• Ажилчдын хоолны чанар, стандарт, эрүүл ахуйд хяналт тавин ажиллаж байна

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсгийнхэн үйлдвэрийн ажилчдын хоолны чанар, стандарт, эрүүл ахуйд хяналт тавин ажиллаж байна. Ажилчдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэгч “Хаан Хүнс Катеринг” ХХК, “Таятан фүүд” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөх тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАХ-ийн эрүүл ахуйч эмч нар, “Эрдэнэт” сувиллын цогцолборын хоол зүйч, Хуулийн хэлтсийн хуульч болон Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Олон нийттэй харилцах албаны төлөөлөл багтжээ.    “Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа халуун хоолны асуудлыг 2005 онд шийдвэрлэж, хоолны амт чанар, үйлчилгээг алхам алхмаар сайжруулсаар ирсэн. Ажилчдаас ирсэн санал хүсэлтийн дагуу ажлын хэсэг байгуулагдлаа. Цаашид зөөврийн хоол хүлээн авч байгаа орчны эрүүл ахуй, тав тухыг сайжруулах тал дээр тодорхой ажлууд хийнэ” гэдгээ Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбат хэллээ. Ажлын хэсгийнхэн үзлэг шалгалтын холбогдох дүнг үйлдвэрийн удирдлагуудад танилцуулж, цаашид авах арга хэмжээг тодорхой болгоно. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Инженерийн зураг төслийн төвийнхөн оны эхний хагас жилд бүтэн жилийн ажлаа гүйцэтгэжээ

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон оны эхний  хагас жилийн байдлаар 2019 оны төлөвлөгөөт даалгавраа бүрэн гүйцэтгэж, дараа жилийн ажилдаа ороход бэлэн болжээ. Тайлант хугацаанд 267 зураг төслийн даалгавар гүйцэтгэж, 559 төсөв зохиожээ. Хөрөнгө оруулалтын 228 даалгавар гүйцэтгэж, төлөвлөгөөгөө 100-111 хувиар биелүүлсэн байна. 2019 оны төлөвлөгөөт даалгавраа оны эхний хагаст хийж гүйцэтгэсэн бүтээлч хамт олон дээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон орлогч захирлууд, газар, хэлтсийн дарга нарын төлөөллүүд өнөөдөр очиж уулзан баяр хүргэлээ. Энэ үеэр үйлдвэрийн удирдлагууд  ажилчдын санал хүсэлтийг сонслоо. Тус хамт олон 2020 оны ажлыг хийж гүйцэтгэхэд хүн хүчний дутагдал, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа тухай үйлдвэрийн удирдлагуудад санал хүсэлт тавилаа. Түүнчлэн залуу ажилчид орон сууцны хөнгөлөлтийн асуудлын талаар тодруулсан юм. Үйлдвэрийн удирдлагууд ажилчдын гаргасан санал хүсэлтийг хүлээн авч, судлан шийдвэрлэхээр боллоо. А.Бямбамаа   Дэлгэрэнгүй...
  • Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа чухал

       Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын аюулгүй, зөв ажиллахад саад болж байгаа хүчин зүйлийн талаар мэдээллийг авах 71300 дугаарын утсанд өнгөрөгч долоо хоногт нийт 14 санал, хүсэлт, мэдээлэл ирсэн байна. Үүнээс: ажлын байр орчинтой холбоотой дөрөв, тээврийн хэрэгсэл, хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой дөрөв, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлтэй холбоотой нэг, ахуй хангамжтай холбоотой нэг, бусад чиглэлийн дөрвөн мэдээлэл тус тус ирсэн байна. Ажилчдаас ирүүлсэн мэдээллийн дагуу, холбогдох бүтцийн нэгжүүдийн ХАБЭА-н инженерүүдтэй зөвлөлдөж яаралтай арга хэмжээ авч, зөрчил дутагдлыг газар дээр нь арилган ажиллалаа.    Сүүлийн үед усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул үер усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж онц шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутаг /гол мөрний эрэг дагуу/-аар зорчихгүй байх, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд сэлэхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, бүтцийн нэгжүүд өөрсдийн хариуцсан барилга байгууламж, объектууддаа тавих анхаарал хяналтыг өндөржүүлэх, газар шорооны ажил хийж гүйцэтгэх тохиолдолд ХАБЭА-н дотоод нийтлэг дүрэмд заасны дагуу нуралтаас сэргийлж хаалт, хамгаалалт хийж байх, цахилгаан тоног төхөөрөмж, байгууламжуудын аюулгүй байдлыг хангуулах хяналтыг тогтмол хийж байхыг анхааруулж байна.    Мөн ажилтан та ажиллаж буй тоног төхөөрөмж дээр ажил гүйцэтгэх үедээ тухайн тоног төхөөрөмж дээр ажиллах үед мөрдөгдөх ХАБ-ын заавар, технологийн горим, эрсдэлийн үнэлгээнд тусгагдсан аюулгүй байдлын арга хэмжээ зэргийг сайтар судлан, өөрт болон бусдад аюул учруулахгүй байхад анхаарч ажиллахыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс сануулж байна. А.Бямбамаа   Дэлгэрэнгүй...
  • Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд биелсэн амжилттай байна

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон долоодугаар сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийн бодит гүйцэтгэлийг өчигдөр хэлэлцлээ. Тайлант хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд 100-110.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Уулын цул гаргалтын төлөвлөгөөг 107.5 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөөг 110.3 хувь, хүдэр олборлолт төлөвлөгөөнөөс илүү 113.9 мянган тонноор илүү буюу 105.5 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.     Хүдэр дэх металлын агуулга зэсээр 104.9 хувь, молибден 85.6 хувийн гүйцэтгэлтэй байна. Баяжмал дахь металлын агуулга зэсээр 100.7 хувь, молибденоор 103.1 хувь, ачигдсан зэсийн баяжмалын чанар 100.7 хувь, ачигдсан молибдены баяжмалын чанар 103.1 хувьтай байна. А.Бямбамаа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Дулааны цахилгаан станцын “их зогсолт” тав хоногийн дараа эхэлнэ

       Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын хамт олон оны эхний хагас жилийн байдлаар  амжилттай сайн ажиллаж үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийг  дулаан цахилгаанаар тасралтгүй ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар станцын гуравдугаар зуухны их засварын ажил ид явагдаж угсралтын ажил хийгдэж эхэллээ.    Дулааны цахилгаан станц нь жилийн турш тасралтгүй  үйл ажиллагаатай учир жилд нэг удаа техник тоног төхөөрөмжийг бүрэн зогсоож засвар үйлчилгээ хийдэг. Ингэхийн тулд диспетчерын үндэсний төвтэй харилцан тохирдог.  Их зогсолтын ажлыг энэ сарын 27-ны өдрөөс эхлэн 24 цагийн турш хийхээр бэлтгэл ажил нь бүрэн хангагджээ.    Их зогсолтоор уурын хаалтууд, шугам хоолой, худаг зэрэгт засвар үйлчилгээ хийхээс гадна тоног төхөөрөмжийн их цэвэрлэгээний ажлыг энэ үеэр хийх тухай Дулааны цахилгаан станцын дарга Г.Мөнх-Эрдэнэ мэдээллээ. А.Бямбамаа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Д.ЭРДЭНЭБАТ: Орос цэцэрлэг, сургуулийнхаа лицензийг авч, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна

       Ирэх хичээлийн жилд орос цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хэрхэн авч явах талаар Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.    - Эрдэнэт үйлдвэрийн нэгж бүрэлдэхүүн болох орос цэцэрлэг, сургуулийн бүтэц, үйл ажиллагааг цаашид хэрхэн авч явахаар төлөвлөж байна вэ?    - Манай хэлтэс нийгмийн цехүүдийн үндсэн үйл ажиллагааг чиглүүлж, удирдаж, хянахын зэрэгцээ орон сууцны болон нийгмийн төслүүдийг удирдан, зохион байгуулах, орон нутгийн байгууллагатай холбогдож байгаа харилцааны асуудлыг цэгцлэх үүрэгтэй ажиллаж байна.    “Эрдэнэт” үйлдвэрийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбогдуулан орос цэцэрлэг, сургуулийн статусыг ирэх хичээлийн жилээс урьтан шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай боллоо. 2018 оны тавдугаар сард Орхон аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас орос цэцэрлэг, 19 дүгээр сургууль, Технологийн сургуулийн лицейн зөвшөөрлийг цэгцлэх талаар албан бичиг ирүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх орос цэцэрлэг, сургууль нь ОХУ-ын боловсролын стандартын дагуу сургалт явуулсаар өнөөг хүрсэн. Гэтэл “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын байгууллага нь Монгол Улсын стандарт, хуулийг хэрэгжүүлж ажиллана” гэсэн хуулийн заалт байгааг боловсролын салбарын шат шатны байгууллага бидэнд танилцуулсан. Өнгөрсөн оны тухайд Технологийн сургуулийн дэргэдэх лицейн зөвшөөрлийг авсан. Цаашид хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахдаа лицензтэй болох нь чухал юм байна. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 19-р сургуулийг орос  сургуулиар нь байлгах тал дээр санаачилга гарган, бидний ажлыг сайшаан дэмжиж байгаа.    - Лиценз авснаар гарах давуу талууд юу байна вэ?    - Бид лицензээ авчихвал монгол сургуулиудын нэгэн адил  үдийн цай хөтөлбөр  гэх мэт зардлыг  төрөөс даана. Нөгөө талаас орос сургуулийн төгсөгчид маань үнэлгээний зөрүүнээс хамаарч Монголын БСШУСЯ-ны цахим санд бүртгэгдэхгүй байгаа асуудал нэг тийш шийдэгдэнэ.    - Орос цэцэрлэг, сургууль бүрэн хүчин чадлаараа ажилладаг уу?    - Орхон аймгийн иргэд, Эрдэнэт үйлдвэрийн ажилчид орос цэцэрлэг, сургуулиа бусад ерөнхий боловсролын сургуулийн нэгэн адил бүх зардал нь улсын төсвөөс шийдэгддэг байхыг хүсэж байна. Орос сургууль маань 1000-1200, цэцэрлэг 220 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Цэцэрлэгт 240 орчим хүүхэд хүмүүжиж байна. Сүүлийн жилүүдэд Орос мэргэжилтнүүд  нутаг буцсантай холбогдуулан цэцэрлэг, сургуульд тус бүр 40 гаруй орос хүүхэд суралцаж байна. 2014 оноос хойших мэдээллийг нэгтгэж үзэхэд  19 дүгээр сургуульд суралцсан хүүхдийн тоо жил тутам 450-иас дээш бараг гараагүй. 2016 онд тус сургуульд 477 хүүхэд суралцаж байсан. Энэ жил 433 хүүхэд байх жишээтэй. Үүнийг дагасан асар их зардал гарч, нэг хүүхдийн сарын сургалтын зардал 600 мянга болж байна.   - Орос цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бий юу?   - Өнөөдөр орос цэцэрлэгийг жилд 70 хүүхэд төгсөж байна. Цэцэрлэгийн хүчин чадлаа нэмэхийн тулд өргөтгөл хийх шаардлагатай болно. Эхний ээлжинд зөвшөөрлөө авч, дараа нь ямар алхам хийхээ шийднэ. “Уурхайчин 1, 2, 3” дугаар хорооллууд баригдаж эхэллээ. Бид “Уурхайчин нэг” хорооллын дунд орос сургуультай хамтарсан өдөр өнжүүлэх бүлэг хичээллүүлэх тухай ярьж, энэ хүрээнд судалгаа явуулж байна. Одоогоор орос цэцэрлэг, сургуулийнхаа лицензийг авахын тулд бичиг баримтаа боловсруулах шатанд явна. Нэлээдгүй бичиг баримт шаардагдах тул цэгцэлж, нэгтгэх ажлуудаа Хуулийн хэлтэстэй хамтран хийж байна.   - Орос хэлний төрөлжсөн сургалтаа хэвээр авч үлдэхийн тулд бид юу хийх ёстой вэ?   - Манай хэлтсийнхэн Улаанбаатар хотноо ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Плехановын академийн салбар сургуулиас  туршлага судалсан. Тэнд 1-11 дүгээр ангийг бэлтгэл бүлэгтэйгээр хичээллүүлдэг юм байна. Мөн БСШУСЯ-наас зөвшөөрөл авахдаа “Оросын стандартын дагуу сургалт явуулах зөвшөөрөл авч, төлбөртэй сургалт хэлбэрээр үйл ажиллагаагаа зохион байгуулдаг” тухай ярьсан. Сүүлийн таван жилийн судалгааны дүнгээр элсэгчдийн тоо нь өсөлттэй гарч, суралцагсдын 98 хувийг монгол хүүхдүүд эзэлж байна. Үүнээс харахад орос хэлний боловсролын эрэлт хэрэгцээ өсч байгааг харж болох юм. Тус академийн удирдлагууд монгол хэл, уран зохиол, монголын түүхийн  хичээлийн цаг бага  учир хүүхдүүд нь монгол хэлэндээ тааруу, Ерөнхий боловсролын сургууль төгсөхдөө монгол хэлний суурь шалгалтад хангалтгүй дүн үзүүлдэг, монгол хүн болж төлөвшиж чадахгүй байгаа талаар ярьсан. Орос, буриад багш нар байдгаас ийм нөхцөл үүссэнийг бидэнд хэлж, дутагдлыг маань арилгаарай гэж зөвлөсөн.    Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд социалогич байх шаардлагатай гэж үзэж, манай хэлтэст мэргэжилтэн ажиллаж байна. Мэргэжлийн хүнтэй болсноор орос сургуулийг төлбөртэй байлгах уу, монгол хэлний хичээлийн  цагийг нэмэгдүүлэх үү, багш нэмж авах ёстой юу, Эмнэлэг сувиллын цогцолборыг энэ хэвээр байлгах уу, Спорт цогцолбороо хэрхэн идэвхжүүлэх вэ зэрэг тал бүрээр судалгаа хийж ажиллана. Юун түрүүнд Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад хүртээх дэмжлэг туслалцаа, төсөл хөтөлбөрийг судалгааны үндсэн дээр шийдэх юм. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6

МӨРДЭСТ ЗАВГҮЙ БҮСГҮЙ Онцлох

20 7-р сар 2018 12:00
914 удаа үзсэн

Цалин багатай ч цаг наргүй ажилладаг цагдаа нарыг би ихэд хүндэлдэг юм. Нэгэн цагт эрэн сурвалжлах сэтгүүл зүйд дурлаж бүр “өвчилж” цагдаа нартай ажлын шаардлагаар ойр дотно нөхөрлөж явсны хувьд тэдний сайн нэргүй сайхан мэргэжлийн зовлон, жаргалыг хэнээс ч илүү мэднэ. Тийм ч учраас хэн хүний амнаас зоргоороо гарах “Энэ муу цагдаа нар...” гэх үгэнд яснаасаа дургүй.

Булган аймгийн уугуул Хар халбагат овгийн Пүрэвсүрэнгийн Оюунчимэг Монгол улсын төлөө зүтгэхээр тангараг өргөсөн хэдэн зуун мянган цагдаа нарын нэгэн төлөөлөл. Харин тэр нийгмийн хэв журмыг сахиулах хүнд үүргийг эрчүүдтэй мөр зэрэгцэн эн тэнцүү гүйцэтгэж яваа бүсгүй гэдгээр ялгарна. П.Оюунчимэг найман хүүхэдтэй айлын ганц охин учраас багаасаа эршүүдхэн өссөн.

Прокурор аавынхаа хүслийг гүйцээн хуульч болохыг битүүхэн мөрөөддөг хүүхэд байжээ. Гэсэн ч олон ахтай охин хүүхдийн жишгээр ихэнхдээ эрэгтэй хувцас өмсөн хөвгүүдтэй нийлж гудамжны үзүүр, сагсны талбайд вандан сахиж өнждөг байсны гороор их сургуулийн улаан шугам доогуур “хамраараа тасдуулж”. Магадгүй аав, ээж нь ганц охиндоо үг хэлж чадахгүй танхи өсгөсөн хэрэг биз. Тиймдээ ч 19 настай айлын эхнэр болж, сайхан амьдрал төсөөлөн улсын нийслэл Улаанбаатарыг зорьсон гэдэг.

Хүний газар бэр болон очих хэцүү юм билээ гэж ярихад нүдэнд нь гуниг хурахыг мэдэрсэн юм.

Нэгэн насны хань минь хэмээн итгэж дагасан хүн нь бор дарсанд хөлчүүрхэн дурлах болоход архигүй орчинд өсч хүмүүжсэн хэрсүү охин том зүрх зориг гарган нэг л өдөр нялх хүүхдүүдээ дагуулан тэр айлын хаалгыг гаднаас нь хаажээ. Зөв шийдвэр байсан гэдэгт тэр одоо ч итгэлтэй байдаг.

Аавынхаа чин хүслийг гүйцээх хүсэл түүний сэтгэлийн үзүүрт хадгалагдсаар... Жил бүр МУИС-д элсэх шалгалт уйгагүй өгсөөр л. 1991 онд хөдөлмөр эрхлэх зарын дагуу явсаар Цагдаагийн Ерөнхий газарт цай зөөгчөөр ажилд орсон нь санамсаргүй тохиолдол бус бурхнаас илгээсэн хувь тавилан байсан гэлтэй.

Тэнд хоёр жил гаран цай зөөж байх үед боловсон хүчин нь дуудаж “Чи Цагдаагийн дээд сургуульд шалгалт өгвөл яасан юм бэ?” гэж асуусан нь ёстой л загатнасан газар маажих шиг санагджээ. Байнгын бэлтгэлтэй түүнд бодох ч хэрэг байсангүй. Нийгэм, орос хэл, математикийн хичээлээр шалгалт өгч өндөр оноогоор тэнцэхэд нь цай зөөгчөөс ийм хэмжээний мэдлэг оюун гарна чинээ төсөөлөөгүй журмын нөхөд нь ихэд гайхан бахархаж байсан гэдэг.

П.Оюунчимэг 1994-1998 онд Цагдаагийн дээд сургуульд сурч байхдаа ЦЕГ-т цай зөөгчөөр ажилласаар байсан нь тууштай зангийнх нь илрэл байлаа. Мэргэжлийн сургуулиа дүүргэсэн залуухан офицер бүсгүй Булган аймгийн Цагдаагийн хэлтэст Хүүхдийн байцаагчаар томилогдон ирж байсан нь саяхан мэт.

Дараа нь Сэлэнгэ аймгийн Хөтөлийн Цагдаагийн хэлтэст ажиллаж, 2012 оноос “Эрдэнэт” үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтэст үүрэг гүйцэтгэх болжээ. Өмнө нь гудамж талбайд, гэр орондоо агсан согтуу тавьсан хүнд “гарууд”-тай ана мана үзэлцэж явсан хэв журмын цагдаа Эрдэнэт үйлдвэрийн ажил буцалсан хамт олон дунд орох өвөрмөц мэдрэмж байсныг дурссан.

Ахлах дэслэгч цолтой гялалзаж явсан бүсгүй өнөөдөр ахлах ахлагч болж цол буурсан нь учиртай. Олон эрчүүдийн дунд хараа булаан ажиллах залуухан бүсгүй явахад хурандаа цолтой дарга нь “оролдох”-ыг завдаж. Санаснаар болоогүйд эгдүүрхсэн мань хурандаа “Наад мөрөн дээрх таван хошууг чинь зураас болгоно доо” гэж өсрөхсөн нь энэ. Гэрээт цагдаагийн хэлтэст ирж ажилласнаас хойш цолоо сэргээх боломж хэд хэдэн удаа гарсан ч залууст тээг болохыг хүсээгүй гэдэг. Ер нь цол, шагнал хоёрт шунаж яваагүй нь ярианаас нь илт.

П.Оюунчимэг гурван сайхан хүүтэй. Хүмүүс эрэгтэй хүүхдүүд өсгөх “чанга” шүү гэж хэлдэг байсан ч түүнд хэцүү байгаагүй аж. Хөвгүүд нь бүгд их, дээд сургууль төгссөн нь ээжийнх нь гавьяа. Үнэнч шударга, зарчимч цагдаагийн хүмүүжлээр өсч хүний зэрэгт хүрсэн хүүхдүүд нь өнөөдөр Эрдэнэтчүүдийн идэх дуртай “Өглөө” талхыг үйлдвэрлэж байна.

Компанийн захирал хүү нь талхаа өөрөө зуурдаг гэнэ. 2011 онд бизнесээ эхлүүлээд удаагүй байхдаа том хүү нь шантарч “Ээжээ больё” гэж хэлж байсан ч бартаатай замаас эргээгүй тууштай хүнийг амжилт дагадаг юм хэмээн сургамжилсан нь жижиг цехийн үйл ажиллагааг компанийн зэрэгт хүртэл хөгжих хүчийг өгчээ.

П.Оюунчимэг хөвгүүдээ цагдаа болгохыг хичээдэг бас ятгадаг ч байж. Тэгсэн нэг өдөр хүү нь “Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл өөрийн эрх дураар бус тушаалаар ажилладаг таны амьдралыг давтахыг хүсэхгүй байна. Таныг гэрээс яараад гарахад хаана ямар хэрэг гарав, хүн үхчихээгүй байгаа, ээж маань яах бол гэсэн айдастай үлддэг. Ийм шаналан дахиж хэрэггүй” гэж хэлэхэд нь цочих шиг болж хүүгээ том болсныг сая мэдэрсэн гэдэг.

П.Оюунчимэг нэг өдөр замын цагдаа, нөгөө өдөр хэв журмын цагдаа болно, хааяа офицерын үүрэг ч гүйцэтгэнэ. Би түүнийг “Есөн-Эрдэнэ” захын уулзвар дээр замын хөдөлгөөн зохицуулж зогсоход нь анх харсан юм. Цагдаа хувцастай эмэгтэй тун содон, гоё харагдсан болохоор хурдаа сааруулж ажиглатал өөдөөс “Хурдан яваад замаа чөлөөлөөч” гэж ширүүлэхдэг байгаа. 

Цагдаагийн мэргэжил хамгийн сайхан гэж нүдээ анин байж чин сэтгэлээсээ ярих энэ эмэгтэй хайртай аавыгаа бурхны оронд морилохоос өмнө хүслийг нь биелүүлж амраасан ачтан. Тэрээр дүрэмт хувцсаа өмсөхөөр хийморь сэргэж, ер бусын зориг ордог гэж ярьсан. Нээрээ л цагдаа хувцастай шөнийн 03 цагт явж байхдаа юунаас ч айдаггүй байх. Харин энгийн хувцастай явж байхдаа хүн зон маргалдаж харагдвал мэргэжлийн “өвчин” нь хөдлөөд гүйгээд очдог гэнэ билээ. Тэр үед хүмүүс энэ ч одоо юув дээ гэсэн янзтай харьцдаг байж мэдэх юм. Тэгвэл та бидний амгалан тайван байдлын энхийн манаанд цаг наргүй 20 жил зүтгэсэн мөрдэстэй цагдаа эмэгтэй байна гэж таниарай.       

 

 

М.Одгэрэл

Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 20 7-р сар 2018 09:31
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог