Бидний тухай

     Энэ сарын нэгнээс үйлдвэрийн ажилчдын үндсэн болон тарифт цалинг 10 хувиар нэмэх тухай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын А/310 тоот тушаал гарлаа. Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллах гэрээний 3.4 дэх заалтыг үндэслэн  үйлдвэрийн нийт ажилчдын цалинг ийнхүү 10 хувиар нэмлээ. Ажилчдын цалин нэмсэнтэй холбогдуулан цалингийн нэгдсэн сүлжээг шинэчилнэ. Мөн үйлдвэрийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Улаанбаатар, Москва, Бээжин дэх Төлөөлөгчийн газрын ажилтнуудын ажлын ачаалал, үр дүн, хариуцлагатай уялдуулан цалингийн хэмжээг тогтоон батлах аж.

Ч.БАТ
Фото: Б.БАТТӨГС

 
Даваа, 06 5-р сар 2019 00:00

Техникийн шинэчлэл хийж байна

     Техник технологийн шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Дулаан агааржуулалтын хэсэгт энэ онд томоохон гурван тоног төхөөрөмж суурилуулах бэлтгэлээ хангаж байна. Францын Continental industrie фирмийн минутад 700 м3 агаар үлээх хүчин чадалтай хийн үлээгүүрийн машин, Германы Atlas Copco фирмийн минутад 170 м3 агаар шахах хүчин чадалтай ZH-800/6 компрессор суурилуулах юм. Энэхүү бүрэн автомат удирдлагатай, цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмжийг суурилуулснаар технологийн процессийн найдвартай ажиллагаа сайжирч, зардал хэмнэнэ. Мөн Баяжуулах үйлдвэрийн азотын станцад Atlas Copco фирмийн ZR-750 маркийн компрессор суурилуулна. Энэхүү дэвшилтэт компрессор нь молибдений металл авалт сайжрахад ихээхэн нөлөө үзүүлэх аж. Дээрх тоног төхөөрөмжүүдийг зургадугаар сарын 10 гэхэд угсарч дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Я.ТУЯА
Фото: Б.БАТТӨГС

     Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооноос ажлаа хийж байгаа, 0-3 хүртэлх насны хүүхэдтэй уурхайчин эхчүүдэд хүүхдээ товлолт вакцин, эмчийн үзлэг шинжилгээнд хамруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эмэгтэйчүүдэд эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар орох, хүүхдээ эмчлүүлэхэд нь зориулж жилд хоёр өдрийн цалинтай чөлөө олгох санаачилга гаргасныг Ерөнхий захирал тэдний хүсэлт ёсоор шийдвэрлэжээ. Үүнийг өнгөрсөн сарын 26-ны өдөр батлагдсан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 6.10 дахь заалтаар баталгаажуулав. Эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө "ЗА" гэж хэлсэн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад уурхайчин эмэгтэйчүүд талархаж буйгаа цахим орчинд илэрхийлсээр байна.

М.ОД
Фото: Б.БАТТӨГС

Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүд "Хамтын хүч-Хөгжлийн гарц" уриан дор Төрийн ордонд чуулж байна. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэр 40 жилийн түүхт ойн хүрээнд Уурхайчин эмэгтэйчүүдийн Үндэсний анхдугаар чуулганыг санаачлан эрдэнэсийн хотдоо зохион байгуулж байсан бол энэ жил Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэс баялгийн салбарын 500 орчим бүсгүйг хамруулан цар хүрээг нь өргөжүүлэн Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Үндэсний II чуулганыг нээж хэлсэн үгэндээ "...Өнгөрсөн жилийн чуулганаас хойш эрдэс баялгийн салбарт багагүй ахиц гарсан. 2018 оны байдлаар уул уурхай, олборлох салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 24, экспортын бүтээгдэхүүний 87, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг тус тус бүрдүүллээ. Эдгээр эeрэг үр дүн бол энэ салбарын эмэгтэйчүүдийн хүнд хүчир ажлын талбарт эрчүүдтэй мөр зэрэгцэн ажилласан хөдөлмөр зүтгэл, эх орон, ард иргэдийнхээ төлөө гэсэн чин сэтгэлийн бодит илрэл, бахдам амжилт юм" хэмээн онцлов. Чуулганд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, А.Ундраа, Ц.Гарамжав болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны газрын дарга, мэргэжилтнүүд оролцож байна. Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн Үндэсний II чуулган "Гэр бүл нийгмийн баталгаа", "Сэтгэлгээ, харилцаа, хандлага" салбар хуралдаанаар үргэлжлэх бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ "Гэр бүл нийгмийн баталгаа" сэдэвт салбар хуралдааныг зохион байгуулна.
 
М.Одгэрэл
Б.Баттөгс
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Баасан, 03 5-р сар 2019 00:00

Эрдэнэтийн “1000 мөрдөстөн”

     Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий үйл ажиллагаатай Зэвcэгт хүчний 110 дугаар анги, 186 дугаар анги, 234 дүгээр анги, Онцгой байдлын газар, Дотоодын цэрэг, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчдыг оролцуулсан “1000 мөрдөстөн” чуулга уулзалт өнөөдөр Орхон аймагт амжилттай зохиогдож байна. Чуулганд Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Батлан хамгаалах яам болон бусад хүчний байгууллагаас төлөөлөл хүрэлцэн ирж, Цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөн, мэндчиллээ. Мөн энэ үеэр хүчний байгууллагуудад ажиллаж байгаа зарим офицер, ахлагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, 15 гэр бүлд хашаа, байшин бэлэглэсэн нь олны талархал хүлээх ажлын нэг болов. 
 
 
 
И.Чинтогтох
 

     Хорьдугаар зууны манлай үйлдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 онд хэрэгжүүлэх  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын их ажлуудаа өнөөдөр албан ёсоор нээж байна. Энэ онд үйлдвэрлэлийн чиглэлээр хийгдэх төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тавдугаар ээлжийн засварын талбайд “Зэс-молибдений баяжмалыг салгах молибдений дамжлагын шинэчлэл”-ийн нээлтийн ажиллагаагаар эхэллээ. Хөрөнгө оруулалтын жилийн хүрээнд тус үйлдвэр бүтээн байгуулалтын нийт 193 ажил хийхээр төлөвлөснөөс үйлдвэрлэлийн техник технологийн шинэчлэлийн ажил том байр суурь эзэлж байгаа юм. Эдгээр бүтээн байгуулалт, өөрчлөн шинэчлэлийн төслүүд Баяжуулах үйлдвэрт хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, тус цехийн Нунтаглан баяжуулах хэсэгт зэс молибдений баяжмалыг салгах молибдений дамжлага шинэчлэгдэж байна. Төслийн шугамаар АНУ-аас оруулж  ирсэн “Мill Maх” насос,  “WEMCO” инерт газыг Баяжуулах үйлдвэрийн зэс, молибден нунтаглан баяжуулах хэсэгт суурилуулна. Энэхүү технологийг нэвтрүүлснээр одоо ажиллаж буй дамжлагаас хүчин чадал нь даруй хоёр дахин нэмэгдэж, металл авалт өсөж, ашиглалтын зардал буурна. Эдийн засгийн ийм үр өгөөж өгөхийн зэрэгцээ хамгийн гол нь ажлын байрны нөхцөл сайжирч, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн  хангах орчин бий болж байгаа гэдгийг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон тодотгосон юм.

  

     Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт хийгдэх “Зэс-молибдений баяжмалыг салгах молибдений дамжлагын шинэчлэл”-ийн нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн түүний  удирдлагын баг, газар хэлтэс, цехийн дарга нар, бусад албаны хүмүүс болон уурхайчдын төлөөлөл оролцов.
     Ёслолын ажиллагааг нээж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ “Одоогоос 41 жилийн тэртээ “Эрдэнэт” хэмээх энэ айлыг барьж, ашиглалтад хүлээж авч байсан бол өнөөдөр хоёр дахь үеийн их бүтээн байгуулалтаа бид эхлүүлж байна гэж хэлж болно. Энэ бол эрхэм баяжуулагчид, уурхайчид та бидний  хувьд онцгой үйл явдал юм. Энэ онд техник технологийн шинэчлэл болон нийгмийн чиглэлээр нийт 160 сая ам.доллар буюу 411 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Энэ нь өнгөрсөн хоёр жилд хийж байсан хөрөнгө оруулалттай тэнцэж байгаа. Цаашид томоохон төслүүд хэрэгжиж эхлэхээр хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх юм” гэж онцоллоо. Нээлтийн ажиллагаа шинэ бүтээн байгуулалтын  ажлын эхний гэрэлт товчлуурыг дарах ёслолоор үргэлжилсэн. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон нар энэхүү гэрэлт товчлуурыг дарж, түүхэн үйл явдлын эзэд болов.
     Мөн техник технологийн шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд  “Хаягдлын сангийн 4М далан, холбох суваг барьж, байгуулах” төсөл хэрэгжинэ. Энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буй уг бүтээн байгуулалтын ажлын эхлэл өнөөдөр албан ёсоор тавигдлаа. Хаягдлын аж ахуйд 4М далан байгуулснаар тус аж ахуйн аюулгүй, найдвартай ажиллах ашиглалтын хугацаа 4-6 жилээр уртсах боломж бүрдэнэ.

 

М.БАЛЖИННЯМ
Фото Б.БАТТӨГС

     Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд жил бүр хамтын гэрээ байгуулан, Эрдэнэт хотын хойч ирээдүй, иргэдийн сайн сайхны төлөө төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр байна. Өнөөдрийн онцлох ажлын нэг нь Эрдэнэт хотын төв талбай болох Амарын талбайд үргэлжилж буй “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт 2019” ёслолын ажиллагаа юм. Энэхүү ёслолын үеэр Орхон аймаг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд 2019 оны хамтын гэрээгээ үзэглэж, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлуудаа нийтэд танилцууллаа.

     Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил хэмээн тодотгосон энэхүү ёслолын ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, ЗГХЭГ-ын дэд дарга Орон нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, А.Түвшинжаргал, Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн ухааны доктор Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал П.Энхбат, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал Г.Баярцогт, “Ачит Ихт” ХХК-ийн Хүний нөөц хариуцсан захирал Ц.Ариунжаргал, “Эрдмин” ХХК-ийн захирал Ж.Баатар тэргүүтэй бусад албаныхан оролцлоо.

     Орхон аймаг 2019 оны бүтээн байгуулалтын ажлаа улсын болон орон нутгийн төсвийн 61,9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэх бөгөөд хотын хөгжил цэцэглэлтэд өндөр ач холбогдолтой томоохон ажлууд төлөвлөжээ. Бүтээн байгуулалтын 17 ажил хийгдэхээс “Эрдэнэт” ДЦС-ын өргөтгөл, гэр хорооллын оршин суугчдын цахилгаан хангамжийг шийдвэрлэх, 5 байршилд баригдах хүүхдийн цэцэрлэг, хог боловсруулах үйлдвэр, залуучуудын ордон, өрхийн эрүүл мэндийн төв, гэрэлтүүлэг чимэглэлд эрс өөрчлөлт хийх шуурхай удирдлагын төв, 38 байршлын амралт чөлөөт цагийн талбай, 6.9 км хатуу хучилттай авто зам, 11.8 км сайжруулсан шороон зам, 2.1 км үерийн суваг, 7.2 км инженерийн шугам сүлжээ барьж байгуулах ажлыг онцоллоо. Мөн энэ онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон аймагтай хамтран орчин үеийн Соёл амралтын хүрээлэн барьж байгуулахаар болсныг танилцууллаа.

     Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ, “Эрдэнэт хотынхоо өнгө төрхийг сайжруулахын төлөө бид хичээн ажиллаж, хөгжлийн төлөө их зүйл хийх болно. Өнөөдөр буюу 5 дугаар сарын 1-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” бүтээн байгуулалтын ажлуудаа эхэллээ. Том ажил. Сайхан ажил. Сайн сайхан амьдралын төлөө хүчээ нэгтгэж, хамтран зүтгэцгээе. Эрдэнэтийн уурхайчдын яруу алдар мандан бадраг” хэмээсэн.

  

     

     

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Амарын талбайд зохиогдсон “Хөрөнгө оруулалт-бүтээн байгуулалт 2019” ёслолын ажиллагааны үеэр ерөнхий боловсролын найман сургуульд ЮНИМАТ технологийн танхим тохижуулан өгөх батламжаа гардууллаа. Уул уурхай даган хөгжиж буй Эрдэнэт хотдоо инженерийн боловролтой, бүтээлч сэтгэлгээтэй иргэд төлөвшүүлэн хөгжүүлэхэд бодит хөрөнгө оруулалт хийсэн энэхүү ЮНИМАТ танхим нь хүүхдийн хүсэл мөрөөдлийг биет үзүүлэн болгоход үнэтэй хувь нэмэр оруулах юм. Мөн Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 38 цэцэрлэг, хүүхэд асрах 2 төвийн 300 гаруй бүлэгт “Бумбардай” комик цуврал, сэтгэхүй хөгжүүлэх лего тоглоом, ерөнхий боловсролын 16 сургуульд робот автоматжуулалтын иж бүрдэл бэлэглэн, хойч үедээ оюуны хөрөнгө оруулалт хийлээ.

     

     

     Энэхүү ёслолын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх үүднээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цех, нэгжүүд, төрийн болон төрийн бус 20-иод байгууллага тус талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өө зохион байгуулж байна. Үйл ажиллагаагаа сурталчилж, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлсэн эдгээр байгууллага талбай бүрээ шинэ содон шийдлээр тохижуулж, мэдээ мэдээллээр хангажээ. Уулын техникүүд, эрдэс чулуулаг, юнимат технологи ашиглан зохион бүтээсэн жижиг загвар, үйлдвэрлэлд ашигладаг тоног төхөөрөмж, Баяжуулах үйлдвэрийн түүхэн замнал гээд сонирхол татах олон зүйл Амарын талбайд дэлгээстэй байна.

  

  

 


И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

     Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд Цагаанчулуут багт баригдах амралт, чөлөөт цагийн “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих ёслолд оролцлоо. Тус цэцэрлэгт хүрээлэн нь Цагаанчулуут багийн 20 га талбай бүхий нутаг дэвсгэрийг хамарсан, спорт, соёл урлаг, үйлчилгээ гэсэн хэсгээс бүрдэх томоохон байгууламж юм. Орчин үеийн жишигт нийцсэн, жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах энэхүү цэцэрлэгт хүрээлэнг барьж байгуулах ажилд өнгөрсөн онд 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1.7 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих ёслол болсноор бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх бөгөөд энэ онд Улсын төсвөөс хоёр тэрбум, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 1.9 тэрбум, орон нутгийн төсвөөс 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр болоод байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн эхний ээлж 2019 онд ашиглалтад орж, 2020 онд барилгын ажил дуусна.

     

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог