Эрдэнэтээ дэмжье

Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн гол чиг үүргийн нэг нь хүнтэй ажиллах буюу ажилтан бүрийг аюулгүй ажиллахад сургах зорилготой. Тиймээс, долоо хоногийн ажлын тайлан мэдээлэлдээ “Хүнтэй ажиллах” гэсэн үзүүлэлтийг тусгайлан оруулж, дүгнэдэг боллоо. Ажлын байраар, ажилтнуудтай хэрхэн зөв зохистой харьцах, аюулгүй ажиллах нөхцөлийг хэрхэн бүрдүүлж байгаа болон зөвлөгөө өгөх, зөрчилтэй тохиолдолд хариуцлага тооцох зэргийг энэ үзүүлэлтээр дүгнэнэ гэж тус хэлтсийн дарга Д.Мөнхболд онцолсон. Тэгвэл, өнгөрсөн долоо хоногт ХАБЭА-н хэлтсийн мэргэжилтнүүд 13 бүтцийн нэгжийн 982 ажилтанд аюулгүй ажиллах талаар ажлын байранд нь зөвлөмж өгч ажиллажээ. Энэ үеэр аюулгүй ажиллагааны зөрчил гаргасан Баяжуулах үйлдвэрийн 5, Барилга засварын цехийн нэг ажилтанд хариуцлага тооцож, анхаарал болгоомжтой ажил үүргээ гүйцэтгэхийг сануулсан байна.

Эрдэнэт үйлдвэр, “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэн тул ХАБЭА-н сургалтыг танхимаар бус цахим хэлбэрээр зохион байгуулж эхэллээ. Менежментийн тогтолцооны сэдэвт цахим сургалтын эхний хичээлийг даваа гаригт Эрдэнэт телевизээр зааж буй аж.

Өнгөрсөн долоо хоногт Баяжуулах үйлдвэр, Ил уурхай зэрэг таван цех нэгжид өндөр эрсдэлтэй 60 ажлын шалгалт хийхээр төлөвлөснөөс бүрэн хэрэгжиж, галын хоёр ажилд хяналт тавин ажилласан байна. ХАБЭА-н 4 дүгээр шатны үзлэгээр Авто тээврийн цех “хангалттай” үнэлгээ авсан бол зорилтот болон ээлжит бус шалгалтад Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод хамрагджээ. Төлөвлөгөөт ажлуудаас сайжруулалтын чиглэлээр аюулыг мэдрүүлэх сургалтын төхөөрөмж бүтээх 18 ажил, ХАБ-ын зааврыг ажлын байранд ил тод байрлуулах 28 ажил тус тус хийгдсэн байна.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

“Эрдэнэт” 100 хувь үндэсний үйлдвэр болж, улмаар ТӨҮГ-ын статусаар ажиллах болсноор үйлдвэрийн газрын харьяа орос эмнэлэг, цэцэрлэг, сургуульд Монгол Улсын хуулийн дагуу, батлагдсан хөтөлбөр, сургалтын программ мөрдөх шаардлага тавигдаж буй нь зүйн хэрэг. Харин Нийгмийн харилцааны хэлтэс үйлчлүүлэгчид, суралцагчид, багш ажилчдын эрх ашгийг хохироохгүй байх ямар зохицуулалт, зохион байгуулалт төлөвлөсөн талаар болон үйлдвэрийн тренд соёл, ажилчдын ёс зүйн хэм хэмжээний тухай хөндөж, тус хэлтсийн дарга Д.Өнөбаттай ярилцлаа.   
 
      
 
-Эрдэнэт үйлдвэрт Нийгмийн харилцааны хэлтэс байгуулагдсаны нэг жилийн ойн босгон дээр бид уулзаж байна. Энэ хугацаанд ямар ажлууд амжуулав? 
-Эрдэнэт үйлдвэр   ашиглалтад орсон цагаасаа нийгмийн хариуцлага үүрч Монгол улсад жишиг тогтоосон. “Эрдэнэт” маань өмчлөлийн хувьд 100 хувь үндэсний үйлдвэр болж, анх удаа ТӨҮГ болоод ажиллахдаа одоогийн удирдлагын санаачилгаар шинэ бүтэц бий болгосон нь манай хэлтэс юм. Бид нэг жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх,  ажиллагсдад тулгамдаж буй асуудлуудыг судалгааны үндсэн дээр тодорхойлох, дэмжлэг, тусламж, хөнгөлөлтүүдийг зах зээлийн нөхцөлд уялдуулах, Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагыг улс, бүс нутаг, аймаг, орон нутаг, ажиллагсад, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдэд үзүүлэх эрх зүйн баримт бичгүүдээ шинэчлэн, төсөл, хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. 
-Өмнө нь та өөр чиглэлийн ажил хариуцдаг байсан. Сүүлийн жил нийгмийн харилцааны цогц асуудалтай тулж ажиллахад юунд илүү анхаарал хандуулах шаардлагатай санагдсан бэ? 
-Нийгмийн харилцаа гэдэг нийгмийг бүрдүүлж буй хүн хоорондын л харилцаа юм. Аж ахуйн нэгж доторх харилцаа бол хүн хоорондын албан харилцаанаас гадна соёл, ёс зүй, хэм хэмжээ, итгэлцэл дээр суурилдаг. Хүн гэдэг бие, сэтгэлийн цогц юм болохоор бүх харилцаа сэтгэлээс гарах учиртай. Харилцааг дүрэмлэж, журамлахаас илүү хүний ёс зүй,  хүмүүжил, хэм хэмжээ барих хандлага чухал юм. Эрдэнэт үйлдвэр 1978 онд байгуулагдахад Монгол улс социалист тогтолцоотой, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан. 1990 оноос ардчилсан нийгэм рүү шилжин, зах зээлийн харилцаа өөрчлөлтүүдийн дунд  өнөөдрийг хүрэхдээ ажиллагсдын бүх нийтээр хүлээн зөвшөөрч хүндэтгэж ирсэн байгууллагын соёлыг бий болгосон. 
Тухайн үеийн ЗХУ-ын өнцөг булан бүрээс тэргүүний мэргэжилтнүүд ирж, монголын шилдэг сэхээтнүүдтэй хамт ажилласан, уурхайчид эх орны дөрвөн зүг, найман зовхисоос илгээлт өвөрлөн ирсэн олон соёлын уулзвар дээр манай үйлдвэрийн соёл, үнэт зүйлс бүрэлдэн тогтсон онцлогтой. Зүгээр л Горняк буюу уурхайчин гэж хэлэхэд хүний сэтгэлд гүндүүгүй, шулуун шударга, халуунд халж, хүйтэнд хөрж ажиллаж чаддаг, үг даадаг, хариуцлагатай дүр төрх буудаг. Жинхэнэ уурхайчны шинж нь тренд болтлоо хөгжсөн газар бол Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр. 
-Гэтэл одоо ямар асуудал байна?
-Ихэнхдээ зоосны нүхээр хардаг, ашиг хонжоо тооцдог болсон зах зээлийн нийгэмд шилжихэд сайн, муу тал бий болсон. Байгууллагын соёл, ажилчдын  ёс зүй урьд өмнөхөөсөө өөрчлөгдөж, одоогийн залуусын хандлага тэр үеийнхээс өөр болж байгаа нь ажиглагдаж байна. Хүний жудаг, ёс зүй, мөн чанар алдагдаж байгаа нь бэрхшээлийг бий болгож байгаа юм. Бид хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын соёл, үнэт зүйлээ ажилчдын харьцаагаар дараа дараагийн үедээ дамжуулан нийгмийн харилцаанд оруулж хадгалж үлдэх ёстой. Энэ хамгийн чухал. Эрдэнэт үйлдвэрийн 6700 гаруй ажилтан нэг баг. Бие биеэ ойлгож, байгууллагын үнэт зүйл соёлыг хадгалан, хөгжүүлж, зөв тогтолцоо, хөдөлмөрийн зөв хамт олон бүрдэхэд үйлдвэрлэлийн болоод эдийн засгийн зорилгууд бүрэн биелэхэд чухал нөлөөтэй. Мэргэжил, боловсролоос дутахааргүй үнэ цэнэ бол хүнлэг чанар, ёс суртахуун, харилцаа хандлага, хариуцлагад л оршдог. Энэ чиглэлд бид анхаарах цаг болсныг өнгөрсөн хугацаанд мэдэрч, өдөр бүр бэрхшээлтэй тулж ажиллалаа. Ер нь Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын соёл, ёс зүй хүмүүжил, энэ хотын ёс зүй, соёлыг бүрдүүлдэг юм шүү дээ.  
-Тэгвэл нэн түрүүнд ажилчдын сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх чиглэлд ахицтай ажиллах хэрэгтэй юм байна... 
-Бид бүх асуудлыг ойлгомжтой, энгийн, шударга зарчмаар явуулах эрх зүйн болоод дотоод баримт бичгүүдээ боловсруулаад мөрдөн ажиллаж байна. Одоо ажиллагсад маань ёс зүйтэй, хариуцлагатай шударга, хүнлэг байвал асуудал үүсэхгүй. Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулж ажилтан болсон бол уламжлалт нэр хүнд, трендийг хадгалж явах хариуцлагыг үүрэх нь ажилтны үүрэг. Эрдэнэт үйлдвэр ажиллагсдадаа чиглэсэн бодлого өргөн хүрээнд явуулдаг. Энэ бол хариуцлага. Жишээ нь ажилтны хүүхэд төрж, эцэг болсон тохиолдолд тав хоногийн цалинтай чөлөө олгож байна. Эмэгтэйчүүдэд гурван жил тэтгэмж өгч байгаа. Эндээс эхлээд тэр хүүхэд уурхайчны гэр бүлд төрснөөрөө ихэнх зардлаа даалгаад цэцэрлэгт хамрагдаж, сургуульд явж байна, төгсөөд их, дээд сургуульд элсэн суралцахад нь тусламж дэмжлэг үзүүлж байна. Сургуулиа төгсөж ирээд аав, ээжийнхээ оронд Эрдэнэт үйлдвэрт ажилд орох давуу эрх олгож байна. Эрдэнэт үйлдвэрт ажиллах хугацаандаа бүхий л тусламж, дэмжлэгийг хүртдэг. Нас нь болоод гавьяаны амралтад гарахад нь улсын хэмжээнд олгодог тэтгэвэр дээр нэмэлт Эрдэнэт үйлдвэрийн тэтгэвэр тогтоож өгдөг. Ирсэн болгон буцдаг хорвоогийн жамаар явахад нь уй гашууг нь хуваалцаж буцалтгүй тусламж олгодог. Ингээд төрөхөөс үхэх хүртэлх бүх асуудалд Эрдэнэт үйлдвэр дэмжлэг үзүүлдэг. Тиймээс Эрдэнэт үйлдвэр ажилчдаасаа энэ хэрийн хариуцлага нэхэх эрхтэй. Ажилчид ч тэр хэмжээний хариуцлага үүрч, үйлдвэрийнхээ нэр хүндийг өргөж явах учиртай. Бид ямар нэгэн тусламж, дэмжлэгийг ажилчдад дүрэм журмын дагуу үзүүлдэг. Гэтэл зарим тохиолдолд санаатайгаар худал өргөдөл өгөх, буруу мэдээлэл гаргах, боломжгүй зүйл хүсэх, бодсон санасан нь биелэхгүй бол ташаа мэдээлэл цацах, тусламж дэмжлэг үзүүлдэг ажилтнуудын нэр хүндэд халдах, хэн нэгэнтэй барьцах зэргээр зарим үед ажилд хүндрэл учруулдаг. Батлагдсан хязгаарлагдмал нөөц бололцоогоор тусламж, дэмжлэг үзүүлдэг гэдгийг уурхайчид маань ойлгох хэрэгтэй. Хамт олон шинэ ажилтныг хүмүүжүүлж, Эрдэнэт үйлдвэрийн соёл, ёс зүйн хариуцлагын  хэмнэлд оруулж авч явах ёстой юм. Энэ чиглэлд нийт хамт олон Үйлдвэрчний эвлэлээр хамтарч ажилладаг билээ.
-Ярианы сэдвээ өөрчлөөд асуухад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болсноор орос эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаанд өөрчлөлт орж байна уу? 
-Хамтарсан үйлдвэр байх үед орос эмнэлэгт олгогдсон зөвшөөрөл зогссон. Орос цэцэрлэг, орос сургуулийн хувьд зайлшгүй Монгол Улсын хуулийн дагуу батлагдсан хөтөлбөр, сургалтын программаар үйл ажиллагаа явуулах шаардлага тавигдсан. Бидний зүгээс Орхон аймгийн анхны сургуулийнхаа 45 жил тогтсон үйл ажиллагааг ямар нэгэн өөрчлөлтгүй үргэлжлүүлэхийг эрмэлзэж, холбогдох бүх шатанд нь явж хөөцөлдсөн. Эцэст нь Монгол Улсын хуулийг мөрдөж, ажиллах ёстой гэдэг хариулт авсан. Энэ нь харин ч бидэнд илүү давуу боломж нээгдэх юм байна гэж харсан. Аж ахуйн нэгжийн хувьд ч, суралцагчид болон багш, ажилчдын хувьд ч тэр.  
 
 
-Орос Эмнэлэг, цэцэрлэг, сургууль бүгд “монгол” болно гэсэн үг үү? 
-Шууд тэгж ойлгож болохгүй. Эмнэлгийн хувьд орос мэргэжилтнүүдэд үйлчилгээ үзүүлэх тасаг хэлбэрээр сувиллын бүрэлдэхүүнд байж болох нэг хувилбар бий. Эсвэл сувилал маань нэгдсэн эмнэлэг болоод хэвтэн эмчлүүлэх тасаг нь болж явах боломжтой. Энэ хоёр хувилбар дээр ярилцаж байна. Бид бол хэвтэн эмчлүүлэх эмнэлэг хэлбэрээр ашиглах саналтай. Тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг нь ханган ажиллах боломжтой гэвэл энэ статусыг өгнө гэсэн аймгийн Засаг даргын захирамж гарсан. Бид Орхон аймагтай хамтарч ажиллах 2020 оны төлөвлөгөөндөө энэ ажлыг тусгасан байгаа. Цэцэрлэгийн хувьд, монгол цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр байдаг. Хоёр настай хүүхдүүд аваад зургаан нас хүртэл сургаад сургуульд үддэг. Энэ хөтөлбөрөөр ажиллахад манайх татгалзах зүйлгүй. Гэхдээ орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай цэцэрлэг хэвээр байна. 
 
 
-Орос сургуулийн хувьд...? 
-Орос сургуулийн бүх хичээл орос дээр явагддаг, нууцгүй хэлэхэд орос сургууль төгссөн хүүхдүүд монгол хэл, өөрийн улс орны түүх, соёлоо мэдэхгүй, монголын боловсролын гэрчилгээ авдаггүй, зарим тохиолдолд эцэг эхчүүд хүүхдээ төгсөх ангид нь монгол сургууль руу шилжүүлж монгол гэрчилгээ авдаг байсан. Төгслөө гэхэд хүүхдүүд Хиагтад очиж шалгалт өгч орос гэрчилгээ авдаг. Тэр гэрчилгээгээр монголын их, дээд сургуульд элсэхэд оросууд 5 баллын системээр дүгнэдэг, манайх 100 баллын системээр дүгнэдэг учраас харьцуулж тооцоход хүүхдүүд хохирдог. Өөрөөр хэлбэл 5 баллыг нь 100-аар биш 90-ээр тооцдог юм. Түүнээс гадна Орхон аймагт байгаа орос хэлний сургалттай ганц сургууль болохоор бусад сургуультай хамтран ажиллах, суралцагчид нь бусад сургуулийн хүүхдүүдтэй нээлттэй харилцах боломж хязгаарлагдмал байсан. Одоо орос сургууль гэдэг нэр нь өөрчлөгдөж байгаа ч орос багш нар нь хэвээрээ, анги хамт олон нь хуучнаараа үлдэнэ. Монголын боловсролын хуулийн дагуу монголын түүх, уран зохиол, хэл бичгээ үзээд, орос хэл дээр бүх хичээлээ гүнзгийрүүлж сураад төгсөнө. Ерөнхий боловсролын монгол гэрчилгээ авна. Мөн оросын гэрчилгээ авах эрх нь нээлттэй.  
 
 
-Орос сургуулийн байгалийн ухааны хичээлүүдийн сургалт сулхан гэсэн шүүмжлэл байдаг. Одоо тэгвэл аль ч талаа алдагдуулахгүй “хос морьтой” сурч хөгжих боломж бүрдсэн гэсэн үг үү? 
-Зөв хэллээ. Өмнө нь орос сургуулийн математик, хими, тэгээд байгалийн ухааны хичээлүүдийн сургалтын чанар монгол сургуулиудын түвшинд хүрэхгүй байна гэсэн гомдол ирж байсан. Сургалтын программд өөрчлөлт орсны дараа илүү чадварлаг, мэргэжлийн багш нарыг ОХУ-аас урьж ажиллуулахад анхаарна. Монгол багш нараар нэмэлт давтлага өгүүлж, сургалтын амжилтыг бататгах, таны хэлдгээр хүүхдүүдээ монгол, орос сургалтын системээр “хос морьтой” хөгжүүлэх сонирхол бидэнд байна. 
-Орос сургуульд суралцахын бас нэгэн давуу тал нь В.Путины тэтгэлэгт хамрагдах, ОХУ-ын дээд сургуулиудад элсэх боломж байдаг. Энэ яах бол...?
-Хадгалагдаж үлдэнэ. Бүх орос багш нар нь хэвээр ажиллана. Бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй. Монгол Улсын хуулийн дагуу зөвхөн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орно. Бага ангийн хүүхдүүдийн “Үдийн цай” хөтөлбөрийн зардлыг Эрдэнэт үйлдвэр санхүүжүүлдэг байсан бол одоо улсын төсвөөс өгнө. Цэцэрлэгийн хувьд ч ялгаагүй. Дашрамд хэлэхэд энэ жил 11-р ангийн хүүхдүүд сургуулиа асуудалгүй төгсөнө. Дараа жилээс дүйцүүлэх сургалт явуулж зарим хичээлийг нөхнө. 
-Орос сургууль, цэцэрлэгийн төлбөр өөрчлөгдөх үү? 
-Төлбөр нэмэх талаар төлөвлөөгүй. Сургууль дээр 1, 2-р ангийн төлбөртэй өдөр өнжүүлэх бүлэг ажиллаж байсан. Өдөр өнжүүлэх бүлгийг дөрөвдүгээр анги хүртэл ажиллуулах, өдрийн заасан хичээлийг нь бататгаад, тэнд нь хоол, бусад зүйлсээр хангаж, сургалтыг илүү үр дүнтэй явуулах үүргийг орос сургуулийн захиргаанд өгсөн. ОХУ-аас нэмж багш урьж авчирвал ямар вэ гэсэн бодол бий. Цэцэрлэгийн хувьд нэмж шинэ цэцэрлэг барих ажил төлөвлөгөөнд суулгасан. Гэхдээ зэсийн үнийн уналт, корона вирусын халдварын үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад тэр төсөл түр царцсан байдалтай байгаа. Энэ жил үгүй юмаа гэхэд ирэх жил шинэ цэцэрлэг ашиглалтад орно. 
-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.   
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
Бүлэг Ярилцлага
 
“Комбинат”, “Эрдэнэт” өртөөг холбодог гол гармын авто замтай огтлолцсон хэсэгт зам төмөр тасарсныг өнгөрсөн долоо хоногт Тээвэр ложистикийн төвийнхөн  заслаа. Уг гэмтлийг Зам засварын Ө.Буянхишиг мастертай 12 замчин уртасгасан цагаар ажиллаж засварлав. Энэ хүрээнд 25 м-ийн урттай хоёр зам төмөр, 50 дэр модыг сольжээ. Түүнчлэн энэ орчны үерийн усны суваг шуудуу сэргээх, авто замд   хурд сааруулагч хийх ажлыг Барилга засварын цехийн ажилчид гүйцэтгэлээ. Энэ үеэр гарам хааж, хөдөлгөөнийг 24 цаг зогсоосон бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн төмөр замын тээврийг хэвийн явуулахын тулд тус төвийн хоёр илчит тэрэг “Комбинат”, “Эрдэнэт” өртөөн дээр ажиллаж, салбар замууд руу ачаа тээвэрлэсэн байна. Авто замыг 72 цаг хааж, ирэх мягмар гарагийн 08 цагт нээхээр болжээ. Энэ ажилд замчдаас гадна Барилга засварын цех, Автотээврийн цехийн хүн хүч, техник ажиллалаа.  40 гаруй жил ашиглахдаа гармын энэ хэсгийг  засаж  байгаагүй бөгөөд 2021 онд засварлахаар хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан байжээ. Ийнхүү авто замтай огтлолцсон төмөр замын гарамд гарсан томоохон гэмтлийг тус төвийнхөн богино хугацаанд өөрсдийн хүчээр засаж, ажилд оруулснаар багагүй хөрөнгө, мөнгө хэмнэв. 
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс
Даваа, 20 4-р сар 2020 00:00

Өнөөдөр 04 дүгээр сарын 20

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 111 дэх өдөр. Он дуусахад 254 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө + градус дулаан, шөнөдөө - градус хүйтэн, үүлшинэ, салхины хурд 1-6 м/сек байна.

 

3. Аргын тооллын 4 дүгээр сарын 20. Сумъяа гараг. Билгийн тооллын 28. Харагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 53 минутад мандан, 19 цаг 49 минутад жаргана. Энэ өдөр үхэр, тахиа, могой, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хишиг даллага авах, сан тавих, лус ба тэнгэр тахих, тахилга хийх, сүм хийд босгох, хөрөнгө исгэх, архи нэрэх, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, хот байгуулах, мал гадагш гарах, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, насны хүчийг арвижуулах, усан засалд сайн. Мод таслах, газар малтах, ус хааж бөглөх, эм найруулах, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, морь худалдах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь гахай (21:40-23:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), морь (11:40-13:40), хонь (13:40-15:40), нохой (19:40-21:40) болой.Хол замд явах хүмүүс урд зүгтмөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэрүүл, тэмцэл ирнэ.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5098.50 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2781, евро 3039, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 37.6, Японы иен 25.8 төгрөгтэй тэнцэж байна.

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

2015 оны 4-р сар

  • Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ТОП-100” аж ахуйн нэгжийг Эрдэнэт үйлдвэр 13 дахь жилдээ тэргүүлэв.

2017 оны 4-р сар

  • Шинэ Зеландын Оклэнд хотноо болсон Дэлхийн мастеруудын спортын наадамд 105 орны 28 мянган тамирчин спортын 28 төрлөөр өрсөлдсөнөөс Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт клубын тамирчин, ОУХМ Ч.Тэрбиш, спортын мастер Л.Наран, Ц.Оюунцэцэг нар 4х400 м-ийн гүйлтийн төрлийн 50-54 насны ангилалд мөнгөн медаль хүртэв.
  • МҮХАҮТ-аас шалгаруулдаг “ТОП-100” аж ахуйн нэгжийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК 15 дахь жилдээ тэргүүллээ.

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Зургийн цомог