• Аюул эрсдэлийг мэдээлэх “Мэдээллийн хаалгач” аппликейшн нэвтрүүллээ

    Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн ажилтнуудын санаачилгаар аюул эрсдэлийг мэдээлэх технологийн шинэ дэвшил үйлдвэрийн хэмжээнд нэвтэрч байна. Энэ нь ХАБЭА болон Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн инженер техникийн ажилтнуудын хамтран бүтээсэн аюул эрсдэлийг мэдээлэх зориулалт бүхий шинэ аппликейшн юм. Шинэ аппликейшн “Мэдээллийн хаалгач” нэртэй.  Орчин үеийн мэдээлэл, технологийн хөгжилтэй уялдуулан андройд гар утасны хэрэглэгч ажилтан бүр ашиглах боломжтой энэхүү аппликейшныг тус цехийн ажилтнууд өөрсдийн бүтээлч ажлын хүрээнд санаачлан, төсөл боловсруулж өнгөрсөн оны сүүлээс туршиж эхэлжээ. Туршилт амжилттай болсноор ийнхүү үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдлын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжтой болсныг төслийн санаачлагчдын нэг, ХАБЭА-н инженер Л.Энхжаргал хэллээ.   Эрдэнэт үйлдвэрт аюул эрсдэлийг мэдээлэх 71300 дугаарын телефон утас ажиллаж, ажилчдын зүгээс ирүүлсэн ажлын байрны болон бусад болзошгүй осол аваарын мэдээллийг бүртгэж авдаг. Өнгөрсөн жилийн хугацаанд л гэхэд дээрх дугаарт 1000 орчим дуудлага, мэдээлэл ирсэн байна. Эдгээрийг баримтжуулж үлдээхийн зэрэгцээ мэдээлэл авах үйл явцыг илүү хялбарчлан, боловсронгуй болгох, олон ажилтныг хамруулах зорилгоор  шинэ аппликейшныг бүтээх санааг гаргажээ. Ажилтнуудын саналын оролцоог нэмэгдүүлэх, аюул эрсдэлийг мэдээлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүртээмжтэй болгоход “Мэдээллийн хаалгач” аппликейшны ач холбогдол оршиж байна. ХАБЭА-н хэлтсээс тус аппликейшныг өнгөрсөн долоо хоногт нэвтрүүлж эхэлсэн бөгөөд үйлдвэрийн ажилтнуудад мэдээлэл хүргэх зорилгоор ашиглах заавар бүхий сурталчилгааны самбаруудыг цех нэгжүүдийн ажлын байранд байршуулжээ. Мөн аппликейшн ашигласнаар ямар үр дүнд хүрч байгааг дүгнэх, эргэх холбоог сайжруулах зорилгоор сургалт мэдээллийн ажлыг зохион байгуулж байна.     Ухаалаг гар утсанд суурилагдсан “Мэдээллийн хаалгач” аппликейшныг зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн ажилтан ашиглана. Гар утсандаа “Мэдээллийн хаалгач” аппликейшныг татаж суулган, ажилтны бүртгэлийн болон регистрийн дугаарын сүүлийн дөрвөн орныг оруулснаар аюул эрсдэлийн мэдээллээ бичиж, зургийн хамт илгээх боломжтой болох юм байна. М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • Хаягдлын аж ахуйн цагаан тоосыг 4-5 арга хослуулан дарж байна

    Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүссэн технологийн хаягдал болох цагаан тоосны дэгдэлтийг бууруулахаар хамгийн оновчтой буюу туршилт хийгдсэн 4-5 аргыг Хаягдлын аж ахуйд хэрэгжүүлж байна. Ингэхдээ Хаягдлын аж ахуйн хуурайшилттай 800 га талбайн 573 га-г флокулянтаар, 3.2 га-г кальцийн хлорид агуулсан урвалжаар, 1 га-г хар шороон холимог усаар, 5 га-г хар шороон хөрсөөр хучжээ. Цагаан тоос дарах ажлын алба өнгөрсөн зургаадугаар сард байгуулагдсан бөгөөд тус алба дээрх ажлыг гүйцэтгэж, Автотээврийн цех шаардлагатай техник хэрэгслээр хангаад байгаа юм. Цагаан тоос үүсгэгч талбайд тусгай зориулалтын техник ашиглахын тулд гадаргуу дээр хар шороон зам тавих шаардлагатай хэмээн үзэж, 2 км орчим газарт зам тавих ажил үргэлжилж байна. Ажлын явцын талаар, Цагаан тоос дарах ажлын албаны тэргүүлэх инженер Л.Одонтунгалаг, “Манай алба жолооч, инженер, оператор гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хүн хүчний хувьд хангалттай гэж үзэж болно. Бид батлагдсан төлөвлөгөөний дагуу тохирох аргаар хучилт хийж байгаа. Шинээр ирсэн техникийн хувьд бүтээмж өндөр байна. Хар шороон хөрсөөр дардаг байсан хуучны аргаа илүү сайжруулж, талбайн хэсэгчилсэн бүсэд тохирох аргыг хэрэглэх боломж бүрдлээ. Одоо өвөл зунгүй ажиллах боломжтой болсон” хэмээн тайлбарлалаа. Ирэх есдүгээр сарын нэгнээс зуны хаялтыг өвлийн хаялт руу шилжүүлэхтэй холбогдуулан хаягдал булингад флокулянт урвалж холих ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр зуны хаялтын нийт талбайн 500-600 га-г флокулянтаар хучиж, ирэх хавар үр дүнг нь үзнэ гэдгээ албаныхан хэллээ. Захиалгын дагуу хоёр талдаа шүршигч шинэ техник үйлдвэрийн Тээвэр, ложистикийн төвд ирсэн бөгөөд хөтлөгч техник ирсний дараа Хаягдлын талбайд ашиглахаар болоод байна. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Оёдлын цехийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

    Эрдэнэт үйлдвэрийн дэргэд охин компанийн зохион байгуулалттай ажиллаж байсан “Эрд Сүлж” ХХК өнгөрсөн сараас шинэ бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Оёдлын цех болон ажиллаж байна. Бүтцийн нэгж болсноор үйлдвэрийн үйл ажиллагаатай уялдуулан төлөвлөгөө нормоо баримтлан ажиллаж байгааг цехийн Зөөлөн оёдлын цехийн мастер Э.Уянга ярилаа. Тухайлбал, тус цех наймдугаар сард 600 ширхэг ажлын хувцас, 280 ширхэг фудволк үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Мөн “топ менежер”-ийн ангиллын ажлын хувцсыг ХАБЭА-н даргын шийдвэрээр үйлдвэрлэж байгаа аж. Оёдлын цехийнхэн үйлдвэрийн ажилчдын 10 гаруй төрлийн ажлын хувцас үйлдвэрлэхийн зэрэгцээ гаднын байгууллага, хувь хүмүүсийн захиалга авч үйлчилдэг. Эрдэнэт хотын хэмжээнд ажиллах хүч болон тоног төхөөрөмжийн нөөц, хүчин чадлын хувьд томоохонд тооцогддогийн хувьд захиалга ихтэй, ачаалалтай ажилладаг байна. Саяхан, Ил уурхайд нийтийн хоолны “Сэлэнгэ” катеринг нээгдсэнтэй  холбоотойгоор тэнд ажиллаж буй 50 гаруй ажилтны ажлын хувцсыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын түвшинд үйлдвэрлэх болсон байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн гэрээт байгууллагууд болох “Си Ай Си”, “Эрдэнэт лайт” зэрэг компанийн ажилчдын ажлын хувцасны захиалга нэмэгджээ.   Оёдлын цех нь  “Эрд Сүлж” ХХК-ийн зохион байгуулалттай ажиллаж байх үед жилд ойролцоогоор 1.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол техник тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдсэнээр энэ тоо өссөн байна. Тухайлбал, 3 орчим тэрбум төгрөгийн баяжмалын уут, 1.5-1.7 тэрбум төгрөгийн ажлын хувцас үйлдвэрлэх гэрээ байгуулан, төлөвлөгөөг биелүүлэн ажиллаж байна. Цаашид бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээг нэмэгдүүлэх, бүрэн хүчин чадлаараа тасралтгүй ажиллах зорилт тавьж буйгаа тус цехийн Үйлдвэр технологийн албаны дарга П.Золзаяа онцоллоо.    М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • Ш.ДАВААХҮҮ: 2020 оны Олимпод өнөр бүрэлдэхүүнтэй оролцохоор зорьж байна

    Монгол түмнийг уухайн түрлэгээр нэгтгэж, дэлхийн дэвжээнд сор болон гялалзсан амжилт алдрын эзэд олон бий. Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлдэг томоохон ажлын нэг нь их спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэдэг бөгөөд цагаа олсон хөрөнгө оруулалт хийдгээрээ энэ ажил илүү үнэ цэнэтэй. Их спортын эргэн тойронд яриа өрнүүлэхээр Спорт цогцолборын дарга, Үндэсний сурын спортын дархан мэргэн, Гавьяат тамирчин Ш.Даваахүүтэй уулзаж ярилцлаа. -“Хангарьд” спорт клубээр овоглосон тамирчдыг Монголчууд андахгүй. Клубыг хэдийд үүсгэн байгуулж, шигшээ баг бүрдүүлсэн бэ? -Юуны өмнө Спорт цогцолборын талаар товч мэдээлэл хүргэх нь зөв байх. Манай цогцолбор Эрдэнэт үйлдвэрийн ажилтан ажиллагсад, Орхон аймгийн иргэд, хүүхэд залуучуудын дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжтэй байлгах, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг өндөр хувиар биелүүлэхэд үл үзэгдэх онцгой үүрэгтэй ажиллаж ирсэн. Мөн спортын тодорхой төрлүүдээр Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа тамирчдынхаа бэлтгэл сургуулилтад хөрөнгө оруулалт хийж, тив, дэлхий, олимпын дэвжээнд амжилт гаргахад дэмжин ажилладаг. 1990 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бокс, чөлөөт болон жүдо бөхийн төрлүүдээр шигшээ баг бүрдүүлэн ажиллах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаал гарч, их спортыг дэмжих “Хангарьд” спорт клубыг байгуулсан. Ингээд спортын гурван төрлөөр тамирчдаа бэлтгэн, олон тэмцээнд амжилттай оролцсон. Хожим туялзуур сэлэм, байт харвааны төрлийг шигшээ багт нэмж, бэлтгэл сургуулилтаа ханган, Олон улсын болон улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцож байна. Эдгээр төрлөөс гадна барилга байгууламж, бааз суурийнхаа хүчин чадлыг ашиглан Монгол Улсын хэмжээнд усан спортыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, тамирчдаа бэлтгэж байна. -“Хангарьд”-ын дэвжээнээс тодорч, алдраа мандуулсан аавын хүү, ээжийн охин хэр олон байна вэ? -Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа Улсын чанартай тэмцээн уралдааныг ивээн тэтгэж, шилдэг тамирчдаа гадаад дотоодод ивээн тэтгэсээр ирсэн. Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд дуудуулсан олон сайхан тамирчинтай. Тэдгээрээс жүдо бөхийн тамирчин, Олимпын хүрэл медальт, МУГТ Б.Нармандах, Олимпын хүрэл медальт, МУГТ С.Ням-Очир, боксын Дэлхийн аварга, Олимпын хос мөнгөн медальт Н.Төгсцогт, Олимп, дэлхийн хос хүрэл медальт О.Мөнх-Эрдэнэ, чөлөөт бөхийн тамирчин, МУГТ Э.Бэхбаяр, ОУХМ Нарангэрэл нарыг онцлон нэрлэмээр байна. “Хангарьд”-аас одтой, хийморьтой олон тамирчин төрөн гарсан. Өнөөдрийн байдлаар буудлага, усанд сэлэлтийн төрөлд тус бүр 2, нийт 47 тамирчин “Хангарьд” клубтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Бид ажилдаа дэвшилтэт арга барил нэтрүүлэн ажиллаж байгаа. Энэ нь цөөн тамирчныг үйлдвэрийн үндсэн ажилтны хэмжээнд цалинжуулдаг байсан бол үр дүнтэй байлгах үүднээс олон тамирчинтай гэрээгээр хамтран ажиллах болсон. Тэмцээн уралдаанд өндөр амжилт үзүүлсэн тамирчид гэрээгээ сунгах нөхцөл бүрдэх бол идэвх чармайлт муутай нь дараагийн шилдэг тамирчдад зайгаа тавьж өгөх журмаар явагдана. Үр дүнд нь тухайн тамирчин өөрийгөө бүрэн дайчилж, өөртөө тавих шаардлага нь өндөрсөнө гэж харж байгаа. -Энэ онд ямар амжилт, ололттой байв? -Өнгөрсөн долоодугаар сарын байдлаар нийт тамирчид маань спортын 16 төрлөөр Улсын аварга шалгаруулах болон Олон Улсын тэмцээнд оролцож, 74 медаль авсан. Улсын аварга болох нь маш том сорилго төдийгүй цаашлаад тив, дэлхийн хэмжээнд зохиогдох тэмцээн уралдаанд оролцох эрхээ авч байгаа хэрэг. -Хамгийн сүүлийн амжилтаасаа хуваалцахгүй юу? -Их спортыг цаашид хэрхэн авч явах, яаж дэмжих тал дээр үйлдвэрийн захиргаа, удирдлагууд бодлого гарган, 2020 оны олимпод амжилттай оролцох зорилго тавин ажиллаж байна. Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиодог 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом 2019” хөл бөмбөгийн тэмцээн 7 хоногийн өмнө болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Идэрсайхан ахлагчтай “Хангарьд”-ын баг тамирчид тэргүүн байр эзэлж, шилжин явах цом, алтан медалийн эзэд болсон. Энэ нь хөл бөмбөгийн багийнхны хувьд гайхамшигтай ялалтуудын нэг байсан. Уурхайчин залуусаас бүрдсэн энэхүү баг тамирчид маань МХБХ-ноос зохион байгуулдаг “Мазаалай” дээд лигийн тэмцээнд оролцож байгаа.  Бид тус тэмцээнд түрүүлж, алтан медаль авах зорилго тавьсан. Сүүлийн тойргийн тоглолтууд ирэх 9 дүгээр сард эхэлж, 10 дугаар сард тэмцээн өндөрлөнө. Улсын шигшээ багийн тамирчдын дийлэнхийг манайхан бүрдүүлж, Олон улсын болон тив, дэлхийн тэмцээнд тэргүүлэн оролцоно гэдэгт итгэлтэй байна. -Токиогийн Олимпын болзлыг хангасан тамирчин бий юу? -Манайхан хамгийн багадаа 3 эрх авч оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Одоогоор Олимпын эрх авсан, буудлагын спортын Ц.Анударь гэж тамирчин бий. Тэрээр Олон улсын чанартай гурван тэмцээнд оролцсоноос, нэгд нь түрүүлж, хоёрт нь медальт байранд шалгарч, Улсын аварга болсон. “Хангарьд” клубын шигшээ багт байт харвааныхан хичээллэж эхэлснээр маш олон үр дүн, амжилт гарсан гэж хэлж болно. Тухайлбал, 2012 онд Лондоны Олимпын наадмын шилдэг 16-д Б.Урантунгалаг анх удаа шалгарсан. Олимпын наадамд улсаасаа 30 жил оролцож чадаагүй байт харвааг манай тамирчин сэргээж өгсөн гээд яривал олон зүйл бий. Байт харвааны баг тамирчид маань бэлтгэлээ чамбайруулахын зэрэгцээ олимпын эрхийн төлөөх тэмцээнүүддээ оролцож байна. Тэд үндэсний шигшээ багийн 50 хувийг бүрдүүлдэг бөгөөд энэ хэрээр өндөр амжилт үзүүлдэг. Бусад төрөл болох жүдогоос 2, чөлөөтөөс Бэхбаяр, боксчид Олимпын наадмын эрхээ авах байх. 2020 оны Олимпод өнөр бүрэлдэхүүнтэй оролцохоор зорьж байна. -Усан спортын тамирчдын тэргүүн эгнээнд Эрдэнэтийнхэн байдаг? -Олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцсон усанд сэлэлтийн 6 тамирчин байгаа нь бүгд Эрдэнэтийн хүүхдүүд. Ингээд харахаар суурь бааз, давуу талаа ашиглан хүүхдээ хөгжүүлэх боломж бидэнд нээлттэй байна. Энэ бол том давуу тал. Олимпын наадмын усанд сэлэлтийн төрлөөр Монгол Улсаас анх удаа С.Алтантуяа, Д.Галбаатар нар оролцож, Б.Дөлгөөн, А.Тамир, Г.Оюунгэрэл, Б.Есүй нар удаалсан. -Эрдэнэт үйлдвэр ажилтан ажиллагсдаа жил бүр дэмжин урамшуулж, спортын томоохон тэмцээн уралдаан үзэх эрхээр шагнадаг. Энэ жилийн тухайд? -Манай цехтэй хамтран ажилладаг, бидний үйл ажиллагааг дэмжиж, зохион байгуулсан үйл ажиллагаанд ажилтан, албан хаагчдаа маш идэвхтэй татан оролцуулдаг, тэмцээн уралдаанд шилдгээр шалгарсан цехийн удирдлага, аргазүйч, тамирчин, уурхайчин гээд 30 хүнийг БНХАУ-д зохиогдох Сагсан бөмбөгийн ДАШТ-ний эрхийн бичгээр шагнаж байна. Тус тэмцээн нь хоёр жил тутам зохиогддог онцлогтой. Урьдчилсан тоглолтууд БНХАУ-ын Ордос, Шанхай, Няньжин, Гуонжау хотуудад, шигшээ тоглолт Бээжин хотноо болно. Бидний саналыг дэмжиж,  нөхцөл боломжоор хангаж өгсөн явдалд маш их баяртай байна. Цаашид олимп, дэлхийн олон тэмцээнд аль болох Эрдэнэт үйлдвэрийнхээ нэрийн өмнөөс оролцуулах бодлого барьж байна.  -Спорт өндөр хөгжсөн улс орнуудад дэлхийн томоохон тамирчдын залгамж халаа хэдэн зуугаараа бэлтгэгдсэн байх нь бий. “Хангарьд” клуб залгамж халаагаа хэрхэн бэлтгэдэг вэ? -Хүүхдийг багаас нь спортод дур сонирхолтой болгох үүднээс 18 төрлийн секц, дугуйлан хичээллүүлж, жилдээ давхардсан тоогоор 10-13 мянган хүүхдийг хамруулж байна. Бид жил бүрийн есдүгээр сарын нэгэнд шинэ хичээлийн жилийн нээлтээ хийдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд нээлтийн арга хэмжээг нэлээд өвөрмөц хийхээр бэлтгэж байна. Тодруулбал, нийгмийн харилцааны цехүүд ирэх сарын 6-нд шинэ хичээлийн жил, өвөл цагийн үйл ажиллагааныхаа нээлтийг нэгдсэн журмаар Амарын талбайд зохион байгуулахаар болсон. Эцэг эхчүүд нээлтийн үеэр хүрэлцэн ирж мэдээлэл авах бүрэн боломжтой. -Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагын алсыг харсан, оновчтой шийдвэрийн үр өгөөж өнөөдөр их спортын талбарт харагдаж байх шиг байна? -Үнэхээр тийм шүү. Үйлдвэрийн удирдлагууд нийтийн биеийн тамир, их спортын өргөн хүрээтэй ажлыг үргэлж дэмжиж, үр дүнд нь бааз байгууламж, тамирчдын амжилт, хэрэглэл материалын нийлүүлэлтийн хүчинд энэ олон амжилт бий болсныг онцлон хэлье. Амжилт гаргасан тамирчид, нийт хичээллэгчид, тамирчдынхаа нэрийн өмнөөс Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагадаа маш их баярлалаа гэдгээ илэрхийлье. Цаашдаа ч энэ уламжлал маань он удаан жил үргэлжилж, Эрдэнэт үйлдвэр, Орхон аймаг, хүүхэд залуучуудын дундаас нэр төрөө мандуулсан олимп, дэлхийн олон аварга төрөн гарна гэдэгт итгэлтэй байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Зэсийн металл авалтын төлөвлөгөө 100 хувиар биелжээ

          Эрдэнэт үйлдвэрийн 8 дугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний эхний 20 хоногийн гүйцэтгэлийн дүн гарсан байна. Эрдэнэтийн уурхайчид сарын эхний 20 хоногт уулын цул гаргалтын төлөвлөгөөг 111 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөөг 127.1 хувиар, хүдэр олборлолтын төлөвлөгөөг 101.9 хувиар тус тус биелүүлжээ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд 1509.83 мянган метр куб уулын цул гаргаж, 625.90 мянган метр куб хөрс хуулж, 2254.01 мянган тонн хүдэр олборлосон байна. Харин хүдэр боловсруулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл 99.9 хувьтай гарчээ. Энэ нь Баяжуулах үйлдвэрийн ММС №1 тээрмийн 8 дугаар сарын 19-ний зогсолтыг 13-нд болгож наашлуулсантай холбоотой бөгөөд төлөвлөгөөний биелэлт 08 дугаар сарын 25-наас хэвийн болох юм.       Хүдэр дэх металлын агуулга, металл авалт, баяжмал дахь металлын  төлөвлөгөө зэсийн үзүүлэлтээр 100-100.4 хувийн биелэлтэй гарсан бол хүдэр дэх молибдений агуулга 85 хувь, молибден авалт 80.3 хувь, баяжмал дахь молибден 68.2 хувийн гүйцэтгэлтэй байна.      Баяжмал дахь металлын агуулга зэсийнх 100.3 хувь, молибденых 104.5 хувиар биелжээ.  Мөн ачигдсан зэсийн баяжмалын чанар 100.3 хувь, молибдены баяжмалын чанар 104.5 хувиар биелсэн гүйцэтгэлтэй байна. М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • Зэсийн үнэ судлаачдын үнийн төсөөллөөс доош буурлаа

    Энэ оны 8 дугаар сарын эхний 20 хоногт зэсийн сарын дундаж үнэ 5722 ам.доллар тонн байгаа нь 2017 оны 6 дугаар сараас хойш гараагүй бага үзүүлэлт болж байна. 2019 оны эхэн үеэс өнөөг хүртэл зэсийн үнэ дунджаар 6086 ам.доллар тонн байгаа нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлөвлөгөөт үнэ болох 6272.22 ам.доллар тонноос 144 ам.доллараар, томоохон судалгааны байгууллагуудын оны эхэн үеийн зэсийн үнийн урьдчилсан тооцооллоос 500-1500 ам.доллараар бага байгаа юм. Тухайлбал “Wood Mack” судалгааны байгууллага 2019 онд  зэсийн үнэ дунджаар 7488 ам.доллар хүрч өснө хэмээн нэгдүгээр сард үзэж байсан ч тэр хэмжээнд хүрэх магадлал бага байна. АНУ, Хятадын худалдааны дайн зэсийн үнэд нөлөөлж байна 2019 онд зэсийн томоохон уурхайнуудын үйлдвэрлэл буурч, зэсийн зах зээл хомсдолтой байгаа боловч зэсийн үнийн түвшинд зах зээлийн суурь хүчин зүйлсээс илүү АНУ болон Хятадын худалдааны дайн голлон нөлөөлж байна. Өнгөрсөн 6 дугаар сарын сүүлээр болсон Их долоогийн уулзалтаас хойш Лондоны металлын бирж дээр цэвэр зэс 5800-6000 ам.долларын хооронд харьцангуй тогтвортой үнээр худалдаалагдаж байсан бол 8 дугаар сарын 2-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, одоогоор импортын татваргүй байгаа Хятадын $300 тэрбумын бараа бүтээгдэхүүнд 9 дүгээр сарын 1-нээс эхлэн 10 хувийн татвар оноохоор төлөвлөж байгаа тухай зарласан. Энэхүү мэдэгдлийн дараагаар Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ гурван өдрийн дотор 200 гаруй ам.доллараар буурлаа. Трамп твиттер сүлжээнд мэдэгдлээ цацсаны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол индексүүд огцом унажээ. Тэрээр Америкаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн авахаа нэмэгдүүлэх амлалтыг Хятадын тал биелүүлэхгүй байгааг шүүмжилж, өвчин намдаах зориулалттай фентанил эмийн нийлүүлэлтээ зогсоох шийдвэр гаргах гэж байна хэмээн Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинийг буруутгасан байна. Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа “Уг 10 хувь нь хоёр орны яриа хэлэлцээрийн үр дүнгээс хамаарч 25 хувь болж нэмэгдэх боломжтой” гэсэн юм. Хэрвээ шинэ татвар хэрэгжиж эхэлбэл АНУ-ын зах зээлд хүүхдийн хувцасны нийлүүлэлтээс эхлээд гар утас хүртэл маш олон төрлийн бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлнө. Америк-Хятадын Засгийн газрын төлөөлөгчид Шанхай хотод хоёр өдрийн турш ээлжит яриа хэлэлцээ хийж, тодорхой үр дүн багатай өндөрлөсөн бөгөөд АНУ-ын төлөөлөгчдийг Вашингтонд буцаж ирсний дараа Трамп дээрх мэдэгдлийг хийсэн юм. Зэсийн үнийн хэтийн төлөв Судалгааны  байгууллагуудын 2019 оны дөрөвдүгээр улирлын зэсийн үнийн прогноз 5500-6600 ам.долларын хооронд хэлбэлзэж, дунджаар 6225 орчим ам.доллар тонн байна. Энэ нь зэсийн үнийн өнөөгийн түвшнээс өндөр байгаа тул судалгааны байгууллагууд энэ сард үнийн урьдчилсан тооцооллоо дахин бууруулах төлөвтэй байна.  Зарим судалгааны байгууллагууд ирэх улиралд зэсийн үнэ өснө гэж мэдэгдэж байна. Тухайлбал “Fast markets” судалгааны байгууллагын зах зээл судлаач Борис Миканикрензай эрчим хүчний салбарын зэсийн эрэлтээс шалтгаалан Хятадын зэсийн эрэлт өсөх учир ирэх саруудад үнэ өснө гэж судалгаандаа дурдлаа.  Зэсийн эрэлтээрээ дэлхийд тэргүүлдэг Хятад улсын зэсийн нийт эрэлтийн 50 хувийг бүрдүүлдэг цахилгаан, эрчим хүчний салбарын  хөрөнгө оруулалт энэ онд 5 хувиар буюу 2 тэрбум ам.доллараар өсөхөөр төлөвлөгдсөн.  Харин 2019 оны эхэн үеэс өнөөг хүртэл Хятадын цахилгаан, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт 2018 оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа учир оны үлдсэн хугацаанд энэ салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийгдэж зэсийн эрэлт өсөхөд нөлөөлөх магадлалтай юм.     Гэхдээ зэсийн үнийн  хэтийн төлөвт  эрэлт, нийлүүлэлт зэрэг зах зээлийн суурь хүчин зүйлсээс илүү   АНУ болон  Хятадын худалдааны дайны асуудал голлох нөлөө үзүүлж байгаа учир худалдааны дайны байдлаас шалтгаалан үнэ эрс буурах эрсдэлтэй юм.          АНУ болон Хятадын худалдааны дайнаас шалтгаалан бусад таваарын үнэ болон индексүүд ихээхэн буурч дэлхийн санхүү эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлж байна.   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Экспорт, борлуулалтын хэлтсийн Экспорт хариуцсан мэргэжилтэн Х.Мөнхцэцэг Дэлгэрэнгүй...
  • “Найрамдлын эрдэнэс”-д амарч байгаа Орос хүүхдүүд талархлаа илэрхийллээ

     “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын харьяа “Найрамдлын эрдэнэс” зусланд амарч буй Орос хүүхдүүд Эрдэнэт үйлдвэрийн удирдлага болон тусламж дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүс, ах эгч нартаа баярласнаа илэрхийллээ.Тэд зусланд амрах хугацаандаа монгол дуу бүжиг сурч, түүнийгээ нэгтгэн “Монголчууддаа баярлалаа” талархлын концерт тоглож үзүүлэв. Орос хүүхдүүд Монгол, Буриад үндэсний хувцастай  ёохор бүжиг хатирч,  “Хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш” хэмээн бүгдээрээ дуулж бүжиглэсэн нь тэнд очсон хэн бүхний сэтгэлийг баясгасан. Мөн тэд зуслангийн дурсамжтай, зугаатай өдрүүдийн сэтгэгдлээ хуваалцаж, амт чанартай хоол, ая тухтай байр орчин, халуун дотно сэтгэлээр үйлчилсэн зуслангийн ажилтан ах эгч, багш нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. “Найрамдлын эрдэнэс”-т өнгөрүүлсэн энэ өдрүүд хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамж болон үлдэнэ гэсэн юм. Орос хүүхдүүдийн талархлын концертыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч, Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Д.Үүрийнтуяа нар албаны хүмүүсийн хамт үзэж сонирхон, баяр хүргэлээ. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хүүхдүүдэд хандан хэлсэн мэндчилгээндээ, “Оросын ард түмэн, удирдагчид Монголчууд бидэнд үргэлж үнэн сэтгэлээр тусалж ирсэн. Өөр цаг үед өөр өөрөөр тусалж дэмжиж явсныг бид мэднэ. Хорьдугаар зууны агуу бүтээн байгуулалт Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хот бол манай хоёр орны ард түмний найрамдлын үр шимээр маш богино хугацаанд чанартай, амжилттай боссон юм. Би хамтарсан үйлдвэр байхаас эхлээд энэ салбарт 38 жил ажиллаж байна. Одоо манай үйлдвэр улсын харьяалалтай болсон. Хэдийгээр Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар болсон ч 300 гаруй Орос мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Энэ бол бидний найрамдлын илэрхийлэл, ах дүүгийн сайн харилцааны үргэлжлэл юм” хэмээн хоёр орны түүхэн уламжлалт харилцааны үнэ цэнийг тодотгон  онцлов. Мөн талархлын тоглолтын  хүндэт үзэгчид нь  Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүд байлаа. Тус зөвлөлийнхөн талархлын концертын дараа байгалийн гамшгийн улмаас орон гэргүй болсон хүүхдүүдэд туслах хүмүүнлэгийн аян өрнүүлснээ танилцуулж, Эрдэнэт хотынхоо бүсгүйчүүдийн илгээсэн сэтгэлийн бэлгийг Орос хүүхдүүдэд гардуулж өгсөн юм. Энэ үеэр Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Д.Үүрийнтуяа, “Эмэгтэйчүүдийн байгууллага Орос, Монгол хоёр орны найрамдалт харилцааны гүүр болсон үргэлжлэлийг түүчээлэх ёстой гэсэн үүднээс өөрсдийн боломж бололцоогоор хандив тусламж үзүүлж, дулаан хувцас зэргийг бэлэглэлээ. Энэ үйл ажиллагаа бол хоёр орны уламжлалт урт удаан хугацааны найрамдалт харилцаанд төрийн бус байгууллагуудын оруулж буй хувь нэмэр гэж ойлгож байна. Тэр тусмаа эмэгтэй хүний хувьд ядарч зүдэрсэн хүнд тусалж, дэмжих ёстой. Энэ хүмүүнлэгийн ажлаараа дамжуулан нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд бүсгүйчүүл маань манлайлан оролцож байна гэдгийг харуулахыг зорьсон. Бидний энэ сайн үйлсийн санаачилгад маань нэгдсэн олон байгууллага, хувь хүмүүст баярлалаа гэдгээ энэ дашрамд хэлье” хэмээн ярилаа.    ОХУ-ын Эрхүү мужид байгалийн гамшигт үзэгдэл болж, зарим хот тосгон үерт автсаны улмаас орон гэргүй болсон иргэд, хүүхдүүдэд  Монгол Улсын Засгийн газар, Монгол, Оросын найрамдлын нийгэмлэг, ЗХУ-д сургууль төгсөгчдийн холбоо, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэрэг олон байгууллагууд  тусламж дэмжлэг үзүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн хувьд  Эрхүү мужийн Тулун, Нижнеудинск хотын 42 хүүхдийг  зургаан багшийн хамт өөрийн харьяа “Найрамдлын эрдэнэс” зусландаа амрааж, сэтгэлийн дэм өгч буй. Хүүхдүүд энэ сарын 26-ны өдрийг хүртэл зусланд амарч, монгол ахуй соёлтой танилцан, малчин айлаар зочилж, морь унах, түүнчлэн  Эрдэнэт үйлдвэртэй танилцах аяллын хөтөлбөрт оролцох юм. М.Балжинням Фото Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
Мэдээ

     Гаалийн ерөнхий газрын Орхон аймаг дахь  Гаалийн газраас Эрдэнэт үйлдвэрийн Хууль эрхзүйн газартай хамтран  Материал техникийн хангамжийн хэлтэс, Чанар хяналтын хэлтэс, Тээвэр ложистикийн албаны ажилтан албан хаагчдад өнгөрсөн пүрэв гарагт сургалт явууллаа. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны Оюу танхимд болсон уг сургалтаар   гаалийн байгууллагын үйл ажиллагаа, шинэ хөтөлбөр, гаалийн хууль тогтоомжийг сурталчлан таниулсан. Гаалийн байгууллага нь гадаад худалдаанд оролцогчдод тодорхой шалгуур тавьж, шалгуур хангасан аж ахуйн нэгжид итгэл хүлээлгэж, гаалийн хяналт бүрдүүлэлтэд нь  зарим хөнгөлөлт үзүүлж байгаа аж. Гааль бизнесийн хамтын ажиллагааг дэмжих,  хууль ёсны худалдааг хөнгөвчлөх үүднээс Гаалийн ерөнхий газраас  Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор улсын хэмжээнд хоёр байгууллага нэгдсэн аж. “Манай улсын шилдэг аж ахуйн нэгж Эрдэнэт үйлдвэр бүхий л шаардлагыг хангаж байгаа тул  хөтөлбөрт  нэгдэн орох бүрэн боломжтой” хэмээгээд энэхүү хөтөлбөрт нэгдсэнээр үйлдвэрийн эдийн засагт хэмнэлттэй болохыг гаалийнхан тодотгов. Гаалийн байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийг сурталчлан таниулснаар  гаалийн харилцаанд оролцогчдын хууль сахих түвшин дээшилж, гаалийн үйлчилгээ илүү хөнгөн шуурхай болох юм гэж Гаалийн газрын дарга Б.Майдармаа хэлсэн үгэндээ онцолсон юм.


Я.ТУЯА


 

    Б.Баасансүрэн даргын  унаган мэргэжил нь үнэндээ  уул уурхайгаас  хол, өөр мэргэжил. Тэр мэргэжлээ их л санаандгүй бөгөөд бяцхан адал явдалтайгаар сонгож байснаа дурдатгалдаа өгүүлсэн. 1982 онд түүнийг 10 дугаар анги төгсөхөд сурагчдыг  сурлагаар нь жагсаан, улаан шугам татдаг байж. Гэхдээ түүнд  улаан шугамны хаана жагсаж  байгаа нь тийм ч сонин байсангүй. Харин жолооч болох хүслээр “ өвчилсөн” хүүхэд байв. Сургуулиа төгсөөд,  цэргийн албанд мордож, тэнд жолооч болно гээд  шийдчихсэн явж байтал нэг өдөр  ангийн багш нь дууджээ. Яваад очтол, чи юун цэргийн алба хаах вэ, элсэлтийн шалгалтад ор гэж зэмлэж. Ингээд багшийнхаа хэлснээр шалгалт  өгч, уул уурхайн чиглэлээр гадаадад сурах эрхтэй болов.  Гэтэл  нөгөө бүлгийн  нэг хүүхэд  орос хэлний ярилцлагадаа унаснаас болоод  түүний сонгосон  машин үйлдвэрлэлийн анги сул үлдсэн байжээ.  Тэр үед ах нь ч түүнд “миний дүү, заавал гадаад хуваарь гэж байхаар сонирхлоо дагаад, машин техникийн чиглэлийн ангид эндээ сурвал яасан юм бэ”  гэж зөвлөх нь тэр. Ингэж  Машин үйлдвэрлэлийн технологи, металл боловсруулах суурь машин, багажны инженерийн ангид элссэн түүхтэй. Хожим   нөгөө шалгалтандаа унасан хүүхэд таараад, би хуваариа буцааж авна гэсэн ч, “одоо тийм юм байхгүй, би хэдийнэ сонгосон” гээд өгөөгүй гэдэг. Тэр жил  Монгол Улсын  Их сургуулийн бүтцээс Политехникийн дээд сургууль бие даан тусгаарлаж, Машин үйлдвэрлэлийн технологи, металл боловсруулах суурь машин, багажны инженерийн ангид анхны  25 хүүхэд элсүүлсний нэг нь тэр байв. Харин өнөөдөр мэргэжлээрээ ажиллаж байгаа гурав, дөрөвхөн төгсөгчийн нэг нь Б.Баасансүрэн дарга юм.  Хөгжилтэй бас санаандгүй сонгосон энэ л мэргэжил нь түүний  амьдралын замыг зааж явна.
     Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уул ус тэгш хангай нутагт тэр  малчин айлын хүү болон мэндэлжээ. Сурагчийн амралтаараа нэгдлийн малтай  аав ээждээ тусалж, бусад үед сумын төвийн дотуур байранд эрдэм номын дуу сонсон хүүхэд насаа үдсэн. А үсэг таниулсан анхны багш,   амьдралын замд хөтөлсөн аравдугаар ангийн  багш нараа үргэлж санан дурсаж, тэр л сайхан хүмүүсийн гар дээр сурч хүмүүжсэнээ их хувь тохиол гэж тэр өгүүлнэ. Хүүхэд байхын их хөдөлгөөнтэй, авхаалжтай байсан нь одоо ч хэвээрээ гэж түүний ойр дотныхон ярьдаг. Тиймдээ ч наймдугаар анги төгсөтлөө хурдан морь унаж, бүсээ намируулан хүлгийн зоон дээр дарцаглаж өсчээ. Арван нэгэн хүүхэдтэй айлын дунд хүү,  ах дүү нар дотроо хамгийн адтай сэргэлэн  байсан тэрээр ажил амьдралын замд ч хамгийн эрэмгий, дайчин нэг нь. Үргэлж урагшаа харж, өөдөө тэмүүлж явдаг цог жавхаанд нь  багадаа давхиж хурдалсан  морьдынх нь  хийморь, сэрүүхэн өндөрлөг хэдий ч сэтгэл татам унаган нутгийнх нь нөмөр нөөлөг нөлөөлснийх буй заа.   

     Аав ээжээс илүү ачлалт бурхан гэж үгүй. Арван нэгэн хүүхдийг төрүүлж өсгөн, хүний зэрэгт хүргэсэн аав ээж хоёрыгоо тэр хүний дээд гэж хайрлан шүтнэ. “Миний аав насаараа мал дагасан, нутаг усандаа алдартай сайн уяач хүн байв. Манай адуу “Өвгөний зээрдүүд” гэж зүсээрээ танигдсан нэршилтэй. Аавын минь нэг дүр төрх ер санаанаас гардаггүй  юм. Зун морио хөлслөх гээд уул, нугаар явна. Тэгээд надаас их асууна, миний хүү аль морио унах вэ, алийг нь хөлслөх вэ гээд л. Миний унах морь, бас хөлслөх морь тусдаа байсных л даа. Аав минь тэгж хайр, хал хоёрыг зэрэг амсуулж өсгөсөн. Харин ээж минь хатуу талдаа хүн. Сахилгагүйтвэл сүү самарч байгаа шанагаараа цохиод авна. Тэгж л тэр олон хүүхдийг дэгтэй хүмүүжүүлсэн байх. Их ажилсаг,  дээл сайхан оёдог уран хүн байсан” гэж ижий аав хоёроо дурссан.  Хүн болох төлөвшлийн  эхний суурийг түүнд сумын сургуулийн тэр л бүлээн дулаахан орчин өгсөн гэдэг. Сургуулийнхаа дотуур байранд 8 дугаар ангиа дүүргэж, чухам тэрхүү цаг хугацааны орчил дунд хүний арга эвийг олох, бие даан амьдрах гээд олон чадваруудыг олж авсан хэмээн Б.Баасансүрэн дарга хуучилна.  Үндэс сайтай мод түмэн зүгтээ сүрлэг сайхан нахиалж ургадгийн адил хүүхэд ауйдаа ухаант аав ээж, ачит багш нараасаа өвлөсөн хүмүүжил нь түүнийг оюутны цэнхэр өдрүүд,  ажил хөдөлмөрийн гараанд ч хэлбэрэлтгүй хөтөлсөн юм.  
     Энх цагийн их хөгжлийн нэрийн хуудас Эрдэнэттэй тэр хувь заяагаар холбогдсон. Оюутны дипломын ажлаа  “Мушгиа өрөм үйлдвэрлэх оновчтой технологи” сэдвээр хамгаалж, үйлдвэрлэлийн дадлагаа өнөөгийн нэг гэр нь болсон Засвар механикийн заводдаа хийж байжээ. “Үйлдвэрлэлийн дадлага хийж байхдаа л эзэмшиж буй мэргэжилдээ улам их “дурлаж” билээ. Үнэхээр сонирхолтой, машин хийх юм байна, машин үйлдвэрлэл гэж юу болох гэдгийг тэр үеэс л илүү сайн мэдэж авсан. Төгсөөд Эрдэнэт үйлдвэрт ирж ажиллах хүсэл ч  төрсөн дөө” гэж тэр Эрдэнэтийн хүн болох үеийн дурсамжаа хуваалцсан. Түүнийг сургуулиа төгсөхөд нь тухайн үеийн Ой модны аж үйлдвэрийн яамнаас Завхан аймагт хуваарилсан боловч Эрдэнэтэд  ирэх хүсэлтээ олон дахин хэлж байж, шинэ цагийн шилдэг бүтээн байгуулалтын өлгий хотыг зорин иржээ. Түүний анхны ажлын гараа  Эрдэнэт хотын Мод боловсруулах комбинатаас эхлэв. Механик инженер, цехийн даргын албыг нэр төртэй хашиж, тэр ч бүү хэл тухайн үеийн олон нийтийн хамгийн том байгууллага болох МХЗЭ-ийн Эрдэнэт хотын хороонд хоёрдугаар нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж, оюуны цараатай, чадварлаг удирдагч болохоо харуулж чаджээ. Хотын ХЗЭ-ийн хорооны хоёрдугаар даргын сонгуульт ажил аанай л түүний холыг харж, том сэтгэж чаддаг чадварыг нь дагаж ирсэн гэж хэлж болно.  

     1989 онд хотын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны бүгд хурал болов. Тус  хурал дээр Модны үйлдвэрийнхээ  ХЗЭ-ийн Хорооны даргын даалгавраар үг хэлэх болж,  ажилчин залуусын нийгмийн асуудлыг хөндсөн санал хэлсэн гэдэг. Залуучуудыг орон сууцжуулах  хөтөлбөрийг хэрэгжүүлье. Ингэхдээ залуучуудынхаа  хүчийг нэгтгээд, газрыг нь шийдэж өгөөд, өөрсдөөр нь орон сууц бариулая гэсэн нь хурлын төлөөлөгчдийн анхаарлыг ихээр татаж, удирдлагууд нь ч зөв зүйтэй асуудал дэвшүүллээ гэж үнэлжээ.  Ингээд тун удалгүй хотын ХЗЭ-ийн Хорооны сонгуульд  өрсөлд гэсэн санал ирж,  дэд даргаар сонгогдсон байна. Энэ бүхэн түүнд хамт олныг зөв удирдан чиглүүлэх, ямар ч ажилд манлайлан оролцох өндөр чадвартайгаа нээх боломж, бас арвин туршлага хуримтлуулах үүд хаалга нь болж өгчээ. Эрдэнэт хотын ХЗЭ-ийн Хорооны дэд даргаар ажиллаж байхдаа түүнд өөрийн мэргэжлээрээ Засвар механикийн заводад ажиллах бодол хэдэнтээ төрж,  тэр саналаа ч Эвлэлийн хорооны даргадаа хэлэв. Ингээд ЗМЗ-ын ерөнхий инженер Ц.Цогтсайхан, Орлогч дарга Х.Даваасүрэн,  Механик цехийн дарга Д.Цогтхангай нартай уулзахад нь уриалгахнаар хүлээн авч, “Баскагаа аль ажил дээр томилох вэ” гэж ярилцан, дотно хандаж байсан нь одоо ч мартагддаггүй аж. Харин тэр заводдаа л  ажиллаж байвал юу ч хийхэд  бэлэн гэсэн тэмүүлэл дүүрэн Цутгуурын цехэд мастераар ирж байв. Дараа нь Механик цехдээ  багажны хэсгийн мастераар ажиллаж байхад нь  Хөтөлийн Гангийн үйлдвэрээс ажлын санал хүлээн авчээ. Тэнд жил орчим ажиллаад, үйлдвэртээ эргэж ирсэн гэдэг. Ингээд төрөлх үйлдвэртээ технологи инженер, Засвар монтажийн цехийн орлогч дарга, Ган бөмбөлгийн цехийн дарга, Засвар механикийн заводын дарга гээд  үүрэг хариуцлага, итгэл найдвар хүлээлгэсэн газар бүхэнд очиж, хичээл зүтгэл, мэдлэг чадвараа зориулж явна.  
     Түүний түүхийг сонсоход тэр үнэхээр л Эрдэнэтэд амьдрах л ерөөлтэй хүн ажээ. Өөр газар орон, хамт олонтой ажиллах олон боломжууд гарсан ч тэр эргээд л Эрдэнэтийн овоондоо буцаад ирдэг гэнэм. “Эрдэнэт надад олон зүйлийг өгсөн. Оюутан ахуй цагтаа учирсан амьдралын ханьтайгаа гурван сайхан охины аав ээж бололцож, эдүгээ зээ нараа тойруулсан өнөр өтгөн айл болжээ. Хэн бүхний адил энэ  үйлдвэрт ажиллах болсноороо хязгааргүй их бахархаж,  Орос ах нарын үлдээсэн өндөр соёл, ажлын зөв арга барилыг эрхэмлэж явдаг. Оюутан ахуй цагаасаа л энд би өсөж, төлөвшиж, ажил хөдөлмөрийн эрдэмд суралцаж яваа гэж санана. Мастераас эхлээд ахлах мастер, хэсгийн дарга, хэлтсийн инженер, цехийн дарга хүртэл ахиж дэвшсэн энэ замд  Эрдэнэт үйлдвэр гэдэг өнөр бүл  намайг хөтөлж, хүн болгосон гэж ам бардам өгүүлнэ. Тиймээс юу чаддаг, юу мэддэгээ бас юу бодож яваагаа хэрэгжүүлэх боломж гэж би өнөөдрийн ажил албаа хардаг” хэмээн тэр сэтгэлээ  уудалсан.

