Эрдэнэтээ дэмжье

     Монголын Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын дарга Ш.Даваахүү нар өнөөдөр “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурал дээр Волейболын лигийн тэмцээнийг хамтран зохион байгуулах болсноо албан ёсоор нийтийн сонорт хүргэлээ. 1995 оноос хойш 2012 он хүртэл тасралтгүй зохиогдсон Дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгчөөр 12 жил ажилласан бөгөөд холбооны зүгээс тэмцээнийг дахин сэргээх санал тавьснаар энэ ажил биеллээ олж байгаа талаар Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан хэлсэн үгэндээ онцоллоо. Тэмцээний нэгдүгээр тойргийг "Хасу Мегаватт" ХХК-ийн "ЭКО Спорт цогцолбор"-т эхлүүлэх тов гарчээ. Дээд лигийн тэмцээнд “Алтайн барс” клубээс 2, “Тэнүүн-Огоо” багаас 2, Эрдэнэтийн “Уурхайчин” клубээс 2, “Эрчим” клуб, “Хос бар”, Булган аймгаас тус бүр эрэгтэй, “Хобби эс” клуб, “Дархан Сеть”, “Инагурэ”-ээс тус бүр эмэгтэй багууд оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Тэмцээний 2 дугаар тойргийн тоглолтууд 11 дүгээр сарын 8-10-нд Орхон аймагт үргэлжилж, 3 дугаар тойргийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөөд байна. Шигшээ тоглолтууд 12 дугаар сарын 2-6-нд болох бөгөөд тэмцээнийг MNB спорт сувгаар шууд дамжуулна.

 

     

     Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд оны эхний есөн сарын үйл ажиллагааныхаа үр дүнгийн тайланг гурван хоногийн турш тайлагнаж өнөөдөр дууслаа. “Цех нэгжүүд маань өртөг зардлыг бууруулах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх талаар тодорхой санал санаачилга гаргаж, төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг бодитойгоор дүгнэж тайлагналаа. Тайлангийн үр дүнгээр цех нэгжүүдийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг нэг бүрчлэн хэлэлцэж, эхний есөн сарын төлөвлөгөө хэрхэн байсан,  дутуу байгаа төлөвлөгөөний хэрэгжилтийг цаашид хэрхэн хангаж ажиллах талаар тодорхой хугацаатай үүрэг даалгавруудыг өглөө” гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа тайлангийн хурлаа  дүгнэж ярилаа.

    Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон оны эхний есөн сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүдийг 100-107 хувиар биелүүлэн ажиллаж байна. Төлөвлөх зардлаа хэмнэж, оны эхний есөн сарын байдлаар Улс орон нутгийн төсөвт 730 тэрбум төгрөг төвлөрүүлсэн амжилттайгаар ажиллаж байна.

                                                                                           А.Бямбамаа

Фото: Б.Баттөгс

   Эрдэнэт үйлдвэрийн өргөх байгууламжууд буюу бидний нэрлэж заншсанаар гүүрэн крануудын ажиллах чадвар сайжирч байна. Үйлдвэрийн хэмжээнд 400-аад кран байгаагаас 70 орчим хувь нь ашиглалтын хугацаа дууссан өргөх байгууламжууд юм. Механикийн хэлтсээс өргөх байгууламжийн шинэчлэлд сүүлийн жилүүдэд онцгой анхаарал хандуулан, тодорхой ажлууд хэрэгжүүлснээр ажиллах чадвар эрс сайжирчээ. Он гарсаар, Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн 35 тонны 189-р гүүрэн кранд их засвар хийж ашиглалтад оруулсан байна. Мөн Тээвэр ложистикийн төвийн 20 тонны кранд их засвар хийж, ажиллах чадварыг сэргээсэн бол сүүлийн сард мөн цехийн 1029 дүгээр гүүрэн краны их засварыг гаднын байгууллага хийж гүйцэтгэснийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн томилсон ажлын хэсэг хүлээн авахаар ажиллаж байна. Урьдчилсан дүгнэлтийн дагуу ажлыг гүйцээлгэж, ирэх долоо хоногт ашиглалтад хүлээн авна. Түүнээс гадна, Засвар механикийн заводын Цутгуурын цехийн өргөтгөлийн ажилд оролцох гурван үйлдэлт гүүрэн краныг шинээр угсарч байна. ОХУ-д үйлдвэрлэсэн уг кран нь 20, найман тонны хосолмол механизмтай, соронзон шайбаар ажиллах боломжтой, сүүлийн үеийн өргөх байгууламж юм. Шинээр ирсэн энэхүү краныг Засвар, угсралтын цехийн ажилчид угсарч, техникийн туршилт, тохируулга хийж байна.
 
М.Одгэрэл

   Эрдэнэт үйлдвэрийн Гал түймэр унтраах, аврах, гэрээт 58 дугаар ангиас жил бүр  зохион байгуулдаг Тулах цэг тэмцээнд нийт 8 багийн  48  алба хаагч  оролцож  барилга байгууламж, нуранги, газар доорх аврах ажиллагаа  гэсэн гурван төрлөөр явагдаж дүнгээ гаргалаа. Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн бага дарга ахлах ахлагч  Б.Баянмөнх ахлагчтай баг 1-р байр, Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Т.Сонинзаяа ахлагчтай баг 2-р байр, Гал түймэр унтраах, аврах 56-р ангийн аврах бүлгийн аврагч,  ахлах ахлагч Ч.Балданням ахлагчтай баг 3-р байрыг эзэллээ.  Тус тэмцээний шүүгчээр нурангийн төрөлд  ахлах дэслэгч Д.Цэрэн-Очир, ахлах дэслэгч Г.Болдбаяр, газар доорх аврах ажиллагааны төрөлд дэслэгч Г.Уртнасан, дэслэгч Б.Ганзориг, өндрийн аврах ажиллагааны төрөлд дэслэгч Б.Амарбаяр, ахлах ахлагч М.Ганзориг, ерөнхий шүүгчээр гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн захирагч хошууч А.Отгонбаяр нар ажиллалаа.  Тэмцээнийг хааж, хойд бүсийн төв, Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Ганбаатар:  Цаашид аврах ажиллагаа болон гал түймэр унтраах дадлага сургуулийг чанартай сайн хийж, гаргасан алдаа дутагдлаа ярилцаж,  алба хаагчид руугаа хандсан ур чадварыг сайжруулах тэмцээнийг сар бүр зохион байгуулахыг онцгой байдлын газрын удирдах бүрэлдэхүүн болон ангийн захирагч нарт үүрэг өглөө.  Мөн тэмцээний үеэр  2018, 2019 онд шинээр албанд томилогдсон нийт алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлагын ажлыг зохион байгуулсан байна. 
 
 
 
 
 
 
 
 
 
А.Батбаяр
Фото: А.Батбаяр
   Эрдэнэт үйлдвэрт 6700 орчим ажилтан, ажилчид ажилладгаас хүнд нөхцөлд буюу үйлдвэрлэлийн бүсэд ажиллаж буй 5000 гаруй уурхайчдадаа халуун хоолны үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг.
   Хүнд нөхцөлд ажиллаж буй уурхайчид, ажилчид эрүүл, чанартай хоол хүнс хэрэглэх учиртай. Үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс энэ шаардлагыг халуун хоолны үйлчилгээ үзүүлж буй компаниудад хатуу тавин хянаж ажилладаг.  
   Ажилчдыг эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хоолоор хангах зорилготой ажилладаг Эрдэнэт үйлдвэрийн “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Сэлэнгэ катеринг”-ийн хамт олон ажилчдад халуун хоолоор үйлчилж эхлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ.  Тайлант хугацаанд өдөр, орой, шөнө гэсэн гурван удаагийн давтамжтайгаар 26 цехийн 20 672   ажилтан албан хаагчдад халуун хоолны үйлчилгээ үзүүлсэн. Үүнээс ажлын өдөр дунджаар 423 ажилчин,  амралтын өдөр 179 ажилтанд  үйлчилжээ. 
   “Сэлэнгэ катеринг”-аар үйлчлүүлж буй ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн тайлан мэдээг үндэслэн энгийн болон эмчилгээний хоолны 28 хоногийн төлөвлөгөөт цэс, технологи карт, материалын цэс, материалын цэсийн нэгтгэл зэргийг боловсруулж хоол үйлдвэрлэл үйлчилгээг явуулж байна.
   Катерингийн нэгж хоолны өртгийг тооцоолоход Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын болон Монголын Эрүүл мэндийн яамны хамтарсан зөвлөмж бичиг, Эрүүл мэндийн сайдын 2017 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн А/74 дугаар тушаалыг үндэслэн,  нэг хүний өдөрт хүнсний бүтээгдэхүүнээс авах илчлэгийн хэмжээг 3900 ккал-р тодорхойлжээ.  Энэ тодорхойлолтод орсон багцалсан хүнсний бүтээгдэхүүн нь 13 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс бүрддэг талаар “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Сэлэнгэ катеринг”-ийн дарга Б. Хантамир мэдээлсэн юм. 
   Тус хамт олон катерингийн  үйл ажиллагааг халуун хоолны сүлжээ хэлбэрт шилжүүлэн өргөжүүлэх, ISO-22001 Олон улсын стандартыг нэвтрүүлэхээр  ажиллаж байна. 
 
А.Бямбамаа
 
 
 
 
 
 
А.Бямбамаа
   Орон нутгийн үйлдвэрлэгчдийн орон зайд өөрийн байр суурийг олж, тогтвортой үйл ажиллагаа, найдвартай, шуурхай үйлчилгээгээр өнгө төрхөө тодорхойлсон резиний үйлдвэр ирэх сард 5 жилийн ойгоо тэмдэглэнэ. Монголдоо анхны бөгөөд ганц гэх тодотголтой “Мэйнспринг” ХХК-ийн хамт олныг “Эрдэнэтээ Дэмжье” булангийн ээлжит дугаарт урилаа. Тус компани үрэлт цохилтод тэсвэртэй, тээрмийн хуяг, тос, маслонд зориулсан гэх өндөр чанартай гурван төрлийн резин үйлдвэрлэж байна. Өргөжин тэлэх хүсэл тэмүүллээ өдрөөс өдөрт бүтээж яваа компанийн захирал С.Шижирбаатарын ярианаас үйлдвэрлэгчдийн зоримог алхмыг харж, өөр нэгэн шинэ санааг бодол оюундаа тусгаж авахыг зөвлөе. 
 
 
 
   -ТАНАЙ ХАМТ ОЛОНД ТАВАН ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ. ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХУВЬД ОРОН НУТГИЙН ЖИЖИГ ЗАХ ЗЭЭЛД БАЙР СУУРИА ЭЗЭЛЖ, ХӨЛӨӨ ОЛНО ГЭДЭГ АМАРГҮЙ. ӨЧИГДРӨӨС ӨНӨӨДӨРТ ИРСЭН ЦАГ ХУГАЦААГ ЭРГЭН ХАРАХАД ЯМАР ӨНДӨРЛӨГТ ХҮРЭВ?
   -2008 онд манай компани худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2013 оноос түүхий резиний төслийг боловсруулж, хэрэгжүүлсэн. Жилдээ 300 тонн хүртэлх түүхий резин үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг тухайн онд ашиглалтад оруулж, 2014 оноос өнөөдрийг хүртэл Эрдэнэт үйлдвэрийн ханган нийлүүлэгчээр ажиллаж байна. Анх 3 хүний орон тоотой ажиллаж байсан. Өнөөдөр 16 хүнийг ажлын байраар хангах хэмжээнд өргөжин хөгжлөө. Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр энэ онд судалгааны ажлуудаа эхлүүлсэн.
   Эрдэнэт үйлдвэрийн захиалгаар анх 62:52 маркийн нэг төрлийн резин үйлдвэрлэж байсан бол захиалагчийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн тусгай зориулалтын резин гаргаснаар нэр төрлөө нэмэгдүүлсэн. Орон нутагт резиний үйлдвэр байгуулснаар Эрдэнэт үйлдвэрийн эдийн засагт ч тодорхой хувь нэмэр оруулж чадсан гэж бодож байна. 700-1500 цаг ажилладаг байсан гидроцеклон нь манай бүтээгдэхүүнийг ашигласнаар дунджаар 2100 цаг ажилладаг болсон тухай үйлдвэрийн ажилтан хэлж байсан. Өнөөдрийг хүртэл хамтдаа хөгжиж байгаа л гэж ойлгодог.  
 
   -ЗАХ ЗЭЭЛИЙН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫГ ХЭРХЭН ОЛЖ ХАРСАН БЭ?
   -2012 онд судалгаа хийж үзэхэд Эрдэнэт үйлдвэр 12-14 ам.доллараар импортын резинэн бэлдэц авдаг байсан. Манайх дээрх үнийн түвшнийг зургаан ам.доллар хүртэл барьж, нийлүүлэлт хийснээр эдийн засгийн хэмнэлт талаасаа үр ашигтай, эх орны үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийсэн ажил болсон. Цаашлаад, Монгол улсын гадагшаа урсах валютын урсгалыг ихээхэн хэмжээгээр хумьсан гэж ойлгож болно. Дотоодын хөдөлмөр бүтээмж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь эдийн засагт үнэтэй хөрөнгө оруулалт болж байгаа гэдэгт итгэж байна.
 

 
   -САНААГАА ХЭРХЭН ОЛСОН ТАЛААР ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?
   -Компанийг үүсгэн байгуулагч Ш.Дэмбэрэл маань түүхий резиний хэрэглээг анх олж хараад Монголд үйлдвэрлэх боломжтой гэж үзсэн. Ингээд Орос, Хятадын үйлдвэрүүдээс туршлага судлахад аль аль нь шинж чанараараа давуу болон сул талуудтай байсан. Хятад улсын хувьд Малайз болон бусад халуун орноос түүхий эдээ татан авч резин үйлдвэрлэдэг нь биднийг “Яагаад өөрсдөө хийж болохгүй гэж” гэсэн зоримог алхам руу хөтөлсөн гэх үү дээ. Тоног төхөөрөмжөө Хятадаас аваад хийе гэж шийдсэн. Үүний үр дүнд Орос, Хятадын үйлдвэрлэсэн резинтэй харьцуулахад чанараараа хувь илүү бүтээгдэхүүн гаргасан. Тухайн үед банк, санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт босгон ажлаа эхэлж байлаа. 
 
   -САНААГ БОДИТ АЖИЛ БОЛГОХ АМАРГҮЙ. ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЭХ НЬ ХАМГИЙН ТОМ АЛХАМ БАЙХ?
   -Гол хэрэглэгч маань Эрдэнэт үйлдвэр байсан. Гаднаас авч байгаа резинийг нь дотоодоос хангана гэсэн зорилго тавьсны үндсэн дээр үйлдвэрийн үе үеийн удирдлагуудтай уулзаж, санаа бодлоо ойлгуулж чадсан. Тэд ч тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлж ирсэн. Эхний ээлжид нийт импортын 20-30 хувь, удалгүй 50-60 хувийг орлох бүтээгдэхүүнээр хангаж, сүүлийн жилүүдэд 100 хувь нийлүүлэлт хийдэг болсон. Өөрөөр хэлбэл, тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан дүн ямар байна, тэр хэмжээгээр нийлүүлэлт хийх чадамжтай болсон. Энэ онд 120 тонн энгийн резин, 30 тонн тусгай зориулалтын резинээр хангах гэрээ байгуулсан. Манайх 2017, 2018 онуудад Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Резин цехийн захиалгаар бүтээгдэхүүн нийлүүлж байсан. Эрдэнэт үйлдвэртэй харьцуулахад төмөр замын салбарт хэрэглээ нь харьцангуй бага буюу жилдээ 3-4 тонныг л авдаг. Ямартаа ч бид чадсан, энэ бол баялаг бүтээгчдийн нэг бахархал.
 

   -ЦААШДЫН ЗОРИЛГО?
   -Дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж байна. Манай бүтээгдэхүүний шинж чанар, үзүүлэлтийг тодорхойлоход автомашины дугуй хийх боломжтой гэсэн. Шинэ төрлийн ажилд сорилт хийж үзнэ. 

