Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 7-р сар 2019

   Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөт үзүүлэлтүүд оны эхний хагас жилд 100 давсан хувиар биелж, бүтцийн нэгжүүд “Хангалттай сайн” үнэлэгдлээ. Нэгдсэн дүнгээс харахад хүдэр олборлолт өмнөх оны мөн үеэс 320 мянган тонн, хүдэр боловсруулалт 407 мянган тонн, зэсийн баяжмал 1670 тонн, молибдены баяжмал 135.6 тонн илүү үйлдвэрлэсэн байна. Эрдэнэт үйлдвэр оны эхний хагас жилд цэвэр ашгийг төлөвлөснөөс 60.8 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж, улс болон орон нутгийн төсөвт 570 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Үйлдвэрлэлийн болон санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд шинэ дээд амжилт тогтоож, Эрдэнэт үйлдвэрийн хамт олон хөдөлмөр бүтээлийнхээ үр шимийг амжилтаар ахиуллаа.
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх “Үйл ажиллагааны хагас жилийнхээ тайланг дүгнэхэд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтүүд бидний хүссэн хэмжээнд хараахан хүрсэнгүй. Ирээдүйг харсан томоохон төслүүдээ хөдөлгөж, хөрөнгө оруулалтын төлөвлөсөн ажлуудаа цаг алдалгүй хийх шаардлагатайг бидэнд сануулж байна. Тендерийн тухай хууль болон тендерт оролцогч компаниудын маргаантай асуудлаас болж хугацаа алдсан ажлууд бий. Энэ оны хоёрдугаар хагас буюу 7, 8, 9 дүгээр сарыг дуустал эдгээр хөрөнгө оруулалтын ажлаа нөхөх нэгдсэн төлөвлөгөө гаргалаа” хэмээсэн. Уурхайчид хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтийг 10 дугаар сарын 1-нд 75 хувь, оны төгсгөлд 100 хувьд хүргэх зорилго тавьжээ.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс


 

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны долоодугаар сарын 18-ны өдрийн А656 тоот тушаалаар үйлдвэрийн газарт Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрүүдийг боловсруулан, хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үйлдвэрийн газрын ажилтнуудын дунд “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”, “Ахмад ажилтанд зориулсан хөтөлбөр”, “Залуу ажилтныг дэмжих манлайллын хөтөлбөр”-ийг боловсруулахад шаардлагатай тандалтын судалгааг ажлын хэсгийн гишүүд мэргэжлийн сэтгэл зүйн багтай хамтран хийж эхэллээ.
   Хүний нөөцийн цогц хөтөлбөр нь ур чадвартай, мэдлэг боловсролтой ажилтныг дэмжин урамшуулж, хөдөлмөрийн бүтээмжийг үнэн зөвөөр үнэлэн, ажилчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, аюулгүй ажиллагааг хангахад чиглэх юм. Судалгаанд оролцогчдыг Эрдэнэт үйлдвэрийн 6500 гаруй ажилтнаас түүврийн аргаар сонгон авч, 400 хүнийг хамруулахаар төлөвлөжээ. Цогц хөтөлбөрийг ирэх есдүгээр сарын сүүлчээр боловсруулж, 10 дугаар сарын нэгнээс хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэж байна.   

И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

   Дулааны цахилгаан станц нөөцгүй ажилладаг тоног төхөөрөмжүүдээ 24 цаг зогсоож, засварлан энэ сарын 27-ноос 28-нд шилжих шөнө залгасан тухай станцын дарга Г.Мөнх-Эрдэнэ мэдээллээ. Тус хамт олон  төлөвлөсөн 75 ажил, засварын явцад гарсан нэмэлт ажлыг амжилттай гүйцэтгэлээ.  Худаг доторх байнгын ажиллагаатай задвишкууд солих, уур, усны шугам засварлах, эргэлтийн болон хөргөлтийн усны том бассейнуудыг шавар, хогноос цэвэрлэх гэхчлэн төлөвлөсөн ажлуудаа бүрэн хийжээ. Бямба гарагийн  23-24 цагийн хооронд Баяжуулах үйлдвэрт технологийн уур өгөх төлөвлөгөөтэй байсныг 22:30 цагт өгсөн ба засварын ажлаа хугацаанаас нь өмнө дуусган станцын үйл ажиллагааг  жигдрүүлжээ. Байнгын өндөр хэм, өндөр даралтад ажилладаг дулааны эрчим хүчний тоноглолын төхөөрөмжүүдийг зогсоож, эргэн залгахад түвэгтэй байдал үүсэж, задвишк жийргүүд хатах, хөрөлт тэлэлтэд орж хагарах  тохиолдол гардаг аж. Энэ жилийн хувьд ганц нэг ийм тохиолдол гарсныг мэргэшсэн хамт олон амжилттай засварлажээ. Их зогсолтоор тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг  хангаснаар  өвөлжилтийн  бэлтгэлийн зарим ажлаа ч базаажээ.  Нүүрсээ нөөцлөх нь Дулааны цахилгаан станцын өвөлжилтийн бэлтгэлийн гол ажил бөгөөд одоогоор  62 мянган тонн нүүрсний нөөцтэй байна. Энэ нь 50 гаруй хоног хэрэглэх нүүрс аж.

Я.ЭНХТУЯА



 

   Улсын хэмжээнд стандартын шаардлага хангасан эко ариун цэврийн байгууламжтай аймаг, хот одоогоор алга. Эрдэнэтчүүд энэ байгууламжийн анхдагчид болох зорилт тавьснаар 608 сая төгрөгийн хөрөнгө шийдвэрлэн, гүйцэтгэгчээр “Мөнх тэнгэрийн ташуур” ХХК-ийг шалгаруулжээ. Хөрс болон орчны бохирдлоос ангид байж, ундны усаа хамгаалан, гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд томоохон ач холбогдолтой энэ ажлын явцын мэдээллийг ажлын хэсгийнхэн өнөөдөр танилцууллаа.
   Судалгааны дүнгээр Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант суманд 17 мянган айл өрх нүхэн жорлонтой гэсэн мэдээлэл бий. Хөрсөнд их хэмжээний бохирдол үүсгэдэг нүхэн жорлонг стандартад нийцүүлэх энэхүү ажилд орон нутгийн төсвөөс 277.5 сая төгрөг, БОАЖ-ын Сайдын зардлаас 250 сая төгрөг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 95 сая төгрөгийн санхүүжилт босгосон байна. Үүний дагуу аймгийн Засаг даргын 2019 оны долоодугаар сарын 19-ний өдрийн А528 тоот захирамж гарч, “Эко ариун цэврийн байгууламж барих иргэдэд урамшуулал олгох тухай” журам батлагджээ.
   Нэг бүр нь 1 сая 997 мянган төгрөгийн үнэ бүхий, хоёр хаалгатай эко ариун цэврийн байгууламжийг Баян-Өндөр сумын баг бүрд 19, Жаргалант суманд 24 буюу нийт 290 өрхөд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр суурилуулж өгөх юм. Ингэхдээ Орхон аймгийн харьяат, гэр хороололд байнга оршин суудаг, хашааны зай талбай нь хүрэлцэхүйц, ойрын хугацаанд инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй зэрэг тодорхой шалгуур хангасан айл өрхөөс сонголт хийнэ гэж албаныхан хэллээ. Иргэдийн хүсэлтийг сумдын Засаг даргын Тамгын газарт хүлээн авах бөгөөд энэ сарын 28-аас 14 хоног үргэлжилнэ. Хүсэлт өгөөд хамрагдаж чадаагүй айл өрхийн тухайд ирэх жил боломж байгааг сануулж байна.

И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн




 

   Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран зохион байгуулсан “Жендер ба хүний эрх” сэдэвт сургалтад цех, хэлтсийн ажиллагчдын төлөөлөл хамрагдлаа. Сургалтаар хүний эрхийн талаар ойлголт өгч, ажлын байранд үүсэж болох дарамт, түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлсон юм. Өдөр тутамд тохиох хэр нь үл анзаарагдах “ажлын байрны дарамт”-ын хэлбэрүүдийг мэдэж авснаар хувь хүн бүр эрхээ зөрчигдөж байгаа эсэхийг анзаарч, шаардлагатай үед хаана хандах, хэрхэн өргөдөл, гомдол гаргах зэрэг тал бүрийн мэдлэгээ зузаатгалаа.
   Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Орхон аймаг дахь референт иргэдээс ирсэн гомдлыг хянан шийдвэрлүүлэх, хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх үүргийг хүлээн, тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Манай аймгийн хувьд оны эхний хагас жилийн байдлаар 13 иргэнээс гомдол санал хүлээн авч, шийдвэрлэжээ. Ингэхдээ Хүний эрхийн Үндэсний Комиссын хуулийн дагуу шаардлага хангасан, шийдвэрлэх боломжтой гомдлыг хүлээн авдаг тухай Орхон аймаг дахь референт Ё.Эрдэнэболд хэллээ. Тэрээр он гарсаар төрийн болон төрийн бус таван байгууллагад сургалт , үйл ажиллагаа зохион байгуулж, 67 иргэнд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгчээ.&