• Өнөөдөр 08 дугаар сарын 07

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 215дахь өдөр. Он дуусахад 146хоног үлдлээ.                 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +20градус, шөнөдөө +8градус дулаан,хүчтэй аадар бороотой, салхины хурд 8 м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn) 3. -Аргын тооллын 8 сарын 7. Баасан (Сугар) гараг. Билгийн тооллын 19, хар морь, могойг хүлэгч-25 од, суудал мод, мэнгэ 1 цагаан, идэрийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:36-20:18.Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учирна сайн. Гэвч хулгана, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.Нохой, морь, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ сөрөг муу.Замд явах, лам болох, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал худалдахад муу. 4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2846,евро 3364, БНХАУ-ын юань 409, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.4төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6453.50 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1978 оны 8 сарын 12 Анхны зэсийн баяжмалыг гарган авав. 2013 оны 8 сарын 17 Үйлдвэрийн 35 жилийн ойгоор “Хөдөлмөрийн гавъаны улаан тугийн одон”-гоор шагнагдав. Дэлгэрэнгүй...
  • Аюулгүй, зөрчилгүй, соёлтой жолооч нарыг энэ оны эцэст тодруулна

         Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цех, Гэрээт цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсэгтэй хамтран “Хариуцлагатай жолооч” аяныг 2020 он дуустал үргэлжлүүлэхээр эхлүүлсэн. Авто тээврийн цехийн төрөл бүрийн тээврийн хэсгийн жолооч нарын ажлын хариуцлагыг өндөржүүлэх, эерэг хандлага төлөвшүүлж, ажлын байр орчны эрүүл ахуйг сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийн зөрчлийг арилгах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, харилцааны болон хөдөлгөөний соёлыг дээшлүүлэхэд аяны зорилго чиглэж байна.      Аяны хугацаанд Авто тээврийн цехийн Төрөл бүрийн тээврийн хэсгийн нэгжүүдийн дунд “Аюулгүй жолооч”, “Зөрчилгүй жолооч”, “Соёлтой жолооч” гэх зэрэг гурван чиглэлээр шалгаруулалт зохион байгуулж, оны төгсгөлд тэргүүний жолооч нарыг тодруулна. “Аюулгүй жолооч”-ийг шалгаруулахдаа Замын хөдөлгөөний хууль болон дүрмийн мэдлэг, түүнийгээ хэрхэн мөрдлөг болгож, бусдын аюулгүй байдалд эрсдэл учруулахгүйгээр замын хөдөлгөөнд өндөр соёлтой оролцож буй эсэхийг баримтлах бол “Зөрчилгүй жолооч” нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам, Замын хөдөлгөөний аюулгүй байдал болон ХАБЭА-н дүрэм журмыг бүрэн эзэмшиж, мөрдөн ажиллах шалгуурыг хангасан байна гэж Авто тээврийн цехийн Ашиглалтын албаны дарга С.Цэгмид онцлов. Харин “Соёлтой жолооч” өөрийн ажлын байр болох автомашины бүхээг, зорчигчдын заалны ариун цэвэр, эмх цэгцийг тогтмол сайжруулж цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй байлгаж, зөв боловсон харьцаатай байх, Тамхины эсрэг хуулийг хэрэгжүүлэгч зэрэг үзүүлэлтээрээ манлайлагч байх аж. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн   Дэлгэрэнгүй...
  • Оёдлын цехэд ажлын шинэ загварын хувцас үйлдвэрлэж байна

         Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех уурхайчдадаа зориулан шинэ загварын  ажлын хувцас үйлдвэрлэж байна. Нийт ажилтнууд нэг өнгө, загварын ажлын хувцастай байх төслийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс санаачлан, үйлдвэрийн удирдлагаар батлуулсны дагуу энэ ажил хэрэгжиж эхэлжээ. Тус цехийнхэн эхний ээлжинд 200 орчим ажлын шинэ загварын хувцас үйлдвэрлэн хүлээлгэн өгснийг Санхүү, маркетингийн албаны Тэргүүлэх мэргэжилтэн Д.Батхишиг ярив.        Оёдлын цехийн хамт олон оны эхний хагас жилд 3.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэл 24.3 хувиар өссөн дүнтэй байна. Үүний 944.5 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг Зөөлөн оёдлын хэсэгт үйлдвэрлэсэн бол Баяжмалын уут оёх хэсгийнхэн 2.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий  нийт 74494 ширхэг уут оёж, нийлүүлжээ. Орлого нэмэгдүүлэх зорилтын хүрээнд гадны байгууллага болон хувь хүний захиалга авч, 660 гаруй мянган төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Мөн шинэ төрлийн корона вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах арга хэмжээг хэрэгжүүлж, 13.1 сая төгрөгийн хэмнэлт үйлдвэрлэл болон үйл ажиллагааны зардлаасаа гаргаж ажиллажээ. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн    Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 08 дугаар сарын 05

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 217 дахь өдөр. Он дуусахад 158 хоног үлдлээ.                  2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +20 градус, шөнөдөө +10 градус дулаан ,үүлшинэ, салхины хурд 6м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn) 3. Аргын тооллын 8 сарын 5. Лхагва (Буд) гараг.Билгийн тооллын 17, цагаан луу, чөдөр-23 од, суудал ус, мэнгэ 3 хөх, идэрийн барилдлагатай өдөр. Сарын цээр өдөр. Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:34-20:21, Өдрийн сайн цаг: Луу (07:40-09:40), могой(09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40),  гахай (21:40-23:40), бар (03:40-05:40) болой. Үс бүү засуул өнгө зүс доройтно муу учир цээрлэвэл зохилтой.Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.Хулгана, бич, луу, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, могой, морь жилтнээ сөрөг муу. Өнөөдөр сарын цээр өдөр тул аливаа үйлийг эхлүүлэхэд муу. 4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2845,евро 3347, БНХАУ-ын юань 407, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6440.0 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1978 оны 8 сарын 1 -Цахилгаан цех байгуулагдав. 1978 оны 8 сарын 15 Хөгжмийн зохиолч, багш Л.Ооёогийн удирдсан хөнгөн хөгжмийн “Cu-Mo” хамтлаг байгуулагдаж анхны тоглолтоо хийв. 2001 оны 8 сар Баяжуулах фабрикийн хүчин чадлыг 2 сая тонноор нэмэгдүүлэв. Дэлгэрэнгүй...
  • Авто тээврийн цехийн хамт олон оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100-аас дээш хувиар биелүүлжээ

         Эрдэнэт үйлдвэрийнхэн 2020 оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны үр дүнгээ цахимаар хэлэлцэж байна. Тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн нэг болох Авто тээврийн цехийн хамт олон оны эхний хагас жилд үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөгөө бүх үзүүлэлтээр давуулан биелүүлж, ажилласнаа  тайлангийн  хуралд танилцууллаа. Оны эхнээс тус цех уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөөг 102.9 хувиар, ачаа эргэлтийн төлөвлөгөөг 105.7 хувиар, төрөл бүрийн тээврийн хэсгийн машин цагийн төлөвлөгөөг 101 хувиар тус тус биелүүлжээ.        Хэмнэлтийн бодлогын хүрээнд зардлыг батлагдсан төлөвлөгөөнөөс 4 тэрбум 527 сая төгрөгөөр буюу 8.4 хувиар хэмнэсэн бөгөөд эдгээр нь нормчлогдсон болон туслах материалын зардал, сэлбэг хэрэгсэл, үндсэн хөрөнгийн элэгдэл, цахилгаан эрчим хүч, бусад цехүүдээс авах ажил үйлчилгээний зардал зэргээс гаргасан хэмнэлт аж. Мөн технологийн тээврийн хэсгийн 1 тонн/км ачаа эргэлтийн өөрийн өртгийг төлөвлөгөөнөөс 54.5 төгрөгөөр, төрөл бүрийн тээврийн хэсгийн 1 машин цагийн өөрийн өртгийг 5271 төгрөгөөр тус тус бууруулсан байна. Шинэ корона вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах арга хэмжээний хүрээнд өртөг зардал бууруулах дөрвөн чиглэлээр 5 төрлийн бодлого хэрэгжүүлж ажилласны үр дүнд 1 тэрбум 385 сая төгрөгийн хэмнэлт гаргажээ. Тухайлбал, хүнд даацын Белаз-75131 загварын автомашины дизелийн түлшний хувийн зарцуулалтын нормыг бууруулснаар зөвхөн энэ чиглэлээр 513 сая төгрөг хэмнэсэн байна.      Тус цехийн хамт олон оны сүүлийн хагас жилд үйл ажиллагааны төлөвлөгөт даалгаврыг ханган биелүүлэх, уулын цул тээвэрлэлтийг боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлэх, төрөл бүрийн тээврийн хэрэгслийн засварын ажлыг чанаржуулж, техникийн бэлэн байдлын түвшнийг 95 хувиас бууруулахгүй байх, авто машины парк ашиглалтын түвшнийг дээшлүүлэх зэрэг зорилт дэвшүүлэн ажиллаж байна. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн   Дэлгэрэнгүй...
  • Ил уурхайд техникийн шинэчлэлийн хүрээнд томоохон хөрөнгө оруулалт хийгджээ

         Хүдэр олборлогч уурхайчид оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр биелүүлэн ажиллалаа. Ил уурхайн хамт олон уулын цул олборлолтын төлөвлөгөөг 2.9 хувиар давуулан биелүүлж, үйлдвэрлэлийн зардлыг төлөвлөснөөс 4 хувиар бууруулсан байна. Ингэснээр 1 метр куб уулын цулын нэгжийн өртгийг 7 хувиар багасгажээ. Хүдэр олборлолтын төлөвлөгөөг энэ хугацаанд 2.1 хувиар биелүүлж, үүний нэгжийн өртгийг төлөвлөснөөс 9 хувиар бууруулсан байна.      Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, хямралын эсрэг авах арга хэмжээний хүрээнд техник зохион байгуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлснээр 593 сая төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна. Энэ нь Эмульсийн тэсрэх бодисын хувийн зарцуулалтыг багасгах, усан уусмалын найрлагыг өөрчлөн натрийн шүү хэрэглэхгүйгээр бэлтгэх, нэг уртааш метр цооногоос гарах уулын цул, цахилгаан зарцуулалтыг багасгах, Белаз болон төрөл бүрийн машины үйлчилгээний зардлаас гаргахаар 2020 онд төлөвлөж буй нийт хэмнэлтийн 27 хувийг эзэлж байна.     Оны эхний хагас жилд Ил уурхайд техникийн шинэчлэлийн хүрээнд Бульдозер, грейдер, ЭКГ-12К экскаватор, Liebherr автокран, Сэрээт авто ачигч зэрэг 7 нэр төрлийн 10 гаруй уулын машин техникийн хөрөнгө оруулалт хийгджээ. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • Оны эхний 7 сард үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр биеллээ

         Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон 2020 оны эхний 7 сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүх үзүүлэлтээр биелүүллээ. Он гарсаар уурхайчид 14876 мянган метр куб уулын цул гаргаж, 6499 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэжээ. Ингэснээр уулын цул гаргалтын төлөвлөгөө 103.4 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөө 105.9 хувиар тус тус давж биелэв. Энэ хугацаанд нийт 21361 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөө 101.6 хувиар, исэлдсэн хүдэр олборлолтын төлөвлөгөө 108.3 хувиар биеллээ. Мөн 296950 тууш метр өрөмдөж, төлөвлөгөө 104.4 хувиар, ачаа эргэлтийн төлөвлөгөө 105.7 хувиар тус тус биелсэн байна. Баяжуулагчид оны эхнээс 19137 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөний биелэлт 101.5 хувьтай байна. Хүдэр дэх зэсийн агуулгын төлөвлөгөө 100.4 хувиар, молибдений агуулгын төлөвлөгөө 109.5 хувиар биелсэн бол зэсийн металл авалт 100.3 хувь, молибдений металл авалт 108.2 хувийн биелэлттэй байна.  Энэ хугацаанд зэсийн баяжмал гаргалтын төлөвлөгөө хуурай жингээр 102.2 хувь, молибдений баяжмал гаргалт 115.7 хувь, баяжмал дахь зэсийн агуулга 102.2 хувь, молибдений агуулга 120.2 хувь хүрч биелжээ. Оны эхний 7 сард нийт 339062 тонн зэсийн баяжмал, 3266 тонн молибдений баяжмал ачигдаж, чанарын төлөвлөгөө 102.3-104.1 хувиар биелсэн байна.      Тэгвэл өнгөрсөн 7 дугаар сард 2200 мянган метр куб уулын цул гаргаж, 984 мянган метр куб хөрс хуулсан байна. Уурхайчид 3100 мянган тонн хүдэр олборлосон бол баяжуулагчид 836 мянган тонн хүдэр боловсруулсан байна. Өнгөрсөн сард 50994 тонн зэсийн баяжмал, 450 тонн молибдений баяжмал тус тус ачуулж, чанарын төлөвлөгөөг 102-105.6 хувьд хүргэж, ажилласан байна. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • “Хариуцлагатай жолооч” аян эхэллээ

         Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цех, Гэрээт цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсэгтэй хамтран “Хариуцлагатай жолооч” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.      Уг хөтөлбөр нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийг бууруулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас орон даяар зохион байгуулж буй “Яараад яахав дээ-II” аяны хүрээнд хэрэгжиж буйг Замын цагдаагийн хэсгийн Ахлах зохицуулагч, Ахмад Б.Ганзориг ярилаа.  Аймаг, нийслэл дүүргийн Замын цагдаагийн хэсгүүд тухайн нутаг дэвсгэртээ олон төрлийн хөтөлбөр авч хэрэгжүүлж буй бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн Замын цагдаагийн хэсэг үйлдвэрийн бүсэд замын хөдөлгөөнд оролцдог бүх жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэх, “Яараад яахав дээ-II” аянд нэгтгэхээр “Хариуцлагатай жолооч” хөтөлбөрийг санаачилжээ.      Тус хөтөлбөрийн үеэр “Аюулгүй жолооч”, “Зөрчилгүй жолооч”, “Соёлтой жолооч”-ийг шалгаруулж, жолооч нарт дүрмийн мэдлэг олгох, хариуцлагатай байх зэрэг соён гэгээрүүлэх чиглэлийн сургалт явуулах аж. “Хариуцлагатай жолооч” хөтөлбөр энэ оны 12 дугаар сарын 15 хүртэл үргэлжлэх юм байна. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • “Их зогсолт”-ын үеэр 300 гаруй их засварын ажлыг чанартай, амжилттай гүйцэтгэлээ

         Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн уурхайчиддаа дэвшүүлсэн талархлын үгээр эхэллээ. Тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер Т.Батмөнх шуурхай зөвлөгөөнийг нээхдээ, өнгөрсөн амралтын өдрүүдэд үйлдвэрийн “Их зогсолт” төлөвлөгөөний дагуу амжилттай болж, үүнд уурхайчин хамт олон бэлтгэл сайтай, чанарын өндөр түвшинд шуурхай хийж гүйцэтгэснийг тэмдэглэн, талархал илэрхийлсэн юм. Тасралтгүй үйл ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа үйлдвэрлэлээ зогсоон, нөөцгүй тоног төхөөрөмжийн иж бүрэн засвар үйлчилгээ хийж, найдвартай байдлыг хангадаг уламжлалтай. Энэ жилийн “Их зогсолт”-ыг  7 дугаар сарын 31-ний 18.00 цагаас 8 дугаар сарын 2-ны 19.00 цаг хүртэл үргэлжлүүлж, амжилттай залгасан байна. Үйлдвэрийн удирдлага, хамт олон нэг хүч, зорилгын дор энэ удаагийн “Их зогсолт”-ын бэлтгэл ажлаа долоо хоногийн өмнө бүрэн хангаж, зохион байгуулалт сайтай ажилласан нь их засвар чанартай хугацаандаа дуусаж, үйлдвэрлэлээ хүндрэл, саадгүй залгах боломж бүрдүүлжээ. “Их зогсолт”-ын ажилд давхардсан тоогоор 1410 хүн, 103 засварын ажлыг 10 обьектод гүйцэтгэснийг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон мэдээлсэн бол үйлдвэрийн хэмжээнд нийт 330 нэр төрлийн ажил таван үндсэн чиглэлээр хийгдэж, туслан гүйцэтгэгчээр оролцсон Засвар механикийн завод, Барилга засварын цех, Засвар угсралтын цехүүд сайн ажилласныг Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг онцлов. Мөн “Их зогсолт”-ын бэлтгэл ажлын хүрээнд 1151 ширхэг шаардлагатай материал, сэлбэг хэрэгслийн захиалга өгснөөс 95 хувь бүрэн нийлүүлэгдсэн. Үлдсэн таван хувь нь урсгал засварт ашиглагдах захиалга байсан тул их зогсолтын ажилд нөлөөлөөгүй. Энэ бүхнийг хугацаанд нь нийлүүлж, хурдан шуурхай ажилласан Худалдан авах хангамжийн хэлтсийнхэнд талархал илэрхийлье” гэсэн юм.      Өнгөрсөн долоо хоногт хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчил дутагдалгүй ажиллаж, цех нэгжүүд төлөвлөгөөний дагуу үйлдвэрлэлийн ажлаа хэвийн үргэлжлүүлж байна. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас өнгөрсөн долоо хоногт корона вирусын тархалтаас үүсээд буй нөхцөл байдлыг даван туулах ажлыг зохион байгуулах зорилготой ажиллаж буй Төв бол дэд штабын хагас жилийн ажлын тайланг гаргасан байна. Тайланг төлөвлөгөөний гүйцэтгэл, үүрэг даалгаврын гүйцэтгэл, дэд штабуудын ажлын үр дүн, эдийн засгийн үр дүн чиглэлээр бэлтгэжээ. Мөн тус газраас үйлдвэрийн ажиллагсдадаа төрсөн өдөр болон 50 насны ойгоор нь мэндчилгээ зурвасаар илгээх үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Түүнчлэн Хамтын гэрээний дагуу 5,10,15,20,25 дахь жилийн ойн өдрийн баяр мэндчилгээ, ээлжийн амралт, цалингүй чөлөө дуусах өдрийн мэдээлэл зэргийг зурвасаар хүргэдэг болжээ.      Эрдэнэт үйлдвэрийн 2020 оны хагас жилийн үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүнгийн тайлангийн хурал өнөөдөр Ил уурхай, Авто тээврийн цехээр эхэлж, хуваарийн дагуу гурван өдөр үргэлжилнэ.   М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 08 дугаар сарын 03

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 215дахь өдөр. Он дуусахад 150 хоног үлдлээ.                 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +20градус, шөнөдөө +10 градус дулаан,үүлшинэ, салхины хурд 6м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn) 3. Аргын тооллын 8 дугаар сарын 03.Сумьяа гараг. Билгийн тооллын 15.Булаагч одтой, шар бар өдөр. Өдрийн наран 5 цаг 32 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлэлцээр байгуулахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), могой (09:40-11:40), хонь (13:40-15:40), нохой (19:40-21:40) болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн. 4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2845,евро 3345, БНХАУ-ын юань 406, ОХУ-ын рубль 38, Японы иен 27, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6446.5 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)   Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1965 оны 08 дугаар сар Монгол, Чехословакийн хамтарсан геологийн анги Эрдэнэтийн Овооны орд газарт явуулсан эрэл, үнэлгээний ажлын тайлангаа хэлэлцүүлэв. 1974 оны 08 дугаар сар МХЗЭ-ийн Төв Хорооноос их бүтээн байгуулалтад оролцох анхны илгээлт авсан 54 залуу Эрдэнэтийг зорив. 1975 оны 08 дугаар сар  БелАЗ машины жолоочийн нэг жилийн курст суралцах эхний ээлжийн хүмүүсийг ЗХУ-руу илгээв. 1977оны 08 дугаар сар  Уул уурхайн баяжуулах “Эрдэнэт комбинатыг боловсон хүчнээр хангах зарим арга хэмжээний тухай” БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 254 дүгээр тогтоол гарав.   Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Мэдээ
Пүрэв, 01 11-р сар 2018 00:00

Инженерийн энтэй засварчин

“Үйлдвэрлэлийн цех, том оврын хүнд машин механизмын засварын газар гэхээр л заавал тос масло ханхалж, шороо тоос бужигнасан байх ёстой гэж үү. Ажлын байр цэвэр цэмцгэр, ажиллах нөхцөл тав тухтай байвал хэн ч урам зориг, эрч хүчтэй ажиллана. Тиймээс манайхан  засварын газрынхаа шалыг өдөр бүр савандаж угаадаг болсон, та нар хар даа, шил толь шиг гялалзаж байгаа биз дээ” гэж Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн байгууллагын Засварын газрын дарга асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан З.Шарав нэгэнтээ өгүүлсэн. Үнэхээр түүний хэлсэнчлэн аварга том техник, авто машин  засварладаг газар гэхээргүй цэмцгэр, саруулхан гэрэлтэй зогсоолыг хараад гайхширч билээ. Ажлын өндөр шаардлагатай ч, хайр нь дотроо явдаг З.Шарав даргын тухай ийн дурсах нь түүний гар дээр өсөж бойжиж, заасан эрдмийг нь нэр төртэй залгамжлан яваа  эдүгээ тус засварын газрын “бурхан” засварчдын нэг болон тодорсон эрхмийн хөрөг найрууллыг тэрлэхийн учир оршино.

Авто тээврийн байгууллагын Технологийн тээврийн авто засварын газрын дугуй засварын хэсгийн дугуй засварчин Төмөрбаатарын Ганболд бид хоёрын яриа ажил хэрэгч байдлаар эхлэв. Өөрийн тухай гэхээс ажлынхаа онцлогийн талаар хэлэхийг хүссэн тэрээр ийн хүүрнэсэн. Уулын цул тээвэрлэдэг хүнд даацын өөрөө буулгагч авто машины болон үйлдвэрийн хэмжээнд ашиглаж буй резинэн дугуйтай бүх  техникүүдийн дугуйн бэлэн байдал,  хүнд даацын машин механизмын техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, дугуй засварын бүхий л ажлыг тэр хариуцан ажилладаг. Эднийх ашиглалтад орсон эхний үедээ жилд 180 хүртэл дугуй засварлаж байсан тохиолдол бий. Одоо үйл ажиллагаа нь жигдэрч, жилд 80-110 ширхэг 130 тоннын даацтай белазын дугуй, 40 тоннын даацтай 210035,210033 маркийн белаз машины дугуй, Ил уурхайн автогрейдер ,краз зэрэг машин механизм болон тусгай тоноглолын автомашин, автобус, жип зэрэг бүх төрлийн резинэн дугуйтай машины дугуйг засварлаж байна. Тухайн техникийн дугуй хэзээ хаана хагарч, гэмтэл  гарсан байна, түүнийг цаг алдалгүй олж, шаардлага хангасан дугуйгаар засах үүрэг эднийхэнд оногддог. Ингээд бодохоор үйлдвэрлэлийн тасралтгүй, жигд үйл ажиллагааны нэгэн чухал хэсгийг дугуйн засварчин маань  “нуруундаа үүрч” явна. Т.Ганболдыг нөхөд нь “Тип топын Болдоо” гэж дууддаг. Энэ нэр олон  хачир чимэггүйгээр түүнийг ажилдаа эзэн  болж, арван хуруу шигээ эзэмшсэнийг нь илэрхийлнэ. Тип топ бол дэлхийн дугуй үйлдвэрлэх технологиос хамгийн шилдэг нь. Эрдэнэт үйлдвэр энэ технологийг анх 1995 оноос нэвтрүүлж, Тип топ-оор дугуй засварлах санаачилгыг  З.Шарав дарга гаргаж, судалгаа хийж байжээ. Түүний судалгааны үр дүн амжилттай болж, манай үйлдвэр Тип топ дугуй засварын технологийг “нутагшуулсан” гэдэг. Үүнээс өмнө  манайх дугуй засварладаггүй, хагарч гэмтсэн дугуйг шинэ дугуйгаар сольдог байж. Энэ бол технологийн шинэчлэлийн хүрээн дэх хамгийн үр ашигтай, дэвшилттэй бас нэгэн эргэлт болсныг одоо ч ахмад уурхайчид олзуурхан ярьдаг юм билээ. Шинэ технологи нэвтрүүлэхийн тулд түүнийг эзэмших ажилтнаа бэлтгэж сургах шаардлага эн түрүүнд тавигдсан нь лавтай.  Тип топын анхны засварчин Б.Доржболд, Д.Пүрэвдорж нарыг  Герман улсад сургаж, тэд 1996 оноос резинэн дугуйг нөхөж засварлаж эхэлжээ. Харин дараагийн ээлжийн Тип топын “бүтээгдэхүүн”-ий нэг нь Т.Ганболд байв.  Д.Болдбаатар, Ц.Эрдэнэбилэг нарын үе тэнгийн залуустайгаа Тип топ-ын эрдэмд хамт суралцаж, гар сэтгэл нийлэн дагнан ажилласаар 21 жилийг үджээ.  Энэ хугацаанд  тэр зөвхөн хүнд даацын авто машины 110-130 тоннын дугуй гэхэд л  1600 орчмыг  засварласан байдаг. 40 тоннын резинэн дугуйг тоолж үзвэл  бас ийм багцааны тоо гарна. Тип топ бол биднийг технологийн нарийн мэдлэг, тоног төхөөрөмж дээр ажиллах ур чадварыг эзэмшихэд гол нөлөө үзүүлсэн. Одоо энэ ажлыг засварчин Д.Нэргүйн хамтаар гүйцэтгэж байна. Тулхтай, манай цехийн шилдэг ажилтны нэг гэж хамтрагчаа тэр магтаж билээ.

Эрдэнэт үйлдвэртэй холбогдсон миний түүх бол олон сайн хүмүүсийн сайхан сэтгэл, тус дэмээс эхэлсэн гэж тэр хэлэв. Тэртээх 1986 оны намар цаг. Аравдугаар ангийн боловсролтой, мэргэжлийн үнэмлэх, дипломгүй хүү  туслах ажилтнаар орж, тусгай тоноглолын авто машины хэсгийн зогсоолыг цэвэрлэх, халаалтын шугамны бүрэн бүтэн байдлыг хангах ажил дээр хуваарилагдаж байв. Эндээс л засварчны гараа нь эхэлж, тэр үеийн Сургалтын төв, эдүгээгийн Технологийн сургуулийн мэргэжлийн дамжааг  дүүргэн, засварчны мэргэжлийн үнэмлэх “өвөртөлсөн” гэдэг.

“Хүүхэд байхаасаа цанын спортыг сонирхон хичээллэж байсан минь Эрдэнэт үйлдвэрт ажиллах жим рүү хөтөлж, надад тусласан сайхан хүмүүстэй танилцуулж өгсөн. Тэр үед манай үйлдвэр Оросууд олонтой. Хоорондоо дотно нөхөрлөдөг, тэмцээн уралдаанд хамт оролцдог ёстой л “Найрамдлаар амьсгалсан” хот байв. Цана, бөмбөг “хөөж” яваад тэр үеийн Оросын консулын  Үйлдвэрчний хорооны дарга Глобаков гэж хүнтэй танилцсан. Цанын спортоор хичээллэдэг, дэлхийн 2-р дайнд оролцож явсан амьдралын маш сонин үүх түүхтэй, настай хүн байв. Цанын спортын талаар надад зөвлөгөө өгдөг, дэмждэг, нэг үгээр хэлбэл бид хоёр өвөө хүү бололцон дотно нөхөрлөсөн юм. Амьдрал ахуй, цаашлаад ирээдүйн хүсэл мөрөөдлийг минь хүртэл хуваалцана.  Нэг удаа тэр костюм өмсчихсөн, том даргын буурьтай таарав. Уламжлал ёсоор амьдрал ямар байгаа тухай ярилцаж  байснаа ажил хийх үү гэж асуусан. Тэгж л Эрдэнэт үйлдвэрт ажиллах  анхны яриа хөөрөө болж байв. Яг тэр үетэй давхцаад цанаар хамт гулгадаг манай багийнхан З.Шарав багшид маань бас намайг ажилд аваач гэж хувиараа хэлсэн байсан л даа. Тэгээд тун удалгүй нэг өдөр нөгөө “найз” орос дарга маань консулын өрөөндөө дууддаг юм байна. Үүдний жижүүрээр нь хөтлүүлээд өрөөнд нь орж байсан маань санаанаас гардаггүй. Надаас тэр үед ямар мэргэжил эзэмшиж, ямар ажил хийх вэ гэж асуухад нь тэр тухай төдийлөн сайн мэдэхгүй учраас сонсож байснаараа “Белазын жолооч болъё” гэсэн юм даг. Ингэж тэр сайхан сэтгэлтэй орос дарга миний амьдралын зам мөрийг зурж, хожим гавьяат цол хүртсэн З.Шарав дарга минь дэлхийд данстай үйлдвэрт ажиллах их харгуйд хөтөлсөн юм. Тэр л олон сайхан хүмүүсийн урам дэм, сэтгэл итгэлийн гэрлээр өдий дайтай явж байгаадаа үргэлж талархаж явна даа. Тэр цагаас хойш 32 жил улиран оджээ” хэмээн хөргийн эзэн маань дурсамжаа үргэлжлүүлэв.

Т.Ганболдын бас нэг дурсах дуртай бахархал нь аавтайгаа мөр зэрэгцэн  ажиллаж байсан он жилүүд. Түүний аав Төмөрбаатар гэж Эрдэнэт үйлдвэрийн анхдагч,  үйлдвэрийн барилга байгууламжийн бүхий л цахилгааны монтажийг хийлцсэн гавьяатай хүн байв. Харин засварчны анхны багш нь Жавхлантөгс гэж ямар ч ажлыг хурдтай,чанартай хийдгээрээ алдаршсан, гайхалтай ажилсаг эрхэм байсан гэж тэр бахархсан. “Багш шавийн бат бөх барилдлага, халамжлан хүмүүжүүлэх залгамж холбоо бол Эрдэнэт үйлдвэрийн нэрийн хуудас.  Эхний гараа, багшийн арга ямар байна, шавь тийм л барилыг эзэмшдэг гэж боддог. Багшийнхаа үнэт сургаал, үйл хөдлөл бүрийг  сурч ажилласан минь намайг энэ зэрэгт хүргэсэн. Үе үеийн олон сайхан удирдлага, ахмадуудаасаа үлгэр дууриал авч, тэр шилдэг хүмүүсийн арга барилыг төгс эзэмшихийг зорьж ирлээ. Намайг гэсэн бүхий л сайхан хүмүүсийн ач тусыг үргэлж хүндэтгэж  явна” гэж нухацтайгаар нэмж өгүүлсэн нь тэр өчигдөргүйгээр өнөөдөр гэж байдаггүйг санаж явааг нь гэрчилнэ. Түүний хамгийн жаргалтай үеийн нэг нь  хамт олонтойгоо  өнгөрүүлдэг цаг  мөч аж. Нэг нэгнээсээ суралцаж, бас бие биенээ “нөхөж”, сэтгэлийн дэмээр хамтдаа нэгэн зорилго өөд тэмүүлэх юутай сайхан.   Мэдээж, ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч, тэр л үр шимээр нь хайртай гэр бүлээ авч явж, хүүхдүүдээ гарыг нь ганзаганд  хүргэхийн төлөө тэмцэж зүтгэх нь ч хамгийн сайхан жаргал, утга учир  билээ.  Амжилт дагуулж, ажил үйлс нь тэгш яваа эр хүний ард хүчтэй, ухаантай эмэгтэй хүн байдаг. Түүний ард ч ааш ялдам, ажилч  хичээнгүй бүсгүй бий. Эр нөхрийнхөө ургах нартай уралдан очдог тэр л их ажлынх нь замыг засаж, Эрдэнэт уулынхаа хишиг буянд сүслэн яваа эгэл гэргий нь түүний амжилтын нэгэн жигүүр юм.

Ажил хөдөлмөрөө үнэлүүлж, алдар хүндээр мялаалгаж яваа түүний олон шагнал урамшууллын отгон нь одоогоор Эрдэнэт үйлдвэрээс шилдэг ажилтнууддаа хүртээдэг А.Ф.Тюряковын нэрэмжит шагнал болж буй.  “Ганц мод гал болохгүй гэдэгчлэн хамт олон минь, хамтын хичээл зүтгэл байгаагүй бол алдар хүнд ирэхгүй. Намайг тоож, энэ сайхан хамт олны нэгэн эд эсээр тооцож, хамтран зүтгэж ирсэн үе үеийн ажилтнууд, багш нар, ахмадууд болон найз нөхөддөө талархаж явдаг” гэж  А.Ф. Тюряковын нэрэмжит шагнал хүртэх торгон мөчийн сэтгэгдлээ хуваалцсан.

Том үйлдвэрийн ажилчин хүнд байх хамгийн чухал чанар бол ямар ч ажлыг голохгүй хийж, ахмадаа хүндэтгэдэг, ахиж дэвшихийн төлөө тэднээсээ цаг үргэлж суралцаж, өөрийгөө дайчилж хөгжихийн төлөөх эрмэлзэл гэж тэр бас хэлсэн. Тиймээ, энэ бол ажилдаа дуртай, амьдралд хайртай эгэл жирийн уурхайчны сэтгэлийн үг буй за. Сурагчийн ширээнээс хөдөлмөрийн талбар луу ажил хийж, аав ээждээ нэмэр болох хүслээс өөр зүйлгүй ирж байсан жаахан хүү эдүгээ хагас жарны турш хуримтлуулсан ажлын арвин туршлага, ямар ч нарийн мэргэжлийн инженерээс дутахгүй техник сэтгэлгээ, өндөр мэдлэг дадлагыг эзэмшжээ. Хөдөлмөрийн хүнийг жинхэнэ утгаар нь төлөвшүүлдэг цуутай уурхайн суу алдрын эзэн, инженерийн  энтэй засварчин тэр билээ.

М.Балжинням

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2018 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Зургийн цомог