Эрдэнэтээ дэмжье

Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 оны эхний улирал болон 3 дугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэлээ. Уурхайчид оны эхний улиралд 6307 мянган метр куб уулын цул гаргаж төлөвлөгөөг 103.1 хувиар биелүүлсэн бол 3 дугаар сард уулын цул гаргалтын гүйцэтгэл 2123 мянган метр куб, төлөвлөгөөний биелэлт 101.6 хувьтай байв. Хөрс хуулалтын ажлын төлөвлөгөө эхний улиралд 104.8 хувь, 3 дугаар сард 100 хувиар тус тус биелжээ. Тэгвэл нэгдүгээр улиралд уурхайчид 9072 мянган тонн, 3 дугаар сард 3060 мянган тонн хүдэр тус тус олборлож, төлөвлөгөө 101-102.9 хувийн биелсэн үзүүлэлттэй байна. Баяжуулах үйлдвэрт өгөх хүдрийн төлөвлөгөө 101 хувиар биелж, исэлдсэн хүдэр олборлолт 107-115 хувиар биелсэн дүн гарчээ.  

Баяжуулагчид 2020 оны эхний улиралд 8108 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 101 хувиар биелүүллээ. Харин 3 дугаар сард 2730 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөө 102.5 хувийн биелэлттэй байв. Эхний улирлын үзүүлэлтээр хүдэр дэх зэсийн агуулга 0.454 хувь, молибдены агуулга 0.0163 хувьтай байсан бол 3 дугаар сард зэсийн агуулга 0.455 хувь, молибдены агуулга 0.0167 хувьтай гарчээ. Дээрх хугацаанд зэс болон металл авалтын төлөвлөгөө 100 - гаас дээш хувиар биелэв. Эрдэнэт үйлдвэрийнхэн оны эхний улиралд 142331 тонн зэсийн баяжмал, 1403 тонн молибдены баяжмал ачуулж төлөвлөгөөний биелэлт 101-110 хувьд хүрсэн байна. 3 дугаар сарын дүнгээр 47118 тонн зэсийн баяжмал, 459 тонн молибдены баяжмал ачуулж, төлөвлөгөөгөө 100-112 хувиар биелүүллээ. Ачигдсан баяжмал дахь зэс, молибдены төлөвлөгөө улирал болон сарын дүнгээр 100-115 хувиар, баяжмалын чанарын төлөвлөгөө 102-104 хувиар тус тус биелсэн үзүүлэлттэй байна.  

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр ложистикийн төвийн гурван агуулахад засвар хийж, шалыг нь иж бүрэн сольж байна. 2020 онд тус цехэд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудын нэг нь энэ засвар юм. 1,2,3 дугаар төв агуулахын байрны засварыг Барилга засварын цех гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар засварын ажлын гүйцэтгэл 60 хувийн биелэлттэй байгаа аж. Тээвэр ложистикийн төв нь бүх төрлийн бараа материал, тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл хадгалах  зориулалттай, тус бүр нь 1440 метр куб багтаамж бүхий 8 төв агуулахтай. Эдгээрт сүүлийн 20-иод жил засвар хийгээгүй байсан. Удахгүй 5 дугаар төв агуулахын байранд хийх засварын ажилэхэлнэ” гэж Барилгын хяналтын инженер Г.Батбилэг ярилаа.

Мөн Тээвэр ложистикийн төвийн зүтгүүрийн депогийн ажилчдын гуанзны байрыг өргөтгөн тохижуулж байна. Хуучнаар Материал техникийн хангамжийн бааз, Төмөр замын цехүүд нэгдэж, ажилчдын тоонэмэгдсэнээр ажилчдын гуанзыг өргөтгөх шаардлагатай болжээ. Өмнө нь тус цехийн ажилчдад зөөврийн хоолоор үйлчилдэг байсан бол хоолны танхимыг өргөтгөж, гал тогооны бүрэн тоног төхөөрөмж суурилуулснаар нэг ээлжинд 160 хүнийг халуун хоолоор хангах боломжтой болсон байна. Энд Хаан хүнс компанийн салбар халуун хоолоор үйлчлэх аж. Ингэснээр ажилчдын эрүүл мэнд болон  эрүүл ахуйн аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлнэ. Ажлын байрны нөхцөл сайжруулсан хөрөнгө оруулалтын дээрх ажлуудад нийт хагас тэрбум төгрөг зарцуулжээ.          

М.Балжинням 

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ариутгал халдваргүйтгэлийн ажил өнөөдөр хийгдэж байна. Өдрийн 13:00 цагт эхэлсэн энэ ажилд зориулан дизель хөдөлгүүртэй, 4 тонн уусмалын багтаамжтай, 66 сая төгрөгийн үнэ бүхий автомашины түлхүүрийг аймгийн Онцгой комисст гардууллаа. Орхон аймгийн иргэдийн сэтгэлийн өглөг, хандив болгож нийт 51 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 150 гаруй сая төгрөг цугласан бөгөөд уг мөнгөнөөс тусгай зориулалтын автомашин худалдан авч, иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж байгаа гэдгээ Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут энэ үеэр онцолсон. Мөн Улсын Онцгой комиссоос Баян-Өндөр суманд алсын тээвэрлэлт хийх зориулалттай, туулах чадвар өндөртэй автомашин өгснийг холбогдох албаныханд хүлээлгэн өглөө.

Аймгийн хэмжээнд 18:00 цаг хүртэл нийтдээ 1.4 сая м.кв талбай бүхий цардмал зам, талбай, гудамжинд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж, цаашид тодорхой хугацааны давтамжтай хийхээ албаныхан мэдэгдсэн юм. Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут иргэдэд хандан, “Төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарч, сэтгэлийн дэм үзүүлсэн Эрдэнэтчүүддээ баярлалаа. Хайртай хүмүүсээ хамгаалахад хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна” хэмээсэн.   

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон түүний орлогч захирлууд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр сэтгүүлчдийн сонирхсон дараах асуултад хариуллаа.

 

Ерөнхий захирал Х.БАДАМСҮРЭН:

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨДИЙГҮЙ МОНГОЛЧУУД ТА, БИД БҮГД ОНЦГОЙ ДЭГЛЭМД АЖИЛЛАЖ БАЙНА

-Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд зарласан онц байдал дууссан уу?

-Эрдэнэт үйлдвэрийн эрх зүйн чадамжтай холбоотой, тулгамдсан, төр засгийн түвшинд авч үзэх асуудлууд байсан. Энэ нөхцөл байдалтай уялдуулж Эрдэнэт үйлдвэрт Онцгой дэглэм тогтоож 6 сар ажилласан. Онцгой дэглэмийн хугацаа дуусаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын Засгийн газар асуудлыг УИХ-д тавьж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Онцгой дэглэмийн хугацааг 6  сараар сунган ажиллалаа. Ийм горимоор Эрдэнэт үйлдвэр нэг жил орчим хугацаанд ажиллахдаа их зүйл бүтээсэн. Онцгой дэглэм тогтоож ажилласан, коронавирусын тархалтаас үүдсэн эрсдэлтэй, амаргүй нөхцөл байдалд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон бэлтгэлтэй байхад бид зохих хувь нэмрээ оруулсан гэж ойлгож байна. Хэдийгээр хуулийн хүрээний Онцгой дэглэм дууссан ч коронавирусын тархалт болон дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын гаралтай түүхий эдийн үнийн уналтаас үүссэн нөхцөл байдал нь Онцгой дэглэм бус, Онцгой-гийн онцгой дэглэм болж, энэхүү нөхцөлд улс орон, тив дэлхий үе шаттайгаар шилжин ажиллаж байна. 2019 онд зөвхөн Эрдэнэт үйлдвэрт Онцгой дэглэм тогтоож байсан бол өнөөдөр Монголчууд та, бид бүгдээрээ Онцгой дэглэмд ажиллаж байна.

-2020 он сонгуулийн жил, Эрдэнэт үйлдвэр хэвийн ажиллаж байгаа энэ үед улс төрийн нөхцөл байдлаар гаднаас халдах байдал ажиглагдаж байна. Сошиал орчинд мэдээллийг цензургүй хүргэж байгаа үйлдлийн эсрэг ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Эрдэнэт үйлдвэр сүүлийн жилүүдэд улс төрөөс ангид ажиллаж байгаа гэж ам бардам хэлнэ. Биднээс шалтгаалсан улс төр байхгүй. Гэвч Эрдэнэт үйлдвэрийн удирдлагаас шалтгаалаагүй улс төр байхыг үгүйсгэхгүй. Бид аль болох улс төрөөс ангид байх зарчмаа баримталж ажиллахыг хичээж байна. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагыг улс төржүүлж, ямар нэг байдлаар гоочлоод байвал яалтай билээ. Гэвч ийм зүйлд эмзэглэх хүмүүс нь уурхайчид биш. Ийм ажлаар хөөцөлдөж явах цаг нар үйлдвэрийн удирдлагад байхгүй. Тэр ажил руу манай ажилтнуудыг, хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа хүмүүсийг турхирах, уруу татах зүйл байдаг байх. Энэ удаагийн сонгууль амаргүй нөхцөл байдалд явагдах нь. Тиймээс улс төрчид, сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн хүчнүүд нөхцөл байдлыг ойлгож, монгол ухаанаар өөр сонгууль хийгээсэй, бие биеэ бага муулаасай, ямар нэг улс төрийн хөөрөлд бага автаасай гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн удирдлага төдийгүй уурхайчид хүсэж байна. Бид баялгаа бүтээж сайхан ажиллах юмсан, уурхайчдынхаа амьдрал ахуйг дээшлүүлэх юмсан, үйл ажиллагааныхаа үр дүнгээр Эрдэнэт үйлдвэрийнхээ эдийн засгийн цар хэмжээг өсгөж, тэр хэмжээгээр Эрдэнэт хотынхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах юмсан, Эрдэнэтчүүдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх юмсан, улс орон нутгийнхаа төсвөөр дамжуулан улс орныхоо төдийгүй бүс нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах юмсан гэж хүсэж байна. Ерөнхий Сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан энэ удаагийн Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг улс төрөөс ангид байлгах боломж нөхцөлийг бүрдүүлсэн. Тодорхой жишээ нь миний орлогч захирлууд юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлаар намайг улиран томилогдоход, “Өөрийн орлогчийг үйлдвэртээ ажилладаг, мэдлэг боловсролтой, дадлага туршлагатай, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээр бүрдүүлэн ажиллаарай” гэсэн. Энэ зарчмын дагуу би ажиллаж байна. Дөрвөн орлогчоос гадна газар, хэлтэс, цех, нэгжийн дарга нар бүгд тухайн ажилдаа мэргэшсэн, дадлага туршлагатай хүмүүс бий. Шударга зан чанар, ажил үүрэх, ачаалал даах чадварыг нь бодолцон ажиллуулж байна. Үйлдвэр аж ахуйн газар улс төрөөс ангид байх хэрэгтэй юм байна. Эрдэнэт үйлдвэр сүүлийн 3 жил үйлдвэрлэл, үр ашиг нь өссөн. Уурхайчид мэдлэг боловсрол, чадварынхаа хүрээнд өсөж дэвжээд явах боломж бүрдсэн. Энэ зарчмыг ярьсаар 3 жил болоход 400-аад инженер залуучуудыг дэвшүүлэн ажилласан дүн гарч байна. Цаашдаа ингэж ажиллах боломж олдох байх. Бидний сүүлийн жилүүдэд ажилласан нөхцөл байдал Эрдэнэт үйлдвэр төдийгүй уул уурхайн салбарт хэв маяг болон үлдэх байх. Бусад салбарт ч мэргэжлийн ажлыг мэргэжлийн хүн хийдэг зөв голдрилд ороосой гэж хүсэж байна.

-Цаашид Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлогыг хэрхэн авч явах вэ?

-Хямралтай, өвчин эмгэг тахлын түвшинд яригдаж байгаа энэ үед Эрдэнэт үйлдвэрийн удирдлага хүнийхээ төлөө шаардлагатай бүхнийг зориулж байна. Эрдэнэт үйлдвэр анхнаасаа хүний төлөө байгуулагдан, үеийн үед хүний төлөө ажилласан. Цаашдаа ч үйл ажиллагааныхаа чиглэлийг хүндээ шилжүүлнэ. Миний нэг зарчим бий. Хүн сайн ажиллавал ажил сайн явна, үр дүн гарна. Мэдлэг боловсрол, дадлага, туршлагаас их зүйл хамаардаг. Тэр ч утгаараа өнгөрсөн 3 жилийн хугацаанд цалингаа 45 хувиар нэмсэн нь өнөөгийн хямралын үед тус нэмэр болж байна. Эрдэнэт үйлдвэр 1300 гаруй айлын орон сууцыг барих ажлаа эрчимжүүлнэ. Урьдчилан батлуулсан хуваариар ихэнх нь энэ ондоо ашиглалтад орохоор төлөвлөж байна. Тендертэй холбоотой цаг нар алдаж байгаа зүйл байх ч бид хичээж ажиллана. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад өгсөн үүрэг чиглэлийн дагуу 1А хорооллын дэд бүтцийг шийдвэрлэхээр болсон. Энэ онд 12,5 тэрбум төгрөг гарган, аймагтаа хөрөнгө оруулалт хийж байна.

 

Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.БАТМӨНХ:

-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед уурхайчдын ажлын хувцас, хангамжийн асуудлыг тасалдуулахгүй байхад ямар арга хэмжээ авч байна вэ?

-Үйлдвэрлэл явж байгаа учраас ажилчдын ажлын хувцас, багаж хэрэгсэл хязгаарлагдахгүй. Ганц асуудал нь, бусад улс орнуудын хэмжээнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсож, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрснээр бараа материалын хомсдол үүсэж болзошгүй байна. Энэ мэдээллийн дагуу урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажилласан. Бодлогын чанартай ажлын дүнд бид ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг бэлтгэж чадсан. Хүндрэл үүсэхгүй.

 

Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.ДЭЛГЭРБАЯР:

ХҮМҮҮСЭЭ АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БАЙХ ТАЛ ДЭЭР ИЛҮҮ АНХААРЧ БАЙНА

-Нийгмийн цехүүдэд сул зогсолт хийж, ажилчдыг 65 хувиар цалинжуулах талаар ярьж байсан. Энэ тал дээр тодорхой мэдээлэл өгнө үү?

-Уурхайчдынхаа орлогыг бууруулахгүй боломж нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийгмийн 2-3 цехийн үйл ажиллагаа зогссон ч бүх ажилтныг цаашид ажилтай байлгах тал дээр олон ажил төлөвлөж байна. Энэ үед зарим төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажилд ажилчдаа татан оролцуулах тал дээр судалж, 4 дүгээр сарын 1-нээс ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Бусад үйлдвэрийн газар Хөдөлмөрийн хуулийн дагуу цалингийн 40-60 хувийг өгч, ажилчдаа амрааж байна. Бид энэ жишгийг дагаж мөрдөхгүй байхаар шийдвэрлэж, хүмүүсээ ажилтай, орлоготой байх тал дээр илүү анхаарч байна.

 

Ерөнхий захирал Х.БАДАМСҮРЭН:

БИДНИЙ БАРИМТАЛЖ БАЙГАА ГОЛ ЗАРЧИМ БОЛ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ БОЛООД ХЯМРАЛААС ҮҮДЭН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЗОГСОХ, БУУРУУЛАХ АЛХАМ БАЙХГҮЙ

Эрдэнэт үйлдвэр 2020 оны зорилтот түвшин, төлөвлөгөөг өндөр түвшинд баталж өгсөн. Төлөвлөгөө шахуу байгаа хэдий ч үүссэн нөхцөл байдлыг давж гарахын тулд хүдэр боловсруулалтын хэмжээг 300 мянган тонноор нэмэгдүүлж байна. Мөн зэс, молибдены металл авалтыг боломжит хэмжээгээр өсгөх шийдвэр гаргасан. Энэ нь үйлдвэрлэлийн өсөлт, технологи үзүүлэлтийн сайжруулалтаар нэмэлт орлого болох юм. Бидний баримталж байгаа гол зарчим бол эрсдэлтэй нөхцөл байдал болоод хямралаас үүдэн Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл зогсох, бууруулах алхам байхгүй. Харин ч үйлдвэрлэлээ хөгжүүлэх болно. Хамгийн гол ажилтнуудынхаа цалинг хадгалж, хямралтай байдлаас гарахад оновчтой санал гаргасан, санаачилгатай ажилтнуудаа урамшуулах, хянахад чиглэсэн тусгай журам гаргаж байна. Өөрөөр хэлбэл, зардал хэмнэсэн урамшууллыг бид хянана. Эрсдэл хямралаас бид салах учиртай. Тэгж гэмээнэ цаашдаа ашигт малтмалын гаралтай түүхий эд дэлхийн зах зээл дээр өснө. Бүтээн байгуулалтын ажлаа хийнэ гэдгээ гэж нүүр бардам хэлж байна. Гарах зардлаа аль болох хэмнэж, хэмнэлтийн тууштай бодлого явуулна. Хөрөнгө оруулалтаа эрэмбэлнэ. Тиймээс зөв сэтгэлтэй, ажлын төлөө хүн энэ хямралаас гадна байх боломжийг бид бүрдүүлж байна. Хямралыг давахад хувь нэмэр оруулсан хүн оруулсан хувь хэмжээгээр шагнал урамшуулал авах ёстой. Ингэж ажилласан цех, нэгжийнхнээ бид урамшуулна.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

Бүлэг Ярилцлага

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат нар өчигдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзан, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцууллаа.

Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн 2019 оны үйл ажиллагааны үр дүн үүсээд буй хямралыг даван туулахад гол хөшүүрэг болж байгааг онцлон хэллээ. Тэрээр уулзалтын эхэнд өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байдаггүй тул өнгөрсөн оны ажлын үр дүнгийн үзүүлэлтээ товч дурдах нь зүй хэмээв. Эрдэнэт үйлдвэр 2017-2019 онд 20 орчим сая ам.долларын геологи хайгуулын ажил хийснээр үйлдвэрийн насжилтыг 20 жилээр уртасган, улмаар 60 жил ажиллах нөхцөлийг бүрдүүлээд байна. Өнгөрсөн онд баялаг бүтээгч уурхайчдынхаа хүч хөдөлмөрөөр 37 сая тонн хүдэр олборлож, 32 сая тонн хүдэр боловсруулан, 1,2 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж түүхэн дээд амжилт тогтоосон. Ийнхүү улс, орон нутгийн төсөвт 960 гаруй тэрбум төгрөг төвлөрүүллээ. Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг бүрэн эзэмшиж, үйлдвэрийнхээ нийт эрчим хүчний хэрэглээний 30 орчим хувийг дотоодоосоо ханган, төвийн бүсийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангахад зохих хувь нэмрээ оруулсаар байна. Эрдэнэт үйлдвэр 2019 оныг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, 410 тэрбум төгрөгийн төсөв баталснаас 260 орчим тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэн, зарим тоног төхөөрөмжөө ашиглалтад оруулсан юм. Ингэснээр, элэгдэж хуучирсан тоног төхөөрөмжөө шинэчилж, үйлдвэрийн найдвартай ажиллагааны түвшингээ дээшлүүлж чадсан билээ.  

Худалдан авалттай холбоотой асуудлыг ил тод, нээлттэй болгон, хуулийн дагуу, зохих дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулахад онцгойлон анхаарснаар 65 тэрбум төгрөг хэмнэсэн бөгөөд 2020 оноос худалдан авах ажиллагааг нэг цонхны бодлогоор хэрэгжүүлж эхлээд байна. 2019 онд гадаад дотоодын банк, санхүүгийн байгууллагад зээлийн өргүй болсон нь өнөөдрийн хямралын үетэй нүүр тулахад зохих ёсны бэлтгэл болсныг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцлон тэмдэглэлээ. Тэрээр “Стандарт” банктай холбоотой 40 сая ам.долларыг буруутай этгээдүүдээс олж авах асуудал байгааг дурдаад, “Балхашмыс” компаниас авсан 20 сая ам.доллараа хямралын жилүүдэд бүтээн байгуулалтдаа зарцуулах, хямралт байдлаас гарахад далайд дусал нэмэр болж байгаа гэдгийг хэллээ.    

2020 он Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олны хувьд онцгой жил. Учир нь Эрдэнэт үйлдвэр энэ онд шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх зорилт тавьсан бөгөөд түүхэндээ байгаагүй 830 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ онд баталж, төлөвлөгөөт ажлуудаа хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр хямарсан гээд үйлдвэрлэлээ хязгаарлалгүйгээр энэ онд орлого өсгөх, бүтээгдэхүүн өгөх төслүүдээ урагшлуулна. Эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд үйлдвэрийн хэмжээнд Төв штаб ажиллаж байгаа бөгөөд 4 салбар штабыг үйлдвэрийн орлогч захирлууд хариуцан ажиллаж байгаа юм. Ерөнхий захирал хэлсэн үгэндээ “Коронавирусын тахал дэгдсэн, түүний уршгаар бий болсон эдийн засгийн хямралын үед хамтын оюун ухаан, эв нэгдэл, цех нэгж бүрийн эмх цэгц, зохион байгуулалтаар эрсдэлийг зайлуулж, хамт олон, үйлдвэрээ хамгаалах ёстой” хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.      

Уулзалтын төгсгөлд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн Онцгой дэглэмийн хугацаа дууссан ч улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа энэ үед Эрдэнэт үйлдвэр ч бүсээ чангалан, хямралыг даван туулах болно, ингэхдээ ажлын байрыг хадгалж, хүрсэн түвшингээ бууруулахгүй байхад анхаарна гэдгээ мэдэгдлээ. Эрдэнэт үйлдвэр оны эхний 3 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100-107.8 хувиар биелүүлж, өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд гүйцэтгэлээ ханган ажиллаж байна.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

Улсын Онцгой комиссоос ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу аймгийн хэмжээнд Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/192 тоот захирамж гарч, аймгийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна. Захирамжийн дагуу аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагууд өчигдөр буюу 03 дугаар сарын 31-ний өдөр ойр орчмын зам талбайд их цэвэрлэгээ зохион байгууллаа. Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүд ажлын байрныхаа орчинд их цэвэрлэгээ хийж, Урт цагаан худалдаа үйлчилгээний гудамжинд байрлах үйлчилгээний байгууллагууд явган зам, баганыг хөөсөөр угааж үлгэр жишээ цэвэрлэлээ. Аймгийн хэмжээнд зохион байгуулах ариутгал халдваргүйтгэлийг өнөөдрийн 13.00-18.00 цагийн хооронд хийхээр товлож, автомашины гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар болоод байна.

И.Чинтогтох

 

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Зургийн цомог