Бидний тухай

   Эрдэнэт үйлдвэр хоёр зууныг дамнан Монголчуудыг тэжээж ирсэн бодит үнэнийг хүн бүхэн мэднэ. Өмнөх зуунд дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг дангаар бүрдүүлж байв. 21-р зуунд 30-40 хувийг бүрдүүлж байх жишээтэй. Энэ нь уурхайчдын хөдөлмөрийн үр дүн гэдэгтэй хэн ч маргашгүй. Энэ утгаараа Эрдэнэтийг “саалийн үнээ” гэх. Иймээс Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн Ерөнхий захирлын явуулж буй бодлого, үйл ажиллагаа, ажлын хэрэгжилт Монголчуудын болоод улс төрчдийн хавчилга шахалт, хардалт сэрдэлт, хараа хяналтын дор байдаг нь ч нууц биш.
   Эдүгээ Эрдэнэтийг хөгжүүлэх 15 жилийн хөтөлбөр батлагдаад хэрэгжиж эхэлсэн. Эрдэнэтийн овооны нөөцийг  60 жил ашиглах болсныг мэргэжилтнүүд тогтоогоод байна. Тус үйлдвэрийн ажилчдын урамшууллын сангийн хэмжээг 20 хувиар нэмсэн. Компанийн нийт ажилчдын цалинг 15 хувиар нэмсэн зэрэг хийж хэрэгжүүлсэн бодит ажлыг энд тэмдэглэх ёстой.
   Амжилт гарган ажиллаж яваа хүмүүсийн алдаж онохыг алийг тэр гэхэв. Тэгээд ч алдаа гаргахгүй амжилтад хүрсэн хэн нэгнийг хаа нэгтэйгээс хайгаад олохгүй биз. Хувь хүмүүс рүү дайрсан улс төрийн хийрхэл хэрээс хэтэрч, удирдлагын ард байх олон мянган баялаг бүтээгч уурхайчдын үйлс зорилго, амжилт бүтээлийг бүдгэрүүлэх учиргүй. Нийгэмд ам.долларын ханш өдрөөс өдөрт чангарч, төгрөгийн ханш унасаар инфляц өсөж өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадав. Энэ хэрээр иргэдийн амьдрал доройтсоор...
   Тэгэхэд эвэртэн туурайтнууд ард түмний амьдралын зовлонгоос ашиг хонжоо хайн юм бүхнийг улс төржүүлэх болов. Манай нийгмийн ороо бусгаа цагийн аясыг үл тоон өнөө хэдэн уурхайчид л уйгагүй хөдөлмөрлөсөөр. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 31 сая тонн хүдэр боловсруулах төлөвлөгөөтэй ажиллаж, амжилттай биелүүлсэн. Энэ жил 31 сая 500 мянган тонн хүдэр боловсруулах том зорилт өмнөө тавин, ажиллаж байна.
   Нөгөө жингэр хуцаж л байна. Жин хөвж л явна гэгчээр. Өнгөрөгч онд Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон цаашдын бүтээн байгуулалтынхаа ажлын зорилго, чиглэлийг тодорхойлсон. Улмаар үйлдвэрийнхээ алсын хараа, эрхэм зорилгоо шинэчлэн баталгаажуулав.
   Борлуулалтын орлогоо түүхэндээ анх удаа хоёр их наяд төгрөгт хүргэж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 120 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн билээ. Ингэснээр улс, орон нутгийн төсөвт 655 тэрбум төгрөг төвлөрүүлснийг түүхийн хуудас гэрчлэх болов. Улс төрөөс ангид орших уурхайчдын хөдөлмөр мандтугай.!

Т.БАТЧУЛУУН

 

     Эрдэнэт үйлдвэрийн “Бүтээлч санаачлагч-2018” сайн саналын системийн шилдэг 100 манлайлагчийн жагсаалтыг тэргүүлсэн Авто тээврийн цехийн Механикийн албаны механик Х.Болдбаатартай ярилцлаа. Тэрбээр сайн саналын системээр дамжуулан 38 санал гаргаж, 83,3 хувийг нь үйлдвэрлэлд хэрэгжүүлжээ.

   - Та аль нутгийн хүн бэ? Эрдэнэт хоттой хэрхэн холбогдсон тухай ярилцлагаа эхэлье?
  - Миний уугуул нутаг Булган аймаг. Их  бүтээн байгуулалтад оролцохоор аав маань илгээлт өвөрлөн 1974 онд Эрдэнэтийг зорьсон. Тэр үед би нэг настай байсан гэдэг. Ингэж л Эрдэнэтийн хүн болсон доо.

   - Ажил мэргэжлийн тухайд хүүхэд насны тань мөрөөдөл биелсэн үү?
   - Биелсэн гэж хэлж болно. Манай аав тээврийн тэрэгний жолооч байсан. Арваадхан настайгаасаа л би Хөвсгөл, Багануур, Дархан, Хөтөл гээд л холын тээвэрт аавынхаа машины бүхээгт хамт явдаг байлаа. Аав минь шаламгай, бахархмаар чадалтай хүн байсан. Би аав шигээ л сайн  жолооч болно гэж мөрөөддөг байлаа. Ааваасаа гуйж, жолоо барина, замд машины дугуй хагарах үед домкрат, дорцов ойртуулж, нөхөхөд нь тусалж  гүйсээр машинд дөртэй болсон. 1991 онд 10-р ангиа төгсөөд Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехэд автын засварчнаас ажлын гараагаа эхэлсэн. Их “айл”-ын өндөр босгоор алхахдаа “Би азтай хүн” хэмээн баярлаж, энэ сайхан тавилангаа хичээнгүй хөдөлмөрөөр  өнгөлөн зүлгэнэ гэж өөртөө тангараглаж билээ.
  
   - Засварчны мэргэжлээ хэдийд механикчаар солив?
  - Төрөл бүрийн машины авто гараажид тухайн үеийнхээ шилдэг ажилчид, оросын мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн засварчнаар ажиллаж байхдаа мэргэжлээ дээшлүүлэх, мэдлэгээ ахиулах хэрэгтэйг мэдэрсэн. Ингээд ажиллахын зэрэгцээ Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд автын инженер мэргэжлээр суралцаж 2005 онд төгссөн. Дараа жил нь Тоног төхөөрөмж болон өргөн тээвэрлэх машин механизмын механикч албан тушаалд томилогдон өнөөг хүртэл ажиллаж байна.

   - Та шилдэг шинийг санаачлагчийн жагсаалтад сүүлийн хоёр жил дээгүүр “давхиж” өнөө жил өнгөллөө. Ер нь шинэ санаачилга хэрхэн гаргадаг вэ?
   - Энэ бол зөвхөн миний амжилт биш. Миний удирддаг бүтээмж чанарын “Гавшгай” дугуйлангийнхны санаачилгын үр дүн. Бид ажлын цагийг өндөр бүтээмжтэй ашиглахыг зорьдог. Төлөвлөгөөт ажлаа чанартай хийж, илүү гарсан цагт юуг яаж өөрчилж сайжруулахад анхаарлаа хандуулдаг. Шинээр санаачилсан болгон ямар нэг байдлаар үр ашгаа өгдөг. Тухайлбал, бид ажлын байраа тасралтгүй сайжруулдаг. Ингэснээр хөдөлмөр хөнгөвчлөгдөнө, хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдана. Зарим тоног төхөөрөмж, техникийн эд анги, сэлбэгийг орлуулах, сайжруулах зэргээр  үйлдвэрийнхээ эдийн засагт томоохон хэмнэлт авчирна. Ер нь ажил хийх явцад хүндрэлтэй зүйл их тулгардаг. Үүнийг шийдэх гэж эрэлхийлж явахад л шинэ санаачилга урган гардаг. Үүнд хүн бүрийн идэвх оролцоо их чухал. Манай Механикийн албаныхан шинийг санаачлах, үр дүн нь ямар болох талаар байнга хэлэлцдэг. Гишүүдийн санаачилсан зүйлээ батлах мэтгэлцээн дундаас зөв шийдвэр гарах нь элбэг. Тогтсон санаагаа судална, тооцоолол хийнэ, инженерийн шийдэл гаргана. Ингээд л хэрэгжүүлнэ дээ.

   - Манай үйлдвэр ажиллагчдынхаа санаачилгыг хэр дэмжиж, урамшуулдаг гэж та үздэг вэ?
  - Эрдэнэт үйлдвэрээс бүтээмж инновацийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажил сүүлийн жилүүдэд их сайжирч байгаа. Бүтээмж инновацийн сантай болж, урамшууллыг өсгөснөөр хүмүүсийн оролцоо нэмэгдэж байна. Мөн дотоод гадаадын сургалт, үзэсгэлэнд хамруулж байгаа нь ажилчдын идэвхийг сэргээж байгаа. Манай цехийн инновацийн мэргэжилтэн Пүрэвсүрэн биднийг арга зүйгээр ханган чиглүүлж, бас урамшуулан дэмжиж ажилладаг. Өнгөрсөн оны 10-р сард Хятад улсад зохиогддог  олон улсын “Сanton fаir” үзэсгэлэнд манай цехээс бидний гурван ажилтан оролцсон. Үйлдвэрт нэвтрүүлж болох санаа, эдийн засгийн хэмнэлт авчрах орчин үеийн шилдэг техник технологитай танилцсандаа баяртай байна. Илүү ихийг сэтгэж, хийх  урам зориг өгсөн. 

   - Шилдэг шинийг санаачлагчийн хувьд бусад хүмүүст  туршлагаасаа хэрхэн хуваалцах  вэ? Ажилчдад хандаж юу уриалах вэ?
   - Ажилчидтай санал солилцож, ажлын байранд сургалт явуулж, туршлага солилцъё гэсэн бодол бий. Шилдэг шинийг санаачлагчдаас ч суралцъя. Өөрийнхөө мэддэгийг ч түгээе. Бидний эцсийн зорилго бол үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх, эдийн засгийн үр ашиг авчрах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн бүтээлч  санал, санаачилга гарган хэрэгжүүлэх. Энэ бол Эрдэнэт үйлдвэрийнхээ хөгжил, ирээдүйн сайн сайхны төлөө хийж буй ажил. Үүний төлөө бүгдээрээ хамтдаа хичээе, зүтгэе.

   - Та амьдралд юуг “жанжин шугам”-аа болгодог вэ?
  - Би дөрвөн зүйлийг л чухалчилдаг. Нэгд, бие эрүүл байх. Үүний тулд амьдралын зөв хэв маягтай байж, эрүүл хүнс хэрэглэн, агаар салхинд алхахыг эрхэмлэдэг. Хоёрт, ажилдаа сэтгэлээсээ хандаж, ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Гуравт, эргэн тойрныхонтойгоо эвтэй байж, хамт олон найз нөхдийнхөө сайн чанарыг нь түрүүлж олж харахыг боддог. Дөрөвт, хүнд тус хүргэж яваарай гэсэн аавынхаа сургаалийг мөрддөг. Хүнийг ядарч зүдэрч, алдаж “асгах” үед нь байгаагаа бариад л очихыг чин сэтгэлээсээ хүсдэг дээ. Би үйлдвэрт 28 дахь жилдээ ажиллаж байгаа дунд үеийн ажилтан. Технологийн сургуульд мэргэжлээрээ багшилдгийн хувьд  дүү нар болон шавь нартаа үр хүүхдүүддээ дээр дурдсаныг захиж хэлдэг.

   - Гэр бүлээ танилцуулна уу? Үр хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?
  - Манай эхнэр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Мэс заслын тасагт арга зүйчээр ажилладаг Ё.Амарцэцэг гэдэг бүсгүй бий. Охин Б.Хулан Орос 19-р сургуулийн 6-р анги, хүү Б.Жавхлан Цайхун гэгээ сургуулийн 4-р анги, бага хүү Б.Тэмүүлэн гурван  настай цэцэрлэгт явдаг. Манайхан ном уншиж заншсан. Хүн бүр оройд таван хуудас ном уншдаг. Хүүхдүүдээ ахас, ихсээ хүндэтгэн харьцдаг,  зөв сайхан төлөвшсөн, эрдэм боловсролтой иргэн болгох чин хүсэлтэй. Бид аль болох өөрсдөөрөө үлгэрлэхийг хичээдэг. Аливаа сайн үйлд бусдыг үлгэрлэн дагуулдаг энэ бүтээлч залуу “Санаачил, хичээ, хөдөлмөрлө. Үр дүнд нь таныг сэтгэлийн их таашаал, амжилт бүтээл, элбэг хангалуун амьдрал угтана” гэх. Үнэхээр ч шилдгийн шилдэг санаачлагчийн сэтгэлд нар гийсэн нь илт. Амжилт ч түүнийг дагажээ. Тэрбээр 2012 онд Авто тээврийн байгууллагын Хөдөлмөрийн аварга, 2017 онд Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аваргаар шалгарчээ. 2015 онд Засгийн газрын шагнал Тэргүүний уурхайчин цол тэмдэг хүртсэн байна. Өдгөө Эрдэнэт үйлдвэрийн сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтыг тэргүүллээ.

Я.ЭНХТУЯА

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн дарга Б.Отгондаваатай цаг үеийн ажлын талаар ярилцлаа.

   - Оны эхний таван сарын байдлаар Ил уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна?
  - Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ биелүүлэн хэвийн ажиллаж байна. Уурхай маань өдөр ирэх тусам гүнзгийрч уул геологийн нөхцөл хүндэрч байгаа учраас хүдрийн чанарт нөлөө үзүүлж байна. Исэлдсэн хүдэр ачилт төлөвлөгөөнөөс бага зэргийн хоцрогдолтой яваа. Гэхдээ бид хоцрогдлыг сарын сүүлчээр нөхөх бүрэн боломжтой. Бусад хөрс хуулалт, Баяжуулах үйлдвэрт хүдэр өгөлт зэрэг ажлууд төлөвлөгөөнөөс давсан үзүүлэлттэй байна.

   - Үндсэн техникийн хүрэлцээ, хангамж хэр байгаа вэ?
   - Бид саяхан шинээр ОХУ-ын ЭКГ-12К маркийн экскаваторыг өөрсдийн нөөц бололцоо хүн хүчээ ашиглан угсарч ажилд оруулсан. Ингэснээр бид үйлдвэрлэлийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг бүрэн ханган ажиллаж байна. Мөн ашиглалтын зардал өндөртэй, ашиглах хугацаа нь дуусаж байгаа Liebherr маркийн хуучин экскаватор нэг, ЭКГ маркийн 15м3-ын шанагатай экскаватор нэгийг түр зогсоосон. Шинэ экскаватор ажилд оруулсан сар гаруйн хугацаанд үндсэндээ 400 мян.м3 орчим уулын цул ачсан байна. Шинэ техник маань бүтээмжтэй ч юм, найдвартай ажиллагаа ч сайн байна.
 
  - Энэ онд өөр ямар техник авах вэ?
  - Долдугаар сарын сүүлчээр дахин нэг ЭКГ-12К экскаватор авна. Наймдугаар сард угсралт, тохируулгын ажил хийгдээд есдүгээр сард ажилд оруулчих болов уу. Мөн СБШ250 өрмийн нэг машин ирнэ. Бид үйлдвэрлэгч компанитай шууд худалдан авалт хийх гэрээ байгуулах талаар ярилцаж байна. Түүнээс гадна Вагнер Ази компаниас Катерпиллар фирмийн 16M загварын автогрейдер, Трансвест Монголиа компаниас Комацу фирмийн D275А загварын гинжит бульдозер зэргийг авахаар төлөвлөсөн. Ингээд уурхайн үндсэн техникийн хүрэлцээ, хангамж боломжийн болно. Үүнээс гадна нэн шаардлагатай сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэх шаардлага бий. Ер нь үйлдвэрлэлийн сэлбэг хэрэгсэл тодорхой хэмжээнд нөөцлөгдсөн байх ёстой. Цаашид сэлбэг хэрэгслийн хангамж цаг хугацаандаа нийлүүлэгдэж байвал хүндрэл учрахгүй байх нөхцөл бүрдэнэ.

   - Цаг агаарын урьдчилсан мэдээгээр зургадугаар сард бороо ахиу орох төлөвтэй. Өнөөх “ногоон ус”-ны асуудал яригдана даа?
   - Бид ногоон усны бассейныг исэлдсэн хүдрийн 12 болон 8а овоолгын дор байгуулсан. Одоогийн байдлаар бассейны дүүргэлт 40 гаруй хувьтай байна. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад дүүрнэ, ууршина гээд асуудлууд гарч ирдэг. Иймээс бассейныг суллах ажлын бэлтгэл хангагдаж байна. 12-р овоолгын бассейны ногоон усыг ”Эрдмин” компани руу татах, харин 8а овоолгын бассейны усыг уурхайн эргэлтийн ус руу холбох бэлтгэл ажил явагдаж байна. Ил уурхайн засварын хэсгээс зүүн хойд зүгт 200 м зайд байрлах 5000 м3-ийн багтаамжтай ногоон усны бассейныг шууд эргэлтийн ус руу холбочихсон байгаа. Ногоон ус маань өөрөө хүчиллэг шинж чанартай учраас түүнд тэсвэртэй насос худалдан авах тендер зарлагдаад явж байна.

   - “Ногоон ус” гэж чухам ямар усыг хэлээд байна?
   - Ил уурхайн хэмжээ томорч овоолгын талбай ихэссэнтэй холбоотойгоор исэлдсэн хүдрийн овоолго дээр орсон бороо, цасны ус доош нэвтэрч зэс, төмөр агуулсан уусмал байдлаар шүүрч гарахыг “ногоон ус” гэж нэрлээд байгаа юм.
  
   - Энэ усыг ашиглах боломж бий юу?
   - Ашиглах боломж бий гэж үзэж байгаа. Учир нь манай бассейнуудад хуримтлагдсан ногоон уснаас зэс гаргаж авахаар хоёр компани Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулаад хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар “Ган сэнтий” ХХК үйлдвэрлэлээ эхлэхээр бэлтгэлээ хангаад явж байна. Бэлтгэл ажлын хүрээнд зам, талбай засах ажлуудаа бүрэн хийж дууссан. Ирэх наймдугаар сард “Ачит Ихт” ХХК-ийн тоног төхөөрөмжтэй адил жижиг оврын тоног төхөөрөмжүүд оруулж ирнэ.

   - Уурхайн амсар тэлэлт хэр хэмжээнд явна?
  - Баруун хойд ордын уурхайн карьерийн урд хэсгийн ханын ачааллыг багасгах зорилгоор  4a  болон 5-р овоолгын 1415-1475 м хүртэлх түвшний 2.5 сая.м3 хөрсийг 11-р овоолго руу зөөвөрлөсөн. Энэ мэтээр хөрс хуулалтын ажил явуулахад уурхайн зүүн урд хэсэг тодорхой хэмжээгээр тэлэгдэнэ. Тус ордын баруун хойд, баруун болон баруун өмнөд хэсэгт хана дагуу хагарлуудын чигт тодорхой хэмжээгээр нуралт гулсалт үүсэх болсон. Эдгээр хэсгүүдэд ханын эвдрэлийг зогсоох зорилгоор бид геотехникийн хяналт, судалгааны ажлыг эрчимжүүлж байна. Үүнээс гадна овоолгын тогтворжилтын хяналтад анхаарал хандуулж, давхар суурь хийх зураг төсөл зохиогдож дуусаад одоо хэрэгжээд явж байна.

   - Ер нь  манайх хөрсний нуралт, гулсалтаас хамгаалах ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?
   - Өнгөрсөн гуравдугаар сард Эко Алтан Заамар компанийн уурхайд гарсан ослоос шалтгаалж Ашигт малтмал, газрын тосны газраас албан бичиг ирсэн. Энэ мэдэгдэлд, шаардлагатай тохиолдолд геотехникийн судалгаа, уурхайн хананы тогтворжилтын үнэлгээг хийлгэх, мөн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийлгэж үйл ажиллагаандаа баримтлан ажиллах тухай дурдсан байсан. Манай уурхайд 2016 онд ШУТИС-ийн Уул уурхайн төсөл судалгааны төв “Эрдэнэтийн Овоо ордын баруун хойд хэсгийн уурхайн хажуугийн тогтворжилтын судалгаа”, 2018 онд Бүгд Найрамдах Чех Улсын “GEOtest ” компани “Ил уурхайн геотехникийн нөхцөл байдлын иж бүрэн судалгаа” зэрэг уурхайн ханын хажуугийн тогтворжилтыг үнэлэх, чулуулгийн физик механикийн шинж чанарыг судлах, уурхайн цаашдын геотехникийн ажлын төлөвлөлт хийхийн тулд геотехникийн өрөмдлөгийн ажил хийх зэргээр үнэлгээ, судалгаа шинжилгээний ажлууд хийгдсэн. Судалгааны эдгээр ажлын үр дүнгээс харахад манай уурхайн хана тогтворжилт хангаж байгаа. Одоо тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн үнэлгээний компаниар гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэж байна. 

   - Ингэхэд тэсрэх бодисын үйлдвэр шинээр барих ажил хэр урагштай байгаа вэ?
   - Олон жил яригдсан эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр шинээр барих ажил тун урагштай яваа шүү. Үнэлгээний хороо хуралдаад тендер нь нийтэд нээлттэй зарлагдсан. Гүйцэтгэгч компани тодрохоор гэрээ байгуулаад түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр энэ үйлдвэр маань баригдана.

   - Байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр ямар ажлууд хийгдэж байна?
   - Энэ жилийн хувьд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан мод тарих өдөр хуваарийн дагуу ажиллаж “Ногоон төгөл”-д 130-аад шинэс тарьсан. Манай тарьсан мод боломжийн хэмжээнд ургаж байгаа. Мөн бид Баян-Өндөр уулын урд энгэрийн 140 гаруй хуучин хожуулыг ховхолж нүхэнд нь хар шороо дүүргэж тэгшилсэн. Ирэх намраас тэр газарт мод тарихаар төлөвлөж байна.

   - Цаг гаргасан танд баярлалаа.

М.Одгэрэл

     Өнгөрөгч мягмар гарагт бид үйлдвэрлэлийн технологийн булингыг барьцалдуулагч бодистой хольж, хатуу гадаргуу үүсгэн цагаан тоос дарж байгаатай газар дээр нь танилцсан юм. Энэ технологийн талаар Эрдэнэт үйлдвэрийн БОНХХ-ийн дарга О.Эрдэнэтуяагаас тодрууллаа.

     - Хүнд даацын техникээр далангийн захаас шүрших, барьцалдуулагч бодис ашиглах аргаар цагаан тоос дарж байна. Эхлээд та мэргэжлийн хүний хувьд үйлдвэрлэлд нэвтрүүлсэн энэ технологийн талаар тайлбарлана уу?
     - Цагаан тоосыг гурван аргаар дарж байна. Нэгдүгээрт, хаягдал булингыг дарагч бодистой барьцалдуулан талбайг норгож байна. Өөрөөр хэлбэл дарагч бодис маань нарийн ширхэгтэй элсийг барьцалдуулж өгдөг, физик шинж чанартай. Энэ аргаар бид 543 га газрын тоосыг дарлаа. Хоёрдугаарт, тоос дарагч бодисыг устай хольж тоостой талбайд цацах арга хэрэглэж байна. Уг аргыг хэрэглэхийн тулд зориулалтын техник ашиглана. Нуурын шаварт суучхааргүй зориулалтын техник захиалсан. Удахгүй ирнэ. Дараагийнх нь үйлдвэрлэлийн технологийн аргаар нь талбайг норгож байна. Өнөөдрийн байдлаар Хаягдлын аж ахуйн тоос босож буй 543 га талбайн цагаан тоосыг дарагч урвалжаар, 300 га талбайн цагаан тоосыг үйлдвэрлэлийн технологийн аргаар дарсан. Үлдсэн 200 гаруй га талбайд зуны хаялга өгөхтэй холбогдуулан цагаан тоос дарах ажил хүлээгдэж байгаа.

     - Барьцалдуулагч бодисын хүрэлцээ хэр байгаа вэ?
    - Одоогоор 40 тонн нөөцтэй байна. Олон төрлийн барьцалдуулагч бодис байдаг. Бид үйлдвэрлэлийн технологийн процесст огт нөлөөгүйг нь сонгосон.

     - Өмнө нь цагаан тоос дарах үйлдвэрлэлийн ямар технологи нэвтрүүлж байсан бэ? Цаасны үйлдвэрийн хаягдал лигнин хэмээх бодис хүртэл ашигласан санагдана?
    - Өвлийн улиралд хөрсөөр дардаг байсан. Энэ нь маш сайн арга. Ер нь тоос босохгүй шүү.  Онцлог нь өвөлжин ажиллана. Хүн, хүч, техник, зардал их ордог. Гэвч ажлын үр дүн сайтай. Хөрсөөр дарах ажил өвлийн улиралд хийгддэг байсан. Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд цагаан тоос дарах алба байгуулсан. Энэ албаны хүмүүс шинэ тоног төхөөрөмж ажиллуулна. Өөрөөр хэлбэл жилийн дөрвөн улиралд цагаан тоос дарах ажлыг гүйцэтгэнэ.

     - Ажлын хүндрэл бэрхшээл гарах юм уу?
    - Далангийн дагуу хэсгийн 200 гаруй га газарт бид хүрч ажиллаж чадахгүй байна. Энэ далангийн хэсэг өвөл хөлддөг. Тэгэхээр энэ нь үйлдвэрлэлийн тодорхой стандартын хэмжээнд хүртэл гэсэх ёстой. Гэсээгүй тохиолдолд цагаан тоос дарах үйлдвэрлэлийн технологи нэвтрүүлбэл далангийн тогтвортой байдалд нөлөөлөх аюултай. Иймд далангийн аюулгүй байдлыг хариуцдаг хүмүүс үйлдвэрлэлийн зуны хаялга өгөх үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй байгаа. Одоо уг далангийн тоос дарах ажил хүлээгдэж байна.

     - Нийгмийн хариуцлагын хүрээнд байгалийн нөхөн сэргээлтийн ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
    - 2019 онд Баян-Өндөр ууланд дүйцүүлэх нөхөн сэргээлт хийнэ. Одоогоор бид 120 модны хожуул цэвэрлэж, аймгийн Байгаль орчны газрын хашаанд буулгалаа. Хожуулын нүхийг хар шороон хөрсөөр дүүргэж тэгшилсэн. Энд 900 гаруй мод тарина. Ил уурхайн гуравдугаар овоолгын дор хоёр га газар нөхөн сэргээлтийн ажил эхлүүлээд байна. Ногоон төгөлд шинээр 500 мод тарилаа.

Т.БАТЧУЛУУН

     Эрдэнэт үйлдвэр Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Энэрэл” төвийн хүүхдүүдэд чийрэгжүүлэлтийн танхим барьж өгөхөөр болжээ. Уг төв нь цэцэрлэгийн зориулалтын барилгатай учир чийрэгжүүлэх танхим байдаггүй. Иймээс тус төвийн  хашаанд 18х24 м талбай бүхий Биеийн тамирын заал ашиглалтад оруулах юм. “Энэрэл”-ийн хүүхдүүдийн чөлөөт цагийг  зөв өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллүүлэн бие бялдрыг нь хөгжүүлэхэд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон ийнхүү анхаарал тавьж байна. Уг барилгын тендер 5-р сарын нэгэнд зарлагдсан бөгөөд одоо ажил нь эхэлж байгаа аж. Энэрэл төвийн хүүхдүүд ирэх хичээлийн жилийн эхэн буюу 9-р сарын нэгэн гэхэд Чийрэгжүүлэх танхимтай болох нь ээ. Улсын хэмжээний 31 асрамжийн газрын дөрөв нь орон нутагт байдаг. Тэднээс  халамж анхаарал, хангамж хүртээмж сайтай нь Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Энэрэл төв юм.

Я.ЭНХ

     Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн Зорчигч тээврийн хэсэг үйлдвэрийн ажилчдыг тээвэрлэхэд өдрийн нэг ээлжинд 24 автобусаар үйлчилдэг. Ажилчдын ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрийн дүүрэг болон автобусны буудал хооронд  аюулгүй тээвэрлэх үндсэн үүрэг хүлээж, 2019 оны төлөвлөгөөндөө олон ажил шинээр санаачилан тусгажээ. Өдрийн ээлжийн нэг автобус дунджаар 60-80 хүн тээвэрлэдэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг өндөр түвшинд мөрдөж, техникийн найдвартай бүрэн бүтэн байдлыг хангахад онцгой анхаарч, жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхааран ажиллаж буйг холбогдох албаны хүн онцоллоо. Мөн ахмад болон залуу жолооч нарын хоорондын уялдааг нягтруулж, халамжлан хүмүүжүүлэх ,багш шавийн холбоог бэхжүүлэх зэрэг хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
     Саяхан тус хэсэг парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобусаар “бүл” нэмж, Солонгос улсад үйлдвэрлэсэн Хьюндай маркийн 45 хүний суудал бүхий зочны автобусыг үйлчилгээнд гаргажээ. Автобусны техникийн болоод дотоод цэвэрлэгээ, өнгө үзэмжтэй байлгахад Зорчигч тээврийн хэсгийн ажилтнуудаас гадна зорчиж буй ажилчдын санаачилга гол нөлөөтэй. Иймд ажилчдын автобусаар үйлчлүүлж буй хүн бүхэн бие биенээ хүндэтгэлтэй хандаж, соёлтой зорчиж байхыг тус хэсгийн хамт олон уриалж байна. 

М.Балжинням
Б.Баттөгс

     Эрдэнэт үйлдвэрийн Механикийн хэлтэс, Засвар механикийн завод импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тус завод нь уул уурхайн үндсэн тоног төхөөрөмж болон төрөл бүрийн бөмбөлөгт тээрмүүдийн хуяг, экскаватор, бульдозер, автогрейдерийн шүд, буйл, 20 орчим нэр төрлийн шахуурга, резинэн эдлэл, металл хийц болон стандарт бус тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг.
     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь гадны компанитай хамтран Баяжуулах үйлдвэр, Ил уурхайд гидро цилиндр сэргээн засварлахаар болжээ. Ингэснээр зах зээлийн үнээс 40-60 хувийн хямд өртөгтэй эдийн засгийн үр ашиг гарч байна.

А.Бямба
Б.Баттөгс

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн алба ажлын байранд дулаан механикийн тоноглолд тусгаарлалтын журам  нэвтрүүлжээ. Тоног төхөөрөмжид үзлэг, үйлчилгээ хийх, засвар угсралт, туршилт, тохируулгын ажил гүйцэтгэхэд бүх төрлийн аюултай эх үүсвэрийг тусгаарлах юм. Өндөр даралттай халуун уур, халуун болон хүйтэн усны шугам хоолойн хаалт хавхалга зэргийг хааж гинжилж цоожилсноор ажилтны амь нас эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж байна.
     Тус станцын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн алба цахилгаан тоног төхөөрөмж, тэдгээрийн удирдлагын самбар, хүчдэлийн хуваарилах байгууламж гэх мэт цахилгаан эрчим хүчний аюултай эх үүсвэрийг тусгаарлах ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөжээ.

А.Бямбамаа
Б.Баттөгс



 

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ оны хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөнд томоохон бүтээн байгуулалтуудыг тусгасны нэг нь соёл, спортын “Эрдэнэт” цогцолбор буюу Бөхийн өргөөний барилгын ажил юм. Бурхан багшийн сэрэг дүрийн урд баригдах тус цогцолборын барилгын ажлыг тус үйлдвэрийн Барилга засварын цех гүйцэтгэнэ. Уг соёл спортын цогцолборыг барих ажилд Эрдэнэт үйлдвэр 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд энэ онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.     
     Барилга засварын цехийн хамт олон энэ онд хөрөнгө оруулалт, урсгал засвар гэсэн хоёр чиглэлээр ажиллана. Өнөөдрийн байдлаар эдгээр чиглэлээр нийт 67 ажлын гэрээ хийгдсэнээс 36 обьектын засварын ажлыг дуусган, хүлээлгэж өгчээ. Үлдсэн төлөвлөгөөт ажлаа хугацаанд нь багтаан гүйцэтгэнэ гэж тус цехийн Үйлдвэр техникийн товчооны дарга Э.Жаргалцэцэг хэлэв. Мөн зуны улирал эхэлж буйтай холбогдуулан улирлын засварын ажлууд эхэлжээ. Ойрын үед хүүхдийн зуслангийн засвар болон үйлдвэрийн “Их зогсолт”-ын цэвэрлэгээний бэлтгэл хангах, Засвар механикийн заводын өргөтгөлийн бетон хийх зэрэг ажлыг төлөвлөсөн байна.   
      Тус цехийн захиргаа үндсэн ажлаас гадна ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дэмжиж туслах, урам зориг өгөх зорилгоор “Сайн үйлс” аяныг зохион байгуулдаг. Саяхан цехийнхээ засал чимэглэлчин, өрх толгойлсон эмэгтэйд өөрсдийн хүчээр шинэ хашаа байшин барьж өгчээ. Энэ үйлсэд цехийн ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлаж, сэтгэл санаа болон эд материалын дэм үзүүллээ. Мөн цех хариуцсан эмчтэйгээ хамтран “Эрүүл мэндийн аян” өрнүүлж, жингийн илүүдэлтэй ажилтнуудаа хамруулан сургалт, зөвлөгөө өгч байна. Аянд 60 ажилтан оролцож, биеийн жингээ зохист хэмжээнд хүргэхээр уралдаан зарлажээ.

М.Балжинням

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ хаврын мод тариалалтыг Баян-Өндөр уулын энгэрт үргэлжлүүлж байна. Өнөөдөр тус үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс Баян-Өндөр уулын Хүрэнбулагийн аманд 400 ширхэг шинэс мод тарих ажлыг зохион байгууллаа. Эрдэнэтчүүдийн амралт, алхалтын гол замын хоёр талаар мод тарьж буй нь энэ газрын ойр орчмыг дүйцүүлэн хамгаалах зорилготой юм. Мод тарих ажилд Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн цех, Дулааны цахилгаан станц, Ус хангамжийн цех зэрэг  найман цехийн ажилтнууд оролцлоо.

М.Балжинням
Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог