Телевиз

     “Эрдэнэт үйлдвэр – 40” Эрдэм шинжилгээний бага хурлын нээлтийн үеэр Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн захирал, доктор профессор С.Давааням ингэж тодотгосон. Тэртээ 1975 оны 10 дугаар сард  Эрдэнэт үйлдвэрийн дэргэд “Сургалтын төв” нэртэй байгуулагдаж байсан мэргэжил сургалтын төв эдүгээ ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль болон өргөжиж, Эрдэнэт төдийгүй Монгол орны уул уурхайн салбарт өндөр ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэж иржээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн овооны дэргэд Эрдмийн овоо хэдийнэ сүндэрлэн боссон гэдгийг доктор С.Давааням онцоллоо.
     Тус сургууль нь Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэл хосолсон үйл ажиллагаа явуулж  ирсэн.  Өнөөгийн зорилтоо нийгэм, Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн шаардлага хангасан мэргэжилтэн бэлтгэх, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн таатай орчныг бүрдүүлж, өрсөлдөх чадвартай боловсрол олгох замаар Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулна гэж тодорхойлон ажиллаж байна. Уг сургууль түүхэн хөгжлийнхөө хугацаанд нийт 117 мянган инженер техникийн ажилтан, нарийн мэргэжлийн ажилчдыг бэлтгэн төгсгөжээ. Тэдгээр төгсөгчдөөс өнөөдрийн  Эрдэнэт хотын захирагч, Баян-Өндөр сумын Засаг дарга болон Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын багийн чадвартай инженерүүд төрөн гарсныг сургуулийн захирал бахархалтайгаар тэмдэглэв.
     2017 оноос Технологийн сургуулийн хамт олон сургалтын үйл ажиллагаандаа чанарын менежментийн  тогтолцоог нэвтрүүлэн,  сургалтын хөтөлбөрөө үр дүнд суурилсан хөтөлбөр болгон өөрчлөн сайжруулж, амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Доктор С.Давааням энэхүү зорилтоо цаашид бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд  “Эрдэнэт үйлдвэр 40” эрдэм шинжилгээний хурлын зочид төлөөлөгчдийн үнэтэй санал бодол, зөвлөгөө том  байр суурь эзэлж, Эрдмийн овооны хамтын ажиллагааны шинэ боломж нээгдэнэ гэж оролцогчдод уриалав.  

     Зууны манлай бүтээн байгуулалт  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхт 40  жилийн ойд зориулсан томоохон үйл ажиллагааны нэг өнөөдөр Орхон аймагт эхэллээ. Монгол улсын уул уурхайн салбарын нэрт зүтгэлтнүүд, эрдэмтэн, судлаач инженерүүдийн төлөөллүүд нэгэн дор чуулсан “Эрдэнэт үйлдвэр 40” эрдэм шинжилгээний бага хурал эрдэс баялгийн асуудлыг бүхий л талаас нь хэлэлцэх юм. Бага хурлыг нээж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн хурлын зорилтыг тодотголоо.
     Тэрээр “Та бид намрын энэ сайхан налгар өдөр уул уурхай тойрсон чухал асуудлыг ярилцахаар цугласан байна. Өнөөдөр бид эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг зохион байгуулж, дараагийн өдөр нь 1000 инженерийн чуулганаа хийнэ. Бидний энэхүү үйл ажиллагаанд салбарын яамны төлөөлөл хүрэлцэн ирж, ач холбогдол өгч буйд талархаж байна. Монголын уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийн үед тус яамыг удирдаж явсан Хөдөлмөрийн баатар, нэрт геологич, доктор Ч.Хурц болон бусад ахмад ажилтнууд оролцож буйг баяртайгаар дуулгая. Шинжлэх ухааны академи, их дээд сургуулиуд, баялаг бүтээгч, эрдэмтэн судлаачид энд цугласанд олзуурхаж  байна. Эндээс харахад, бид энэ удаа зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн зэс молибдений тухай биш салбарын гал тогооны өргөн сэдвийг олон талаас нь үр дүнтэй ярилцах болно. Тодруулбал, төмрийн хүдэр, жонш, металлургийн тухай хэлэлцэж, том утгаараа газрын доорх байгалийн баялгийг газрын гадаргуу дээр гаргаж, үндэсний баялаг болгон хувиргах уурхайчдын хөдөлмөрийн ирээдүйн зорилтыг тодорхойлно. Нөгөө талаар гарын таван хурууны зарчмаар хийгддэг уул уурхайн салбарын геологи, олборлолт, баяжуулалт боловсруулалт, гүн боловсруулалтын технологийн шинэ мэдээлэл, арга туршлага, судалгааны бүтээлүүд хурлын үеэр  танилцуулна. Энэ он бол манай үйлдвэрийн хувьд онцлогтой жил. Эрдэнэт анхны баяжмалаа үйлдвэрлэж гаргасны түүхэн 40 жилтэйгээ золгож буй.  Уул уурхайн салбарын хөгжил дэвшлийн түүчээ болж ирсэн түүхэн замналын ололт амжилтаа бид дүгнэн цэгнэж байна. Мөн цаашдын зорилтоо тод томруунаар дэвшүүлж буй. Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх 15 жилийн хөгжлийн үндсэн чиглэлээ боловсруулан, хэрэгжүүлж байна. Бидний бодлого, хөтөлбөр, төлөвлөлт маш тодорхой. Үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд бид харилцан уялдаа холбоог илүү нягт нямбай болгохыг зорьж байна. Бид хөгжлийн бодлогоо таван чиглэлээр тодорхойлсон. Техникийн, технологийн, байгаль орчны, мөнгө санхүү, хүний нөөцийн үндсэн таван бодлогын хэрэгжилтийн үйл явц, үр дүнг Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд биш  салбарынхаа өргөн хүрээг хамруулан, мэргэжлийн өндөр түвшинд хэлэлцэж зөвлөлдөнө” хэмээн онцлов.
     Нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, ахмад геологи Ч.Хурц, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн захирал, доктор профессор С.Давааням нар үг хэлж, уул уурхайн салбарын хөгжил, тулгамдсан асуудал болон ахиц дэвшлийн талаар санал бодлоо онцлон тэмдэглэсэн.  
     “Эрдэнэт үйлдвэр-40” Эрдэм шинжилгээний бага хурал уул уурхайн ашиглалт баяжуулалт, Эрдэнэтийн овооны геологи хайгуулын судалгаа, Уул уурхайн дэд бүтцийн хөгжил, Металлурги, машин үйлдвэрлэл, засвар үйлчилгээ, Байгаль орчны тогтвортой хөгжил, Оюутны эрдэм шинжилгээний бүтээл чиглэлээр үргэлжилнэ. Маргааш жил бүр Эрдэнэт үйлдвэрээс зохион байгуулдаг “1000 инженерийн чуулган” уламжлал ёсоор зохион байгуулагдаж, бага хурлын зочид тус үйл ажиллагаанд оролцох аж.   

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2018 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Зургийн цомог