   -ҮЙЛДВЭРЛЭГЧ БАЙХЫН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛ?
   -Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн хамтын ажиллагаа тасраагүй цагт бидэнд хөгжих боломж нээлттэй байна. Гагцхүү резиний технологич мэргэжилтэй хүн Монголд хуруу дарам цөөн. Энэ чиглэлээр хамгийн сайн мэргэжилтнүүд Эрдэнэт үйлдвэрийн Резиний тасагт ажиллаж байна. “Автобус 3” компани, Улаанбаатар төмөр зам резин цехтэй байсан, одоо хувийн хэвшилд ажилладаг ганцхан байгууллага бий. Бид хөгжлөө тодорхойлж, боловсон хүчний баазаа зузаатгах үүднээс хойд, өмнөд хөршид шинэ мэргэжилтэн бэлтгэх бодолтой байна. Төгсөх ангийн, энэ чиглэлээр сурах хүсэл сонирхолтой, тууштай ажиллах хүн бидэнд хэрэгтэй. Хоёр хүүхдэд санал тавьсан ч тоймтой хариу аваагүй л байна. Өнөөдрийн байдлаар гадаад мэргэжилтнээс тусламж авч, хамтран ажиллаж байна. Ажилтнаа сургаад авчихвал маш том боломж бидний өмнө нээгдэнэ. Мөн үйлдвэрлэгч нарт татварын хөнгөлөлт чухал байна. Томоохон хөшүүрэг болох нь гарцаагүй.
 
 
   -АЖИЛТНУУДЫНХАА НИЙГМИЙН АСУУДЛЫГ ХЭРХЭН ШИЙДДЭГ ВЭ?

   -Манайх жилдээ 300 тонн резин үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ жилийн хувьд Эрдэнэт үйлдвэр 150 тонны гэрээ хийсэн. Ажилчдаа 100 хувь ажлаар хангаж байгаа ч сул зогсолт хийсэн үедээ цалинг нь өгдөг. Энэ нь ч тухайн айлд бодитой хөрөнгө оруулалт болж байна. Манайх 2-6 жил ажилласан туршлагатай ажилчдаа тогтоон, урт хугацаанд ажиллуулахыг эрмэлздэг. Хэдий жижиг үйлдвэр ч гэлээ 10 гаруй ам бүлийн амьжиргааны баталгааг хангаад л байдаг юм. 
 
   -СҮҮЛИЙН АСУУЛТЫГ ТАНД ҮЛДЭЭЕ?
   -Бидэнд итгэсэн. Итгэлийг алдахгүйн тулд бараа бүтээгдэхүүнийхээ чанар үзүүлэлтийг тогтмол сайжруулж байна. Монгол Улсын төсвийг бүрдүүлэхэд томоохон түлхэц болсон “Эрдэнэт үйлдвэр” үр бүтээмжтэй ажиллахад чадлынхаа хэрээр хувь нэмэр оруулах болно. Би хувьдаа олон мянган залуус шинийг сэтгэж, зах зээлд өрсөлдөх, импорт орлох бүтээгдэхүүн бий болгоосой гэж хүсдэг. Боломж нь хангалтай бий.
 
 
 
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
 
 
   Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн хэлбэлзэл, үнийн бууралт өсөлт тогтворгүй байх нь Эрдэнэт үйлдвэр төдийгүй зэс үйлдвэрлэгч томоохон компаниудын эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Гэсэн хэдий ч Эрдэнэт үйлдвэрийн баялгийг бүтээгч уурхайчид, баяжуулагчдын хувьд хямралын эсрэг шат дараатай олон талт үйл ажиллагааг төлөвлөн, түүнийгээ бодитойгоор хэрэгжүүлснээр үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавруудыг тогтмол 100-с дээш хувиар  биелүүлсэн амжилттай ажиллаж  байна. Техник технологийн дэвшил өдрөөс өдөрт хурдацтайгаар нэмэгдэн идэр настай Эрдэнэт үйлдвэрт  тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үе шаттай зохион байгуулж, амжилт ололтын дээдээр түүхийн хуудсыг  зузаалсаар л байна. Тэртээ 1978 онд Эрдэнэт гэдэг их айлын шавыг тавилцаж, Монголын өнцөг булан бүрээс олон зуун залуучууд мөр зэрэгцэн түүчээлж өнөөдрийн өндөрлөгт үйлдвэрийнхээ нэрийг мөнхжүүлсэн. 
   Илгээлт өвөрлөн, итгэл хүлээсэн хэсэг залуус Эрдэнэтийг зорихдоо дэлхийн хэмжээний томоохон үйлдвэрийн эзэд болно гэж санаа ч үгүй нь мэдээж. Гэтэл өнөөдөр 6000 гаруй ажилчидтай том өрх айл болж өсөн дэвжиж, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын ар гэр, Орхон аймаг төдийгүй Улс орны эдийн засагт асар их хувь нэмэр оруулан дэлхий дахинд Эрдэнэт хэмээх эрхэм алдар нэрийг цуурайтуулсаар л байна. 
 

 
   Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд өөр хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, зогсолтгүй эргэх тээрмийн хүрдний аясаар хөг нийлүүлэн хөгжил дэвшлийн төлөө тасралтгүй ажиллаж, нэн түрүүнд ослыг тэглэх эрхэм зорилгоо биелүүлэхийн төлөө өглөөний мандах нартай уралдан уурхайчид баяжуулагчид маань нэгдсэн автобусны цуваагаар уурхайн зүгт урагшилдаг. Техник, технологийн бүрэн бүтэн байдал үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаанд нэн чухал. Үүнээс чухал нь техник, технологийг ажиллуулах чадварлаг баг хамт олон ажилчид, мэргэжлийн болон мэргэшсэн инженер техникийн ажилтнууд юм.  
   Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, удирдлагын багийнхан ажилчдынхаа нийгмийн асуудлыг нэн түрүүнд тавьж, аюулгүй зөв ажиллах орчин нөхцөл, амьдрах орон сууц, сурч боловсрох сургууль, эмнэлэг, спортын болон соёлын ордон гээд л Монгол улсын хэмжээнд хаана ч байхгүйгээр нийгмийн асуудлыг хариуцлагатайгаар анхаарч ирсэн нь нийгмийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж байгаагийн жишээ. Түүнчлэн ажилчдын ар гэр, үр хүүхдэд зориулсан сургууль, цэцэрлэг, амарч сувилуулах цогцолбор, зуны дэлгэр цагт саам эмчилгээ, цас оруулагч бүхий цанын бааз, амралтын бааз гээд л ажилчид алжаал ядаргаагаа бүрэн тайлах, эрүүл ажиллах нөхцөл бололцоог хангаж өгсөн байдаг. 
   Хөдөлгөөн эрүүл  мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс эрүүл  мэндийн зам байгуулж, ажилчид дугуйтай болон явганаар алхаж ажилдаа ирж буцах нь идэвхтэй хөдөлгөөн гэдгийг онцлох нь зүйтэй болов уу. 
   Эрдэнэт уулын минь буян их ээ. Эрдэнэтийг дагасан хот сүндэрлэж жилээс жилд хүн амын тоо өсөн нэмэгдэж Эрдэнэт уулын хаяанд ард иргэд амар тайван ажиллаж амьдарсаар л байна. Уул уурхайн салбарынхны сэтгэлийг зовоодог нэг асуудал нь уул уурхайн нөхөн сэргээлт. Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон уул уурхайн нөхөн сэргээлтэд ихэд анхааран, шат даараатай олон талт ажлуудыг хийсний нэг нь “Ногоон төгөл” төсөл юм. Эрдэнэт үйлдвэрийг тойрсон хэдэн арван га талбайг зүлэгжүүлэн, мод, бут тарьж , цех нэгжүүд өөрсдийн талбайгаа   хариуцан модны ургалтад ихэд анхааран усалгаа, арчилгаа хийж, мод үрслүүлэх нь уурхайчдын хийх ёстой жирийн л нэг ажил болж чадсан нь сайн талтай. 
   Эрдэнэт уулын гүн жилээс жилд доошлох нь уул геологийн нөхцөл байдалд нөлөөлөх нь мэдээж. Гэсэн хэдий ч  Эрдэнэт үйлдвэрийн ажилчид үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг ханган, төлөвлөгөөт даалгавруудыг амжилттай биелүүлэн жилээс жилд хүдэр ачилт, хүдэр  олборлолтын төлөвлөгөө өсөн нэмэгдэж байна.  
 

 
   Ололт амжилт бүхэн уурхайчдыг хурцлан, илүү ихийг хийх бүтээх санал санаачилгыг төрүүлэх нь оюуны бүтээл олноор төрөхөд нөлөөлжээ. Иймдээ ч Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэрэмжит Инноватор цомын эзэн багийг тодруулан 100 сая төгрөгийн эзэд тодорч байсныг онцлох нь зүйтэй. Сүүлийн гурван жил ажилчдын энэхүү оюуны бүтээлийг шалгаруулж, ажилчдын оролцоо нэмэгдэж, эдийн засгийн хувьд асар их хэмнэлт бүхий санал санаачлалыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн үр дүнгээ өгсөөр байна. 
   Дөчин хоёр намрыг хамтдаа угтаж байгаа тус хамт олон хэмнэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж дэлхийн зах зээл дээр өрсөлдөх, өөрийн эзлэх байр суурийг Эрдэнэт үйлдвэр бататгаж чадлаа. Үүнтэй зэрэгцэн ажилчдын цалин хөлс, бодит орлогыг нэмэгдүүлэн жилд хоёр удаа ажилчдын үндсэн цалинг нэмэн, үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл зэргээр ажилчдыг үнэлэн урамшуулах нь бас л Монгол улсын хэмжээнд аль ч  салбарт, аль ч албан газар байхгүй үйл ажиллагаа болсон юм. 
   Ажилдаа дуртай, хайртай байх нь ажлыг ЗӨВ хийх дадал зуршилд хүргэж байгаа гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн ажилчид хэдийн ойлгожээ. Энэ ч утгаар сайн ажиллавал төдий чинээ цалин хөлс нэмэгдэж, ая тухтай амьдрах боломжтой гэдэг зөв арга барилыг түгээн дэлгэрүүлсэн “ЗӨВ” алхам болсон юм. Иймээс ч ажилчид ЗӨВ амралт, ЗӨВ үйлд суралцан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг эрхэмлэн аюулгүй ажиллагаанд суралцах нь Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын эрхэм зорилгын нэгдэл юм. 
   Он цагийн урсгалд салбартаа түүчээлэн ирсэн Эрдэнэт үйлдвэрийн баг хамт олон нэгэн санаа зорилготой байж, анхдагч, ахмадууд, дунд үе, залуу үе гээд гурван цагийн хэлхээнд сүлжээг нь тааруулан урагшилсаар л байна. Эрдэнэт үйлдвэрийн захиргаанаас үйлдвэрийнхээ ажилчид,  үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөл, Эмэгтэйчүүдийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Залуучуудын холбоо зэрэг олон нийтийн байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажиллаж Хамтын гэрээгээр зохицуулагдан нийт ажилчдын эрх ашиг, нийгмийн асуудалд анхааран хамтран ажиллаж байгаа нь сайшаалтай. 
   Идэр настай их үйлдвэрийн бүтээн байгуулалтад гар бие оролцож өнөөдөр гавьяаныхаа амралтад гарсан азай буурлуудаас төр нийгмийн зүтгэлтэн, төрийн шагналт, хөдөлмөрийн сайчууд олноор төрөн, өнөөдөр үр бүтээлтэй ажиллаж байгаа олон мянган ажилчид үйлдвэрийн түүхийг өнгөлсөөр л байна. 
   Өдрөөс өдөрт техник, технологийн дэвшил хурдацтай тархаж байгаа энэ үед дэлхий нийтийн жишигтэй хөл нийлэн техник технологийн хувьслыг Эрдэнэт үйлдвэрт нэвтрүүлэн нутаагшуулсаар л байна.  Үүнтэй зэрэгцэн үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг ханган, Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд сар бүр даван биелж, хамтын хүчээр Монгол улсын эдийн засагт асар их хувь нэмрээ оруулсаар байна. Зуун зуунаар дурсагдах алдар гавьяаны эзэд, уурхайчид баяжуулагчдын нөр их хичээл зүтгэлийг бид мартах учиргүй ээ. Эрдэнэт үйлдвэрийн түүхийг уурхайчид баяжуулагчид бид бичилцсээр л байна...
 
                                                                                                                     А.Бямбамаа
 

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог