Эрдэнэтээ дэмжье

 

 
“Ковид-19” вирусын улмаас дэлхийн зах зээл дээр зэсийн ханш унаж буй үед Эрдэнэт үйлдвэр эдийн засгийн хямралыг даван туулахад чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ үед Засвар механикийн завод хэрхэн ажиллаж буй талаар заводын дарга Б.Баасансүрэнгээс тодрууллаа.
-Эдийн засгийн хямралын эсрэг  ЗМЗ юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Үйлдвэрийн газрын хэмжээнд хэрэгжүүлж байгаа хямралын эсрэг арга хэмжээнд ЗМЗ ихээхэн  ач холбогдол өгч, идэвхтэй  оролцож байна. Бид энэ  хүрээнд 10 төрлийн бүтээгдэхүүн шинээр хийх, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилттой ажиллаж байна.  Нийт 3,5 орчим тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн хийхээр төлөвлөсөн. Манай хоёр цех тухайн бүтээгдэхүүнийг хийх нарийвчилсан төлөвлөгөө гарган, үйлдвэрлэлийн ажлаа  эхэлсэн.  
-Бусад цехийн захиалгат нэмэлт бүтээгдэхүүний тухайд...?
-Нийт 50 гаруй нэрийн нэмэлт бүтээгдэхүүний захиалга ирсэн.  Эдгээр бүтээгдэхүүний  материал түүхий эдийн тооцоо хийж,  техник технологийн хувьд   алийг нь үйлдвэрлэх боломжтойг  судалж, шийднэ. Цаашид нэмэлт бүтээгдэхүүний хэмжээг тодотгон төлөвлөгөөнд тусгана. 
-Шинээр үйлдвэрлэх бүтээгдэхүүнүүдийн давуу тал, эдийн засгийн үр ашгийн талаар та юу хэлэх вэ?
-Грат-1400 шахуургын хамгаалах цөн үйлдвэрлэх технологийн шинэчлэл хийж материалын хэмнэлт гаргана. ГЦ-1400 шахуургын хийцийг өөрчлөн, хүйтэн аргаар резинээр хуяглах технологи нэвтрүүлнэ. Ингэснээр цавууны зарцуулалт багасаж, ГЦ хуйлруулагчийн ашиглалтын хугацаа уртасна. Түүнчлэн хар металлыг зоролтоор боловсруулахад гардаг ган зоргодсыг шахаж,  дахин хайлуулах төмрийн үүцэнд хольж ашиглана. Одоогоор зоргодсыг төмрийн хаягдал дээр асгадаг.  Өнгөт металлын зоргодсоо мөн эргүүлэн ашиглана. Ийнхүү зоргодсыг хоёрдогч түүхий эд болгон ашигласнаар  хар металлаас 70,  өнгөт металлаас хоёр тонн орчим бүтээгдэхүүн гаргана. Энэ бол бага тоо биш. Тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг дээшлүүлж, ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор  МПСИ, ММС-1, ММС-2 тээрмийн булант элементийг резинээр хийх, гидроциклон FX-660-ын резинэн хуяг үйлдвэрлэнэ. Мөн Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн IT-1200 маркийн  хаалтыг шинээр хийж,  КМД, КСД бутлуурын их бие,  тохируулагч цагариг зэрэг овор ихтэй эд ангийг сэргээн засварлана. Эдгээр ажлууд нь худалдан авалтын зардлыг бууруулж, импорт орлох бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.  
-Баярлалаа
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс
Бүлэг Ярилцлага

Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цехийн хамт олон оны эхний улиралд нийт 1.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, нийлүүлжээ. Үүний нэг тэрбум төгрөгийн өртгөөр 35 мянга орчим баяжмалын уут, 400 сая төгрөгийн ажилчдын хувцас үйлдвэрлэсэн байна. Он гарсаар ажилчдын хамгаалах хэрэгсэл буюу ажлын дулаалгатай болон нимгэн, дотуур хувцас түлхүү үйлдвэрлэж, инженер техникийн ажилтнуудын хувцасны захиалгыг гуравдугаар сараас авч эхэлсэн байна. “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 36 мянган ширхэг амны хаалт шуурхай оёж, үйлдвэрийн ажиллагсдад тараажээ. Мөн “ковид-19” цар тахал дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, зэсийн үнэ буурч буйтай уялдуулан хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж, бүтээгдэхүүний материалын зардлыг багасгах, зарим захиалгат бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг түр зогсоох зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар, тус цех 12 нэр төрлийн ажилчдын хувцас үйлдвэрлэхэд гол ажлаа чиглүүлж, зөөлөн оёдлын болон баяжмалын уутны хэсэгт нийт 80 гаруй оёдолчин ажиллаж байна. ХАБЭА-н хэлтэстэй хамтран үйлдвэрийн ажилчдын ажлын хувцасны альбомыг шинэчилж буйтай холбогдуулан шинэ загварын хувцас удахгүй үйлдвэрлэж эхэлнэ. Үүнд бүх ажилчдын хувцас нэг ижил өнгөтэй байх бөгөөд үйлдвэрлэлийн бүтэц нэгжийн ажилчдын хувцсыг дулаан материалаар, оффисын ажилтнуудад нимгэн цамц оёх загвар гаргажээ.    

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

 

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Зургийн цомог