     Б.Баасансүрэн даргын удирддаг Засвар механикийн заводын ирээдүй гэрэлтэнэ.  Тэр гэрэл гэгээг илүү тод болгохын төлөө түүний хамт олон  шинэ, өндөр түвшинд ажиллахыг зорьдог. Тиймээс ч Засвар механикийн заводыг 2018-2032 онд хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл боловсруулах техникийн даалгаврын төслийг хамт олонтойгоо гүйцэтгэж, цаашид явах зам, зүг чигээ тодорхойлох нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг мэргэжлийн байгууллагаар, мөн өөрсдийн инженер техникийн ажилтнуудын хүчээр бүтээгдэхүүний өртгийн шинэчилсэн аргачлал боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа төдийгүй Олон улсын ISO9001 стандартыг Заводынхаа үйлдвэрлэл, аж ахуйн бүхий л үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх томоохон зорилт тавин ажиллаж байна. Энэ  онд тус заводынхан Хүйтнээр хатуурах холимгоор хэв барих технологийг үйлдвэрлэд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд компанийн удирдлага гарын үсэг зурсан. Энэхүү төслийг хэрэгжүүлэх ажил нь эхэлж, 2020 оны эхээр технологио бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Энэ бол ирээдүйн их хөгжлийн гараа, дэвжин дээшлэхийн эхлэл юм. Заводынхаа хувь заяаг атгаж байгаагийн хувьд Б.Баасансүрэн даргад үргэлж бодож явдаг нэг зүйл бий гэсэн. Энэ нь тус заводын техник технологийн шинэчлэлийг үе шаттай зөв оновчтой хийх, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхэд чиглүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэн олон улсын зах зээлд тэнцэхүйц стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх нөөц боломжийн тухай. Үүнийг хэрэгжүүлнэ гэж тэр эрс шийдэмгий өгүүлнэ лээ.  
      Хүн бүхэн өөр өөрийн чадах зүйлийг хийж, амжилтанд хүрэх хичнээн сайхан. Түүн лугаа Б.Баасансүрэн даргын багийхан ингэж ажиллаж, ийм ихийг бүтээсэн шүү гэж харж, бахархах сайн ажил үйлсийг хойчдоо үлдээх нь түүний чин хүсэл. Өөрийн багт ажиллаж буй мэргэжил нэгт хамтрагч, залуусаа тэр үнэт баялаг хэмээн бахархдаг. Хүсэл эрмэлзлэлийнхээ төлөө  шинийг эрэлхийлж, цаг  үргэлж том  сэтгэж, холыг харах нь түүний бас нэг давуу чанар. Хүн болж төрсний их хувь заяа түүнд эрин зууны манлай хотод ажиллаж амьдрах ерөөл хайрласан шиг тэр өөрөө ч Эрдэнэтээ, Засвар механикийн заводаа их хөгжлийн оргил өөд хүргэх билэг ерөөлөөр дүүрэн явна. Түүний хэлсэнчлэн,  хөгжлийн бодлогоо зөв тодорхойлсноор бүс нутгийг хамарсан металл боловсруулах үйлдвэр төдийгүй улс орныхоо аж үйлдвэрийн тодорхой салбаруудын  машин, тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, тоноглолын үйлдвэрлэлийн том төв болох цаг үе ойрхон гэдэгт итгэнэм.


М.Балжинням

     Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн компанийн хэтийн төлөвд чухал нөлөөтэй хүдрийн нөөц бүхий орд, илрэлүүдийн геологи хайгуул болон эрэл үнэлгээний ажил газар дээрээ хэрхэн үргэлжилж буйг өнгөрсөн лхагва гарагт явж үзлээ. Үйлдвэрийн Хөгжил, их барилгын асуудал хариуцсан дэд захирал Д.Эрдэнэцогт, Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр болон Ерөнхий захирлын зөвлөхүүд тэргүүтэй холбогдох мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг Ил уурхайгаас эхлээд Баруун хойд болон Төвийн ордоор дамжаад Завсрын хэсэг, судалгааны томоохон биет болох Оюут, Шандын орд дээр ажилласан юм. 1985, 2012 онд эрлийн хайгуулын шатанд нөөц тогтоосон Шандын орд дээр өрмийн гурван машин ажиллаж байна. Энэ удаа 1300 гаруй метрийн гүний түвшинд өрөмдлөг явуулсан нь анхны тохиолдол бөгөөд энд хүдэржилт байх магадлалтай дүн гарчээ.
     Ерөнхий захирал энэ үеэр “Хүдэржилт боломжийн байдалд харагдаж байгаа нь 300-400 метрээс цааш. Хэрэв нөөц тогтоогоод ашиглах болвол далд уурхайн асуудал яригдана. Далд уурхайн зардал илүү өндөр байдаг. Тэр утгаараа хүдрийн агуулга ямар байхад онцгой анхаарч байна. Зэсээ дагаад өөр үнэт металл байж гэмээнэ ордын үнэ цэнэ нэмэгдэх учиртай. Ойрын жилүүдэд геологи хайгуул, судалгааны ажил үргэлжилнэ” гэж ярив.
     Шандын орд дээр илүү нарийвчилж гүний хайгуул хийх, олон төрлийн эрдэс болон металл тодорхойлох, геологийн үнэлгээ хийж нөөцийг бүрэн тогтоох ажил давхар хийгдэж байна. Түүнээс гадна өрөмдлөгийн явцад гүний тодорхой түвшнөөс салаалах шинэ технологи ашиглаж байна. Нэг цооногоос олон салаа өрөмдөж зардал бууруулах технологийг энэ жилээс ашиглаж эхэлжээ.    
     Энэ жилийн геологи хайгуул нь агаар сансарын зургийн тайлал, геофизикийн аргачлалуудаас гадна талбайн урсгал сарнилын хүрээний болон хөрсний геохимийн дээжлэлтүүд, хувирлын зэрэг өмнө хийгдэж байгаагүй цогц ажлыг Эрдэнэтийн Овоо ордын эргэн тойрон 60 км радиуст хийж байгааг геологич онцолж байлаа. Мөн ашиглалт явуулж буй орд дээр олон улсын Жорк кодоор шалгалт, хяналтын өрөмдлөг болон нөөц, баялагийн үнэлгээний ажил хийж байна. Олон улсын туршлагатай зөвлөхүүд, мэргэжилтнүүд энэ ажлыг удирдан явуулж  байгаа бөгөөд туслан гүйцэтгэгч “Гео сан” компани геофизикийн аргаар агаарын болон газрын тандан судалгаа, “Дипирамид” компани хувирал, структур, зураглал, “Тайтлайн ресурс”-ийнхэн нөөц, баялагийн үнэлгээ хийж байгаа аж. Мөн Геологи хайгуулын ангийн 20 гаруй ажилтан хээрийн ажилд байнгын хяналт тавьж, чиглэл, зөвлөмж өгч ажиллаж байна.          
     Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэр геологийн болон талбайн судалгааны ажилд их хэмжээний хөрөнгө хүч зарцуулах болсон. 2017 онд өмнөх онтой харьцуулахад Геологи хайгуулын ажлыг хоёр дахин нэмэгдүүлсэн бол энэ жил 3,2 дахин өсгөжээ.

М.ОДГЭРЭЛ

 














 

     Монгол Улсад шинэ цагийн аж үйлдвэрийн цогцолборыг амжилттай хэрэгжүүлсэн Зууны манлай бүтээн байгуулалт, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонт, Сүхбаатарын одонт Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах тухай Монгол, Зөвлөлтийн хамтарсан Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 45 жил, Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орж, анхны баяжмалаа гаргаж эхэлсний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойн баярын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжил-40” соёлын өдрүүдийг Улсын Драмын Эрдмийн театрт зохион байгууллаа. Уул уурхайн салбар, тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийг байгуулах, бүтээн босгох, чухал судалгаа, шийдвэрүүдийг гаргахад гар бие оролцож, сэтгэл зүрхээ зориулж ирсэн үе үеийн зүтгэлнтүүд, уурхайчид нэгэн дор цуглаж төрөлх үйлдвэрийнхээ 40 жилийн ойн баярын  хуралд оролцлоо. Мөн энэ үеэр уурхайчдын 40 жилийн амжилтыг харуулсан архивын ховор баримт материал, гурван үеийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, олны хүртээл болгосон.  

      Баярын хурал, хүндэтгэл ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байсан Д.Содном, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Түлш эрчим хүчний сайд асан, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт“ үйлдвэрийн Зөвлөлийн Монголын хэсгийн анхны дарга, Техникийн ухааны доктор, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор, академич П.Очирбат, Геологи, уул уурхайн яамны орлогч сайдаар ажиллаж байсан, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт“ үйлдвэрийн Зөвлөлийн Монголын хэсгийн дарга, зөвлөлийн гишүүнээр 20 шахам жил ажилласан Д.Рэнчинханд, Геологи уул уурхайн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан, МУ-ын Хөдөлмөрийн баатар, доктор Ч.Хурц тэргүүтэй Уул уурхай, аж үйлдвэрийн үе, үеийн сайдаар ажиллаж байсан эрхэмүүд, ахмадууд, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн зөвлөлийн Монголын талын дарга, гишүүнээр ажиллаж байсан, мөн тус зөвлөлийн хянан шалгах хорооны дарга, шинжээчээр ажиллаж байсан эрхэмүүд, Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн Ерөнхий захирал, орлогч захирлаар ажиллаж байсан эрхэм хүндтэй хүмүүс, тус үйлдвэрээс төрсөн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяатууд, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтан, ажилчдаас бүрдсэн төлөөллүүд нэгэн дор цугласан.
      20-р зууны Манлай бүтээн байгуулалт болж, Дэлхийн жишигт эрэмблэгдсэн  Эрдэнэт үйлдвэрийн анхны шанг таталцаж, ажил үйлсээрээ дархалсан эрхэм уурхайчдадаа баяр хүргэхээр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирсэн. Мөн Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын тамгын газрын төлөөлөл, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл, УУХҮЯ, Монгол улсад суугаа элчин сайдын яам, хамтран ажиллагч байгууллагын төлөөллүүд баярын мэндчилгээ өвөртлөн ирсэн.    

        Баярын хурлыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн нээж үг хэлсэн. Тэрээр, Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах асуудалд чухал шийдвэр, оновчтой бодлогыг хэрэгжүүлж ирсэн төр засгийн үе үеийн удирдлагууд болон Хүндэтгэлийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон үе үеийн уул уурхайн яамны удирдлагууд, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн босгоход залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн Эрдэнэт хотын анхдагчид, илгээлтийн эзэд, Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд, Ахмадууд, Уурхайчид, одоо ажиллаж байгаа инженер техникийн ажилтан, ажилчдадаа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн баярын мэндийг хүргэж, талархал илэрхийлсэн. Мөн, “Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Техникийн шинжлэх ухааны доктор агсан Ш.Отгонбилэг Эрдэнэт үйлдвэрийн анхны Монгол Ерөнхий захирлаар томилогдон ажиллаж, энэ үйлдвэрийг чадамгай удирдаж, Монгол хүний, Монгол инженерийн үнэлэмжийг өөрийн оронд болон дэлхийн бусад орнуудад үзүүлж чадсан, бүх шатны боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулсан гавъяатай хүн юм. Ийм учраас энэ баярынхаа өдөр Ш.Отгонбилэг агсныг дурсан санаж, түүний гэр бүл, үр хүүхдэд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон гүн хүндэтгэл талархалаа илэрхийлж байна” гэсэн. Мөн, “Энэ 40 жилийн түүхэн хугацаанд дэлхийд томд тооцогдох үйлдвэрийг 24 цаг тасралтгүй, доголдолгүй ажиллуулж чадах удирдах ажилтнууд болоод инженер техникийн ажилтнууд, нарийн мэргэжлийн ажилчдыг үе шаттайгаар бэлтгэж, ийм том үйлдвэрийн сайн авч явах ажилтан ажилчдын бүхэл бүтэн “арми”-ийг бий болгосон нь Эрдэнэт үйлдвэрийн үнэт зүйл гэж би ойлгож байна” гэсэн юм. Тэрээр цааш нь, Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олны түүхэн амжилт, өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар ярьж, шинээр боловсруулан хэрэгжүүлж буй үндсэн чиглэл, төслүүдийг танилцуулж, Эрдэнэт үйлдвэр энэ жилээс цааш дахин 60 жил ажиллах нөөцийг тогтоож, баталгаажуулсан тухай бахархан дуулгасан юм.       
     Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрдэнэт үйлдвэрийн улс, эх орны хөгжилд оруулж ирсэн хувь нэмрийг онцгойлон тодотгож, “Үндэсний бахархал болсон Эрдэнэт үйлдвэрийн хамт олны үлдээсэн түүхэн замнал, бүтээсэн бахархалт үйл хэрэг нь үеэс үед уламжлагдан дэлгэрч, Монгол улсын хөгжил дэвшлийн төлөө, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө уурхайчид та бүхэн  улам ихийг хийж бүтээнэ гэдэгт Монгол улсын засгийн газар итгэл төгс байна” гэсэн.
     Уурхайчин хамт олонд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд бие төлөөлөгчөөрөө дамжуулан илгээлт ирүүлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.

     Энэ үеэр мөн, компанид үр бүтээлтэй амжилттай ажилласан Автотээврийн байгууллагын хүнд даацын белазын  жолооч Б.Ууган-Эрдэнэ, Автотээврийн байгууллагын автомашины цахилгааны засварчин С.Энхболд нарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны жуух бичгээр, “Уул уурхайн салбарын тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр Засвар механикийн заводын ороомогчин, өндөр настан Л.Саруултуяа, Геологи хайгуулын ангийн цооног өрөмдөгч Б.Октябрь, Засвар механикийн заводын цахилгаан ба хийн гагнуурчин Э.Оюунболд нарыг тус тус шагнаж, урамшуулсан.


     Ойн баярын үйл ажилалгаанд хүрэлцэн ирсэн зочдод Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Уурхайчин” соёлын ордон, “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид, Эрдэнэт үйлдвэрийн ажилчин, уран сайханчид, авъяаслаг уурхайчид “Хайрлан жаргах эх орон” хүндэтгэлийн концертоо толилуулсан юм.

     Шинжлэх ухаан технологийн их сургууль нь сургуулийнхаа сургалт, эрдэм шинжилгээний хөгжил болон Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт  хүндтэй гавьяа байгуулсан эрхмүүдэд профессор, хүндэт профессор цол олгодог. Энэ эрхэм хүндтэй цолыг тус сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр шинжлэх ухаан, техник технологи, уул уурхайн салбарт гавьяа байгуулсан дотоод, гадаадын 30 гаруй эрдэмтэнд өгчээ.
     Тус сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлын ээлжит шийдвэрээр ШУТИС-ийн Хүндэт профессор цолыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн, профессор цолыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий баяжуулагч, Техникийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, Гавьяат уурхайчин Ж. Баатархүү нарт олгохоор  болж, өнөөдөр цолыг нь гардуулж өглөө.
     Сургуулийн эрдмийн зөвлөлийг төлөөлж, Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат хэлсэн үгэндээ: Монгол Улсын уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хүндтэй гавьяа байгуулж, Монголросцветвет нэгдэл болон Эрдэнэт үйлдвэрийг удирдан, монгол инженерийн ур чадварыг нэр төртэйгээр харуулж байгааг нь үнэлэн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд Хүндэт профессор цол олгож байна. Х.Бадамсүрэн захирал нь хамтарсан үйлдвэрүүдийг удирдаж ирсэн шилдэг менежер байгаад зогсохгүй геологи, уул уурхайн салбарын шилдэг эрдэмтэн, судлаач юм. Тиймээс салбартаа оруулсан хувь нэмрийг нь эрдэмтэн нөхөд нь үнэлж буй юм гэж онцолж байв.
     Мөн Бадамсүрэн захирлыг Монгол Улсын аж үйлдвэрийн салбар, тэр тусмаа геологи уул уурхайн салбарынхан дунд мэдэхгүй хүн байхгүй. Өөрийн амьдралаа уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд зориулахын зэрэгцээ ШУТИС, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинэ шатанд гаргах, Ш.Отгонбилэг агсаны нэрэмжит Технологийн сургуулийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байна гэж эрдмийн зөвлөлөөс үнэлж байв.
     ШУТИС-ийн профессор цол хүртсэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий баяжуулагч, Техникийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, Гавьяат уурхайчин Ж.Баатархүү нь уул уурхайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаач болохыг мөн энэ үеэр тодотгож байлаа.




 

 

Даваа, 15 10-р сар 2018 00:00

Элдэвтэй эр

     Одоогоос 18 жилийн өмнө энэ шавилхан залууг би  таних болсон юм. Гадаад дүр төрх нь “Аман хуур” киноны  Соном өвгөнийг санагдуулах эл эрийг Дамбийн Одсүрэн гэдэг. Гадна, дотнын мэргэжлийн танилууд нь “Эрдэнэт”-ийн Одсүрэн гэх. Эрдэнэт үйлдвэрийнхэн Баяжуулахын Од хэмээнэ. Түүнийг таньж, мэдэхгүй хүмүүс ийн дотно ханддаг нь эрхэлсэн ажилдаа эзэн байж, мэргэжлийн ур чадвараараа олонд танигдсаных биз. Нэгэн цагт Сайншандын Төмөр замын боловсон хүчний дарга асан Майдарын Дамбийнх 15 хүүхэдтэй айл байх.  Одсүрэн тэдний 10 дахь хөвгүүн нь. 15 хүүхэд төрүүлж өсгөсөн ээж нь төмөр замчнаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарчээ. Түүний ээж Самбуугийн Цэрэнбалжир гэж өндөр насалсан, буянтан байв. Эдүгээ үр хүүхдүүд нь бүгд тус тусын ажил алба эрхлэн улс орондоо өөрсдийн хүч хөдөлмөрөө зориулж явна. Түүний ханийг Жигжидсүрэнгийн Долгорлхам гэдэг. Тогооч мэргэжилтэй. Шүлэг бичих авьяастай. Хотын төвийн 19-р цэцэрлэгт амтат хоол хийн бяцхан үрст үйлчилж, хорооллын хашаандаа ногоо тарьж, цэцэг үрслэн суух. Энэхүү аав, ээжийнх нь хөдөлмөрч тууштай зан чанар, авьяас билгийг төрсөн үр хүүхэд нь өвлөсөн бололтой. Том хүү  О.Анхучрал нь Триатлионы  холбоонд тамирчин дасгалжуулагч. Уулын ашиглалтын механик инженер мэргэжилтэй. Триатлионы спорт сонирхогчдын хоёр удаагийн улсын аварга тамирчин. Дунд охин О.Азжаргал нь 2002 онд Монгол улсын урлагийн үзлэгийн “Бяцхан тод авьяастан”-аар шалгарч байв. Харин авьяас билэг нь хожим тодрох ирээдүйн нэгэн төлөөлөл нь бага охин Бөртэ-үжин бөлгөө...

     Энэхүү хөргийн эзэн Улаанбаатар хотын Тээврийн ТМС-ийг улаан дипломтой төгсөж, гагнуурчны дөрөвдүгээр зэрэг эзэмшээд  Эрдэнэтийн “отгон” илгээлтийг өвөрлөж ирсэн залуусын нэг. Түүний ажлын дадлага туршлага бүтээлч хөдөлмөрөөс суралцсан олон арван залуус буй. Одоо түүний шавь нараас Эрдэнэт үйлдвэрт найм нь, Оюутолгойд хоёр нь ажилладаг гэнэ.
     ...Д.Наранбаатар даргатай Засварын хэсгийнхэн Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн тасралтгүй  үйл ажиллагааг ханган ажилладаг. Ээлжит болон ээлжит бус засвар үйлчилгээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэдэг хамт олон. Бутарсныг эвлүүлж, салсныг нийлүүлж, хуучирсныг шинэчилдэг нь гагнуурчны ажлын онцлог. Одсүрэн үр дүнтэй, өндөр бүтээлтэй, гар сэтгэл нийлэн ажилладаг  бригадын дарга Ш.Эрдэнэбат, залуу ажилтан Н.Отгондорж, Э.Батзаяа, Э.Гомбодорж, Э.Энхбаяр, С.Бат-эрдэнэ нарынхаа ажил үйлсээр бахархаж явдаг гэсэн. Нимгэн зузаан төмрийг ямар электродоор хэрхэн яаж гагнах нь тухайн мэргэжилтнээс нарийн мэдрэмж шаардана. Бид бол төмрийн мэс заслын эмч нар юм гэж тэр ажил мэргэжлээ тодотгов. Түүний хэсгийнхэн Бүтээмж чанарын “Эв нэгдэл” дугуйлангийн гишүүд. Тэд олон бүтээлч санал гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.  Одсүрэн хотын төвөөр алхахдаа хийсэн ажлаа ярих. “10-р хорооллын шугам хоолойны засварыг хийж, Уурхайчин соёлын ордны өмнөх лед дэлгэцийн суурийг би гагнаж босгосон. 400 метр газар, Эрдэнэт хотын цэвэр усны шугамыг би шинэчлэн сольж байлаа” гэж “томорно”. Манай Засварын хэсэг 150 ажилтантай. Даргын нарийн бичиг, үйлчлэгч хоёроос бусад нь эрчүүд. Сайхан даа гээд хариу нэхсэн харцаар намайг ширтэх. Тэрбээр улс төр, уран зохиол, урлаг спорт, уул уурхайн сэдвийг хөндөж ярих дуртай. Өөрийн үзэл бодлоо хамгаалж баримтаар нотлох гэж чигээрээ зүтгэнэ. Маргасан нөхцөлд бууж өгөхгүй зөрүүдэлнэ. Энэ нь түүний ямарваа нэг ажлыг гүйцэт хийж санаа амардаг, хөдөлмөрч зангийн илрэл мэт. Түүний нэг дутагдал нь хүнд үгүй гэдэггүй. Би чадахгүй, амжихгүй гэж хэнд ч хэлж үзээгүй гэхэд болно. Ямартаа нэг найз нь Эрдэнэтийн байшингийн булан тойроод ирэхээр  Од л гагнуур хийж суух юм гэхэв. Учир нь Эрдэнэтийн орон сууцуудын нэг давхарт  үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа нээхэд Одсүрэн гагнуур хийн ажилласан байдаг. Анх түүний хаалга үүдийг нь нээсэн байруудад одоо үсчин, гоо сайхан, цайны газар ажиллаж буй. Ингэж тэр олон байгууллага, хувь хүнтэй ойртон дотносож хөдөлмөрлөсөн хүртээмжтэй эр. Тэр түмэнд хүндлэгдсэн хөдөлмөрийн сайчуулын нэг. Хэтийдсэн магтаал зарим хүнийг ичээх нь бий. Харин “хийсэн ажилтай, хэлэх үгтэй” Одсүрэн шиг аливаа юманд эвсэлтэй  элдэвтэй эрийг сайшаахад ичих зүйл алга. 

     32 жил гагнуурчнаар ажилласан түүний хийж бүтээснийг энд жагсаавал хэдэн хуудас материал болно. Баяжуулах үйлдвэрийн хөдөлмөрийн аварга, Тэргүүний уурхайчин Дамбийн Одсүрэнгийн ажилласан хугацаанд хийсэн гагнуурын оёдлын уртыг тооцоход олон зуун километр гарч байх жишээтэй. Нэг баримт дурдахад 2000 онд Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг далайцтай хийж  КМД, КСД бутлуурыг цаг хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгөхөд тэр бусдыгаа манлайлан оролцжээ. Ер нь тэр зүгээр сууна гэж үгүй. Үндсэн ажлынхаа хажуугаар Дулааны цахилгаан станцын өргөтгөл, Баяжуулах үйлдвэрийн эргэлтийн усны шугам хоолойн ажилд гар бие оролцон ажилласан байна. Чи унтаж амардаг юм уу гэхээр... Орой амраад эрт босоод сурчихсан юм. Хүн ажиллаж байхдаа амардаг байхгүй юу гэж ам таглана.  Найз нөхөд нь “Аман хуур”-ын  Соном оо гэж хошигнож дуудахаар би тэр хүн биш ээ. Харин төрсөн жилтэйгээ ямар нэг талаараа адилхан байж болох юм гэх. Нээрээ л “элдвийн зүйлийг элэглээд байдаг, илбэч эрдэмтэй бичин” жилтэн тэр бөлгөө. Тиймээс юм бүхэнд авхаалж самбаатай, овсгоотой. Хүн хийе бүтээе гэсэн сэтгэл байхад болохгүй зүйл бүтэхгүй ажил байхгүй гээд л зүтгэнэ. Энэ нь түүний бусдаас ялгарах давуу тал. Барилдаад уначихаараа дахиад нэг үзчихье гээд зууралдаад салахгүй. Хэрвээ тэр урлаг, спортоор тууштай хичээллэсэн бол юм дуулгах байсан нөхөр. Техник мэргэжлийн сургуулийн оюутан явахдаа гар бөмбөгийн шилдэг холбогч байж, улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж явсан “толгой”.  Мөнхүү нийтийн цэнгээнт бүжгийг гаргууд хийнэ. Баяжуулах үйлдвэрийн ахмадын “Од” бүжгийн хамтлагийн гишүүн. Эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан,урлаг спортын олон талын авьяастай, ийм нэгэн элдэвтэй эрийн энгэрт эрхэт төрийн одон гялалзах цаг ирсэн мэт ээ.

 


Т.БАТЧУЛУУН
 

     Энэ сарын 12-нд Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа, Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа хүний нөөцийн хэлтсийн Архивын товчооны дарга Б.Одонтуяа нар хамтран ажиллах, туршлага судлах санамж бичигт гарын үсэг зурлаа. Цаашид хоёр тал архивын баримт бичгийг бүрдүүлэх, хадгалах, хамгаалах, цахимжуулах чиглэлд хамтран ажиллахаар болов. Энэ үеэр Б.Одонтуяа: “ Бид энэ ажлын хүрээнд мэргэжилтнүүдээ солилцох, төрөл  бүрийн сургалт явуулах, цахим  программ хангамжийн туршлага солилцох  зэрэг мэргэжлийн чиглэлийн өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулахаар зорьж байна” гэв.  Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Архивын газрын мэргэжилтнүүд, хотын найман дүүрэг, ЗДТГ-ын архивын тасгийн дарга нарын 17 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж оролцлоо.


М.ЖАВЗАНПАГМА

     Дорнодын талаас газрын тос оргилсон тэр намар Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Тамсагбулагт цагаан дээлээ үнэт тосоор мялаан сэтгэл дүүрэн инээд алдан буй дүрс бүхий мэдээг телевизээр үзэж байхдаа  хожим уул уурхайн сэтгүүлч болоод эрхэм энэ хүмүүнтэй ярилцаж суухын чинээ зүүдлээгүй явлаа. Хүний амьдрал баялаг агаад таашгүй. Бид гурвантаа уулзаж эрдэс баялгийн салбарын талаар ярилцаж байгаа ч энэ удаагийнх илүү элгэмсүү, нээлттэй өрнөлөө.

-Та Завхан руу сайн явж ирэв үү?
-Сайхан яваад ирлээ. Би чинь Завхан аймгийн Түдэвтэй сумын хүн шүү дээ. Бунхантын өвөлжөөнд төрсөн юм.

-Бунхант гэдэг ямар учиртай нэр вэ?
-Манай өвөлжөөний бэлд найман бунхан байдаг юм.Их Монголын үеийн язгууртан хүмүүсийн булш оршдог юм гэнэ лээ.

-Ингэхэд таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?
-Би долоон нас хүртлээ нутагтаа байсан. Аав маань намайг таван настай байхад өөд болсон. Бага дүү Жамбалралди маань нэг ой дөнгөж өнгөрч байсан. Дүүгээ харж, ойр зуурын аргал түлээ ойртуулах төдийхнөөр ээждээ тусалдаг байсан биз. Манайх Хавцгайт, Шаврын гол хавиар зусдаг, Бунхант, Ханан, Тулгын өвөлжөө сэлгэн нутагладаг айл байсан юм билээ. Би Бунхантад, миний дүү Дондовсамбуу Хананд, бага дүү Жамбалралди Тулгад төрсөн гэдэг. Өвөлжөөний орчимд худаг, ус байхгүй цасны хунгар хайлж уудаг байлаа. Зун Шаврын голоос усаа зөөнө. Хүний өөрийн хурга ишиг эргүүлсэн шиг өдрийг өнгөрөөнө. Айлын хүүхдүүдтэй шилбүүр унаж уралдаж тоглох ийм л ажилтай байсан байх.

-Та хэдтэй хотод орж ирсэн бэ?
-Намайг найман нас хүрэх жил ээж маань хотод нүүж ирсэн. Нүүх ч гэж дээ, тэмээний тэнгийн нэг талд хамаг хөрөнгөө хийсэн, нөгөө талд нь намайг арганд хийгээд тэгнэчихсэн, 10-аад хонь туугаад, ээж минь хээр морио унаад, гэр оронтойгоо нүүж явсан Галбадрахынх гэдэг айлыг бараадан сар гаруй явж Улаанбаатар гээч газар ирж байлаа шүү дээ.

-Та чинь хоёр дүүтэй юм шиг байсан. Яагаад ганцаараа тэмээнд тэгнэгдэж ирдэг билээ?
-Дондовсамбууг багад нь авга ахынд өргүүлчихсэн юм билээ. Бага дүү Жамбалралдийг зун хот руу явахын даваан дээр айл ирээд аваад явчихсан. Би дүүгээ өгөхгүй гэж уйлж унжиж, зуураад тавихгүй өчнөөн юм болсон. Хөөрхий дөө, муу ээж минь хүн танихгүй, газар мэдэхгүй нутагт хоёр нялх хүүхэдтэй яаж амьдрахав гэж бодож, бас үр хүүхэдгүй нэг ч гэсэн айлд үрийн заяа хайрлах гэсэн юм байлгүй дээ. Чи хэрэггүй юм асууж байж баахан гуниг зарлуулчих юм. Гэхдээ яахав, миний хүүхэд нас энэ.

-Бүр сэтгэл эмзэглэчихлээ, уучлаарай. Та тэгээд хотод ирээд ямар сургуульд оров?
-Хотод ирээд Амгаланд суурьшсан. Амгаланбаатар хотын 8-р сургуульд бүртгүүлэхээр хамар хашааныхаа хүүхэдтэй очсон юм. Бүртгэж байгаа багш овог нэрээ хэл гэсэн. Би ойлгохгүй дуугүй зогсоод л байсан. Багш асуултаа давтахдаа чамайг хэн гэдэг вэ гэж асуухад нь би Очирбат гэсэн. Аавын чинь нэр хэн бэ? гэхэд нь би аав байхгүй гэсэн. Тэгвэл ээжийнхээ нэрийг хэл гэсэн. Би Пунсалмаа гэж хэлсэн. Энэ өдрөөс би Пунсалмаагийн Очирбат болсон хүн дээ.

-Та яагаад аав байхгүй гэж хэлсэн  юм бэ? Та аавтай ш дээ.
-Тийм л дээ. Гэхдээ бурхан болсон хүний нэр хэлж болохгүй. Лам хувраг байсан хамаатан садан, ойр төрлийн хүнийхээ нэрийг хэлдэггүй цээрлэдэг байсан болохоор тэр байх. Миний аав Гонсын Гэндэнжав гэдэг чинь Галуутайн хүрээний зурхайч лам байгаад хүрээ хийдийг тараахад “хар” болж ээжтэй минь гэрлэж, би төрсөн юм гэнэ лээ. Чи мөн үгэнд дуртай хүүхэд юм аа.

-Уучлаарай, мэргэжил минь ийм юм аа. Хэр сурагч байсан бэ?
-Би бусдын адил л хүүхэд байсан. Бөмбөг өшиглөдөг, лабтуу цохидог, ширээний теннис тоглодог, бас ном уншдаг, онц сурдаг сурагч байсан. Харин аравдугаар ангиас сэтгүүлчийн мэргэжлийг сонирхсон. Харамсалтай нь миний хүслээр болоогүй.

-Та Ленинградын Уул уурхайн дээд сургуулийг уулын инженер мэргэжлээр төгссөн байх аа. Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-Аж үйлдвэрийн яамны уул уурхай хариуцсан мэргэжилтнээр нэг жил ажиллаад Шарын голын уурхайн Ерөнхий инженерээр томилогдож зургаан жил ажилласан. Эндээс миний ажлын гараа эхэлсэн гэж үздэг дээ.

-Тэр үед Эрдэнэт үйлдвэрийн талаар ямар ажиг сураг сонсдог байв?
-Хамгийн түрүүн Эрдэнэтийн овоо гэдэг газар Чехүүд хайгуул хийдэг гэж сонссон. Харин Эрдэнэтийн үйлдвэрийн талаар бол 1972 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр геологийн яамны орлогч сайдаар томилогдоод байхад Эрдэнэт үйлдвэр байгуулах асуудлыг хариуцаж ажиллахыг М.Пэлжээ сайд надад үүрэг болгосон.

-Тэгвэл та Эрдэнэт үйлдвэрийн түүхтэй эрт холбогдсон юм байна...?
-Би Эрдэнэт үйлдвэрийн түүхтэй 1972 оны тавдугаар сарын дөрөвний өдрөөс эхлэн холбогдсон. Энэ өдөр намайг Түлш, эрчим хүчний үйлдвэр геологийн яамны орлогч сайдаар томилсон юм. М.Пэлжээ сайд намайг дуудаж уулзаад эхэлж хэрэгжүүлэх долоон төрлийн ажлын даалгавар өгсний нэг нь Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах асуудал байсан. Эрдэнэт үйлдвэр байгуулах асуудал Монгол Зөвлөлтийн эдийн засгийн харилцаанд мөрдөж байсан журам дүрмийг зөрчсөн, дүрмийн гадуур урьд өмнө байгаагүй хурдтай тоглолт болсон юм. Ордын нөөц батлагдаагүй байхад ордыг эзэмших техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж батлах, улмаар уулын баяжуулах үйлдвэрийн техникийн зураг төслийн даалгавар боловсруулах, уулын баяжуулах үйлдвэр, Эрдэнэт хот, төмөр зам, авто зам зэрэг барилга байгууламжийн талбайг сонгох комисс байгуулагдан ажиллах шийдвэрүүд ар араасаа ойрхон гарч хэрэгжүүлсэн.

Эрдэнэтийн Зөвлөлийн гурван дарга Костин Владимир Николаевич, Пунсалмаагийн Очирбат, Дугарын Рэнчинханд нар. 1974 он.

-Та түрүүн ордын нөөцийг баталсны дараа хийгдэх ажлууд түрүүлээд хийгдээд явсан юм ярилаа. Ордын нөөц чухам хэзээ батлагдсан юм бол?
-Эрдэнэтийн овооны Зэс-молибдений ордын нөөцийг Зөвлөлт, Монголын нөөцийн комиссуудын хамтарсан хурлаар 1972 оны 12-р сарын 18-ны өдөр баталсан шиг санагдаж байна. Чи түрүүн Эрдэнэт үйлдвэрийн түүхтэй та ямар холбоотой вэ? гэж асуусан. Товчхон хэлбэл 1972-1976 онд болсон Эрдэнэт үйлдвэрийн бүх үйл явдалд би холбоотой.

-Тэгвэл энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад оруулсан таны хувь нэмрийн тань талаар нэлээн дэлгэрэнгүй ярилцмаар байна л даа.
-Эрдэнэтийн бүтээн байгуулалтад нэг хүнд хамаатуулах юм тун бага. Энэ бол хамтын бүтээл. Тэр тусмаа Монгол, Зөвлөлтийн олон арван зураг төслийн байгууллага, олон мянган барилгачин, олон зуун инженерийн хамтын хөдөлмөрийн үр дүн. Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг байгуулах тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд 1973 оны 11-р сарын 22-ны өдрийн хэлэлцээрт Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, Зөвлөлтийн Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Игнатий Новиков нар гарын үсэг зурсан. Энэ хэлэлцээр байгуулагдахаас өмнө 1973 оны хоёрдугаар сарын 20-нд Эрдэнэтийн овооны ордыг ашиглахад эдийн засаг, техникийн талаар хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан байсан юм. Эрдэнэт үйлдвэрийн ТЭЗҮ, техникийн зураг төслийг Улсын төлөвлөгөөний комисс, Засгийн газраар батлуулах болон засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл боловсруулах ажилд тус салбарыг хариуцсан орлогч сайдын хувьд байнга оролцож ажилладаг байлаа. Эрдэнэтийн үйлдвэрт ажиллах мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлыг зохион байгуулах үүрэг бол цэвэр манай яамны, миний хариуцах ажил байсан. Би энэ үүргээ биелүүлэхийн төлөө хичээж ажилласан. Хамтарсан үйлдвэрийн удирдах дээд байгууллага нь Хамтарсан үйлдвэрийн Зөвлөл байсан. Энэ Зөвлөлийн Монголын хэсгийн анхны дарга нь би байлаа. Зөвлөлтийн хэсгийн дарга нь эхлээд ЗХУ-ын өнгөт металлургийн яамны орлогч сайд Костин Владимир Николаевич, дараа нь Тюряков Александр Феодорович болсон. Хамтын үйлдвэрийн Зөвлөл анхныхаа хурлыг 1974 оны 6-р сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод хийж хурлыг Монголын хэсгийн дарга би даргалж, хамтарсан үйлдвэрийн Ерөнхий захирлаар Зөвлөлтийн иргэн Шлыков В.А-ийг, нэгдүгээр орлогч захирлаар Монголын иргэн Д.Лхагвасүрэнг томилж байлаа. Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн Монголын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яамны орлогч сайд Э.Бямбажав, Материал техникийн хангамжийн улсын хорооны орлогч дарга А.Юндэндорж, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын Хорооны орлогч дарга Д.Жамбалдорж, Түлш, эрчим хүчний үйлдвэр геологийн яамны төлөвлөгөөний хэлтсийн дарга Г.Дорж, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Д.Лхагвасүрэн нар байсан. Эд нар мартагдах учиргүй анхдагч хүмүүс юм шүү. Бид Эрдэнэтийн асуудлыг хамтарч шийддэг байсан. Би энэ ажлыг 1976 оны зургадугаар сар хүртэл хийгээд өөрийн хамтран зүтгэгч Дугарын Рэнчинхандад хүлээлгэн өгч байлаа.

-Эрдэнэтийн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн болсон түүхээсээ хуучлаач?
-Эрдэнэтийг барьж байгуулах ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахаас нь эхлээд шүүлт хийх, нэмэлт өөрчлөлт хийж холбогдох дээд байгууллагад оруулж, хамгаалж батлуулах, барилга байгууламжийг эхлүүлэх, анхны 4 сая тонн хүдэр олборлох, ил уурхайг ашиглалтад оруулах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг эхний жилд нь эзэмших техник-технологийн болон мэргэжилтэй ажилчдаар цаг хугацаанд бэлтгэх ажлыг бүрэн хангаж байлаа. Энэ нь үйлдвэрийн дараагийн ээлжүүдийг ашиглалтад хүлээж авах суурь болдог юм. Уулын инженерийн хувьд оруулсан хувь нэмэр гэвэл Эрдэнэтийн овооны ордын ашиглалтын систем, горимын тооцоог хийж зураг төсөлд нь өөрчлөлт оруулах санал тавьж, уулын үндсэн малталтын эхний үеийн хэмжээг 14 саяас 7 сая шоо метрээр багасгаж анхны хөрөнгө оруулалтыг 30 сая рублиэр багасгаж, тэр хөрөнгийг Засвар механикийн заводыг барихад шилжүүлэн хэрэглэх боломжийг бүрдүүлж байлаа. Энэ аргачлал дээрээ үндэслэн Техникийн ухааны дэд эрдэмтний зэргийг Москвагийн Геологи хайгуулын дээд сургууль дээр 1975 онд хамгаалсан юм. Ингэж Эрдэнэтийн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн болсон.

-Ер нь та дэлхийд данстай энэ үйлдвэрийн Монголын эдийн засаг, нийгмийн амьдралд оруулсан өгөөжийг хэрхэн дүгнэдэг вэ?
-Асар их хувь нэмэр оруулсан. Бүтээгдэхүүний үнэ тогтоох, валют санхүүгийн тооцооны аргачлалын зөрүүгээс шалтгаалж 1981 оныг хүртэл Эрдэнэт үйлдвэр алдагдалтай, Монгол улсаас дотаци өгдөг байлаа. Энэ нь Зөвлөлтийн гадаад худалдааны доогуур, Монголын дотоодын бөөний үнийн дээгүүр байсны зөрүүгээс үүдсэн алдагдал байсан. Энэ гажуудлыг Монголын эдийн засагчид арилгах талаар шаргуу хөөцөлдсөний дүнд 1984 онд талууд харилцан зөвшөөрч хэвийн болгосон юм. Ер нь Эрдэнэтийн үр ашиг өгөөжийг өсгөн нэмэгдүүлэхийн төлөө тэндхийн үе үеийн удирдлагууд байнга санаачилгатай ажиллаж, техник технологийн шинэчлэлийг цаг алдалгүй хийж, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвараа хадгалж, хүч чадлаа нэмэгдүүлсээр уурхай гүнзгийрэх тутам хүдрийн агуулга буурдаг байгалийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс эдийн засгийн үр ашгаа бууруулахгүй хамгаалж, өндөр байлгаж чадсаар ирсэн гавьяатай улс.Зах зээлд шилжих хүнд үед монголын эдийн засгийг малчид, уурхайчид нуруундаа үүрч гарсны дотор Эрдэнэт үйлдвэр гадаад худалдааг бараг дангаараа авч гарсан шүү дээ. Эрдэнэтийн гүйцэтгэсээр байгаа нэг гавьяат үйлс бол уул уурхайн мэргэжилтэй ажилчид бэлтгэдэг “Их уурхай” болж чадсан явдал юм. Уурхайн “хүмүүн капитал” гээчийг жинхэнээр нь үйлдвэрлэдэг газар бол Эрдэнэт. Мөнгөн болоод хүмүүн капиталыг 40 жил үйлдвэрлэсэн Эрдэнэт үйлдвэр дахиад 40-өөс доошгүй жил тасралтгүй үйлдвэрлэх болно гэдэгт эргэлзэх зүйлгүй. Энэ бол уурхайчин бидний итгэл юм шүү.

-Хэрэв та Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал бол хамгийн түрүүнд ямар өөрчлөлт шинэчлэлт хийх байсан бэ?
-Хэрэв би Эрдэнэтийн Ерөнхий захирал байсан бол Шагдарын Отгонбилэг болон түүний багийнхны хийснийг л хийх байсан. Эдүгээ цагийн ерөнхий захирал Хоохорын Бадамсүрэн, түүний багийнхны хийж байгааг л хийх байсан. Ш.Отгонбилэг бол социализмын хаалттай хязгаарлагдмал үед Монголын уул уурхайг дэлхийд нээж өгсөн хүн. Бадамсүрэн бол дэлхийн уул уурхайг монголд нээж байгаа хүн. Энэ онд Бадамсүрэн дэлхийн 15 орны уул уурхайн салбарынхныг Эрдэнэтэд цуглуулж тэднийг өөр хооронд нь өрсөлдүүлж чадаж байна билээ. Би очиж үзсэн. Бахархаж байсан. Залуу байсан бол хийх л ажил даа гэж бодож явсан.

-Монголын уул уурхайн салбар таны амьдралтай салшгүй холбоотойг гэрчлэх сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-Хүний эзэмшсэн мэргэжил гэж тухайн хүний амьдралтай салшгүй холбоотой байдаг эд юмаа. Би төрийн тэргүүн байж үзлээ. Хийх ажил их байсан. Тэдэн дотроос давын өмнө өнөө л уул уурхайгаа шүүрээд авсан байх юм. Улсын валютын сан хөмрөг дундраад ирэхийн цагт юун түрүүнд “Алт хөтөлбөр” толгойд ороод ирэх юм. Бензин шатахууны гачигдалд ороод ирэхээр “Нефть хөтөлбөр” өөрийн эрхгүй хөтлөөд явах юм. Их Британы дэлхийд алдартай Бритиш Петролиум компани дээр Лондонд очоод манай монголд нефть байна уу? гэж сураглаад, дагуулж ирж судлуулаад, Америкийн СОКО интернейшнлийн Эдуард Сторийг ятгаж байж өрөмдүүлээд баярлахдаа гоёлынхоо дээлийг нефтээр мялааж байлаа шүү дээ. Үүнээс сайхан дурсамж гэж юу байхав.

-Таны энэ цагийн бодол, мөрөөдөл...?
-Алт, Нефть, Оюу толгой, Таван толгойн баялаг ард түмний минь нурууг тэнийлгээд сэтгэлийг нь амраагаад өгөөсэй л гэж бодож мөрөөдөж сэтгэлээ чилээж сууна даа.

-Таны үр удмаас мэргэжлийг тань өвлөсөн хүн бий юу?
-Байлгүй яахав. Миний зээ хүү Аранжиндорж Санктпетрбургийн Уул уурхайн их сургуульд суралцаж төгссөн. Уулын инженер. Миний бага охин бизнесийн эрх зүйч мэргэжилтэй. Эрдэс баялгийн салбарын бизнест хүчин зүтгэж байна.За, үг олдож үхэр холдлоо. Ингэсхийгээд өндөрлөх үү дээ, хоёулаа.Эрдэнэтийн гэрэлт ирээдүйд итгэл төгс байна. Уурхайчдадаа 40 жилийн ойн баярын мэнд хүргэе!

-Цаг зав гаргасан танд баярлалаа.


Эрдэнэтийн Зөвлөлийн хоёр дахь дарга Тюряков Александр Феодорович, Пунсалмаагийн Очирбат нар. 1990 он.


М.ОДГЭРЭЛ

     Эрдэнэт үйлдвэр оны эхний есөн сард 712 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч зарцуулсан нь төлөвлөгөөнөөс 14 сая кВт-аар илүү гарчээ. Тайлант хугацаанд хүдэр боловсруулах төлөвлөгөө  101,8 хувийн биелэлттэй байсан нь ийнхүү цахилгаан эрчим хүчний хэрэглээ ихсэхэд нөлөөлсөн байна. Нөгөөтэйгүүр гурван тарифт тоолуур хэрэглэснээр үйлдвэрийн хэмжээнд 2,2 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүч хэмнэсэн байна. Мөн  269 мянган Гкал дулаан хэрэглэсэн нь төлөвлөгөөнөөс даруй 21 мянган Гкал-аар хэтэрчээ. Энэ хугацаанд цэвэр ус 18 сая м3, бохир ус 5,2 сая м3, эргэлтийн ус 59,3 сая м3-ийг хэрэглэжээ.

Я.ЭНХ

Даваа, 15 10-р сар 2018 00:00

Эрдэнэт үйлдвэр эхний 9 сард

     Эрдэнэт үйлдвэрийн хамт олон  энэ оны эхний есөн сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтээ 100-116 хувиар биелүүлэв. Үйлдвэрийн 40 жилийн түүхэнд хүдэр дэх зэсийн агуулга хамгийн бага буюу 0.495 хувь байхад манай уурхайчид олборлох хүдрийнхээ шинж чанарт тохируулан боловсруулах технологи, түүний хэлхээг оновчилж, технологийн горим, сахилга батыг чанд сахин ажилласнаар зэсийн металл авалтыг 89.3 хувьд хүргэж, хамгийн өндөр орлого ашигтай ажиллалаа. Энэ хугацаанд  400 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж улс, орон нутгийн төсөвт 560.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.


Я.ЭНХ

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2018 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог