зүйлс:
          - Аюулгүй байдал, эрүүл мэнд
          - Ёс зүй, хариуцлага
          - Байгаль орчин
          - Хамтын хүч
          - Инноваци

     Шинэ жил айсуй энэ өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, хамт олны бэлэг Орхон аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх “Найдвар” төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооны дэргэдэх хүүхэд, залуучуудын төвд хүрлээ. “Найдвар” төвд өнөөдрийн байдлаар 25 хүүхэд сурч хөгжиж байна. Өнөөдөр тус төвийн хүүхдүүдийн Шинэ жилийн баяртай давхцан компанийн Ерөнхий захирлын болон Орон сууцны хэсгийн хамт олны давхар бэлэг хүүхдүүдийг баярлууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд өөрсдөө хариуцан ажиллуулдаг Хүүхэд, залуучуудын төв 35 хүүхдийг нийгэмшүүлэн хөгжүүлдэг. Энэ төвийг анх 2014 онд нээгдэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн Тамгын хэлтсийн бүтээмж чанарын “Эрэмгий бүсгүйчүүд” дугуйлан анги, танхимыг нь тохижуулж өгч байсан юм. Өнөөдөр уурхайчин хамт олны бэлэг хүүхдүүдэд баяр хөөр авчирлаа.


У.Цэрэнбат

 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Энэрэл төвийн хүүхдүүдийн Өвлийн өвгөнд хаягласан захидал дээрх хүсэл өнөөдөр биеллээ. Компанийн удирдлагууд энэ өдөр тус төвийн хүүхдүүдэд шинэ жилийн бэлгийг нь гардуулан өгөв. “Энэрэл” төвд 51 хүүхэд хүмүүжиж байгаа бөгөөд хамгийн бага нь хоёр настай юм. “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчин ах, эгч нартаа үргэлж баярласан сэтгэлээ илэрхийлж байдаг хүүхдүүд урлагийн тоглолт, өөрсдийн хийсэн гар эдлэлийн зүйлсээр үзэсгэлэн гаргаж, хүсэл мөрөөдлөө цаасанд буулгажээ. Хүүхдүүд багш нарынхаа ачийг хариулахыг, Монгол улсдаа төдийгүй дэлхийд цуутай тамирчин, кино найруулагч, инженер болохыг хүсчээ. “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олны төлөөлөл болон зочилсон удирдлагуудад “Энэрэл” төвөөс 2018 онд зохион байгуулсан Онцлох 10 үйл явдлаа танилцуулав. Хүүхдүүд өнгөрч буй онд урлаг, сурлага, спортын өндөр амжилт гарган, “Хөдөлмөр” зусландаа хүнсний ногоогоо тариалан, “Цагаан сар”, “Баярлалаа” аяныг зохион байгуулж, “Мөрөөдлийн аялал”-д гарсан гээд олон сайхан үйл явдлыг дурсамж болгон үлдээсэн байна. Шинэ жилийн баярын тоглолтын үеэр Монгол-Туркын хамтарсан сургуулийн сурагч З.Бат-Үйлсийг Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын тушаалаар “Шилдэг хүүхэд” медалиар шагнагдсаныг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн гардуулан өглөө.


У.Цэрэнбат

 

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн анхан шатны удирдах ажилтан, 450 гаруй мастер өнөөдөр “Мастерын манлайлал” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцлээ. Тэдний зорилго хөтөлбөрийн үр өгөөж, өөрсдийн оролцооны талаар зөвлөлдөх байлаа. Энэхүү хөтөлбөр нь Ерөнхий захирлын тушаалаар 2018 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр батлагдаж, компанийн хэмжээнд 40 оролцогчийг шалгаруулан сонгож, хувь хүний хөгжлийн хөтөлбөрт хамруулсан. Сэтгэлгээгээ өөрчлөн, шинийг эрэлхийлсэн, хүсэл эрмэлзлэл нэг залуустай нөхөрлөх, тэднээс суралцах, уул уурхайн салбартаа арвин туршлагатай зөвлөх, Хөдөлмөрийн баатар, гавьяат, анхдагчдаас суралцах давуу талыг “Мастерын манлайлал” хөтөлбөр олгосон юм. Хөтөлбөрт оролцогч 40 мастер таван багт хуваагдан компанийн үнэт зүйлсийг бэхжүүлэхийн тулд ажилтнуудын дунд эерэг өөрчлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулжээ. Тэдгээрээс “Залуусын давалгаа”, “ММ залуус” баг шилдгээр шалгарсан байна. Мөн хөтөлбөрт оролцоход манлайлсан 20 залууг өнөөдөр зөвлөгөөний үеэр урамшууллаа.

     Энэ өдөр Эрдэнэт хотноо зохион байгуулагдаж буй тус зөвлөгөөн нь компанийн хэмжээнд хоёр дахь нь болж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын санаачилгаар Мастеруудын анхдугаар зөвлөгөөнийг 2017 онд зохион байгуулсан. 2018 онд “Мастерын манлайлал” хөтөлбөрт 40 ажилтан хамрагдсан ч анх хөтөлбөрт оролцохоор саналаа ирүүлсэн “Эрдэнэт” үйлдвэрийн 17 цехийн 151 ажилтан байгаа юм. Иймд “Эрдэнэт”-ийн мастерууд манлайлах хүчээ нэгтгэн, хамтдаа хөгжилд тэмүүлэх хүсэл эрмэлзлэл дүүрэн байгааг илэрхийлж байгаа юм. Хөтөлбөрийн төгсгөлд мастеруудаас авсан түвшин тогтоох үнэлгээнээс үзэхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн манлайлал, хувь хүний гүйцэтгэлийн гол үзүүлэлт, бүтээмжийн үйл ажиллагааны оролцоо зэрэг үзүүлэлт өссөн байна. Энэ нь “Мастерын манлайлал” хөтөлбөрийн үр дүн байв.

     “Үйлдвэрийн мастер хүн гэдэг дайны талбарт бол галын шугаманд цэргүүдээ удирдах цэргийн дарга, энхийн цагт том бүтээн байгуулалтыг хөдөлгөгч хүч - уурхайчдаа чиглүүлэгч хөтөч юм” гэж “Эрдэнэт” үйлдвэрээс төрөн гарсан, Монгол улсын хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан хэлж байсан юм. Тэд бол “Эрдэнэт” үйлдвэрийн хүний нөөцийн чухал капитал билээ. Уул уурхайн салбарт техник, технологийн шинэчлэл дэлхийтэй хөл нийлж байгаа ч үйл ажиллагааг сайжруулах шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Орчин үеийн менежментийн шинжлэх ухааны арга зүйг туршин нэвтрүүлж, үйлдвэрлэлдээ хөгжүүлэхэд мастеруудын оролцоо чухал үүрэгтэй. “Эрдэнэтийн Овоо”-ны өгсөн буян зөвхөн зэс, молибдены бус “уурхайчин” хэмээх баялаг билээ. “Эрдэнэт” үйлдвэр гэх 6000 гаруй ажилчин өнгөрсөн 40 жилийн хугацаанд уул уурхайн салбарыг эх орны хөгжлийн тулгуур болгон хөгжүүлэхийн тод жишээ болсон. Монгол хүний сэтгэлгээг “бүтээлч” болгон өөрчлөх, хамтдаа эх орныхоо хөгжлийн “үнэт зүйлс” болох хүсэл “Эрдэнэт”-ээс ундарч байна. 


У.Цэрэнбат

     Өнөөдөр 2018 оны 12-р сарын 25. Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 96 жилийн баярын энэ өдөр, 14 цагийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчин, баялаг бүтээгч хамт олон хүдэр боловсруулалт, олборлолтын жилийн төлөвлөгөөгөө биелүүллээ. Ингэснээр үйлдвэрлэлийн бүх төлөвлөгөөт үзүүлэлт хангагдаж, “Эрдэнэт” эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэлээ. Мөн 2018 онд компани хоёр их наяд төгрөгийн орлоготой ажиллаж, цэвэр ашгийг 400 орчим тэрбум төгрөгт  хүргэн, улс, орон нутгийн төсөвт 650 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэн эдийн засгийн түүхэн дээд амжилт тогтоов.


У.Цэрэнбат

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2018 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Зургийн цомог