Эрдэнэтээ дэмжье
Эрдэнэт үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтсийн химич-инженер М.Даваажавтай уулзаж “Химийн хорт аюултай бодисын менежментийг сайжруулах нь” сэдэвт төслийн хэрэгжилтийн талаар сонирхсон асуултдаа хариулт авлаа. 
 
 
-Манай үйлдвэрт химийн хорт ба аюултай  технологийн бодисуудын  шошгыг  хууль эрх зүйн хүрээнд  шинэчилж байна. Энэхүү төслийн талаар ярина уу?
-Уг төсөл хэрэгжээд 11 сар болж байна. Монгол Улсын шинжлэх ухааны академи, Эрдэнэт үйлдвэртэй хамтын ажиллагааны хүрээнд судалгааны сэдэвтэй төслийн ажлууд хийж байна. Энэ ажлын нэг нь “Химийн хорт аюултай бодисын менежментийг сайжруулах нь” сэдэвт төсөл юм. Уг төслийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны хэрэгцээт химийн хорт аюултай бодисын лавлах мэдээллийг боловсруулах, шошгожуулах, хор аюулын ангиллыг тогтооно. Хүдэр олборлолтоос эцсийн дамжлага болох  зэс молибдены баяжмал гаргах хүртэлх үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр жилд 120 мянган тонн химийн бодис урвалд оруулж хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл 370-аад төрлийн химийн бодис ашиглан үйлдвэрлэл явуулж байна. Эрдэнэт үйлдвэрт ашиглаж буй химийн хорт ба  технологийн аюултай бодисуудын  шошгыг  хууль эрх зүйн хүрээнд  Олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн хийж байгаа нь энэ төслийн онцлог юм. Зорилго нь химийн хорт болон аюултай бодистой харьцан ажилладаг ажилтан, хяналтын ажилтан, авран хамгаалах ажилтан аюулгүй ашиглах, хүний эрүүл мэнд, байгаль орчинд ямар нөлөө үзүүлдгийг хор аюулын лавлах мэдээллээр дамжуулан олгох явдал юм. Тэгэхээр иргэн, албан газар, аж ахуйн нэгжүүд химийн хорт бодисын тухай хууль, журмуудад тусгасан ашиглалтын шошготой байна гэсэн заалттай.  Уг журам заалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 
-Төслийн баг хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?  
-Төслийн удирдагчаар Н.Мэргэнбаатар дарга ажиллаж байна. Миний бие төслийн санаачлагч нь. Манай төслийн багийг 15-25 жил химийн мэргэжлээр ажилласан хүмүүс бүрдүүлж байна. Зөвлөхөөр үйлдвэрийн Цацрагийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Ц.Оргил, Гамшгийн штабын Тэргүүлэх мэргэжилтэн Энхболд ажиллаж байгаа.  
-Төслийн ач холбогдол юу вэ?
-Энэ төслийг хэрэгжүүлснээр химийн хорт болон аюултай бодисоос үүсэх эрсдэлийг урьдчилан тооцоолох боломжтой. Бид үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа химийн бодис урвалжийг хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой юу, хор аюултай юу гэдгийг мэднэ. Тухайлбал, “Эрдэнэт” сувилал цогцолборынхон Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсэгт ашигладаг химийн бодисын ангиллыг мэдсэнээр  амьсгалын эрхтэн цочрох бодистой ажилладаг юм байна гэдгийг тодорхойлох жишээтэй. Уг төслийг хэрэгжих явцад сургалт явуулна. Химийн бодистой харьцдаг ажилчдын багш нар нь энэ төсөлд ажиллаж байгаа. Тэгэхээр бид төслөө хэрэгжүүлээд  химийн хорт бодисуудтай ажилладаг ажилтнуудад хичээл заана. 
-Өмнө нь хаягжуулж ангилах ажил хийгдэж байсан уу?
-Урьд нь ийм стандартад нийцсэн зүйл дутмаг байсан. 2013 онд “Химийн бодисын  ангилал, хаягжуулалтын нэгдсэн систем” ( “Globally harmonized system” GHS)-ийг НҮБ-аас  гаргасан. 2015 онд уг системийг ашиглан химийн хорт болон аюултай бодисын ангилал, ашиглах аргачлалыг боловсруулж баталсан. Төслийн хүрээнд НҮБ-аас гаргасан системийн дагуу  Олон улсын стандартад нийцсэн шошго хаягжуулалт хийгдэнэ. Манай үйлдвэрийн Чанар хяналтын хэлтэс дээр бүх лабораториуд төвлөрдөг. Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарыг химийн мэргэжилтнүүд хянадаг. Өөрөөр хэлбэл химийн лабораторийн нарийн үйл ажиллагааг зөвхөн мэргэжилтнүүд л мэднэ. Тэгэхээр мэргэжлийн химичид энэ төслийн ажлыг  хэрэгжүүлэх нь үр дүнтэй. Энэ ажилд үйлдвэрийн Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтэс хяналт тавьж ажиллаж байна.
-Цаашид ямар ажлууд хийгдэх вэ? 
-Ажлын төлөвлөгөө гаргасан. Энэ онд төслийн үйл ажиллагаа явагдаж дуусна. Бид хор хаягийн шошгыг 370-аад бодист хийж байгаа.  Америк, Англи, Австралийн сайтаас химийн бодис урвалжийн “Хор аюулын лавлах мэдээлэл”-ийг  татан орчуулж, стандартуудад нь нийцүүлэн ашиглаж байна. Төслийн лавлах мэдээллийн боловсруулалт, ангилалт, хаягжуулалтын ажил 70 хувьтай явж байна. Эх бэлтгэлийн  ажил таван сард дуусна. Дараа нь хэвлэх, ажлын байранд тавих үе шаттай ажил хийгдэнэ. 
-НҮБ-аас гаргасан энэ олон улсын химийн хорт аюултай бодисын стандартыг хэдэн орон мөрдөн ажиллаж байна вэ?
 -Хятад, Солонгос, Япон, Орос, АНУ, Австрали, Канад зэрэг олон орнууд энэхүү системийг мөрдөж байгаа. Яагаад бид олон улсын хаягжуулалтын нэгдсэн системд орох ёстой вэ гэхээр гаднаас химийн бодис авдаг. Уг систем гарахаас өмнө хор аюулын тэмдэг, тэмдэглэгээ дээр ялгаа гарч байсан. Одоо  дэлхий нийтээр энэхүү системийг ашиглаж  ангилал, хаягжуулалтын стандартыг бий болгон хэрэглэж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэр химийн бодисыг Америк, Солонгос, Хятад, Оросоос авч байна. Энэ бүгд нэг стандартад байна гэсэн үг. Тэгэхээр олон улсын ийм стандартыг манай үйлдвэр мөрдөнө. Тус үйлдвэр зах зээл дээр их хэмжээний химийн бодис хэрэглэдэг. Өнөөдөр үйлдвэрийн технологийг химийн бодисгүйгээр төсөөлөхийн аргагүй. “Химийн бодисын  ангилал, хаягжуулалтын нэгдсэн систем” (GHS) -ийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Химийн нэгдлүүд, хольцуудын хор, аюулыг ангилах, зэрэглэх, хаягжуулах шалгуур үзүүлэлтийг ашиглах системийг Эрдэнэт үйлдвэр мөрдөнө. Өмнө нь тэмдэг, тэмдэглэгээг улбар шар дотор хийдэг байсан. Одоо олон улсад мөрдөх системийн тэмдэг, тэмдэглэгээг ашиглана. Дэлхий нийтэд химийн хорт бодисыг ангилах, хаягжуулах асуудал  нэлээн асуудал дагуулж ирсэн байдаг. 2013 оны системд үндэслэн улс орнууд хууль эрх зүйн боловсруулалт хийгээд химийн хорт бодисыг хаягжуулж, ангилах стандарт гаргасан. Энэ нь шинэлэг ажил болж, манай үйлдвэрт нэвтэрч байна. Бид үйлдвэрлэлийн технологид их хэмжээний химийн бодис ашиглах атлаа Олон улсын хэмжээнд хэрхэн хаягжуулах түвшинд хүрээгүй. Энэ төслийг хэрэгжүүлснээр химийн хорт бодисыг Олон улсын хэмжээнд нийцүүлэн хаягжуулна. Ингэснээр тэмдэг, тэмдэглэгээ, хор, аюулын талаарх бүх мэдээллийг химийн бодистой харьцан ажилладаг хүн хараад мэднэ. Ажлын даалгавар авсан хүн тэмдэг, тэмдэглэгээнд тусгасан мэдээллийг ойлгож ажиллана гэсэн үг. Натрийн нитриттэй ажиллах хүн ийм эрсдэлтэй. Хэрэв эрсдэлд орвол ийм арга хэмжээ авна. Хор нөлөө нь ямар эрхтэнд нөлөөлж болзошгүйг ангилаад өгчхөж байгаа. Өөрөөр хэлбэл мэргэжлийн ажилтан хүн, өөрийгөө болоод бусдыг эрсдэлээс хамгаалах хэрэгцээтэй мэдээллээ бүрэн авах боломжтой. 
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс
Бүлэг Ярилцлага
 
Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх Үндсэн чиглэлд нуруулдан уусгах SX/EW технологиор исэлдсэн хүдэр боловсруулах болон зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих хоёр төсөл багтсан. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьсон ажлын явцын талаар Хөгжлийн хэлтсийн Тэргүүлэх металлургич инженер Б.Алтангэрэлээс тодруулсан юм.     
-Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах металлурги-химийн үйлдвэр барьж байгуулах төслийн явцын талаар мэдээлэл өгнө үү?
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн зэсийн баяжмал хайлуулан боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар олон жил яригдаж байна. Энэ хугацаанд бид олон туршилт, судалгаа хийж, техник эдийн засгийн үндэслэлийг гаднын болон дотоод хүч, нөөц бололцоогоо ашиглан гүйцэтгэж ирсэн. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 214 дүгээр тогтоолоор “Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 224 дүгээр тогтоолын дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай, металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор барьж байгуулах боломжийг судлан санал боловсруулж Засгийн газарт танилцуулах үүрэг өгөгдсөн. Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах  металлурги-химийн үйлдвэр барьж байгуулах,  исэлдсэн болон зэсийн бага агуулгатай сульфидын хүдрийг нуруулдан уусгах SX/EW технологиор катодын зэсийн үйлдвэр байгуулах гэсэн хоёр төсөл тусган хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 
-Катодын зэсийн үйлдвэр барих төслийн тухайд...?
-Манай хүдрийн нөөц нэмэгдэж байгаа. 2015 онд техник эдийн засгийн үндэслэл боловсруулж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан байдаг. Ил уурхай дахь исэлдсэн хүдрийн овоолгуудад хуримтлагдсан хүдрийн нөөц, “Эрдэнэтийн-Овоо” ордын баруун хойд ба төвийн ордын нэгдсэн уурхайгаас  ирээдүйд ашиглах явцад үүсэх исэлдсэн болон сульфидын хүдрийн нөөцөд үндэслэн Нуруулдан уусгалт–SX/EW технологиор барих үйлдвэрийн хүчин чадлыг жилд 10 мянган тонн катодын зэс байхаар тооцоолсон. Одоо энэ төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч шалгаруулах тендер үргэлжилж байна.  
-Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих төслийн ажил хэр урагштай явна?  
-Эрдэнэт үйлдвэр өөрийн инженер техникийн ажилчдынхаа нөөц бололцоог ашиглаад 2011, 2013, 2015 онд судалгааны ажлууд хийсний үр дүнд хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн технологи сонгосон. Хайлах үйлдвэрийн олон  технологиудад харьцуулсан судалгаа хийснээр БНХАУ-д бий болсон SKS технологийг хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал, түүхий эдийн нөөц бололцоогоор Монголын нөхцөлд хамгийн боломжтой гэж үзсэн. 2015 онд энэ технологиор ТЭЗҮ боловсруулж, тухайн үеийн Аж үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр дэмжсэн. Харин Засгийн газар Бор-Өндөрт байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Өнөөдөр бид тухайн ТЭЗҮ-д тодотгол хийх хэрэгтэй. Энэ технологи шинэ шатанд хүрсэн, олон өөрчлөлт, нэмэлтүүд орсон. 
-Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрээс ялгарах хүхрийн давхар исэл агуулсан хийн асуудал олон жилийн толгойны өвчин байсаар ирсэн. Үүнийг хэрхэн шийдэх вэ?   
-БНХАУ-ын China ENFI Engineering компанитай хамтран Металлурги-химийн үйлдвэрээс ялгарах хүхрийн давхар исэл агуулсан хийг нунтаг нүүрсээр боловсруулж, элементийн хүхэр гарган авах лабораторийн туршилтыг хийж гүйцэтгэсэн одоо тус технологийн үйлдвэрлэлийн туршилтын ажлыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Хэрэв туршилт үр дүнтэй болбол том алхам болно. 
-Элементийн хүхэр гаргах нь ямар давуу талтай вэ? 
-Хүхрийн хүчлийн хэрэглээ монголд хязгаарлагдмал, тээвэрлэх, хадгалах боломж бололцоо хомс. Харин элементийн хүхэр хэмжээний хувьд харьцангуй бага, хуурай төлөв байдалтай, дараагийн шатны химийн үйлдвэрлэлд ашиглах боломжтой. Ойролцоогоор 600 мянган тонн зэсийн баяжмал боловсруулахад 200-аад мянган тонн элементийн хүхэр гарах урьдчилсан тооцоо бий. Харин хүхрийн хүчил үйлдвэрлэвэл энэ хэмжээний баяжмал боловсруулахад 600 мянган тонн хүхрийн хүчил гарна. Түүнийг хадгалах, саармагжуулах, тээвэрлэх зардал маш өндөр. Борлуулъя гэхээр монголд хэрэглээ байхгүй. Тиймээс элементийн хүхэр үйлдвэрлэх технологи нэвтрүүлэхээр Хятадын компаниудтай хамтран ажиллаж байна.  
 
 
-Элементийн хүхрийг юунд ашиглах вэ?
-Элементийн хүхрийн хэрэглээ өндөр. Ихэнхдээ хүхрийг фосфатын бордоо үйлдвэрлэлийн чухал химийн түүхий эд болох хүхрийн хүчлийг үйлдвэрлэхэд ашигладаг байна. Тиймээс хүхрээс хүхрийн хүчил, хүхрийн хүчлээс фосфатын бордоо үйлдвэрлэх нь хүхрийн хэрэглээний гол салбар юм. Үүнээс гадна хүхрийг хөнгөн үйлдвэрүүд, эмийн болон бусад үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг титаны давхар исэл, нүүрстөрөгчийн дисульфид, уусдаггүй хүхэр болон бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашигладаг. Жишээ нь БНХАУ 2018 онд 10,7 сая тонн хүхэр импортолсон бөгөөд импортын дундаж үнэ нь 153.2 ам.доллар/тонн байсан. Үүний 60 хувь нь фосфатын бордоо үйлдвэрлэхэд зориулагдсан байна
-Ингэхэд, энэ хоёр үйлдвэр маань хэзээ баригдаж, ашиглалтад орох вэ? 
-Эрдэнэт үйлдвэр Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг БНХАУ-ын China Volant Industry болон China ENFI Engineering компаниудтай хамтран боловсруулсан. Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дүгнэлтээр дэмжигдсэн. Гүйцэтгэгч талаас урьдчилсан байдлаар өгсөн ТЭЗҮ-д металлурги-химийн үйлдвэрийг ойролцоогоор 36 сарын дотор буюу гурван жилийн хугацаанд барьж байгуулахаар тооцоолж байсан. Катодын зэсийн үйлдвэрийн хувьд ерөнхийдөө өргөн дэлгэрсэн технологи болохоор хоёр жилийн дотор барьж байгуулах боломжтой. Гэхдээ ТЭЗҮ-ийн үр дүнг харж байж шийдэх болов уу. 
-Элементийн хүхэр үйлдвэрлэх технологи нэвтрүүлсэн газар байдаг уу?   
Хүхрийн давхар ислийг шууд катализаторын орчинд янз бүрийн ангижруулагчаар, хүхэр устөрөгч, нүүрс хүчлийн монооксид, метан, нийлмэл хийгээр ангижруулан элементийн хүхэр гарган авах нь эртнээс танил болсон технологи юм. Зэс хайлах үйлдвэрээс ялгарах хүхрийн давхар исэл агуулсан хийг байгалийн хийгээр ангижруулан элементийн хүхэр үйлдвэрлэдэг, Финляндын Outokumpu компанийн боловсруулсан технологи ОХУ-ын Норильск Никель Уул уурхай металлургийн цогцолборын үйлдвэрлэлд нэвтэрсэн байдаг. Элементийн хүхэр үйлдвэрлэхийн тулд гурав дөрвөн тусдаа технологи ашиглана. Байгалийн хий, нефть боловсруулах үйлдвэрүүдэд ашиглагддаг блок технологиудыг нийлүүлээд зэсийн баяжмал хайлах үйлдвэрийн хийг боловсруулах чиглэлээр ашигладаг газар байхгүй. Харин бид тэр технологиудыг нэгтгээд элементийн хүхэр үйлдвэрлэх технологи гаргаж авах боломжтой гэж судалгааны үр дүнд үзсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ China ENFI Engineering компанитай хамтран тус чиглэлээр үйлдвэрлэлийн туршилт зохион байгуулахаар ажиллаж байна.  
-Энэ хоёр төсөл амжилттай хэрэгжлээ гэхэд Эрдэнэт үйлдвэрт, цаашлаад Монгол улсад ямар үр ашиг авчрах вэ? 
-Эрдэнэт үйлдвэр жилд 32 сая тонн хүдэр боловсруулаад 600 гаруй мянган тонн зэсийн баяжмал экспортод гаргадаг. Өөрөөр хэлбэл эцсийн бүтээгдэхүүн биш, дараагийн шатны үйлдвэрлэлийн түүхий эд гэсэн үг. Харин зэсийн баяжмал хайлах үйлдвэр байгуулснаар тээвэрлэлтийн зардал багасна, орлого нэмэгдэнэ, аранжин зэсээр эд анги, труба хоолой гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээгдэнэ, жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө, ажлын байр шинээр нэмэгдэнэ гээд олон давуу тал бий болно. Түүнээс гадна зэсийн баяжмалтай цуг гардаг алт, мөнгө зэрэг дагалдах металлуудыг ялган авах нөхцөл бүрдэнэ. Энэ утгаараа зөвхөн Эрдэнэт үйлдвэрт төдийгүй Монгол улсын эдийн засагт нөлөөлөх өндөр ач холбогдолтой. Дэд бүтэц, тээвэр ложистик, хангамжийн асуудал, сервис  үйлчилгээ дагаж хөгжихөөс эхлээд олон боломж нээгдэнэ. Төслийн хувьд эдийн засагчдын тооцоолж байгаагаар хөрөнгө оруулалтын хэмжээ нь өндөр, эргэн төлөгдөх хугацаа нь урт байж мэднэ. Гэхдээ улсын үйлдвэржилтэд том түлхэц үзүүлэх юм.  
-Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь хэр бол...?
-Технологи хөгжөөгүй дээхэн үед сөрөг нөлөө байсныг үгүйсгэхгүй. Өнөөдөр технологи маш өндөр түвшинд хүрсэн. Хүхэр барилтыг бүрэн шийдэх боломжтой болчихлоо. Хайлуулалтаас гарах хий, хүхрийн давхар ислийг 98 хувь хүртэл барих боломжтой болсон. Өөрөөр хэлбэл Металлурги химийн үйлдвэрээс гарах хий, ус, хаягдал нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүх стандарт шаардлагад  нийцэхүйц болж хөгжсөн.. 
-Баярлалаа.                                
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
Бүлэг Ярилцлага
Даваа, 27 4-р сар 2020 00:00

Өнөөдөр 04 дүгээр сарын 27

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 118 дэх өдөр. Он дуусахад 247 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +26 градус, шөнөдөө +7 градус дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 2-6 м/сек байна.

3. Аргын тооллын 4 дүгээр сарын 27. Сумъяагараг. Билгийн тооллын шинийн 4. Цагаан хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 41 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана. Энэ өдөр луу, бич, хулгана, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Бэрийн үйл, худалдаа наймаа хийх, модны үйл, цагаан зүгийн үйл, хишиг даллага авах, эм найруулах, сан тавих, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, хөрөнгө исгэх, архи нэрэх, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, хот байгуулах, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, гэрлэх, тустай үйлийг бүтээх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явах, хэрүүл тэмцэлд муу. Өдрийн сайн цаг нь морь (11:40-13:40), бич (15:40-17:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40) болой. Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах сайн. Гэвч морь, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5118 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2785, евро 3006, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 37, Японы иен 25.8 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

Асуулт: -Эрдэнэтэд анхны ганг хэдийд хайлуулсан бэ?

Хариулт: -1981 онд Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Цутгуурын цехэд анхны ганг хайлуулж авсан.

Асуулт: -Эрдэнэт үйлдвэрийн Vөргөтгөлийн онцлог юу вэ?

Хариулт:-Уурхай доошлох тутам Эрдэнэтийн овооны хүдрийн агуулга багасаж байгаатай уялдан үйлдвэрлэлийн ашигтай ажиллагааг хангах, олзворлон боловсруулж байгаа металлын хэмжээг тогтвортой байлгах зорилгоор V өргөтгөлийг хийхээр болсон.

Асуулт: -БНМАУ-д эцсийн бүтээгдэхүүн-зэсийн цувимал гаргах үйлдвэр хэдийд баригдах вэ? Яг тогтож шийдсэн хугацаа бий юу?

Хариулт:-Зэс, молибдены баяжмал үйлдвэрлэх шатнаас үйлдвэрлэлийн бүрэн боловсруулалтанд шилжиж, зэс хайлах, бэлэн бүтээгдэхүүн гаргах хүч чадлыг байгуулах нь илүү үр өгөөж олох арга зам яах аргагүй мөн. Чухамхүү энэ шаардлагыг харгалзан Монгол, Зөвлөлтийн хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дэргэд зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудлыг судалж үзэхээр БНМАУ, ЗСБНХУ-ын эдийн засгийн гадаад харилцааг 2005 он хүртэл хугацаанд хөгжүүлэх чиглэлд тусгасан. Одоо уг асуудал судалж боловсруулах шатандаа явж байна.

(Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...)

 

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Зургийн цомог