Телевиз

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдийг орон даяар “Мод тарих өдөр” болгон өрнүүлдэг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид үйлдвэрийн “Ногоон төгөл”-д 200 мод шинээр тарьсан бол дахин 500 мод нэмж тарих ажлыг өнөөдөр эхлүүллээ. Мод тарих ажлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс зохион байгуулж, үйлдвэрийн цех нэгжүүд хуваарийн дагуу оролцож байна. Мөн Баян-Өндөр уулын энгэрт 400 мод шинээр тарих юм. Энэ жил Эрдэнэт үйлдвэр хаврын мод тариалалтын ажлын хүрээнд Ил уурхайн гуравдугаар овоолго орчимд 2000, “Ногоон төгөл” болон Баян-Өндөр ууланд нийт 900 ширхэг шинэс мод тарихаар төлөвлөжээ. Шинэс мод нь байгалийн ямар ч нөхцөлд ургах чадвар сайтай,  үйлдвэрийн бүсэд зохицох онцгой шинж чанартай тул сонгож тарьж байгаа гэж мэргэжилтнүүд ярилаа.
     Үйлдвэрийн бүсийн эргэн тойронд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор Эрдэнэт үйлдвэр 2013 оноос “Ногоон төгөл” байгуулан, байгалийн унаган төрх бүрдүүлэхэд анхаарч байна. Өнөөдрийн байдлаар, энд 24 төрлийн 12200 орчим мод тарьж, бут сөөг суулган арчилгаа тордолгоог тогтмолжуулжээ.

М.Балжинням
Б.Баттөгс

  

  

     Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын гоцлол дуучин, МУСТА Д.Дагвадорж энэ сарын 18-20-ны өдрүүдэд ОХУ-ын Улан-Үдэ хотод болсон “Байкальский Международный конкурс-III вокалистов” буюу Дуурийн дуучдын “Байгаль нуурын олон улсын 3-р уралдаан”-д түрүүлж, ганзага дүүрэн Эрдэнэт хотдоо буцаж ирлээ. Түүнийг өнөөдөр Соёл, урлагийн цогцолборын хамт олон нь угтан авч, Их танхимын тайзан дээр хүндэтгэл үзүүлэв. Мэргэжлийн ур чадвараараа тодорч, олон орны дуучныг ардаа орхисон Д.Дагвадоржид тус цогцолборын захирал Г.Буянжаргал хамт олноо төлөөлөн баяр хүргэж, дэлхийн тайзыг эзэгнэсэн алдартай дуучин болохын ерөөлийг алд цэнхэр хадаг, мөнгөн аяганы хамтаар өргөн барьсан юм. Дуучин Д.Дагвадоржид хүндэтгэл үзүүлэх ажиллагаанд Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал оролцож, Засаг даргын шийдвэрээр Эрдэнэт хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж буйг баяртайгаар дуулгав. 2010 оноос хойш өнөөг хүртэл дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгатай ажил амьдралаа холбож, уурхайчдын яруу алдар бахархлыг дуулж яваа дуучин Д.Дагвадорж энэ үеэр сэтгэгдлээ хуваалцаж, үргэлж дэмжиж тусалж байдаг Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд, нийт хамт олон, багш нар, мэргэжил нэгтнүүддээ баярлаж буйгаа илэрхийлсэн юм. Дуурийн дуучдын “Байгаль нуурын олон улсын уралдаан” нь дөрвөн жилд нэг удаа зохиогдож, өндөр зэрэглэлийн дуурийн дуучдыг нэг дор цуглуулж, чадвар чансааг нь эрэмбэлдэгээрээ олон улсын томоохон тэмцээн юм.

М.Балжинням
Б.Баттөгс

     

 

     Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн YII хуралдаан өнөөдөр хуралдаж, цаг үеийн хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Эдгээр шийдвэрлэх асуудлын нэг нь “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах” дэд хөтөлбөр багтсан юм. Тус хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр болон Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
    Өнөөдрийн хуралдаанаар Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр хамтран хэрэгжүүлэх “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах” дэд хөтөлбөр эцэслэн батлагдаж байна. Хөтөлбөрийн Хяналтын зөвлөлд Орхон аймгийн Баянцагаан, Говил баг, Жаргалант сумын иргэдээс төлөөлөл оролцуулахаар боллоо. Тус дэд хөтөлбөр Орхон аймгийн хэмжээнд 2019-2022 онд хэрэгжинэ.

И.Чинтогтох

 

 

 

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ уламжлал ёсоор жил бүрийн 6 дугаар сарын нэгний өдөр буюу Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт  зориулан соёл урлагийн болоод бусад олон үйл ажиллагаа зохион байгуулна. Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор ахлуулсан ажлын хэсэг баярын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулан, бэлтгэл ажил ханган ажиллаж байна.
     Энэ жил Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, эцэг эх, хүүхдүүдийн хамтарсан “Хүүхдийн баяр хүслийн баяр” өдөрлөг зохион байгуулж, хүүхдүүдээ баярлуулахын зэрэгцээ 35 хүртэлх насны залуу аав ээжид “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр номын дуу сонсгоно. Мөн энэ өдөр Орхон аймгийн ЗДТГ-тай хамтран “Бид уурхайчдын ирээдүй” баярын нэгдсэн өдөрлөг А.Амарын талбайд болно. Өдөрлөгт авьяаслаг хүүхдүүд оролцож, “Сурснаа толилуулья” урлагийн тоглолтоо эцэг эх, ах эгч нар болон үе тэнгийнхэндээ сонирхуулах юм.

М.Балжинням

 

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон аймаг хамтын ажиллагааны хүрээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Тухайлбал, өнөөдөр Орхон аймгийн 4, 26, 6-р цэцэрлэгийн багачуудад “Бумбардай” цуврал номыг бэлэглэв. Төрийн болон хувийн хэвшлийн нийт 42 цэцэрлэгт 5000 орчим буддаг ном, комик цувралыг хүлээлгэн өгөх юм. Орхон аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол олгох, цэцэрлэгийн 272 бүлэг байдаг бөгөөд бүлэг тус бүрт 1 сая төгрөгийн ном, тоглоомыг уурхайчид бэлэглэж байна. Мөн төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн 7 сургуульд тус бүр 10 сая төгрөгийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн олгоно.

У.Цэрэнбат
Б.Баттөгс

 

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн багш, оюутнууд өнөөдөр “Технологийн сургуулийн өдөр 2019” үйл ажиллагааг А.Амарын талбайд амжилттай зохион байгууллаа. Уул уурхайн салбарын боловсон хүчнийг 44 дэх жилдээ бэлтгэж буй тус сургуулийг энэ хичээлийн жилд 10 мэргэжлээр 60 гаруй оюутан төгсөж байна. Өдөрлөгийн үеэр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор мэргэжил сурталчилж, эрдэмтэн багш, оюутнуудын хамтарсан бүтээлээр үзэсгэлэн гаргалаа. Мөн Технологийн сургуультай хамтран ажилладаг 50 гаруй байгууллагыг төлөөлөн “ОРА металл” ХХК, “Бэрэн металл” ХХК, “Хөх ган” ХХК, “Анд энерги” ХХК, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар өдөрлөгт оролцож, төгсөгч оюутнуудыг нээлттэй ажлын байранд урьсан. Энэ үеэр сурагчдын дунд шатар, сагсан бөмбөгийн тэмцээн явагдаж, шилдгүүдийг шалгарууллаа.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

     Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 5-р сарын эхний 20 хоногт үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ амжилттай биелүүллээ. Сарын эхний 20 хоногийн байдлаар 1421.7 мянган метр куб уулын цул гаргасан нь төлөвлөснөөс 94.41 мянган метр кубээр илүү байна. Энэ нь төлөвлөгөө 107.1 хувиар давж биелсэн гэсэн үг юм. Хөрс хуулалтын ажлыг төлөвлөснөөс 114.21 мянган метр кубээр илүү гүйцэтгэж, төлөвлөгөөт үзүүлэлт 121.6 хувиар давлаа. Харин энэ хугацаанд хүдэр олборлолт 97.5 хувийн гүйцэтгэлтэй байна.
     Баяжуулах үйлдвэр 1765.78 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөснөөс 37.18 мянган тонн илүү буюу 102.2 хувиар биеллээ. Хүдэр дэх металлын агуулга сарын эхний 20 хоногт зэсээр 0.464 хувь, молибдени 0.0169 хувийн гүйцэтгэлтэй байж, төлөвлөгөө 100-111.2 хувиар биелсэн байна. Металл авалтын хэмжээ зэсийнх 88.30 хувь, молибденийх 48.50 хувьтай байж, төлөвлөгөөний биелэлт 100 хувийн үзүүлэлттэй гарчээ. Баяжмал үйлдвэрлэлийн хувьд, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид сарын эхний 20 хоногт 32243.6 тонн зэсийн баяжмал, 238.2 тонн молибдений баяжмал тус тус үйлдвэрлэсэн байна.

М.Балжинням

 

     Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсэгт хяналтын автомат систем суурилуулан өнгөрсөн пүрэв гарагт ажиллуулж эхэллээ. Энэхүү системийн программ хангамж, угсралт,  тохируулга, суурилуулах ажлыг Анд энерги ХК гүйцэтгэв. Энэ систем нь Урвалжийн хэсгийн технологийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн ажиллаж буй төлөв, ачаалласан байдал, залгасан салгасан хугацаа, бүтээмж, ачааллын график зэргийг хянах юм. Уг системийг суурилуулснаар тус хэсгийн оператор шуурхай мэдээллээр бүрэн хангагдаж, технологийн тоног төхөөрөмжийг хянах, удирдах боломжтой болно. Өмнөх хяналтын систем тоног төхөөрөмжийн ажиллагааг цаг алдаж мэдээлэх, үүнээс шалтгаалан урвалж тасалдуулах зэрэг дутагдалтай байсан аж. Урвалжийн хэсэг нь Төв корпусын технологийн процессыг урвалжаар тасралтгүй хангах үүрэгтэй. Хяналтын дэвшилтэт  төхөөрөмжийг ашигласнаар доголдол гэмтлийг цаг тухайд нь илрүүлэн Төв корпусыг урвалжаар найдвартай хангаж, улмаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ, чанарт сайнаар нөлөөлнө. Ийнхүү Баяжуулах үйлдвэрт анх удаа WI-FI антенн ашиглаж олон тоног төхөөрөмжийн мэдээлэл дамжуулах шинэ технологи нэвтрүүллээ.

Я.ЭНХ

     Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд барьж буй 4М далангийн ажлын явцын талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхөөс тодрууллаа.

     - Энэ нь хүн хүч, техник, цаг хугацаа шаардсан том ажил. 2019 оны тавдугаар сарын нэгэнд Бүтээн байгуулалтын нээлт болгон уг ажлыг эхлүүлсэн. Далан барих бэлтгэл ажил сайн байна. Техникийн тасралтгүй үйл ажиллагааг бүрэн хангах шаардлагатай. Иймээс сэлбэг хэрэгсэл, тэсрэх бодис зайлшгүй хэрэгтэй. Белазын болон бульдозерийн хэрэгцээтэй сэлбэг хэрэгсэл худалдан авна. Нэн  шаардлагатай сэлбэг, хэрэгсэл, бараа материалаа захиалсан. Энэ ажлын талбар дээр хоёр удаа тэсэлгээ хийсэн. Дахиад 2-3 удаа тэсэлгээ хийнэ. Юун түрүүнд тэсрэх бодис авах шаардлагатай байна.

     - Даланг  ямар хугацаанд барьж дуусгах вэ?
   
- Аравдугаар сарын нэгэнд энэ ажлыг дуусгах ёстой. Хүйтэрчихвэл далан барихад хэцүү болно. Манай ажиллагчид өглөөнөөс орой хүртэл 12 цагаар ажиллаж байгаа. Урин дулааны улиралд уртасгасан цагаар ажиллана.

     - Ямар компани хамтран ажиллах вэ?
     - Хамтран ажиллах компани ажлын арвин туршлагатай байх ёстой. Уг ажлыг гүйцэтгэх компанийг тендер зарлан сонгон шалгаруулна. Тендерийн үнэлгээний хороо хамтран ажиллах компанийн нэрийг тодруулна. Одоогоор компанийн нэр хараахан тодроогүй байна. Мөн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цех, Геологи хайгуулын анги, Геологи маркшейдерийн, Үйлдвэрлэлийн, Техникийн, Барилга байгууламж хяналт төлөвлөлтийн хэлтэс, Инженерийн зураг төслийн төв гэх мэт бүтцийн нэгжүүд далан барих ажлыг хамтран гүйцэтгэх юм.

     - Ийнхүү Хаягдлын сангийн 4М даланг барьснаар үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж, ашиглалтын хугацаа 4-6 жилээр нэмэгдэнэ. Энэхүү төслийн хүрээнд 3М даланг хар шороон хөрсөөр хучиж, улмаар элсэн доторлогоо хийх замаар 4М даланг барьж байгуулахаар төлөвлөсөн. Уг ажлыг хийснээр үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, цаашид технологийн үйл ажиллагаа тогтвортой явах нөхцөл бүрдэх юм.

Т.БАТЧУЛУУН

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн хуульч Д.Пүрэв-Отгонтой ярилцлаа.

     - Хуульч хүний хувьд та Эрдэнэт үйлдвэрийн харуул хамгаалалт ямар түвшинд байна гэж үздэг вэ?
    - "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолоор “Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьект”-оор тогтоосон. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Цагдаагийн ерөнхий газартай байгуулсан “Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалт”-ын гэрээний үндсэн дээр үйлдвэрийн газрын эзэмшлийн нутаг дэвсгэр, түүний объектод үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тэсэрч дэлбэрэх бодисын үйлдвэр болон агуулахын харуул хамгаалалтыг зохион байгуулах, шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбартай хамтран ажиллаж, хяналт, шалгалтын ажлыг сайн гүйцэтгэж байна.

     - Хэдэн цэгт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна?
    
- Үйлдвэрийн бүс, объектын харуулын  28 цэгт гэрээт цагдаагийн алба хаагчид харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг. Ерөнхий захиргааны 1, 2 дугаар байр, Авто тээврийн шалган нэвтрүүлэх 1, 2 дугаар цэг, Авто тээврийн цехийн Төрөл бүрийн авто машины гарааж, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн бэлэн мөнгөний кассын үйл ажиллагааны аюулгүй байдлын харуул хамгаалалтыг ханган ажилладаг. Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын алба хаагчид үйлдвэрийн газрын есөн объектын харуул хамгаалалтыг  харуулын 17 цэгт гүйцэтгэдэг.

     - Сард хэчнээн тээврийн хэрэгсэлд хяналт тавин ажилладаг вэ?
     - Харуул хамгаалалтын алба хаагчид 2019 оны дөрвөн сард давхардсан тоогоор шалган нэвтрүүлэх зургаан цэгээр болон бусад харуулын цэгүүдээр үйлдвэрийн газрын ажилтны үнэмлэхээр нэвтэрсэн 77,584 удаагийн хөдөлгөөнд хяналт тавьж 3158 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн байна. Мөн үйлдвэрийн бүс рүү орж буй 198 төрлийн бараа, материал, үйлдвэрийн бүсээс гарч байгаа 504 төрлийн бараа материал, 13 төрлийн хоёрдогч түүхий эд зэргийн дагалдах баримт бичигт тулгалт  хийж, бүртгэлд авсан байна.

     - “Үйлдвэрийн бүсэд болон объектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам”-ын хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж байна вэ?
     - Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/142 дугаар тушаалаар батлагдсан “Үйлдвэрийн бүсэд болон объектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам”-ыг үйлдвэрийн газрын хэмжээнд мөрдүүлж, журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. “Үйлдвэрийн бүсэд болон объектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам” нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс үйлдвэрийн газарт хэрэгжиж эхэлсэн.
     -Үйлдвэрийн газрын ажилтнуудыг ажилтны цахим үнэмлэхтэй болгосон. Үйлдвэрийн бүсийн автозамын нэг, хоёрдугаар цэг, Ерөнхий захиргааны нэг, хоёрдугаар байранд суурилуулсан шалган нэвтрүүлэх төхөөрөмж /турникет/-д цахим үнэмлэхээ уншуулдаг болсноор ажлын цагийн хяналт сайжирсан.
     - Хөлсөөр ажиллах болон гэрээт төрийн байгууллагуудын ажилтнуудыг цахим үнэмлэхжүүлсэн.
     - Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу саадгүй нэвтрэх эрх бүхий хүмүүс /УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, тагнуул, авлигатай тэмцэх газар, прокурор, мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллага/-ийн үнэмлэхийг шалгаж зочны үнэмлэхээр үйлдвэрийн бүсэд нэвтрүүлж байна.
     - Үйлдвэртэй танилцах гаднын хүн, жуулчин, зочид төлөөлөгч, оюутан сурагчдын холбогдох баримтыг шалган зочны үнэмлэхээр нэвтрүүлдэг болсон.
     -Үйлдвэрийн газартай гэрээгээр ажил, үйлчилгээ үзүүлж байгаа  гаднын байгууллага, компанийн тээврийн хэрэгслүүдэд үйлдвэрийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгохдоо үйлдвэрийн газартай байгуулсан гэрээг үндэслэл болгон гэрээнд заасан хугацаагаар олгож, бүртгэл хөтөлж, хяналт тавин ажиллаж байна.
    - 2019 оны эхний улирлын байдлаар давхардсан тоогоор 81 аж ахуйн нэгж, байгууллагын 187 тээврийн хэрэгсэлд үйлдвэрийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл, 78 ажилтанд үйлдвэрийн бүсэд нэвтрэх цахим үнэмлэх тус тус олгосон байна.

     - Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол нэлээн гарах боллоо. Ер нь хэрэг зөрчилд холбогдсон хүний тоо буурч байна уу?
     - Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудаас 2019 оны нэгдүгээр  улиралд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт гурав, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон найм, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хоёр, танхайрах хэрэгт гурав, хөрөнгө завших нэг, хулгайлах гэмт хэрэгт  гурван хүн тус  тус холбогдсон. Энэ оны нэгдүгээр улиралд Орхон аймгийн хэмжээнд нийт эрүүлжүүлэгдсэн 804 хүний 15 буюу 1.8 хувь нь Эрдэнэт үйлдвэрт ажилладаг иргэд байна. Ер нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил зонхилж байгаа нь зам тээврийн осол гаргах,  бусдын эд хөрөнгө, амь насанд хохирол учруулах, өөрөө эд хөрөнгө, амь насаараа хохирох эрсдэл үүсэж болзошгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн тохиолдолд  ногдуулах санкцийг хуульчилж өгсөн байгаа. Тухайлбал, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

     - “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болсонтой холбогдуулан “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчилж баталсан. Энэ талаар тайлбарлана уу?
     - “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын А/294 дүгээр тушаалаар  үйлдвэрийн газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн баталсан. Уг журмын 8 дугаар зүйлийн 8.9-д заасан зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцож,  ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах”-аар  журамласан. Тухайлбал:
    - Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.9-ийн 8.9.19-д “Зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэл хүлээсэн ажилтнуудын ажилдаа ирээгүй хугацааг ажил тасалсан хугацаатай адилтган үзэж”  ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шинэ заалт оруулж өгсөн.
     - Үйлдвэрийн газрын ажилтнууд ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгсэл жолоодсон,  олон нийтийн газар танхайрах үйлдэл гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэл хүлээх нөхцөл байдал үүсэж болзошгүй байгаа нь үйлдвэрийн газрын шинэчлэн баталсан Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчилд тооцогдож ажлаас халах, хөдөлмөрийн гэрээ цуцлагдах нөхцөл бүрдсэн. Иймээс гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг үйлдвэрийн газрын нийт ажилтнууддаа анхааруулж байна.

     - Цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
    - Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн статус өөрчлөгдөж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болсонтой холбогдуулан одоо мөрдөгдөж байгаа “Үйлдвэрийн бүсэд болон объектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам”-ыг шинэчлэн боловсруулж батлуулна.
    - Үйлдвэрийн бүсийн эрсдэлтэй цэгүүдийг шинэчлэн тогтоож камержуулах, камерын хяналтын нэгдсэн төвтэй болох зэрэг ажил хийхээр төлөвлөөд байна.

Т.БАТЧУЛУУН

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог