Бидний тухай
Даваа, 30 3-р сар 2020 00:00

Нээлттэй ажлын байр

Ажлын байрны нэрс

Ажлын байрны орон тоо

Бүртгэл эхлэх дуусах огноо

Тавигдах шаардлага

Материал хүлээн авах хаяг

Вебсайтын мэргэжилтэн

1/нэг/ үндсэн,

ажлын байр

2020.03.30-ны өдрөөс 2020.04.10-ны өдрийг дуустал

Боловсрол: Дээд

Мэргэжил: Програмист, веб дизайнер

Мэргэжлийн түвшин: Бакалавр ба түүнээс дээш

Туршлага: Веб хөгжүүлэлт чиглэлээр 1-ээс доошгүй жил ажилласан.

Мэргэжлийн чадамж: Веб хуудас бүтээх болон график дизайны программуудыг эзэмшсэн байхаас гадна ASP.NET, SQL Server, Javascript, PHP MySQL, Server side includes JSP зэрэг программ хангамжуудын мэдлэгтэй байх, цахим орчинд дүн шинжилгээ, хяналт, судалгааг мэргэжлийн өндөр түвшинд хийдэг байх, мэдээллийн системийн аюулгүй ажиллагаа, хамгаалалтын талаар зохих мэдлэг эзэмшсэн байх, гар утасны веб хөгжүүлэх, Android болон IOS программ хөгжүүлэх

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэдийн материалыг бүртгэлийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын Хүний нөөцийн албаны 212 тоот өрөөнд хүлээн авна.
Бүрдүүлэх материалын жагсаалт:
1. Иргэний үнэмлэхийн хуулбар
2. Ажилтны анкет бөглөх
3. Дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх)
4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохдоо бичиг баримтаа эх хувиар нь авч ирнэ. Тухайлбал: иргэний үнэмлэх, диплом, мэргэжлийн үнэмлэх.
Анкет болон бүрдүүлж өгсөн материалуудыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу. 
Харилцах утас: 757-73754.

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.erdenetmc.mn/human_resource/vacancy_2019/

Баяжуулах үйлдвэрт оны эхний хагас жилд эрчим хүчний чиглэлээр хийгдэх хөрөнгө оруулалтын  ажлын  талаар Эрчим зүйн албаны дарга Ц.Намжилдоржоос тодрууллаа.

-Хөрөнгө оруулалтаар ямар ажлууд хийгдэх вэ?

-Эрчим хүчний чиглэлийн хөрөнгө оруулалтаар томоохон гурван ажил хийнэ. Эдгээр нь 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж, тендерт шалгарсан, ихэнх тоног төхөөрөмж нь нийлүүлэгдсэн ажил юм. Одоо бид угсралтын ажилд  бэлтгэж байна. Хамгийн эхэнд Нунтаглан баяжуулах хэсгийн есөн том тээрмийн зөөлөн асаалтын төхөөрөмж солино. Украйн улсад үйлдвэрлэсэн, 2000 онд суурилагдаж, 20 жил ажилласан төхөөрөмж хуучирсан. Үйлдвэрлэгч нь ажиллахаа больж,  сэлбэггүй болсон. Цаашид тээрмийн хэвийн ажиллагааг хангах шаардлагад нийцэхээргүй болсон тул солих шийдвэр гаргасан. Дөрөвдүгээр  сард төхөөрөмж нийлүүлэгдэнэ.

-Шинээр тавигдах зөөлөн асаалтын төхөөрөмж ямар онцлогтой вэ?

-ABB фирмийн орчин үеийн бүрэн автоматажсан 6 кВольт, 4 мВт давтамжийн хувиргагч юм. Үүнийг ашиглан тээрмийг зөөлөн залгахаас гадна, зөөлөн зогсоох нэмэлт функцтэй. Аливаа тээрмийг зогсоохдоо хүдрээ хоосолдог. Одоо манай практикт тээрмийг 40 минутаас дээш хугацаагаар, үндсэн хурдаар нь эргүүлж зогсоодог. Хүдэр багассан үед тээрэм дэх шаар болон хуягийн хооронд маш их хэмжээний үрэлт, цохилт болж, шаар хагарах, хуяг элэгдэх, гэмтэх нь элбэг. Хүдэр багасахын хэрээр тээрмийн эргэлтийг удаашруулах замаар зөөлөн зогсоосноор  шаар, хуягийн гэмтэл буурч,  эдийн засгийн ихээхэн үр ашиг  гарна гэж бид тооцож байна.

-Хийн үлээгүүрийн машин суурилуулна гэсэн. Энэ талаараа...?

- Нунтаглан баяжуулах хэсгийн баяжуулалтын машинуудыг баяжуулах процесст шаардлагатай агаараар хангадаг хийн үлээгүүрийн машиныг солихоор бэлтгэж байна. Өмнөх машины агаар шахах хүчин чадал нь минутад 400м3 бол одоо 800м3 болж нэмэгдлээ.  Франц улсад үйлдвэрлэсэн, орчин үеийн  хийн үлээгүүрийн машиныг суурилуулснаар цахилгаан эрчим хүч хэмнэхээс гадна баяжуулах процессыг агаараар хангах нөөц ихсэх давуу талтай. Өнгөрсөн жил яг ийм хийн үлээгүүрийн машин суурилуулсан нь амжилттай ажиллаж байна.

-Гурав дахь ажил нь юу вэ?

-Нунтаглан баяжуулах хэсгийн есөн тээрмийг зөөлөн асаах үед сэлгэн залгадаг давтамжийн секцийг бүрэн солихоор төлөвлөж байна. Үүнийг суурилуулж эхэлсэн. Өмнөх секц 20 жил ажиллачихлаа. Техник гацах, тээрэм залгах үед цаг хугацаа алдах, контакт алдсанаас асаалт амжилтгүй болох зэрэг доголдол гарч байгаа болохоор бид сольж байна. Ингэхдээ схемийг өөрчилж байгаа. Найман тээрэм өөр, өөрийн цахилгааны секцээс тэжээгддэг схемээр ажиллаж байгаа. Өмнө нь зөвхөн нэгдүгээр секцээс зөөлөн асаалтын төхөөрөмжөөр тээрмийн сүлжээг залгадаг байсан. Өөр секц дээрх өндөр хүчдэлийн системтэй харьцаж залгагддаг учраас энэ системд хөдөлгүүрийг шилжүүлэх үед алдаа гарах магадлал байсан. Иймээс аваар ослоос урьдчилан сэргийлэх үүднээс нэмэлт тоноглол тавьж байгаа юм. Энэ нь тухайн тээрмийн хөдөлгүүр өөрийн тэжээгддэг секцээсээ залгагдаж байгаагаараа найдвартай, дэвшилтэт ажил юм.

Я.Энхтуяа

Фото: Б.Баттөгс

Бүлэг Ярилцлага

Дэлхий нийтийг хамраад байгаа Covid-19 вирусын халдвараас сэргийлэх үүднээс хилийн “Алтанбулаг” боомтоор орж ирсэн иргэдийг “Эрдэнэт” сувиллын цогцолборт тусгаарлаад байна. Тэдний биеийн байдал, орчин нөхцөл ямар байгаа талаар тус цогцолборын дарга Б.Бат-Эрдэнээс тодруулсан юм. 

-Одоогоор сувилалд хэчнээн хүн тусгаарлагдаад байна?

-Манайд 79 хүн тусгаарлагдсан байснаас тав нь өрхийн эмнэлгийн хяналтад гарсан. Хилийн “Алтанбулаг” боомтоор орж ирсэн хүмүүсийн нэг нь хуурай ханиалгасан учир хойд эмнэлэг рүү шилжүүллээ. Тусгаарлагдсан хүмүүс халуураагүй, биеийн байдал хэвийн байгаа болохоор шинжилгээ авах шаардлагагүй гэж үзсэн.  

-Тусгаарлагдсан хүмүүсийн орчин нөхцөл, хэрэглээ хангалт хэр байгаа вэ?

-Бид нэг удаагийн хэрэглэлээр хангасан. Өөрсдөө ч тусгаарлагдах бэлтгэлтэй ирсэн байна. Эхний үед аль аль талаасаа элдэв юм шаардаад маргаан гарч байсан ч одоо нөхцөл байдалдаа дасаад хэвийн болсон. 

-Нэг өрөөнд хэдүүлээ байгаа вэ?

-Хоёроороо байгаа. Бусад өрөөний хүмүүстэй харьцахгүй. Хүн бүрийн үүрэг, хариуцлага, энд мөрдөх дотоод журам, зааврыг нэг бүрчлэн бичиж хэвлээд хавтсанд хийж өгсөн. Уншиж ойлгоод асуудал үүсгэхгүй байгаа. 

-Хоолны асуудлыг яаж зохицуулж байгаа вэ?

-Манайхан өрөөнүүдийн үүдэнд хоолыг нь тавихад тэд гарч ирж авдаг. Өрөөндөө өөрсдөө аяга тавгаа угааж, ариутгалаа хийдэг. Утсаар байнга мэдээлэл авч байгаа.

-Энд байгаа хүмүүс Эрдэнэтийнх үү?    

-Үгүй. Хилийн “Алтанбулаг” боомтоор орж ирсэн Монгол улсын иргэд. Олонх нь оюутнууд байна. Янз бүрийн улс орноос дамжиж ирсэн хүмүүс байгаа. 

-Хоол, байрны зардал хаанаас гарч байгаа вэ?

-Одоогийн байдлаар Онцгой комиссын шийдвэрээр хоногийн төлбөрийг 50 мянган төгрөгөөр тогтоосон. Иргэд өөрсдөө төлөх болов уу. Онцгой комиссын данс руу ороод Эрдэнэт үйлдвэр рүү шилжүүлэх байх. Одоохондоо төлсөн хүн байхгүй. 

-Эмнэлгийн ажилчид, эмч, сувилагчид, хоол үйлдвэрлэлийнхэн маань өөрсдийгөө хэрхэн хамгаалж байна?

-Гэртээ огт харихгүй, хамт тусгаарлагдсан байгаа. Одоогийн байдлаар манай хоёр эмч, хоёр сувилагч, хоол зөөгч гурван ажилтан, цэвэрлэгээний гурван үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй тусгаарлагдаад ээлжээр ажиллаж байна.

-Тэд 14 хоног гэртээ харихгүй ажиллахаар цалинд өөрчлөлт орох уу?

-Онцгой байдлын журмын дагуу тушаал гарч, цалин бодогдоод нэмэгдэл хөлс аваад явна.

-Ер нь “Эрдэнэт” сувиллын цогцолбор онцгой дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлын үед ямар зохион байгуулалтаар ажиллаж байна вэ?

-Манайх өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа. Автобусанд ажилчдын халуун үзэж, үйлдвэрийн бүтцийн нэгжийн бүх цех, хэсэг дээр өдрийн цагаар ээлжээр ажиллаж байна. Мөн Спорт цогцолбороос 10, Соёл, урлагийн цогцолбороос хоёр хүн дайчилгаанд ажиллаж байгаа.

-Корона вирус илэрлээ гэхэд манай бэлтгэл бэлэн байдал бүрэн хангагдсан уу?

-Бэлэн байдлыг бүрэн хангасан. Хүчил төрөгчийн аппарат, тоног төхөөрөмж, нэг удаагийн хамгаалах хэрэгслүүд, эм, тариа гээд бүгд нийлүүлэгдсэн.

-Баярлалаа.

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

Бүлэг Ярилцлага

Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталсан. Энэ хүрээнд томоохон зургаан төсөл шат дараатай хэрэгжихээр тусгасны нэг нь Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх юм. Уг төслийн бэлтгэл, явц байдлын талаар Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын төслийн удирдагч Н.Бямбадоржоос тодрууллаа.  

-Ил уурхайд авто тээвэр–конвейерын хосолсон систем нэвтрүүлэх төслийн шаардлага, нөхцөл хэрхэн бүрдсэн бэ?

-Монгол Улсын Засгийн газар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг анх удаа тусгайлан авч үзэж, 2019 оны 6 дугаар сард 224 дүгээр тогтоол гаргасан. Энэхүү тогтоолын дагуу Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 262 дугаар тогтоолоор баталсан нь үйлдвэрийн газрын тогтвортой хөгжил, урт хугацааны бодлогыг тодорхойлсон чухал баримт бичиг болсон юм. Хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  алсын хараа, эрхэм зорилго, хөгжлийн 5 бодлогоо нарийвчлан тодотгож, томоохон зургаан төсөл хэрэгжүүлэх ажил эхлээд байна. Эдгээр төслийг хэрэгжүүлсний үр дүнд 1000 гаруй ажлын байр шинээр бий болох боломжтой. Түүнээс гадна хүдэр боловсруулах хүчин чадлыг 35 сая тоннд хүргэх, хүдэр олборлолт, тээвэрлэлтийн өөрийн өртгийг 20 хүртэл хувиар, хүдэр боловсруулалтын өөрийн өртгийг 10 хүртэл хувиар тус тус бууруулж, жилд 20 орчим сая ам.долларын хэмнэлт гарна. Үйлдвэрийн ашигт ажиллагааны түвшин, өрсөлдөх чадвар ч дээшилнэ. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цаашид урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөл бүрдэх юм. Ил уурхайн уулын цул тээвэрлэлтэд мөчлөгт урсгалт тээврийн технологи буюу авто тээвэр – конвейерын хосолсон систем нэвтрүүлэх төсөл өнөөгийн нөхцөл байдалтай уялдаатай хойшлуулшгүй чухал ажил. Манай Ил уурхайн гүн 195 м байна. Цаашид +905 м хүртэл ашиглах тохиолдолд хүдэр олборлолт, уулын цул тээвэрлэлтийн зардал жилээс жилд өснө. Иймд Ерөнхий захирлын тушаалаар Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхийн тулд “түлхүүр гардуулах нөхцөл”-тэй тендерийг 2019 оны 11, 12-р сард хоёр удаа цахимаар зарласан.

-Компаниудын ирүүлсэн материалын иж бүрдэл хангагдаагүй учир хүчингүй болсон гэж дуулдсан. Одоо ажлын явц ямар байна?  

-Тендер шалгаруулалтад FLSmidth компани ABB компанитай хамтарч, мөн Euro Khan LLC /Takraf GmbH/ компани, DMT GmbH компаниуд материалаа ирүүлсэн. Эдгээр компанийн ирүүлсэн материалын иж бүрдэл хангагдаагүй учир хүчингүй болсон нь үнэн. Компаниудын гомдол мэдүүлж байгаагаар цахим тендерийн серверийн саатлаас зарим материалууд бүрэн орж ирээгүй гэсэн нь бидэнд холбогдолгүй юм. Нэгэнт тендер хоёр удаа зарлагдаад хүчингүй болсон болохоор “Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх” төслийн ажлыг гүйцэтгэж чадах туршлагатай, техник, хүн хүчний хувьд бололцоотой, санхүүгийн чадавхтай, өөрийн инженерингийн багтай үйлдвэрлэгч компаниудыг судалсан. Үүний үндсэн дээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шаардлагыг хангасан, хамгийн сайн үнэлэгдэх санал гаргасан хуулийн этгээдийг сонгон хэлэлцээ хийж, гэрээ байгуулахын тулд Ерөнхий захирлын 2020 оны А/36 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийн даргаар Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, нарийн бичгээр Ерөнхий уурхайчин П.Түвшинжаргал нар томилогдон ажиллаж байна. Одоогийн байдлаар хэд хэдэн компани танилцуулга хийх, төслийг хэрэгжүүлэх ажилд оролцохоор саналаа ирүүлсэн ч Covid-19 вирусын халдварын үед үүссэн нөхцөл байдлаас болоод энэ төслийн ажлыг хэрэгжүүлэх үйл явц тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна. 

-Баярлалаа.

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

Бүлэг Ярилцлага

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог